пятница, 31 декабря 2010 г.

"мөнгө-эрх мэдэл-мөнгө" Б.А.БЕРЕЗОВСКИЙ

ЗХУ задран унаснаас хойшхи бизнесийн хамгийн оньсого мэт хүн, ОХУ-ын санхүүгийн олигарх, шуугиан таригч бизнесмэн, улс төрийн зүтгэлтэн. "Логоваз" хувьцаат нийгэмлэг, Газрын тосны "Сибнефть" компани, "Аэрофлот" нислэгийн компани, Нэгдсэн банк, "СБС-Агро" банк, харуул хамгаалалтын "Атолл" компани, "Транспосервис", "ЛогоКонсульт", "Лада-Конверсия" зэрэг ХХК-ийн үүсгэн байгуулагч бөгөөд хувьцаа эзэмшигч, "Незавизимая газета" сонины хөрөнгө оруулагч, "Триумф" нэртэй төрийн бус хүмүүнлэгийн санг үүсгэн байгуулагч. Мэдэгдэж байгаагаар ОХУ, Израиль, Их Британи зэрэг улсуудын харъяат, гурав гаруй тэрбум долларын хөрөнгийн эзэн билээ.Хямралт үеийн менежер гэдэг нь өвчин нь илааршснаар өвчнийхөө ой ухаанаас арчигдан алга болдог эмч аж.

Харин өвчин өөрөө сонирхлыг нь татдаггүй, урьдчилгаа төлбөрөө авсныхаа дараа өвчтөнөө зөнд нь хаяж мартдаг эмч бол цаашдаа ямар нэг ирээдүйгүй гэдэг нь ойлгомжтой. Магадгүй тэрбээр лиценз хувиарлагч ерөнхий эмчийн гэр бүлийн ойр дотны хүн биш болбол шүү дээ. Үүний ур дүнд өвчтөний тоо өдөр ирэх тусам нэмэгдэх бөгөөд тэдгээрийн тухай мэдээлэл болон жинхэнэ анагаах ухааны тогтолцооны нууцууд ийм эмч-менежерийн өсөн дэвжих найдвартай суурь үндэс болдог билээ. Тэгээд ч өвчтөнд тэртээ тэргүй сонголт байхгүй юм чинь.Ерөнхий эмч буюу ОХУ-ын ерөнхийлөгч Б.Ельцины дэргэд ийм хямралын менежерээр улс төрийн хутган үймүүлэгч, санхүүгийн олигарх Борис Березовский байсан юм. Түүний хийсэн амжилттай "бизнес" гэвэл "'Логоваз", "Сибнефть", ОРТ суваг, Чеченийн дайн, Ельцины ерөнхийлөгчийн сонгууль, ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч В.Путины сонгуулийн компани зэргийг нэрлэж болно. Харин сүүлийн хүн болох В. Путин түүнд талархлаа илэрхийлэх бус, харин тун өчүүхэн хугацаанд бараг бүх улс орныг өөрийн гарт оруулаад байсан олигархуудтай дайн зарласан билээ.

Шинэ төр, засаг ОХУ-ын хамгийн гол ажил хэрэгч хүн болох Березовскийг ангуучилж эхлэв. Тэрбээр өдгөө хилийн чанадад амьдран баруун, солгойгүй томоохон хэмжээний ярилцлага өгөн суухаас өөр аргагүйд хүрчээ. Ярилцлагандаа тэрбээр өөрийгөө цөллөгөнд илгээгдсэн өрөвдөлтэй эр хэмээгээд авъяаслаг хямралын менежер Березовскийгүйгээр "өнчирч" хоцорсон улсынхаа ирээдүйг зөгнөн "ач тусыг мэддэггүй ерөнхийлөгч В.Путин"гэж зүхэж сууна. Санхүүгийн магнат Березовский улс төрд шууд хөл тавин орж ирсэн гэж хэлж болохгүй юм. Тэрбээр удаан хугацааны туршид ЗХУ-ын ирээдүйтэй эрдэмтэн, дараа нь түүнээс дутуугүй бизнесмэн болж чадсан аж. Хожим нь Марксын эдийн засгийн онолыг үргэлжлүүлэгч эр "мөнгө-таваар-мөнгө" гэсэн томъёоны "таваар" ухагдахууныг эрх мэдэл гэдэг үгээр солин өөрийн уриагаа болгосноор ОХУ-ын газар нутгийн чанадад очсон билээ. Борис Березовский 1946 оны 1-р сарын 23-нд Москва хотод жирийн нэгэн сэхээтний гэр бүлд мэндэлсэн бөгөөд багаасаа л гүйлгээ ухаан сайтай байсан гэлцдэг.

Түүний эцэг бүх насаараа барилгын янз бүрийн трестүүдэд ерөнхий инженерээр ажиллаж байгаад суүлдээ бие даан барилгын байгууллагуудын төслийг гаргах болжээ. Эх нь эхэндээ гэрийн эзэгтэй байсан агаад суүлд 25 жил орчим нэгэн эрдэм шинжилгээний хүрээлэнд лаборантаар ажиллав. Чухам түүнээс л хүү нь зан төрхийнхөө ихэнхийг өвлөн авсан аж. Березовскийн гэр бүлд удаан хугацаанд Москва орчимд, эхлээд Загорск, дараа нь Истрад аж төрсөн байна. Боря хүү сургуульд зургаан настайдаа орсон бөгөөд 1962 онд дунд сургуулиа төгсөөд Москвагийн Ой модны техникийн дээд сургуулийн дөнгөж нээгдээд байсан Электроник ТБМ-ны факультетед элсэн оржээ. Суралцаж төгсөөд Борис 1968-1969 онуудад туршилтын машин, тоног төхөөрөмжийн ЭШХ-д инженерээр ажиллав. 1969-өөс 1987 онуудад Березовскийн ЗСБНХУ-ын Шинжлэх ухааны академийн Удирдлагын асуудлыг судлах хүрээлэнд инженер, бага, дараа нь ахлах ажилтнаар ажилласан байна. Энд тэрбээр 1975 онд аспирантурыг дүүргэсэн аж. Мөн энэ үед Борисын нэг ажлыг Ленины комсомолын шагналаар шагначихсан байлаа. Залуу эрдэмтний академийн карьер тун амжилттай өрнөж байсан гэлтэй.

Тэрбээр албан тушаалын бүхий л шат, давхарыг үзэж туулсан бөгөөд 1983 онд Шийдвэр гаргах онолын нэгэн бүлгээр докторын зэрэг хамгаалснаар Удирдлагын асуудлыг судлах хурээлэнгийн секторын эхлэгч болжээ.Энэ хугацаанд Березовский 100 гаруй эрдэм шинжилгээний ажил бичсэн агаад зарим нэг нь АНУ, Англи, Япон, Герман, Францулсуудад хэвлэгдсэн юм. Гэхдээ энэ оргилд хүрээд Березовский үйл ажиллагааныхаа салбарыг огцом өөрчилж, шинжлэх ухаанаас бизнес рүү шилжсэн аж. "Би дур сонирхолтой ажлаа хийж байсан тул их аз жаргалтай байлаа. Дараа нь 1989 онд хүрээлэнд маань цалин хөлсолгогдохоо больж эхлэнгүүт энэ амьдрал дуусгавар болсон. Би нэг л тодорхойгүй байдал, аюул нүүрлэн ирж буйг ойлгосон. Би гадаад өөрчлөлтүүдэд их мэдрэмжтэй хүн. Энэхүү аюулыг би бусдаас өмнө мэдэрсэн. Хэдийгээр бүх юм гаднаа тайван хэвээр байсан болоөч урьдын амьдрал дуусч буйг мэдэрсэн юм. Тэгээд дахиж шинжлэх ухаанаар оролдохгүйгээр шийдэн тэр үед "дамын наймаа" гэгдэж байсан бизнесээр амьдрах нь зүйтэй гэж үзсэн" гэж Березовский хожим өгүүлсэн байдаг.

Түүний хийсэн анхны алхам бол Волгагийн автомашины заводын захирал В.Каданниковтай хамтран ажилласан явдал юм. Энэ авто заводод зориулж Березовскийн хэсэг автоматжуулсан зохион бүтээлтийн системийг боловсруулсан билээ. Үйлдвэрийн удирдлагатай холбоо тогтоосноор сүйхээтэй эрдэмтэн 1989 онд С.Жабоевын хамтаар "Логоваз" хувьцаат нийгэмлэгийг байгуулжээ. Энэ нийгэмлэгийн үйл ажиллагааны гол чиглэл бол автомашины худалдаа байлаа. "Логоваз" хувьцаат нийгэмлэг дөрвөн жилийн дотор ОХУ-ын хувийн бизнест тэргүүлэх байранд бичигдэх болов. 1993 онд гэхэд "Логоваз"-ын эргэлт 250 сая долларыг давжээ. "Намайг эрдэм шинжилгээний хүрээлэнгээс бизнес рүү ороход хорь гаруй жил хамт ажилласан нөхөд маань надаас Галзуурав уу?" гэж асууж байсан. Чамд хүрээлэнгийн захирал болох ирээдүй бий гэсэн санагдана. Магадгүй, одоо болчихсон байх байсан биз. Хэн ч, хэзээ ч Оросод гадаадын машин зарж байгаагүй юм. Би хамгийн анх "Фиат" машин 886 ширхэгийг оруулж ирсэн. Бид долоон сая долларын зээл аваад үүнийг хийсэн" гэж тэрбээр өгүүлжээ

Энэ үед эрдэмтэн асан, харин өдгөө бизнесмэн болсон эр болон түүний эхнэр Галина Алексеевна, Артем хүү, Анастасия охин нар юмыг яаж мэдхэв гээд Израилийн иргэн болцгоосон байна. /Түүнээс хойш Борис Абрамовичийн гэр бүлийн байдал нэг бус удаа өөрчлөгдсөн юм. Тэрбээр хоёр албан ёсны эхнэр сольсон бөгөөд бизнесмены өөр нэг иргэний эхнэрээр Елена Горбунова тодорчээ. Березовский өдгөө зургаан хүүхдийн эцэг агаад тэдний хамгийн бага нь 1997 онд төрсөн аж/. 1994 оны хавар Березовский өөрийн байгуулсан "бүх оросын автомашины нэгдэл"-ийг толгойлсон бөгөөд ард түмний автомашин буюу шатахуун бага зарцуулдаг унаа үйлдвэрлэх үйлдвэр байгуулах зорилт тавив. Нүсэр сурталчилгааны дүнд тэрбээр 50 сая орчим доллар цуглуулж чаджээ. Үнэндээ бол өнөөдрийг хүртэл энэ автомашин нь зохион бүтээгдэх шатандаа явсаар байгаа юм. "Логоваз" хувьцаат нийгэмлэгийн Захирлуудын зөвлөлийн даргын амь насанд халдсан аж. Түүнээс 15 см-ийн зайд жолоочийнх нь толгой тасдагдсан гэдэг.

Дараа жилийнх нь 1-р сард Березовский Оросын Олон Нийтийн Телевизииг үүсгэн байгуулахад оролцсон бөгөөд ОРТ-ийн захирлуудын зөвлөлд оржээ. Төв телевизийг хувьчилж болно гэдэт хэн ч итгэхгүй байв. Зар сурталчилгаа нь утгаа алдсан, цөөхөн хэдэн сэтгүүлч хэдэн цагийг нь хуваагаад авчихсан, эргэн тойронд нь дээрэмчид цугласан тийм л газар болчихсон байсан гэж Березовский хэлжээ.Үүний дараа 1996 оны 9-р сард Сибирийн газрын тосны "Сибнефть" компанийг нэгдсэн хуралдаанаар тэрбээр захирлуудын зөвлөлүүдийн гишүүнээр сонгогдсон аж. Березовскийн ажил хэргийн энэ олон талын сонирхол нь хөнгөн хийсвэр зангийн илрэл биш юм.Ер нь Березовский шинж чанараараа энгийн "нүүдэлчин" нэгэн гэхэд болно. Тэрбээр томоохон эрдэмтэн, академик болж чадах байсан мөртлөө бүх юмаа хаян бизнесийн ертөнцийг сонгосон билээ. 1996 оны 10-р сард ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Лебедь Березовский болон "Мост" группын ерөнхийлөгч В.Гусинский нарыг "устгах хүмүүсийн'' жагсаалтыг хийж байсан хэмээн буруутгав.

Тэр үед ОХУ-ын ерөнхийлөгчийн Аюулгүй байдлын албаны дарга асан А.Коржаков "Березовский надаас В.Гусинский, Ю.Лужков, И.Кобзон, С.Лисовский зэрэг нэртэй бизнесменүүдийг алахыг гуйсан" хэмээн сэтгүүлчдэд мэдэгджээ. Энэ мэдэгдлүүдийн дараа зөрүүд зантай А.Лебердь өөрийн албан тушаалаас буусан агаад түүний оронд ерөнхийлөгчийн зарлигаар арай тогтуун, гярхай И.Рыбкин томилогдсон байна. Харин түүний орлогчоор Борис Березовский тавигдсан юм. Тэрбээр энэ өндөр албан тушаалд томилогдосн тул ахуй эрхэлэхээ зогсоход бэлэн байгаагаа мэдэгджээ. Байдлыг ашиглан тэрбээр өөрт нь хэрэггүй болсон "Бүх оросын автомашины нэгдэл" ийн ерөнхий захиралын ажлаа орхисон аж. Горбачевын өөрчлөлт, шинэчлэлт эхэлтэл Борис их улс төрд ямар ч шансгүй байсан гэхэд болно. Жүүд үндэстэн математикч эр Авто ВАЗ-ын захирал Каданниковын тусламжтайгаар "дээд зиндаа"-ныхантай танилцав. -Төрийн албан хаагчийн карьераа Березовский Борис Ельцины "Ерөнхийлөгчийн тэмдэглэлүүд" нэртэй дурсамийг хэвлүүлэх ажлыг хариуцснаар эхлүүлжээ.

Ингэснээр тэрбээр төрийн тэргүүнд ойртох боломжоор хангагдсан байна. Үүний дараа сүйхээтэй бизнесмен Кадэнниковоос амархан гэгч нь зайгаа барив. Овжин залиа ашиглан Березовский Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Чубайстай ойртон нөхөрлөснөөр Аюулгүй Байдлын зөвлөлд орох үүд хаалга нээгдсэн юм. Шинэ албан тушаалдаа ороод Березовскийн хийсэн анхны алхам бол Чечень дэхь хямрлыг зохицуулах явдал байлаа. Тэр л тус Бүгд найрамдах улсын удирдлагатай бодит тохиролцоонд хүрсний дүнд Чеченьд сонгууль явагдан тайван амьдрал эргэж ирсэн билээ. Мөн Березовский Оросын хэд хэдэн олзлогдогсод болон барьцаалагсдын чөлөөлөлттэй холбоотой юм. Чеченүүдтэй газрын тосны талаар шударга яриа өрнүүлсэн анхны хүн бол яах аргагүй Березовский Ичкерийн босогчид түүнд бус түүний мөнгөнд итгэж байлаа. 1997 оны хавар бизнесмен эр Чеченийн БНУ-ын асуудал хариуцсан холбооны комиссын бүрэлдэхүүнд орсон бөгөөд үүний сацуу "Логоваз" хувьцаат нийгэмлэгийн хувьцааа эзэмшигчдийн хурлаас компанийн захирлуудын зөвлөлийн даргын албан тушаалаас чөлөөлөгджээ.

Гэтэл мөн оны эцэст ерөнхийлөгч Б.Ельцин Березовскийг "өөр ажилд шилжиж байгаатай нь холбогдуулан" Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн орлогчийн албан тушаалаас нь буулгах зарлигт гарын үсэг зурсан аж. Уг зарлигт түүний шинэ ажлын тухай ямар ч мэдээлэл байхгүй байв. Гэхдээ түүнийг огцруулсны гол буруутан нь парламент юм. Березовский казакуудыг зэвсэглэхийн төлөө тууштай тэмцсэнээр тэдний дургүйг хүргэх болжээ. Мөн Березовский даахар харъяалалтай гэдэг нь ч нөлөөлсөн биз ээ. Борис Березовскийг хувьчлалын сонин хэлбэр, маягуудыг бий болгосон гэж үзэж болно. Тэдгээрийн нэг нь "хий хоосон" хувьчлал юм. Түүнийг явуулсны үр дүнд шал өөр эзэнтэй пүүс, компанийн хөрөнгийг бүхэлд нь эргэлдүүлэх боломж гарч ирж байжэз. Өөрөө хэлбэл, бүх санхүүгийн эрхийг атгасан хэдий ч түүний аж ахуйн үйл ажиллагааны төлөө ямар ч санхүүгийн болон хуулийн харицлага хүлээхгүй гэсэн үг. Хувьчлалын энэхүү аргыг компанийн дээд удирдлагууд "өөрсдийн хүнийг" нэвтрүүлэн, түүний дансны гүйлгээг хийгч банкуудын тусламжтайгаар санхүүг нь хяналтдаа авснаар хийнэ.

Березовскийн "эзэнт гүрниЙ" нислэгийн "Аэрофлот" компанитай холбогдсон харилцаа үүн дээр тулгуурласан юм. 1996 онд 5-р сард "Аэрофлотмын гадаад орнуудад буй төлөөлөгчийн газруудын 152 удирдагч өөрсдийн олсон орлогын 80 хувийг Лозанна хотод байх "Андава" гэдэг пүүсийн данс руу гуйвуулж байх удирдамжииг дээд удирдлагаасаа авсан байна. Үүнээс өмнө тасалбар болсон түлш борлуулснаас олсон орлогоо, түүнчлэн гадаадын компаниудад үзүүлсэн үйлчилгээнэс олсон бүх мөнгийг гадаад дахь төлөөлөгчийн газрууд байгаа улсынхаа банкинд хийдэг байжээ. Хэдийгээр тэд сард нэг удаа "Аэрофлотын олон улсын төлбөр тооцооны төвтэйгээ данс тоогоор нийлэх учиртай аж. "Андава" болон түүний эзэд үзүүлж буй үйлчилгээнийхээ төлөө хувь хүртэх болсоны дээр "Андава"-гийн дансаар урсаж буй мөнгийг эргэлдүүлэх болжээ. Тооцоолж үзэх юм бол энэ пүүс бүр хэдэн арван сая долларын орлоготой ажиллаж байсан гэдэг.Харин Березовский хэвлэл, мэдээллийн хэрэглүүдэд өөрийн нөлөөг ихэсгэхийн тул дарай уламжлалт маягийн аргуудыг хэрэглэсэн юм.

Мэдээллийн зах зээлд гарахын тулд аль 1991 оны 8-р сард Москва хотноо "Москвагийн Чөлөөт Нэвтрүүлэх Корпораци" нэртэй хаалттай хувьцаат нийгэмлэгийг бүртгүүлсэн байна?.. Түүний үйл ажиллагааны төрөл дотор телевиз, радио социологийн судалгаа, фестиваль зохион байгуулалт зэрэг оржээ. Үүсгэн байгуулагчдын дотор мэдээж хэрэг "Логоваз" хаалттай хувьцаат нийгэмлэг болон Б.Березовский өөрөө байв. Сүүлд нь энэ корпорацийн суурин дээр ТВ-6 суваг байгуулагдсан билээ. Түүнийг Э.Сагалаев хэдэн жилийн туршид удирдах хугацаанд "Логоваз"тус сувгийн хувьцааны 26 хувийг худалдан авчээ.1995 оны эхээр Березовский ОРТ-г байгуулах кампанийн ажлыг эхлүүлэн улс төрчид, банкируудын толгойг сайтар эргүүлсэн боловч банкирууд түүнээс дөлөн энэ төсөлд нь "амьд" мөнгө оруулаагүй байна.

Березовскийн мэдэлд ОРТ-гийн 16 хувь буюу 320 мянган доллар байсан юм. Харин бизнесмен эр компанийн захирлуудын зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга болов, 2002 оны 1-р сард ОХУ-ын Ерөнхий прокурорын газар өмнө нь "Аэрофлот"-ын талаар үүсгэсэн эрүүгийн хэргээ сэргээн, мөрдөх ажиллагаагаа үргэлжлүүлжээ. Энэ хэрэгт Березовский, Патаркацишвили нарын бизнесменүүд холбогдоод байгаа билээ. Гэтэл эдгээр хүмүүс гадаад оронд гаран зам мөрөө буруулсан учир эрэн сурвалжлагдаж байгаа юм. Борис Березовский өөрийг нь буруутай гэж үзэж байгааг эрс эсэргүүцсэн байна. Энэ тухай тэрбээр Лондон хотоос "Москвагийн цуурай" радиостанцууд утсаар шууд ярилцлага өгөхдөө мэдэгджээ. Тун саяхан Березовский нууц байдалд Гүрж улсад очоод буцсан бол Их Британи түүнд өөрийн улсын иргэний гадаад паспортыг олгосон гэх шуугиан одоо хэрнээ тасраагүй байна.


Энэ нийтлэлийн эх сурвалж Lavlav.MN

1 комментарий: