понедельник, 20 декабря 2010 г.

Өөрөө өөрөөсөө зугтсан золиос (Сталины ганц охины хувь заяа)

Иосиф Сталины ганц охин Светлана Аллилуева эрх дураар хэрнээ зөрчилтэй, жаргалтай мэт ч харуусал гунигтай амьдралаар амьдарсан хүний нэг. Түүний тухай өдий төдий дуулиант нийтлэл нийтлэгддэг.
Ээж Надежда Аллилуева нь өөрийгөө буудан хөнөөх үед Светлана дөнгөж зургаан настай байв. Ийм эмгэнэл тохиолдоогүйсэн бол амьдрал нь арай өөр байх байсан байж магадгүй бөгөөд чухамхүү энэ өдөр л түүний ирээдүйн хувь заяанд аймшигт ул мөрөө үлдээсэн бөлгөө.

Хичээл сургууль, баяр баясгалан, хөгжил хөөр, ирээдүйн сайханд тэмүүлэх тэмүүлэл, хайртай ээжийн халамж энхрийлэл ганцхан мөчид хувиран алга болох нь тэр. Өнгөцхөн харвал бүх зүйл хэвийн, урьдынхаараа л байх шиг байв. Эхийг нь амьдад мөрдөгдөж байсан дэг ёсыг хэвээр сахиулахыг ойр тойрныхон нь хичээж байсан ч түүнийг хайрлан энхрийлэгчид аажим аажмаар үгүй болж байлаа.

Тэдгээр хүмүүсээс Светлагийн асрагч Александра Андреевна Бычкова л ганцаараа хэвээр үлдэж, аавыгаа хайрлан хүндэлж, үг сургаалыг нь сонсох, дуулгавартай байхыг захина. Бэлбэсэрч үлдсэн Сталин сайн эцэг байхыг хичээж байвч түүний анхаарал халамж хамгийн ерөнхий буюу сайн суралцах, цэвэр агаараар байнга амьсгалахыг захих төдийгөөр хязгаарлагдана. Тансаг хангалуун, эрх дураар байхыг хүүхдүүддээ огт зөвшөөрөхгүй гэдгээ шулуухан хэлнэ. Охиноо хэрхэн өсгөж хүмүүжүүлэхийг тэр мэдэхгүй байсан бөгөөд охин нь том болж байгаа нь нэг төрлийн толгойн өвчин нэмэхээс хэтэрсэнгүй. Охиндоо хандах хандлага нь заримдаа санаанд оромгүй хачин байдлаар илэрнэ. Охин нь биеэ үнэлэгч, янхан болчихож магадгүй гэсэн айдас гэнэт төрөх жишээтэй. Эхлээд түүний нүцгэн шилбэ, хэсэг хугацааны дараа бүсгүй төрхөнд хувирч буй байдал нь Сталины хардлага, бухимдлыг төрүүлж, айдас гутралд автуулна. Нэгэнт хөөгөөд явуулчихаж чадахгүй учраас ямар нэг хориг, хязгаар бодож олохоос хэтрэхгүй. Олон жилийн турш Света зөвхөн асрагчийнхаа оёсон хувцсыг л өмсдөг байв. Эцэг өөрийнхөө хуучин цамцыг авчирч, охиндоо шарваар ч юм уу, өвдөгнөөс доогуур урттай палааж энэ тэр оёхыг тушаана.

Нэг удаа охин нь пионерийн зуслангаас өвдөгнөөс ялимгүй дээгүүр банзал өмссөн охины зурагтай ил захидлыг аавдаа илгээснийг үзсэн Ерөнхий нарийн бичгийн дарга зурган дээр улаан харандаагаар, томоор "Янхан" хэмээн бичээд буцаан илгээсэнд пионерийн зуслангийнхан тэр аяараа айн цочирдсон гэдэг. Энэ бүхэнд Светлана хүлээцтэй, тэвчээртэй ханддаг байв. Энэ хүн бол зөвхөн түүний эцэг биш, дэлхийн бөмбөрцгийн бараг талыг захирдаг хүн гэдгийг гадарлаж, хүндэтгэдэг байсны учир тэр.

1933 оноос эх орны дайн хүртэл Светлана зөвхөн сургуулийн амьдралаар амьдарч байв. "Кремлийн" 25-р сургуульд тэр суралцана. Ихэнх сурагчид нь нам, засгийн ажилтнуудын хүүхэд байсан ч Сталины охин энэ элит хэсгийнхнээс ялгаатай байв. Түүнийг хамгаалагч дагаж, тусад нь хооллоно. Сталин эхнэрээ нас барснаас хойш ихэнх хугацаагаа тусгайлан барьсан зусланд өнгөрөөх болсон бөгөөд тийш нь хүүхдүүдийг хааяа аваачна. Ховор тохиох уулзалтын үеэр тэр ямар сурч байгааг нь сонирхож, өдрийн тэмдэглэлийг нь үзэх төдий. Светлана гялалзтал сурч байсан нь түүнийг баярлуулдаг байв. Тэр жилүүдэд Света аавыгаа зөвхөн хүндэтгээд зогсохгүй, чин сэтгэлээсээ хайрладаг байсан юм.
 Охиныг наймдугаар ангид байхад дайн эхлэв. Аавтайгаа уулздаг ховорхон уулзалтууд үгүй болж, тэд аажим аажмаар бие биенээсээ хөндийрч байлаа. Светаг ахынх нь хамт Куйбышев рүү нүүлгэн шилжүүлсэн ч 1942 онд Москвад эргэн ирэхийг нь зөвшөөрчээ. Хичээл номоо үргэлжлүүлэх завсар англи хэлийг давгүй эзэмшсэн Света барууны нэгэн сэтгүүлээс ээжийнхээ амиа хорлосныг олж мэдэв. Өнгөрсөн он жилүүдэд тэр ээжийгээ өвчнөөр нас барсан гэж итгэдэг байсан бол анх удаа аав дандаа зөвийг хийдэггүй гэдгийг ухаарч, үнэний үүдийг нээсэн энэ үйл явдал бүх зүйлийг орвонгоор нь эргүүлэх эхлэл болсон юм.

Энэ өвөл болсон бас нэгэн хэрэг явдал түүний эцэгтэйгээ харилцах харилцаанд сэв суулгав. Тэр Алексей Яковлевич Каплер танилцлаа. Энэ үед Каплер “ленин аравдугаар сард”, “Ленин 1918 онд", "Котовский" киног бүтээсэн, нэртэй найруулагч байв. Зусландаа ах Василий нь Каплерыг дагуулан ирэх үеэр тэд анх уулзсан байна. Октябрийн баярын үдэшлэгт олон хүн ирсэн байлаа. Хундага өргөж, ууж идэцгээсний дараа бүжиг эхлэв. Светлана жинхэнэ оёдолчноор оёулсан анхны гоё палаажаа өмсчихсөн байв. Гоё сайхан ярьдаг, бүсгүйчүүдийг татаж чаддаг Каплер бүжгийн үеэр сургуулийн охины толгойг дор нь эргүүлж орхилоо. Тэр нөхөрсөг, хөгжилтэй, түүнтэй байхад бүх зүйл сонирхолтой байв.

Тэд 22 насны зөрөөтэй ч уулзалддаг боллоо. Каплер номын санд огт байдаггүй сонирхолтой номууд авчирч өгч, Холливудын кино үзүүлэн, музейгээр дагуулж явна. Мэдээж хэрэг энэ дурлалын татаар Сталин тэр дор нь л мэдэв. Дотоод хэргийн ардын комиссариатын нэгдүгээр хэлтсийн ажилтнууд Стапины тушаалаар охиныг мөр даран мөшгих боллоо.

Сталинградын хүнд тулааны өмнөхөн Каплер тийшээ явав. Светлана нэгэнтээ "Правда" сониноос фронтын залуу дэслэгч хайртай бүсгүйдээ илгээсэн захидлын хэлбэрээр цэргийн сурвалжлагч Каплерын бичсэн нийтлэлийг олж уншжээ. Дэлхий даяар анхааран ажиглаж байсан Сталинградын түүхэн тулааны тухай бичсэн нийтлэлийн төгсгөлд "Яг одоо Москвад цас орж байж магадгүй. Чиний минь харж буй цонхоор Кремлийн шүдэт хананууд харагдаад л..." хэмээсэн  байлаа.
Светлана энэ бол түүнд бичсэн захидал гэдгийг тэр дор нь ойлгов. Аав нь захидлыг уншвал юу болох бол гэсэн айдас сэтгэлд нь эргэлдэнэ. Тэрбээр энэ үед утасны яриаг нь аль хэдийнээс чагнаж, Сталины хамгаалалтын албаны дарга, генерал Власик Каплерт Москвагаас хол байхыг сануулсныг гадарлаж ч амжаагүй байжээ. Чин сэтгэлээсээ дурласан Каплер сануулгыг огт хайхраагүй юм.

1943 оны хоёрдугаар сарын сүүлчийн өдөр Светланагийн төрсөн өдөр боллоо. Тэр 17 нас хүрэв. Энэ өдөр тэрбээр шийдэигий алхам хийж, ахынхаа байранд Каплерыг дагуулан ирэв. Хамгаалагчид хажуугийн өрөөнд байсан ч тэд бие биенийхээ нүд рүү удаанаар ширтэж, үнсэлдэнэ. Хаалга онгорхой байлаа...

Хоёр хоногийн дараа Лениний одонт Сталины шагналт Алексей Каплерыг баривчлав. Удалгүй умард руу таван жилийн хугацаатай томиллоо. Тэр Воркутад театрт ажиллаж байв. 1948 онд хугацаа нь дууссан ч Москвад эргэж ирэхийг зөвшөөрөөгүй тул Киев рүү, ээж аав дээрээ очихоор шийдсэн байна. Ихээхэн аюултай гэдгийг мэдэж байсан ч тэрбээр замдаа нийслэлээр дайраад өнгөрөхийг оролджээ. Гэтэл түүний суусан галт тэргийг дараагийн өртөөн дээрээс огт өөр чиглэл рүү илгээж орхисон байв. Энэ удаад "томилолт"-оор биш, уурхайд ажиллуулахаар, бас л таван жилийн хугацаатай цөлжээ. Тэрбээр 1953 онд л сая нэг эрх чөлөөтэй болсон юм.

1943 оны хавар Светлана сургуулиа төгсөж, Москвагийн Их Сургуулийн Хэл шинжлэлийн факультетад элсэхээр төлөвлөж байгаагаа эцэгтээ хэлтэл эрс эсэргүүцэлтэй тулгарлаа. "Түүх судал. Дараа нь юугаар хичээллэхээ өөрөө мэднэ биз" хэмээсэн байна.

Их сургуулийн шинэхэн оюутан Светлана ахтай нь хамт нэг ангид суралцаж байсан Григорий Морозовтой ханилан суухаар шийдсэнээ 1944 онд эцэгтээ хэлэв. "Еврейн дурлал" Сталиныг гонсойлгосон ч охинтойгоо харилцаагаа таслахыг хүсээгүй тэрбээр "Чөтгөр аваасай чамайг. Юу хүссэнээ л хий. Гагцхүү би тэрийг чинь харахыг огтхон ч хүсэхгүй шүү" хэмээжээ. Удалгүй Сталин өвөө болсноо мэдээд (Светлана хүү Иосифоо 1944 онд төрүүлсэн) залуу гэр бүлд Кремлийн гадна байр өгч, ач хүүгээ Кремльд, Зубалов дахь Светагийн бага насаа өнгөрөөсөн байранд өсгүүлэхээр хоёр ч асрагч томилсон байна.

Дайн дууслаа. Сталины хүргэндээ хандах тааламжгүй хандлага, ахынх нь ангийнхан, Светланагийн нөхрийн хооронд үүссэн үл ойлголцол тэдний амьдралд цэг тавив. 1947 оны нэгэн өдөр ах Василий нь эгчийнхээ паспортыг авч яваад буцаан авчирч өгөхөд Светлана. Григорий хоёр эхнэр, нөхөр байхаа нэгэнт больсон байлаа. Сталин Зубаловт ирж, ач хүүдээ "Хүү минь бүх юм сайхан болно" гэж хэлсэн ч өөр нэг өвөө буюу Григорийгяйн аавыг зургаан жил цөллөгөнд явуулахаар шийтгэсэн байжээ.

Светлана Кремльд эргэн ирж, аавынхаа хамтран зүтгэгч агсан А.А.Ждановын хүүтэй танилцан гэрлэжээ. Энэ удаад Сталин гэрлэлтийг талархан хүлээн авч, ахиад л Кремлийн гадна, Москва голын эрэг дээр байр өглөө. 1950 онд охин Катя нь төрсөн ч хэдэн сарын дараа Светлана нөхрөө орхин одов.

1952 оны арван хоёрдутаар сард тэрбээр эцэгтэйгээ сүүлчийн удаа, төрсөн өдрөөр нь уулзсан байна. Аав нь нас нөгчсөний дараа түүнд тэтгэмж өгч, байр, зусланг нь үлдээсэн юм. Светлана овгоо солин Аллилуева болгож, Сталины тушаалаар буудуулсан Сванизегийн хүү Жониктой гэрлэв. Сванизег буудуулсны дараа түүний 16 настай хүү Жоникийг таван жил сэтгэл мэдрэлийн эмнэлэгт "эмчилсэн" бөгөөд дараа нь Жезказганд уурхайчнаар ажиллаж байгаад 1956 онд Москвад эргэн ирсэн байв. Гэрлэлт нь Светланагийн хувьд өөрөөсөө зугтсан ээлжит зугтаалт төдий байсан тул Сванизетэй ч удсангүй.
 1960-аад оны эхээр эмнэлэгт хэвтэж байхдаа 50 настай, Энэтхэгийн коммунист Браджеш Сингхтэй танилцан гэрлэлээ. Түүний дөрөв  дэх нөхөр бие муутай  байсан тул удахгүй насан муутай хүн байсан тул удалгүй насан эцэслэж, гэрээслэлийнх нь дагуу түүний чандрыг нутагт нь аваачих зөвшөөрөл эрсэн ч Зөвлөлтийнхөн түүнийг гадаадад явуулахыг хүсэхгүй байв. Гэвч тэр олон олон саад бэрхшээлийг давсаар эцсийн эцэст Косыгины Засгийн газар түүнийг хоёр чекистийн хамт явуулахаар болжээ.

Тэр Энэтхэгт үлдэх бодолтой байлаа. Гэвч Индира Ганди ЗХУ-тай харилцаагаа муутгахыг хүссэнгүй. 1967 оны гуравдугаар сарын 7-ны өдөр Энэтхэг дэх АНУ-ын Элчин сайдын яаманд Сталины охин Светлана Аллилуева улс төрийн орогнол хайн очсон тухай мэдээ Зөвлөлтийнхнийг шоконд оруулав. Америкчууд түүнийг эхлээд Италид, дараа нь Швейцарьт аваачиж, тэндээсээ АНУ-д хүргэсэн юм. 22 настай хүү, 16-тай охин нь ээж нь тэднийг орхин гадаадад дүрвэсэнд итгэхгүй байв.

Светлана баруун руу дүрэвсэн, 1967 онд "Хорин захидал" хэмээх өөрийн эцгийн болон Кремлийнхний амьдралын нууцыг дэлгэсэн ном гаргасан нь дэлхий ертөнцөд ихээхэн шуугиан дэгдээсэн билээ.

1970 онд АНУ-ын архитектор Уильям Уэсли Питерстэй гэрлэж, охин Ольгагаа төрүүлэв. Хоёр жилийн дараа бас л нөхрөөсөө салсан боловч энэ удаагийн салалт өөрөөс нь болоогүй бусдын хатгалгаас болсон. Питерсийг одоо ч хүндлэн хайрладаг, миний өмнөх нөхрүүдэс хэн ч түүн шиг аз жаргалыг өгч байгаагүй гэж мэдэгдсэн удаатай.

1982 онд Англи руу нүүсэн Сталин тэнд ганцаардаж, 1984 оны арваннэгдүгээр сард гэнэтхэн Москвад хүрэлцэн ирэв. Зөвлөлтийн удирдлага түүнд сайнаар хандаж, иргэншлийг нь сэргээлээ. Гэвч 17 жилийн өмнө орхин одсон хүүтэйгээ ч , охинтойгоо ч үг хэлээ огт ололцож чадаагүй бөгөөд Зөвлөлт засгийнхантай тогтоосон харилцаа нь өдөр ирэх тусам муудсаар  байсан тул эцгийнхээ төрөлх нутагт Гүрж рүү очсон  байна. Тэнд бас л сайхан угтав. ЗХУ-ын удирдлагын заавраар Гүржийн эрх баригчид түүнд байр, тэтгэмж өгч, тусгай хангамж эдүүлэн, дуудлагын машин хүртэл мэдэлд нь хувиарласан ч бас л тогтож суурьшсангүй. Бага охин Ольга нь сургуульд суралцаж, морин спортоор хичээллэн, тусгай багш нар түүнд орос, гүрж хэл зааж, бүх юм болж бүтмээр байсан ч хоёр жил амьдрав уу үгүй юу, 1986 онд ЗХУКН-ын төв хороонд хандан АНУ руу явах зөвшөөрөл олгохыг хүссэн байна.

Тбилисээс явахдаа тэрбээр"Зэрлэгүүдийн дунд амьдрах хэцүү байлаа" гэж хэлсэн гэдэг.

АНУ-д ирээд Висконсин мужид суурьшсан ч сэтгүүлчид түүнийг 1992 оны есдүгээр сард Англид хөгшчүүдийн халамжийн газраас гарч, байр хөлслөн амьдрахад нь туслахыг хүссэн бичиг баримт бүрдүүл зэд явж байхтай нь таарсан байдаг. Лана Питерс (тэр ийм нэртэй болсон) тэр цагаас хойш Сприн-Грин хотод олноос хол. түгжигдмэл байдлаар амьдарч байгаа бололтой. Түүнийг хамгийн сүүлд харсан хүмүүсийн яриагаар бол тэр хоногийн хоолоо аргацаах төдий амьдарч, дэлгүүрт очих, эм авах зэргээр хааяа нэг гудамжинд үзэгддэг гэнэ.

Түүний амьдрал нэг талаас нийгмийн золиос болсон өрөвдөлтэй, нөгөө талаас өөрөөсөө зугтсаар юу ч үгүй үлдсэн зөрчилтэй хүний түүх билээ.

Зохиогчийн эрх: Өнөөдөр сонин

Комментариев нет:

Отправить комментарий