Түүний нэр нь бүтнээрээ Осама бин Мохаммед бин Авад бин Ладен юм байна. Гэхдээ ийн нэрлэх нь тун ховор. Одоо ч тэгээд Осама бин Ладен л гэх болж. Ийн хэлэхэд хэн ч ойлгоно. Энэ нэрийг сонсохуй сахал үсэндээ баригдсан, туранхай өндөр араб эрийн дүр сэтгэлд бууна. Тэрбээр бас олон хочтой. Ялангуяа Өрнө дахины хэвлэл “Можахед”, “Хаж”, “Захирал” гэх мэтээр бичсэн байх нь олонтаа.
Дэлхий дахин андахаа байсан энэ хүн харахад овортой мэт ч 1957 оны зургадугаар сарын 28-нд Саудын Арабын Эр-Рияд хотод ихээхэн чинээлэг айлд төрсөн юм билээ. Эцэг нь нефть рүү ид хэнээрхэж байх жилүүдэд барьж байгуулах ажил эрхэлж хөрөнгөжсөн нэгэн байж. Түүнийг таван тэрбум долларын хөрөнгөтэй байсан, үүний 300 сая долларынх нь Осамагийнх гэсэн баримт энд тэндхийн хэвлэлд байдаг.
Эцэг Ладен Саудын Арабын вангийн онцгой ивээл нөлөөнд байсан гэдэг. Осама бол түүний арав дахь эхнэрээс нь гарсан 17 дахь хүүхэд нь юм гэсэн. Осамаг ямар нэг коллеж төгссөн гэж бичсэн нь бий. Мөн лалын шашинтнуудын ариун шүтээн гэгддэг Мекке, Мединад сэргээн засварлах ажил хийж явсан гэсэн сураг ч байдаг. Шариатын цагдаагийн газар алба хааж явсан ч гэдэг. Сүүлдээ Саудын Арабын ван Абдель Азизын нэрэмжит /Жидд хотод байдаг/ их сургууль төгсөж эдийн засагч болсон юм гэнэ лээ.
Осамагийн бүх амьдрал лалын шашин шүтдэггүй хүмүүсийн эсрэг тэмцэлд, дэлхийн лалын хувьсгалд бэлтгэхэд, дэлхийд шинэ дэглэм тогтооход зориулагдсан гэж хэлж болохоор. Энэ тэмцлээ 1979 онд их сургууль төгсмөгцөө эхэлсэн байна. 1980 оноос Осама Афганистаны дайнд Зөвлөлтийн цэргийн өөдөөс можахедуудын талд байлдаж явав. Арабын орнуудын хөлсний алуурчдаас бүрдсэн, 2000 орчим хүнтэй отряд энд удирдаж явахдаа тэрбээр зөвхөн цэрэг дайны хэрэгт суралцаж байсангүй. Эдний отряд Зөвлөлтийн олзлогдогчид, цэрэг офицеруудад дундад зууны маягийн харгис хэрцгий байдлаар хандаж байснаараа алдаршсан байна. Үе чацуутнуудынх нь гэрчилж буйгаар бол Осама бүр хүүхэд байхаасаа л хэрцгий, үймээнч, өөр бодол санаатай хүмүүсийг тэвчиж чаддаггүй байжээ.
Хар тамхины наймааг Осама бузар булай эд гэж үздэггүй байв. Энэ талаар Пакистан, АНУ-ын тусгай албадын даалгаврыг олонтаа биелүүлж явж. Пакистан, Саудын Арабын тагнуулын байгууллагаас Афганистаны албан ёсны Засгийн газрын эсрэг бүлэглэлд өгсөн мөнгийг дамжуулах үүргийг ч нэг бус удаа гүйцэтгэж байж.
Афганистанаас Зөвлөлтийн цэргийг гарахлаар 1989 онд Осама эх орондоо эргэж иржээ. Ирмэгцээ вангийн гэр бүлийн эсрэг үйл ажиллагаанд ханцуй шамлан орлоо. Ванг америкчуудтай хүзүү сээрээрээ холбогдсон гэж үзсэнээс тэр. Үүнийхээ төлөө 1991 онд эх орноосоо хөөгдөв. Улмаар 1994 онд Саудын Арабын иргэний харьяалалгүй ч боллоо.
Афганистаны дайны “баатар” маань тухайн үед лалын тулгуур үзэлтнүүд засгийнх нь эрхийг авчихаад байсан Суданыг зорив. Уг нь Осама “Аль-Хижра” /Суданы/ гэдэг барилгын компанитай, “Аш-Шамаль” банкны хувьцааг эзэмшдэг. “Таба” хэмээх хөрөнгө оруулалтын компанийн эзэн юм. Түүнчлэн Судан, Кени, Йемен, Герман, Англид ч түүний мэдлийн үйлдвэрүүд бий. Суданд ирээд бизнесийнхээ хажуугаар нөгөө “Дэлхий дахины лалын хувьсгалд” бэлтгэх туйлын хүслээ ажил хэрэг болгохоор сэтгэл шулуудав. Үнэнд тун ойр байж болох эх сурвалжийн мэдээгээр бол Осама энэ зорилгоор лалын дайчдыг бэлтгэх лагеруудын сүлжээгээ үүсгэн байгуулсан байна. Нэлээд оронд алан хядах байгууллагын салбаруудыг ч бий болгов. Одоо түүний мэдэлд 20 улсад 7000 орчим хүн ажиллаж байгаа аж. Алан хядах, хорлон сүйтгэх хамгийн хүчирхэг хэрэгсэл түүний гарт байна. Алан хядах ажил л “эрхэлдэг” 50 шахам байгууллагыг тэр санхүүжүүлдэг гэж үздэг. Дэлхийн өнцөг булан бүрт тохиолдож буй эмгэнэлт олон явдлын мөр гэмгүй царайлсан энэ алуурчны зүг хөтөлж байдаг юм. 5000 хүний амийг авч одсон 2001 оны есдүгээр сарын 11-ний аймшигт хэргийг тэр зохион байгуулсан.
Осамагийн нэр олон тусгай албаны цуглуулсан баримт бичигт дурдагдаж байсан ч саяхан болтол түүнийг өргөн олон түмэн төдийлөн мэддэггүй байсан шүү дээ. Аддис-Абеба хотноо Египетийн Ерөнхийлөгч Хосни Мубаракийн амь насанд халдах оролдлого хийсэн, Нью-Йорк дахь дэлхийн худалдааны төв, Саудын Арабын нийслэл Эр-Рияд, Дахранд байдаг Америкийн цэргийн бааз зэрэгт дэлбэрэлт болсон 1996 онд л түүний нэр анх хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олны сонорт хүрсэн юм. Тэгээд 1998 оны наймдугаар сараас хойш энэ хүний нэр чихэнд чийр болтол дуулдах болсон. Тэгэхэд Кени, Танзанид АНУ-ын ЭСЯ-ны дэргэд дэлбэрэх үйл ажиллагаа зохион байгуулсан юм. 126 хүн, түүний дотор Америкийн 12 иргэн амь үрэгдэв. Энэ хэргийн цаана Осама байгаа гэж АНУ зарлаад түүний авд мордлоо.
Нэгэнт “нэгдүгээр зэргийн алуурчин” гэгдэх болоод байсан Осамаг Америк, Египет, Саудын Арабын зүгээс дарамт шахалт үзүүлсээр байгаад 1996 онд Суданаас хөөлгөж дөнгөв. Осама Афганистанд ирлээ. Түүний санаа нэгт ахан дүүс нь болох талибууд нь ялалт байгуулж, өөрийн нийслэл гэж зарласан Кандагарт төвхнөөд байсан аятай цаг үе ч тохиов. Осама болон түүний олон тооны эхнэр, хүүхэд, олон зуун дайчдыг нь талибчууд найр тавин угтлаа. Осамаг одоо ч тэнд бий гэлцдэг.
Афганистанд ирснээр Осама өөрийгөө дэмжигчдээс алдсан ч, шинэ хүмүүсийг олсон ч. Тэрбээр Афганистанд суурьшаад удаж байсан Тажик, Узбекийн сөрөг хүчинтэй ч ойртов. Энд Хаттабтай танилцаж, түүгээр уламжлан Шамиль Басаевтай ч нөхөрлөв. Орос дахь дайнаа үргэлжлүүлэхэд нь дэмжлэг болгож Басаевт 25 сая доллар өгсөн гэх мэдээ байдаг юм.
Осамагийн ашиг сонирхлын хүрээнд Балканы хойг, Оросын умард Кавказ, Төв Азийн ТУХН-ийн орнуудыг оруулаад нэлээд улс багтах боллоо. Түүний дайчид Алжир, Судан, Египет, Сомали, Этиоп, Филиппин хийгээд Өрнөд Европын орнууд, АНУ-д байнга байрлаж байна.
Осама бин Ладений анхааралд байдаг онцгой газрын нэг нь Чечень болсон. Иордан гаралтай, хар араб, ганц гарт гэх мэт хочтой нөгөөх Хаттаб түүний элчээр энд “ажиллаж” буй. Хаттабын бүх үйл ажиллагааг Осама санхүүжүүлж, удирдаж байдаг. Сүүлийн нэг жил хагасын дотор Хаттаб ивээн тэтгэгчээсээ 15 сая гаруй доллар аваад байгаа юм.
Зарим эх сурвалжаас үзвэл Умард Кавказад исламын улс байгуулахаар Осама санаархаж буй гэх. Энэ “улсад” нь эхний шатанд Чечень Дагестан, Ингушет, яваандаа бүс нутаг бүхэлдээ багтах юм байх. Өрнөдийн мэдээлэлд итгэх юм бол Осамагийн байгуулах Исламын нэгдсэн улсын бүрэлдэхүүнд Ази, Африк, Европын 50-иад орон, түүний дотор Албани, Босни, Азербайжан, Казахстан, Киргиз, Тажик орох бололтой. Цаашдаа энэ “улсын” хил тэлж Умард, Өмнөд Америк, Австрали, Гренландыг ч хамрах юмдаг уу. Тэгээд 2100 он болоход манай гариг бүхэлдээ лалын шашинтай ганц улс болох юм гэнэ. Уг эзэнт “улсын” нийслэл нь Саудын Арабт байх аж. Энэ зорилгодоо хүрэх гэж Осама 1998 онд “Жихадын дэлхийн дахины фронт” гэгч байгууллага бий болгожээ. Энэ нь үндсэндээ олон улсын лалын хэт даврагчдын нэгдэл юм.
Саудын Араб, Суданы эрх баригчид Осама бин Ладенаас их цээрлэдэг. Түүний мөрийг эх орондоо гаргахгүйг туйлаас хичээдэг. Гэхдээ энэ нь Осамагийн “ажилд” саад болж чаддаггүй. Түүний гар урт, холбоо сүлбээ их. Эр-Риядад л гэхэд нөлөө бүхий хүмүүс түүнийг дэмждэг. Дэмжигчдийн тоонд вангийн гэр бүлийн гишүүн ч буй. Хартум /Судан/-д Осамагийн эрх ашиг байсаар байгаа. Түүнийг барьж тушаахыг АНУ хэчнээн шаардавч талибууд халгаадаггүй...
Р.Жаргалант
Комментариев нет:
Отправить комментарий