пятница, 31 декабря 2010 г.

Тагна-Тувагын монголчууд хаашаа явна вэ?

АНУ-ын хэсэг сенатор Тувагийн тусгаар тогтнолыг 
зөвшөөрөх санал дэвшүүлжээ

Тува бол эртний, язгуурын монгол аймгуудын нэг билээ. “Нууц товчоо”-нд ч дурдагдсан байдаг. Нэгэн үе түрэг хэлэнд ууссан тал бий. Дараа нь эргээд монгол хэлэндээ орж байсан, сонгодог монгол бичгийн хэлийг чөлөөтэй ашигладаг, ойлгодог, 30-аад он хүртэл хэрэглэж байсан, монгол үгийн үндэс язгуур дээр -пырлар, -парлар гэсэн дагавар залгаад л хоорондоо хэлэлцчихдэг асан, тийм л нэг монгол түмэн, Монголын аймаг.
Гэтэл оросууд 1921 онд тусгаар улс болгоно гэж Монголоос тасалж баахан хууль бус юм хийгээд, 1944 оны эцсээр, АИХ-аар нь шийдэгдэх ёстой асуудлыг УБХ-аар шийдүүлсэн болж, бас баахан хууль бус юм хийж байж, дээрэмдэж авсан, Зөвлөлтдөө нэгтгэсэн билээ.

Зөвлөлтөд нэгдлээ гээд тувачуудад сайн зүйл огт тохиолдсонгүй. Өвөлдөө Монголд орж ирээд хонио хариулчихдаг байсан нь бүтэхээн байж, МАА нь дампуурлаа. Үндэсний соёл уламжлалаа оросчлох бодлогоор дарууллаа. Тувагийн баялгийг цөлмөх уурхайнуудад, оросуудын боол болж, баахан нухчигдлаа. Армид нь “Зөвлөлтийн бүрэлдэхүүнд хамгийн сүүлд орсон” гэж ад шоо үзэгдэн дэглүүллээ. Архи, тамхи, анашаанд орлоо. Сайхан монгол аймаг байсан чинь Оросын хамгийн бөглүү тайга, тундр, “чукч бүс нутаг” л болчихов.
1974 онд Зөвлөлтөд нэгдсэний 30 жилийн ой болоход, 30 оросыг алж тэмдэглэнэ гэх аймшигт үг яриа тувачуудын дунд гарч байж.

1990.5.12. Хову-Аксы гэдэг суурин байх. Шинэ, хуучин гэж хоёр хуваагдана. Хуучин гэх тааруухан хэсэгт нь тувачууд амьдарна. Шинэ гэх орчин үеийн сайхан хороололд нь оросууд амьдарна. Тэд аль аятай таатай ажлыг хийж, өндөр цалин авна, тувачууд боол нь болж бага цалин авна. Олон жилийн турш зөрчил, хорсол, үзэн ядалт хуримтлагджээ.

Нэгэн дисконы дараа тува залуус аанай тарах дургүй байв. Цагдаа нар ирэхэд зодолдож дийлэв. Улмаар “бидний хамаг зовлон бэрхшээл оросуудын дарлалаас л болсон” хэмээн түрхэрч, Шинэ Хову-Аксы руу уулгалан дайрчээ. Тува, оросуудын талцсан мөргөлдөөнд улам олон хүн оролцож, халуун хүйтэн зэвсэг ч хэрэглэлээ.
Олон хоног мөргөлдөөн үргэлжилж, оросууд дүрвэн зайлж эхэллээ. Тувагийн бусад нутгуудад үндэстэн хоорондын мөргөлдөөн хүрээгээ тэлэв. Тусгаар тогтнолын уриа лоозон ч дуулдаж эхлэв. Нийслэл Кызылд байдал харьцангуй намжмал байсан ч, орон нутгаас босож үймсэн тувачууд “Оросууд зайл” гэсээр орж ирж, асуудлыг хурцатгав. Кызылд оросууд болон, оросжсон тува нар эсэргүүцлийн том жагсаал хийсний маргааш, тува нар бүр ч том жагсаал зохион байгуулж, уг жагсаал шууд уулгалсан довтолгоон болон хувирсан. “Бүх Оросууд 7 хоногийн дотор Тувагаас зайлцгаа” гэсэн шаардлагыг тавьж байв. Завсарлагатайгаар бараг 7-р сар хүртэл үймээн үргэлжиллээ.
Босогчдыг Тува дахь Зөвлөлтийн цагдаа, арми дийлээгүй тул Хакас, Красноярскаас хүч татаж байж арайхийн дарсан юм. Үндэстэн хоорондын мөргөлдөөнд 70 гаруй орос болон, тува биш үндэстний хүмүүс амь үрэгдсэн гэдэг. Оросуудтай онцгой сайн харилцдаг гэгдэх тувачуудыгаа ч балбаж нүдэж, дээрэмдэж, шившиг болгожээ.

1990 оны, 2 сар үргэлжилсэн, харийн түрэмгийлэгчдийн эсрэг ардын энэ бослогоос гадна, оюун-улс төрийн тэмцэл их өрнөж байлаа. “Хостуг Тува”, “Танды Тува”, Тусгаар Тувагийн Ардын Нам зэрэг үндэсний-ардчилсан хөдөлгөөнүүд Тувагийн Ардын Фронтдоо нэгдээд шаггүй тэмцлийг өрнүүлж байв л. Даанч Ельцин тувачуудын цалин дээр “туйлын нэмэгдэл” нэмж олгох гэхчлэн авлига хэрэглэн, үндэсний хөдөлгөөнийг дарж орхисон талтай.

Нөгөөтэйгүүр, Туваг нийгэм-эдийн засгийн хувьд унагах, ингэснээр тувачуудыг Москвагийн гарыг л харж аялдан дагалдсан арчаагүй гуйлгачингууд болгохыг зорив. Архидалт, олс тарилт, гэмт хэргийг хавтгайруулав. Өлөн тувачууд амиа алдахаас ч эмээлгүйгээр Монголын хилийг даван хулгай дээрэм хийх боллоо. Социализмийн үед бүтээн байгуулсан бүхнээ хог хаягдал гээд Хятад руу гаргачихсан. Бөөгийн шашинд хэт мунхрах ч болов.

Тувачуудыг элгээр нь мөлхүүлэх гээд Кремлийнхэн харин ч оросуудыгаа тэнд амьдрах аргагүй болгосон юм. Хүн амын 33 хувь нь оросууд байсан бол, гарч явсаар 18 хувь болжээ. Аль олигтой нь гарч явсан тул оросуудын байр суурь нэн суларсан. Оросчлох бодлого явуулах нөхцөл ч муудсан.

Тувачуудын 70% нь эх хэлээ чөлөөтэй эзэмшсэн нь Оросын уугуул цөөнх ард түмнүүдийн хувьд хамгийн өндөр процент юм. Түүнээс гадна, төрийн ажил нь орос хэл дээр явагддаггүй цорын ганц сүбъект бол Тува. Тувагийн парламентийн хуралдаан дээр орос үг ганц ч сонсогдохгүй. Учир нь, Тувагийн АИХ-д орос хүн сонгогдоно гэж хэзээ ч байхгүй, эх хэлээ мэддэггүй тува хүн орно ч гэж саналтгүй. Энэ айхавтар туважсан байдал төвөөс хяналт тавихад бэрхшээл учруулж, Кремлийнхнийг маш их цухалдауулдаг.

Тува харин монголжиж байгаа. Ардын ёс уламжлалаа сэргээнэ гээд л монголоо сэргээгээд байдаг буюу. Эрийн гурван наадам, дуу хуур, ёс уламжлал, гар урлал, шарын шашин, худам бичиг гээд л сэргээгээд байх тусам л монголоо сэргээгээд байдаг.

Тувачууд манай үндэсний бөхийг сонирхоно, мэднэ гэж жигтэйхэн. Орчин үеийн дуу хууранд маань ч дуртай. Монголчууд бол тувачууд юм гээд байдаг.













1990 онд тувачууд “Бүх оросууд 7 хоногийн дотор Тувагаас зайл!” гэж 2 сарын турш үймэхэд, 77 орос иргэн алагдаж байжээ
Сүүлийн үед Тувад үндэсний ухамсар их сэргэж байна.
Ахиад л “Оросууд зайл!”,”Орос хэрэггүй!”, “Оросууд бидний дайсан”, “Оросуудад үхэл!” гэдэг, энд тэнд бичдэг болсон аж. Хаана ч гэсэн, тува орос хүмүүс байсхийгээд л маргах нь тохиолдоно. Сав л хийвэл тува хүн: “Хэний нутаг дээр чи сагаад байгаа юм бэ!” л гэдэг, өөр тувачууд гүйлдэж ирээд л, наад зах нь том хэрүүл, олонтаа зодоон болно. Харуй бүрий болоход орос хүн гэрээс гарахгүй. Гудамжинд зөвхөн тувачууд үзэгдэнэ. Цагдаа нар нь ч шөнө нуугдчихдаг гээд бод.

Тувагийн удирдлага, улс төрчид бас Кремлийн өөдөөс эвгүй үг яриа гаргадаг болжээ. “Тусгаарлачихна шүү!” л гэнэ. Тувачууддаа хандан тусгаар тогтнолын үзэл санааг цухалзуулна. “Хэрвээ тусгаарлавал бид Дубай болно шүү” л гэдэг.
Монгол нутаг л юм болохоор Тува маш их ашигт малтмалын баялагтай. Дэлхийд 3-рт орох коксжих нүүрсний орд бий. Зэс, кобальт, никель, уран гээд л байхгүй юм байхгүй.

Тувачуудаас өөр, давхар иргэншилтэй уугуул суурин үндэсний цөөнх Орост байхгүй юм. Тэд дотооддоо хэрэглэдэг “тусгаар тогтносон Тувагийн” гэх паспорттой. Тувагаасаа гадагшаа бол Оросын паспортыг хэрэглэнэ. Өөрийн гэсэн шуудангийн маркийг гаргадаг, хэрэглэдэг гээд л сонин зүйлс цөөнгүй.

Гадаадынхан Туваг маш их сонирхож буй. АНУ-ын ЭСЯ-ны улс төрийн хэлтсийн 2-р НБД Сьюзан Бодуэн 2 удаа очиж, удирдлагуудтай нь уулзан, хор найруулжээ. Орос Абхаз, Өмнөд Осетийн тусгаар тогтнолыг зөвшөөрсний дараа, нэр дэвшигч Жон Маккейны зөвлөх Рэнди Шойнеманн нарын бүлэг улс төрч Татарстан, Башкортостан, Чечень, Ингуш,Тува зэрэг үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэж буй улсуудын тусгаар тогтнолыг зөвшөөрөх төсөл боловсруулж, төрдөө өргөн барьсан. Сорос зэрэг нэрт зүтгэлтэн ч энэ төслийг дэмжсэн.

Их Түрэгийг байгуулахыг мөрөөддөг Түрк энд маш идэвхтэй. Тувагийн баялгийг сонирхсон хятадууд элдэв бодлого явуулж буй. Хэсэг хятад бизнесмен Кызыл-Эрдэнэтийн төмөр замыг барих саналыг Тувагийн удирдлагад тавьжээ. Үүнийг тувачууд их л нааштай хүлээж авсан ч, Кремль дургүйцэж байгаа ажээ.

Тувад төмөр зам огт байхгүй, авто зам нь ч муу. Оросын зүгээс харьцахад газарзүйн хувьд асар хүндрэлтэй, өндөр уул нуруу, нэвтрэшгүй тайга, намаг балчгийг туулах болдог, Монголтой бол тэгш нутгаар нийлдэг. Тувад анхны автомашин Монголоос очиж байсан юм.

Энэ жижиг улсын төсвийн 96% нь Кремлийн өгөх дотациас бүрдэнэ. Эдийн засаг гээд байх юмгүй. Оросын мансууруулах бодисын зах зээлийн 1/3-ийг хангадаг нь л хамгийн том эдийн засгийн салбар нь. Гэмт хэргийн төвшин нь Оросын төвшингөөс 2 дахин өндөр. Лениний гэх төв талбайгаа Ардын болгож өөрчлөн нэрлэсэн. Төв талбайн хажуугаас нь л ядуусын хашаа хороо эхэлнэ...
Хүн ам нь 308 мянга. Ам км нутагт 1,8 хүн оногдоно.
Тува хаашаа явна вэ?

Ч.Мөнхбаяр
Оросын хэвлэлүүдийн материал дээр суурилан тоймлов .

Комментариев нет:

Отправить комментарий