понедельник, 20 декабря 2010 г.

Ирина Хакамада, "Их улс төр дахь sex" номноос -2.

Товч намтар нь:
Ирина Муцуовна Хакамада 1955 оны 4-р сарын 13 - нд Москва хотод төрсөн. Түүний эцэг Муцуо Хакамада японы коммунист байсан бөгөөд 1939 онд ЗХУ-д улс төрийн шалтгаанаар цагаачлан ирж  оросын иргэн болон суурьшсан, 1991 онд насан эцэслэсэн. Эх нь Синельникова  Нина Иосифовна, багш мэргэжилтэй. Нөхөр нь Сиротинский Владимир Евгеньевич, санхүү эдийн засгийн зөвлөх, менежер.  Хүү Данила нь  Москвагийн Их Сургуулийг төгссөн. Охин Мария нь одоо 10 настай.  Ирина Хакамада эдийн засагч мэргэжлээр Патрис Лулумбын нэрэмжит Улс ард түмний найрамдлын их сургуулийг төгссөн. Эдийн засгийн ухааны дэд эрдэмтэн. 1983 онд Москвагийн Их Сургуульд улс төрийн эдийн засагч мэргэжлээр доцент цолыг хамгаалсан. Англи, франц хэлтэй. 1993 оноос эхлэн ОХУ-н Төрийн Думын гишүүнээр 3 удаа сонгогдон хариуцлагатай албан тушаалуудад томилогдож байсан. 1995 онд “Time” сэтгүүл түүнийг 21-р зууны улс төрчөөр тодруулж, 1996 онд дэлхийн хамгийн их нэр төртэй 100 эмэгтэйн тоонд оруулж байсан. 2004 онд ОХУ-н ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж 4 сая гаруй санал авсан.
“Оны шилдэг эмэгтэйгээр” нэг бус удаа тодорч байсан. Улс төрийн үйл ажиллагааныхаа хажуугаар Москвагийн Олон Улсын Харьцааны Дээд Сургуульд багшлах болон ном бичиж байсан. “Их Улс Төр дахь SEX” /хүйс/, “Хайр сэтгэл. Тоглоомын гадна” зэрэг номууд нь бестселлер болсон. Хоёрдахь номоороо, өөрөө найруулж бүрэн хэмжээний уран сайхны кино хийхээр төлөвлөөд байна. 2008 онд улс төрийн үйл ажиллагаагаа зогсоосноо мэдэгдсэн. Эдүгээ, орчин үеийн Орос улсад хэрхэн, эрх чөлөөгөө хадгалан үлдэн, амжилтанд хүрэх тухай мастер – класс уншдаг. Москвагийн Олон Улсын Харилцааны Их Сургууль болон “Сити – класс” хэмээх трейнингийн компани, Засгийн Газрын дэргэдэх Санхүүгийн Академийн Олон Улсын Бизнесийн сургууль зэрэгт багшлахаас гадна бусад сургуулиудад видеокурс уншдаг. 2008 онд, мастер – классуудынхаа материалуудаар “Их хот дахь SUCCESS” ном гаргасан нь мөн л бестселлер болсон. “Серебряный дождь” радиогоор нэвтрүүлэг хөтлөх, телевизийн нэвтрүүлэгт оролцох, хөтлөх гэх зэргээр зав зайгүй ажилладаг эмэгтэй...
Ийм хүмүүсээр хадаас хийх юмсан: олимпийн шигшээ багийн мастер-класс.
 Нэгдүгээр зүйл.
Тэд физик цохилтыг тэсвэрлэж чаддаг. Юу ч болж байсан, зовж зүдэрч байгаагаа ард түмэнд ярихгүй. Валентина Матвиенко автоосолд орчихоод, эмнэлгээсээ шууд, бараг л гипстэйгээ албан томилолтоор явж байгаа юм. Шанцев түлэгдчихээд, бусад хүмүүс ийм түлэгдэлт, арьс шилжүүлэн суулгах мэс заслын дараа хэдэн сар түрдэг сандал дээр суудаг байхад, тэрээр ажилдаа хоёр хөлөөрөө ороод, олны өмнө  гарч үг хэлээд л. Асуухгүй л бол, хэн ч юу ч ярихгүй. Энгийн хүн бол сүйдтэй юм болоогүй байхад л:
-  Ёо, би осолд орчихлоо!
- Юу гэнээ?! Пөөх, паах?!
- Ой, яана аа, ээж сүйд боллоо, эхнэр маань сүйд боллоо, хүүхдүүд маань сүйд боллоо. 
Гэтэл тэр сүйдтэй юмнууд нь: ээж нь түлхүүрээ гээсэн, эхнэр нь гутлынхаа өсгийг хугалчихсан, хүүхдүүд нь хамрын ханиад хүрчихсэн байх жишээтэй. Жирийн хүмүүс юмыг аймшиг болгон дүрслэх дуртай. Харин эд нар бол юу ч дүрсэлдэггүй. Тэд нараас хэзээ ч гэр бүлийнхнийх нь эрүүл мэнд, элдэв проблемны тухай та сонсоно гэж байхгүй. Тэд хуралдаан удирдаж л байна, томилолтоор явж л байна, харин тэдний бие сэтгэл ямар байгааг хэн ч мэдэхгүй. Зүрх нь өвдөж байсан ч, бөөр нь салж унаж байсан ч, цус харвах гэж байсан ч, тэдний нүүр царай хувирахгүй. Тийм жишиг байхгүй. Араатан шиг л тэвчинэ: сул дорой байгаагаа хэрхэвч ил гаргаж болохгүй, гаргах л юм бол - идүүлнэ. Энэ бол араатны ертөнцийн хууль.
 Хоёрдугаар зүйл.
Хувийн зориг - энэ бол бас л хориотой сэдэв. 1995 онд Ельцин засгийн газраа Чечен руу илгээлээ. Басаев, Масхадов хоёр тэр үеийн засгийн газрын гишүүд байсан цаг. Эхний уулзалт, жижиг бизнесийн тухай эхний яриа. Би ярьж эхэлтэл, Басаев миний яриаг шууд таслаад:
- Бид чамтай ерөөсөө ярихгүй. Бид зөвхөн оросуудтай л ярина.
Би чинь муу ч, сайн ч - албан ёсны төлөөлөгч, сайд хүн явж байгаа шүү дээ. Тэгэхээр нь би биеэ барьж чадаагүй, авалцаад хаяхгүй юу. Хуралдааны дараа Наталья Дементьева /тэр үеийн соёлын сайд/ бид хоёр бие засах газар хайж явж байгаад Грозный хотын хүлээн авалтын Ордонд төөрчихдөг юм байна. Эргэн тойронд тэр чигээрээ - эвдрэл сүйрэл. Хөөе, хүн байна уу...- хэн ч байдаггүй. Хоёр авгай ингээд өнгөрчээ, ядаж би Басаевтай хэрэлдчихсэн байж байдаг... Одоо автоматтай боевикууд гарч ирээд...Оросын жижиг бизнесийг надаас өөр хүн л төвхнүүлэх болох нь дээ... “Ничего, гарч л таараа”,- хэмээн үглэсээр Наталья  ийш тийш гарц хайн гүйгээд л байв. Харин би гэв гэнэт тайвширчихав. Бүр автоматтай боевикууд гараад ирэхэд ч цочирдоогүй. Тэд биднийг буудахыг завдсан ч үгүй: та нар төөрчихөж, бид гаргаад өгье гээд дагуулаад гаргав.
Москвад салахдаа Наталья надад шивнэв:
- Ира, чи битгий ай, дахиад тийшээ яв гэвэл би чамтай хамт явна, яаж ийгээд хоёулаа амьд буцаад ирнээ.
Тэгээд дараа нь дахиж хэзээ ч энэ сэдвийг хөндөөгүй, хэнд ч яриагүй. Ийм дотоод зоригтой хүмүүс байхгүй юу, эд нар чинь. Зүгээр нэг, парламентын жирийн гишүүн бол, ирэнгүүтээ л хүн бүхэнд ярина даа: “Би Грозный ороод ирлээ шдээ? Би ёстой буудуулах дөхсөн” - гээд л. Төрийн том түшээ бол тэгэхгүй. Хууль батлуулж дөнгөлөө, чухал бичиг баримтан дээр гарын үсгээ зурчихлаа, ерөнхийлөгчтэй уулзаж чадлаа гэх мэтээр гайхуулж бол болно. Харин халуун цэгт очсон, эсвэл бөөрөө авахуулчихсан байж би гүрийгээд ажлаа хийгээд явж байна гэх зэргээр хэзээ ч гайхуулдаггүй.
Гуравдугаар зүйл.
Гайхамшигтай ой санамжтай. Харсан хүнээ андахгүй. Төрийн албан хаагчдыг арван хуруу шигээ мэднэ. Зөвхөн дээд шатныхыг ч биш, орлогч энэ тэртэй нь бүгдийг нь мэднэ. Бүр нуугдмал байдаг тагнуулынхан, сөрөг тагнуулынхныг ч мэднэ. Толгойдоо картотек агуулчихсан мэт. Харцаа хүн дээр тусгангуут дотоод компьютер нь мэдээлэл гаргаад өгнө: хаана төрсөн, ямар албан тушаалд томилогдсон, тэрний холбоотон, тийм ирээдүйтэй гээд л. Бас хүний нэр усыг маш сайн санана. Хуучин гвардийнхан бол бүүр илүү гаргуун. Тэд бол хүнийг овгоор нь зогсохгүй, нэр, эцгийн нэртэй нь мэднэ, түгтрэхгүй хэлнэ. “Өчигдөр Иван Иванович, Иван Никифоровичид яриад байсан зүйл надад ер таалагдахгүй байгаа”. Юун Иван Иванович вэ? Юун Иван Никифорович вэ? Хэн юм болоо гээд би мэдэхгүй. Миний эцгийн нэрийг жирийн хүмүүс ер зөв хэлж чаддаггүй, есөн шидээр хэлдэг. Мацаевна л гэнэ, Мицуевна л гэнэ. Харин, төрийн түшээд болон тэдний туслахууд бол хэзээ ч буруу хэлж байгаагүй, анхнаасаа л, ямар ч түгтрэл бэрхшээлгүйгээр Ирина Муцуевна л гэнэ. Хамгийн анх миний бишрэлийг Рыбкин Иван Петрович төрүүлж байлаа. Тэрээр дөнгөж парламентын гишүүн болоод, хоёрхон сарын дараа гэхэд 450 гишүүнийг царай зүс, нэр усаар нь мэддэг, харьцдаг болчихсон байсан юм. Намайг вице-спикер болгочихсон чинь сандралд орсон шүү. Би чинь хуралдаан хөтөлж гишүүдийн нэрийг түгтрэлгүй хэлж байх ёстой шүү дээ. Гэтэл би албан тушаалыг нь л санамар аядахаас цаашгүй. Арай ч Станиславский шиг ”Нөхөр Сталин, уучлаарай нэр, эцгийн нэрийг чинь мартчихаж” гэхгүй л дээ. За тэгээд зун амралтаараа Юрмала явахдаа Думын гишүүдийн лавлах номыг аваад явлаа. Саарал зурагных нь хажууд овог нэр, богино намтар нь байх. Бүтэн сар цээжиллээ. Парламентад би тайзан дээр сууна, харин гишүүд - доор, танхимд сууна. 450 чулуу цуглуулаад парламентын моделийг хийлээ. Фракц фракцаар нь суулгаад, зурагтай цаасыг нь чулуугаар даруулаад. Зурагтай цаас+ чулуу, зурагтай цаас+ чулуу. Босоод, тайзан дээрээс харж байгаа юм шиг дээрээс нь харлаа. Тэгээд цаасан депутатуудаа хараад, энэ чинь тэр, тэр нь энэ гээд л цээжилнэ. Өглөө болгон дасгалжина. Ёстой жинхэнэ ялтны хөдөлмөр гэдэг л энэ байх! Нүдэнд торойх, ялгарах юм юу ч үгүй. Ялангуяа коммунист намынхан ер цээжлэгдэхгүй байв. Яг л ихрүүд шиг, “копидчихсон” юм шиг. Эрэгтэй эмэгтэйгээр нь ялгах ч хэцүү байгаа юм чинь. Бүгд л гантигаар сийлсэн юм шиг царайтай... Жириновскийн хүмүүс бол харин гайгүй, ялгагдаад байгаа юм. Харин коммунистууд болон засгийн эрхийг авсан намынхан бол ердөө л - клон клон клон. Тэгээд би гэнэт ойлгож байгаа юм, пээ ямар саарал байдаг бол тэнд гэж. Долоо хоногын дараа цаасан гишүүд маань норж ялзрах нь ялзраад, салхинд урагдах нь урагдаад ирэв. Амьд үлдсэнүүдийг нь цээжлээд л байв. Сүүлдээ ч бууж өгсөөн, дүүрч, юу л болбол болог! Ёстой дүүрсэн юм л болсон доо: гишүүн гараа өргөөд л байдаг, би нэрийг нь хэлж мэдэхгүй хүн чинь яахын, тэнэг юм шиг урдаас нь хараад л суугаад байдаг, хараад л суугаад байдаг... Өнөөх нь сүүлдээ минчийж уурласан амьтан ”Та нар сөрөг хүчнийхнийг үг хэлүүлэхгүй байна” гээд л орилно. Гэтэл би түүнийг үг хэлүүлэхгүй гэсэндээ биш шүү дээ, харин ч хэлүүлмээр байдаг. Ямар “тэр уурлаж улайсан нөхрийн микрофоныг асаагаадах” гэлтэй нь биш. Тэгээд би цаг сунжруулаад л, “шпи”-гээ харна. Өдөр бүр валидол уугаад, хуралдаан даргалах үедээ бол тайвшруулах эмийг атга атгаар нь ууна. Тэгэхгүй бол сандарсандаа, мэддэг нэрнүүдээ ч мартчихаж байгаа юм чинь. Харин хагас литр валерьянк уучихад Буддагаас дутахгүй тайван болчихно, тэгээд овог нэрнүүд аманд өөрсдөө л ороод ирдэг байлаа. Нэг мангар амьтныг ёстой нэг, энэ насандаа мартахааргүй болсон доо. Яагаав, нөгөө, хэн билээ дээ, байз... Өө, мартчихаж.
Хөндлөнгийн дагавар сэдэв.
Өөр гариг
2001 онд би “Шувууд” гэдэг францын баримтат кино үзсэн юм. Тэр кинонд шувуудын нүүдлийн тухай өгүүлдэг. Шувууд хэрхэн ой ухаанд багтамгүй хол зайг туулж, хэрхэн замдаа зовж зүдэрч байж амьд үлддэг, яаж их ядардаг, хаана амардаг гэх мэт зүйлийг энэ кинонд харуулжээ. Энд ямар нэгэн  экологийн үзэл санаа, асуудал хөндөөгүй, үйл явдлын өрнөл - сэдэв байхгүй, хэн ч хэнийгээ агнах гээгүй, “еэ бурхан минь, далавч нь мазутанд наалдчихлаа” мэтийн юм байхгүй. Бүхий л киноны турш дэлхийн бөмбөрцөг дээгүүр шувуун сүрэг нисээд л байна, нисээд л байна. Харин зураг авалтын гайхамшигтай техникийн ачаар үзэгчдид өөрсдөө энэ шувуун сүрэгтэй хамт, шувуудын дунд орчихсон нисч байгаа мэт сэтгэгдэл төрж байв. Яг л би шувуудтай хамт Нью-Йорк, Каирын утаа уугиулсан яндангууд, далай тэнгис, элсэн цөлийн дээгүүр нисээд байв. Бүтэн цаг хагасын турш далавчны дэвэлтээс өөр юм гардаггүй энэ киног дуусахад  би гэж шоконд орсон амьтан кинотеатраас гарч ирэв. Параллель ертөнц гэж байдаг юм байна, тэр ертөнц бидний ертөнцтэй ижилхэн хүчтэй юм байна гэдгийг гэнэт ухаарлаа. Иргэншлийн дутагдал нь, бид өөрсдийгөө л анхаараад – судлаад – тойроод - эргэлдээд байдаг, эргэн тойрноо ч гэсэн өөрийнхөө ертөнцийн л нэг хэсэг гэж хүлээж авдаг юм байна. Жинхэндээ бол хүмүүн бид эргэн тойрныхоо нэг хэсэг нь биш юм байна гэсэн таамаг надад төрлөө. Тэгээд энэ таамаглалаа шалгахын тулд би Малайзын зэрлэг шугуй руу явж байгаа экспедицийн багтай нийлэн хамт явлаа. Малайзад, Индонезтэй хиллэдэг зурвасын дагуух хоёр мужид хэдэн арван сая жилийн турш огт өөрчлөгдөөгүй ширэнгэ байдаг юм байна. Мөсдөлтийн өмнөх үеээс анхны төрхөө хадгалж ирсэн ширэнгэ. Малайзын энэ  ширэнгид хүн амьдрах бололцоо байхгүй гэнэ. Тайгад - болно, Амазонкийн ширэнгид ч чадна, харин Малайзынхад бол хүн амьдарч чадахгүй. Тэнд чийгшил ихтэй, наранд 50 хэм халуун байдаг. Бид дөрвүүлээ явж байв. Нөгөө гурав маань сайхан гэрэл зургийн төлөө юу ч хийхээс буцахгүй - далайн ёроол руу акваланггүй орох, могойнуудтай тэврэлдэн унтах, ургамлын үндэс, аалз хорхойгоор хооллох –ийм солиотой болчихсон, дүүрчихсэн эрдэмтэд - биологичид. Эднээс өөр хүмүүстэй параллель ертөнц рүү орох арга байхгүй:  оруулахгүй.
Би параллель ертөнцөд үлдэж ургамал болон хувирах гээгүй ээ. Одоо хувь хүний ийм төрлийн эсэргүүцэл дахиад моодонд орчихоод байгаа л даа. Хүн төрөлхтөн өөрөө өөрөөсөө зугтаж байна. Хамгийн сүүлийн үеийн моод нь - Гоа руу явдаг болж. Тэнд ганц доллараар овоохой түрээсэлж болдог. Хоол унд нь үнэгүй шахам. Тэгээд далайн эрэг дээр “өвс” татсан шээг, бүх юмаа мартаж болно. Тийшээ явж байгаа хүмүүсийн ихэнх нь гуч орчим насны уран бүтээлч залуус. Хамгийн нэр хүндтэй, мөнгө олдог хүрээнийхэн. Ийн зугтагсад улам олширч байгаа. Бүхий л юм байхад - мөнгө,  дээдсийн тансаг амьдрал, сонирхолтой мэргэжил – алга болоод л байгаа.
Би бол ганц л зорилго тээж явсан: өөр энергээр биеээ цэнэглэж ирээд энэ том хотдоо өөр орон зайг барьж байгуулах. Энэ ертөнцийг өөрчлөхийн тулд параллель ертөнцөөс цэнэг авах. Үгүй ээ, би улс төрийг яриагүй байна. Амьдралд хандах хандлагын тухай ярьж байна.
...Зузаан ноосон цамц, үстэй малгай өмсөөд, унадаг дугуйны тренажер саунд тавиад, хамаг чадлаараа жийгээд бай. Хоёр цагийн дараа, хэрвээ ухаан алдчихгүй бол, малайзын ширэнгээр явж байгаа европ хүнд ямар мэдрэмж төрдгийг та ойролцоогоор мэдрэх болно. Ойролцоогоор, яагаад гэвэл наад саунд чинь тоо тоймгүй олон төрлийн шавьж таныг хазахгүй байгаа шүү дээ?
Аялалын үргэлжлэлийг дараа...
...Зузаан ноосон цамц, үстэй малгай өмсөөд, унадаг дугуйны тренажер саунд тавиад, хамаг чадлаараа жийгээд бай. Хоёр цагийн дараа, хэрвээ ухаан алдчихгүй бол, малайзын ширэнгээр явж байгаа европ хүнд ямар мэдрэмж төрдгийг та ойролцоогоор мэдрэх болно. Ойролцоогоор, яагаад гэвэл наад саунд чинь тоо тоймгүй олон шавьж таныг хазахгүй байгаа шүү дээ? Ширэнгэн дундуур 5 км явах, тэгш газраар 50 км гүйх хоёр тэнцэнэ. Миний пүүз малайзын ширэнгээр явахад тохирохгүй эд байж таарсан. Малайзын ширэнгэ бол олон давхрага түвшинтэй,  ямар ч жим байхгүй. Газар дээр гараад ирсэн аймшгийн том том мод ургамлын үндэснүүдийг ороосон чөдөр ургамлууд байх агаад дээр нь гишгэхэд хөл хальтирна. Надад тусгай гутал өгсөн л дөө. Өмсөөд үзсэн чинь болж байх шиг л байлаа. Гэтэл 40 минутын дараа энэ их халуун чийгэнд хөл маань хавагнаж пэмбийгээд, мэдээ алдаад ирсэн.
Зүрх ч амаар гарах нээ. Би урт ханцуйтай цамцаа тайлаад майктай үлдлээ. Дараа нь, шавьжнаас хамгаалдаг, 2 талдаа резинтэй оймсоо тайллаа. Дахиад хагас цагийн дараа гутлаа тайлаад, өмдөө шуугаад хөл нүцгэн явлаа. Шавьжнууд хазах нь хазаад идэх нь идээд л байв,  намайг. Эхэндээ би үргээж байснаа сүүлдээ дийлэхгүйгээ ойлгоод бүр тоохоо байв. Ийнхүү би хүнсний гинжний нэг үе нь болчихов. Шавьжны хатгах хазахыг ч мэдрэхээ байв. Том хануур хорхойнуудын хазаж цоолсон нүхнүүдээс цус тасралтгүй шүүрч, ардаа цусан мөр үлдээсээр явав. Цус минь дуусахаар унаад л үхнэ биз хэмээн бодов. Сонинд гарах эмгэнэлийг төсөөлөв: “Ид ажиллаж амьдрах насандаа, экс - депутат, экс - сайд, ерөнхийлөгчид нэр нь дэвшиж байсан олны танил улстөрч Ирина Хакамада эмгэнэлтэй байдлаар амиа алдлаа”. Чухам ямар эмгэнэлтэй байдлаар гэдгийг нь тодруулахгүйгээр, яг ингэж. Ямар “олны танил Ирина Хакамада ширэнгинд хануур хорхойнд амьдаараа идүүлж нас барлаа” гэлтэй нь биш, хэн ч үнэмшихгүй шүү дээ. Намайг үхлээ гээд хүмүүс ч нэг их гашуудахгүй биз, яахав дээ, нэг улстөрч л байхгүй болоо биз. Сөрөг улстөрч байсан л байгаа биз, тэглээ гээд нээх их харамсаад байхгүй шүү дээ. Манайхан  угаасаа, улстөрч хүнийг оршуулахаас нь өмнө л мартчихдаг болохоор хэн ч энэ экс экс И.М. Хакамадагийн дотор ямар сайхан жинхэнэ эмэгтэй нуугдаж байсныг мэдэхгүй өнгөрнө. Энэ эмэгтэй шоколадтай мөхөөлдөсд хичнээн дуртай байсныг, бас цэнхэр ваарнууд, шал шүргэсэн цацагтай хамба хилэн ширээний бүтээлэг, Карл Марксын “Капитал”-ын эхний боть, заан, хүрхрээ, сонгодог хөгжим зэрэгт дуртай, харин цагны сэрүүлэг, музей, уулын цана, хэт албаны костюм, хиймэл цөөрөмд дургүй...ганц шүдэнзээр гал асааж чаддаг, өвөл ч тагтныхаа хаалгыг онгорхой унтдаг ...диван дээр алсын удирдлагын пульт, алим хоёртой өнхөрч байхыг хорвоогийн жаргалд тооцдог байсан...Орос Улсаа сайхан болгож өөрчлөх, англи хэлийг төгс эзэмших, хөндлөн шпагат сууж сурахыг мөрөөддөг байсан... гэдгийг хэн ч мэдэхгүй үлдэнэ.


Би үхсэнгүй. Замчин маань ОО-ийн цаас руу нулимаад шархнууд дээр минь наачихсан чинь цус тогтчихлоо. Шөнөдөө би дажгүй сэхэл аваад маргаашийн үүрийн туяаг хоёр модны хооронд 100 метрийн өндөрт татсан олсон гүүрэн дээр угтав. Доороос цайвар ягаан манан хөөрч байлаа. Жижиг птеродактилийн дайны том шувуу намайг далавчаараа алгадаж унагах дөхөн нисч өнгөрлөө. Түүний нүдний хүүхэн хараанд би өөрийгөө тольдож амжсан гээд бод. Шувуу биш, бамбарууш ч байсан байж магадгүй. Эндхийн ширэнгиний газрын түвшин нь өндөр нам, моднууд нь өөр өөр өндөртэй болохоор бүх амьтад нь нисч байгаа юм шиг санагддаг юм билээ. Үнэг нь ч, хэрэм нь ч, Нефертититэй төстэй мэлхийнүүд нь ч. Амьтад нь биднийг тоож байгаа ч юм байхгүй. Бидний үнэр тэдний санд тэмдэглэгдээгүй, бид өөр системийх болохоор тэдний хувьд бид байхгүй бололтой.
Тиймээс бидэн рүү хэн ч дайрахгүй, биднээс хэн ч зугтаахгүй, түй, чиний хэрэг энд ер байхгүй. Үнэрлэх эрхтэн, нүд хоёр нь ийм зохион байгуулалттай юм байлгүй...
Чимээгүй анирын сүүлийн хэдэн минут өнгөрөхөд мэлхийнүүд команд авсан юм шиг зэрэг орилоод явчихав. Араас нь голионууд тачигнаад, сармагчингууд чарлаад - ширэнги ой нойрноосоо сэрлээ. Бурхан минь ээ! Кремль, ерөнхийлөгч, нам, сөрөг хүчин, хувийн байшинтай болох - ямар тэнэг юм боддог байсан юм бэ, би?!
Бид хоёр долоо хоног ширэнгээр тэнэв. Миний “солиотой” хамтран аялагчид - бөөн баяр амьтад - зогсоо зайгүй зураг дараад л, харин би, юуны ч тухай бодохгүй байх гээч - урьд үзээгүй жаргалд умбаж байлаа. Иргэншсэн хүний хамгийн хэцүү юм нь – юу ч бодохгүй байж чаддаггүй. Ингэж сурахын тулд мөнгөө үрэн янз бүрийн тренингэд явах, “айлын” шашин сургааль судлах зэргээр ихэд хичээдэг боловч хүссэндээ хүрч чаддаггүй. Гэтэл параллель ертөнцөд бол аяндаа л юу ч бодохгүй байж чаддаг болчихдог юм билээ.
Аяллын төгсгөлд замчин маань биднийг агуйнууд руу аваачихаар амласан юм. Өдий хүртэл нэлээд хал үзэж хат суучихаад байсан би юу ч үзэхэд бэлэн байв. Гэхдээ арай ингэж тамын тогоо руу зорчиход бэлэн байгаагүй ажээ. Явж байсан чинь гэнэт ширэнги ой маань хоёр тийш ярагдаад харцнаас минь том ангайсан ам гараад ирэв. Сансрын хар нүх л ийм байдаг байх. Агуйн гүн рүү шувууны баасанд будагдаж хальтиргаатай болсон, дэнжигнэсэн гүүр хөтөлж байв. Агуйн орой дээр нүх байх. Тэр нүхээр харанхуйг яран гэрэл тусах. Сүмд ороод ирж байгаа юм шиг санагдаж байлаа. Гэхдээ энэ бол чөтгөрийн сүм бололтой. Агуйн таазыг хар өнгийн масс бүрхэх агаад тэр масс нь хөдлөн чарлах ажээ. Сарьсан багваахайнууд. Агаарт шээсний өтгөн үнэр дэгдэн, хамар цоргин амьсгаа боож байлаа. Энд ганц цаг болоход л хордож үхэх байх. Нар жаргахад сарьсан багваахайнууд орилж чарласаар агуйнаас нисэн гарч идшээ хайхаар явахад тэнгэр харагдахгүй болов. Үүнийг Данте л дүрслэн бичиж, Босх л зурж чадах байх.
Гар чийдэнгийн маань гэрэлд дээрээс унжсан олс харагдав. Нэг, хоёр, гурав... Дээшээ 150метр, доошоо бас 150м, циркийнх шиг бүдүүн олснууд. Юун дээр ч тогтож унжиж байгаа юм, бүү мэд. Энэ юу юм болоо? Энэ бол - ажлын байрууд гэнэ. Эндхийн уугуулууд  олсоор авирч шувууны үүрнүүд болон багваахайны баасыг цуглуулж амьжиргаагаа залгуулдаг юм байна. Томоо гэгчийн сагс үүрээд олс руу авирч, энэ ёроолгүй ангал дээгүүр дүүжигнэн байж тэмээн хараацайн үүр цуглуулна, хусуураар сарьсан багтваахайн баас хусч авна. Үүр нь хятад хоолны үнэт амттан юм гэнэ. Ийнхүү 300 метрийн өндрөөс 30 кг сарьсан багваахайн баас цуглуулна. Уугуул иргэдээс цуглуулсан үүр, баас хоёрыг сагсыг нь 30 доллараар худалдаж аваад цаашаа хэд нугалаад зардаг. Шанхай, эсвэл Сингапурын элит ресторанд тэмээн хараацайн үүрээр хийсэн хоол хоёр - гурван зуун доллар байдаг гээд бодохгүй юу?
Дэнжигнэсэн гүүрээр явж байтал тээр дор, зуун метрийн гүнд жижигхэн байшин харагддаг юм байна. Цонхоор нь лааны гэрэл харагдаж байна. Юу вэ, энэ чинь? Манаачийн овоохой. Сарын 100долларын хөлсөөр, хоёр гэр бүл хоёр, хоёр долоо хоногоор ээлжлэн амьдардаг юм гэнэ. Хүүхдүүдтэйгээ цуг. Их нэр хүндтэй, хэн дуртайд нь олддоггүй ажил гэнэ. Уугуул иргэд энэ агуйгаа харж хамгаалж байдаг ажээ. Нэг удаа энд киноны зураг авах гэтэл тэмээн хараацайн үүр цуглуулагчид хамаг камер, тоног төхөөрөмжийг нь хагалаад, эвдээд явуулсан ажээ. Тэгээд гүүрэн доор байшин бариад манаач суулгасан гэнэ. Хүмүүст агуйныхаа зургийг авахуулахгүй гэж тэр. Тэд, хүмүүс агуйных нь тухай мэдчихвэл ирээд талхнаас нь салгачихна гэж их айдаг ажээ. Ийм аюултай, амьсгалж ч боломгүй, тог цахилгаан ч байхгүй нөхцөлд ажил хийж байна шүү дээ, хүмүүс? Үгүй ээ, би ”харж байна уу, та нар, хүмүүс яаж амьдардгийг? Та нар зүгээр л олдсоноо дуугуй идээд баярлаад  сууж бай” гэхгээгүй байна. Үүний тухай яриагүй байна, би. Тэнд мэдрэгддэг цочрил бол шал өөр маягийн юм байна лээ. Хүмүүс бид байгалийн гоо сайханд дасчихсан байна. Гэгээлэг юманд нь ч, аймаар юманд нь ч адил. Галт уул - ямар гоё юм бэ? Эсвэл хүрхрээ. Үгүй бол цасан нуринга. Энэ агуй бас. Бишрэн, гайхан харахаас биш, шоконд ордоггүй шүү дээ бид. Тийм ээ, хүчтэй эд байна. Тийм ээ, эвгүйцэж байна. Тийм ээ, яг л чөтгөрийн сүм байна. Гэхдээ гайхан шагширч байснаа тэгсгээд л тайвширчихдаг.  Харин дунд нь хүн орчихсон байж байвал нуруу руу хүйт оргин цочирддог юм байна. Тусгай хувцас хамгаалалт өмсөөгүй, нүцгэн шалдан, хөл гараас нь өөр ямар ч багаж зэвсэггүй хүн. Тэр энд амьдардаг. Өөрийнхөөрөө жаргалтай байдаг л байлгүй?
Тэгээд, манай дэлхий ертөнц ямар агуу том юм бэ гэдгийг гэнэт ухаардаг юм байна лээ. Ингэж ухаарлаа гээд ямар ч хэрэггүй санагдаж магад. Үгүй чи энэ агуйг, энэ омгийнхны амжиргааны аргыг үзлээ – харлаа -  мэдлээ гээд чамд ямар хэрэг болох юм бэ гэх байх. Хэрвээ чиний ертөнц жижигхэн бол дурын жижигхэн зүйл л ертөнцийг чинь ганхуулж сүйрэлд хүргэж чадна. Харин чи өөрийнхөө ертөнцийг жинхэнэ ертөнцийн цар хэмжээ хүртэл томсгож чадсан бол, энэ хэмжээг нүдээрээ үзэж биеэрээ мэдэрсэн бол - урьдынх шигээ шоргоолжин чинээ проблемуудыг тоож сүйд болохоо больдог л юм байна лээ.
Намайг Москвад буцаж ирэхэд найзууд маань дуу алдаж байв.  Царай чинь гэрэлтэж байна гээд. Хүмүүс миний тухай элдвээр бичиж, миний эсрэг хор найруулж, гомдмоор үг хэлдэг хэвээрээ л байв. Сөрөг улстөрчид оногдох ёстой бүхэн л надад оногддогоороо оногдож л байлаа. Урьд нь бол би сэтгэлээр унан шаналдаг байсан бол одоо харин: ”Ира, больж үз. Агуйг сана, манаачийн байшинг сана” гэж өөртөө хэлээд, намайг гомдоож байгаа хүн рүү ширэнгэний мэлхийний харцаар харж байснаа, савруугаа дэлгээд нисээд явчихдаг болсон. Параллель ертөнцөөс авсан цэнэг удаан үргэлжилсээн, бараг хоёр жил. Дуусаад ирэхээр нь би саванн руу явсан.
Тавдугаар сэдэв.
Алтан орд.
1993 онд намайг болон эдийн засгийн бодлогын Хорооны хэдэн шинжээчийг Мерилендийн Их Сургууль руу монополийн эсрэг бодлогыг нь судлаад ир гээд явууллаа. Бүгд л ухаантай, боловсролтой, хөгжилтэй залуус байв. Бид хичээлд сууж, конспект бичиж, хотоор тэнэж - яг л оюутны амьдралаар амьдарч байв. Нэг удаа тэнэж яваад таксгүй шөнийн клуб руу яваад орчихов. Хөнгөн стриптиз үзүүлдэг газар байв. Би цэнхэр нүдэн царайлаг залууг хатгаж байгаад стриптизчин хүүхний дотоожонд доллар хавчуулуулчихав. Хүүхэн түүнд зориулж бүжиглэж өгөв. Маргааш оройжингоо манай залуучууд энд тэнд буланд зогсож шивнэлдэж байснаа, шөнө дөхөөд ирсэн чинь бүгд алга болчихсон байв. Өглөөний 6 цаг болж байтал хаалганы хонх намайг сэрээлээ. Өнөөх цэнхэр нүдэн царайлаг залуу маань 50 доллар зээлдээч гэлээ. Тэг тэг. Жаахан байж байтал дахиад нэг залуу маань хүрч ирээд мөн 50 доллар гуйлаа. 50 - г чадахгүй нь гээд 10-г өглөө. Хэдэн минутын дараа гуравдахь нь утасдав. Үд болоход бүх банди нар маань утасдаж мөнгө гуйв. Тэд эрчүүдийн бүрэлдхүүнээрээ шөнийн клуб орсон юм байж. Үр дүн нь - халаасан дахь мөнгө нь стриптизчин хүүхний дотоожонд хавчуулагдаад дуусч. Тэгээд яван явтлаа тэд бигмакаар л хооллож билээ.
Бас 90-ээд оны үед Давосын форум дээр шуугиан дэгдэж байсан. Манай нэг бизнесменыг урихад тэрээр баярласандаа цыганы хор, өндөр зэрэглэлийн янхан зэргийг аваад очоод Давосыг доргиож өгчээ. Гадаадынхан дуртай гэгч нь бүжиглэж, охидуудтай сээтэгнэсэн гэнэ. Харин тэр бизнесменийг дахиж хэзээ ч уриагүй гэнэ билээ.
Одоо цагт харин иймэрхүү инээдтэй явдлууд бараг болохоо больжээ. Гадаадад томилолтоор явах асуудал амьдралын норм болчихсон учраас бүүр дасчихаж. Манай парламент руу гадаад явах томилолт бороо шиг асгардаг, улсын зардлаар жуулчлах дуртай гишүүд ч маш олон байдаг. Урьж байгаа тал зардлыг даах нь ч элбэг. Албан ёсны айлчлал бол манай төсвийн зардлаар хийгддэг. Томилолтын мөнгө нь өдөрт 300доллар. Хийх ажил бол юу ч байхгүй: хурлын сэдэв нь очсон гишүүний эрхэлдэг асуудалтай таарч тохирно гэдэг ховор үзэгдэл, тиймээс, түүнд хэлэлцэж байгаа асуудлаар дэлхий ертөнцөд мэдээлэх зүйл яаж байхав? Тэгэхээр, төлөөлөгчдийг ахалж яваа хүн хамаг ачааг үүрэх болдог. Манай парламент танайхаас дутуугүй, харин ч илүү, бид та нартай гишүүдийнхээ мэдлэг чадвараараа өрсөлдөж чадна гэдгийг харуулах гэж тэрээр үйлээ үзнэ. Бусад нь тэгэж өөрсдийгөө зовоохгүй. Өглөө эхлэх хуралд хэзээ ч ирэхгүй. Орос улс шар шувуунуудын орон болохоор өглөөд босч чадахгүй, арай гэж 11 цагт ирвэл их юм. Манайд ямар нэгэн арга хэмжээг будаа болгоё гэвэл их амархан. Өглөөний 8 цагт эхэлнэ гэчихэд л болоо. Европод бол эсрэгээрээ, өглөөний 8 цаг гэдэг бол ажлын өдрийн ид үе гэж хэлж болно. Харин, хэрэв чи орой болтол ажил дээрээ суугаад байвал чамайг хэн ч ойлгохгүй. Ажлаас чинь халж ч магадгүй: цагтаа ажлаа хийж амжихгүй байна гэдэг мэдлэг чадвар муутайн илрэл гэж үздэг. Нэг удаа Италид, уулзалтын протоколыг дахин бичих шаардлага гараад бид италийн департаментийг хоёр цаг сунаж ажиллаад дуусгачихья гэсэн чинь бид нар руу “солиотой юм уу” гэсэн харцаар харж билээ.
Үдийн хоолны дараа хуралдаанд суух оросын төлөөлөгчдийн тоо эрс буурна: хоол идэж аваад дэлгүүр хэсээд алга болно. Архинаас өгсүүлээд суран бүс хүртэл бүгдийг авна. Наймаачид аятай, даагдахгүй том том гахай үүрээд буцна. Жишээ нь, Японоос будаа агшаагч, талх баригч энэ тэрийг бараг контейнероор нь ачуулж байлаа. Нэг нүхээр нь гурил, давс, элсэн чихэр хийхэд, нөгөө нүхээр нь халуун бульчик унаж ирдэг юм байх. Гэрт нь хэн нэг нь бульчик хийх л юм байх даа? Миний бодлоор, Оросын улс төрчид дажгүй орлоготой, тэр холоос хөлсөө цувуулан хүнд ачаа тээх шаардлаггүй мэт. Тэр муу бульчикаар ер нь балуугаа хийх гэсэн юм? Турах хэрэгтэй байж? Би мартдаггүй юм, нэг гишүүн хаа явсан газартаа томоо гэгчийн спорт загварын цүнх авч явах. Буцахдаа тэр цүнхээ дандаа идэх юмаар дүүргэнэ. Бяслаг, кофе гээд. Би нэг удаа тэсэхгүй асуув:
-Яах гэж эндээс зөөдөг юм? Манайд наад бүхэн чинь байгаа шүү дээ?
-Байхгүй болчих ч юм билүү.
Бас, одоо хүртэл, зөвлөлтийн үеийнхэн шиг, хоол ундан дээрээ хэмнэнэ шүү дээ? Үнэгүй хоолыг үртэс ч үлдээлгүй иднэ. Харин яасан ч өөрийнхөө  мөнгөөр гудамжны бистроноос ганц аяга кофе авч уухгүй. Эд бараа авах бол өөр хэрэг, тэгэх л гэж ирсэн юм чинь. Би хүмүүсийг буруутгаад шоолоод байгаа юм биш шүү.  Хүний зан араншин бус, бүүр нийгмийн маань зуршил ийм болчихоод салахгүй байгааг л яриад байна. Зөвлөлтийн үед олж авсан дадал зуршлыг бидний дотроос дусал дуслаар шахаад бүтэхгүй юм байна. Насосоор л соруулах хэрэгтэй. Миний ч биеээр социализмын мэнгэ толбо дүүрэн байгаа.
Хоёр жилийн өмнө найзтайгаа Ром орлоо. Буудалдаа дөнгөж буугаад байж байтал өрөөний утас дуугарав. Баргил сайхан хоолой: Синьора, та ямар сайхан юм бэ? Би тантай энэ оройг хамт өнгөрүүлбэл болохсон болов уу? Би танд хотоо үзүүлье, би таныг дарсаар дайлъя, би таныг тэгье, би таныг ингье, би танд дурлачихаад тарчилж байна...Би тэр дороо сандран хөлс чийхраад ирэв. Тэгээд бушуухан нөхөртэй гэдгээ хэллээ. Тэгсэн, таны нөхөр саад болохгүй, тэр тусмаа энд байхгүй юм чинь, би 5 минутын дараа дахиад залгах уу? Си, синьора... Би бушуухан утасны кабелийг розеткатай нь суга татаад, хаалгаа бүх цоожоор нь түгжээд, гэрлээ унтраагаад, усанд ч оролгүй хөнжилдөө толгойтойгоо шургаад хэвтчихэв. Өглөө нь найз хүүхэн маань намайг шоолж хөхрөөд, энэ чинь чиний бодсон юм биш ээ, зүгээр л буудлын үйлчилгээ байхгүй юу, чи ердөө л, баярлалаа, одоохондоо юу ч хэрэггүй гэж хэлэхэд л  хангалттай байсан юм. Эсвэл баярлалаа, тийм юм авъя гэх.
За яахав, тэр нэмэлт үйлчилгээнийх нь тухай би мэдэхгүй байсан байж болно, үнийн жагсаалт дээр ч байхгүй байна лээ. Харин яахаараа би, европ боловсролтой эмэгтэй, парламентын вице - спикер хүн байж, утасны кабелийг тас татаж, өрөөнийхөө хаалгыг дангинатал түгждэг байна аа? Хэн нэг нь хүчээр орж ирээд намайг доромжлох нь, би чинь “руссо туристо, облик морале” гэж үнэн санаанаасаа бодоогүй л байлтай? Зөвлөлтийн эмэгтэй шиг л загнасан байгаа байхгүй юу?
Дуусах яагаач үгүй ээ...
Бас, санахаас ичдэг юм, хүлээн авалтууд дээр би, хүлээн авч байгаа тал суухыг хүлээлгүй түрүүлээд суучихдаг байв. Бүгдээрээ зогсож байхад Хакамада аль хэдийн өвөр дээрээ салфетка дэлгэчихсээн... Тэгээд эзнээс нь түрүүлээд идээд эхлэвэл яахав? Гэтэл хоол солих үед ч эзнийг эхлээд хоолондоо хүрэхийг хүлээх ёстой байдаг байж. Нэг удаа бүүр ичиж үхмээр юм хийсэн. Би турах дэглэм барьж байсан юм. Махан хоол аваад ирлээ, би түүнд хүрсэнгүй. Хүлээн авалт дээр тодорхой цаг хугацаанд хоол авчраад, мөн тодорхой цаг хугацааны дараа буцаагаад хураадаг шүү дээ? Ресторанд бол оройжингоо нэг тавагтайгаа зууралдаж болно. Тийм болохоор, намайг хоол идэхгүй байгааг бүгд анзаарна биз дээ...Тэгээд элчин сайд учиргүй санаа нь зовоод асуухгүй юу, надаас: та яагаад идэхгүй байгаан? Таалагдахгүй байна уу?, - гээд л. Тэгсэн би гемокод энэ тэр гээд баахан лекц уншаад, түүний дагуу би үхрийн мах идэж болохгүй энэ тэр гээд мангартаж өгсөн. Тэнэг мал!
Бидний энэ бүдүүлэг, болхи, эв хавгүй байдал одоо болтол энд тэндээс маань цухуйн гадаадын зөөгч нарынх нь хүртэл инээдийг хүргэсээр байна. Зүгээр нэг жуулчин хувь хүн бол яахав гэхсэн. Албаны хүнээс гарч байгаа жижиг сажиг соёлгүй байдал цугласаар тухайн улсын нүүр царайг илтгэдэг. Гэтэл үүнд санаа зовж байгаа хүн ер алга: явуулж байгаа нь ч, явж байгаа нь ч. Саявтар, Европын Холбоон дээр манай нэгэн гишүүн, ковбой шляп, цацагтай ковбой хүрэм – хаанаас олдог байна аа – ковбой гутал өмсөөд түрий рүү нь өмднийхөө шуумгийг чихчихсэн, тэгснээ яагаад ч юм сигар зуучихсан шатны бариул дээр суун ганхаж, тэрүүгэээр нэг согтуу хоолойгоор "Орос улс бол Азийн агуу орон" -  гээд орилоод. Биш ээ, бид чинь ази биш, ямар ч байсан, орчин үеийн ази бол яах аргагүй биш. Олон улсын улстөрийн соёлын хүрээнд бол бид одоо болтол эртний скифүүд хэвээрээ байгаа байхгүй юу. Соёлжихыг ч хүсдэггүй. Биднийг байгаагаар нь хайрла гэх.
“Транссиб- ыг Гольфстримээр солино”
Мэтгэлцээнийг бид яаж явуулдаг билээ? Улайран босч ирээд л “Саяны ярьсан хүмүүстэй би огт санал нийлэхгүй байна. Ингэж болохгүй, эсрэгээр нь хийх хэрэгтэй” гэснээ цааш нь улиг болсон юмнууд яриад явчихна, тэнд нь ямар ч эсрэг юм байхгүй, байлаа гэхэд жаахан л юм байна. Гэхдээ яадгийн? Хамгийн гол нь хариу мэтгэлзэж байгаа нь чухал! Барууны профессионалууд бол тэс өөр схемээр ажилладаг. Эхлээд урьдах хүмүүсээ маш сайхан зүйл ярьлаа гээд талархал илэрхийлнэ. Та нартай бүрэн санал нийлж байна хэмээнэ. Хэдэн яльгүй юман дээр л нийлэхгүй байна гэнэ. Тэгээд тэр яльгүй юмнуудаа тоочсоных нь дараа л, юутай ч санал нийлэхгүй байгаа юм байна, тэс өөр хувилбар санал болгож байгаа юм байна гэдэг нь ойлгогдоно. Хүний эсэргүүцлийг хөдөлгөхгүйгээр, дургүйг нь хүргэхгүйгээр маш соёлтой ярина. Үүний дараа жинхэнэ харилцан яриа эхэлдэг. Манайхны мэтгэлцээн бол хэрүүл болж хувирдаг. Сайхан хэрэлдэж аваад, сэтгэл нь ханасан амьтад тарцгаана. Ямар ч үр дүнд хүрээгүй нь хамаатай юу, тэгэх гэж цуглагүй юм аа, хө!
Испаний элчин сайдын яаман дээр, хаан ширээ залгамжлагч нь манай улсад айлчлах үеэр болсон хүлээн авалтыг би хэзээ ч мартахгүй. Хүлээн авалтанд манай сэхээтний сор – элитүүд уригдсан байсан юм: аймаар ланжгар зохиолч, аймаар ланжгар найруулагч, аймаар ланжгар улстөрийн тоймч, аймаар ланжгар радиостанцын ерөнхий редактор, тэгээд бас нэг нээх ланжгар биш, гэхдээ том төрийн түшээ. Эхлээд бүх юм сайхан байв: нэг тал нь үг хэллээ, нөгөө тал нь бас үгээ хэллээ. Ханхүү өөлөх юмгүй төгс язгууртан, сайхан залуу, цэргийн нисгэгч байсан хүн. Манай элитүүд соёлтой гэгч нь идэж уугаад сууж байлаа, уул нь. Гэтэл ханхүү, найрлаж суугаа оросын сэхээтнүүдээс хамгийн асууж болдоггүй юмыг асуучихдаг байна шүү! Улсынхаа сор болсон сэхээтнүүд та бүхэн Орос орны цаашдын хөгжлийн талаар юу гэж бодож байна? - гээд аваад хаяв аа. Ланжгар элит маань, төрийн түшээгээс бусад нь, хутга сэрээгээ тавиад, хундагануудаа холдуулав. Тэгээд...ханхүү над руу тусламж эрэн харж, би дохио зангаагаар чадах чинээгээрээ түүнийг тайвшруулж байв.
Эхлээд аймаар ланжгар зохиолч үг хэлэв. Тэрээр, Орос орны урд гийж үзэгдэх юм алга, яагаад гэвэл манайд Гольфстрим байхгүй гэв. Гольфстрим байсан бол гайгүй юманд хүрч болох байсан юм, харин  Гольфстримгүйгээр бол юу ч бүтэхгүй. Ямар ч ардчилал, ямар ч соёлт нийгэм бий болохгүй. Оросын хувь тавилан бол завхарсан хэлбэрийн хаант засаг, яагаад гэхээр нормальны хаант засаг 1917 онд дууссан бөгөөд буцаж сэргэхээ өнгөрсөн. Энэ бүхнээ аймаар ланжгар зохиолч маань аймаар ланжгар хэлбэрээр хэлсэн болохоор ханхүү юу ч ойлгоогүй өнгөрөх шиг болов. Ялангуяа хаант засаглалын тухай. Одоогийн хаант засгууд, манай испанийх ч мөн адил, ардчилалтай дайтдаггүй, харин ч бүхий л чадлаараа дэмжин найзалдаг хэмээн эсэргүүцэхийг оролдох аядаад дуугүй болов.
-Оросод үг хэлэх эрх чөлөө байхгүй, - хэмээн аймаар ланжгар радиостанцийн ерөнхий редактор хашгиртал, аймаар ланжгар улстөрийн тоймч түүний үгийг таслан “Оросын хөгжилд саад болж байгаа гол юм бол Лужковын Москвад бий болгосон авилгын тогтолцоо юм” -  хэмээн мэдэгдэв. Ханхүү илт сэрдхийв: энэ зоогны дараа тэрээр хотын мэртэй уулзах ёстой байсан юм.
Аймаар ланжгар улстөрийн тоймчийн урдуур аймаар ланжгар найруулагч маань зүтгэн орж ирж, ”Орос орон ямар чөтгөр рүү өнхөрч байгаа юм бүү мэд, ямар ч байсан өнхөрч байна, яагаад гэвэл кинонд мөнгө өгөхгүй байна”,- гэв. Чухам түүнд өгөхгүй байна, мөнгөгүй болохоор кино хийж болохгүй байна, киногүй бол Оросыг аврах боломж байхгүй... Ханхүү хүндээр санаа алдаад, Орос улсын урлаг хэзээ ч сайхан байсан, цаашид ч тиймээрээ байх болов уу хэмээгээд, Орос Улсад агуу их ирээдүй байгаа гэдэгт итгэлтэй байна гэдгээ мэдэгдээд хүлээн авалтыг дуусгав. Бүгд сэтгэл гонсгор үлдэв: аймаар ланжгар найруулагч маань өөрт нь киноны мөнгө өгөх үгүйг ойлгоогүйдээ, аймаар ланжгар улс төрийн тоймч – Лужков гэмт хэрэгтэн гэдгийг ханхүү дэмжээгүйд нь, аймаар ланжгар радиостанцийн ерөнхий редактор хэвлэлийн эрх чөлөөний талаар сэтгэл нь эмзэглэж явдаг зүйлсээ ханхүүд бүрэн хэлж чадаагүйдээ...Харин аймаар ланжгар зохиолч маань, Гольфстримгүйгээр бид юу ч хийж чадахгүй гэдгээ хэлсэндээ – хариулт нь бол тэрэнд сонин биш байсан -  сэтгэл хангалуун байв. Бас нөгөө нээх ланжгар биш, гэхдээ том түшээ маань шуугианы араар манартлаа ууж амжсан учир сэтгэл нь яав ч гонсойгоогүй бололтой байв.
Бид энэ шувууных шиг дипломат хэлээр ярьж чаддаггүй хэвээр байна. Сурах хэцүү л дээ, гэвч дэлхий нийт өөр хэлийг ойлгохгүй шүү дээ? Орос Улс, тэр байтугай Москва ч, хэдий хөгжингүй боловч, олон түмэнд нээллтэй болоогүй байна. Европын дурын хотод л байж байдаг юмнаас аль нь ч Москвад байдаггүй. Москвад эртний эдлэлийн гудамж байхгүй. Галерейны гудамж байхгүй. Улаан дэнлүүний гудамж байхгүй. Тэр чигээрээ жижигхэн тохилог кофены газруудаас бүрдсэн гудамж байхгүй. Хүн, өөрийнхөө өнөөдрийн ааш аягтаа таарсан газар очих боломжгүй гэсэн үг. Хотынхон бид нээлттэй амьдарч сураагүй хүмүүс. Өөр өөрсдийнхөө оромжинд үүдээ түгжээд суучихдаг. Хэзээ ч та гудамжны кафенд настай эмэгтэй хажуудаа цүнхтэй идэш ууш тавьчихсан найз эмэгтэйтэйгээ кофе уун гангар гунгар болон сууж байгааг харахгүй. Буурал толгойтой өвгөн зохиолч романаа бичсэн шиг кафенд сууж байгааг харахгүй. Салфеткан дээр ямар нэгэн юм зурж байгаа зураачийг бас олж харагүй. Эсвэл ганцаараа буланд тухлан ном уншиж суугаа нэг ч хүнийг олохгүй. Манайхан заавал хоёулаа юм уу олуулаа л кафенд ордог. Европ хүний хувьд амьдардаг хот нь хайртай хот нь байдаг. Хайртай гудамжтай нь, хайртай ширээтэй нь. Орос хүн бол гэртээ л ном уншдаг. Жишээ нь би кафенд ном уншаад суувал Хакамада солиорчихож гэж бодно, намайг гэж таниагүй хүмүүс нь энэ авгай хэн нэгнийг эргүүлж яваа байх гэж бодно. Хэрэв настай эмэгтэй ингээд сууж байвал гэрт нь ямар нэгэн зовлон тохиолдож дээ гэнэ. Хамгийн өндөр хашаануудыг Орос Улсад барьдаг. Бас Өмнөд Африкт. Өөр хаана ч байхгүй. Бид – хаалттай үндэстэн.
Би ч гэсэн таг орос юм шиг байгаан – бас л хаалттай орон зайд байх дуртай болохоор. Борооотой өдөр диван дээрээ телевизор үзээд хэвтэж байх их дуртай. Бороогоор түрий бариад гадагшаа гарахгүй юу ч хийхгүй хэвтэх сайхан. Бас бороо намайг бүхнээс халхалж байгаа мэт сайхан сэтгэгдэл төрүүлдэг. Хүүхэд байхдаа би нэг найз охиндоо их атаархдаг байж билээ: тэр өөрийн гэсэн тусдаа өрөөтэй байсан юм. Миний хүүхэд насны хамгийг биелэшгүй мөрөөдөл бол өөрийн  өрөө - өөрийн жижигхэн цайзтай болох хүсэл байсан.  Нээрээ л биднийг орон сууцны асуудал гаж зантай болгосон байх. ЗХУ – ын нэг хүнд оногдох 6 кв. м оршуулгын газар, нойлын өрөөнд л ганцаараа байх боломж – энэ бүхэн бидэнд үндэсний хэмжээнд нөлөөлжээ. Тиймээс л хоорондоо юуны ч тухай биш ярьж чаддаггүй байх. Хэрэв орос, франц, америк жуулчид нэг автобусанд явж байх юм бол оросууд нэг талдаа бөөгнөрөөд, бусдууд нь холилдон, хоорондоо янз бүрийн хэлээр яриад л байж байх болно. Дэлхий улам глобалчлагдаж байхад бид нээлттэй газар гарч ирэхээс айдаг хэвээрээ байна. Бид хаана ч очсон өөрийн бичил ертөнц үүсгэж авахыг хичээгээд байдаг.
Чулуун зочид
Би жижиг бизнесийн хүрээнд хамтран ажиллах талаар санал бодлоо солилцохоор АНУ – гийн конгрессд ирэв. Путины эхний жил. Тэр үед гадаад политик гэж тэр аяаараа нэг нэгийнхээ мөрийг саймшран алгадсан, бие биеээ хий хоосон магтсан байдалтай байсан юм. Би америкийн эдийн засгийн хорооны даргатай нь хамтран ажиллаж эхлэв. Манай оросын төлөөлөгчид сурсан зангаараа дуугүй л сууж байдаг байв. Нэг л хүн дуугүй байхгүй маргаж байсан юм. Харин хэнтэй гэж бодно? Америкчуудтай биш ээ – надтай! Байн байн босон харайгаад л, Хакамадатай би санал нийлэхгүй байна гэж хашгираад. Үнэн инээдтэй харагдана биз дээ? Оросын жижиг бизнесийн дэд бүтцийг бий болгоход шаардлагатай мөнгийг америкийн конгрессээс салгах нэгэн, хамтын зорилготой ирчихээд байгаа хүмүүс шүү дээ, бид чинь. Дашрамд хэлэхэд, бид гадныхны нүдэн дээр маргадаг бас нэг үндэсний ааштай...
Америкийн конгрессмен хамгийн эхэнд үгээ хэлсэн бөгөөд тэр нь тэр чигээрээ, бид чинь нэгэн гэр бүл, бид нэг нэгэндээ хайртай, одоо бидний харьцаа улам дээшилж байна гэсэн утга агуулж байв. Би хариуллаа: тэгэлгүй яахав, бид – гэр бүл. Харин гэр бүлд хайраас гадна бас гэрлэлтийн гэрээ гэж байдаг. Гэр бүл болохдоо, салсан тохиолдолд хэн нь юутай үлдэх тухай гэрээ хийдэг... Энд би үгээ таслахаас аргагүй болов: бүгд хөхрөлдөөд явчихав. Би ингэнэ гэж төсөөлөөгүй байсан юм. Тэгээд яриа маань ажил хэрэгч шат руугаа шууд орсон. Оросууд та нар яагаад гэнэт эрүүл ахуйн шинэ стандарт батлаад манайхаас “Бушийн гуя” / тахианы гуя/ авахаа больчихож байгаан? Би тайлбарлалаа: танай тахианы гуяны чанар хэнд ч сонин биш. Бүх юм амаргүй бөгөөд амархан. Бид танайд ган нийлүүлдэг, гэтэл та нар манай ганд квот тавьсан, тэгэхээр бид бас ижил хориг тавьж байгаа юм. Гуяны эргэн тойрон дахь асуудал бол – тэр чигээрээ хиймэл. Бид зүгээр л та нараас өшөө авсан нь энэ. Манай металлыг зөвшөөр – тэгвэл манайх танай “Бушийн гуя” ыг бас зөвшөөрнө. Америк бүхнийг шууд ойлгоод энэ асуудал хурдан шийдэгдсэн. Би Орос орны өмнө Трегубова шиг их гавъяатай биш л дээ, гэхдээ манай металлургичид надад их талархсан.
Тоглоом шоглоом маш их үүрэг гүйцэтгэдэг. Бүх хүн, ерөнхийлөгч ч гэсэн, заавал хошин байх хэрэгтэй, ийм биш бол улстөр рүү зүтгээд хэрэггүй. Хошигнол нь үндэсний зангийн толь болж байдаг. Манайхан хэтэрхий эрээ цээргүй, хүний санаанд оромгүй байдлаар тоглодог. Бидний энэ хүн цохиж алмаар тоглоомонд дасаагүй гадныхан бүр хачин болчихдог – юу гэчихэв ээ? Дайн зарлачихав уу, эсвэл орчуулагчийн алдаа юу?
Олон улсын хуралд оролцож байхдаа би, оросууд өөрийнхөө урд үг хэлсэн хүмүүс рүү - үгнээс нь иш татах, санал нийлж байгаа, эсвэл нийлэхгүй байгаагаа илэрхийлэх - гэх мэтээр ямар нэгэн байдлаар хандаж байгааг хэзээ ч хараагүй. Барууны улс төрийнхөн бол үргэлж ийм байдлаар үг хэлдэг. Манайхан шиг, өөрийнөө бэлдсэнийг хэлчихээд л, сэтгэл нь тэнийсэн амьтан буугаад явчихдаггүй. Тэд бол өөртөө оногдох минут секунд тутмыг ашигладаг. Тэдэнд үр дүн л чухал. Манайханд бол – өөрийгөө үзүүлчихвэл л боллоо. Манайх олон түвшинт улстөртэй, улстөрийн хөдөлмөрийн хуваарилалттай. Эхлээд албан ёсны айлчлалаа хийнэ, дараа нь шинжээчид маань хөлсөө цувуулан бичиг баримтан дээр ажиллана. Тэдний улстөрийн бүх түвшинд хөдөлмөрлөлт явагдаж байдаг. Ерөнхийлөгч, ерөнхий сайд хоёр нь цөцгийг нь хамаад сууж байдаггүй, гүрийтэл ажилладаг. Энэ ялгаа шууд нүдэнд тусдаг.
НҮБ – д хэвлэлийнхний төв гэж байдаг. Кофег хуванцар аяганд биш, шаазан аяганд хийж өгдөг цорын ганц газар. НҮБ – ийн бүхий л шатны түшмэлүүдийг, бүр хамгийн томуудыг нь ч гэсэн тэр кафенд хачиртай талх идэнгээ хэн хүнтэй ярьж байгааг нь би харж байсан. Сэтгүүлчидтэй ч ингээд л ярьж суух. Гэтэл манай муу Думд дарга нар нийтийн гуанзанд хэзээ ч харагддаггүй. Хэзээ ч. Тусгай буфет, тусгай лифттэй. Сэтгүүлчдэд  ярилцлага өгөхдөө нэг бол өрөөндөө дуудна, нөгөө бол танхимын хаалган дээр хэдэн үг солилцоно. Юун хамт кофе уух, бульчик идэнгээ чалчих! Ёстой гонжийн жоо! Гадныханд хэнд нь ч хувийн хамгаалагч, машинд нь тусгай дохионы гэрэл энэ тэр байдаггүй. Ерөнхийлөгчийнх нь цуваанд л байдаг. Манайхан бол хаа явсан газраа хэд хэдэн “шкаф” дагуулна. Тэд нарынх нь хугархай хамрыг ямар ч нүдний шилээр засахын аргагүй тул эвгүй царайтай. Барууны сэтгүүлчид өөрсдийнх нь хүлээн авалтанд манайхан дүнсийсэн хачин царайтай юмнуудтайгаа ирэхэд нь шоолдог. Бид ингэж л ялгардаг юм даа.
Тэнд дээдсийн хүрээлэн гэдэг нь – бизнесийнхэн, банкирууд, холливудын одод, соёлын элит байдаг. Бүгд маш их хөрөнгөтэй, орлоготой. Харин улстөрчид нь бол – зүгээр л хөлсний ажилчид. Тиймээс, тэд ард түмний дунд хутгалдаж явдаг. Тэднийг кафенд сууж байхад нь шууд ялгаж харахад хэцүү. Гаднах төрхөөр нь л ялгана уу гэхээс: тэд бүгд өндөр биетэй, урт саарал, маш тансаг пальтотой, энгийн мөртөө үнэ ихтэй, биенд нь яг таг таарсан костюмтай байдаг агаад хөдөлгөөн нь яарсан сандарсан юмгүй, бусад хүмүүсийнхээс арай л алгуур - буурь суурьтай. Өөр, бусдаас илүү юм байхгүй. Тэд бол бурхад биш – ердөө л төрийн албанд хөлслөгдсөн хүмүүс. Нийгэм тэднийг хөлсөлсөн. Манайд болохоор эсрэгээр, улстөрчид нийгмийг, өөрийнхөө байнга өсөн нэмэгдэх хэрэгцээг хангуулахаар хөлсөлдөг. Манай дээдсийн хүрээлэн бол бизнесийнхэн, банкирууд, одод, соёлын элит огт биш. Манай дээдсийн хүрээлэн бол улстөрчид. Тэдний улстөрчид их сургуулийн эрдэмтэн докторын хэмжээнд амьдардаг, аль аль нь дунд ангийнхан. Тэдэнд дусал нь машины үнэтэй үнэртэй ус, яхт шиг үнэтэй машин ямар ч хамаа байхгүй. Хэрэв тэндхийн улстөрч ийм юм хэрэглэх л юм бол карьер нь тэр дороо төгсгөл болно. Харин Москвагаар нэг төрийн дугаартай “Феррари” давхиж л байдаг, хэн ч юу ч гэхгүй.
Би сайхан юмны тухай ч бас бичмээр л байна, уул нь.  Ядаж л, барууныхныг хэт шүтэгч гэж хэлүүлэхгүйн тулд. Гэвч, одоохондоо юу ч алга. Лав л улстөрчдөд хамаатай юм алга.
Гэрийн даалгавар
Тест № 1
Орос – Японы хэлэлцээр эхний хоёр секундэд л бүтэлгүйтсэн байна, бүр оролцогч талууд ганц ч үг хэлж амжаагүй байхад. Юу болсон бэ?
1.Орчуулагч урихаа мартсан байсан.
2.Зочиддоо “ногоон гэрэл” асаахаа мартсанаас японы төлөөлөгчид түгжрэлд гацсан.
3.Ди- Жей андуураад, Японы төрийн дуулалын оронд Америкийнхийг тавьчихсан.
Зөв хариулт: аль нь ч биш. Маш “энгийн” юм болсон: Японы төлөөлөгчдийн толгойлогчийн зангиа нь үл ялиг хажуу тийш болсон байж, тэгэхээр нь оросын төлөөлөгчдийн толгойлогч тэрийг нь засаж өгөх гэж. Азийн засгийн эрх баригч хүн рүү гараа хүргэж болдоггүй, түүнтэй мэндлэхдээ тэвэрч авч болохгүй, тэр тусмаа үнсэж болохгүй. Түүнд хүрнэ гэдэг нь түүний эрхэм зэргийг доош нь хийгээд зогсохгүй, бүр алж байгаа хэрэг. Тэнд байсан хүмүүсийн яриагаар, эрхэм япон түшээ хойш ухран царай нь хувхай цайсан гэнэ лээ. Тэгэхээр ийм юмны дараа яаж хэлэлцээр амжилттай болох вэ дээ? Япон эрхэмд сэлэм байгаагүй нь л яамай, байсан бол хэрэг яаж ч дуусах байсан юм билээ. Тсуда Санцод бол сэлэм байсан, түүний сэлэмний үлдээсэн сорвийг Николай II хаан насанд туршдаа толгойдоо хадгалж явсан гээд бодохоор... Гэтэл Николай Александрович тэр үед Их Тайж байсан, дээрээс нь тэрээр Тсуда Санцод хуруугаа ч хүргээгүй, ердөө л, эртний Оцу хотын гудамжаар сүйх тэргээр зугаалж явсан. Гэхдээ царай нь буруу илэрхийлэлтэй явж: зочин хүний гаргах ёстой хүндэтгэсэн, талархсан инээмсэглэл тайжийн нүүрэнд байгаагүй аж. Энэ тухай тайж Э.Э. Ухтомский “ Хааны удам залгамжлагч Ханхүү Дорнод аялсан нь, 1890 - 1891” хэмээх аяллын тэмдэглэл номондоо бичсэн байдаг. Ухтомский Ханхүүгийн бараа бологсодын нэг нь байсан бөгөөд аяллын тэмдэглэлийг хөтөлж олонд хүргэх үүрэгтэй явсан байна. Ханхүүгийн энэхүү, Орос орон болон гадаад орноор аялсан аялал нь Ханхүүд болосврол олгох курсын эцсийн хичээл байжээ. Ханхүүг сэлэмдсэн самурайг баривчилж, Японы хаан Микидо уучлал эрж, Кобэ хотын порт руу гурван хөлөг онгоц дүүрэн бэлэг явуулсан байна. Гэвч Николай хаан тэр явдлыг мартахгүй зуусан бөгөөд, Орос улсад “жижигхэн бөгөөд ялалт авчрах дайн” яаралтай хэрэг болоход Японыг сонгосноор манай  бүх зовлон гамшиг эхэлсэн билээ. Ийнхүү, Ханхүү ганц минут биеээ тавируулж, хүний уламжлал ёсыг бүрэн дагаагүйгээс болоод 20 – р зуун “будаа” болжээ. Манай удирдагчдын бүдүүлэг байдал сүүлийн 15 жилд улсад маань хичнээн их хохирол авчирсан бол доо...
Тест № 2
Өндөр зэрэглэлийн хүлээн авалт дээр хоёрдугаар хоолны хажууд том шаазан дийзтэй тунгалаг шингэн юм тавьсан агаад дотор нь хэрчим нимбэг хөвж байх. Энэ юу вэ, үүнийг яавал зохилтой вэ?
1.Энэ бол цай, тэгэхээр уух ёстой.
2.Гар угаах ус, тэгэхээр хуруугаа дүрж угаах ёстой.
3.Япон тунгалаг шөл, тэгэхээр идэх ёстой.
Зөв хариулт: энэ бол тоглоом, тэгэхээр би таныг инээлгэх гэсэн юм. Ер нь бол энэ шингэн юм шөл ч байж болох, яагаад гэвэл Японд шөлийг зоогийн төгсгөлд өгдөг. Нэг удаа миний нүдэн дээр - гэхдээ орос хүн биш – шөлөнд хуруугаа угаах гээд байсан. Дийзэнд ус байж ч болох. Тэгэхээр, хэрэв та аливаа юмыг яахаа мэдэхгүй байгаа бол пауз аваад бусад хүмүүсийн яахыг хүлээсэн нь дээр.
Дагавар сэдэв:
Орос Улс, 1 : 1 масштабаар
1995 он. Миний бие, “Общее дело” шинэхэн төрсөн намын толгойлогч, хот мужуудаар санал цуглуулан явж байв. Ямар нэгэн байдлаар очиж болдог л бол тэр бүх бөглүү газраар орсон. Царцаа ногоон, вездеход гээд есөш шидйин юмаар явж байв. Усть – Илимск, зочид буудал, орой болж байв. Тэндхийн том дарга намайг буугаад ирээч, манай бизнесменүүд уулзъя гэж байна гэв. Зүгээр, энгийн байдлаар уулзъя гэж байна. Таныг машин хүлээж байна. Таны аюулгүй байдлыг би даая, айх юмгүй...
Машинаас буугаад хартал зүрх минь зогсох дөхөв. Лена мөрний эрэг дээр долоон хар “Мерседес – 600” зогсож байв. Нийслэлд ч бас энэ машин үзэгддэг болчихсон байсан л даа, гэхдээ ингэж сүрэг сүргээрээ биш. Машины эзэд гэж ёстой жинхэнэ – э - ээх, би хичнээн гэмгүй амьтныг алсан гэж санана, хичнээнийг цааш нь харуулав даа – царайтай “хүнд гарууд” над руу пээдийн алхав. Нуль мөр, хүзүү, гинж, “Адидас” биеийн тамирын хувцас болсон, жинхэнэ хүнд гарууд:
-Юу байна?... Алив, усан онгоцоор жаахан зугаалах уу?
-У – у – сан онгоцоор оо? Зугаалъя!
Томоо гэгчийн, хов хоосон усан онгоц байв. Зуугаад түшлэгтэй сандал бүхий тавцан. Голд нь – ширээ, ширээн дээр - төмөр хувин, хувин дотор – хэрчсэн түүхий загас, сонгинотой... Хувин руу шил уксус хийснээ, архи гаргаад ирэв, манай гарууд.
-Бид таныг сибирийнхээ хоолоор дайлах гэсэн юм. Энийг “чушь” гэдэг юм...
Архинаасаа стаканд хийгээд надад өгөөд хараад зогсчихов. Хакамада – урагшаа ! Уучихлаа, өнөөх зуушнаас нь амандаа хийлээ. Дахиад хийгээд өглөө. Уулаа, зуушнаас нь идлээ. Эхний хундага – гадас адил, хоёрдахь нь шонхор шувуу адил, гуравдахь нь болжмор адил гэдэг л болов. Хувин чушь, хагас литр архины дараа сайхан болоод ирэв. Усан онгоц маань ч эрэг рүү буцаад ирлээ. “Мерседес”дээ суулгаад тайгаар аваад явлаа. Залуучуудын толгойлогч, 28 орчим настай, намхан пагдгар, өргөн цээжтэй, томоо сорви бүхий барзгар нүүртэй, усть-илимын Жофрей де Пейрак маань Бетховены Тавдугаар симфонийг тавьлаа. Ту – ту – ту – ту... ту – ту – ту – ту... Хувь заяа хаалгыг маань нүдэж байгаа аятай. Яагаад Бетховен гэж? Танай Москвагийнхан чинь сонгодог хөгжим сонсдог гэх чинь лээ, бид юугаараа дутдаг юм? Бид ч бас сонсож байхаар шийдсэн юм. Тэгээд сонсож байгаа юм. Аан, за за. Шийдсэн юм биз дээ, сонсдог юм биз дээ...
-Энэ юу юм? Орон нутгийн музей юм уу? Тайгад музей байхыг ер хараагүй юм байна...
-Үгүй ээ, музей биш. Энэ миний хоёрдахь гэр.
-Нэгдэхь нь хаана байгаан?
-Тайгад байгаа, нэг аж ахуй маань. Авгай хүүхдүүд маань тэнд амьдардаг юм. Алуулчихгуйн тулд.
Жинхэнэ гантиг, алтадсан засал, сахиусан тэнгэртэй унтлагын өрөө, шил толь, уран зураг. Бассейны таазанд томоо гэгч нь эргэдэг телевизор. Бассейндаа сэлэнгээ үзэж байхад их эвтэйхэн юм шиг байна. Сигар татдаг өрөө, ил зуухнууд, номын санд нь – савхин буйдан, хивс - ном л байхгүй. Зарц нь ярзайтал инээмсэглэн кофе авчирч өглөө. Зэ ингээд л хүнд хэцүү яриа эхэллээ дээ. Яадаг нам юм, танай нам? Яагаад чи толгойлдог юм? Тэр Кремльд ер нь юухан болж байна даа? Ельцин хэр ууж байна? Болохоо байж байна уу, гайгүй юу? Бидэнд гийх юм байна уу, үгүй юу? Засаг хэзээнээс бидэнтэй ярилцаж эхлэх гэж байна вэ? Бид бизнесээ уул нь хуулийн дагуу л эрхэлмээр байна, – гэвч бидэнд боломж өгөхгүй байна шүү дээ. Бидний бизнес чинь их буурьтай суурьтай юм шүү дээ, нягтлан бодогчуудтай, менежменттэй – жинхэнэ мэргэжилтнүүд л ажилладаг. Алдаа малдаа гарна ч гэж байхгүй. Яаж ийм болсон гэж үү? Их амархан. Ажилтан алдаа хийлээ гэхэд албаар тэгээгүй байвал – уучилна. Хоёрдахь удаагаа алдаа хийвэл, албаар л биш бол – сануулга өгөөд өнгөрөөнө. Харин гуравдахь удаагаа алдаа гаргавал – устгана. Устгана гэж яадаг юм гэнэ ээ? Тэр л байхгүй юу. Тийм болохоор манай ажилтнууд маш өндөр зэрэглэлийнх байдаг юм. Бид шударгаар ажилламаар байна. Хүүхдүүд маань гадаадад сурдаг, эхнэр хүүхнүүд маань дутах гацах юмгүй сайхан байна. Бид чинь том эзэд шүү дээ, уул нь. Бид улсдаа маш их ашиг тус өгч чадна. Гагцхүү биднийг дээрэмчин хулгайч нар шиг үзэхээ болиоч дээ л гэж хүсч байна. Тэгэж ярьвал Оросод бүгд л хулгайч дээрэмчин шүү дээ, бүгд л ийм замаар эхэлсэн. Одоо бол бид чинь шал өөр, буурьтай бизнесменүүд болчихоод байна, хамгийн сайн боловсон хүчинтэй...
Би асуултуудад нь шууд л богиноор, жинтэйгээр, асуудлын голоор нь хариулж байв. Лекц мекц уншаагүй. Арай гэж бүх асуултанд нь хариулаад, бүх тамхийг нь татаад, конъяк аа – үгүй, баярлалаа, шөнийн хоёр цаг болж байна, нойр хүрээд байна явъя одоо гээд хүргүүлэв.
Зочид буудлынхаа үүдний танхимд Жофрей де Карлеонегийн гарыг атгаад:
-Баярлалаа, маш сонирхолтой байлаа, ийм уулзалт өдөр бүр болохгүй юм даа...
-Тийм ээ, өдөр бүр биш. Гэхдээ...
Тэгээд цааш нь сибирийн загалмайлсан эцэг залуу маань өөрийнхөө хайр дурлал, зовлон жаргал, үхэж үрэгдэгсэд, сүнс сүлд, уналт сэргэлт, баяр гуниг гээд хамаг юмаа уудлан 3 цагийн турш ярьсан гээд бод. Би доороо хөлөө л солихоос, үгийг нь тасалж зүрхэлсэнгүй. 3 цагийн дараа тэрээр:
-Амьдрал аа гэж... ийм л юм байх юм даа. За за баяртай, танд сайн сайхныг хүсье, - гээд явж билээ.
Барууны аль ч оронд ийм юм гарахгүй дээ, яаж ч ард түмний мөр рүү элгэмсэж алгадаад, яаж ч ард түмэн тухайн улстөрчийг шүтэн дэмжээд. Зөвхөн Оросд л байна.
Орос Улсыг хөндлөн гулд туулах эхний хэдэн саруудад би зүүдэлж байгаа юм шиг санагдаад байдаг байсан. Василий Шукшины хийсэн олон ангит зүүд зүүдэлж байгаа юм шиг. Масштабыг ухаарч чадахгүй байсан юм. Дараа нь л ухаарч ойлгож байгаан. Энэ чинь зүүд биш, энэ бол агуу том улс орон юм байна, ямар ч зүүдтэй харьцуулалтгүй гэж. Нээрээ би Шукшины музейг үзсэн юм байна. Зүгээр л зам дээр тааралдахаар нь орчихсон юм. Тэгсэн чинь музейн дарга эмэгтэй над руу өрөөнийхөө хаалгаар шагайгаад хараад байнаа. Шагайж шагайж, ямар ч байсан таниадахлаа. Та Хакамада юу? Та урьдчилж утасдахгүй яагаав? Тэгээд надад зориулан экскурс зохиов... Музейны яг дэргэд замын дагуу жижигхэн хүнсний зах байх. Тариачин эмэгтэйчүүд өргөст хэмх, жимс, ногоо мөөг энэ тэрээ дэлгэн суух. Би ногоо цагаанд их дуртай л даа, доороо ногооны зоорьтой байшинтай болохыг мөрөөддөг юм. Зооринд маань шилтэй даршууд, хэлхээтэй сонгино сармис, торхтой давсалсан өргөст хэмх, алим гээд л... Тэгээд тэдэн рүү дөнгөж дөхтөл эхний авгай намайг зэрвэс харангуутаа:
-Ой, хүүхнүүдээ, хараач ээ, ямар сонин хүн явж байна аа, Хакамада бидэн рүү ирж байна!
Тэгээд шууд л сөгдөх шахан гомдол гуйлтаар дарав. Орон нутгийн засаг захиргаа энэ захыг бидэнд ер тохижуулж өгөхгүй байна, ямар ч тав тухгүй, зай муутай, хүйтэн сэрүүн. Дээр нь цагдаа нар дандаа дарамталдаг. Та л тусалж үзээч, шаардаж өгөөч, хөөцөлдөж өгөөч. Би мэдээж Москвад ирээд тэртээ холын жижигхэн захын төлөө хөөцөлдөж өгсөн л дөө, гэхдээ манай энэ ийм хурдан өөрчлөгдсөн улс орон маань ямар өөрчлөгддөггүй юм бэ гэдгийг л хэлэх гээд байна. Яг л тавь, зуу, хоёрзуун жилийн өмнөх шигээ, москвагийн түшээ ирэхийг л хүлээнэ. Гудамжны гэрлийн чийдэнг солиулах гэж, хогоо зайлуулуулах гэж, дүнзээ засах гэж. Эзнийг ирэхээр л хэлье, эзэн шийдээд өгнө гээд л хүлээгээд байдаг хэвээр.
Мёбиусын мушгиа
Оросод цаг хугацаа далайн давалгаа мэт синусоидоор урсаж байдаг юм билээ. Урал хүртэл нүдэн дээр доош өнхөрнө: 90 – ээд он, 80 – аад он, зарим газраа хэдэн он ч юм бүү мэд. Уралаас цааш болохоор дахиад өгсөөд ирнэ. Тэгээд Владивостокт буцаад- 2005 он. Москвагаас хоёр цаг яваад Рязань хавьцаа Горбачёвын үеийн дискотек руу яваад орчихно: банзан шал, стереоколонк, Юра Шатуновын дуу, охидуудын цүнх тойргийн голд овоолоостой, цэргүүд хавчигнаад л, үсээ хуссан гялаан толгойтой залуус буланд пээдэлзээд л. Хаалган дээр зарлал: “маргааш манай клубд архины хор уршигын тухай лекцтэй”.
Далаад оныг санаад байна уу? Тэгвэл хотын хорооны зочид буудалд морилно уу. Яг хорин жилийн өмнөх шиг, давхар болгонд – жижүүр. Сувилагч шиг цагаан халаттай. Аяга кофе гуйхаар варений шилэнд дүрдэг плиткээр ус буцалгаад, талсттай стаканд кофе найруулаад бариад ирнэ. Явахад өрөөгөө хүлээж авна, ноорхой алчууруудаа бүрэн байна уу гэж шалгана. Нижний Новгородод шил авна гэсэн бүүр шарлачихсан зарлал байж байсан. Тарагны шил – 10 копейк, ундааны шил 12 копейк. Надад ийм шил байсан ч би өгч зүрхлэхгүй ээ – үнэхээрийн авчихвал яахын? Галзуурна биз дээ, тэгвэл?
Харин хувийн зочид буудалд, яг элэгдэж ногоорсон агуу удирдагчийн хөшөөтэй зэрэгцээд, шинэ эдийн засаг галзуурч байх. Энд бол хүрэл усан оргилуур, лавиртай, бордельд байдаг шиг улаан бүтээлэгтэй ор гээд бүх юм нь гял цал. Өглөөний хоол захиалахаар түрдэг ширээн дээр шарсан өндөг, шарсан загас, дийз дүүрэн хар түрс, арваад хэрчим талх, өрөмтэй кофе гээд л өрөөд аваад ирнэ. Юун Санкт – Петербургийн “Ленинград” зочид буудал. Тэнд бол нийтийн хоолны зузаан цагаан тавган дээр 5 ширхэг чанасан өндөг, 5 ширхэг нийтийн хоолны котлет, аяга тараг, томоо хэрчим масло өгдөг гээд бод. Тэгээд 30 евро авна.
Якутад түүхийн хүрд түрүүчийн зууны тал хавьд гацчихсан байв. Гэр дотор алмаз засаад л, түүдэг галаа бөө нь тойрч гүйгээд л. Академийн театрт нь надад зориулсан концерт тоглов. Хөшиг нээгдлээ. Тайзан дээр жижигхэн балконтой япон байшин, балкон дээр нь эндхийн дуурийн од нь япон кимоно өмсчихсөн зогсож байв. Тэгснээ... японоор дуу дуулдгиймдаа!!! Би ч өөрийгөө Ерөнхий нарийн бичгийн дарга /Брежневийг хэлж байна. Орч./ хавьд л мэдэрч суулаа. Харин Карелид очоод би, депутат хүн чинь, өөрийгөө сөрөгхувьсгалч, нууц бүлгэмийн гишүүн мэтээр мэдэрч байв. Ард түмэнтэй ой дотор, партизан маягаар уулзана. Ойн цоорхойд очино. Тэнд мод бэлтгэгч залуучууд гэж бүгдээрээ ханхайсан сайхан залуус хүлээгээд байж байдаг. Ус түлээгээ бэлдчихсэн, стаканаа угаачихсан, өргөст хэмхээ хэрччихсэн, шорлогоо цогон дээр тавьчихсан байж байна. Бүтээлэг, нэг удаагийн таваг бүгд бэлэн. Тэгээд хамт идэж уугаад, унагасан модон дээр сууцгаан амьдрал ахуйгаа ярилцаад – хоп! – ганц секундын дотор бүх юмаа хураагаад, машиндаа суугаад хоёр тийшээ яваад өгч байгаан. Ямар ч ул мөр үлдээхгүй, дарга нартаа сөрөг хүчнийхэнтэй уулзсанаа мэдэгдүүлэхгүй. Карелийнхан надад, хувьсгалаас өмнөх үеийн худалдаачдын болон тариачдын отгуудын зургуудыг үзүүлж байсан. Оросыг хооллоод байж дөнгөх сайхан эзэд байжээ. Гэтэл эднийг буудахыг нь буудаад, цөлөхийг нь цөлөөд байхгүй болгочихсон. Манай түүх эмгэнэлтэй, бас тэнэг. Улс орныг маань агуу болгож чадах юу байна – бүгдийг нь дэс дараалан бид устгаж байсан.
Оросын ард түмний нэг ч мөрөөдөл биелэлээ олж байгаагүй. Оросын бүх түүхийг аваад үзэхэд шүү. Хэзээ ч ард түмэн хөдөлмөрөө хүссэнээрээ үнэлүүлж байгаагүй, цадталаа идэж байгаагүй. Нарийн ярих юм бол, хүссэн хэмжээгээрээ хүүхэд ч гаргаж чаддагүй байсан. Хамгийн энгийн мөрөөдөл – өөрийн гэсэн жижигхэн байшин, өөрийн алга дарам газар, өөрийн машин, өөрийн төмс – бас л биелээгүй. Тийм  болохоор одоо нэг айлд хуваарилсан энэ муу зургаан зуун метр газраа учиргүй дайран хагалж юм ургуулах гэж үхэж байна шүү дээ. Манайд л ийм 600 м2 байж болдог байх. Тордсон жижигхэн ногооны талбайгаас нь бусад хэсэгт нь юу ч ургадаггүй, нэг нэгийгээ цонхоор нь чөлөөтэй харж болохоор шавааралдсан байшингууд. Ийнхүү, ард түмний, засаг захиргаагаар өөрийнхөө, хүн гэдгийн эрхэм зэргийг хүндлүүлж үзэх мөрөөдөл нь ч биелсэнгүй. Хэзээ ч. Цаг үргэлж доромжлуулсаар л өдийг хүргэлээ.
-Зайл, бидэнд чамд өгөх өөр засаглал байхгүй, - доромжлогдож дээрэмдүүлсэн ард түмэнд ингэж хэлнэ.
-За за, байхгүй бол яая гэхэв, - хэмээн ард түмэн зөвшөөрнө – харин ноёд минь битгий уурлаарай, бидэнд өөр бослого байхгүй шүү.
Новосибирскт нэгэн уулзалтын дараа намайг нэг өвгөн рүү аваачив. Хэрэв Шукшин түүний насыг насласан бол яг ийм өвгөн болох байсан байх. Өргөн шанаа, жартгар нүд. Малгайтай, бойтогтой. Бойтогоо даавуугаар ороогоод уяагаар уячихсан, тэр нь бүгд гар хийцийнх. Салхи, нар, жавар, хорвоо дээр байдаг бүх юмаар идээлэгдчихсэн, тэр чигээрээ тэртээ холоос - Эртний Оросоос ирсэн хүн байв. Мөрөндөө ууттай юм үүрчихэж, таяг нь хажууд нь байна бас. Хөөрхий энэ муу бойтогоороо хэдэн бээрийг туулж ирсэн бол доо...
-За, сайн байна уу, охин минь. Би энд чухал юм биччихсэн байгаа, чи дараа нь уншаарай. Харин санаж яваарай: Оросод хуулийн дагуу биш, сэтгэлээрээ амьдрах ёстой юм шүү. Хууль яахав дээ, хүмүүс л зохиодог. Харин тэр зохиодог хүмүүсд ичих нүүр, хүн чанар алга. Тийм болохоор хуулиуд муу болж байна. Сэтгэлтэй, ариун санаатай байх юм бол мөн л ийм хуулиуд гарна. Чи энийг уншаад цааш нь дамжуулаад өгчихөөрэй. За би явалгүй горьгүй... Тэгээд надад шилтэй зөгийн бал атгуулаад алга болоод өгч билээ. Ийм л байна даа ? Гүйгээд л байсан гүйгээд л байсан, би. Яриад л явдаг, яриад л явдаг. Нэг мужаас нөгөө муж руу, нэг хотоос нөгөө хот руу. Гэтэл, өндөр настай тайгын анчин намайг зогсоогоод, энгийн мөртөө үнэн хэрэг дээрээ Оросын гол проблем болчихоод байгаа юмыг хэлдэг байна шүү: сэтгэл алга, хүн чанар алга.
Сүүлийн арван жилд би хаана эс очив доо, юу эс үзэв дээ! Нүүрсний тоос арьсандаа шигтгэчихсэн – скрабдаад ч арилахгүй юм билээ – гэхдээ ангал руу нисч үхээгүй дээ бөөн баяр амьтан Москва руу ирж л байлаа. Уурхайчид намайг доошоо, олборлолтын цэг рүү нь орохыг урьсан юм. Ийм саналаас татгалзах хэн байх юм бэ? Тэгсэн, тэнд нь ёроолгүй ангал дээгүүр нэг муу нарийхан туурьгүй банз тавьсан байв. Гэтэл би чинь аль багаасаа л тэнцвэрээ олохдоо муу, дугуй ч унаж чаддаггүй, 40 – тэйдээ л дугуйн дээр зориглож гарч үзсэн хүн. Яахав, одоо? Орших уу, эс орших уу? Яршиг, буцах уу? Яасан ч үгүй! Би чинь Оросын улстөрч юмуу, үгүй юмуу? Тэгээд дөрвөн хөллөөд мөлхчихсөөн.
Хамаг биеээ хөх няц болгочихсон, өвдөг гэдсээ зулгалчихсан, мөн л амьд байгаадаа учиргүй баярласан амьтан гэртээ ирж л байлаа. Алтайн аглагч нарын саунд орсон нь энэ. Тэд Телецкое нуурын эрэг дээр, вертолетоор л хүрэх бололцоотой бөглүү газар амьдардаг. Хуучны Академгородок – оос ирсэн даяанч нар, хоёулаа шинжлэх ухааны докторууд. Тэд ямар нэгэн фанатизм, элдэв урсгалд автсандаа биш, зүгээр л шинэ цаг үе таалагдаагүй болохоор ийш ирсэн улс. Ойн сахиул хийдэг. Тэдэнд телевизор, радио, цахилгаан байхгүй. Байгаа юм нь гэвэл – түүдэг гал, тогоо, ширүүн урсгалт уулын гол, загасны тор, өөрсдөө барьсан саун. Ийшээ намайг оруулаад зааварчлага өглөө: та ууранд суучихаад - гараад тээр харагдаж байгаа толгой руу гүйгээрэй, тэгээд гол руу ороод хэвтчихээрэй, голын урсгал таныг бидэн рүү аваад ирнэ, бид таныг энд бариад авна...  Тэгээд барьж чадаагүй...
Байж боломгүй есөн шидийн шинэ хувцас чирээд ирж л байлаа. Краснодарын загвар зохион бүтээгч гурван авгай намайг урлан руугаа чирж оруулаад баахан цацаг, долгион, саа болсон хувцаснууд өмсүүлээд зургийг маань аваад байлаа. Дараа нь Хакамада зөвхөн краснодарчуудаар хувцаслуулдаг гээд л хаа сайгүй сайрхахгүй юу. За яах вэ, яахав, Краснодарскад хувцасладаг л болъё, энийг үгүйсгээд явах нь бөөн төвөг.
Урд зүгийнхэн ер нь их жүжигчин, золбоотой хүмүүс байдаг. Оросын Итали гэсэн үг. Зах дээр наймаа хийхэд лангууны төлбөр гэж аймаар авч байна, удахгүй хүүхдүүдээ хооллож ч чадахаа байх нь гээд л, дажгүй амьдралтай шинжтэй авгай уйлна. Гоё цамцаа театрчилсан тоглолтыг санагдуулам байдлаар зад татна. Цог золбоо гэдэг энэ дээ! Гэхдээ оньсого мэт орос сэтгэл энд ч байлгүй яахав? Краснодарт онгоц маань ирлээ. Онгоц газардлаа. Зогслоо. Бид суугаад л байлаа. Цаг суулаа, хоёр цаг суулаа. Онгоцонд бөгчим гэж жигтэйхэн, тэгсэн мөрт хэн ч “гаръя аа” гэж орилохгүй юм. Золбоотой урд зүгийнхний энэ томоотой хүлцэнгүй байдлыг гайхан гайхан харж ханаад би асуулаа: бид яагаад ингээд суугаад байгаан? Онгоцны буудал нь ердөө ганцхан шаттай, оочироо хүлээж байгаа юм гэнэ. 4 цаг суусны эцэст онгоцны шат нь ирж бид нэг юм бууж байгаан. Хоёр цаг хагас ниссэн юм. Гэтэл  Краснодарчуудыг зовоодог, надад тавьж байгаа гол асуулт нь – Курилын арлуудыг яах гэж байна?


Орос Улсыг нэгэн нэгдсэн зураг болгох арга байхгүй. Ийм олон янзын үндэстэн ястан, ийм есөн шидийн соёл, шашин Америкт ч байхгүй. Манай муж бүр, хот бүр өөрийн ааш авир, өөрийн хэмнэл, өөрийн гэрлэн бүрхүүлтэй.
Пирогнууд, сүмүүдийн пөмбөгөр орой бүхий алгуур аажим Вологда. Одоо би, жинхэнэ Вологдын цөцгийн тос ямар байдгийг мэддэг болсон – шар цэцэгтэй гялгар тугалган цаасанд боосон нь. Өөр бусад байдлаар савласан, янз бүрийн гоё хайрцаг энэ тэртэй нь - хуурамч. Надад энэ бүхнийг сүүний үйлдэвийнхэн нь хэлж өгсөн юм, тэгээд манай тараг ч бас маш сайхан шүү дээ, харин нийслэлийнхэн тоохгүй юм гэхээр нь, тэгвэл бифидобактерууд пиг дүүрэн язганаж байгаа гэж бичээд хайрцган дээр нь гоё биетэй хүүхний зураг тавьчих гэж зөвөллөө...
Нижний Новгородын хүмүүс яг л нийслэлийнхэн шиг юм билээ. Боловсорсон бөгөөд нахал маягийн. Яагаад ийм болчихсон юм – ойлгомжгүй. Харин Самара бол их секси. Бүх юм нь гэрэлтсэн, гял цал, нуль мэдрэмж. Иркутск, Томск – сийлбэр бүхий уран яруу, модон хотууд, 19 – р зуунд ороод ирэх шиг л болж байлаа. Иркутскийн зураачдыг нь яана? Юун Сезанн. Түүний хэрэг энд байхгүй. Барнаулд намайг мексик ресторанд оруулж зөндөө дайлаад явахад текила бэлэглэсэн. 3 төрлийн, 25 жил дарсан текила. Би урьд нь Мексикт очихдоо ийм, цуглуулгын текила хайгаад хайгаад олоогүй юм даа? Барнаулд бол – пажааласт, байж л байдаг юм байна!
Ингушетэд эрчүүд нь олны газар явган суугаад их улстөрийг хэлэлцэж байдаг юм билээ. Хөгшчүүл нь тэдэн рүү учиртай харцаар хараад л гудамжны сандал дээр сууж байна. Эмэгтэйчүүд нь хар алчуур зүүх агаад яг л сүүдэр мэт, нэг хашаанаас нөгөө хашаа руу “сүнх сүнх” гээд л, нүдэнд бараг өртөхгүйгээр биеэ авч явна. Гэтэл хөрш Осетид нь болохоор эмэгтэйчүүд нь европ маягаар хувцаслана. Хаа сайгүй – казино. Би багадаа ээжийнхээ талын хамаатнуудаар зочлон энд их ирдэг байсан юм. Терек бол одоо танигдахааргүй болсон байна лээ. Хуучнаараа үлдсэн юм нь- зочломтгой зан ба осети пирог л байна лээ. Их гоё пирог байдаг. Хачапури биш. Унадаг дугуйны дугуй шиг том, дотроо мах юм уу загас, эсвэл ногоотой, нимгэхээн гурилтай, битүү пирог байдаг юм. Энэ пирогноос болж би хүүгээ төрүүлсэн юм даг. Миний нагац эгч Орджоникидзегээс манайд ирэхээрээ дандаа хийдэг байсан юм. Тэр удаад ч ирээд тав зургаан пирог хийгээд галтогооны өрөөнд тавьчихгүй юу. Би есөн сартай гэдэстэй амьтан өрөөнөөсөө гарч ирээд гурвыг нь идчихлээ. Цаг хагасын дараа өвдөөд эхэлсэн, тэгээд дахиад 3 цагийн дараа Данила маань төрсөн юм.
Улан–Удэд танхимд яваад ортол хоёр зуугаад Хакамада намайг угтав. Над шиг үсээ засуулчихсан, тэр аяараа хайр бишрэл бялхсан харцтай эмэгтэйчүүд. Би бүр сандарсан гээч. За Ира минь чи баларчээ, чамаас шашны номлол сонсохыг л хүсч байх шиг байна даа, гэтэл чи энэ талаар маруухан шүү дээ... Тэдэнд миний хөтөлбөр мөтөлбөр ер падгүй байв. Хамгийн гол нь би тэдэнтэй адилхан, тэд надтай адилхан, тэгсэн мөртөө би тээр дээр, том эрчүүдтэй хамт дэлхийг захирч байгаа, тэгээд, эртний үлгэр домгуудад дурьдагдсан бүхий л шинж тэмдгээр чухам би л өнөөх хойт зүгээс ирж буриадуудыг жаргаах ёстой дорнын нүдтэй хатан хаан болж таарч байгаа юм байх. Би хэдий сэтгэл уярсан ч, Буриадын ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэх хүндтэй үүргийг нь хүлээж авч чадсангүй, татгалзлаа.
Ардын аман зохиолын баатар болно гэдэг ч арай л сэрүүдсэн хэрэг, харин намайг хот хүрээ газраас ирсэн домогт, физик бус биет гэж боддог бололтой, энгийн хүмүүсээс тэс өөр, элдэв физиологийн шаардлага байх ёсгүй гэсэн бодол хаана л бол хаана тааралддаг байв. Мэдэхгүй, энэ юутай холбоотой байдаг юм. Өндөр албан тушаалтныг үхэн хатан шүтэх үзэлтэй нь холбоотой байдаг юм уу, эсвэл ерөөс юу ч боддоггүйтэй нь холбоотой юм уу, бүү мэд. Аль аль нь л байдаг байх. Нэгэн “улаан бүсийн” (“коммунист” хот. Орч.) хотод намайг зангиатай эрчүүд онгоцны шатан дээрээс бүслэж аваад, тэр чигээрээ нэг газраас нөгөө газар руу, нэг дээд сургуулиас нөгөө рүү, нэг факультетээс нөгөө рүү, нэг танхимаас нөгөө рүү авч явж байв. Нэг дээд сургуулийн коридорт би арай гэж бүслэлтээс мултраад “00” хайгаад гүйчихэв. Өөрийн совин болон хамарныхаа тусламжтайгаар олсон л доо, уул нь. Тэгээд, дээд боловсролын системийн төсвийг нэмэгдүүлэх чухал шаардлага байгааг ойлгов: бүх бүхээгнүүд нь хаалга байдаггүй ээ. “Олны танил улстөрч горшокон дээр” хэмээх үзүүлбэр үзүүлж олон нийтийг баясгаж арай зүрхэлсэнгүй. Хоёр цагийн дараа, мужийн амбан захирагчийн өрөөний босгыг алхаж байхдаа би хаалгагүй “00” – ийг давашгүй даваа гэж бодохоо больсон байв. Ганц минут шараа болно л биз, дараа нь ямар жаргал ирэх билээ гээд. Амбан захирагчыг надтай мэндлэхэд нь би хариу амаа нээхэд бүгд чимээгүй болон над руу харав.
-Танай энд... гараа угаачих газар байхгүй биз?, - гээд би амаа хаав.
Амбан захирагч сэрдхийв. Тэгээд хамгаалагч нартаа дохив: дагуулаад яв. Хамгаалагч нар намайг дагуулаад явав. За одоо, хүндэт “знатоки” минь, анхаараарай - асуулт: Хэрэв тэр цагаас хойш Ирина Хакамада хүсч байгаагаа, тэр дундаа улстөрийн хүслээ элдэв тойруулга болон уран халилгүйгээр, яг байгаагаар нь, тов тодорхой хэлдэг болсон бол, хамгаалагчид Ирина Хакамадаг хааш нь аваачсан бэ? Яг зөв, буфет рүү, крант руу. Тэнд нь өөр хэрэгцээт сантехник мэдээж байсангүй.
Ой, Халимагийг яана гээч! Европ тив дэх цорын ганц буддын шашинт орон. Нэн ядуу байдал нь хээр талд барьсан, алтан Будда бүхий хийдүүдтэйгээ зэрэгцээд л байж байна. Сүрлэг харагдана гэж жигтэйхэн. Ард түмэн нь бурхандаа мөргөсан сайхан тайван улсууд. Ерөнхийлөгч нь - Буддагийн жанжин сайд. Түүний хөрөг хаа л бол хаана харагдана. Тэрээр өөрийнхөө босоо засаглалыг агуу хаант улсуудын жишгээр байгуулсан аж. Байгуулсаар байгаад байгуулчихаж. Оросын ардчилал хэмээх галт уулын тогоон дотор нэг тийм чимээгүй, энх тайванч, элгэмсэг, дундаж зууны хаант улс босчихож. Дуулгавартай албатуудтай, элбэрэлт – зальжиндуу шадаруудтай. Би ерөнхийлэгчийнх нь хайртай “хүүхэд” болох шатрын хотхонд нь очсон юм. Эндхийн тансаг коттежуудад хөдөлмөрчид ердөө хэдхэн копейк төлөөд амарч байдаг гэж яриад байсан болохоор нь ийш тийш зөндөө харлаа, нэг ч ард түмэн харагддаггүй.
-Ард түмэн чинь хаана байгаа юм?
-Үгүй, унтаж л байхгүй юу.
-Үгүй, энэ чинь өдөр талдаа орчихсон байна шүү дээ.
-Үгүй, дорнын ард түмэн шүү дээ, сэрэх болоогүй л байхгүй юу.
Татарстанаар явж байхад – тоосгон байшингууд, өндөр хашаанууд, сайхан замнууд. Машин донслоод эхэлвэл – Чувашид ороод ирчихсэн байна гэсэн үг. Татарууд бол мусульман шашинт хятадууд л гэсэн үг – үүр цайхаас үүр цайх хүртэл язганаад л байдаг. Харин хөрш чувашууд нь болохоор хэнэггүй оросууд шиг. Яг тийм “шүгэл” зантай. Өөрсдийнхөө энэ хэнэггүй зангийнхаа тухай онигоонуудыг дуртай нь аргагүй ярина: Чуваши хүнээс асуужээ – “яагаад татарууд баян амьдарч байхад чувашууд ядуу байдгийн? Яагаад гэвэл татарууд сонгино тарьж зардаг юм. Үгүй тэгвэл та нар ч гэсэн тарихад яадаг юм? Хм, тэр муу сонгиноор яах юм?”
Чувашийн номертой машинтай Татарстан руу орох хэрэггүй. Бид, урдаа дохиололтой цагдаагийн машинтай явсан мөртөө, арай гэж явж байсан юмдаг. Урдуур дайраад Чувашийн цагдаагийн машиныг тоох ч үгүй. Чувашийн замын цагдаа? Бид нарт хамаа байхгүй ээ. Энд бид эзэд нь. Ер нь энэ хөдөөний, өөрсдийгөө дөвийлгөсөн зан хаа саагүй байдаг юм билээ. “Колумб Америкийг нээж байх үеээр чуваши хүн (татар, халимаг, чукча гэх мэт) аль хэдийн, эрэг дээр дэгээгээ шидчихсэн загас бариад сууж байсан юм” гэж л ярина. Хаанахын ч орон нутгийн судлаач эрдэмтэн, хүн төрөлхтөн чухам энд л үүссэн хэмээн батлана. А. С. Пушкин хушуу хотуудын бараг тэн хагаст нь хоноглож явсан гэдэг. Түүний цуглуулсан сэтгэгдлийн ул мөрүүдийг бараг бүх зохиолоос нь олж болно. Хаа саагүй олон улсын онгоцны буудал барих тэмцэл явагдах. Жижигхэн байсан ч яахав, хоёрхон онгоцных байсан ч яахав, хамгийн гол нь олон улсын байх хэрэгтэй... Бас бүх хотод өөрийн ипатьевийн подвал байх. (Оросын сүүлчийн хааны гэр бүлийг буудаж хороосон подвал, Екатеринбург. Орч.) Өөрийн шидэт рашаан, өөрийн, бусдаас тасархай архи... Дашрамд хэлэхэд, оросуудыг архичин гэх олон улсыг дамнасан домог надад маш шударга бус, гомдолтой санагдаад байдаг юм. Бүгд л, гурваас олуулаа цуглахаараа орилж хөхрөлдөн, чих дөжирч толгой өвдтөл амандаа “чулуу өнхрүүлэх” америкчуудаас авахуулаад шалан дээр унатлаа шар айраг гудардаг германууд хүртэл өөрсдийгөө сурвалжит язгууртан, харин оросууд бол харц нар, архи долоодог ноход гэж үздэг. Намайг гадаадад явж байхад байнга: та юу уух уу, архи уу? - гэж асуудаг. Би дандаа л татгалздаг. Тэгэхээр, эхлээд гайхсанаа, дараа нь ойлголооо гэсэн байдлаар толгойгоо дохиод: а, зөв зөв, хэтрүүлж байгаад хаширсан уу? – гэнэ. Үгүй ээ, би ер нь уудаггүй гэхээр “яг шдээ” гэсэн байртай инээмсэглэнэ.
Би нэг удаа германы онгоцоор Франкфуртаас Москва руу өглөөний 7 цагт ниссэн юм. Миний хажууд нэг немц сууж байв. Тэрээр шууд л хоёр хундага коньяк захиалаад, дараа нь 4 хундага дарсаар даруулаад уучихав. Тэгснээ вискигээр үргэлжлүүлэв. Онгоцны үйлчлэгч авчирч өгөөд л байв.  Нэлээн ууж байгаад немц эр нэг сайн хэхэрч аваад тасраад уначихав. Түүнээс ямар үнэр гарч байсныг бүгд төсөөлөх биз... Харин бас нэг удаа намайг өглөө эрт нисч байхад манай хоёр орос далайчин Суданаас буцаж байхтай нь таарлаа. Нэлээд ядарчихсан, нүүр ам нь салхинд түлэгдчихсэн хоёр маань үйлчлэгчээс архи авчирч өгөхийг хүсэхэд: “Архи аа? Өглөөний 7 цагт уу даа???” гэснээ “Энэ оросууд, ёстой нээрээ...” гэсэн байдалтай, жигшсэн ярвайсан царай гарган захиалгыг нь биелүүлж байгаа юм.
Петербург бол огт өөр улс шиг юм билээ. Питерчүүд япончууд шиг ёсорхуу, хүмүүжилтэй, хаалттай улс. Москвагийхан, хэрэв та түүнд таалагддаг бол хүрч ирээд  гарын үсгээ өгөөч гээд л авдаг. Питерт бол хэзээ ч үгүй. Москвад намайг танингуутаа хүмүүс сонирхон хардаг. Питерт бол эсрэгээр - харцаа буруулна. Орцыг подъезд биш парадная, батон талхыг булка гэх юм бол та “өөрийн хүн” болоод ирнэ. Би үүнд үнэмшихгүй, москвагийнхаараа яриад байлаа. Тэгээд аргагүйн эрхэнд нэгэн уулзалт дээр питерийнхээр “парадная” гээд хэлтэл, нээрээ л, тэр дороо уур амьсгал өөрчлөгдөөд ирсэн шүү.
Нэг удаа би питерийн хэвлэлийн нарийн бичигтэйгээ “Саквояж” рестораныг хайгаад явж байлаа. Малая Конюшенная гудамж оройн 10 цагт огт хүнгүй байх юм. Энэ гудамжийг Хуучин Арбат шиг явган хүний гудамж болгож тохижуулсан боловч ийшээ хүмүүс ирж зугаалдаггүй юм байна, учир нь гудамжны нэг үзүүр нь таг мухар аж. Орц – параднаянуудынх нь хаалгыг татаж үзээд, аркнууд руу нь шагайгаад, “худаг”-нууд руу нь шумбаад – байдаггүй ээ, тэр “Саквояж” нь. Асууя гэтэл хүн байхгүй. Тэгсэн ашгүй нэг залуу цонх угаагаад зогсож байв. Дуудсан чинь эргэн харж сэрдхийснээ, а, энэ байтугай л юм харж байсан юм чинь гэсэн юм бувтнаснаа цонхоо үргэлжлүүлэн арчив. Намайг хий үзэгдэл байна гэж бодож. Петербург – тэр чигээрээ ийм. Ер бусын, сэтгэл булаасан хот.
Нарьян- Март, буга үржүүлэгч болон багш нараар пиг дүүрсэн клубт би өөрийгөө зүүдэлж байна уу даа гэж бодсон шүү. Энгийн, байдаг л юм болох байх гэж бодож байсан чинь, 10 минутын дараа би хаана байгаагаа ойлгохоо байчихав. Би чинь хаана байна аа? Газрын мухарт уу, аль эсвэл засгийн газрын шинжээчдийн зөвөлгөөн дээр үү? – гээд. Москва бол Оросын цорын ганц соёлтон мэдлэгтний хот биш шүү дээ. Огт үгүй. Цасанд дарагдсан жижигхэн ийм хотуудад ер бусын ухаантай хүмүүс амьдардаг юм билээ. Тэд юм бодох зав зай ихтэй, тийм болохоор бодож сэтгэж суудаг аж. Тэднээс зуун жилийнхээ цэнэгийг аваад буцах шиг болдог юм. Оросын хаан ширээг залгамжлагчдын боловсролын хөтөлбөр нь улс орноороо аялах аялалаар дуусдаг байсан нь ч учиртай. Нэг захаас нь нөгөө зах хүртэл. Тийшээ 3 сар - буцаад 3 сар. Мэдээж шилмэл морьдтой, тохилог сүйх тэргээр явна л даа. Гэхдээ өнөөх л орос замуудаар, өнөөх л цасан шуурга, шавар шавхайгаар л явна шүү дээ. Яах гэж? Яах гэж хагас жилжингээ - зүгээр нэг удам угсаагүй депутатыг биш – хамгийн үнэ цэнэтэй хүнээ ингэж зовоож байсан юм? Түүнд санал цуглуулах, эсвэл хаан болоход тэнцэх үгүйгээ шүүлгэх хэрэгцээ байхгүй, зүгээр л төрөлх эрхээрээ энэ улсын эзэн болсон хүн шүү дээ? Яах гэж? Мэдрүүлэх л гэж тэр!
Би хэрхэн Мамба авхай болсон бэ
Тэр, томчуудын дундаа ч ховорхон, өөдгүй, ичих нүүрээ элгэндээ наасан хүүхэн байсан юм. Аргагүй шүү ээ, удам нь тийм юм хойно: эцэг нь – тагнуулч, авга ах нь – тагнуулч, ах нь – тагнуулч, эх нь – тагнуулч биш, гэхдээ еврей, тэгэхээр ойлгомжтой. Хормой султай, лесби талын юм бас байсан. Эрийгээ ашигласны дараа толгойг нь тас хазаж алдаг аалзтай ижил: тоймгүй олон нөхрийнхөө нэгийг эм тариаг нь өгөхгүй байлгасаар үхүүлсэн. Нууц амрагуудынх нь нэр тодорхой бус байдаг нь бас л эвгүй сэтгэгдэл төрүүлнэ. Клязьма гол болон Рублевскийн зам дагуух олон гектар ой модыг эзэмшдэг байсныгаа бүгдийг нь хядаад орд харшууд барьж зарсан. Шунал нь хязгааргүй тул жоохон гэж голохгүй. Жишээ нь, Хургадын онгоцны буудал дээр нутаг нэгтнүүдээ хуурч, онгоцонд бензин нэмж хийх нэрийдлээр сүүлчийн мөнгийг нь цуглуулж хамаад, дьюти – фри ороод өөртөө үнэртэй ус авчихаж байсан гээд бод. Тэтгэврийнхнийг бүгдийг нь устгахыг мөрөөддөг байсан. Шөнийн дискотекуудаар явж залуучуудыг уургалдаг байсан. Шилэн харшид амьдардаг байсан. Түүний нэрийг Ирина Хакамада гэдэг байсан (өргөлт нь сүүлийн үе дээр).
Шар (одоо бол цагийн эрхээр ч шарлачихсан байгаа) сониноос, миний тухай цуглуулах юм бол ийм л дүр төрх гарч ирнэ. “Кимонотой Кремль буюу Мамба авхай” триллерийн бэлэн баатар байгаа биз? Караулов, эсвэл Доценкогийн ач гуч нь энэ кинозохиолыг бичих биз. Өөрсдөө ч бичиж магад – брендүүд ямар үхэх биш. Улстөрийн каръерынхаа эхэнд өөрийнхөө тухай гүтгэлэг уншаад учиргүй нервтэж тайвшруулах эм ууж, залруулга хийхийг шаардан хэрүүл хийдэг байж билээ. Дараа нь харин тоохоо больсон. Түмэн сонины эсрэг би ганцаараа яах вэ дээ. Тэр тоолон нервтээд хэрүүл хийгээд гүйгээд байвал чөрийж үрчийсэн аашны тулам болчихно шүү дээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд гэдэг бол терроризм л гэсэн үг, тэдэнтэй шударгаар тэмцэлдээд ялна гэж байхгүй. Хаана юу  дэлбэрэхийг урьдчилан тооцоолох аргагүй. Гарынх болгоод - ашиггүй. Өнөөдөр либерал үзэлтэй сонин, телевиз байснаа маргааш эзэн нь солигдлоо гэхэд - үзэл хандлагатайгаа тэр аяараа өөрчлөгдчихнө. Хүүхнийг хэн хооллоно – тэр нь авч бүжиглэнэ.
Гэхдээ хэвлэл мэдээллийнхнийг дийлэн саармагжуулах арга байна аа. Гол арга нь – тэднээс түрүүлж мэдээлэх: шкафныхаа хаалгыг өөрөө онгойлгоод, нуусан байсан араг ясаа гаргаж ирээд хаа хамаагүй бүх хүмүүст залхтал нь үзүүлэх. Миний эцэг япон, коммунист хүн гэдгийг тоть шиг давтаж ирсний хүчинд миний намтрын энэ хэсэг одоо хэний ч цусыг хөөргөхөө больчихсон. Бас нэг жишээ: 2002 оны зун, сонгуулийн жил, Немцов сандарсан амьтан утасдаж байна:
-Би намаа баллачихлаа!... Өөр хүүхэн!...Өөр хүүхнээс 2 хүүхэдтэй!... Сэтгүүлчид шиншилчихэж!... Сонгогчид уучлахгүй! ...
Нэг үгээр хэлэхэд, бүх юм өнгөрлөө, гипсийг нь маргааш авна гэж байна гэдэг л болов. Бушуухан нэг шар сонинд очиж ярилцлага өг гэж би зөвөллөө. Тийм ээ, би нүгэл хийсэн, гэхдээ хайртай болохоор ингэчихлээ, - гээд ярь. Ямар ч орос хүний хувьд хайр бүхнийг зөвтгөдөг шүү дээ. Тэгээд ч үнэн биз дээ, чиний хайртай гэдэг чинь? Үнээн. Хүүхдүүддээ хайртай юу чи? Хайртай. Бүгдээрэнд нь хайртай юу? Бүгдээрэнд нь хайртай. Хүүхдүүдийнхээ ээжүүдэд нь хайртай юу? Хайртай. Бүгдээрэнд нь үү? Бүгдээрэнд нь. Тэгвэл тэгээд – урагшаа! Немцов миний үгэнд орсон, түүний нэр хүнд, рейтинг энэ удаад унаагүй, ямар нэгэн сенсаац үүсч чадалгүй унтарсан юмдаг.
Манайхан ер нь олон түмний өмнө буруугаа хүлээж байгаа хүнд их дуртай байдаг. Тайзан дээр гараад, бүсэлхийгээрээ мэхийгээд “Сайн санаат хүмүүс минь, намайг уучлаарай”, - гээд гуйх л юм бол боллоо – уучилна гэдэгт эргэлзээд хэрэггүй. Яагаад гэвэл, нэгдүгээрт, манайхан үнэхээр сайхан элгэмсүү улсууд, хоёрдугаарт, хүний нүгэл, алдаа дутагдлыг уучилчихад болохгүй нь юу байхав дээ, ер нь ? Өөрийгөө уужим сэтгэлт бурхан юм шиг хальт санах гоё шүү дээ. Тэгээд ч, ямар хажуугийн орцны Вася ах биш, “том хүн” уучлал гуйж байхад? Хөөрхий минь, надтай ижилхэн л нүгэлтэй, сулхан амьтан байна шүү дээ, - гээд хайлаад ирдэг байхгүй юу. Тэгээд ч, манайхан чинь бас, ил тод байдлыг ёс суртхуунтай андуураад байдаг юм чинь. Хулгай хийдэггүй хүн шударга биш, харин хулгай хийж байгаагаа нуудаггүй хүн шударгад тооцогддог болчихоод байна. Хэргээ хүлээ – тэгвэл чамд итгэнэ. Хэргээ хүлээ – тэгвэл чамайг шударга, ёс журамтай хүн гээд чиний төлөө саналаа өгнө. Хүлээх хэрэг байхгүй ээ? Одоо яахав дээ, битгий гомдоорой, чамайг бүх юманд хардана, тэгвэл. Тийм болохоор манай улстөрчид үе үе ямар нэгэн хэрэг хүлээж, уучлал гуйж байхад буруутахгүй. Сонгогч олонтойгоо дотнын харьцаагаа алдахгуйн тулд.
Ярилцлагыг илтгэлтэй хутгахаа больж, сэтгүүлчдэд маш тодорхой түлхүүр санаа болон маш тод өгүүлбэр хэрэгтэй байдаг байна, олон таван бодрол бол хэрэггүй байдаг юм байна гэж ойлгосноосоо хойш сониныхонтой дажгүй ойлголцдог болсон, би. Бүтэн цагжин, хүмүүст үгээ хэлэх, дээш хүргэх боломж хомс байна, энэ эрх чөлөө улам хумигдаж байна гэдгийг яриад төгсгөлд нь телевиз ард түмнийг зомби болгож байна, шар хэвлэлүүд ёс суртхууны ДОХ тарааж байна, телевизээ унтраая, шар хэвлэлийг худалдаж авахгүй байя гэж уриалахад – бүх сэтгүүлчид сүүлийн уриаг бичээд авчихсан, харин урьд нь ярьсан, үгийн эрх чөлөөний тухай хэн ч бичиж аваагүй байдаг байхгүй юу!

Хайч, чулуу, цаас
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс хамгийн хорлонтой нь - телевиз.  Түүний гол багаж хэрэгсэл, зэвсэг нь – дүрс. Үзэсгэлэнт бүсгүйг – аймшгийн шулмас, ухаантай хүнийг – тэнэг мал болгож дүрслэх түм буман арга байдаг. Хүний нүүрний доод хэсэг нь кадрыг дүүргэсэн байдлаар харуулах юм бол тэр хүний юу ярьж байгааг хэн ч сонсохгүй: үзэгч тэр хүний амны хөдөлгөөнийг ажина, аман доторх араа шүднүүд нь ямархуу юм байна гэж сонирхоно, арьсны нь нүх сүв, сэвх толбо, батга гэх мэтийг нь шинжинэ. Ерөнхийлөгчийн нүүр царайг хэзээ ч ингэж томруулахгүй, ярьж байгааг нь тэгэж дүрсээр алахгүй, яг л дундаж байдлаар харуулдаг. Невзоровын суваг намайг доод цэгээс харуулах гээд л зүтгээд байсан. Оператор нь явган суугаад, бараг л шалан дээр хэвтэх нь холгүй. Миний хэвлэлийн нарийн бичиг байн байн гүйж гарч ирэн зураглалын цэгээ солиоч ээ гэж орилоод л. Харин тэд огт тоохгүй, оператор хөл доор минь хөглөрсөн хэвээр л байлаа. Мэргэжлийн хэллэгээр үүнийг “хөшөөний поз” гэдэг бөгөөд чулуун мангасын дүр гаргахдаа хэрэглэдэг.
Ямар нэгэн мэдэгдэл, амлалт, илчлэлт хийж байгаа хүнд итгэх үзэгчдийн итгэлийг сулруулахын тулд камераа тэр хүнээс арай дээхэн цэгт барина. Энэ тохиолдолд өнөөх мэдэгдэл, амлалт, илчлэлт хийж байгаа хүний харц доороос дээшээ, өөрөөр хэлбэл духаараа харж байгаагаар харагдана. Түүний царай мянга үнэмшилтэй, дуу хоолой нь түмэн хүчтэй байгаад нэмэр байхгүй, үзэгчдэд сөрөг сэтгэгдэл л төрнө. Бас, үзэгчдэд хүрэх үгний хүчийг сулруулахын тулд хамгийн чухал хэсгүүд дээр нь үг хэлэгчийн царайг бус, танхим дахь хүмүүсийг, гадаа байгаа бол орчин тойрныг харуулдаг. Мэдээж, үзэгчдийн анхаарал шинэ дүрс рүү шилжинэ, нөгөө хүний үг ярианы өгөөж сулрана. Дараагийн нэг арга нь үг хэлж байгаа хүнийг кадрын зүүн хэсэгт байрлуулах. Энэ тохиолдолд “телевиз доторх” хүн үзэгчийн зүрхний эсрэг талд байх тул тэрээр үзэгч тавгүй байдалд орж, өөрийгөө хамгаалах хүсэл нь өөрийн эрхгүй төрдөг, 25 дахь кадрын ч хэрэг байхгүй. Үгийг нь үзэгчдэд сайтар хүргэх шаардлагатай хүмүүсийг кадрын яг голд байрлуулж харуулдаг. Ерөнхийлөгчийн үг, шашны номлол, мөн Глеб Павловский, Михаил Леонтьев мэт нь бас гол байрлалыг эзлэнэ.
Телевизэд бас нэгэн онцгой эрх байдаг, тэд тэр эрхээ харин ч нэг ашигласан шиг ашигладаг юм. Сонинд ярилцлага өгөхөд сонины редакц ярилцлагыг нийтлэхийнхээ өмнө заавал эзэнд нь үзүүлж гарын үсгийг нь авах ёстой байдаг бол телевизэд ингэх алба байхгүй, тэд авсан дүрсээ шууд үзүүлэх эрхтэй. Мэдээжийн хэрэг, үнэн баримтыг үзүүлж байгаа юм чинь урьдчилж гарын үсэг авч яах юм? Энэ хүн, харсаар байтал, өөрөө, сайн дураараа өөрийнхөө үгийг хэлж байгаа биз дээ? Яахав дээ, монтажлахдаа ганц нэг юм хасчихсан л байгаа биз, танаж хасаад үлдсэн юмыг нь эвлүүлэхэд ярьж байгаа нь яллах биш, хамгаалах шинжтэй сонсогдож л байгаа биз, эсвэл шал утгагүй, юу ч биш юм яриад л байгаа биз. Кадрын залгаасуудыг л нарийн хийчихвэл тэгээд боллоо шд ээ, болохгүй бол залгаасууд дээр өөр сонирхолтой дүрсийг тод томруунаар оруулчихна. Жишээ нь, нэг хүн улс орондоо өөрчлөлт хийнэ, хөгжүүлнэ, үүнд би  хамаг хүчээ дайчлан ажиллана гээд л ярьж байхад нь, камер – май чи - өмднийх нь шуумаг дороос цухуйж байгаа өвөө маркийн дотуур өмдийг нь томруулж ирээд л харуулчихна. Өвөө минь, тэгэс гээд зогсч үз, таны өөрчлөлт хийдэг гэж юу байх вэ, харьж пийшин дээрээ хэвтээд бурхан, сэтгэл санаа энэ тэрээ бодоод л сууж бай...
Телевиз дээр нэг секунд ч биеэ тавируулж болохгүй. Болгоомжгүй хөдөлгөөн бүрийг чинь анаж байгаад, хачин юм болгоод харуулчихна. Амьдрал дээр бид хэн нэгний хамраа маажих, цамцан дээрээ наалдсан үсийг авч хаях зэргийг огт анзаардаггүй. Харин ТВ нэвтрүүлэг дээр би ганц удаа хувцсан дээрээсээ юм аваад хаячихвал дараа нь монтажлаад нэвтрүүлгийн турш хувцасны минь хогийг түүлгээд, мэдрэлийн гажигтай амьтан болгоод харуулчихна. Парламентыг дээрээс нь нууц камераар их авдаг юм. Депутат унтлаа л бол баримтжуулаад эфирээр цацчихна. Ард түмэн хөхрөх нь хөхрөг, уурлах нь уурлаг. Өөрсдөө өдөржингөө хууль сонсоод суугаад үзээсэй? Ихэнх нь өөрийн чинь эрхэлдэг салбарт ямар ч хамаагүй хуулиуд шүү дээ. Тэгээд л хөөрхийс, тасарчихдаг байхгүй юу. Ер нь тэгээд хэнийг шоолоод байгаа юм бэ? Өөрсдийгөө л шоолоод байна шүү дээ. Сэтгүүлчдийн буянаар манай парламент гэж “Аншлаг” нэвтрүүлгийн салбар болоод хувирчих юм. Байнга л хоорондоо зодолдсон, хэрэлдсэн, эвшээсэн, хамраа ухсан хэдэн мангар алиалагчийн цугларал болтой... Парламент сэтгүүлчдэд нээлттэй байдаг болохоор л ийм инээдтэй харагдаад байдаг юм. Цагаан Ордонд хамраа ухаж байгааг бол хэн ч харж чадахгүй. Тийшээ ороход зөвшөөрөл авна, яг регламентын дагуу бүх юмыг хийнэ: жагсаж орж ирээд, командын дагуу камераа асаагаад, командын дагуу камераа унтраагаад, жагсаалаараа буцаж гараад... – баяртай. Буруу юмны зургийг авбал, эсвэл буруугаар авсан байвал маргааш нь та ч, тэр зураглаач ч, тэр редактор ч бүгд ажилгүй болох юм чинь. Тэр байтугай, зөв өнцгийг олж зургаа авч чадаагүй, гэрлээ төгс тааруулагүй гэх зэргийн хавьгүй жижиг юмнаас болж ажлаас нь халдаг гээд бод. Кремлийн хашаа бол бүр өндөр, хүмүүсийн хамар доторхи нь бүр илүү нууц.
Аз болоход, би дээд сургуульд багшилж байсан цагаасаа нүдээ нээлттэй чигээр нь унтаж чаддаг юм. Энэ маань л намайг парламентад авардаг байлаа. Хааяаа хэдэн минут дугхийхээр, хөдөлгөөнгүй болсон харц маань намайг харин ч бодлогоширонгуй болгож харагдуулдаг. Харин би нэг, тэмцээд тэмцээд өөрийгөө дийлдэггүй зуршилтай: дэндүү уйтгартай болоод ирвэл тонгойгоод хумсаа үзээд суучихдаг. Тонгойсноос - хацар маань унжаад, дүнсгэр хөгшин царайтай болчихдог. Санаад, бушуухан толгойгоо өргөхөд – оператор сэтгэл нь ханасан царайлчихсан, аль хэдийн дурангаа надаас зайлууж байдаг юм.
Баруунд бол олны танил хүмүүсийн хөдөлгөөн бүр нь нарийн бэлтгэгдсэн байдаг. Тэд нэвтрүүлэгт орохдоо хэзээ ч царайгаараа сэтгүүлч рүү, харин камер руу хажуугаараа суухгүй . Энэ тохиолдолд кадраас агаар сорогдсон мэт, хүн цаасан дүрс шиг хавтгай болчихдог. Камер руу заавал нүүрээ харуулж сууна, гэхдээ яльгүй хажуу талаараа. Тэд хэзээ ч өөрийгөө хоёр хөтлөгчийн голд чихүүлэхгүй, уяатай адуу шиг толгойгоо хоёр тийш хаялахгүйн тулд. 1992 онд, оросын залуу улстөрч биднийг америкийн улстөрийн технологичид сургаж байхдаа давтаж ханадаггүй байж билээ: “Сэтгүүлч танаас юугаа асуух нь огт хамаагүй. Та сэтгүүлчийн хүслийг хангах гэж нэвтрүүлэгт оролцоогүй, тэр шулганаж л байг. Та - сая сая үзэгчтэй уулзах гэж л орж байгаа. Тэр сая сая үзэгч тухайн мөчид хоолоо идэж ч байгаа, хэрэлдэж, үнсэлцэж, архидаж, утсаар чалчиж, аяга тавгаа угааж ч байгаа. Тийм болохоор телевизээр учиргүй ухаалаг, философи юм ярьж огт хэрэггүй, нэг удаад нэг л санаа байхад хангалттай, санаа биш зүгээр нэг, үзэгчийн тархинд гүн хадагдахаар хэллэг байвал бүр сайн”.
Үнэхээр, телевизээр чи юу ч ярьж байсан бараг хамаагүй, хамгийн гол нь үзэгчдэд өгөх сэтгэгдэл юм билээ. Дээр үед, Америкт ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн халз ярилцлага зохиогдож эхэлж байж. Кенниди Никсоны эсрэг. Халз ярилцлагуудыг радио телевизээр дамжуулаад, тэдний рейтингийг хянаж. Кеннедигийн борлосон биеэнд нь нүдний нь өнгөтэй зохицсон тод цэнхэр цамц өмсгөв. Дэлгэцэн дээр тэрээр тэр чигээрээ Америкийн мөрөөдөл болон харагдаж байв: борлосон царайтай төгөлдөр сайхан, амжилтыг атгасан залуу. Харин Никсон бол маш их ухаантай ч, Кеннидигээс нэлээд ахимаг настай, мөн дэлгэцэн дээр нэг их сайхан харагдах увидас түүнд байсангүй. Телевиз үзэгчдийн саналаар Кеннеди маш хол тасран ялж, харин радио үзэгчдийн дийлэнх нь Никсонд саналаа өгч байсан билээ. Дүрс, дууг хаанаа ч дагуулахгүй ялдаг гэдгийг би ч гэсэн өөрийн туршлагаар мэдэрсэн юм.
1993 онд Москвагийн дүүргүүдэд кабелийн телевиз би болчихсон байлаа. Миний сонгуулийн штаб орехово – борисовын студитэй гэрээ хийв. Нэвтрүүлэг шууд байдлаар, маш энгийн зохиомжтойгоор явдаг байв. Эхлээд би, өөрийн хөтөлбөрөө үзэгчдэд маш ойлгомжтойгоор танилцуулдаг байв: хүүхдээ асарч байгаа эхчүүд улсаас дундаж цалинтай тэнцүү хэмжээний тэтгэмж авч байх ёстой, яагаад гэвэл хүүхэд өсгөж хүмүүжүүлнэ гэдэг бол бас л хөдөлмөр, тиймээс би энэ тэтгэмжийн төлөө тэмцэнэ... Үүний дараа үзэгчид студи руу утасдаж асуултаа асуух ёстой. Утасддаг байсаан... харин үзэгчдийн санааг хүүхдийн тэтгэмж ер зовоохгүй байв: та яагаад дандаа хар хувцас өмсдөг юм? Та гашуудалтай байгаа юм уу? Та ямар үндэстэн юм? Таны үндсэн захиргаа, хаяг хаана вэ?... Намайг ер сонсохгүй, сонсохыг ч хүсэхгүй байгааг би ойлгов. Тэгэхээр нь нэг хямдхаан ролик хийлээ, манай залуус. Оросын далбааны өмнө намайг суулгаад, үсний сэнсээр үлээлгэж далбааг намируулав.  Эхлээд би камер руу хажуугаараа харан хөдлөхгүй суух агаад сүрлэг хөгжим явна. Яг л  Мао. Хөгжим чимээгүй болонгуут би толгойгоо эргүүлэн үзэгч рүү хараад: “Эхчүүд тэтгэмж авах ёстой. Энэ цагт л Орос Улс дахин хүчирхэгжинэ”,- гэсэн лоозонг маш тодоор хэлдэг байв. Тэгээд л болоо. Яг л зөвлөлтийн үеийн ухуулгын плакат байгаа биз? Тэгсэн чинь миний рейтинг шууд л өсөөд эхэлж байгаа юм.
Жириновский, Зюганов хоёр энэ техникийг төгс эзэмшсэн хүмүүс. Ярилцлагын сэдэв тэдэнд ер хамаа байхгүй. Стратегийн зэвсгийг хязгаарлах тухай ч бай, экологийн гамшиг ч бай, ямар ч сэдвээс хоёр минутын дараа Зюганов “ард түмний эсрэг өөрчлөлт хийснээс улс орон талхлагдчихаад байна” руугаа орчихно. Жириновский бол шууд л тээж ирсэн юмаа хашгичаад эхэлнэ. Уран зургийн тухай ярихаар дуудсан байхад, “Үхсэн элэнцгийн чинь, чөтгөр ав, уран зураг вэ? Мусульманууд үржээд, харин бид үржихээ больчихоод байхад? Авгай хүүхнүүд улстөрөөс зайл! Бүгд орондоо ор, гал тогоондоо оч, хүүхэд төрүүл! Орос Улс – агуу орон! Ардчилал та нарт хамаагүй. Орондоо ор, хүүхэд л гарга! Чи, чи, бас тэр цээжиндээ тортой цамцтай, чи – бушуу эндээс босоод яв, орондоо ор, хүүхэд гарга! Чубайсаас таксины мөнгө аваад одоохон яв...”
Энэ бол зөв. Энэ бол нөлөөлнө. Гэхдээ би ингэж чаддаггүй. Тэгээд ч хүсэхгүй байна.
Сонинд ярилцлага өгч байхдаа бол толгойдоо “би сэтгүүлчтэй биш, уншигчидтай ярьж байна” гэдгээ бодоод, бариад байж чадаад байдаг. Харин телевизийн студид бол ингэх их хэцүү байдаг. Тэнд, над руу өчнөөн сая хүн харж байгааг би мартаад ярилцаж байгаа хүнтэйгээ маргаад эхэлнэ, түүнээс биеэ өмөөрнө, түүнд гомдоод унана. Заримдаа бүр, хэрэв ярилцагч маань чадварлаг өдөгч бол, галзууртлаа уурлана гээч. Зүрх удаанаар, хүндээр цохилоод, томроод, биеийг минь дүүргээд ирэхээр би зүрхнийхээ хэмнэлээр удаанаар, хүндээр, Ельцины түдлэгтэйгээр яриад эхэлдэг юм. Түүний цуутай удаан үргэлжилдэг түдлэг бол гайхамшигтай ажилладаг: “Би... ингэж... бодож... байна...” гээд уртаа пауз аваад хүнд харцаар харна. Ард түмэн тэр чигээрээ нэгэн агуу том чих болон амьсгаагаа түгжин, юу гэж бодож байгааг нь сонсох гээд тэсч ядан хүлээдэг.  Ухаан мэдрэлээ гээчихээгүй байгаа үедээ би радио дээр ярилцлага өгч байхдаа энэ техникийг нь хэрэглэдэг юм. Харин телевиз дээр бол сөрөг хүчнийхнийг маргаан мэтгэлцээнд оролцуулах л гэж дууддаг. Маргаж байгаа хүн ууртай, эвгүй л харагдана шүү дээ. Дуугаа өндөрсгөхгүй, түдлэг аван маргах миний хувьд л  лав хэцүү байдаг. Харин уур хилэн маань хөөрөөд ирэхээрээ, ашгүй, миний тархи хэдэн хором унтраад, дотоод ухамсар асаад ирдэг юм, тэгэхээр автоматаар түдлэг үүсчихдэг.
Нэг удаа Соловьевын “Барьер” нэвтрүүлэгт оролцож байхад миний эсрэгцэгчээр Рогозин орж байлаа. Тэрээр авъяастай илтгэгч: эрчимтэй, үг хэл нь цэгц, цогтой сэргэлэн нүд... Би түүнтэй найр цэнгээн дээр нэг бус удаа тааралдаж байсан болохоор түүнийг ерөнхийдөө мэднэ: бүхнийг ойлгодог, мэддэг, маш боловсон, ямар ч хувьсгал эргэлт, цус урсгахыг хүсдэггүй, цамцаа зад татдаггүй, хөрөнгөтний нийгэмд дуртай, гадаадаар зугаалах хоббитой... - гээд.
Би, хатуухан, гэхдээ маш гоё үзэл суртлын халз тулаан болно байх гэж бодож ирэхгүй юу? Тэгсэн чинь, юу вэ, над руу байж болох бүх угаадсыг цацдаг байна шүү! Өмч хувьчлал, шокон эмчилгээ, мөнгөний бодлогын нуралт гээд бүх юманд намайг буруутгав. Намуудыг цамцаа сольж байгаа юм шиг л сольдог, чи, чамд ер нь цамц ч зохидоггүй шдээ, кимоно л зохино гээд л ямар ч утга учиргүй, нуль эмоци, нуль бүдүүлэгтэл. Рогозин давшлаад л, би дуугүй байгаад л байв. Дуугараад яах ч юм билээ, тэр том Рогозины дууг дарж би дийлэх биш. Тэгэхээр түүнийг ядраад дуугүй болохыг нь л хүлээхээс өөр яахав? Түүнийг ядраад дуугүй болоход би ганц “Та асуудлын голыг ярихын оронд ямар ч утгагүй худал юм л ярьж байна” гэж хэлж л амжив. Эхний раундын цаг дуусчихлаа. Завсарлагаанаар би үхдэл царайлан суув. Нуруугаа л цэх барихыг хичээж байв: нуруу цэх байвал царай тайван харагддаг. Инээмсэглэх гээд үзсэн чинь ер болохгүй байв. Хоёрдугаар раундын хонх дуугарлаа. Рогозин бид хоёр дахиад өөд өөдөөсөө зогсов. Рогозин их сэтгэл нь ханасан байдалтай, өөртөө их итгэлтэй, нүд нь асаад л зогсож байна. Тэгсэн, гэнэт уур хүрээд, савлачихлаа, би. “Чам шиг хөгийн юмыг миний 3 сая сонгогч юу ч үлдээхгүй дэвслэнэ... энэ муу эрчүүд улстөрөөс зайлбал таарна, та нарыг шүүрээр цохиод хөөнө...” гэх мэтээр солиорч өгсөн гэсэн. Яг л нэгдүгээр раундын Рогозин болж хувирахгүй юу. Бүдүүлэг хүмүүс өөдөөс нь бүдүүлэгтэхээр яахаа мэдэхгүй болдог. Рогозин ч яахаа мэдэхгүй ангайж байснаа Гайдар, Чубайс гээд юу ч юм амандаа бувтнав. Би түүнийг хаяаад студиэс гарав. Хөтлөгч сандран:
- Ира, та хаачих нь вэ?
-Гайдар, Чубайс хоёрыг олж ирье!
Танхим шижигнэтэл алга ташив. Харин телевизээр үүнийг гаргаагүй. Уул нь би галзуурахаараа ямар байдгаа хармаар л байсан юм. Найзууд маань намайг ирвэс шиг болдог юм билээ гэж байсан, харин дайснууд маань – зах дээр хэрэлдэж байгаа авгай шиг байсан гэж байна лээ. Ирвэс шиг болдог бол болж л байна, би энэ амьтанд их дуртай. Ганц минут ч болтугай ирвэс болж, зөөлөн үсрэн өндөрт гарч үзэх юмсан...
Алгаа ташаарай, алгаа ташаарай... одоо болиорой
Манай сэтгүүлчид бол засагдашгүй “ядаргаанууд” байдаг. Жилээс жилд нөгөө хэдэн асуултаа л асууна. Тэр асуултууд нь шоронгийн хоолны цэс шиг хэдхэн. Ланжгарууд нь ч, шинэхэн клонууд нь ч ижил:
-Танд хүүхэдтэйгээ байх зав байдаг уу?
-Ажил, гэр бүл хоёрынхоо хооронд сонголт хийх болбол та алийг нь сонгох вэ?
-Оросод эмэгтэй хүн ерөнхийлөгч болж чадах уу?
“Эм хүйс улстөр хоёр хэзээ ч зохицохгүй” гэсэн сэдвийн эргэн тойронд л асуугаад байдаг. Асфальт зуурч зам тавья аа? Тэг тэг. Сансарт нисье ээ? Тэг тэг. Гэмт хэрэгтний араас явж барья гэж үү? Тэгээ тэг. Мэргэн буудагч, амьтан сургагч, дайны сурвалжлагч? Болно, болно. Улс төр өө? Уучлаарай. Яагаад гэвэл энэ чинь эрх мэдэл. Нэг удаа Владимир Познер, манай Оросын телевизийн сүнс сүлд маань, “Времена” нэвтрүүлэгтээ намайг урилаа. Би өнөөх л пянзаа тавив: манай улсад эмэгтэйчүүдийн засаглал олон зууны уламжлалтай байсан, вангийн хатан Ольга /христийн шашныг оруулж ирсэн биз дээ/, Елизавета Петровна /цаазаар авах ялыг байхгүй болгоо биз дээ/, Екатерина Алексеевна оросын түүхэнд хамгийн удаан засаг барьсан, 33 жилжингээ, түүний засаг барьсан үеийг “Алтан Зуун” гэдэг болоо биз дээ... Познер миний үгийг таслан:
-Та юундаа Агуу Екатерина, Агуу Екатерина гээд сүйд болоод байгаан, тэр чинь нөхрөө алсан биз дээ?
Би гайхан түүн рүү харлаа: Төрөө барьж амжилгүй шахам, шалиг завхай немц авгайд алуулсан талийгаач хааны оронд өөрийгөө гэнэт төсөөлсөн юм болов уу, - гээд. Гэтэл түүний сурвалжит сайхан царайнд нь дүрсгүй бандийн инээвхийлэл тодронгуутаа буцаад нуугдчихлаа.
Леонид Парфенов миний ой ухаанд хамгийн чадварлаг ярилцлагын мастер болж үлдсэн юм. Би түүний нэвтрүүлэгт шөнө дундаас 30 минутын өмнө, сонгуулийн компани дуусахаас 30 минутын өмнө ирсэн юм. Бөөн нерв, уур болсон амьтан ирэхгүй юу. Парфенов намайг буйдан дээр хэвтэж жаахан амар гэв. Би түүний үгэнд орчихсон чинь... тэр чигээрээ хөвөөд явчихаж билээ. Бид хоёр улстөрөөс тэс ондоо, нээх сайхан юмнуудын тухай нээх сайхан ярилцаж билээ. Хамгийн сүүлд нь тэр миний мөрөөдлийн тухай асуулаа.
-Би бүх насаараа уртаас урт хөлтэй, цав цагаан үстэй, цэв цэнхэр нүдтэй, иймхэн бүсэлхийтэй, харин ийййм хөхтэй байхыг мөрөөддөг. Даана ч надад аль нь ч байхгүй. Хэзээ ч би ийм болохгүй, - гээд аваад хаясан байгаа байхгүй юу? Сонгуулийн өмнөх уралдааны бариан дээр ирчихээд байгаа улстөрч хүнийг ингэтэл тайвшруулна гэдэг бол үнэхээр өндөр зэрэглэл шүү.
Хамгийн гэм хоргүй төрөл – гэрийн авгай нарт зориулагдсан ток – шоунууд. Ийм ток – шоунууд бүгд, эрэгтэй хүн гэдэг  бол эмэгтэйчүүд бидэн шиг биш юм байна гэсэн “нээлт” энд түшиглэх агаад эрэгтэй хүний энэ муухай дутагдалтай яаж тэмцэх вэ гэсэн асуудлыг хэлэлцдэг. Эдгээр нэвтрүүлгүүдэд өөрийн гэсэн шоколадан цуглуулга -  асуултууд байдаг. Ийм асуултуудад нь би аль хэдийн пологдчихсон:
-Улстөрчдөөс хэн нь танд илүү секси санагддаг вэ?
Ямар нэгэн нэр хэлэх юм бол тэр даруйд л түүнийг миний нууц амраг болгочихно. Хэн ч биш гэвэл би хөлдүү хүйтэн амьтан болчихно. Тэгэхээр, зөв хариулт: Владимир Владимирович Путин. Ийм хариулт сонсоод өөр илүү тодруулга нэхнэ гэж байхгүй шүү дээ.
-Улстөрчдөөс хэн нь гоё хувцасладаг вэ?
-Бас л манай ерөнхийлөгч. Тийм биш гэж үү?
Тийм гэхгүй хөтлөгч яаж байхав дээ.:.
Ийм ток шоугаар нэг их зочлоод байж бол хэрэггүй. Юугаар ч даллаад би хэзээ ч очихгүй нэвтрүүлгүүд бас байнаа. Нэгдүгээрт, түлхүүрийн нүхээр шагайдаг төрлийн бүх нэвтрүүлгүүд. Хоёрдугаарт, мэргэжлийн их мэдлэгтнүүдтэй оюун ухааны уралдаант нэвтрүүлгүүд. Мэдээж хожигдоно шүү дээ, тэд чинь мэргэжлийн хүмүүс. Өглөөнөөс орой хүртэл угийн ланжгар ой ухаанаа дасгалжуулж байдаг улс юм чинь. Харин үзэгчид бол намайг юу ч мэддэггүй тэнэг амьтан байна л гэнэ шүү дээ. Саяхнаас бас, нэрэмжит нэвтрүүлгүүдийг би хар жагсаалтандаа оруулаад байгаа. Уул нь болохгүй юмгүй мэт: чи баярын эзэн, хатан хаан байгаад л, өчнөөн сайхан хүмүүс чамайг магтаад л, баяр хүргээд л. Тэгээд бас оргил цагаар шүү. Гэхдээ, та нар ажаарай: баяраа тэмдэглэж байгаа бүхий л этгээдийг нэг л бригад үнсэж, түүнд зориулж дуулж бүжиглэж байгаа харагддаг. Тэгээд хэрэв та “ Өө, энэ чинь энэ одонцоруудтай найзалдаг хүн байсан юм уу, би энийг чинь эднээс дээгүүр гэж үнэлдэг байсан чинь” гэж битгий яаран бодоорой. Тэдгээр хүмүүс түүнд ямар ч хамаагүй л байгаа, ихэнхи тохиолдолд. Зүгээр л, түүнд хүчээр наачихгүй юу.
Намайг яг л ингэсэн юмдаг. НТВ “Юбилей” гэдэг нэвтрүүлэг бодож олсон байсан юм. Би түүнд нь оролцохоос татгалзаад л байлаа. Төрсөн өдөр гэдэг бол намайг нээх хөөрүүлээд байдаг эд биш л дээ. Нэг удаа ятгалтанд нь орчихсон чинь надад баахан поп – одонцоруудыг зочид – найзуудыг минь болгоод наачихдаг байна шүү. Би эсэргүүцлээ: нэгдүгээрт, би попынханд дургүй, хоёрдугаарт энэ хүмүүстэй чинь найзалдаггүй гэлээ. Би рокд дуртай. Рок хөгжимчдийг урья. Үгүй ээ, болохгүй гэнэ.  Яагаад? Рейтинг. За яахав, тэгвэл Артем Троицкий, Антон Ланге хоёр надад баяр хүргэж болох уу? Болохгүй. Ирж бол болно, гэхдээ дуугүй сууж байг, тэд чинь хэн ч биш юм чинь. Яагаад “хэн ч биш” гэж? Хэний хувьд “хэн ч биш” юм? Манай үзэгчдийн хувьд. Үгүй, энэ чинь, хүмүүс хараг л дээ, намайг ямар ухаантай, сайхан найзтай гэдгийг минь? Та үүнд ямар хамаатай юм бэ? Өө, за за, би нээрээ хамаагүй шүү дээ. Баяртай. Намайг татгалзчихаад байхад нэвтрүүлгээ бэлдээд л байсан. Эфир агаар ус шиг хэрэгтэй сөрөг улстөрч ийм боломжоос үнэхээрийн татгалзана гэж байхгүй, чадахгүй гээд итгэхгүй байхгүй юу? Чадалгүй дээ!
Дэлгэц таны мэргэжил л биш бол тийшээ, хэрэгцээ зорилго л байхгүй бол аль болох очихгүй байсан нь дээр гэж би хэлнэ. Тамлаад, мушгиад, сэгсрээд хаячихдаг юм. Телевиз гэдэг бол хар тамхи л гэсэн үг. Чамайг үзээд, сонсоод, үгнээс чинь иш татаад, хүмүүс нэрийг чинь цээжлээд, бутикууд чамайг хувцаслахын төлөө, фитнес клубууд хувцсыг тань тайлахын төлөө дайтаад, гудамжинд хүмүүс ханцуйнаас чинь зууран амьдралын утга учрыг асуун хариултыг чинь хүчрэн хүлээгээд... Ийм нөхцөлд өөрийгөө өргөмжлөн хамраа сөхөхгүй байж чадах гайхамшигтай эрүүл сэтгэхүйтэй байж л амь гарна. Оддын өвчин гэдэг бол яг л цагаан хорхой гэсэн үг. Маш олон хүмүүс цагаан хорхойтой гэдгээ мэддэггүй. Шинжилгээгээр ч илэрдэггүй. Нэг мэдэхэд л таргалаад эхэлдэг. Оддын өвчин ч мөн ингэж мэдэгдэхгүй ирдэг. Нэг мэдэхэд л өвдчихнө. Эхний шинж тэмдэг нь: хаа очсон газраа, шинэ жилийн үдэшлэг дээр ч, миний зургийг тэнд авсан, би ийм нэвтрүүлэгт оролцсон, тийм нэвтрүүлэг бас уриад байна гээд л яриад байдаг болох. Эсвэл өөрийнхөө ярилцлагуудтай кассетыг тавьж үзүүлэх гэх. Үзэхээс дургүйцсэн хүнийг атаархаж байна гэж тооцох. Хоёрдахь шинж тэмдэг: утас чинь хоёр цаг дуугарахгүй бол сэтгэлээр унадаг болох. Утсаа тасралтгүй дуугарч байвал баяртай байх. Гуравдахь шинж тэмдэг: бүтээгүй ажил хэрэгт өөрөөс чинь бусад бүх хүн буруутай гэж үзэх. Дөрөвдэх шинж тэмдэг: олон хүнтэй газар очихоороо бүх хүн өөрийг чинь танив уу, бүгд харав уу гэдгийг хянах. Хэн ч танихгүй, тоохгүй байвал маш их гайхан сэтгэлээр унах. Константин Боровой юу ч болоогүй байхад л толгойгоо гээчихсэн дээ. Хичнээн авъяастай, дажгүй эр байлаа даа, гэтэл бүх юмаа будаа болгочихсон доо. Телевизорын төлөө, алдар нэрийн төлөө тавиад туучихсан.
Хэдэн зөвөлгөө:
а)  Зургаа авахуулж байхдаа гараа цээжин дээрээ зөрүүлж хэрэггүй.
б)  Ямар ч халуун байсан ханцуйгүй цамцтай ирж болохгүй. Гар заавал халхлаастай байх ёстой.
в) Пиджакныхаа ядаж нэг товчийг тайлаарай. Ерөнхийлөгчийг дуурайж кадрт тайлах албагүй, урьдчилаад тайлчихсан нь дээр. Эмэгтэй хүн дурангийн доор ямар нэгэн юмаа тайлж байгаа нь эвгүй харагдана.
г) Хөлөө зөв байрлуулах нь маш чухал. Манайхан нэг бол салгаж, үгүй бол ачиж суудаг. Аль аль нь онцгүй. Хоёр хөлөө балетынхан шиг зөрүүлээд хажуу тийш болгож сууна. Би үүнийг аль эрт мэддэг байсан юм, кино болон сэтгүүл үзэж байхдаа гадаадын тэргүүн хатагтайнууд хэрхэн суудгийг ажигладаг байсан юм. Бас “гэдсэн дээрээ” сууж болохгүй.  Тэгэх юм бол толгой тань шууд хөлөн дээр харагдана. Нуруугаа цэхлээд, мөрөө суллах хэрэгтэй. Дээр үед залуу бөгөөд ядуу байхдаа би нэгэн баян залуучуудын дунд орж таарсан юм. Хүүхнүүд нь бүгд л үнэтэй фирмийн хувцастай, харин би гэж хужаа цамц, шоон хээтэй банзал, хуванцар рамтай усны багных шиг том нүдний шилтэй амьтан. Шударга ядуу байдал болон хөөрхий муу бардамналаа хамгаалахын тулд би нуруугаа төгс цэхлээд, хөлөө зөрүүлж хажуу тийш татаад суув. Тэгээд зөөлөн сандалнаас босох тоолондоо могой мэт, алгуур болоод зөөлнөөр  гулжиганан босч байв. Алтан хөвгүүд алтан охидоо мартаад миний хөдөлгөөн бүрийг ховсдуулсан мэт анаж байж билээ.
д) Хөлөө ачиж суусан бол санжигануулж л болохгүй шүү, бурхан минь!
е)  Нэвтрүүлгийн өмнө өөрийгөө ямар харагдаж байгааг үзүүлэхийг шаардахад буруутахгүй. Таны нүүр заслын өрөөний толинд харж байснаас шал өөр байж магадгүй шүү.  Кадрт хүний нүүрийг нүүр засалч би, гэрэлтүүлэгч зурдаг. Хэрэггүй газар нь сүүдэртүүлэхэд л та 100 насаар хөгшрөөд ирнэ: панночка байснаа дэлгэцэн дээр шулмас болж харагдана.
ж) Ток – шоунд оролцохдоо богино банзал, өндөр өсгийтэй гутал л өмсч болохгүй. Тийм нэвтрүүлгүүд дээр зочдыг намхан зөөлөн буйдан дээр суулгадаг. Суунгуут доош шигдчихнэ, өвдөг царцааных мэт дээш ёрдойгоод, богино банзал улам дээшлээд, гуя хас гялалзаад... Тэгээд багш нарын хурлаар орж байгаа ахлах ангийн охин шиг банзлаа байн байн доош зулгаан суух болно. Би Ельцинтэй Италид айлчлах үеээр яг ийм байдалд орж байсан юм. Өдөр нь, протоколын дагуу, урт юм өмсөж болдоггүй болохоор Италийн ерөнхийлөгч дээр бид очиход  өвдөгнөөс жаахан дээгүүр татсан банзал бүхий костюмтай байсан юм, би. Надад хэн ч сэтгүүлийн ширээг тойрон зөөлөн сандалд тухлан 5 – уулхнаа уулзана гэж хэлээгүй юм чинь? Хоёр ерөнхийлөгч, Ястржембский, Немцов, би. Ельцин “хм” – гээд л, Немцов эвгүйрхэн яг урагшаагаа хараад л суув. Үгүй ээ, тэр ичимхийдээ биш, урьд нь миний өвдөгнөөс болж хэцүүхэн байдалд орж байсан болоод л одоо ингэж харцаа зугтаалгаж байхгүй юу.  Би улсын хорооны тэргүүлэгч болоод шинэхэн сайдыг танилцуулах ёслол болоход, тэр үед шадар сайд байсан Немцов намайг танилцуулсан юм. Нэгэн мөчид миний банзал дээшлэчихсэн чинь Немцов санамсаргүй миний хөл рүү хялайгаад харчихгүй юу. Папарацци анаж байсан болохоор моментыг баримтжуулж амжиж. Тэгээд Немцовын, Хакамадагийн хөлийг “хулгайн харцаар” харж байгаа зураг бүх сонинд тавигдана биз дээ?...
Харин дараа нь би, Ромын Папад бараалхах үеээрээ нэр төрөө сэргээж авлаа. Папад бараалхах гээд Ельцины эхнэр, охин хоёр нэг нь ягаан, нөгөө нь хөх костюм өмссөн, харин би урт хар хувцас өмсөж очлоо. Тэгээд Папад намайг танилцуулахад Пап  ухаант яст мэлхийнийх шиг толгойгоо өндийлгөөд, оросоор.
-Ма-ла-дец...
Дараа нь бүх сэтгүүлчид надаас шалгаадаг байв, Пап яагаад танд тэгэж хэлсэн юм бэ, - гээд. Яагаад, яагаад... Яагаад гэвэл, за юу!


Дагавар сэдэв: шилний цаана
Ярилцлагуудаас.  («Собеседник», «Плейбой», «Крестьянка», «Новая газета», «Ветеран», «Экспресс-газета», «ТВ-Парад», «Столичные люди», «Новые известия», «Зебра», «Бьюти», «Домашний очаг», «Смена», «Общая газета» гэх мэт хэвлэлүүдэд өгч байсан ярилцлагуудаас), 1995—2005 онууд.
Консерватори. Спиваковын концерт. Би долдугаар эгнээнд сууж байлаа. Миний урд сууж байгаа хос унтчихгүйг хичээн сууна. Хүүхэн нь гар утсаа оролдох,  хар өнгөтэй хавтсаа сандал дээрээ нэг тавиад л, өвөр дээрээ нэг аваад л. Залуу нь нүдний шилээ байн байн засаад, бас урт буржгар үсээрээ оролдоод л. Хоёулаа америк маягаар дэгжирхсэн өвөрмөц гоо залуучууд байна. Залуугийн нүдний шилний туяаны өнгө нь хүүхний гар утас болон цүнхний өнгөтэй зохицсон харагдана. Эцсийн эцэст тэр хоёр тэссэнгүй, эхлээд залуу нь унтаад өглөө. Хүүхэн нь залуу руугаа анхааралтай гэгч нь харснаа, тайз руу нэг хараад, залуугаа дуурайгаад таашаалтай нь аргагүй нүдээ аниад унтаадахлаа.
Тоглолтын дараа суудалнаасаа босоход нь харсан чинь хүүхэн нь Ирина Хакамада байв. Түүний хамт явсан эр намайг гайхашруулав. Би Хакамадагийн нөхрийг ийм, Арамис Атосын холимог гэмээр хүн байхын чинээ бодож байгаагүй юм. Ирина Хакамадагийн нөхөр гэдэг чинь яаж ч бодсон “цол”  шүү дээ. Түүнд ийм мөр шүргэм сайхан үс, анхааралтай харц байж зохицомгүй санагдав.
Таны нөхөр чинь “алдартай хүний нөхөр” байхдаа эвгүйрхдэг үү?
Үгүй ээ, түүнийг хүн ямар таних биш...  Нөхөр маань өөрийгөө дээш тавимаар болохоороо: “Ира, чи баян хуур эргүүлэн хүмүүст азтай сугалаа гаргаж өгч байгаа сармагчинтай яг адилхан юм аа. Чамд би байна гэдэг бөөн аз болжээ. Чи өөртөө азтай сугалааг олоод авчихаж. Үүнийг байнга санаж бай! Надаас өөр хэн ч чамтай амьдарч чадахгүй байх шүү.” – гэдэг юм.
Ийм юм сонсоод, өөрийн эрхгүй: “Та нөхөртэйгээ сайхан харьцаатай юу?” гэж асуумаар санагдав.
Маш сайхан...
“Надаас өөр хэн ч чамтай амьдарч чадахгүй”... Таны нөхөр танд дандаа бууж өгөхөөс өөр аргагүй байдаг уу?
Яалаа гэж дээ! Тэр маань их айхтар амьтан шүү дээ!
Та улстөрийн каръераа дуусгахаар шийдвэл юу хийх вэ?
Яахав дээ, юу ч хийсэн. Жишээ нь, стилист, загвар зохион бүтээгч ч юм уу болохгүй юу...
Артем Троицкий таны тухай хэлсэн: “Ира их сайн хувцасладаг. Түүнд даавууны барил маш чухал байдаг. Ихэнх моодлогчид хэлбэр, өнгө, загвараас өөр юм олж хардаггүй. Түүний хувцасны өнгөний гамм дандаа бүдэгхэн байдаг. Харин даавууных нь барил их сонирхолтой. Маалинга, торго, ширүүн торго, ширүүн хөвөн даавуу гэх зэргийн хамгийн дээд зэрэглэлийн, моодны даавуугаар хийгдсэн хувцас. Өнгө будгаар ямар ч дурак гайхуулж чадна. Харин анхаарал татахгүй мөртөө сайн харвал жинхэнэ зиндаа үзүүлнэ гэдэг бол маш ховор чадвар. Хэрэв намайг оросын хамгийн стильтэй эмэгтэйчүүдийн жагсаалтыг гаргаадах гэвэл Ирина эхний тавд орно. Хэрэв энэ жагсаалтанд мэргэжлийнхээ онцлогоос хамааран угаасаа сайхан хувцаслах ёстой, загвар зохион бүтээгчид, дизайнер, жүжигчин, дуучин гэх мэтийг оруулахгүй, зөвхөн хувцас хунарт огт хамаагүй улсуудыг оруулна гэвэл Ира ерөөсөө ганцаараа л үлдэнэ.”
Та яаж ингэж хувцаслаж сурсан бэ?
Бизнес хийгээд мөнгөтэй болсноосоо хойш сурсан. Гэхдээ хоёрхон жилийн өмнө би Америкаас ямар юмнууд авч байсан гэж санана?
Ямар юмнууд?
Үстэй даавуун, ташуу цахилгаантай богино пиджак. Аймаар өндөр платформ бүхий улаан туфль. Хар мини – банзал, мөн пиджактай ижил материалтай жижигхэн цүнх. Би гэртээ ирээд эднийгээ өмсөж үзээд ямар тэнэг юм авснаа ойлгосон. Хэтэрхий хурц, хэтэрхий балиар байсан.
Та гэртээ халат өмсдөг үү?
Хэзээ ч үгүй. Өргөн өмд, свитер цамц өмсдөг. Гэхдээ свитер нь гадуур өмсөхөө болиод гэрийн хувцас болгочихсон эд биш, зүв зүгээр моодны свитер.
Таны бодлоор, жинхэнэ эр хүнд ямар ямар хувцас байх ёстой вэ?
Гурван иж бүрдэл байх ёстой. Жийнсэн өмд, спорт маягийн пиджак. Албаны костюм. Смокинг. Смокинг өмсч чаддаггүй хүн өөрийгөө люкс – эр гэж тооцож болохгүй.
Тэгвэл эмэгтэй хүнд?
Эмэгтэй хүнд дөрвөн элемент байх ёстой: гоёлын, дээгүүрээ задгай даашинз, гоёлын битүү даашинз, энгийн албаны костюм, өмдтэй албаны костюм, жийнсэн өмд. Ер нь эмэгтэй хүн тарган л биш бол юу ч өмсөхөд болно л доо. Эрчүүдийг бодвол бидэнд илүү олон юм зөвшөөрөгдөнө. Хэрэв эр хүн элчингийн хүлээн авалтанд 80 долларын костюмтай ирвэл хүн бүхэн анзаарна. Түүний биед маш сайхан таарсан, маш сайхан зохисон байсан ч энэ бол муухай. Харин эмэгтэй хүн хулигаантаж болно. Жишээ нь би нэг удаа, “Пуазон” үнэртэй усны презентаци дээр “Чин – чин” фирмын, тайрдас шиг энгийн, нэг подвалын дэлгүүрээс 500 рублиэр авсан даашинз өмсөөд очиж байсан юм. Тэгээд яагаач үгүй, бүх хүмүүст таалагдсан. Бүр францын визажист хүртэл магтсан гээд бод.
Саяхан бас шуналтаад шөнийн дэлгүүрээс 1000 – хан рублийн жийнсэн өмд авчихсан. Түрийтэй гутлан дээр өмсөх зориулалттай богино, харин дийз шиг том товчтой. Энэ товчинд нь болоод авчихгүй юу. Гэртээ ирээд өмссөн чинь ордоггүй ээ. Орой нь найз хүүхэндээ ярилаа, таарахгүй юм авчихаж гээд. Тэр маань их дэгжин, үнэтэй хувцасладаг л даа. Миний өмдийг өмссөн чинь түүнд яг таарав. Маш их таалагдав. “Янзын гоё юм байна. Би авчихъя. Ямар үнэтэй юм? 300 доллар уу?” Би үнийг нь хэлсэн чинь найз маань шууд гутаад, нөгөө өмдийг чинь тоохоо байв. Би ийм байдлыг ойлгодоггүй юм. Надад үнэтэй хувцас их цөөхөн байдаг. Тэглээ гээд энэ чинь стильтэй байхад надад саад болохгүй л байгаа юм даа.
Танд бол саад болдоггүй шүү. Таны бодлоор ахлах ангийн охидууд ямар байх ёстой вэ?
Нэгдүгээрт, нүүр амаа аль болох бага будах. Үс толгой чинь онцгүй байгаа үед л будаг шунх хэрэгтэй.
Би үүнийг өөр дээрээсээ ойлгосон юм. Толгойгоо хэдий чинээ стильны болгонов, нүүрээ төдий чинээ бага будахад болдог. Үсний хайч, бигүүж энэ тэр  шаардлагагүй. Хамгийн гол нь үс чинь эрүүл, гялалзсан, хэвэнд оруулсан байх хэрэгтэй. Сайн үсчин олох хэцүү бөгөөд их мөнгө шаардлагатай л даа. Гэхдээ охидууд эцэг эхээсээ тэр байтугай их мөнгийг салгаж франц косметик авдаг шүү дээ. Косметик дээрээ хэмнээд сайн үсчнээр үсээ засуулчих л хэрэгтэй юм. Толгойгоо 7 хоногт нэг удаа биш, өдөр бүр угааж байх хэрэгтэй.
Охидууд мини – банзал, өндөр өсгийтэй гуталтай өмсөхөд би дургүй. Одоо бүсэлхийгээ ил гаргах моод болчихсон байгаа. Өмд нь ташаагаараа татсан, банзал нь ташаагаараа, тэгээд богинохон бариу майк. Бүгд л ингэж хувцаслах. Өөх нь цулцайчихсан, бариу майкных нь цаана хэд хэд нугаларчихсан харвин харагдаад байвал муухай. Жигтэйхэн гоё харагдаж байгаа гэж боддог юм уу. Би байсан бол моод гэхгүй, арай сул өмд, уртхан шиг майк өмсөнөө. Надад Английн өсвөр насныхны хувцаслалт их таалагддаг. Өргөн жийнс, хэлбэргүй цамц, дээрээс нь хэлхгэр свитер, ханцуй нь бараг хуруугаар нь татсан урт. Тэгээд янз бүрийн зүүлт, гоёл. Хэрэв төгс биегүй бол ийм хувцас бие галбирын бүх дутагдлыг далдалчихдаг. Харин хэрэв гоё биетэй бол – маш гоё галбиртай биенд хэлбэргүй цамц өмссөн байгаа нь шууд мэдэгддэг.
Ярианы хэв маяганд тань хэн таныг сургасан бэ?
Залуудаа би Черномырдинээс ч илүү хазгай хэлтэй байсан. Түүний яриа хазгай ч гэсэн ядаж л цэцэн байдаг бол минийх гэж авах юмгүй байдаг байсан. Дээд сургуульд анхны шалгалтаа өгч байхдаа би бүхнийг мэдэж байсан мөртөө хоёр үг ч холбож хэлж чадахгүй, ээрээд, санаа алдаад... Багш онц тавьсан л даа, гэхдээ ярьж сур гэж хэлсэн. Ярьж сурах нэг арга байдаг: ярьж эхлэх. Тэгээд би бүх хичээл дээр гараа өргөдөг болов. Эхлээд бүгд намайг шоолон хөхрөлддөг байсан. Харин жилийн дараа би бүхий л эрдмийн бага хурлууд дээр илтгэл тавин оролцож, чөлөөтэй ярьдаг болчихсон байсан юм. Энэ маань миний мэргэжлийг ч тодорхойлж би багшлах болсон.
Улстөрчийн каръераа дуусгахаараа юу хийх вэ?
Улстөрийн аналитик болохыг бодно.
Цаг хугацаа танд хамаагүй юм шиг харагдах юм. Та яаж ийм байж чаддаг вэ?
Би насанд хүрсэн том хүн шиг харагдталаа их удсан, тийм болохоор хөгшрөхдөө бас удаан байдаг байх. Пластик хагалгааны тухай асууж байгаа бол – хэзээ ч хийлгэж байгаагүй. Хэрэв зөв мэдрэмжтэй, халуун хүйтэн шүршүүр, спорт, тусдаа хооллолт зэргийг хэрэглэдэг бол мэс засал хэрэг болохгүй. Махыг төмстэй хольж иддэггүй би. Хачиртай талх иддэггүй. Хэзээ ч! Хаана ч! Нэг бол дээдэхийг нь, үгүй бол доодохыг нь л иднэ, хольж бол үгүй. Дээдхийг нь идсэн нь дээр л дээ. Аливаа хүнсийг долоо хоногт хоёроос илүү удаа идэж болохгүй. Яагаад гэвэл организм тэр хүнсэнд дасчихаад гүйцэд боловсруулахаа больчихдог, тэгээд хүн таргалаад эхэлдэг. Юу ч идэхгүй байхад турдаггүй юм билээ, би нэг удаа 10 хоног зөвхөн рашаан уугаад юу ч идээгүй. Тэгээд нэг грамм ч тураагүй.
Танай хөргөгчинд юу байхгүй бол хоосон санагддаг вэ?
Жүржийн шүүс, өндөг. Би нэг сүсэгтэй: хөргөгчинд өндөг байгаа цагт гэр бүл бат бөх гэж боддог.
Хөргөгчинд чинь юу байдаггүй вэ?
Цөцгийн тос, тослог ихтэй зөөхий, утсан хиам.
Та насаа нуудаг уу?
Нуудаг болоод байгаа шүү. Олон түмэнд насаа зарладаг нь буруу байж гэж бодоод байгаа. Сүүлийн үед эрчүүд миний насыг мэдэх гэж их зүтгэдэг болоод байна.
Яах гэсэн юм бол?
Надад дурлаж болохоор юм уу эсвэл хэрэггүй юм уу гэдгээ мэдэх гэж л тэр. Эмэгтэй хүнд бол эр хүний нас хамаагүй. Эрчүүдэд бол их чухал.  Одоо харин таалагдахгүй байгаа хүнийг цааш нь явуулахын тулд насаа хэлчихдэг юм.
Та буцаад 20 насандаа очмоор байна уу?
Яасан ч үгүй. Ямар ч эрх чөлөөгүй, гунигтай цаг үе. Дахиад эрдмийн ажлаа хамгаалаад л, доцент, шөнийн манаач болохыг хүсэхгүй байна.
Та яаж яваад шөнийн манаач болоо вэ?
Би жаахан хүүхэдтэй аспирант байсан юм. Харин тэр газар нэг шөнөдөө 36 рубль төлдөг байсан. Энэ бол нөхрийн маань сарын цалингийн дөрөвний нэг байв. Надад ажлын хувцас гэж аймаар том хөдсөн дээл, 45 размерийн эсгий гутал өгөв. Хөдсөн дээлийг нь би пальтоныхоо дээрээс өмсөнө, харин эсгий гутлыг нь өмсдөггүй, шинэ франц гуталтайгаа даараад байж байхыг илүүд үздэг байлаа. Би цаг тутамд агуу том барилгыг тойрон, сүрэг сүргээрээ гүйх хархан дундуур, чулуу тоосгонд бүдчин явдаг байсан юм. Эхний шөнө айсан, даарснаасаа тувт уйлж байж билээ.
Та тэгээд хэдэн шөнө уйлсан бэ?
Дахиж нэг ч уйлаагүй. Би чинь самурайн үр сад шүү дээ!
Зөвлөлтийн үеээс та юуг нь буцааж авмаар байна вэ?
Аюулгүй, цэвэрхэн метрог л авна.
Улстөрчийн каръераа дуусгахаар юу хийх вэ?
“Хэдхантерын” агентлаг руу очино доо. “Тархины ангуучид” руу. Тэд топ – менежерын албан тушаалд таарах хүн хайж олдог юм. Манайд хэд хэдэн ийм компани ажилдаг. Тэдэнд шалгуулна. Тэд надад ажил олж өгч чадах байх. Үнэнийг хэлэхэд би шалгуулчихсан л даа. Тэгсэн чинь толгой эргэмээр тоо хэлсэн шүү. Би ийм цалин манайд байдаг гэж ёстой бодоогүй. Тийм ээ, та ингэж л үнэлэгдэж байна гэсэн. Би нөхцөл байдлыг иж бүрдлээр нь их хурдан задлан шинжилж чаддаг л даа, урьд нь мэддэггүй байсан шинэ хүрээнд ч. Бас мэдээллийг маш хурдан боловсруулж нэгтгэн дүгнэж чаддаг. Хэлхээ холбоо үүсгэж чадна. Надад одоо маш их бэлэн хэлхээ холбоо байгаа.
Та өөртөө бүрэн сэтгэл хангалуун байж чаддаг уу?
Үгүй. Би өчнөөн сул талтай. Хүмүүс намайг халз ярилцлага тулаанд амархан ялж чаддаг, эсрэг тал руу дайралт хийж чаддаг болохоор “төмөр хатагтай” гээд байдаг. Жинхэнэдээ, энэ бол дадлага их хийсний үр дүн байхгүй юу. Ийм стиль нь манай намд сонгогчдын саналыг авч ялахад тус болдог. Харин би өөрөө бол тийм байх дуртай биш.
Өөрт нь ямар ч проблем байхгүй, хүн амьтнаас нууж хаагаад байх дутагдал огт байхгүй гэж боддог хүн л өөртөө бүрэн сэтгэл хангалуун байдаг байх. Тийм хүн маш цөөн байдаг, ихэнхдээ тэд “хүн биш” байдаг. Санаа зовох сул талгүй бол хүн роботтой л ижил гэсэн үг.
Та улстөрчийн каръераа дуусгахаараа юу хийх вэ?
Телевизийн хөтлөгч болно. Ларри Кинг шиг, банзалтай Ларри Кинг болно доо.
Ямар улстөрийн зорилгын төлөө та өөрийнхөө гадаад үзэмжийг өөрчлөхөд бэлэн бэ? Жишээ, нь...
Жишээ нь, Юлия Тимошенко шиг үү? Нүдэндээ цэнхэр линз хийгээд үсээ улбар шар туузтай сүлжээд үү? Ямар ч зорилгын төлөө ингэхгүй.
Сүүлийн удаа юунд инээд чинь хүрсэн бэ?
Онигоо сонсоод. Сэтгүүлч Путинээс асууж гэнэ:
-          Танай усан доогуур шумбагч онгоц яасан юм?
-          Живчихсэн юм.
-          Танай Үндсэн хууль яасан юм?
-          Ядаргаатаад байсан юм.
Одоо үед сансрын аялал моодонд ороод байна. Та аль гариг рүү нисмээр байна?
Битгий найд, та нар.
Та ямар нэгэн мөрөөдлөө худалдаж авч чадсан уу?
Миний мөрөөдлүүд дэндүү том, худалдаж авахад ямар ч мөнгө хүрэлцэхгүй.
Хэрэв та өвлийн өвгөн байсан бол улстөрч нөхдүүддээ хэнийг ямар байдлаар бэлэг болгож явуулах вэ?
За байз, Грызловт би Валерия Новодворскаяг явуулна. Хайрцганд хийгээд томоо гэгчийн тод өнгийн туузаар боогоод. Тет – а – тет ганц удаа уулзаг л дээ, тэр хоёр. Григорий Явлинскийд би Евгений Примаковыг явуулна. Примаковыг бриллиант шигтгэсэн мөнгөн авдарт хийнэ. Харин Владимир Путины хувьд шилдэг бэлэг бол – мэдээж, би! Тэгээд намайг нууц баримтууд хийдэг хайрцганд хийх хэрэгтэй. Тэр надаас юу олж мэднэ гэж санана?
Та юуг бэлгэнд тооцдоггүй вэ?
Гал тогооны комбайн, хайруулын таваг, тавилга. Бэлэг бол хэрэгцээгүй юм байх ёстой. Ашиглаж болдог юм байх ёсгүй гэсэн үг.
Хакамадад таалагдахын тулд эр хүн ямар байх ёстой вэ?
Ален Делон шиг царайлаг байх ёсгүй, царайлаг эрчүүд надад таалагддаггүй, дургүй хүрээд байдаг юм. Царайлаг бус, гэхдээ мэдээж хэмжээндээ, нэлээд том хамартай, хүнд, том эрүүтэй, нүдний өнгө хэлбэр хамаагүй, хамгийн гол нь ухаантай нүдтэй байх.
Депардьегийн дүр л байна даа?
Үгүй ээ, Депардье арай дэндэнэ. Ер нь би францчуудад дургүй. Тэд надад арай жижигхэн санагдаад байдаг юм. Европууд л юм чинь, тэднээс юуг нь авах вэ дээ? Жижигхэн улс орнууд – жижигхэн сэтгэхүй. Миний хувьд эр хүний нүдний харц л чухал, би харцанд нь л татагдана. Сүүийн үед, миний бодлоор, лав л миний үе тэнгийнхэн, төмөр шиг харцтай гүрвэлүүд болоод хувирчихсан юм шиг ээ? Ийм харцнууд дундаас, амьдралыг ерөнхийд нь, тэр дундаа эмэгтэй хүнийг сонирхсон харц гэнэт гараад ирэхээр тэр хүн надад хамгийн сайхан, секси санагддаг юм. Харин одоо ийм харц улам л цөөн тааралдах болж. Эсвэл би азгүйтээд таарахгүй байгаа юм болов уу? Бага хурлын дараа нэгэн эр над руу ирээд “таны илтгэл надад их таалагдлаа, би тантай нэг ийм сэдвийг ярилцмаар байгаа юм”... “Баярлалаа. Тэгвэл та над руу яриарай, миний нэрийн хуудас энэ”. Өө, нэрийн хуудас... Зүгээр утасдах л юм уу? Ямар урамгүй юм бэ... Үгүй өөр яая гэж бодсон юм бол оо? Тааламжит үг сонсоод би, уяран хайлаад оройн хоолыг нь даана гэж боддог юм уу?
Эр хүн хэтэрхий хээгүй цалгар байх ёсгүй. Бие хаагаа арчилдаг байх ёстой. Манайд ийм эрчүүд бий болоод эхэлчихсэн байна. Улстөрийнхний хүрээнд биш, бизнесийнхний хүрээнд. Тэд хөрөнгөтэй болж ирсэн эхний үедээ их иддэг, уудаг, наргидаг, мөнгө цацдаг байсан. Үүний үр дүнд “шинэ орос” гэж бүдүүлэг харцтай, бүдүүн гэдэстэй, хажуудаа модель хүүхэн дагуулсан амьтны дүр зураг бий болсон. Одоо гэдэс нь бага багаар арилж байна. Тэд хоолны дэглэм, зөв хооллолтын тухай хүүхнүүдээс илүү мэддэг болсон байна. Би зөндөө харж байсан: хоолны ширээний ард хүүхнүүд дэглэмний тухай яриад эхлэхээр эрчүүд бичиж аваад байдаг.
Эрчүүд таны анхаарлыг яаж татдаг вэ?
Янз бүрээр. Урьд, 3 ширхэг башир цэцэг юм уу 3 ширхэг сарнай бэлэглээд, тэгээд заримдаа харьцаа эхэлдэг л байлаа. Харин улстөрд орсноос минь хойш бүх юм өөрчлөгдсөн. Ихэнхидээ, надад хайр зарласан царайлж байгаад янз бүрийн асуудлаа шийдэх гэж оролддог. Ийм тохиолдолд би шууд хэлдэг юм: наад жүжгээ ингээд дуусгачих, хэргээ шууд хэлчих гээд. Хайраа илчлээд, өвдөг сөхрөөд, цэцгийн баглаа бэлэглээд байсан нь шал хуурамч байдаг, хамаг учир нь ямар нэгэн төсөл болж таардаг юм.
Эрэгтэй хүн эмэгтэй хүний өмнө өвдөг сөхрөөд суучихаар эмэгтэй хүн ер нь яавал дээр юм бэ дээ гэдэг нь надад их сонин байдаг юм. Хамгийн зөв нь, эмэгтэй нь өвдөг сөхөрсөн эрд хоёр өвдгөө үнсүүлэх л хэрэгтэй байх, даа тэгэхгүй бол ийм байдалд байгаа эрд өөр хийх юм байхгүй юм шиг ээ?
Та тэгээд итгэх тохиолдол гарч байсан уу?
Нэг залуу бүтэн жил хагасын турш ухаангүй дурласан болж жүжиглэсэн. Цэцэг бэлэглээд л, шүлэг бичээд л, хайртай дуртай гээд л. “Чамд надаас юу хэрэгтэй байгаагаа үнэнээр нь хэлчих” гэж их асуудаг байв. “Юу ч хэрэггүй” гээд л байдаг байлаа. Би бараг үнэмшээд байж байтал, Москва хавийн жижигхэн хотхоны даргын сонгууль эхэлдэг юм? Тэгсэн нөгөө залуу маань хотын дарга болохыг зэхэж байж. Миний бүх талын туслалцаатайгаар.
Та тэгээд яасан? Тас алгадсан уу?
Огт эсрэгээр. Би төгс эелдэг, сайн сайхныг хүссэн маягтай байсан. Би маш их уурлаж хилэгнэхээрээ их соёлтой, дээд зиндааны төгс зан үзүүлдэг юм. Дараа нь би их бодсон: яагаад би ингэж их эмзэглэж хүлээж авав аа? Миний хүндэлдэг эмэгтэйчүүд “хайр – туслалцаа” гэсэн бартер солилцоо хийхээсээ ичдэггүй л биз дээ? Коко Шанель, Эдит Пиафыг хар. Тэд гудамжны “гөлөг” олж аваад “өсгөж” дээд зэрэглэлд хүргэдэг байсан. Гэтэл би яагаад тэгэж чадахгүй байна аа? Би өглөгч зангүй болоод тэгэж байна уу? Туслалцаагаа харамлаад байгаа юм уу? Үгүй ээ. Ний нуугүй, шударгаар гуйж байгаа хүмүүст бол би чадах бүхнээрээ л тусладаг. Магадгүй, миний 50 % - ийн дорнын цус л өөрийгөө мэдрүүлдэг байх. Дорнын эмэгтэйчүүд хайртай эр рүүгээ доороос нь дээш хардаг шүү дээ. Харин миний нөмөр нөөлөг доор л байх шаардлагатай байгаа хүнийг тэгэж харах хэцүү.
Та нөхөр рүүгээ доороос нь дээш хардаг уу?
Би нөхөр рүүгээ хайрын харцаар хардаг.
Тэр залуу тэгээд хотын дарга болж чадсан уу?
Мэдэхгүй. Та юу гэж бодож байна?
Чадаагүй байх л гэж бодож байна. Эр хүн өөр юу хийвэл та тэрийг нэг нүдээрээ ч үзэхээ болих вэ?
Тэр ганц өгүүлбэр хэлэхэд л хангалттай: “Чи – ийм сайхан байж. Энэ муу улстөрөөр яах гэсэн юм бэ?” Тэгээд л дуусаа. Би шууд л ялын тогтоолыг нь гаргаад, давж заалдах эрх ч өгдөггүй. Эрчүүдэд хэн ч хэлдэггүй л биз дээ: “Чи ийм гоё байж. Ямар нэгэн юм хийгээд яах гэсэн юм? Наашаа цаашаа л явж байхад болно”...
Бүтэлгүй хайрын шаналалыг эмчлэх арга танд байгаа юу?
Ном унших, үсээ будах, үсээ засуулах, шинэ хувцас хунар авах, найзуудтайгаа хамт байх, өөрийгөө ховсдох... Жишээ нь би, зөөлөн сандалд суугаад, нүдээ аниад, хайртынхаа сөрөг чанаруудыг нь төсөөлж гардаг. Өдөр бүр ингэж дасгал хийгээд, сарын дараа гэхэд л хайртыгаа ямар хөгийн, хэнд ч хэрэггүй амьтан болохыг ойлгоод ирдэг юм.
Арван жилийн дараа та юу хийж байх вэ?
Оросод тийм холын төлөвлөгөөг хэн ч хийдэггүй.
За тэгвэл өөрөөр асууя: Та улстөрийг орхихоороо юу хийх хүсэлтэй байгаа вэ?
Надад нэг бодол төрчихөөд байгаа. Яхт түрээслээд хүмүүсийг арлуудаар зугаацуулж явмаар байна. Би тийм гэр бүлийн улсуудыг үзсэн. Нөхөр нь капитан нь, эхнэр нь эзэгтэй нь, тэгээд бас нэг усан цэрэг. Зун нь далайгаар тэнэж мөнгө хийгээд, харин өвөл нь өөр наран дор уулын цанаар гулгасан шиг...
Эцсийн асуулт: Та улстөрөөс явахаараа юу хийе гэж бодож байгаа вэ?
Еэ, тэнгэр минь...  
Засгийн газарт надтай нэгэн эмэгтэй ажиллаж байсан юм. Ажил хэргээр бид хоёр их огтолцдог байлаа: жижиг бизнес, монополийн эсрэг асуудлууд гээд. Хоорондоо холбоотой хуулиуд энд их байдаг. Тэр эмэгтэй уул нь миний санаа бодлыг хүлээн зөвшөөрөн дэмжиж байгаа царай гаргадаг боловч, миний эхэлсэн болгоныг дэс дараалуулан будаа болгодог байв. Хүнд сурталт түшээгийн янз бүрийн нарийн аргаар үндсээр нь суга татан бут цохидог байв. Нэг ч бичиг цаасыг өнгөрөөнө гэж байхгүй. Би түүний мэргэжлийн чадварыг хүндэлдэг байсан. Түүнтэй хэл амаа ололцохыг хичээдэг байсан.
Бидэнд булаацалдах зүйл байхгүй, бид нэгэн бодол санаатай улс гээд л. Яагаад ч нэмэр байдаггүй байв. Тиймээ, булаацалдах зүйл байхгүй. Тийм ээ, бид ижил бодол санаатай. Харин тэр бол ээж, нохой хоёртойгоо л амьдардаг, бүх насаа каръертаа зориулан хань ижилгүй хоцорсон эмэгтэй. Би бол би. Асуулт байна уу? Асуулт байхгүй. Засгийн газар хямралд орсон байсан үед тэр эмэгтэй намайг зайлуулахын төлөө чадах бүхнээ хийсэн юм. Зайлуулж чадсаан. Жилийн дараа өөрөө ч халагдсан. Хэрэв тэр эмэгтэй надад атаархсандаа ямар ч учир утгагүй дайн зарладаггүй байсан бол – юу ч болоо билээ? – засгийн газарт өдий хүртэл бүхэл бүтэн 2 эмэгтэйгээр илүү байж болох л байсан даа. Ядаж бүхэл бүтэн нэг эмэгтэйгээр.
Арбатовагийн клубт болсон уулзалт дээр нэг эмэгтэй надад хэлэв:
-Би таныг үзэн яддаг. Би таныг хэзээ ч дэмжихгүй. Би үүнийгээ өөрт чинь шууд хэлэх ухаан сэхээ байгаа болоод хэлж байгаа юм. Энэ нь таны үзэл бодолтой огт хамаагүй, юутай ч хамаагүй, та бүх юмыг чадаад, харин би чадахгүй байгаа болохоор л би таныг үзэн яддаг.
Би түүний сэтгэлээ илчилснийг нь үнэлсэн шүү. Хүнд байтугай өөртөө ч сэтгэлээ илчилж чадах эмэгтэй ховор. Эрчүүдийн өрсөлдөөн бол логиктой болоод учиртай байдаг: энэ хэрчмээс боллоо, энэ хүүхнээс боллоо, энэ албан тушаалаас боллоо. Харин эмэгтэйчүүдийн өрсөлдөөн бол ямар ч рационал чанаргүй, дэвэн дэлхийн хэмжээтэй. Эр хүн хэзээ ч нэгнийгээ гоолиг биенд нь атаархсанаас болж шоглохгүй, түүнд тааламжит үгс хэн нь ч билээ, бараг зуун жилийн өмнө хэлсэнд нь өширхөхгүй. Эмэгтэй хүн бол мартахгүй өширхсөөр байдаг. Бас бид нэгнийгээ шоглохын тулд сүрэг болон нийлдэг онцлогтой. Харин нэгийгээ дэмжин туслахын тулд нийлнэ гэж байдаггүй. Хоёр эмэгтэй хүн зэрэгцээд толинд хараад зогсоод байж ч чаддаггүй. Арай муухан нь эвгүйрхээд,уруулаа ч будаж амжилгүй, дургүй нь хүрэн холддог. Нэг эмэгтэй нөгөө эмэгтэйгийн хувьд хамгийн сайхан зан гаргалаа гэхэд – тээг садаа тавихгүй байхаас хэтрэхгүй. Памфилова ч, Хакамада ч, миний хайртай Старовойтова ч юу ч бүтээж чадаагүй өнгөрсөн. Тийм болохоор улстөрд эмэгтэйчүүдийн тоо толгой цөөхөн байгаад гомдоллоод байх хэрэггүй ээ. Өөрсдийн маань л хохь. Бид тархай бутархай байдаг болохоор эрх мэдлийг эрчүүд атгаж суудаг. Бүх юм шударга л байгаа биз дээ...
Орос Улсад захирна гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь хоолтой тогоо руу хэнийг ч ойртуулахгүй байх л гэсэн үг. Тэгээд эмэгтэйчүүдийг ойртуулдаггүй. Засгийн газрын мөнгөний уутны ойролцоо хүүхнүүд бид байхгүй, эдийн засагт ч бид байхгүй. Яагаад гэвэл эдийн засаг бол улстөртэй нягт наалдаастай байдаг. Оросоос бусад аль ч оронд тэрбумтан эмэгтэйчүүд байдаг. Энд би засаг захиргаатай гагнагдаагүй тэрбумтнуудыг хэлж байна. Яагаад? Хорин нэгдүгээр зуун бол түүхий эдийн эдийн засаг биш. Шинэлэг санааны эдийн засаг. Хэрэв тархи нь ажилладаг бол тэр эмэгтэйд боломж бий. Оросод тархи - эдийн засгийн хөдөлгүүр болж чаддаггүй. Тархи - нефть, газ гэх мэтэд л үйлчилж байна. Манай эдийн засаг маш хуучинсаг:  байгалийн нөөц болон түүхий эд дээр тогтсон хэвээр байгаа. Тэгэхээр өнөөдөр эм хүн яаж алтны уурхай олж авахын? Хийн хоолой руу яаж ойртох юм? Хэн түүнд зөвшөөрөх юм?
Эрэгтэй хүний дайтан булаах зөн совин нь биеэ хамгаалах зөн совингоос нь хүчтэй. Би депутат байхад намайг, бид яагаад хөнгөн цагаан бэлдэцийг копейкоор зарж байгаа юм, бэлэн бүтээгдхүүн болгоод рублээр зарж болох байхад гэсэн асуудлыг өргөөдхөөч гэсэн юм. Өргөлөө, би. Гэтэл дараа нь над руу хүн ирээд сануулга өгөв: Асуудал өргөө юу? Одоо тэгвэл буулгаад - март. Аминдаа хайртай бол амаа тат. Татсаан. Хөнгөн цагааны төлөө амиа өгөхөд би бэлэн биш байна.
Морьд давхисаар л байна
Улстөрийн каръер хийж байгаа эмэгтэй хүнд зориг тэвчээрээс гадна од эрхэсийн тохиол, азын элемент байх ёстой. Надад аз тохиосон. Хэрэгцээт цагт хэрэгцээт хүмүүсийн дэргэд би байж таарсан. Одоо харин цаг үе өөрчлөгдчихөөд байна. Одоо холбооны аюулгүй байдлыг хамгаалахын систем хатуу чанга болсон гэдэг нь, бүхнийг дэвслэн гишгээд аз эз гэж ч байхаа байж, учиртай бодолтой хөдөлж байж л ялах болно. Эсвэл цэрэг эмэгтэйн үүлдрийнх бол ялж болно. Засаглалд оруулж болох эмэгтэйн төрөл бол цэрэг – эмэгтэйчүүд юм. Тэдэнд хувийн амбиц байдаггүй. Тэд эргэлзэнэ гэдгийг мэддэггүй. Тэд сөхөрч унатлаа ажилладаг. Тэдэнд хамгийн онцгүй ажлыг даалгадаг. Та анзаарч байсан уу? Думын хамгийн хэрүүлтэй хуралдаануудыг Селезнев биш, Любовь Слиска удирдан явуулдаг байсан. Селезнев болохоор ууршсан мэт алга болчихдог. Нэг бол өвчтэй, нөгөө бол томилолтоор явсан гэдэг. Даргын суудалд Любовь Константиновна суувал – өнөөдөр парламентад нэлээд зөрчилдөөнтэй асуудал хэлэлцэгдэх нь, уйдахгүй юм байна гэж ойлгоно. Эрчүүд цагаа тайлан биеэ бэлдээд, хүүхнүүд үс гэзгээ янзлаад, телевизийнхэн мэргэн буудагчийн байрлалыг эзлээд парламентын зодоон болдог уламжлалтай, тайзны урд байдаг талбайг овоо хараандаа онилон хүлээдэг. Тэгээд зодооныг бахдалтай нь аргагүй бичээд бүх сувгаар цацна: ард түмний элчүүд дахиад л зодолдов гээд. Үүнд хэн буруутай вэ? Байдлыг дахиад л хяналтандаа байлгаж чадаагүй, хуралдааныг удирдаж чадаагүй Слиска буруутай.
Нэг удаа миний эмэгтэйчүүдийн нэгдмэл байдлын зан хөдлөөд. Байдал хурцдаад, тайз руу пиджакаа тайлсан депутатууд цуглараад ирлээ. Тэргүүлэгчид аль хэдийн алга болчихсон байв. Сандалнууд нь хоосорчихсон, голд нь Слиска л үлдчихсэн, тайзны урд зодоон эхлэх гээд л... Би тайз руу үсэрч гараад Слискад шивнэв: бушуухан завсарлага зарлаад босоод явчих. Зарлаад, босоод явчихлаа. Гэрэл, микрофонууд унтрангуут бүгд танхимаас гарав. Завсарлагын дараа агсамнал алга болчихсон байв.
Валентина Матвиенкод ч бас л ийм юм тохиолддог. Тэрээр, Петербургийн 300 жилийн ойг тэмдэглэх үеээр амбан захирагч болсон. Хамаг юм нь зуун задгай, хэлэхийн аргагүй замбараагүй байлаа. Баахан зочид урьчихаад байдаг, гэтэл орон гэр нь тэмээ туйлсан юм шиг, бэлдсэн юм юу ч үгүй. Матвиенко амбан захирагчийн сонгуульд өрсөлдөхийн хажуугаар баярын бэлтгэлийг хангах проблемуудыг шийдэн ажилласан юм. Гэтэл амбан захирагчийн сонгуулийг парламентынхтай харьцуулашгүй шүү дээ. Парламент руу үзэл бодлоороо явдаг бол амбан захирагч гэдэг бол – мөнгө. Төсөв. Зуун бүлэг, зуун фракц, бүгд шантажлана. Засгийн газрын дэмжлэгтэй явж байсан ч ногоон гэрлээр явдаггүй. Харин тэр чадсан, бүхнийг нуруундаа үүрээд гарсан.
Нэг хуучны онигоо байдаг, одоо ч ач холбогдлоо алдаагүй гэж бодож байна, надад л лав их таалагддаг онигоо:
Нэлээд согтуу эр нөгөө согтуу толгойгоосоо асууж:
-Вася, сонс доо, чи давхиж яваа морийг зогсоож чадах уу?
-Юу гэж дээ, Ваня минь!
-Галд автсан байшин руу орж  чадах уу?
-Юу гэж дээ, Ваня
-Вот, үүний чинь төлөө л би чамайг хүндэлдэг юм.
-Юуны төлөө вэ, Ваня?
-Чамайг ийм, хүүхэн зангүй болохоор чинь. (Орос эмэгтэй давхиж яваа морийг ч зогсоож чадна, шатаж байгаа байшин руу ч орж чадна гэсэн магтаал үг байдаг. Орч.)
Ийнхүү, улстөрч эмэгтэй, суворовынхоор, тоо толгойгоороо биш - ур чадвараараа байлдахаас өөр аргагүй байдаг. Ганц нэг чадвар хуримтлуулснаа ахан дүүсийн сэтгэлээр хуваалцъя.
Лоомны эсрэг арга: эхний зөвөлгөө
Эмэгтэйчүүд бид гомдсон хүндээ “Гараад уулзъя” гэж хэлэх аргагүй. Хоёрдмол утгатай сонсогдоно. Тэгээд ч яах юм билээ? Бидэнд олон зууны турш хэрэглэж туршлагажсан, сайтар эзэмшсэн нэгэн зэвсэг байгаа. Энэ бол нээнтэг. Гэхдээ нээнтэг маань маш хөнгөн бөгөөд оновчтой байх ёстой, яг л зүүгээр хатгаж байгаа мэт. Үзүүрт нь хор түрхээд хэрэггүй. Нээнтэгний хор нь – айдас. Айдсыг цаад хүн чинь өөрөө ялгаруулчихна. Хэрэв та зөв цэгийг нь олж хатгасан л бол - айна. Жишээ нь, ямар нэгэн новш парламент дээр таныг шавартай хутгаж бүх л юманд буруутгаж, бараг л хааны гэр бүлийг буудан хороосон гэж гүтгэлээ гэж бодъё. Яг намайг, Думд хүүхдийн тэтгэмжийн тухай хууль оруулж байхад элдвээр хэлсэн шиг. Тэгвэл та тайван гэгч нь сонсоод, дараа нь микрофоныхоо товчийг дараад аядуухан хоолойгоор:
-Таны орооцолддог эрүүгийн бүлэглэлүүдийг бүгдийг нь би мэднэ л дээ. Яг одоо нэрлэсэн ч чадна. Хэлэх үү?
Зоригтой жүжиглэ, алдахгүй. Цаад хүн чинь шалчийгаад л ирнэ, хэрүүлээ үргэлжлүүлж зүрхлэхгүй. Бүгд л ямар нэгэн “но” – той байдаг болохоор, нээрээ ч хамаг нууцыг нь зарлачих юм билүү гээд айна.
Энэ аргыг би залуудаа туршиж үзэж байсан юм. Тэр үед би дээд сургуульд багш болохын төлөө өрсөлдөж байлаа. Арай гэж багш болов. Тэнхимд маань нэг, хүн бүхнийг айлгадаг доцент байлаа. Түүний гарт юу ч байхгүй мөртөө, нэг их учиртай царайлдаг байсан юм. Тэр намайг зайлуулахаар шийдэхгүй юу: нам бус Хакамада тэнхимд биш, шал өөр газар байх ёстой, дөчин жилийн өмнө байсан бол чамайг тэр газар руу ядаж цөхөх юмгүй явуулчих байсан гэх маягаар. Нэгэн удаа тэнхимийн хурал дээр тэр миний хүзүүг гогцоолоод авлаа. Чангалж татах л үлдчихээд байв. Хамт ажиллагсад маань санаа алдан харцаа буруулахаас цаашгүй суув. Би гэртээ галзуурах шахсан амьтан ирэв. Дараа нь гүн амьсгаа аваад нөгөө доцентын гэр рүү залгав. Эелдэг нялуун хоолойгоор хэллээ: миний эцэг Төв Хорооныхонтой ойр байдаг юм шүү дээ, та наад зангаа татахгүй бол муу юм болох вий дээ, - гээд утсаа тавьчихсан. Юун ТХ, ямар муу юм болох байх вэ дээ, шал худлаа солиорч байхгүй юу. Гэтэл нөгөөх чинь намайг ангуучлахаа больчихож билээ. Эмэгтэй хүн заримдаа ийм хөдөлгөөн хийж байх хэрэгтэй, тэгэхгүй бол идүүлчихнэ. Гэхдээ энэ аргыг хамаа намаагүй хэрэглэж болохгүй, маш хааяа, аргагүй тохиолдолд л хэрэглэж болох онцгой зэвсгээ болговол дээр.
Өөрөөсөө илүү эрх мэдэлтэй хүнийг хэзээ ч буланд шахаж болохгүй.
Ходорковскийг баривчлагдсаны дараа би мэдэгдэл хийе гэж санал гаргасан юм:
а ) энэ баривчилгаа улстөрийн шинж чанартай, түүнд тулгаж байгаа зүйл ангиудыг бизнес хийж байгаа хүмүүсийн тэн хагаст нь тулгаж болно.
б) Таслан зогсоох арга хэмжээг өөрчлөхийг шаардах – Ходорковский нийгэмд аюул занал учруулахгүй бөгөөд гадагшаа зугтаахгүй. Ингээд л болоо.
Чубайс мэдэгдэлтэй санал нийлсэн боловч Путин руу хандсан мэдэгдэл хийе гэв. Би эсэргүүцлээ – энэ бол буруу, Путин руу хандах хэрэггүй, түүн рүү хандсанаар бид түүнийг  хаанд өргөмжилж, хаанаас хэлтрүүлэг хүсч байгаа юм шиг юм болно, Орос Улсад бүх зүйл Путинээс хамаардаг гэж харуулж байгаа хэрэг болно. Ходорковскийн эсрэг улайссан машин ажиллаж байна, хэрэв бид Путин л түүнийг шоронд хийсэн гээд бахираад байвал Путиныг хямралд оруулах болно, харин манай улсад эрх баригчаа хямралд оруулбал - дарангуйлагч болоод хувирчихдаг. Тэгэх юм бол бид нөхцөл байдлыг аварч чадахгүй. Хэрхэн амь гарах тухай хэн бүхний мэдэх дүрэм байдаг: бүхнийг гартаа атгаж байгаа гол этгээдийг дэвжээнээс гаргаад, түүнд тулааныг дээрээс нь хянах боломж өгөх. Хүчлэж л болохгүй. Хүчлэвэл, нөхөртөө “Чамайг дахиж тэгэх юм бол би уучлахгүй шүү” гэж хэлдэг эхнэртэй л адил болно. Нөхөр нь зөвшөөрсөн мэт дуугүй байх боловч, дараа нь дахиад л нөгөөхөө хийнэ, авгай нь дахиад л уучилна, салаад явах тэнхээгүй, эсвэл боломжгүй болохоор яаж ч чадахгүй. Нөхөр нь үргэлжлүүлээд л байна. Харин дараа нь гэрээсээ яваад өгдөг, яагаад гэвэл дарамтлагдан дарлуулсан авгайтай амьдрах хэцүү бөгөөд сонирхолгүй болдог.
Би шахаад л, сэнхрүүлээд л байлаа, харин Чубайс өөрийнхөөрөө Путин руу хандсан мэдэгдэл хийсэн. Мэдээж, энэ нь Ходорковскийд тус болоогүй.
Найрал хөгжим, хийл, концерт: хоёр дахь зөвөлгөө
Эр хүн эм хүнийг харахаас биш, сонсдоггүй. Тодорхой мөч хүртэл сонсдоггүй. Тэдний маргаж хэрэлдэж байгаа үед битгий өөрийнхөө саналыг тавьж бай. Мухардалд ортол нь хүлээ. Бид СПС /Союз Правых Сил/ холбоог байгуулж байлаа. Хөгжилтэй гурван этгээд: Кириенко, Немцов, Хакамада нэгдээд байв. Сергей Кириенког ерөнхий сайд болчихсон байхад, би сайд байсан мөртөө түүнтэй уулзаж чаддаггүй байсан юм. Гэнэт нэгдсэн хүмүүс команд болж чаддаггүй. Команд гэдэг бол – эхлээд гар нийлэн хамт ажиллаж байгаад дараа нь цаашаагаа хамт явахыг хэлнэ. Нэг нэгийгээ мэддэг, нэгэн санаатай болсон хойноо хамт явна гэсэн үг. Немцов бол Кириенког аль дээр үеээс, Нижний Новгородод байхаасаа таньдаг байсан бол би – үгүй. Хамт ярилцлага өгч байхдаа бид хоёр зүгээр л шугамын микроавтобусанд хамт суучихсан явж байгаа хүмүүстэй ижил байдаг байлаа: зэрэгцээд сууж байгаа боловч - тус тусдаа. Нэг нэгэн рүүгээ харахгүй, нэг нэгийнхээ үгийг иш татахгүй, нэг нэгэн рүүгээ толгой дохихгүй. Ямар нэгэн юм хийхгүй бол болохгүй байв. Тэгээд сэтгэл зүйчдийг хөлслөөд долоо хоног амралтанд явав. Немцов, Кириенко, Хакамада, тэгээд баахан мэргэжилтнүүд. Тэд биднийг 3 хоногын турш хооронд нь наав. Дөрөв дэхь хоног дээрээ ямар нэгэн үр дүн гарсан байх ёстой гэж үзээд шалгалт авав. Бид асуултанд хамтаар шийд гаргаж хариулах ёстой байв. Даалгавар: Агуулахаас тавилга очиж авах шаардлагатай, эмнэлэгт байгаа ээжийгээ эргэх, хүүхдээ сургуулиас нь авах. Энэ бүхнийг заагдсан богино хугацаанд амжуулахын тулд хамгийн тохиромжтой маршрутыг хамтын хүчээр гаргах хэрэгтэй байв.
Немцов, Кириенко хоёр эв найртай нь аргагүй цагийг минут болгоод, минутыг секунд болгоод, хуваагаад, зайнд үржүүлээд, гэрлэн дохионуудыг тоолоод л... Над руу ер хандахгүй, зөвхөн хоорондоо л харьцаад байв: “Тийм биз дээ, Борис оо? Зөв зөв, Сергей”. Тэгээд энэ математикийн тооцоогоо сэтгэл зүйчдэд хамтын шийдэл гээд өгөв. Намайг оруулсан хамтын шийдэл гээд. Гэтэл, миний маршрут огт өөр, ээж дээрээ хоёр минут биш, бараг хамаг хугацаагаа зарцуулсан,/ амьдрал дээр ээж дээрээ очиж цэцэг, жимс шидчихээд л буцаад яваад өгнө гэж миний толгойд орж ирэх ч үгүй/  харин агуулахаас авах ёстой тавилгын асуудлыг мөнгө нэмж төлөөд тэнд нь үлдээхээр зохицуулсныг үзээд Немцов, Кириенко хоёр ангайх шиг болов. Бид чамаас асуугаад л байсан биз дээ? Үгүй ээ, асуугаагүй, энэ видеобичлэгээ хар. Миний өмнөөс шийд гаргаад, намайг бол анзаараа ч үгүй байхгүй юу. Эрчүүдийн энэ, өөрсдийгөө л гэдэг, харин эмэгтэй хүнийг холбоотноо гэж ойшоодоггүй байдал тэдний дотоод ухамсарт уяатай байдаг.
Тэгэхээр, өөрийгөө сонсгохын тулд тэдний орилж дуусахыг нь хүлээх хэрэгтэй. Ид асаж байгаа үед нь тэдэн юм хэлээд ямар ч нэмэр байхгүй. Тэднээс хавьгүй чанга орилоод ч юманд хүрэхгүй. Харин орилж хашгираад чадал тэнхээ нь барагдахаар – одоо таны цаг. Стандарт тодорхойлолтоор ярьж болохгүй. “Энэ бүхэн чинь утгагүй, муухай, сонирхолгүй” гэх мэтээр, эсвэл “ аймаар том алдаа болно, тэнэг дүгнэлт гаргаж байна, ийм юм байж болохгүй, миний сэтгэл өвдөж байна” гэх мэтээр ярьж хэрхэвч болохгүй. Тэдний өмнө энгийн нэг орос авгай л зогсож байгаа шүү дээ, тиймээс эхний өгүүлбэр маш их агууламжтай байх ёстой. Тэгвэл, тэдний чих нээгдэж, нүдэнд нь сонирхол асаад ирдэг.

Тахиа тоншиж иддэг: гуравдахь зөвөлгөө
Улстөрч хүн бие даан тусгаар тогтнон байх боломжгүй байдаг. Улстөрчдийн зардал гэдэг бол тоймгүй их. Сөрөг улстөрчдийнх бол бүүр ч их. Өөрийнхөө мөнгөөр л офис түрээслэхээс өөр аргагүй. Тэгээд бас танд офисоо түрээслүүлэх зоригтонг олох тийм ч амаргүй. Москвад офис түрээслэх хамгийн доод үнэ - сарын 10 000 доллар. Цаас, хавчаар, утас, интернет... Энэ ч яахав. Үй олон мэргэжилтэн хөлслөх хэрэгтэй болно. Харин тархи бол өндөр үнэтэй байдаг. Улстөр судлаач, хэвлэлийн төлөөлөгч -  нарийн бичиг, хуульч гээд заавал байх ёстой. Улсын тарифт цалингаар хэн ч ажиллахгүй нь ойлгомжтой. Бүгдэнд нь нэмэлт цалин өгч таардаг. Тиймээс, өөрийн мэргэжилтнүүдтэй байхын тулд их мөнгө хэрэгтэй. Ингээд л мөнгөний эрэлд гарна даа.
Эрэгтэйчүүдийг бодвол эмэгтэй улстөрчид мөнгө хавьгүй хэцүүгээр олдоно. Анхны удаа мөнгө орж ирэхэд хэн өгснийг нь би шалгасан ч үгүй. Тэгсэн чинь хууль бус этгээдүүд байж таараад, дараа нь надаас есөн шидийн тусламж нэхэв: тамхийг нь татвараас чөлөөлж өг гэх мэтээр. Дараа нь гайгүй болсон. Ер нь л аюултай. Том бизнесийнхэн бол биднийг сонирхдоггүй, ашиггүй гэж үздэг. Би өөрөө ч бизнесээс ирсэн болохоор надад танил бизнесмен өчнөөнөөрөө байлаа. Тэдэн рүүгээ утасдана: хөгшөөн, ярих юм байна? Ярья л даа тэгвэл. Тэгээд ярина – ямар ч үр дүн гарахгүй. Миний энэ, дундаж ангийнхны төлөөх тэмцэл хэнийг ч догдлуулсангүй. Хэн бүхэн яг одоо, энд л ашгаа авахыг хүсч байв. Өглөө нь мөнгө – орой нь сандал гэдэг шиг. Миний нэг таньдаг бизнесмен гадаадын бизнесмен, оросын бизнесмен хоёрын ялгааг маш ухаалгаар тайлбарлаж өгсөн юм:
Барууны маш баян бизнесмены мөрөөдөл юу вэ? Дээд хүрээнд орж улстөрийн бодлогод нөлөөлдөг болох хэмжээний мөнгө хийх.
Барууны дунд зэргийн бизнесмены мөрөөдөл юу вэ? Өөрийнхөө нэрийг дэлхийн бренд болгох бүтээгдхүүн хийх.
Барууны жижиг бизнесмены мөрөөдөл юу вэ? Хувийн байшин, 2 машин, хайртай эхнэр, 4 хүүхэд, тэгээд дээр үр ачдаа үлдээх өв хөрөнгөтэй болох.
Оросын маш баян бизнесмены мөрөөдөл юу вэ? Засгийн газарт, эсвэл засаг захиргаанд орж аваад, ахиухан шиг мөнгө идээд, дараа нь гадаадад гарч, Францын урд эрэг дээр вилл бариад тэндээ амьдрах. Яагаа гэвэл тэрээр Оросын засгийн шударга төвшинд итгэдэггүй.
Оросын дунд зэргийн бизнесмены мөрөөдөл юу вэ? Зөндөө их мөнгө хийж болохуйц бүтээгдхүүн бий болгох, гэхдээ өөрийнх нь нэр энэ бүтээгдхүүнтэй холбогдох ёсгүй. Дараа нь гадаадад гарч, Францын урд эрэг дээр вилл бариад тэндээ амьдрах. Яагаад гэвэл тэрээр Оросын засгийн шударга төвшинд итгэдэггүй.
Оросын жижиг бизнесмены мөрөөдөл юу вэ? Барууныхтай ижил: байр, машин авах мөнгөтэй болох, хайртай эхнэр, 4 хүүхэд, харин энд бол үр ачдаа үлдээх өв хөрөнгөтэй болж чадахгүй гэдгийг сайн ойлгож байгаа болохоор, мөнгөний боломжтой болонгуут гадаадад гарч дээрх бүх  зүйлээ авч сайхан амьдрах. Яагаад гэвэл тэрээр Оросын засгийн шударга төвшинд итгэдэггүй. Тэгэхээр, урт хугацааны төсөлд мөнгө оруулах бизнесмен яаж байх юм бэ, юун урт хугацааны төсөл?
Нөхөр маань надад үнэт зөвөлгөө өгсөн юм. Би бас л мөнгө цуглуулах гэж ядаж байтал, нөхөр маань хэлэв: одоо хүмүүс чиний үнэт зүйлс болон зорилгыг мэддэг болчихсон байгаа шүү дээ. Тэгэхээр чи одоо зүгээр нэг ийм моделийг л ажил болговол яасан юм? Ингэж ярьж бай: “их мөнгө шаардлагагүй ээ. Та сард 500 доллар хандивлаад, үүнийхөө төлөө үзэл нэгтнээ санхүүжүүлж байгаа гэдэгтээ сэтгэл хангалуун байх боломжтой. Сардаа 2000 – ыг өгч байх юм бол комиссын хуралдаануудад оролцож, шийдвэр гаргалцах эрхтэй. 5000 – ыг сардаа хандивлаж байвал шийдвэр гаргахын өмнө тантай ганцаарчилсан уулзалт хийж байх болно. Хувийн ашиг сонирхолын лоббиг хүлээн зөвшөөхгүй.” Тэгээд л болоо, өөр юу ч хэлж хэрэггүй. Энэ модель надад их таалагдсан тул шууд л хэрэгжүүлж үзэхээр шийдлээ. Удсан ч үгүй, моделоо турших боломж гарав. Хаашаа ч билээ нисч явтал, нэгэн танихгүй бизнесмен намайг онгоцны “00” – ийн тэнд аваачаад, миний намд мөнгө хандивламаар байна гэв. Ямар нөхцөлтэй вэ? – гэж асуув. Урьд нь бол би, өнөөх л үнэт цэнэт зүйлсээ яриад, лоббидох асуудал огт байхгүй гэдгээ дэлгэрэнгүй ярих байлаа. Харин одоо бол маш богино хариулт өгөв: 500 – хангалуун сэтгэл, 2000 – тактикийн асуудлуудыг хэлэлцэхэд оролцох, 5000 – стратегийн түвшинд хамтран ажиллах. Ойлгомжтой юу? Ойлгомжтой. Яриа үүгээр дуусав. Харин 3 сарын дараа нөгөөх чинь утасдаад: би зөвшөөрч байна, - гэв. Аль хувилбар вэ? Эхний хувилбар. Тэгээд 2 жилийн хугацаанд сар бүр 500 доллар хандивласан юм.
Гэхдээ, том хандивын тухай бол өөрөө хэлэлцээр хийгээд хэрэггүй, таны итгэлийг хүлээсэн эрэгтэй хүн хийсэн нь дээр. Миний итгэлт хүн бол – нөхөр маань. Тэр минь төсөвөө зохионо, ивээн тэтгэгч хүсвэл тайлангаа тавина. Ивээн тэтгэгчтэйгээ дотны харьцаатай бол тайлан майлан гэхгүй л дээ. “Би ямар арилжаа, бизнесын төсөл санхүүжүүлж байгаа биш. Тайлан надад хэрэггүй. Миний мөнгөөр нарийн бичиг хөлслөнө гэчихээд оронд нь имижмейкер хөлсөлсөн бол, эсвэл шинэ костюм авсан бол тэгнэ л биз, хэрэгтэй болоод л тэгээ биз” – гэдэг.
Ид, уу, сайхан цэнгэ: дөрөвдэхь зөвөлгөө.
Сэтгэлээ барьж чадахаа болиод, хорвоо ертөнц ямар ч гэрэл гэгээгүй болоод ирэхэд, эмэгтэй хүн минутын сульдаагаа цаг, өдөр хоног, жил болгож, дахин босч ирэхгүйгээр бүрмөсөн унъя гэвэл яах ёстой вэ? Өөрийгөө өрөвдөн гиюүрэх. Харин ертөнцийн гэрэл гэгээг бидэнд буцаан авчирч, сэтгэл өөд татдаг зүйл юу билээ? Сайхан шопинг ба сайхан шейпинг. 1993 онд би, даарсан, гомдсоноосоо чичрэн байж хэвлэлийн төлөөлөгчдөө: “Больё, би хаашаа ч сонгогдохыг хүсэхгүй байна. Харих минь. Ээждээ очих минь...” гэж эрс шийдэмгий мэдэгдсэн юм. Уул нь тэр өдөр нэг их байдаггүй, сүйдтэй юм болоогүй л дээ. Үгүй яахав дээ, хоцрохгүйн тулд зам товчлон, хүзүүгээрээ татсан хунгар дундуур явган туучин байж очтол сургуулийн хурлын танхим нь мөсөн хонгил шиг юм байгаа л биз. Яахав дээ, хасах хорин хэмийн хүйтэнд нэр дэвшигчтэй уулзах гэж ирэх хүн байгаагүй л юм байгаа биз. Үгүй яахав дээ, ирсэн хоёр амьтан нь намайг, Орос нутгийг бузарлаж байгаа япон новш гэж доромжлоо л биз? Сонгуулийн өмнөх кампаний үеээр байдаг л зүйл шүү дээ. Зүгээр л тэр өдөр цугларсан бухимдал маань зад тавихгүй юу. Хэвлэлийн төлөөлөгч маань “Тайван, тайван” гээд намайг гэрт минь биш шөнийн дискотек руу аваад ирсэн. Бид өглөө болтол, ядарч үхтлээ бүжиглэв. Өглөө нь Игорь асуув: “Үргэлжлүүлэх үү тэгээд?” “Үргэлжлүүлнээ”!!!
Дараагийн удаа нь би өөрөө, 2004 оны ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гардаг шөнө бүжиг зохион байгуулж, цуцаж унатлаа бүжиглэж билээ. Шинжээч, сэтгэлзүйч нартайгаа зөвлөлдөн, сонгуулийн дүнгийн диаграммыг харан тайвшруулах эм хүлхэн, наштырийн спирт үе үе үнэрлэн үхэж байхын оронд би “Бид нэг нэгийгээ сонгов” гэдэг уриатай үдэшлэг зохион байгуулаад, баахан аятайхан хүмүүсийг урин цуглуулж байгаад зад авсан даа.
Ер нь ямар нэгэн онцгой асуудал болоогүй байхад ч – гоё даашинз харагдвал – ав, дискотект очиж бай. Өглөөнөөс үдэш хүртэл “ард түмэн надгүйгээр яаж байгаа бол” гэж бодох хэрэггүй. Ард түмэн чамгүйгээр – зүв зүгээр, маш сайхан байж байгаа!
Эцэст нь, хамгийн нандин зүйл: улстөр бол эмэгтэй хүний эмэгтэйлэг мөн чанарыг алдаг, танк болгож хувиргадаг гэдэг. Улстөрийн каръер хийж байгаа эрд хэн ч “Чи ийм янзын гоё юм байж улстөрөөр яах гэсэн юм? Тайзан дээгүүр л алхаж байхад болно гэдэггүй. Эсвэл, хэрэв сайхан төрхгүй бол, бас л муу, яагаад гэвэл энэ муу эмэгтэй – юу ч биш, хүний сонирхлыг татахааргүй амьтан гэж бодно. Үгүй ээ, тийм биш, худлаа. Би бүх насаараа хайрцагтай амьтан байсан. Хайрцагтай жаахан охин, хайрцагтай өсвөр насны охин, хайрцагтай оюутан... Дараа нь улс төрд орсон чинь хайрцагнаасаа гарахаас өөр аргагүй болсон юм. 93 оноос хойш би хүмүүстэй тасралтгүй харьцаж байна. Том ертөнцийг би өөр дотроо оруулсан. Ингэснээр миний олон чанар хөгжсөн. Надад хөнгөн чанар, хүнтэй холбоо тогтоох чадвар, хүнтэй харьцах чадвар, мэдрэмж гээд янз бүрийн чанарууд гэнэт гараад ирсэн. Ялангуяа зөн мэдрэмж яг байсан юм билээ. 95 онд, сонгуульд ялсныхаа дараа, найз хүүхэнтэйгээ наран шарлагын газар биеэ шарангаа бодон хэвтэв: би чинь депутат хүн, Орос даяар танил болсон хүн, гэтэл би яагаад ийм аз жаргалгүй байна аа? Юу ч хүсэхгүй байна. Хүчирхэг байхыг ч хүсэхгүй байна. Бүх талаараа өв тэгш байхыг хүсэхгүй байна. Би өөрөө өөртөө багадаад байна. Гоё машинаар далайн эргээр явмаар байна. Жолооны ард мөрөө хүрсэн долгионтой үстэй плейбой. Надад ухаангүй дурласан, зүүн гар нь жолоогоо бариад, харин баруун гар нь миний өвдөг дээр тавиастай... Дашрамд хэлэхэд, энэ бүхэн яг биелсэн шүү!
Гэрийн даалгавар
Тест № 1
Чухал асуудал хэлэлцэгдэж байна. Байдал хурцадсан бөгөөд эрчүүд хараалын үгийг /мат/ зүгээр нэг хавчуурга болгож бус, үг ярианыхаа үндсэн нэгжийг болгон хэрэглэж эхлэв. Та яах вэ?
а)  Сануулга өгнө... дахиад сануулга өгнө... бас дахиад сануулга өгнө... сүүлийн удаа сануулга өгнө... сурлагын дэвтрийг нь шаардаж эцэг эхийг нь дуудна.
б) Хажуугийнхаа хүнийг орчуулга хийж өгөөч гэж гуйна.
в) Цүнхнээсээ “тампакс” гаргаж ирээд чихээ бөглөн эсэргүүцэл үзүүлнэ.
г) Тэмдэглэлийн дэвтэрт хамгийн сонирхолтой хараал - хэллэгүүдийг бичиж аваад, цээжлээд хамтран ажиллагсадтайгаа зөв хэлээр харьцаж байхаар шийднэ.
д) Юу ч болоогүй юм шиг байна. Сохрын газар сохор, доголонгийн газар доголон.
Би л лав “д” хувилбарыг сонгоно. Гэхдээ арай өөр байдлаар өөрчилж. Зөвлөлтийн үеийн намын томчууд үргэлж хараалын хэлээр ярьдаг байсан. Одоо ч тэр хэвээр уламжлагдан үлдсэн байгаа. Эд нарын хүрээнд нэгэнт орчихсон бол – дас. Би тэгээд дассан. Нүдээ эргэлдүүлж, амаа жимбийлгэн паа пээ хэмээн муурч унаад байдаггүй. Бас өөрийгөө тэдний үнэнч нөхөр болгож харуулах гэж “Беломор” ханхлуулсан хараалын үгний банзалтай мэргэжилтэн царайлдаггүй. Шаардлага гарвал өөрөө ч би хараалын үгээр ярьж чадна. Ажил нь нервтэй байдгаас, хараалаар хэлэхээс нааш юу ч хүлээж авах чадваргүй болчихсон байх нь бий. Хараал бол наштырийн спирт шиг үйлчилдэг. Хамар доор нь тавихад хүн сэхээ ороод хөдөлж эхэлдэг.  Хичнээн ч удаа харав даа би: дарга нь ажилтнаа гурван давхар хараалаар загнаад л, нөгөөх нь бичиж аваад л. Сонсоод, бичээд, биелүүлэхээр гүйдэг. Черномырдинтэй би “хошного” гэдэг үгнээс авахуулаад хэл амаа ололцож байлаа. “Ира, та хаана байгаа билээ?” гэж асуухад нь би хариулсан юм. Тэгсэн, Виктор Степанович санаа нь амарсан байдалтай амьсгаагаа гаргав: манай хүн байна. Энэ мөч хүртэл би гэдэг амьтантай яаж харьцахаа мэдэхгүй нервтээд байсан юм, тэр.
Бас нэг тохиолдол: нэгэн баримт бичиг дээр надад Санхүүгийн яамны зөвшөөрөл хэрэг болоод байсан юм.   Арай гэж яамны сайд Михаил Задорновтой утсаар холбогдоод эелдэг боловсноор юу хэрэгтэй байгаагаа тайлбарлалаа. Хариуд минь тэрээр, наадахь чинь хэнд ч хэрэггүй гэдгийг мөн л эелдэг боловсноор тайлбарлав. Тэгэхээр нь би, өөрийн мэддэг бүх хараалын хэллэгүүдийг ашиглан, демократууд гүйцэтгэх засаглалд очихоороо юу болж хувирдгийг тод томруунаар мэдээлэв. Баримт бичиг маань зөвшөөрөгдөв.
Тест № 2
Та төрийн түшээгийн өрөөнд танд чухал хэрэгтэй баримтан дээр гарын үсэг зуруулахаар ирэв. Гэтэл өрөөний эзэн хаалгаа түгжээд таныг диван дээр даран унагав. Нүүрийг чинь даралттай халуун амьсгаагаараа түлэн аахилж, гарын үсгээ бэлгийн харьцаагаар солино гэв. Та яах вэ?
1. Ичингүйрэн үнэнээ хэлнэ:
а)  би охин хэвээрээ байгаа. б) би лесби. в)  би хүйсээ сольж эмэгтэй болсон хүн.
2. Би нөхөртөө их хайртай хэмээн уйлна.
3.Нууц амраг гэдгээ хэлнэ:
а)  даргынх нь. б) чечений террористын в) мэргэжлийн алуурчны.
4. Хөхрөөд эхэлнэ. Маш удаан, элгээ хөштөл, гараа савчуулан, үе үе “ Ёо, татаж уналаа...” хэмээн хөхрөнө.
5. Өвдгөөрөө хоёр хөлнийх нь хооронд өшиглөөд, түүнийг эвхрэн “А, муу гичий” гэж үглэх хооронд дотуур холбоогоор нь нарийн бичгийг нь дуудаад, хаалга онгойлгоод хоёр аяга цай аваад ир гэж хэлнэ. Нэг нь сахаргүй.
6. Татгалзахгүй ээ, болж л байна, харин эхлэхийнхээ өмнө хэрэгсэл чинь шаардлагатай үзүүлэлтэнд нийцэж байгаа эсэхийг шалгамаар байна гэж хэлнэ. Хэрэв, танаас хорт могой үзсэн юм шиг год үсрэн холдохгүй, бахархалтайгаар хүссэнийг тань үзүүлбэл, анхааралтай гэгч нь харан, толгойгоо харамсалтайгаар сэгсрэн хэлээрээ шогшроно.
7. Мөн л маш дуртай байгаагаа илэрхийлээд, харамсалтай нь сар тутмын техникийн шалтгаантай байгаа болохоор яг одоо хэрэгжүүлэх боломж алга, тун удахгүй хоёулаа уулзъя хэмээн амлана. Дараа нь хэдэн сарын турш олон хүнтэй газар тааралдах тоолондоо түүн рүү учиртайхан харц шидэн хэн ч ойлгохоор дохиж занган, эцсийн эцэст таны барааг хараад л багананы цаана нуугддаг болтол нь ингэнэ.
Хариулт: зарчмын хувьд, гарын үсэг танд хэр их шаардлагатай байгаагаас хамааран бүх хувилбарыг туршиж үзэж болно. Би № 7 хувилбарыг, хамгийн энэрэнгүй бөгөөд бүх талаар үр дүнтэй гэдгээр нь сонгосон.


Хөндлөнгийн сэдэв:
Макропулосын хэрэгслүүр
Хэрэв би улс төрийг орхих юм бол эмэгтэйчүүдийн сэтгэл зүй болон стиль, өөрөөр хэлбэл, сэтгэлийн ба гадаад байдал дээр ажиллаж эхэлнэ. Тус тусд нь биш, бас сэтгэл зүй дээр нь, эсвэл гадаад байдал дээр нь биш, чухам цугт нь, хамтад нь: сэтгэлийн болоод гадаад байдал. Энэ хоёр байдал хоорондоо бидний боддогоос хавьгүй илүү холбоотой байдаг. Хэлбэр нь агуулгадаа нөлөөлж байдагтай ижлээр, агуулга нь хэлбэртээ нөлөөлдөг.
Миний нэг найз байдаг юм. Бурхан түүнийг гомдоосон зүйл байхгүй мэт: зан аашаар ч, гадаад үзэмжээр нь ч, хөрөнгө мөнгөөр ч. Нэг л мэдсэн чинь, мөнгөнөөс бусад бүх юм нь хаашаа ч юм алга болчихсон байв. Найз маань авгай болон хувирчихлаа: нүд нь унтарсан, илүү жинтэй, аманд нь алтан шүднүүд, толгой дээр нь, аль 70 – аад онд Францын дуучны зөвлөлтөд авчирч байсан, одоо бол археологийн олдворт тооцогдохоор болчихсон сессун засалт. Би энэ найздаа их хайртай болохоор нэг удаа тэсэлгүй, бараг л зодоон цохиондоо тулан байж гадаад байдлаа өөрчлөхийг шаардав: нэгдүгээрт, алтан шүднүүдээ шаазангаар соль, хоёрдугаарт, үснийхээ засалтыг өөрчил гээд. Орчин үед өчнөөн гель, хөөс гээд үс хэлбэржүүлэх юмнууд байна, 3 ширхэг үстэй байсан ч хүссэнээрээ янзалж болохоор байна. Шинэ, стильны засалт хий, чамд зохихгүй байсан ч яахав, ямар ч л байсан өөрийнхөө стильтэй, чамайг бодвол хавьгүй орчин үеийн амьралаараа толгой дээр чинь нэг хэсэг амьдраг, тэгэж байтал, юмыг яаж мэдэхэв, чи түүнийхээ араас бас өндийх ч юм билүү? Надтай яг л ийм зүйл болсон юм даг. Би багш маркийн хонгорцогноосоо нэг л өдөр эргэлт буцалтгүйгээр салсан юм. Үсчний сандалд суугаад, нүдээ аниад, “тайр” гээд халимагтай болсон юм. Харин дараа нь аажим аажмаар үсэндээ тохирсон өөр стилийн хувцас хунар, өөр нөхөр, өөр хувь заяагаа зохиосон юм. Найзаасаа гуравдугаарт шаардсан зүйл маань – чихэндээ юм унжуулахаа болих. Нүүр царай бол сүлд мод биш. Нүдний шил чинь л байхад хангалттай. Дөрөвдүгээрт, наад нэг балай алтан хүрээтэй нүдний шилнээсээ салж үз. Арай зөөлөн, арай зуувандуу, бараан өнгийн, эвэр хүрээтэй нь дээр. Нүдний шил хүний имижэд маш их нөлөөтэй байдаг. Би өөрөө их удаан хугацаанд нарийхан хүрээтэй нүдний шил зүүдэг байсан, эвтэйхэн байдаг байсан юм: ойрын юм харахдаа нүдний шилээ доош нь буулгачихад амар. Нэг удаа улстөрийн технологич надад хэлэв:
-Таны имиж хэтэрхий хатуу байна. Та угаасаа ийм богинохон халимагтай, та угаасаа ийм хар хувцастай, та угаасаа ийм туранхай. Жингээ өөрчлөлтэй нь биш, үсээ бас өөрчлөх боломжгүй, тэгэхээр нүдний шилээ л өөрчлөхөөс аргагүй. Дүр төрхөө дугуй хэлбэртэй нүдний шилээр зөөлрүүлэх хэрэгтэй байна. Харри Поттер маягийн. Ийм шил бусад хүнийг бол баллана, харин таныг бол – үгүй.
Би түүнд эхлээд итгээгүй, харин “Слабое звено” телевизийн программын хөтлөгчийг хараад л ойлгосон юм. Надад энэ тоглоомыг хөтлөхийг санал болгож байсан байхгүй юу. Яана аа, би энэ шилтэйгээ бас ийм, зэвүүн амьтан шиг харагддаг гэж үү?
Тэгээд дугуй хэлбэртэй нүдний шил зүүж эхлэв. Эхний шил маань их том байлаа. Би сарьсан багваахай шиг байдаг байв. Дараа нь хамгийн тохиромжтой хувилбарыг олж авлаа, Жон Леннон маягийн. Харин би Японы хаантай адилхан болчихов. За за, яадаг юм, Японы хаан ямар царай төрхтэйг хэн мэдэх юм, ингэхэд?
Найз хүүхэн маань миний үгэнд ороод өөрчлөгдөж эхэллээ. Шүдээ сольчихлоо. Итали нүдний шил авлаа, аймаар хиппи, хулиган маягийн мөртөө их чамин тансаг шил. Харин үснийхээ хэвийг эргэлт буцалтгүй өөрчилж зүрхэлсэнгүй. Буулт хийсэн болж, юу ч биш, хоёр ч биш, бүтэн хагас ч биш болгочихов. Үр дүн нь – хагас жилийн дараа буцаад нөгөөх, хараал идсэн сессунаа буцаагаад толгой дээрээ залчихлаа. Нүдний шилээ эвдэрчихээр нь дахиад л алтан хүрээтэй шил зүүчихлээ. Тэгээд дахиад л “антисекс” брендийн хувцас аваад эхэллээ. Дулаан бөгөөд эвтэйхэн гээд шоон хээтэй үслэг даавуун өргөн өмд гэх мэтийг авав. Би ялагдлаа хүлээгээд явсан боловч хүмүүс яагаад ингээд хуучин байдал руугаа буцаад байдаг юм бол гэдгийг ойлгохгүй байв. Нөхөр маань турахаар шийдэж түүнийгээ хэрэгжүүлэхэд л үүнийг ойлгосон юм. Би жирэмсэн байхдаа 20 кг таргалсан бөгөөд нөхөр маань ч надтай нэгдмэл байдлаа харуулж, мөн л тийм хэмжээгээр таргалав. Би илүү жингээсээ зовж байж салж байхад, Володя болохоор ямар ч хүч гаргахгүйгээр, фитнесд ч яваагүй, гүйж бариа ч үгүй, зүв зүгээр байгаад л турчихдаг юм байна. Алив наад нууцаа тайл гэж би шаардана биз дээ? Нөхөр маань нууцаа тайлав: “чи ямар болохыг хүсч байна түүнийгээ дотроо сайтар төсөөлөөд, өөр рүүгээ оруул. Тэгэхээр л, автоматаар бага идээд, их хөдлөөд ирдэг юм байна лээ. Хамгийн гол нь, бие болоод сэтгэл чинь шинэ төрхөнд орохоор энергетикээ өөрчилдөг юм байна.” Тэгээд л би найзыгаа, яагаад зөвлөлт үеийн тэнэг хэлбэр рүүгээ буцаж тэмүүлээд байдгийг ойлгосон юм: тэр маань сэтгэл санаагаа өөрчлөхгүй байсан болохоор хуучин хэлбэр рүүгээ татагдаад байдаг юм байна.
Харин өөр нэг найз дээрээ хийсэн туршилт маань амжилттай болсон. Тэр найз маань эмч хүн, Эмиратад амьдардаг юм. Анх ийшээ Украинаас юу ч үгүй хоосон амьтан ирээд, нэгэн поликлиникт жижигхэн гомеапат эмчилгээний кабинет нээж байсан түүхтэй. Одоо бол өөрийн эмнэлэгтэй, арабын шейхуудыг ч эмчилдэг. Найз маань одоо тавь гарч байгаа бөгөөд мах шөл нь таарсан сайхан биетэй эмэгтэй л дээ. Намайг нөхөртэйгээ тэднийд зочилж байхад найз маань: “миний эргэн тойронд тоймгүй олон дажгүй эрчүүд байдаг боловч тэд надтай зөвхөн ажил хэрэгч байдлаар л харьцах юм, намайг зөвхөн эмч гэдгээр минь л харах юм” – гээд зовлонгоо ярьлаа. Мэдээж шүү дээ, театр, киноны тухай ярихдаа ч эмийн жор бичиж байгаа юм шиг байдлаар ярьдаг, пиджакнаас өөр юм өмсдөггүй эмэгтэйг өөр яаж харах юм бэ? Тийм л дээ, араб ертөнц их сүрлэг. Энд хамаагүй марзан хувцас өмсч болохгүй нь ойлгомжтой. Гэхдээ, яагаад үргэлж пиджак гэж? Энд чинь дулаан уур амьсгалтай газар. Сүлжмэл эдлэл гэж юм байдаг юм шүү дээ? Сүлжмэл хувцас бол тачаангуй харагдуулдаг, ажил хэрэгч эмэгтэйг зөөллөж харагдуулдаг увидастай. Бас яагаад дандаа англи өмд гэж? Манай бизнес – леди нар болон төрийн албан хаагч эмэгтэйчүүд англи загварын шулуун өмд их өмсдөг. Тэрийгээ өмсчихөөр нь хэний ч толгойнд элдэв, ажил хэргээс гадуур бодол орж ирдэггүй. Шууд л харагддаг – таны өмнө удирдагч, хамтрагч, байлдааны нэгж байна, даалгавраа авлаа, биелүүллээ, илтгэлээ... Би ч гэсэн ихэнхидээ өмд өмсдөг, гэхдээ албаны, “протоколын” бус, өргөн өмд өмсдөг. Жижигхэн бариу пиджакны хамт ийм өмд эмэгтэй хүнийг хүчирхэг мөртөө эмзэгхэн болгож харагдуулдаг. Ийм костюм олох хэцүү. Манай өндөр үнэт бутикуудэд зөвхөн англи өмд, хиймэл чулуун чимэглэл бүхий пиджакны хослол л өрөөстэй байдаг. Ийм хослол дэлгүүрт бол, амьд эмэгтэй дээр төрүүлдэг шигээ эвгүй сэтгэгдэл төрүүлдэггүй л дээ, яагаад гэвэл дэлгүүрт жижиг размеруудаа өлгөсөн байдаг, харин агуулахад нь бол том размерууд нь ч байгаа. Оросод зориулж л үүнийг хийдэг, ийм болхи юмыг хийхэд амархан болохоор баахныг хийгээд сайхан рекламдаж байгаад Оросод өгчихдөг хэрэг. Бүхий л сэтгүүлүүд дээр ийм хослолын реклам байна. Загвар өмсөгч дээр бол гоё л харагдах нь мэдээж, тэдний өндөр хэд билээ, тэдний бүсэлхий чинь 45 см, ташаа нь 80 см шүү дээ. Харин биеийн харьцаа өөр болоод ирэхээр энэ хослол хүний биеийг бидон шиг, эсвэл матрешк шиг болгочихдог. Сэтгүүлийн зургийг хэзээ ч хуулбарлаж хэрэггүй: үйлдвэр корпорацууд рекламны хөлс гэж сэтгүүлүүдэд галзуу их мөнгө төлдөг, энэ мөнгөөр л сэтгүүл амьдардаг, өөр мөнгө байдаггүй. Сэтгүүлийн орших эс орших нь уншигчаас хамаарахгүй, зөвхөн реклам өгөгчөөс л хамааралтай. Бидний санал болгож байгаа энэ хувцас л өнөөх таны хайгаад байсан хувцас чинь мөн гэж рекламдан итгүүлнэ. Женифер Лопес ковбойн илгэн хүрэм, мини – банзал, өвдөг давсан түрийтэй, хадаас шиг нарийхан өсгийтэй гутал, цэцэгтэй цамц өмссөн байгаад маш сайхан харагдаж байгаа бол, та энэ бүхнийг өмсөөд бас ийм сайхан харагдахгүй, инээдтэй харагдаж таарна. Тийм болохоор, моод ч бай, моод биш ч бай, галбирт тань тохирохгүй л байвал зуун тавин удаа март.
Ингээд би найзыгаа “Манго” руу аваачаад, ташаагаараа бариу, доогуураа намирсан өмд, сүлжмэл майк, инээдэмтэй гинжин оосортой улбар шар цүнх, улбар шар 10 – аад см. өндөр өсгийтэй углааш зэргийг авахуулав. Эмэгтэй хүн үе үе өндөр өсгийн дээр явж байх хэрэгтэй: бие галбир цэх болоод ирдэг. Би 45 нас хүртлээ анааш шиг муухай явдалтай байсан юм, өвдөгөөрөө түрж явдаг. Володя маань төрөлхийн уян гоё, бар шиг хөдөлгөөнтэй, тэгээд надад зөвлөхгүй юу: явахдаа гэдсэн дээрээ биш, зоо нуруун дээрээ тулгуурлан явж бай. Тэгвэл хөл чинь шууд л тэгшрээд ирнэ, мөр чинь тэгшрээд ирнэ, нуруу нугас чинь чөлөөлөгдөөд ирнэ, тэгэхээр чи өвдөгөө урагш нь шидэж чадахаа байна. Бас битгий хамраараа газар шааж явж бай. Тэглээ гээд хурдан явахгүй. Өсгийгээрээ эхэлж гишгэж бай. Удаан явж байгаа юм шиг санагдах боловч яг ижилхэн байдаг юм.
Энэ явдлыг төрөлхийн юм шиг автомат болгож би чадаагүй ээ, гэхдээ хэрэгтэй үед өндөр өсгий тус болдог. Өндөр өсгий өмсчихөөр өөрийн эрхгүй ташаан дээрээ тулаад ирдэг юм. Тийм болохоор сайн нөхрийн эрэлд гарсан залуу хүүхнүүд болон гял цал эхнэрүүд үргэлж өндөр өсгийт өмсдөг. Тэд жаахан хүүхдээ дагуулаад төмс авахаар явахдаа ч өндөр хадаасан өсгийт өмсөн явдаг. Өвөл ч, зун ч, мөсөн дээр ч. Өндөр өсгий биеийг гоолиг, тэгш харагдуулдаг. Тансаг эмэгтэйн дүр төрх бол гоолиг, тэгш бие болоод эргэн тойрноо шидэх ихэмсэг харц. Тиймээс, өсгийнөөсөө буунгуут – өөрийгөө үнэлэх үнэлэмж нь дагаад буучихдаг. Загвар өмсөгчдийг өндөр өсгийн дээр тавьдаг учир нь ч үүнтэй холбоотой. Тавхай өргөгдөхөд булчин чангарч ирнэ, нэг их гоё биш хөл арай гоолиг болоод ирнэ, угаасаа гоолиг байсан хөл бүүр супер гоё болоод ирнэ. Харин заримдаа хатан хаан царайлмааргүй байх үе бий. Хүсэхгүй байгаа бол – боль. Хэрэв толгой маань өвдсөн, ааш аяг маань муухай байгаа бол би өсгий, бариу хувцас өмсөхгүй. Хэлбэргүй өмд, хэлхгэр цамц өмсөөд, хүзүүндээ үзүүр нь сэмэрсэн алчуур зүүгээд гудамжны пацаануудын явдлаар, мөрөө хавчисхийгээд, хөлөө чирэсхийгээд явна.
Найз маань шинэ хувцсаа өмссөн чинь манай нөхөр “Явдаг секс!” гэж дуу алдсан гээд бод. Түүний нуруу тэгшрээд, зоо нуруугаараа хотойгоод тогос шиг болоод ирсэн юм. Энэ цагаас хойш найзаас минь энэ эмийг хаанаас авах вэ гэж биш, “Та орой завтай юу?” гэж асуудаг болсон шүү. Харамсалтай нь, миний эхний найзын тохиолдол эмэгтэйчүүдэд давамгайлах юм. Өөрийгөө дүүрсэнд тооцож хэрээс тавиад, түүнийгээ туг мэт толгой дээрээ тас зууран барьж явах. Ийм эмэгтэйн сэтгэлийн нас нь биологийн наснаасаа хорин жилээр түрүүлж явдаг. Гэхдээ тэр өөрөө үүнд нэг их буруутай биш. Манай нийгэм л, байдаг бүх аргаа хэрэглэж байгаад түүнийг ийнхүү цагаас нь эрт хөгшрүүлэн ялладаг шүү дээ. Бүхий л талаас, рекламны самбар, сэтгүүл, дэлгүүрийн үзүүлэн гээд хаанаас л бол хаанаас бидэн рүү бусдын залуу нас бардамнан харж байна. Ийнхүү бидэнд, эмэгтэй хүнд тодорхой наснаас нь хойш горьдох юм байхгүй, тийм болохоор нэг бол нүүрээ татуул, өнгөлүүл, залуужуулах тариа хийлгэ, үгүй бол нөхцөл байдалтайгаа эвлэрээд олон юм горьдолгүй сууж бай гэж ховсддог хэрэг. Ихэнхи эмэгтэйчүүд бууж өгөн, “энийг одоо болохгүй, энийг бол аль эртээс болохгүй болсон, үүнийг бодоод ч хэрэггүй, март, тэрийг бол санаад ч хэрэггүй” гэсэн хорио хязгаарын системийг норм мэт хүлээж аван эвлэрдэг. Таашаалтай сайхан зүйлсээс ганцхан идэх таашаал л үлдэнэ. Өөрийгөө баярлуулмаар санагдвал – хэрчим бялуу идчихнэ. Нөхрийнх нь гар утас оройжин холбогдох боломжгүй байвал – хоёр хэрчим иднэ. Хайртай жийнсэндээ багтахаа байчихсан байвал – нус нулимстайгаа холин байж бүтэн бялууг тэр чигээр нь, зүсч маяглах ч үгүйгээр халбагадаад хаяна. Тэгээд маргааш нь “Залуу нас минь, үүрд баяртай” загварын оршуулгын хувцас – өвдгөөр татсан тэг дөрвөлжин банзал, мөн тэг дөрвөлжин ( хоёрхон танаастай, зах, манжет) ташаагаар татсан цамц худалдаж авна. Болоо ч үгүй, залуухан худалдагч бүсгүйг “хонгор минь” гээд авна. Залуу нас минь баяртай!
Бурханы авралаар, амьдрал намайг ерөнхийдөө дандаа л янзын гоё бүсгүйчүүдтэй учруулж байлаа. Тэдний нэлээд нь хүлэмжийн амьдралаар амьдарч байгаад дөч шахаад иртэл нөхрүүд нь хаян залуу авгай авсан байсан юм. Хаяж явсан нөхрүүд нь мөнгө төгрөгөөр харамгүй хангадаг авч хаягдсан авхай нар нь – ганцаар үлддэг. Эхлээд тэд тоймгүй их гомдоно. Энэ гомдлоо хөхөөд хэвтэх юм бол тэр чигээрээ тэгээд дуусна. Ашгүй тэдний дийлэнх нь удаж төдөлгүй сэхээ орж, тэс өөр хүмүүс болж хувирсан байдаг. Маш хурдан хугацаанд гоолиг, залуухан, нүд булаасан, эрчимтэй сайхан бүсгүйчүүд болж байв. Миний нэг танил, манай ертөнцийн хүн биш юм шиг, үе үе мэлрээд суучихдаг гоо бүсгүйн нөхөр нь залуу хүүхэн рүү урваад явчихсан юм. Тэр хоёр уул нь сургуулийн ширээнээс авахуулаад хамт амьдарсан, эхнэр нь нөхрийнхөө каръерийн төлөө амь биеэ зориулж ирсэн байсан юм. Харин сүүлийн жилүүдэд тэд байнга хэрүүл маргаан дунд байх болсноор бүсгүй үргэлж бөөн гуниг гиюүрэлтэй байдаг байсан чинь нөхрөө яваад өгтөл, төд удалгүй, нүдэн дээр минь өөрчлөгдөн, гуних, мэлрэх гэдгийг ч мэддэггүй хүн болсон шүү. Бизнесээ эхлүүлээд, өдий хүртэл их амжилттай явж байгаа. Тэр хувь заяагаа өөрөө зохиож байгаа болохоор дүр төрх нь эрс өөр болсон. Хамгийн сонирхолтой нь, зан ааш нь яг хуучнаараа, дөч гарчихаад зангаа өөрчилнө гэж байхгүй л дээ. Магадгүй, түүний одоогийн дүр нь л жинхэнэ өөрийнх нь дүр байх, харин хуучны тэр мэлрэмтгий дүр нь түүнд хүчээр тулгасан дүр байсан байх гэж боддог юм, би.
Гэхдээ л, манай улсад, дөчин насандаа нөхөртөө хаягдсан эмэгтэйд хэцүүхэн байдаг. Ийм эмэгтэйд ямар нэгэн эр дурлалаа гэхэд, тэр эр долоон удаа хэмжээд, эцсийн эцэст ингэж л таслана: хэдий таалагдаж байгаа ч, хэдий ухаантай сайн эмэгтэй ч, яаж ийм хөгшин эмгэнтэй суух вэ, дээр нь бас хүний хэдэн хүүхэд нь байгаа. Тийм зүй тогтол манайд байхгүй юм чинь? Манайд чинь насаар нь ялгаварлан үзэх үзэл байдаг шүү дээ. Жар хүрээгүй эр хүнийг хэн ч өвгөн гэхгүй, харин эмэгтэй хүнийг бол эмгэн л гэдэг. Яагаад тэр вэ? Ямар бэлгийн чадвар нь байгалийн өршөөлөөр шийдэгддэг эр хүнтэй ижил биш? Эмэгтэй хүн бол элдэв хүч гаргахгүйгээр насан туршдаа бэлгийн харьцаанд орох боломжтойгоор байгаль ээжээс зохиогдсон биз дээ? Хаана ч, хэзээ ч, аль ч цаг үед эмэгтэйчүүд эрчүүдээс 10 – 15 жилээр илүү насалж ирсэн. Яах гэж бурхан бидэнд урт нас заяасан болж байна? Лав л, хөөрхий раскольниковуудыг сүх барин элдэж хөөх юмтай байлгах гэж тэгээгүй байх. Би өөрийнхөө үгийн сангаас “эмгэн” гэдэг үгийг зарчмын хувьд хассан. Англи, франц хэлэнд ийм үг байдаггүй, ингэж нас сүүдрийг гутаасан харьцаа байхгүй. Тэнд зөвхөн “Old lady” л гэдэг. Тэнд хэн ч хүний нас сүүдэр, хүүхэд шуухдыг анхааран сонирхохгүй. Хамгийн гол хэмжүүр нь – оч ассан уу үгүй юү.
Би нэгэн гайхамшигтай хостой тааралдаж байлаа: хөшөө шиг том биетэй, гайхмаар царай муутай итали хүүхэн ба том духтай, үлбэгэр биетэй америк профессор. Тэр хүүхнийхээ том биенд үхэх агаад гэргийгээ болооч хэмээн өвдөг сөхрөн гуйдаг байсан юм. Бүтэн жил гуйж байж зөвшөөрүүлсэн гэсэн. Тэр эмэгтэйн 4 хүүхэдтэй, өөрөөс нь хавьгүй эгч гэдэг нь профессорт ер сонин биш байсан юм. Манайхан бол ийм хосыг хуруугаараа заан, гайхан шоолдог. Нэгэн хэн бүхний мэддэг телесэтгүүлч эмэгтэйд залуухан эр сэтгэл алдарсан билээ. Тэд 3 – 4 жилийн турш хамтдаа байсан. Тэгээд насны зөрүүгээсээ болоод / 20 орчим насны/ сэтгүүлч эмэгтэй эхлээд гэрлэхээс татгалзсан, дараа нь бүр харьцаанаасаа ч татгалзсан. “10 жилийн дараа юу болох вэ?” гэдэг бодлоо ялж чадаагүй. Чи үүний тухай бодохгүй байж чадахгүй юу? Амьдрал гэдэг ахархан хугацаа. Харилцан сэтгэлтэй болно гэдэг тийм амар олддоггүй зүйл, гэтэл та хоёрт бөөн аз заяасан байна шүү дээ. Энд чинь бодоод байх юу байгаа юм. Яадаг юм, бүх нийтийг дайран өд л дөө, чи? Чадаагүй.
Нэгэн удаа би үдэшлэг дээр доктор Брандтай тааралдав. Тэр үед би гэр бүлийн амьдралд маань тохиолдсон хүнд хэцүү байдлуудаас болоод бөөн депрессд орчихсон явж байсан юм. харамсалтай нь, гярхай хүмүүс миний нүүр царайг уншчихаад байдаг юм, тэгээд Бранд эмч надаас асуулаа,” юу болоов?” Би гонгинов: “амьдрал яагаад ийм шударга бус байдаг юм бэ? Бид нарт болохоор - нас сүүдэр, тэд нарт болохоор – зөөлөн улирал мулирал ч гэх шиг...”
-Ира, мэдэж ав – хэрэв та өөрийгөө эрчүүдэд таалагддаг хэвээр байгаа үгүйгээ шалгамаар байвал /эмэгтэй хүн бүр үе үе үүнд эргэлздэг/, өөрийнхөө үеийнхэн дээр хэзээ ч битгий шалгаж бай. Тэд таныг үнэлнэ, тантай улс төр ярина. Харин нүд болон биеийнхээ бусад хэсгээр залуу охидыг л хариулдаг юм. Залуучууд дээр шалгаж бай. Залуучуудад бол амьдралын туршлагатай, ухаантай бөгөөд сексийн хувьд боловсорсон эмэгтэйн хэрэгцээ их байдаг юм”, - хэмээн Бранд эмч хэлж билээ.
Энэ зөвөлгөөг анхааралдаа аваад анзаараад байсан чинь нээрээ л, дэлхий даяар эмэгтэй нь хэдий чинээ настай байна, төдий чинээ өөрөөсөө олон дүү нууц амраг юм уу нөхөртэй байна аа. Мөн эсрэг хувилбар байна. Би өөрөө ч дараа нь ажсан: тавь шахаад ирсэн чинь миний эргэн тойронд гучаас дөчин настай эрчүүд өчнөөнөөрөө эргэлддэг болчихсон байсан. Тэдэнд надтай байх их сонирхолтой байсан. Үнэн сэтгэлээсээ сонирхож байсан шүү. Яагаад гэвэл чухам энэ насанд хүрч байж л эмэгтэй хүн жинхэнэ төгс засалттай бриллиант болдог. Ийм эмэгтэйд амьдралын мэдлэг туршлага ч бий, нандин, нууцлаг тансаг байдал ч бий, үүнийх нь гүнд тачаангуйрал нь ч сүүмэлзэн гялбалзаж буй.
Орчуулсан Ё. Одончимэг,

24 комментария:

  1. Хэрэв та бөөр худалдан авах хүсвэл эсвэл зарах хүсэж байна уу
    бөөрний? Энэ бол чи
    Мөнгөний төлөө өөрийн бөөр худалдах боломжийг хайж байна
    Улмаас санхүүгийн задаргаа хийх, та юу хийхээ мэдэхгүй байна
    , Дараа нь бидэнд өнөөдөр холбоо барина уу бид та нарт сайн санал болгож байна
    Таны бөөр мөнгөний хэмжээ. Миний нэр доктор Умар байна
    Би Умар эмнэлэг дээр Бөөрний эмч байна. Манай эмнэлэг нь
    Бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн, бид ч бас шийдвэрлэх
    нь бөөрний худалдан авах, шилжүүлэн суулгах
    Харгалзах донор.
    Бид Энэтхэг, Турк, Нигери, АНУ, Малайз, Дубай, Кувейт байрлаж байна
    Та бөөр худалдах, худалдан авах сонирхолтой байгаа бол байхгүй бол уу
    и-мэйлээр бидэнтэй холбоо барина уу.
    И-мэйл: doctorumarclinic@gmail.com

    Хүндэтгэсэн
    DR UMAR.

    ОтветитьУдалить
  2. Би би зүгээр л уурхайн хатагтай Рита найз 3 хүүхдүүд нь ээж надад өгсөн, би дараа нь байсан санхүүгийн хүндрэлтэй үр дүнд миний бөөр нэгийг нь худалдаж авсан bhavin эрхтэн мэргэжлийн эмнэлэг Энэтхэг үнэлж энэ дунд ашиглахыг хүсэж байгаа Испаниас Nathalia байна Dr.lucienpye.clinic@gmail.com сайн тэд миний бөөр худалдан авч, надад $ 150,000usd төлсөн, одоо би баян чинээлэг бизнес эмэгтэй байна, миний гэрчлэлийг минь shorting тулд тэд өөрсдийн и-мэйлээр бөөр нь жинхэнэ худалдан байгаа Энэтхэг улсад энэ эмнэлэг холбоо барих хүүхэд, аз жаргалтай сайхан амьдарч байгаа, бид амьдрах хангалттай байдаг байна би bhavin эмнэлэгт миний бөөр зарж Бурханд талархаж энд unexperienced эмнэлэгт тэдний бөөр зарж байх ёстой эргэлзээтэй 393746202 тусын тулд миний дугаар болон сонирхсон хандивлагч миний зөвлөгөө бол Хатагтай Nathalia үздэг Испаний

    ОтветитьУдалить
  3. Доктор palavi (Энэтхэг)
    анхаарал Хэрэв та өөрийн бөөр зарах хүсэж байна уу? Та доош улмаас санхүүгийн завсарлага мөнгө таны бөөр худалдах боломжийг хайж байна, та юу хийхээ мэдэхгүй байна, дараа нь өнөөдөр бидэнтэй холбоо барина бид таны бөөр танд сайн хэмжээг санал болгоно. нэр (Доктор palavi) Аполлон мэргэжилтэн эмнэлэг нь Phrenologist байна. Манай эмнэлгийн Бөөрний мэс заслын мэргэшсэн бөгөөд бид мөн холбогдох хандивлагч амьдарч байгаа нь $ 190,000,00usd нийлбэрээр дээр худалдан авах, бөөр шилжүүлэн шийдвэрлэх. Бид танд Энэтхэгт ирж таны виз боловсруулах чадвартай байх бусад нь $ 85,000usd тэн хагас нь төлбөр төлдөг. Бид Энэтхэгийн байрлаж байна, та одоо манай и-мэйл хаяг apollospecialist.hospital.net@gmail.com дамжуулан бидэнтэй холбоо барьж болно
    Хэсэг хугацааны мөнгө хүндэтгэл гэж ЯДУУРАЛ гэмт хэрэг гэдгийг санаарай
    Дахин apollospecialist.hospital.net@gmail.com хаягаар бидэнтэй холбоо барина

    ОтветитьУдалить
  4. Та бөөр худалдаж авмаар байна уу, эсвэл зарахыг хүсч байна уу?
    Бөөр Энэ бол чи
    Бөөрийг зарах боломжийг хайж олох
    Санхүүгийн эвдрэлээс болоод юу хийхээ мэдэхгүй байна
    Үүнийг хий, тэгвэл өнөөдөр бидэнтэй холбоо бариарай
    Бөөрнийхөө мөнгөний хэмжээ. Миний нэр бол эмч Чарльз
    би бол
    HOSPITAL NICHOLAS-ийн нефрологич. Манай клиник
    Бөөрний мэс засалд мэргэшсэн бөгөөд бид ч мөн адил
    Худалдан авах
    Амьдралын болон бөөрний бөөр шилжүүлэн суулгах
    Холбогдох хандивлагч.
    Бид Энэтхэг, Турк, Нигери, АНУ, Малайз, Энэтхэг улсад байрладаг
    Хэрэв та бөөр худалдаж авах, худалдан авах хүсэлтэй бол бүү хий
    И-мэйлээр бидэнтэй холбоо барина уу.
    Имэйл: nicholashospital1986@gmail.com

    Хүндэтгэсэн
    DR CHARLES

    ОтветитьУдалить
  5. Та бөөр худалдаж авмаар байна уу, эсвэл зарахыг хүсч байна уу?
    Бөөр Энэ бол чи
    Бөөрийг зарах боломжийг хайж олох
    Санхүүгийн эвдрэлээс болоод юу хийхээ мэдэхгүй байна
    Үүнийг хий, тэгвэл өнөөдөр бидэнтэй холбоо бариарай
    Бөөрнийхөө мөнгөний хэмжээ. Миний нэр бол эмч Чарльз
    би бол
    HOSPITAL NICHOLAS-ийн нефрологич. Манай клиник
    Бөөрний мэс засалд мэргэшсэн бөгөөд бид ч мөн адил
    Худалдан авах
    Амьдралын болон бөөрний бөөр шилжүүлэн суулгах
    Холбогдох хандивлагч.
    Бид Энэтхэг, Турк, Нигери, АНУ, Малайз, Энэтхэг улсад байрладаг
    Хэрэв та бөөр худалдаж авах, худалдан авах хүсэлтэй бол бүү хий
    И-мэйлээр бидэнтэй холбоо барина уу.
    Имэйл: nicholashospital1986@gmail.com

    Хүндэтгэсэн
    DR CHARLES

    ОтветитьУдалить
  6. Бие биенийхээ нэрийг монголын иргэн Жон гэж нэрлэе
    Би өөрийгөө зарж борлуулсныхаа дараа хэрхэн баялаг болохыг дэлхий нийтэд зарлах гэж байна
    Энэтхэгийн Fortis эмнэлэгт байгаа бөөрөнд, одоо болтол манай гэр бүл маш ядуу байсан
    Бид өдөрт нэг миль хүрч чадахгүй. надад байсаар байгаа
    Ядуурлыг бууруулах арга замыг эрэлхийлсэн
    Интернетэд холбогдон миний бөөрийг худалдан авахаар тохиролцсон
    180,000 доллар,
    Энд үйл ажиллагаа явагдахаас өмнө тэр хагасыг надад төлсөн
    Энэтхэгийн үйл ажиллагааны дараа бэлэн мөнгө өгч, одоо би
    Би гэр бүлээ хэлэх гэж зоригтой байдаг. Би амьдралдаа хэзээ ч ядуу байж чадахгүй.
    Түүнтэй уулзах зөвлөгөө (fortis.hospital.in@gmail.com)

    ОтветитьУдалить
  7. Та бөөр худалдаж авмаар байна уу, эсвэл өөрийн зарахыг хүсч байна уу?
    Бөөр Энэ бол чи
    Бөөрийг зарах боломжийг хайж олох
    Санхүүгийн эвдрэлээс болоод юу хийхээ мэдэхгүй байна
    Үүнийг хий, тэгвэл өнөөдөр бидэнтэй холбоо бариарай
    Бөөрнийхөө мөнгөний хэмжээ. Миний нэр бол эмч Чарльз
    би бол
    ЭМНЕСТИС-ийн Нефрологич. Манай клиник
    Бөөрний мэс засалд мэргэшсэн бөгөөд бид бас ажилладаг
    Худалдан авах
    Амьдралын болон бөөрний бөөр шилжүүлэн суулгах
    Холбогдох хандивлагч.
    Бид Энэтхэг, Турк, Нигери, АНУ, Малайз, Энэтхэг улсад байрладаг
    Бөөр худалдаж авах эсвэл худалдан авахыг сонирхож байвал бүү хий
    Цахим шуудангаар бидэнтэй холбоо барина уу.
    И-мэйл: nicholashospital1986@gmail.com

    Хүндэтгэсэн
    DR CHARLES

    ОтветитьУдалить
  8. Та бөөр худалдаж авмаар байна уу, эсвэл өөрийн зарахыг хүсч байна уу?
    Бөөр Энэ бол чи
    Бөөрийг зарах боломжийг хайж олох
    Санхүүгийн эвдрэлээс болоод юу хийхээ мэдэхгүй байна
    Үүнийг хий, тэгвэл өнөөдөр бидэнтэй холбоо бариарай
    Бөөрнийхөө мөнгөний хэмжээ. Миний нэр бол эмч Чарльз
    би бол
    ЭМНЕСТИС-ийн Нефрологич. Манай клиник
    Бөөрний мэс засалд мэргэшсэн бөгөөд бид бас ажилладаг
    Худалдан авах
    Амьдралын болон бөөрний бөөр шилжүүлэн суулгах
    Холбогдох хандивлагч.
    Бид Энэтхэг, Турк, Нигери, АНУ, Малайз, Энэтхэг улсад байрладаг
    Бөөр худалдаж авах эсвэл худалдан авахыг сонирхож байвал бүү хий
    Цахим шуудангаар бидэнтэй холбоо барина уу.
    И-мэйл: nicholashospital1986@gmail.com

    Хүндэтгэсэн
    DR CHARLES

    ОтветитьУдалить
  9. Бие биенийхээ нэрийг монголын иргэн Жон гэж нэрлэе
    Би өөрийгөө зарж борлуулсныхаа дараа хэрхэн баялаг болохыг дэлхий нийтэд зарлах гэж байна
    Энэтхэгийн Фортс эмнэлэгт бөөрөнд, одоо манай гэр бүл маш ядуу байсан
    Өдөрт нэг миль хүрч чадахгүй болох хэмжээнд хүртэл. надад байсаар байгаа
    АМЭШХ-тэй уулзах хүртлээ энэхүү ядуурлыг бууруулах арга замыг эрэлхийлж байна
    бөөр худалдаж авахаар тохиролцсон интернетэд холбогд
    180,000 доллар,
    Энэ үйл ажиллагаа явагдахаас өмнө тэр хагасыг надад төлсөн
    Энэтхэгт үйл ажиллагаа явуулсны дараа бэлэн мөнгө өгч, одоо би
    Би гэр бүлээ хэлэх гэж зоригтой байдаг. Би амьдралд дахиад ядуу байж чадахгүй.
    Түүнтэй танилцах зөвлөгөө (fortis.hospital.in@gmail.com)

    ОтветитьУдалить
  10. Др. Коллинз Рафаэлийн гэр бүлдээ итгэж, яаравчлан бахархалтайгаар эмчлүүлэхийг хүсч байна. Тэрбээр өөрийн өвчтөнд өөрийн бөөрийг нэг доллараар мөнгөөр их мөнгөөр худалдаж авсан юм. Мишель, Лопес нарын бичсэн интернетийн эмчийн нэрийг докторын цахим хуудаст бичсэн захидал бичсэнээр түүнд талархал илэрхийлэхийн зэрэгцээ тэдний бөөрийг худалдан авахад саад учраагүйн улмаас санхүүгийн яаралтай тусламжийн гараагаа хэрхэн аварсан талаараа дэлхий дахинд ярихад би шууд имэйлээр дамжуулан Докторын шаардсан бүх эмчилгээг долоо хоногоос хэтрүүлэлгүйгээр бүх шаардлагыг хангасан бөгөөд миний хагас мөнгөн шилжүүлэлтийг шилжүүлэхийн өмнө миний дансанд орж ирэхэд мөрөөдөж байсан шигээ Dr.Collins-тэй холбоо барихыг уриалж байна. doctorcollins3@gmail.com хэдхэн сарын өмнө бидэнтэй адил төстэй санхүүжилт хийх боломжтой болсон. Би үүнийг эцэст нь дуусгах үед үүнийг хийхээр амласан.
    doctorcollins3@gmail.com
    Би бол хатагтай Баярмаа.
    Монголоос

    ОтветитьУдалить

  11.   Санхүүгийн хямралыг даван туулсан хэвээр байгаа, бидэнд мөнгө өгч, эрүүл хэвээр үлдсэн хэвээр байна, би 180 сая доллараар азотын эмнэлэгт худалдаалж байгаа гэж хэлэхэд баяртай байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл эмнэлэг рүүгээ холбоо барьж болно [fortis.hospital.in@gmail.com] бид таныг визийнхээ боловсруулалтанд зориулж мөнгө төлж өгдөг мэс засал хийгээд мэс засал хийснийхээ дараа танд үлдсэн үлдэгдэл бэлнээр өгнө, Индонезийг бүрдүүлж байна уу, хэрэв та сонирхож байгаа бол эмнэлэгт хандаарай
                       fortis.hospital.in@gmail.com

    ОтветитьУдалить

  12.   Санхүүгийн хямралыг даван туулсан хэвээр байгаа, бидэнд мөнгө өгч, эрүүл хэвээр үлдсэн хэвээр байна, би 180 сая доллараар азотын эмнэлэгт худалдаалж байгаа гэж хэлэхэд баяртай байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл эмнэлэг рүүгээ холбоо барьж болно [fortis.hospital.in@gmail.com] бид таныг визийнхээ боловсруулалтанд зориулж мөнгө төлж өгдөг мэс засал хийгээд мэс засал хийснийхээ дараа танд үлдсэн үлдэгдэл бэлнээр өгнө, Индонезийг бүрдүүлж байна уу, хэрэв та сонирхож байгаа бол эмнэлэгт хандаарай
                       fortis.hospital.in@gmail.com

    ОтветитьУдалить
  13. Я хочу поблагодарить огромного доктора в лице д-ра Коллинза Рафаэля, который сделал мою семью, и я горжусь доверием и срочностью, он купил одну из моих почек для своего пациента с огромной суммой денег в долларах, я наткнулся на его адрес электронной почты в Интернете, как doctorcollins3@gmail.com, опубликованный одним Мишелем и Лопес, поблагодарив его и рассказывая всему миру о том, как он пришел на помощь в финансовом отношении в результате покупки своих почек без стресса, я быстро обратился по электронной почте, и я был учитывая все внимание, которые мне были нужны доктору менее чем за неделю, я выполнил все требования, и моя половина денег была похожа на сон, когда он вошел в мой банковский счет до трансплантации, я настоятельно призываю вас связаться с Dr.Collins через; doctorcollins3@gmail.com за вашу финансовую удивительность, чтобы пройти через мои несколько месяцев назад. Я обещал сделать это, когда я в конечном итоге наберет.
    doctorcollins3@gmail.com или whataspp его через via_ +16106343682

    Я чувак
    Из Монголии

    ОтветитьУдалить
  14. Та бөөр худалдаж авмаар байна уу, эсвэл та зарахыг хүсч байна уу
    бөөр Чи юу
    бөөрийг зарах боломжийг хайж олох
    санхүүгийн хямралаас болоод юу болохыг мэдэхгүй байна
    Үүнийг хий, тэгээд өнөөдөр бидэнтэй холбоо бариарай
    Таны бөөрний төлөө $ 500,000 долларын мөнгөний хэмжээ. Миний нэр бол Doctor MACPHERSON
    а
    MACPHERSON CLINIC дахь нефрологич. Манай клиник
    Бөөрний мэс засалд мэргэшсэн бөгөөд бид ч мөн адил
    худалдан авах
    бөөрийг нь амьдаар нь шилжүүлэн суулгах
    холбогдох донор.
    Бид Энэтхэг, Турк, АНУ, Малайз, Энэтхэг улсад байрладаг
    Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл худалдан авахыг сонирхож байгаа бол бүү хий
    имэйлээр бидэнтэй холбоо бариарай.
    Имэйл: doctormacphersonclinic@gmail.com

    Шилдэг мэндчилгээ
    DR MACPHERSON.

    ОтветитьУдалить
  15. Бүгдээрээ сайн байцгаана уу
    Би яаж зарж борлуулсныхаа дараа хэрхэн баялаг болсныг дэлхий нийтэд зарлах гэж байна
    Энэтхэгийн Fortis эмнэлэгт байгаа бөөрөнд, одоо болтол манай гэр бүл маш ядуу байсан
    Бид өдөрт нэг миль хүрч чадахгүй. надад байсаар байгаа
    АМЭШХ-тэй уулзах хүртлээ энэхүү ядуурлыг бууруулах арга замыг эрэлхийлж байна
    бөөрийг худалдаж авахаар тохиролцсон интернетэд холбогд
    $ 520,000 доллар,
    Тэрбээр үйл ажиллагаа явагдахаас өмнө хагас төлбөрийг төлсөн
    Энэтхэгийн үйл ажиллагаа дууссаны дараа бэлэн мөнгө өгөхөд бэлэн болсон
    Би гэр бүлээ хэлэхэд зоригтой байх болно. Би амьдралд дахиад ядуу байж чадахгүй.
    Түүнтэй танилцах зөвлөгөө (fortis.hospital.in@gmail.com)

    ОтветитьУдалить
  16. Сайн хүн бүр би бөөр, баян чинээлэг,
      Би дэлхийд миний бөөрийг 1 Энэтхэгт яаж худалдсан тухай гэрчлэлээ хуваалцахыг хүсч байна, миний нэрийг би Оюун бол Монголоос ирсэн. Би интернетээр интернэтээр зардаг ядуу, Pradhan эмч нар интернэтээр имэйлээр дамжуулан хандивлаж, хандивлагч болсон.
    Би бөөрний 1-ийг мөнгөөр хандивласан бөгөөд хандивын дараа би эрүүл хэвээр байна. Би бөөрөнд 780,000 доллар төлсөн. Одоо би монголын баялаг, аз жаргалтай байна. Би өөрийнхөө компанид 780,000 $ -оор бөөрөнд төлсөн. Хэрэв та санхүүгийн бэрхшээл / сорилт бэрхшээлийг даван туулсан бол, эсвэл та баян байхыг хүсвэл имэйлээр холбоо барина уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
    Эсвэл 91424323800802 руу залгана уу
    No Whatsapp: 15177971496.

    ОтветитьУдалить
  17. Сайн хүн бүр би бөөр, баян чинээлэг,
      Би дэлхийд миний бөөрийг 1 Энэтхэгт яаж худалдсан тухай гэрчлэлээ хуваалцахыг хүсч байна, миний нэрийг би Оюун бол Монголоос ирсэн. Би интернетээр интернэтээр зардаг ядуу, Pradhan эмч нар интернэтээр имэйлээр дамжуулан хандивлаж, хандивлагч болсон.
    Би бөөрний 1-ийг мөнгөөр хандивласан бөгөөд хандивын дараа би эрүүл хэвээр байна. Би бөөрөнд 780,000 доллар төлсөн. Одоо би монголын баялаг, аз жаргалтай байна. Би өөрийнхөө компанид 780,000 $ -оор бөөрөнд төлсөн. Хэрэв та санхүүгийн бэрхшээл / сорилт бэрхшээлийг даван туулсан бол, эсвэл та баян байхыг хүсвэл имэйлээр холбоо барина уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
    Эсвэл 91424323800802 руу залгана уу
    No Whatsapp: 15177971496.

    ОтветитьУдалить
  18. Миний гэр бүлийг бүтээсэн Др Коллинз Рафаэлийн хүний хувьд гайхалтай эмнэлгийн эмчдээ талархлаа илэрхийлэхийг хүсч байна. Би итгэл найдвар, яаралтай байдалд нь талархаж, тэр өвчтөнд миний бөөрний аль нэгийг нь доллараар маш их мөнгө авч өгсөн тул би түүнд тохиолдсон юм. цахим хаягаар интернэт дэх Doctorcollins3@gmail.com-ийн нэг Мишель ба Лопез нар нийтэлсэн түүнд талархаж, стрессгүйгээр бөөрөө худалдаж авсны үр дүнд санхүүгийн хувьд хэрхэн яаж авралын байдалд хүрсэн тухайгаа би цахим хуудсаар дамжуулан хурдан мэдээлсэн. Нэг долоо хоногийн дотор Доктор шаардлагатай бүх анхаарал хандуулалтыг би бүх шаардлагыг хангаж өгсөн бөгөөд шилжүүлэн суулгахаас өмнө миний данс руу орж ирэхэд миний хагас мөнгө мөрөөдөл шиг байсан. Хэдэн сарын өмнө минийх шиг санхүүгийн хувьд таатай нөхцөл байдал үүсэхийг хүсч байвал Doctorcollins3@gmail.com. Би эцэст нь дамжуулж байхдаа үүнийг хийх болно гэж амласан.
    Doctorcollins3@gmail.com эсвэл whatsapp дээр тавина уу. + 254750078353
    Би болQQuenJoel.
    Монголоос

    ОтветитьУдалить
  19. Бөөр худалдаж авах уу, эсвэл зарахыг хүсч байна уу
    бөөр? Та нар
    бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байна
    санхүүгийн хямралаас болж юу болохыг та мэдэхгүй
    хий, дараа нь өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид танд сайн зүйл санал болгох болно
    таны бөөрөнд 400,000 доллар. Намайг Доктор Мохаммед гэдэг
    би FRANCISCO HOSPITAL-ийн Нефрологич юм. Манай эмнэлэг
    Бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид бас шийддэг
    бөөр худалдаж авах, эрхтэн шилжүүлэн суулгах
    харгалзах донор.
    Бид Энэтхэг, Турк, АНУ, Малайз, Дубай хотод байрладаг
    Хэрэв та бөөрийг зарах эсвэл худалдаж авах сонирхолтой байгаа бол битгий мэдэгдээрэй
    бидэнтэй имэйлээр холбоо бариарай.
    Имэйл: franciscohospital1988@gmail.com

    Сайн сайхныг хүсье

    DR MOHAMMED

    ОтветитьУдалить
  20. Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
    Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
    Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж,
    имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
    whatsapp: 15733337443
    Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
    Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
    Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802

    ОтветитьУдалить
  21. Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
    Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
    Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж,
    имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
    whatsapp: 15733337443
    Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
    Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
    Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802

    ОтветитьУдалить
  22. Арс болон Европын иргэдэд бизнесээ дэмжих зорилгоор олгосон НҮБ-ын 1.5 сая долларын Ковид-19-ийн тусламжийн сангаас би Stocks Invest банкнаас 180,000 долларын зээлийн буцалтгүй тусламжийг хэрхэн авсан бэ SUPPORT@STOCKSFXINVEST.COM whatsapp: +12084030014
    Би Монголын Мөнхтөрийн ашиг хүртэгч гэдгээрээ бахархаж байна

    ОтветитьУдалить
  23. Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
    Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
    Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж,
    имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
    whatsapp: 15733337443
    Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
    Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
    Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802

    ОтветитьУдалить
  24. БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    ОтветитьУдалить