пятница, 31 декабря 2010 г.

Э.Шевардназе: Гүржүүдийг хатуу гараар барихгүй бол болдоггүй юм


Гүржийн Ерөнхийлөгч асан Э.Шевардназе “Сегодня” сонинд хуучин дурсамжаасаа
хуваалцсаныг товчлон хүргэж байна.
- Таныг ЗХУ-ын Гадаад хэргийн сайд байхад АНУ-тай пуужин устгах хэлэлцээг
амжилттай хийсэн. Ямар азаар ингэж чадсан юм бол?
- 1985-1991 онд би ЗХУ-ын Гадаад хэргийн сайд гэдэг амаргүй ажилд зүтгэж байлаа. Тэр үед
Рональд Рейган сансрын хүчирхэг зэвсэг бүтээсэн, ойрмогхон дэлхийн аль нэг хэсэгт бөмбөг
хаях болно гэж айлгаж билээ. Горбачев бид хэд урдаа барьдаг хэдэн эрдэмтнээ тэр дор нь
цуглуулж уулзаад “Энэ тэгээд хэр бодитой, боломжтой зэвсэг вэ” гэж асуулаа. Тэд хэсэг
дуугүй сууснаа, бид ер нь ийм зэвсэг бүтээх боломжгүй. Ядаж хоёр сар судална гэв. Хоёр
гурван сарын дараа өнөө хэд Горбачев дээр ирээд, “Хангалттай судаллаа. Мөнгө санхүү
бүтдэг бол ядахнаа арван жилийн дараа гэхэд ийм зэвсэгтэй болно. Яах вэ гэж ирлээ” гэдэг
байгаа. Нэгэнт л бодит аюул нүүрлэсэн хойно америкуудад тал засах нь дээр гэж бид
тохирсон.
- Та Рейгантэй учраа ололцох гэж хэр зовсон бэ?
- Түүнтэй найман удаа уулзсан. Эхний уулзалт аймаар. Рейган босгоны цаанаас л “Та чинь
чөтгөрийн эзэнт улсын бие төлөөлөгч байх аа. Гэхдээ яах вэ, дипломат ёс бол дипломат ёс.
Уулзах хэрэгтэй” гэсээр орж ирэв. Би инээмсэглээд, хариу хэлсэнгүй. Рейган албаар юм уу, бүү
мэд Лениний нэрийг буруу хэлээд байсан. Сүүлд нь би түүнд “Ленинийг ингэж хэлж болохгүй”
гэж сануулсан юм. Хоёр дахь уулзалт арай л найрсаг. Хоёр цаг гаруй үргэлжилсэн. Рейган тун
энгийн хүн шиг санагдаж билээ. Дажгүй дуулчихна. Онигоонд сайн. Бид хэд идэх ч завгүй
тувт хөхрөлдөөд л.
- Сүүлчийн уулзалт үр дүнд хүрэв үү?
- Сүүлчийн уулзалтад Рейган “Бие маань өвдөөд байна. Юу гэдгийг нь хэлж мэдэхгүй нь. 20
жилийн өмнөх явдлыг санах мөртлөө, өчигдрийнхийг бүр таг шүү” гэж их л шаналсан байртай
хэлсэн. Тэгэхэд тэр альцгеймэр тусчихсан байж. Энэ өвчнөөр тэр өөд болсон. Би огцорсны
дараа түүнтэй Калифорнид сүүлчийн удаа уулзаж билээ. Эрүүл чийрэг нүдэнд дулаахан
хижээл насны эр өөдөөс угтаж ирээд гар барьж мэндэлсэн. Гэхдээ нүд нь гөлийгөөд бүр
галгүй болсон байв. Эхнэр нь “Битгий гомдоорой. Рейган таныг танихгүй байна. Надаас өөр
хүнийг танихаа больсон” гэж хэлсэн. Рейгантай гар барихаас хэтрээгүй дээ.
- Ярианыхаа сэдвийг таны төрөлх эх орон руу хандуулъя. Гүржийн байдал ээдрээтэй
байна. Михаил Саакашвили тэргүүтэй нөхдүүд таныг түлхэн унагаасан. Одоо түүнтэй
хэр харилцаатай байна вэ?
- Намайг гүржүүд Ерөнхийлөгчөөр гурван удаа сонгосон ч хамгийн сүүлд бүрэн эрхээ дуусгах
боломж өгөөгүй. 2003 оны арваннэгдүгээр сард сөрөг хүчнийхэн дайралт хийж, намайг үг
хэлж байх мөчид парламент руу дайрч ороод баллаж өгсөн. Гишүүд сандралдаж гүйлдээд л,
хамгаалалтынхан намайг гараасаа алдахгүйг хичээж, хаалгаар арай гэж гаргасан юм. Төрийн__эргэлтийг би үндсэндээ хүлээн зөвшөөрчихсөн юм аа.
- Яагаад?
- Гүржийн зэвсэгт хүчний ерөнхий командлагч байсныхаа хувьд танк оруулаад иймэрхүү
бослого хөдөлгөөнийг нам дарж чадах л байлаа. Саакашвили ингэсэн биз дээ. Хэрэв
мөргөлдөөн гарсан бол цэргүүд ялалт байгуулах нь тодорхой. Гэхдээ цус их урсах байсан даа.
Парламентын байрны дэргэдээс хуягт машинд суугаад явахдаа би “Гүржийн Ерөнхийлөгч
байлаа ч яалаа, байгаагүй ч яалаа. Эд бүгд миний ард түмэн.Онц байдал зарлаад дэмий” гэж
бодсон шүү.
- Михаил Саакашвилитай уулздаг уу?
- Энэ явдлаас хагас сарын дараа эхнэр маань нас барсан. Тэгэхэд л Саакашвилитай уулзсан
юм. “Эхнэрийг маань Засгийн газраас надад түр олгосон амины сууцны дэргэд оршуулж
өгөөч” гэж би түүнээс гуйсан. Дахиж уулзаагүй..
- Та Саакашвилийг загалмайлсан гэж үнэн үү?
- Худлаа. Саакашвилийг Засгийн газарт ажиллаж эхлэх үеэс би түүнтэй танилцсан юм. Дараа
нь тэр Хууль зүйн сайдаар хэдэн сар ажиллаад, парламентын сонгуульд өрсөлдсөн.
Ирээдүйтэй залуу хүн гэдэг утгаар би түүнд тус болж л явлаа. Хожим мань эр парламентын
гишүүн болж, намайг онхолдуулаад Ерөнхийлөгч болохыг мөрөөдөж эхэлсэн. Ийм л хүн.
- Гүржийг удирдахад хэр төвөгтэй вэ?
- 1992 онд намайг Тбилист ирэхэд Гүрж орвонгоороо эргэж, хамаг муж нь дээрэмчдэд
дээрэлхүүлсэн байв. Улс орныг эмхлэн засахад дор хаяж 3-4 жил шаардлагатай байлаа. 1995
онд Гүржийн Үндсэн хуулийг баталснаар энэ байдал арай дээрдсэн. Парламент болоод
Ерөнхийлөгчид давуу эрх олгосон сайн хууль болсон юм. Гэхдээ хожуу Абхазид үймээн
дэгдэж, намайг буцаж ирэхээс өмнө Гүрж Өмнөд Осетийг алдчихсан. Абхазын төлөөх дайнд
оросуудыг Борис Ельцин гардан удирдаж байв. Хүн амаас 17 хувийг абхазууд, бараг 50 хувийг
гүржүүд эзэлж байсан үе. Гэхдээ Гүржийн өмнөх удирдлагууд Абхазын үндэсний цөөнхөд
давуу эрх олгосон Үндсэн хуулийг дэмждэг байж. Абхазууд үүнийг дор нь овжноор ашиглаад,
гүржүүдийг шахаж эхэлсэн байна. Ядаж байхад манай арми чадал муутай. Абхаз дахь манай
ашиг сонирхлыг армид дөнгөж алба хаасан бацаанууд хамгаалж байсан болохоор аргагүй юм
даа.
- Москва яасан бэ. Абхазуудад дэмжлэг үзүүлсээр байсан уу?
- Москва абхазуудыг дэмжээгүй бол энэ газар нутаг Гүржийн мэдэлд очих байв. Абхазид
орогносон хамгийн аймшигтай хүмүүс нь чечениүд байсан. Тэд гүрж иргэдийг дал наяар нь
хашиж байгаад цавчиж алдаг байж. Тэр үед би Кремлийнхэнд “Та нар чечениүдийг дэмждэг
буруу даа. Эврээ ургахаараа тэд эргээд та нарыг мөргөнө шүү” гэж сануулж л байсан.
Абхазид бэлтгэлээ хангасан чечениүд хожим оросуудыг яалаа.
- Гүржид ямар бодлого хэрэгтэй бол. Таных шиг хатуу гар хэрэгтэй юу?
- Ер нь гүржүүдийг хатуу гараар барьж байхгүй бол болдоггүй улс байгаа юм. Саакашвили
ардчилал яриад байсан, сүүлдээ балрах шахаа биз дээ.

3 комментария:

  1. Ta neeree yamar hurdan medeelel oruulaj baina aa unshaj amjaagui baihad l daraagiin medee oroj baina bayarlalaa

    ОтветитьУдалить
  2. уйдсандаа л дэмий юм хийж сууна даа

    ОтветитьУдалить
  3. ix sonirxoltoi, ter bur forum bolood baidaggui mash saixan medeelludtei blog baina. mash ix bayarlalaa.

    ОтветитьУдалить