понедельник, 20 декабря 2010 г.

Ирина Хакамада, ″Их улс төр дахь sex″ номноос

Кремлийн хэлний синхрон орчуулга
Түүний нэрийг бидний хэн нь ч мэдэхгүй... Гэвч энэ, жижигхэн биетэй, нүдэнд бараг үзэгддэггүй, дуу хоолой нь ч сонсогдох нь ховор, хий үзэгдэл шиг хүнээс улс төрчдийн хувь заяа шалтгаалдаг гэж хэлж болно. Тэрээр Кремльд хэдэн арван жилийн турш төрийн түшээд болон ард түмнээс сонгогдогсдын нэр бүхий жижигхэн цаас-пайзыг  хурлын танхимын ширээн дээр байрлуулж байгаа хүн.







Заримдаа тушаалын дагуу, ихэнхдээ өөрийн цуглуулсан мэдээллийн дагуу буюу Кремлийн Эзний өнөөдрийн ааш аягийг хэрхэн мэдэрснээрээ нэрсийг байрлуулна. Эзний суудлаас тухайн нэр хүртэлх зай бол Эзэн тэр хүнд хэр тааламжтай хандаж байгааг харуулдаг гол үзүүлэлт юм. Энэ зай богиноссон байвал Эзэн танд сэтгэл хангалуун байна гэсэн үг. Зай уртассан байвал та Эзний хайр хишгийг алджээ гэж ойлгоно.
Сурсан дассан суудалдаа очоод суух гэтэл  хаанаас ч юм бүү мэд мөнөөх хий үзэгдэл шиг хүн гарч ирээд ширээний зах хязгаар руу заагаад “ Өнөөдөр таны суудал тэнд”,-гэх. “Юу, яагаад тэнд гэж? Би яачихсан юм?”,-хэмээн мянга асуугаад нэмэргүй, хариу сонсоно гэж үгүй. Хий үзэгдэл - хүн дув дуугуй, ялын тогтоолыг хэрэгжүүлэх мэт, нэрийн пайзыг нь зохих газарт нь тавьчихаад л яваад өгнө. Өглөө болгон бид энэ “орос рулетка” тоглох. Хамгийн хүйтэн душ, хамгийн хар кофеноос илүү сэрээдэг эд дээ. Иймэрхүү “тоглоомонд” төрийн түшээд алхам тутамдаа оролцоно. Тэдний бүхий л амьдрал нь тоо тоолол, нууц шифр тайлах, усан тэмдэг олж харах, хэт авиа чагнах гэм мэт амин чухал ажлаар дүүрэн.
Засгийн газрын анхны /миний хувьд анхны/ хуралдаануудын нэг дээр Петр Мостовой надад хэлж билээ: ”Илтгэлүүд эхлэхээр Степанычийг л хараад байгаарай. Толгойгоо дохивол - бүх юм ОК гэсэн үг. Сэрдхийгээд, илтгэл тавигч руу ширтээд л, санаа алдаад явчихвал өнгөрөө гэсэн үг, тэр хүн “хусагдахад” бэлтгэсэн нь дээр.” Энэ мэтээр суралцсаар, би тун удахгүй Кремлийн хэлнээс синхрон орчуулгыг төвөггүй хийдэг болсон юм.
Хэрэв та, засгийн газрын хуралдаанд асуудал оруулж байгаа бол, таны асуудал хэддүгээрт хэлэлцэгдэхээр тавигдсан нь нэгийг хэлээд өгнө. Эхний гуравт багтаж байгаа бол та хүндлэгддэг юм байна гэсэн үг. Тав, зургаад байвал юм олж долоохгүй: нэг бол таны асуудалд хүрэхээс өмнө үлдсэн асуудлуудын хэлэлцүүлгийг хойшлуулаад хуралдаан тарчихна, үгүй бол хүмүүс таныг “амьтны доог” гэж үздэг болохоор таны асуудал хэнд ч сонирхолтой биш гэж “орчуулагдана”.
Илтгэл тань илүү дутуу үггүй, утга тодорхой, эмх цэгцтэй байх ёстой. Ямар нэгэн уран халил байж болохгүй. Аялга - онцгой илэрхийлэлгүй, ямар ч паузгүй, нэгэн жигд хэмнэлтэй. Нүд текстээс үл сална. Хэрэв таны илтгэлийн үед хүмүүс тэмдэглэлийн дэвтэр, үзэг сэлтээ далд хийгээд, ноутбукээ шагайгаад сууж байгаа бол та засгийн газарт “жижиг хүн” гэдэг нь харагдана. Ерөнхий сайд: “ Илтгэл чинь дууссан уу? Хэлэлцчихсэн үү? Болж байна, болж байна, цааш нь ажилла”, - гэвэл тайвширч болно - та морьтойгоо байна гэсэн үг. Харин: ” Илтгэл чинь дууссан уу? Хэлэлцчихсэн үү? За- ааа-даа, жаахан нэмж ажиллах уу даа, нөхдийнхөө санал бодлыг тусгаарай”, -  гэж хэлбэл таны асуудал унажээ гэж мэднэ.
Танаас гишүүд өчнөөн юм асуугаад байвал бүр баларчээ гэсэн үг: өчигдөр  таны эсрэг явуулга  хийгджээ. “Маргаашийн тэрний илтгэл гэж тэр чигээрээ балай юм байгаа шүү, чи яахаа ойлгож  байгаа биз дээ?”,- гэх маягийн мессеж тараагдсан байна гэж бодох хэрэгтэй. Мессеж авсан хүмүүс бүгдийг “ойлгосон”  гэдгээ харуулж байгаа нь тэр. Засгийн газрын хуралдаан маш хатуу найруулгаар явагддаг. Сценариас гажиж дураараа аашлах зүрхтэй хүн байхгүй. Хэн “олон юм ярьж” болох, хэн болохгүй, хэний өөдөөс үг сөрж болох, хэний өөдөөс хэрхэвч болохгүй- гээд бүх зүйл хатуу дүрмийн дагуу явагддаг.
Таныг дэмжих мессеж явагдсан бол танаас хэдхэн юм л асууна, тэр нь “нэмэх тэмдэгтэй” асуултууд байх болно.
Илтгэл дээр чинь “Их сайхан илтгэл байна, гол асуудлуудыг маш зөв гаргасан байна, шийдэх арга замуудыг ч сайн үзүүлсэн байна” - гэх утгатай цохолт хийгдсэн байвал шампанск онгойлгохоо түр азна, цааш нь унш. Хэрэв цааш нь “2 - 3 асуудал дээр жаахан нэмж ажиллах шаардлагатай” - гэж бичсэн байвал та шампанск ууж болно оо, бүр хэдийг ч ууж болно, харин дараа нь илтгэлээрээ онгоц хийгээд нисгээрэй, танд дахиж хэрэг болохгүй, тэр илтгэл.
Хэрэв таны бичиг баримтан дээрх гарын үсэг үзгээр биш, тамгаар тавигдсан байвал тухайн албан тушаалтан амиа хамгаалж байна гэж ойлго. Энэ баримт дээр болгоомжлох зүйл байна гэсэн үг. Дараа нь “ороогдох” юм бол “мэдэхгүй, би үүнийг анх удаа харж байна, миний тамгыг хулгайлаад дарчихсан байна”, - гээд мултарч болно. Би ч дарга байхдаа гарын үсэгний оронд тамгаа тавих тохиолдол их гардаг байсан. Надад таалагдахгүй байгаа олон “эвгүй цаасан” дээр зөвшөөрөл тавихаас өөр аргагүй байдалд ордог байсан юм. Зөвшөөрөхгүй бол амьдаараа идүүлэх учраас гарын үсгээ биш тамгаа дараад өгчихдөг байлаа.
Ирсэн бүх бичгийг шүүгээнийхээ доод хайрцганд долоо хонуулах хэрэгтэй: Дээрээс ирсэн бүх даалгаврыг биелүүлэх гэж зүтгэх юм бол удахгүй галзуугийн эмнэлгийн өвчтөн болох болно. Харин долоо хоногийн дараа өнөөх бичиг чинь дахиад ороод ирвэл одоо хөдөлж болно. Ирсэн бичигний 90% нь дахиж хэзээ ч "босч" ирдэггүй.
“Мэндлэх ёслол” гэж бас нэг айхтар нарийн дэг жаягтай асуудал бий. Нөлөө бүхий хүн бусадтай гар барьж мэндлээд таныг л орхичихов уу? Яагаад гэдэг нь чухал биш, харин энэ байдлыг бүгд анзаарч анхааралдаа авах болно гэдэг л чухал асуудал. Ийм байдлыг гаргахгүйн тулд, “объектын” харцыг бүр холоос “барьж аваад” өөр лүүгээ хөтлөх хэрэгтэй, ингэхдээ “Надтай гар бариарай, новш минь чи, надтай гар бариарай, үнсвэл бүр сайн шүү...” гэж түүний сэтгэлд шивнэнэ. Хэрэв нөлөө бүхий хүн таныг үнсэх юм бол та бурманд умбаж байгаа хүн гэдэг нь харагдана. За тэгээд “нөгөө новш чинь” чиний шивнээг сонсоод гараа сунгавал түүнийг нь ухасхийн барьж аваад, үнэнч нохойны харцаар харан гарыг нь сэгсэрч ирээд л мэндлэх хэрэгтэй. Мөрөө буулгахаа мартаж болохгүй. Мөрөө дэлгэсэн байдалтай байж хэрхэвч таарахгүй. Ер нь Цагаан Ордонд эрүү нь урагш, нуруу нь цэх явдаг хүмүүс бол цэргийнхэн л байдаг. Сурчихсан юм болохоор яаж ч болдоггүй шиг байгаа юм. Бусад хүмүүс бол бүгд өвдгөө бага зэрэг нугалсан байдалтай явна: “том” хүмүүстэй коридорт гэнэт тааралдчихвал түүнийг дээрээс нь харсан байдалтай мэндэлж болохгүй шүү дээ. Том дарга нар ихэнх нь намхан байдаг нь сонин. Ялангуяа дарангуйлагчид. Дэлхий дээр байсан бүх дарангуйлагчид намхан байсан байгаа юм. Тэгэхээр, өндөр хүнийг л том дарга болгож байвал зөв болох юм болов уу? За рост ч яахав дүүрч, харин улсын удирдагч болох хүсэлтэй хүмүүсийг заавал сэтгэцийн нарийн сорилтонд оруулж баймаар санагддаг юм. Би ойлгодоггүй юм: яахаараа нэг муу машин жолоодохыг хүссэн хүнээс ухаан санаа эрүүл гэсэн магадлагаа шаардаад, харин бүхэл бүтэн улсыг жолоодох хүний ухаан санааг шалгаж шинжилдэггүй хэрэг вэ? Хараажийн эрүүл ухаангүй хүмүүс манай улсыг үе үе жолоодох юм?
Бурхан намайг ростоор гомдоогоогүй ээ, өсгийтэй гуталтайгаа 180см гаруй болчихдог. Өсгийнөөс би хэзээ ч татгалзахгүй, галбир минь чухал. Бөхөлзөх ч дургуй болохоор би гэж нэг анааш шиг амьтан л Цагаан ордноор явдаг байлаа. Харин нэг удаа би “протокол барих” гэж инээдтэй юм болж билээ. 2000 онд, Константин Райкины жүжгэнд уригдаад, завсарлагаанаар тайзны ар руу, өрөөнд нь яваад орсон чинь Москвагийн алтан орой - Путин, Лужков, Никита Михалков нар байж байдаг байна шүү. Би ерөнхийлөгчтэй уулзах гээд ядаж байсныг хэлэх үү... Би тэр үед ерөнхий боловсролын асуудлаар ажиллаж байсан бөгөөд 12жилийн сургалтын эсрэг байсан юм. Юун 12 жил вэ, армийнхаа асуудлыг шийдэж чадаагүй байж байж? Сургуулиуд модоо барьчихсан байхад? Тэгээд ч 5-хан настай нялх амьтад 18-тай архайж тархайсан юмнуудын дэргэд байх нь яав ч зохисгүй гэж үзэж байсан юм, би. Тэгээд ерөнхийлөгчийг харуут л түүн рүү ухасхийлээ... гэтэл, толгойд харвасан сум шиг орж ирлээ: “чөтгөр гэж, би ийм өндөр өсгийтэй гуталтай, түүнээс өндөр болчихсон байж байдаг, болохгүй ш дээ, эвгүй...” Тэгсэн, өөрийн эрхгүй хоёр хөл маань шпагат суух нь холгүй алцайгаад, нэг өвдөг минь нугараад, нөгөө нь тэнийгээд ерөнхийлөгчтэй ижил өндөртэй болоотохлоо... Ерөнхийлөгч бид хоёр сайхан ярилцаад авсан шүү. Тэр миний бодолтой санал нийлсэн бөгөөд, ерөнхий боловсролыг 12 жилийн сургалттай болгох асуудал тэгсгээд чимээгүй болчихсон юм даг.
Амралт, чөлөөт цаг ч оросын түшмэлүүдийн хувьд бөөн тэмцэл, бөөн нерв... Концерт “үзэж” байгаа түшмэлийн бодол шаналал болсон царайг телевизийн оператор томоор харуулахад энгийн нэгэн сэхээтэн: ” Энэ их сайн хүн байх аа, Моцартын хөгжмийг ингэж ойлгож хүлээж авч байгааг бодоход...” - гэж хэлэх байх. Харин хэрэг дээрээ бол тэр түшмэлд Моцарт ер хамаа байхгүй, юун Моцарт манатай байгаа билээ. Тэрээр хажуу дахь хүнийхээ албан тушаалыг, сууж байгаа суудлынхаа зиндааг голон уйлах шахаад байж байгаа нь тэр. “Жулуудын” суудалд сууж байгаадаа л ингэж шаналж хачин царайлж байгаа юм, хөөрхий. 15-р эгнээнээс цааших бүх эгнээ болон захын суудлууд бол “жижиг гар болон амьтны доог” - уудын суудал болой. Туршлагатай төрийн түшээ үзвэрийн билет-урилга ирэнгүүт шууд харна: Хэддүгээр эгнээ байна? Долдугаар юу? Болж байна. Суудал нь? Нэг, хоёрдугаар суудал... Үзэхгүй ээ, тэгвэл...
Кремлийн хүлээн авалт, дайллага цайллаганы ширээний дугаар ч мөн адил, зиндааны дагуу хуваарилагддаг. Том хүлээн авалтууд хоёр танхимд хуваагдан явагддаг. Андреевский танхимд ерөнхийлөгчийн ойрын хүрээнийхэн, Георгиевскийд - холын хүрээнийхэн, жижиг гарууд найрлана. Танхимуудын хоорондох хаалганууд уриалгахан гэгч нь нээлттэй байх. Харин ууж идээд сэтгэл нь хөөрсөн ямар нэгэн генерал хайрт ерөнхийлөгчдөө баяр хүргэмээр санагдаад нөгөө танхим руу орох санаатай хаалга руу ойртвол “шалан доороос” баахан утас, холбооны хэрэгсэл болсон биоробот гарч ирээд гараа алдлаад “та тийшээ орж болохгүй” гээд оруулахгүй.
Тавиас доош дугаарын ширээнд сууж байгаа түшмэдүүд өөрийгөө доош орсонд тооцолгүй тайван найрлана. Түүнээс дээш дугаартай ширээнд сууж байгаа бол бөөн гомдол - бодол - шаналалд дарагдана. 1999 онд би албан тушаалаасаа огцорсноор кремлийн дайллага цайллаганд орогсдын нэрсийн жагсаалтаас автоматаар хасагдсан байсан үед нөхөр маань Кремлийн шинэ жилийн хүлээн авалтын урилга олоод ирсэн байлаа. Намайг сэргээнгээ амьтан хүнтэй уулзаж, өөрийнхөө ажил хэргийг бас бүтээчих санаатай байсан хэрэг. Би ч мэргэшсэн хүний хувьд шууд л ширээний дугаарыг сонирхлоо: 84 гэж байна. Яав ч явж болохгүй, шалны хүрээнээс доогуур орох нь байна ш дээ? Нөхөр маань заавал явна гээд болдоггүй, би “үгүй” гэж байснаа, гэнэт нөхрийгөө үг дуугуй дагадаг япон эхнэрийн ген маань сэрсэн юм уу бүү мэд, томоотой нь аргагүй хамт явж билээ...
... Бүх юм, яг л миний санаснаар, “түмпэн дүүрэн шараа” болж эхлэв. Том ширээнүүдийн ард засгийн газрын гишүүд, москвагийн засаг захиргаа, нэг үгээр, миний өчигдөрхөн хамтран ажиллаж байсан хүмүүс сууцгаах бөгөөд тэдний хэн нь ч намайг “огт олж харахгүй” байв. Харцаа ч тусгахгүй, толгой ч дохихгүй, яг л танихгүй мэт... Анна Каренина л театрт очоод ийн эвгүй байсан байх... Тэгтэл, нөхрийн маань найзын эцэг болох “том хүн” суудлаасаа босон ирж бид хоёрыг тэвэрч аван чанга гэгч нь үнслээ. Байдал тэр дороо өөрчлөгдөв: бүгд намайг “олж харлаа”, толгой дохиж байна, инээмсэглэж байна... Яг л 200 жилийн өмнөх дээдсийн хүрээлэнгийхний дүрмийг барьж байгаа юм. Хөөрхий Анна Каренинаг нэг л хүн хүлээж авсан бол бусад нь ч бас хүлээн авч, тэрээр амиа хорлохгүй л байх байсан. Гэтэл түүнийг, зохиолчоос өөрөөс нь эхлээд бүгд л цааш түлхсэн билээ... Манай орчин үеийн элит, тэртээх элитийн дүрэм журмыг бүхлээр нь биш, зөвхөн өөртөө хэрэгтэйг нь сорчлон хуулбарладаг: нэр төр, ариун шударга зан, эх орныхоо өмнө хүлээх үүрэг гэсэн ойлголтуудыг авахгүй хаясан байгаа юм. Хэрэв авсан байсан бол улсын өмчийг хулгайлж идсэн этгээд ичин гэмшиж, байж суух газраа олохоо байхдаа өөрийгөө буудан хороогоод л; хэлсэн амандаа хүрээгүй бол бас л өөрийгөө буудаад л; нэгнийхээ нүүр рүү ууж байсан жүүсээ цацсан бол дуэльд ирнэ үү та, хүнийг гүтгэсэн бол мөн л халз тулаанд морилно уу гээд л... Гэхдээ эд нар одоо гэнэт ийм ойлголтоор амьдраад эхэлбэл ганц хоногийн дараа гэхэд л Валентина Матвиенко, Любовь Слиска, тариачин эмэгтэйн хувцас өмссөн Жириновский гурваас өөр амьд хүн үлдэхгүй л дээ.
Төрсөн өдрүүд гэж бас нэг, эрүүл хүний сэтгэцийг сорьсон айхтар асуудал бий. Цэцэг, бэлэг, манж үг - магтаалууд нь яг л өөрийнхөө оршуулган дээр ирчихээд байгаа юм шиг санагдуулна. Бэлэгнүүд нь шаазан сервизүүд, барималууд, Кензо эсвэл Хермесийн үнэтэй ороолтууд, үнэртэй уснууд нь ихэнхдээ хүн муужруулам “Пуазон”. Думын хүүхнүүдийн ихэнх нь бэлэгний усаа л хэрэглэх тул тэнд тэсэхэд бэрх үнэр зонхилно. Ялангуяа лифтэнд. Лифтнээс гарахдаа дэлхийн 1-р дайны газан атакнаас гарч байгаа юм шиг муужирсан амьтан гарч ирдэг байлаа, би...Парламентын коридорт бас ногоотой шөл, хөлс, мөн архичдын үнэр үргэлж үнэртэнэ. Орой болоход өрөөнүүдийн хаалган дороос шинэ архины үнэр тарж эхэлдэг. Цагаан ордонд бол сайн агааржуулагч системийн ачаар иймэрхүү эвгүй үнэр үнэртдэггүй. Тэнд зөвхөн савхи, үнэтэй хивс, бага зэрэг сигарын үнэр л байдаг. Кремльд бол ямар ч үнэр байдаггүй, тэнгэрийн элч нарын ордон болохоор яг таарсан, хүний үнэр ч байхгүй. За хадуурчихлаа, төрсөн өдрийн асуудал руугаа оръё...
Нэг удаа Чубайс надад түрийвч бэлэглэсэн. Хоосон түрийвч. Сбербанк бас хоосон түрийвч бэлэглэдэг юм байна. Сонин байгаа биз? Хамгийн их мөнгөн дээр сууж байгаа хүмүүс хүнд хоосон түрийвч бэлэглэх дуртай байдаг бололтой юм билээ. Мөн “хэргийн эзэнд” сарнай цэцэг бэлэглэх нь олонтаа. Шарил дээр тавьдаг улаан хүрэн өнгийн л биш бол яамай. Цэцэгний тоо насны нь тоотой заавал тэнцүү байна гээч? Албаар, зуу наслах юм хум даа... тэгээд хоосор та нар... Бас хоёр гурван давхар, тоолохын аргагүй олон тууз гялгар цаасанд боосон гонзгой, хавтгай цэцгийн баглаа нэг нэгэндээ бэлэглэнэ. Яг л талийгчийн шарил дээр тавьдаг шиг. Би ийм баглааг харахаар л Шопены гашуудлын марш чихэнд сонсогдох шиг болдог юм. Энийг лав цэцгийн дэлгүүрт биш буяны үйлчилгээ эрхэлдэг компаниудад боодог байх аа.
Төрсөн өдрийн банкетандаа хэдий чинээ олон VIP авчирч чаднав, төдий чинээ сайн. Том түшээ төрсөн өдөрт чинь ирсэн бол одоо та түүн рүү айхгүй утасдаж болно, одоо нарийн бичиг нь таныг шууд л холбоод өгнө. Банкетийг том том баганатай, хээ хуартай таазтай, алтлаг жаазтай натюрморт зурагнууд өлгөсөн сүрлэг танхим хөлслөн хийдэг. Москвад ийм танхим хэд хэд бий. “П” хэлбэрээр ширээгээ засна. Үлээвэр хөгжмийн оркестр 70-аад оны дуунуудыг тоглоно. Басков юм уу Кобзон оройжин микрофоноос уяатай байна. Хоолны цэс мөн л 70-аад оных: нийслэл салат, халуун болон хүйтэн хилэмний махан зууш, хар түрс, улаан түрс, өндөгтэй. Халуун хоол нь жигнэсэн үхрийн мах, жинхэнэ цөцгийн тосонд шарсан тахиа юм уу тахианы махан котлет... Бүгдийг нь идвэл тэр дороо шууд үхнэ. Үүнээс бултах маш хэцүү.
Ийнхүү, оросын түшмэлүүд, банк дээрэмдэх гэж буй дээрэмчин лугаа адил, дохиоллын системын, нүдэнд үл үзэгдэх хэт улаан туяан дундуур амь өрсөн явах. Нэг л буруу хөдөлгөөн хийвэл дохиолол тасхийнэ, тэгээд л дуусаа. Гэхдээ банк дээрэмдэгчийг бодвол, манай түшмэлүүд хоногийн 24 цагт энэ галзуурмаар түгшүүрийн доор байдаг. Уул нь, Хьюго Боссын саарал пиджакных нь доор зүрх нь цохилж, тэр хавьд нь сайн тэмтэрвэл сэтгэл санаа нь ч байж л байгаа амьд хүн шүү дээ, төрийн түшээ чинь? Тиймээс зарим нь тэсдэггүй. Энэ систем дотор өөрөө байж байгаа нөхцөлд цахилгааныг нэг секунд ч унтрааж болохгүй. Өөрийнхөө ухаан мэдрэлийг л унтрааж болно. 
Архидалт бол түүнд үлдсэн цорын ганц эрх чөлөө,өөрийгөө хэнээс ч хамааралгүй гэж сэтгэлээ хуурах цорын ганц арга. Тиймээс,оросын түшмэд их уудаг. Аймаар ихээр,байнга,хаана л болхаана ууна. Харин өглөө нь эв эрүүл мэлмийтэй болчихсон төрийн асуудлуудыг шийднэ. Энэ утгаараа орос түшмэл бол гайхамшигт үзэгдэл шүү. Хоёрхон жишээ дурдъя.
Давосын форумд оролцоод буцах замдаа оросын төлөөлөгчид болох бид, Цюрих хотын нисэх онгоцны буудалд түр саатлаа. Биднийг тусгай VIP-танхимд байрлуулав. Танхимын хана багуу байрлуулсан тавиурууд дээр тоймгүй олон төрлийн архи дарс өрөөстэй байв. Немцов томуу өвчинд баригдчихсан “үхэж” байсан болохоор намайг дьюти-фри дэлгүүр ороод авгайдаа үнэртэй ус аваад өгөөч гэхээр нь би явлаа. Би юу удахав дээ,сайн л бол 30 минут л байхгүй байсан биз... Намайг буцаж ирэхэд танхимын үүдэнд тэндхийн хоёр ажилтан нэлээд балмагдсан байртай шивнэлдэж байв. Юу болчихвоо? Немцовын бие бүр муудчихав уу? Үгүй ээ,байснаараа л хэвтэж байна... Бусад нь зөөлөн сандалд тухлан хоорондоо хүүрнэн сууна...Бүх юм намайг явахад ямар байсан –тэр чигээрээ л байгаа мэт харагдах боловч ямар нэгэн юм өөрчлөгдсөн байгаа нь надад мэдрэгдээд байв. Эргэн тойрноо дахиад нэг харсан чинь хана дагуух тавиурууд дээр юу ч үгүй, хов хоосон болсон байв. Хов хоосон! Гучхан минутын дотор хэдхэн орос эдний согтууруулах ундааны асар их нөөцийг ууж дуусгачихаад дахиад аваад ир хэмээн нэхэж танхимын ажилтнуудыг сандралд оруулсан хэрэг. Тэгсэн мөртөө тэдний хэн нь ч согтох нь байтугай нүүр нь ч улайгаагүй байсан гээд бод!
Бас нэг удаа би Сосковец боон түүний багтай Япон руу ниссэн юм. Онгоцны шатан дээр л халаасан дахь вискигээ ууж эхэлсэн тэд онгоц газардах үед навс согтсон байлаа. Гурван цагийн дараа эхний арга хэмжээнд оролцох ёстой байдаг... Лав л эд оролцож чадахгүй нь, би л ганцаараа очиж таарах нь дээ гэж бодож байв. Гэвч би том эндүүрсэн байлаа: тэд бүгд “шив шинэхэн” болчихсон ирдэг байгаа Орос школ оо гэж...
Нүсэр архидалтын маргааш өглөө нь засгийн газрын хуралдаанд суух тоолондоо би хамт ажиллагсадыгаа гайхан биширч,бас атаархдаг байлаа: миний өмнө яахын аргагүй эрүүл амьдралыг эрхэмлэдэг хүмүүс сууж байх шиг санагдана. Харин ч би ганцаараа архаг архичин шиг царайлна. Даралт багатай, тэгээд дээр нь “шар шувуу” болохоор...Манай түшмэлүүд өглөөд ийнхүү эв эрүүл болдог төрөл бүрийн аргатай юм билээ. Нэгэн “том хүн”  надад олон аргынхаа нэгийг ярьж өгсөн юм: өглөө, дөнгөж сая шахсан шахсан жүржийн, эсвэл нимбэгний шүүсийг, шарталтын зэргээсээ хамааруулан хоёр-гурав-дөрвөн стаканыг уух хэрэгтэй. Араас нь маш өтгөн,маш их чихэртэй халуун баахуу цай ууна. Тэгээд хуралдааны эхний завсарлагаанаар маш бага архи ууна. Маш бага. Үдийн хоолондоо халуун ногоотой халуун хоол ахиухан иднэ. Үүний дараа хорвоо ертөнц бүх өнгөөрөө ялгаран гэрэлтээд ирдэг гэнэ. Тиймээс, том түшмэл дээр үдээс өмнө чухал асуудлаар ороод хэрэггүй. Хүнлэг энэрэнгүй үзлийн үүднээс.
Төрийн түшмэл хүн найран дээр ч бүрэн таашаалд хүрч чаддаггүй. “Эрүүлдээ юу бодно-согтуудаа түүнээ хэлнэ” гэдэг үг түүнд огт нийцэхгүй. Харин “Ам алдвал барьж болохгүй...” гэдэг үгс л ямар ч согтуу байсан нүднийх нь өмнө байнга гэрэлтэнэ. Илүү үг дуугарчихвал дуусаа: сонсох нь сонсоод, цээжлэх нь цээжлээд, дамжуулах нь дамжуулаад...дараа нь юу ч гэж цээжээ дэлдээд нэмэргүй. Тйим болохоор түшмэл хүн тагнуулч хүн шиг ууж чаддаг: авдар архи уусан ч хэмжээ хязгаартай ярина,харин,согтоод “унтарчихсан” байх ёстой ой ухаан нь бусдын яриаг диктофон шиг л бичээд авчихсан байдаг.
Наргиа ярианд оролцон инээж ханиахдаа ч болгоомжтой байхгүй бол баларна. Жишээ нь, нэг нь: “Би энэ рейтингээ яадаг юм билээ, зөрүүд илжиг шиг таг зогсчихоод л байх юм” гэхэд нь та “Ха-ха-ха” болоод явчихвал заналт дайсан чинь нэгээр нэмэгдэх болно. Өөрөө наргиа үг хэлэхдээ ч болгоомжтой байх хэрэгтэй. Наргиа гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой байхаар л наргихгүй бол мушгихыг нь мушгиад, гуйвуулахыг нь гуйвуулаад тоглоом маань шоглоом болоод хувирчихдаг. Би нэг удаа “Манай хороо тамга тавьдаг хороо байсан бол мөн сайхнаа,нэг тамга тавихад 100рубль аваад л, нэг хаалгаар тамга даруулах улс орж ирээд л,нөгөө хаалгаар нь гараад л,би голд нь суучихсан тас тасхийтэл тамгаа дараад л...Тэгвэл та нарын тэр төсөв мөсвийг горьдохгүй сууж байхгүй юу...” гээд наргичихсан чинь, хамгийн их инээсэн хүн ч байж магад, “Хакамада гарын үсэг болгоныхоо төлөө, рестораны тооцооны хуудсан дээр гарын үсэг зурахдаа ч дугтуйтай мөнгө нэхдэг”-гээд тараачихаж байгаа байхгүй юу. Тэгээд үүнд нь бүгд итгэчихэж байгаа юм... Юун дугтуй, цүнх дүүрэн доллар вэ? Эртний Грекийн үлгэр домог,авлигын “чулуун зэвсгийн үе”  байхгүй юу энэ чинь. Энэ баригдаад байгаа тансаг харшуудыг барихын тулд,энэ машинууд,энэ яхтуудыг авах мөнгийг цуглуулахын  тулд манай авлигачид орой болгон өдрийнхөө орлогыг тэргэнд ачаад зөөж байдаг гэхгээ юу? Ямар ч утгагүй домог гэдгийг батлая: Нэг муу лангуу ажиллуулдаг бүрэн бус дунд боловсролтой хүн ч ашиг орлогоо нууж сурчихаад байхад өндөр боловсролтой төрийн түшээд улсын сан хөмрөгөөс  хулгай хийх технологийг өдий болтол эзэмшээгүй бүхний хойно гэлдэрч явна гэж та бодож байна уу? Больж үз,би танаас гуйя. Манай түшмэлүүд чинь авлига авах нарийн технологийг хэдэн зуугаар нь боловсруулчихсан хэрэгжүүлж байдаг юм. Хэн ч яаж ч ухаад нэмэргүй,барих аргагүй аргуудтай. Хамгтийн их хэрэглэгддэг 3 бүдүүвчийг зураглая:
Нэгдүгээр бүдүүвч: Том түшмэл болгон нэг “сэргэлэн” орлогчтой байдаг. Тэр нь ажлын бус цагаараа ямар нэгэн сайн санааны санг толгойлон ажилладаг. Урлаг соёлыг дэмжих сан, авъяасыг дэмжих сан,амьтан хамгаалах сан гэх мэтийн. Аливаа сайхан сэтгэлтэй хүн чадах чинээгээрээ мөнгөн тусламж үзүүлнэ, харин том түшмэлийн гарын үсгийг горьдож байгаа хүн түшмэлийн хэлсэн хэмжээгээр нь “тусламж” илгээнэ.
Хоёрдугаар бүдүүүвч: Төр захиргааны үйл ажиллагааны нэгэн салбарыг гүнзгий судалж цаашдын хөгжлийг нь тодорхойлох хойш тавишгүй чухал яаралтай шаардлга гэв гэнэт гараад ирнэ. Салбарын удирдагч нь өөрийн эрдэмтэн мэргэжилтнүүдээ дуудаж цуглуулаад,тэд нар нь гүнзгий судалж, дүгнэлт гаргаж, зөвөлгөө өгнө. Ажлын хөлс болох багагүй мөнгийг ахан дүүс шиг хувааж авна. Харин өнөөх судалгаа дүгнэлт энэ тэр нь хэнд ч хэрэггүй  тоосон дарагдан хэвтэнэ. Сэтгэл санааг нь тэвчишгүй ихээр зовоож шаналгаад байсан өнөөх салбарт нь ямар нэгэн өөрчлөлт хийгдэхгүй нь мэдээж. Тэглээ гээд юу гэж? Гэрээ нь энэ байна,судалгаа дүгнэлт нь энэ байна, төлбөр тооцооны баримтууд нь энэ байна!
Гуравдугаар бүдүүвч: Дүн шинжилгээ бүхий том том материал хэвлүүлнэ. Би урьд нь их гайхдаг байсан юм: яагаад өөр өөр яамууд байн байн, сонин сонин илтгэлүүд зохиогоод байдаг юм бол гэж. Тэдгээр илтгэлүүд дээрх тоо цифр нь нэг ижил, зарим хэсгүүд нь ихэр юм шиг. Гэтэл үүний ард багагүй мөнгө байдаг ажээ. Энэ илтгэлүүдэд төсвөөс мөнгө өгдөг болохоор зохиогчид нь тэр их мөнгийг аваад 70 хүртэл хувийг нь ажил олгогчдоо, өөрөөр хэлбэл, илтгэлийг захиалсан даргадаа буцаан өгдөг.
Иймэрхүү төсвөөс мөнгө хулгайлах арга тоолшгүй олон. Авилгачдын бүх аргыг цуглуулаад ном болгочихвол” Авлигачдын Камасутра” болно доо.
Дээдсийн үдэшлэг – нийллэг - хүлээн авалт дээр цэнгэх чадварыг олох гэж би их зүдэрсэн дээ. Би ер чадахгүй,яахаа ч ойлгохгүй байв. За би ирлээ, хундага бариад зогслоо...тэгээд цаашаа яах ёстой юм? Намайг хэн ч тоохгүй,хэн ч ярихгүй болохоор ичсэндээ хундагатай шампанскнаасаа байн байн балгаад л, тэрнээсээ болж хамаг бие толбоор бүрэгдээд (шампанск надад ингэж харшил өгдөг юм), тэгээд 30минутын дараа би гэж хөлс даасан, улаан чихтэй амьтан болчихно. Юун улс төр, юун энэ муухай бүлээн ундаа, ерөөсөө юу ч хүсэхээ болиод, гэртээ харих ба нэмүү өртгийн татварыг бууруулах - энэ л хоёр хүсэлтэй үлддэг байлаа. Энэ хүслээ анхны над руу хандаж инээмсэглэн цаг агаар сайхан байгаа тухай ярьсан хүнд хэлээд тавьчихна. Үүний дараа тэр хүн надаас бүрмөсөн дайжилгүй яахав дээ. Ийм уучлашгүй мэргэжлийн согоготой амьтан байлаа,би. Хүлээн авалт,фуршет, презентаци, - энэ бүхэн улс төрч, бизнесмен, төрийн түшээ хүний ажлын чухал хэсэг билээ. Ийм үеээр л холбоо сүлбээгээ бататган авах, заримдаа хэдэн сар шийдэх гээд чадахгүй байсан асуудлыг 5 минутын дотор шийдэх боломж ч олддог. Тийм болохоор яалт ч үгүй, энэ эрдэмд суралцахаас өөр арга байсангүй. Ингээд би эргэн тойрноо анхааралтай аждаг болов. Кино анхааралтай үзэн олж мэдсэн арга, дэг жаягийг шууд амьдралдаа нэвтрүүлдэг болов. Киноны баатрууд - үлгэр жишээ хүүхнүүд бүхий л арга хэмжээнд хожигдож ирээд байхаар нь цаг барьдаг “өвчнөө” арай гэж ялан байж Америкийн худалдааны сайдыг хүндэтгэн зохион байгуулсан маш тансаг хүлээн авалтанд 40 минут хоцроод очлоо. Фуршетын танхимд инээмсэглээд л ороод ирсэн чинь...хов хоосон байдаг байгаа! Хоёр хөл маань шаланд наалдан хөшчихөөд зогсож байсан чинь ашгүй америкийн элчингийн туслах гараад ирлээ. Би түүн рүү сурагч охин хичээлийн эрхлэгч рүүгээ харж байгаа юм шиг л харцаар харсан байх. Элчингийн туслах инээмсэглэн: “Хатагтай Хакамада? Зочид бүгд ширээнд суучихсан байгаа, би таныг суудал руу чинь аваачиж өгөх үү? Та битгий ай. Хамгийн агуу хүмүүс хамгийн сүүлд ирдэг шүү дээ. Та бол шилдэг эмэгтэй юм чинь...” - гээд намайг дагуулан дараагийн танхим руу явлаа. Бид хоёрыг дайллаганы танхимд орж ирэхэд бүгд чимээгүй болон харцгаав... Намайг баярын эзэн болох Америкийн худалдааны сайдын дэргэд суулгасан гэдэгт эргэлзэх хүн байхгүй байлгүй?
Энэ явдлаас хойш арга хэмжээнүүдэд би зохих хугацаагаар хожимдож очдог болсон. Элчингийн хүлээн авалтанд 20 минут,банкируудын үдэшлэгт 40 минут, засгийн газрын банкетанд 10минут гэх мэт. Ийнхүү бага багаар суралцсаар дээдсийн цэнгүүнд цэнгэх урлагыг төгс эзэмшиж, бичигдээгүй дүрмүүдийнх нь гол хэдийг нь өөртөө товлож авсан юм.
Эхний дүрэм:
Зарлагдсан цагаас хоцорч ирэх гэдгийг та одоо мэднэ.
Хоёрдахь дүрэм: Хөшүүргийн хууль.
VIP-хүнийг буланд шахан байж өөрийнхөө проблемуудыг тоочин хоргоож болохгүй. Маш яаралтай, энэ булангаас гарахгүйгээр шийдвэл зохих, улс орны ач холбогдолтой асуудал байсан ч ингэж болохгүй. Энэ бол буруу. Ингэвэл ажил хэзээ ч бүтэхгүй. Харин “жижүүрийн үгсээ” солилцсоны дараа “чухал этгээд” рүү ганцхан өгүүлбэрээр харвах хэрэгтэй. Тэр өгүүлбэрийг чинь сонссоны дараа “чухал этгээд” өөрөө таныг буланд шахаж сайн ярилцахыг хүсэхээр - тийм л өгүүлбэрээр харвах хэрэгтэй. Жишээ нь,та “Альфа” банкны хүлээн авалтан дээр ирлээ гэж бодъё. Танд чухал хэрэгтэй Греф тэнд байж байна гэж бодъё. Жижиг бизнес дахь хүнд суртлын эсрэг багц хууль Засгийн газар дээр таг гацчихаад парламент руу орж ирэхгүй таныг зовоож байна гэж бодъё. Энэ тохиолдолд та нэг бол Грефийг барьж буланд шахаад, зангиагаа гартаа ороонгоо, Орос орны хувьд жижиг бизнес хичнээн чухал байгаа, хүнд суртлын торонд жижиг бизнес хэрхэн боомилогдон тарчилж байгаа  талаар хэн ч уяран уйлмаар ярьж өгч болно,түүнд. Тэгээд ямар ч үр дүнд хүрэхгүй байж болно,та. Эсвэл, Греф рүү очоод, ийш тийш хайнгадуу харц шидэнгээ, ингэж хэлж болно: “би өчигдөр ерөнхийлэгчтэй хийсэн уулзалтанд очоод таныг удахгүй халах гэж байгаа юм байна даа гэж бодлоо...” Греф мэдээж “Юу гэж байгаа юм, яалаа гэж намайг халдаг юм?” Би: “мэдэхгүй ээ, ерөнхийлөгч танай яамыг арга зүйн кабинет л болчихоод байна гэсэн дэг. Жишээ нь, жижиг бизнесийн багц хууль хаана байна?” Ингээд л болоо. Таны хүсээд байсан багц хууль долоо хоногын дараа гэхэд л парламент руу ороод ирж байгаа юм.
Гуравдахь дүрэм: Саармаг хүйстэй байх.
Үдэшлэг нийллэг дээр эрчүүдтэй сээтэгнэх, нөхөр, нууц амраг хайх зэрэг асуудлыг март. Энд эмэгтэйчүүд идэвхтэй байх ёстой боловч энэ талын идэвх байж хэрхэвч болохгүй. Айлгүйтэх, эрчүүдийг өдөх зэрэг нь нөхцөл байдалд огтхон ч таарахгүй. Энд таныг эргүүлэх гэж ирсэн хүн байхгүй. Энд бүгд л ажиллах гэж ирсэн байгаа. Бас, энд олон нүд байгаа. Таны хэрхэн, хэнтэй, юу ярьж байгааг бүгд анзаарна. Хүнтэй айльгүйтэх юм бол тэр хүний чинь эхнэрийн сонорт тэр дороо л хүрнэ. Дараа нь нөгөө хүн чинь тантай мэндлэхээ ч болно. Энд ирдэг хүмүүс бүгд эхнэртэй. Эхнэргүй дэл сул төрийн түшээ гэж байдаггүй. Тэгээд ч энд тачаангуйн энергетик байдаггүй. Зөвхөн тааламжтай үгс- комплимент л бий. Үүнийг ч харин ёстой нэг харамгүй хэлнэ шүү дээ! Гэхдээ ийм үгсэд итгэн баярлах хэрэггүй, шал худлаа “манжилдаг” юм байна лээ. Анхандаа би гэж гэнэн амьтан хүмүүсийн хэлсэн үгэнд итгээд л, өөрийгөө гоё сайхан гээд бодчихсон, танхимар нисэх мэт явдаг байлаа. Харин, гурван давхар эрүүтэй, сандал шиг бөгстэй, ямар ч донжгүй хувцасласан хачин авгайд яг надад хэлээд байсан үгсийг, яг тэр аялгаар хэлж байхыг нь сонссоноос хойш магтаал үгэнд итгэн баясахаа больсон юм.
Дөрөвдөх дүрэм: Хувцаслалт.
Цээжээ ил гаргасан том ухлаадастай хувцас өмсөж болохгүй, хөхөө тодотгосон хувцас бас болгохгүй. Богино банзал, бие гэрэлтсэн цамц, трико, хадаас шиг өсгийтэй, өвдөг давсан урт бариу түрийтэй гутал- бүгд хориотой хувцас болой. Шагай шүргэм урт шулуун банзал жижигхэн пиджактай өмсвөл бас л таныг ойлгохгүй. Улс төрийн элит бол маш чанга, маш хатуу байдаг. Харин банкируудын үдэшлэгт бүхий л газартаа бриллиант зүүсэн, баян тарганаа гайхуулсан байдалтай хувцаслан ирдэг. Ингэж хувцаслаагүй хүүхнийг машид шүүмжлэхээс гадна, “өө, энэний нөхрийн ажил төрөл нь тааруу байгаа юм байна, найдваргүй банк байна” гэх мэтээр ойлгоод тэр банк, компанитай ажил хэрэг явуулах хүн олдохоо больдог. Энэ тал дээр бол яг л барууныхан шиг аашилна шүү. Эргэн тойрон дандаа брэндүүд: нүдний шил, цүнх, товч хүртэл, брэнд бус юм эндээс олохгүй. Хамгийн сонирхолтой нь ийм үдэшлэг дээр нэг нэгэндээ комплимент ер хэлдэггүй юм байна лээ. Юу ч өмсөж зүүсэн байсан “сайн уу,сайн...” элдэв магтаал, уулга алдалт байхгүй. Яагаад ингэдэг юм гэж асуусан чинь “ Энэ бол “Порше” худалдаж авсан эрд комплимент хэлсэнтэй адил хэрэг болно. Эрчүүд дотроо л үнэлэлт дүгнэлт өгөхөөс, “Хүүе ээ, чи ямар гоё машинтай болчихоо вэ? Пөөх...” гэх мэтээр орилоод байдаггүй улс. Авгай хүүхнүүдийн гоёлын тухайд ч адил. Бүгд л бүхнийг харж байгаа, мэдэж байгаа. Хэн юу өмссөн байна, хэдий хэмжээний үнэ цэнэтэй юм гялалзаж байна гээд... байх л ёстой юмыг юу гэхэв дээ?” - гэж нэг нь надад тайлбарласан юм даг.
Ер нь ямар ч үдэшлэгт, “дураараа дургиж, дунд чөмгөө тасалж ч” болох чөлөөт үдэшлэг байсан ч нас намбандаа тохируулж хувцасласан байх ёстой. Насаа тодотгож харуулахгүй ч, түүнээ мартаж бас болохгүй. Хэмжээг мэдэрнэ гэдэг бол бурханаас заяадаг авъяас билээ. Орчин үед эртний хийцийг дууриалгаж хийсэн гоёлын зүүнүүд моодонд орчихоод байгаа. Ийм зүүг свитер цамцны зах, эсвэл хувцасныхаа халаасан дээр хатгасан байвал - болж байна. Харин, хэрэв та хүзүүндүү сондор, чихэндээ ээмэг зүүчихсэн байж дээрээс нь нэмээд хувцсандаа зүү хатгасан байвал таныг хөөрхий нэг муу зах дээр наймаа хийдэг амьтан байна гэж харна. Нэг биен дээр нэг л тод, үнэтэй гоёл чимэглэл байх ёстой. Мөнгөн гоёл бол өөр хэрэг. Бүтэн кг-ийг ч зүүсэн болно.
Тавдугаар дүрэм: Дөнгөж амсах.
Хүлээн авалтанд цатгалан ирэх хэрэгтэй. Ширээ хотойгоод, архи урсаад байж л байг, энэ танд хамаагүй. Сэтгүүлчид, сэхээтнүүд бол өөр хэрэг, тэд бага цалинтай улс, тэднийг бүгд ойлгоно, уучилна. Харин улс төрийн элит хүн, ялангуяа эмэгтэй хүн ярилцлагад хэзээ ч бэлэн байх ёстой. Амаараа дүүрэн чихчихээд байж байтал гэнэт сэтгүүлч ирээд юм асуувал яахын? Хагас хундага дарс, тавган дээр ямар нэг жижигхээн юм тавьж аваад жаахан жаахнаар балгаж, шувуу шиг тоншиж байснаа тавгаа тавьчихаад хундагаа бариад хөнгөн шингэн алхан танхимаар зугаалан хэрэгтээ хүмүүсээ хайна.
Зургаадугаар дүрэм: Сур, сур, бас дахин сур.
Саяхан би нэгэн сонин үдэшлэгт очсон юм. Урлагынхан цугларчихсан их л хөгжилдөж байв. Тэд бүгд нэг нэгийгээ таньж мэддэг, харин би хэнийг нь ч танихгүй. Надтай хамт ирсэн хүмүүс тараад алга болчихов. Яг л 13 жилийн өмнөх шигээ, би гэдэг хүн яахаа мэдэхгүй эвгүйцээд ирлээ. Магадгүй, энэ хүмүүс намайг төрийн том түшээ, сайд хэвээрээ байгаа, энд санамсаргүй ирчихэж хэн нэгнийг чухал хэргээр хайж яваа байх, түүнд саад болоод юухэв гэж бодож байсан ч байж болох. Харин би бүүр нервтэж дуусаад явдаг юм билүү гэж бодож байтал гэнэт өчигдөр үзсэн кино санаанд ороод ирэв. Тэр кинон дээр залуу хос үдэшлэгт ирдэг. Залууг нь /Том Круз/ хүмүүс бүчиж ирээд аваад явчихдаг, харин хүүхэн нь /Николь Кидман/ ганцаараа үлддэг. Тэрээр ер сандралгүй, ихэмсэг гэгч нь текны лангуу руу очсоноо нуруугаараа налан,хоёр тохойгоо алдлан лангуун дээр тулж, гартаа барьсан хундагатай дарснаасаа үе үе балган, хүмүүсийг гулссан харцаар харсан шиг зогсдог. Нэн тайван, өөртөө итгэлтэй, өөрийнхөө үнэ цэнийг мэддэг хатагтай...
За байз, налах лангуу тавиур энэ тэр алга... Багана л байна, за яахав болгохоос...Би багана руу очиж нэг гараараа түүнд тулан, нөгөө гартаа хундагаа барин, Николь Кидманы харцаар харахыг хичээн зогсов. Амарч байгаа хүний тайван харцаар...Таван минут болоход миний эргэн тойронд хүнээр дүүрч, бүгд л надтай яриа өрнүүлэх гээд дайрчихаж билээ. Сур, сур, бас дахин сур!
Тест: Та төрийн түшээ байж чадах хүн мөн үү?
Та, төрийн департаментын бүхий л зиндааны түшмэлүүд оролцож буй албан ёсны хүлээн авалтанд ирсэн байна. Таны зорилго: Хүмүүсийн анхаарлыг таталгүй, нэг ч хүнтэй үг солихгүйгээр “томчуудыг” “жижгүүдээс” ялган таних, мөн хэн нь дээш өсч яваа, хэн нь доош уруудаж явааг тодорхойлох. Доорхи аргуудын аль нь танд илүү үр дүнтэй санагдаж байна вэ? Та аль аргыг хэрэглэх вэ?
а/ Хүмүүсийн гутлыг анхааралтай ажина. Гутал нь тоос болсон, эсвэл хүйтний улиралд бол дулаан гутал өмссөн этгээдүүд явган амьтад байж таарна, тэгэхээр тэд хамгийн “жижиг амьтад”. Эднийг хамгийн түрүүнд хасна. Дараа нь үлдсэн хүмүүсийг архи ууж байгаа үгүйгээр нь ялгана. Ууж байгаа нь жолоочтой дарга нар гэсэн үг. Уухгүй байгаа нь өөрөө машинаа барьдаг жижгэвтэр түшмэл... тэднийг бас хасна. Үлдсэн томчуудаас хамгийн том нь хамгийн түрүүлж хүлээн авалтаас явна.
б/ Эхлээд дипломат, эсвэл цүнх барьсан этгээдүүдийг хасна. Томчуудын цүнхний үүргийг хажууд нь байгаа референт нь гүйцэтгэдэг учраас тэд цүнхгүй явдаг. Дараа нь утас цохиж байгаа хүмүүсийг хасна: өөрсдөө утас цохиж, “би тэр байна аа” гэх нь хаадын хийдэг ажил биш. Мөн дуугарч байгаа утсаа авч ярьж байгаа хүмүүсийг хасна: төрийн томчуудтай шууд холбогддог хүн цөөхөн бөгөөд тэр болгон тэд энэ эрхээ эдлээд байдаггүй. Үлдсэн нь том дарга нар.
в/ Сэтгүүлчдийг ашиглах. Телевизийн операторууд мөрөн дээрх камераараа мөс зүсэгч хөлөг онгоц лугаа адил “жижиг гаруудыг” хүн байна гэж тоохгүй хага яран дайрна. Дуран авай хэн рүү чиглэж – тэд томчууд болой.
Хариулт. Та аль ч аргыг сонгосон байсан төрийн түшээ байж чадахгүй юм байна. Учир нь жинхэнэ төрийн түшээ хүн энэ аргуудын алийг нь ч хэрэглэхгүй. “Заяаны” төрийн түшээ хүн бол бусдын зиндааг мэдрэх төрөлхийн зөн совинтой юм шиг байдаг. Ямар ч олон танихгүй, зүсэн бүрийн хүн цугларсан хүлээн авалтанд очсон бай, “заяаны түшээ” бол шууд л өөртэйгээ ижил зиндаатныг тодорхойлж чаддаг юм билээ. Мөн хэний урд бөхөлзөж болохыг алдахгүй тогтоодог.
Толгой дохиод л цаашаа харчихаж байгаа бол цаадах нь өөрөөс нь доогуур зиндааны дарга гэсэн үг. Хэдэн үг солилцсон бол тэр хоёр хүн ижил гишгүүр дээр байдаг хоёр, эсвэл нэг нь одоохондоо нэг гишгүүрээр доогуур байгаа боловч дээшилж байгаа хүн байж болно. Хүмүүс тоож харахгүй байгаа хүн бол эрчимтэй уруудаж байгаа түшмэл.
Хэрэв та хүмүүсийг том жижгээр нь ялгах мэдрэмжээ хөгжүүлж чадахгүй байгаа бол хүмүүсийн хоорондоо хэрхэн мэндэлж байгааг анхааралтай ажиглаж бай. 30 минутын дараа гэхэд л бүх юм тодорхой болоод ирнэ.
"Халтуурчид”
“Хэрэв та, Ирина Муцуовна, эрэгтэй хүн байсан бол ч...ялангуяа намдуу сайхан хоолойтой эр байсан бол,” - гэж бодлогширонгуй хэлээд улс төрийн технологич залуу намайг “лабораторийн харцаар” шинжив. Би ч санал нийллээ: нээрээ, намдуу хоолойтой эр хүн ч догь шүү...Гэхдээ энэ технологич залууд баяртай гэж хэлээд явуулсан. Тэгэхгүй бол, нэг л мэдэхэд би, Хакамада биш,харин тархиндаа сонгуулийн өмнөх өрсөлдөөний сум зоолгочихлоо хэмээн толгойгоо дангинатал боочихсон цэнхэр нүдэн залуу Александр Белов болоод хувирчихна. Уул нь ч,толгойдоо буудуулсан гэж жүжиглэх нь харьцангуй хүмүүнлэг хувилбар л даа. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байх үед минь манай нөхөр хүүхэд хоёрыг хулгайлагдсан гэх жүжиг тавъя гэж надад нэгэн улс төрийн технологич санал болгож байсан юм даг.
-Та бод доо?Хэвлэл мэдээллийнхэн шуугиад л, ард түмэн таныг өрөвдөн хайрлаад л, телевизийн бүх сувгаар та доголон нулимсаа арчсанаа, хөмхийгөө зуун “ намайг юу ч зогсоож чадахгүй, би эцэстээ хүртэл тулалдана” гэж хэлж байгаа ролик гараад л... Өрсөлдөгч нар чинь биеээ хамгаалахаас өөр гарцгүй болно, гэхдээ хэн ч тэдэнд итгэхгүй нь мэдээж. Тэгээд тэдний рейтинг навс унаад, харин таных бол суга өсөөд л...
Орос Улс дахь улс төрийн технологийн зах зээл дэндүү бохир, дэндүү мэргэжлийн бус байгаа. “Сонгогдохын өвчин туссан”, гэхдээ яаж дээшээ гарах механизмын тухай ойлголт ч байхгүй гэнэн мангардуу хүмүүсийг шулах ганцхан зорилготой. Ийм амьтан олдонгуут- түүн рүү бүгд шаваад ирдэг. Хамгийн гол нь, мөнөөх мангар нь мөнгөтэй байвал л боллоо. Остап Бендер: ”Хүн амаас мөнгийг нь шударгаар салгаж авах олон арга байдаг” гэж хэлдэг түмэн зөв. Манай улс төрийн технологи бол энэ олон аргын нэг нь. Жишээ нь, та юу гэж бодож байна, ерөнхийлөгчид нэр дэвшигч 4 хүнийхээ хамт Санкт-Петербург руу 2хоногийн хугацаатай яваад ирэхэд хэр их мөнгө орохов? Надаас 150000 /зуун тавин мянган /доллар нэхсэн гээд бод! Төсвийг нь харсан чинь онгоцны таван тийз л гэхэд 10 000 доллар, зочид буудлын зардал нь хоногт мөн л 10000, хурлын танхимыг 2 цаг түрээслэхэд 25000, бусад зардал нь ч иймэрхүү “үнэмшилтэй” юм хийсэн байв. Би сонирхлоо: Та нар биднийг хувийн “Боинг”-оор авч явах гэж байгаа юм уу? Петр хааны ордонд байрлуулах юм уу? Сонгогчидтой хийх уулзалтыг Эрмитажийн хааны суудлын их танхимд зохион байгуулах гэж байгаа юмуу? Ийн наймаалалцсаны үр дүнд өнөөх төсөв маань 5 дахин багасаад ирлээ. Тэд нарын хэн нэг нь ичмэр аядсан гэж бодож байна уу? Огтхон ч үгүй. Дараачийн арга хэмжээний анхны төсөв арай бага “панаалтай” байсан гэж бодож байна уу? Яг шд... Тэд чинь үйлчлүүлэгчээ хүн гэж үздэггүй юм. Нэг муу мангар амьтанд, мангар гэдгээ сонгогчдоос хэрхэн нууж, ухаантай царайлахыг зааж өгч байгаа юм даг уу даа. Өөрсдийгөө “пиардахад” ч энэ нь их хэрэгтэй. Үйлчлүүлэгч нь ялсан тохиолдолд хамаг гавъяа тэднийх болно: Ийм мангар амьтныг бид нар Л ялуулж чадаж байгаа юм гэнэ. Ялаагүй тохиолдолд: ийм мангар амьтныг бид нар Ч ялуулж чадсангүй гэнэ.
Хэн ч биш байсан амьтныг ХҮН болгож чаддаг мэргэжлийн технологичид бол хахууль авдаггүй цагдаа нартай хамт номын тавиурууд дээр л байдаг байх. Амьдрал дээр бол,их л бодож, учиргүй ажил хэрэгч дүр эсгэсэн амьтад л гүйлдээд байна. Үс нь дандаа босчихсон, нүд нь дандаа бүлтийчихсэн, энд тэндээс нь гранат мэт багц багцаараа гар утас унжчихсан...Эгээтэй л окопны ирмэг дээр зогсчихсон, дайсны танкны цувааг зогсоох гэж байгаа байлдагч мэт. Хэрэг дээрээ бол тэд юуг ч зогсоох гээгүй. Юун танкны дор өөрсдөө орох...Харин үйлчлүүлэгчээ бол – ёстой л пажааласт: хаашаа ч, юуны ч дор шургуулахдаа тоохгүй. Гэхдээ, мэдээж, мөнгөө төлснийх нь дараа. Өөрсдөө бол олон хүнтэй газар байхаас сүнсээ зайлтал айна, сонгогчид хэмээх ард түмнийг “архи, зодоон, балалайк” гэсэн түвшинд л муухан төсөөлнө.
Бүрээ бөмбөртэй
Нэг удаа би Америкт, А. Гор сонгогчидтойгоо супермаркетад уулзалт хийнэ гэхээр нь яваад очив. Бөөн бөмбөлөг, бишгүүр, сэтгэл бадраасан хөгжим...Сонгогчид дороо бүжиглэн нэр дэвшигчээ хүлээж байлаа. Тэгсэн, нэг хөгжилтөй хар хүүхэн гүйж гарч ирээд микрофоны дэргэд бүжиглэнгээ: “Өнөөдөр бид... хэнтэй уулзах гэж байгаа билээ?... Манай улсын хамгийн сайхан, хамгийн шилдэг, хамгийн хамгийн...Хэн билээ? Энэ бол бидний...бидний...Йес, йес!!! Бидний Гор!!! Дараа нь рэп-бүжигчин, наранд борлосон царайтай ковбой, шорт өмссөн настай эмэгтэй гэх мэтээр янз бүрийн хүмүүс гарч ирээд л байдаг, гарч ирээд л байдаг, хүмүүсийг халаагаад л байдаг, хөөрүүлээд л байдаг. Цагийн дараа, хүмүүсээс бараг утаа гарч эхлэх үед л нэг юм “Өвлийн өвгөн маань хаана байна аа? Дуудах уу?... Өв-лийн өв-гөн...өв-лийн өв-гөн..” Гор гараад ирлээ. Хүмүүс чив чимээгүй болоход, тэрээр пиджакныхаа халааснаас цаас гаргаж ирээд 15 минут орчим хугацаанд нойр хүргэм юм уншсанаа, өнөөх “шпи”-гээ нугалаад, халаасандаа буцаагаад хийчихэв. Тэгээд, одоо л нэг харцаа өргөж бэлдсэн хошигнолоороо харвав. Хүмүүс ч хөхрөөд, дэвхцээд, орилоод, бөөн баяр хөөрт автаад явчихав. Уулзалт дээр шууд лидерээ гаргаад ирдэггүй юм байна. Энэ энгийн, гайхамшигтай үр дүнтэй аргыг би дуурайж хэрэглэхийг хүсээд- хүсээд нэг ч удаа чадаагүй. Манай нөгөө, ард түмнийг дураараа удирдаж, хүссэнээ хийлгэж чадна гээд гайхуулаад байдаг “мэргэжилтнүүд” мөнөөх ард түмнээ натурал хэмжээгээр нь харахаараа сүнс нь зайлсан мэт хөшчихдөг юм билээ. Тайз руу тэднийг яаж ч түлхээд гаргаж чадахгүй байгаа юм чинь. Нэмэлт төлбөр, шагнал урамшуулал амлаад ч нэмэргүй юм билээ.
Харин тэд стадион дээр гала-концерт зохион байгуулах аймаар дуртай. Тэрэн шиг сайхан юм тэдний хувьд үгүй: төсөв мөнгө нь их, дуучид дуулаад л, үзэгчид орилолдоод л байж байна, харин тэдэнд өөрсдөд нь бол хийх юм юу ч байхгүй юм чинь, сайхан байлгүй яахав? Нэр дэвшигчид нь, одуудын хит дуунуудын завсар зайгаар микрофон барьж гарч ирээд өөрсдийнхөө уриа лоозонг хашгиран гүйнэ. Тэгэхдээ өөрсдийгөө поп одууд гэж боддог юм уу, эсвэл анхны христууд гэж төсөөлдөг юм уу, үгүй бол Чилийн дарангуйлагчтай адилтгаад ч байдаг юм уу, бүү мэд, нээх баяссан амьтад л гүйгээд байна. Би л лав өөрийгөө шал тэнэг амьтан шиг л харагдаж байгаа байх даа гэж бодоод байсан. Тэгэж бодсон маань яг зөв байсан байна лээ: нэгэн тоглолт дээр сонгогчид намайг “Yesterday”-г дуулаадхаач гэж авдаг байгаа? Йоко Онотой андуурсан юм байлгүй? Аргагүй ч юм уу даа: рок хөгжимчдийн дунд зогсож байгаа япон царайтай бүсгүй Йоко Оногоос өөр хэн байх вэ дээ? Астраханкинаг байсан бол ямар дууг дуул гэх байсан бол? “Ой мороз, мороз”-ыг л дуул гэх байх даа?
Ийнхүү, манай улс төрийн технологичид гэгдэх сайн дурынхан одоогоор найр цэнгүүн зохион байгуулагчдын хэмжээнд л байна.Яахав, ялах тохироогоо хийгээд бүхнийг зохицуулчихсан нэр дэвшигчид, илүүдээ гарсан мөнгөтэй бол, сонгуульд өрсөлдөж байгаа дүр үзүүлэнгээ цагийг хөгжилтэй өнгөрөөх зорилгоор тэднийг хөлслөхөд болохгүй юм байхгүй л дээ. Гэхдээ л, гадаадын фирмүүдийг хөлсөлсөн нь дээр. Амралт зугаа цэнгээ зохион байгуулах тал дээр тэд манай эднийг дагуулахгүй, хол хаяна. Ёстой “зад авна”.
Саяхан би элит зэрэглэлийн супермаркетийн нээлт-сурталчилгааны баярт уригдаад очлоо. Баярын “цэсний гол хоол нь” олны танил, нэртэй цуутай хадагтай нар “от кутюр”, эсвэл өөрийнхөө авдарны ёроолоос гаргасан хуримын даашинз өмсөн үзүүлэх явдал байлаа. Ухаандаа, зохион байгуулагчдын төлөвлөснөөр бол, телевизийн нэрт хөтлөгчид, жүжигчид, эстрадын одууд болон улс төрч Ирина Хакамада, бяслаг хиаман дундуур сүйт хүүхнүүдийн дүрд хувилан алхах ёстой байв. Гэтэл энэ сүйт хүүхнүүдийн хамгийн залуу нь л гэхэд гуч хол давсан настай гээд бод доо? Манай ард түмэн юмыг олж шоглохдоо ямар гаргуун билээ гэдгийг бодсон хүн байхгүй бололтой. “Энэ дэлгүүрт зарагдах хүнс, энэ сүйт бүсгүйчүүдийн адил “шив шинэхэн” байх юм байна” гээд л шоглоно гэдгийг бодсон мэргэжилтэн мэдээж бүр байхгүй... Би манай гял цал одуудыг энд гомдоох гээгүй юм шүү. Тэд маань хорхойд хоргүй хүмүүс. Өөрсдийнхөө паралель ертөнцдөө амьдраад л, хэнд ч гар хүрэхгүй, улс төрд шургах гэж зүтгэхгүй, гадаадын төсөв хөрөнгөнөөс чимээгүйхэн шиг зулгаачихаад л сууж байдаг улс. Би тэдний өмнө малгайгаа аван мэхийхэд ч бэлэн байна: өнөөдөр Орос улсад эрх чөлөөтэйн дээр баян хангалуун, тэгсэн мөртөө хэнд ч (засаг захиргааныханд ч, төрийн түшээд ч, цагдаагийнханд ч) худалдагдахгүйгээр амьдарч чадаж байгаа нь цөөхөн шүү дээ?
Тэр ягаан малгайтай- хэн бэ?
Нэг ч технологич надад яаж хувцаслах талаар тайлбар өгөөгүй. Өнөөх л товчоо таслаж унагаах мэтийн тэнэг зөвөлгөө л өгдөг байсан. Тэд чинь дандаа эрчүүдтэй ажилладаг байсан шүү дээ. Эрчүүдийн рейтинг ямар тэдний өмссөн өмдний загвар хийцээс шалтгаалах биш, бүгд л ижил юм чинь. Цамцны нь зах хиргүй байна уу? Оймс нь ойролцоо өнгөтэй байна уу? Зангиа нь хажуудаа гарчихаагүй байна уу? Тэгвэл тэгээд л боллоо шд. Чубайсд Жириновскийн пиджакийг, Явлинскийд Путиныхыг өмсгөчихлөө гэхэд хэн ч үүнийг анзаарахгүй өнгөрнө. Харин Любовь Слискад - Валерия Новодворскаягийн нэлэмгэр хувцсыг өмсгөөд, Новодворскаяд - Слискагийн бие барьсан костюмыг өмсгөчихвөл яахав? Эсвэл Валентина Матвиенкод Ирина Хакамадагийн хувцсыг өмсгөвөл яах вэ? Тийм Матвиенког өөрийнх нь бие хамгаалагчид ч танихгүй, хотын захиргаа руу нь ч оруулахгүй биз дээ? Ирина Хакамада хэрэв торон цамц, “годе” загварын банзал өмсчихвөл Ирина Хакамада биш болчихно шүү дээ. Эрэгтэй хүний хувьд, хамгийн гол зэвсэг нь түүний толгой ба ааш маяг нь байдаг. Бусад зүйл нь зүгээр л ашигтай - ашиггүй нэмэлтүүд болдог. Харин эмэгтэй хүн бол шал өөр. Тэр л эмэгтэйн өөрийн гэсэн дүр төрхийг бүрдүүлэхэд хувцаслалт хамгийн чухал байрыг эзэлдэг. Үүний тухай хичнээн олон кино хийгдсэн, хичнээн олон жүжиг тавигсан, хичнээн олон ном бичигдсэн байдаг билээ? Тэдгээрийн үйл явдлын хамаг зангилаа нь ердөө л, гол баатар эмэгтэй хувцсаа сольсноор - царай муут байснаа үзэсгэлэнт бүсгүй, гудамжны янхан байснаа намбалаг хатагтай, хүйсийг нь тодорхойлоход ч хэцүү хачин юм байснаа дур булаам босс эмэгтэй болон хувирдаг биз дээ? Эрчүүдийн тухай иймэрхүү зохиолууд байдгийг би санахгүй л юм байна.
Ноднин жил манай нөхөр бид хоёр мөн гэр бүлийн хоёр болох найзуудтайгаа гадаадад очиж амарваа. Би чемодан энэ тэрийг үзэн яддаг болохоор цүнхэнд хэдэн футболк, жинсэн өмд, саравчтай малгай хийгээд л болчихов. Харин найз хүүхэн маань бүхий л хувцсаа авчирсан байв. Тэрээр шоу үзүүлж байгаа загвар өмсөгчөөс ч олон удаа хувцсаа солих агаад энэ нь манай нөхөрт их таалагдаж байгаа бололтой, түүнтэй сээтэгнээд жигтэйхэн байв. Нэг хоёр хоногтоо би гүрийгээд л байв: яадгийн би жинстэйгээ л байна, та нарыг рестораны хаалгач оруулаад, намайг болохоор оруулахгүй л байгаа биз, тэрэнд гутраад байх ч юм алга... Болино л биз...нээх их хүсээд байсан ч юм алга... Шөнө 2 цагийн үед сэрсэн чинь нөхөр маань ирээгүй л байна. “Яршиг л байна, больё, залхлаа, би ямар хогон дотроос олдсон юм уу, тэгэж ярьвал би чинь Оросын хамгийн нэртэй эмэгтэй шүү, би бол ухаантай, дажгүй бие хаатай, тэгэхээр ер нь нөхрөөсөө салъя...” ийм бодлууд толгойд хуй салхи мэт эргэлдэн орж ирэв. Энэ сайхан бодлоо тээгээд цаашаа нойрсов. Өглөө нөхөртөө хэллээ... би найз шигээ гоё бие, гоё хувцасгүй юм чинь хоёулаа салсан нь дээр юм байна гээд. Тэгсэн, манай нөхөр тачигнатал хөхрөөд явчихав. Элгээ хөштөл хөхөрснөө, надад ухаангуй хайртай гэж хэлээд, одоо хоёулаа гараад, такси аваад, эндхийн хамгийн гоё дэлгүүрт очоод чамд бүх юмыг авъя гэлээ. Тэгээд бид явлаа, бүгдийг авлаа. Тэр өдрөө би хувцсаа таван удаа солилоо. Оройн хоолны үеээр ресторан тэр чигээрээ намайг ширтэж байлаа. Сиротинский маань намайг эргүүлээд л...
Улс төрийн технологи дахь хувцаслалтын асуудал руугаа эргэж оръё. Парламентын сонгуулийн үеээр манай нам намайг Екатерина Ляховатай телевизийн халз мэтгэлцээнд ор гэв. Ер нь бол би хоёр эмэгтэй хүний халз мэтгэлцээнд дургуй л дээ: нийтийн байрны гал тогооны өрөөнд болдог хэрүүл шиг л харагддаг юм. Гэвч одоо яая гэх вэ, татгалзахаар хайран үнэгүй эфир болох гээд байв. Орохоор шийдлээ. Екатерина юу ярихыг, би юу гэж хариулах вэ гэдгийг ерөнхийд нь би төсөөлж байсан болохоор халз мэтгэлцээний маань хамгийн гол бэлтгэл нь хувцсаа зөв сонгох асуудал л байв. Технологичид намайг тод хөх пиджак өмс, яагаад гэвэл хөх өнгө бол сайхан сэтгэл, итгэл найдварын билиг тэмдэг, эсвэл хүрэн өнгийн ноосон даашинз өмс, учир нь хүрэн өнгө бол газар шорооны өнгө болохоор үзэгчид таныг газрын бурхан Деметратай зүйрлүүлж хүлээж авах болно гэж зүтгэв. Гэвч би өөрийнхөөрөө шийдэж цагаан сорочкан цамц өмсөөд дээр нь хар зангиа зүүчихэв. Тэгээд буруутаагүй, яг оносон байсан. Екатерина харин эмэгтэйлэг цамц, банзал, өндөр нарийн өсгийтэй туфль гээд - тэр аяараа эмэгтэй, эмэгтэй, эмэгтэй ирэв... Мэтгэлцээний дараа надад маш олон хүн: “чиний цамц, зангиа хоёр чинь ярьж байгаа юмнаас чинь илүү чамайг тодорхойлж харагдсан шүү. Шууд л эрс ялгаатай хоёр дүр босоод ирсэн. Нэг нь зөвхөн жендерийн асуудлаар л ажилладаг эмэгтэй улс төрч, нөгөө нь бүх асуудлаар өрсөлдөх чадвартай эмэгтэй улс төрч.”
Үйлчлүүлэгч хэзээд буруутна
Би “новширч” байгаа юм биш. Зүгээр л харьцуулах юмтай болоод л тэр. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байх үедээ би Америкт уригдсан юм. Улс төрийн нарийн дэг жаягтай Америк улс, ер бусын марзан амьтан улс төрийн тавцанд гараад ирвэл ихэд сонирхон дэмждэг. Хэрэв ямар нэгэн улс орон ерөнхийлөгчөөрөө ДОХтой, төрөлхийн тахир дутуу, өнгөт арьстан, уламжлалт бус хүйстэй эсвэл ижил хүйстнээ сонирхдог гэх мэтийн марзан амьтныг сонгочихвол Америкийн сэтгэл зүрхийг шууд л эзэмдэх болно. Тийм болохоор Орос Улсад ази гаралтай, европ имиджтэй, тэгээд бас эмэгтэй – ийм 100% марзан этгээд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд гараад ирэнгүүт, америкчууд энэ марзан амьтныг авчирч байгаад сайтар эргүүлж тойруулж үзмээр санагдсан хэрэг. Бас баярласан юм шиг байна лээ: Оросод ийм явдал байж болж байгаа бол, магадгүй, Орос улс тийм ч найдваргүй болчихоогүй юм байна гэж. Ер нь глобал ертөнцөнд эмэгтэй хүн байх их ашигтай. Эм хүйс гэдэг өөрөө шууд л, маш хүчтэй үнэгүй пиар болж өгдөг. Тэнд эрэгтэй улстөрч өөртөө анхаарал татахын тулд галзуурмаар их хөрөнгө зарцуулах ёстой байдаг бол эмэгтэй улстөрч харин, ямар нэгэн хүч гаргаж, хөдөлгөөн хийхгүйгээр л бүхний анхаарлыг өөртөө татчихдаг: ховор юм үнэтэй гэж энэ. Ийнхүү уригдаад, эргэлзэж - эргэлзэж явлаа, яг сонгуулийн кампанит ажлынхаа дундуур. Америкт очингуут минь тэндхийн улс төрийн технологичид намайг халамжиндаа аваадахав. Манайх шиг, бөөн амбиц болон өөрсдийнхөө амьдралыг дээшлүүлэх зорилго л өвөртөлсөн охид банди нар биш юм аа, тэд нар нь. Буурал үстэй, ухаан гэрэлтсэн царайтай агаа нар байдаг юм байна. Урьд нь конгрессмен, эсвэл төрийн департаментын гишүүн байсан, танил тал холбоо сүлбээ ихтэй, улс төрийн тэмцлийн агуу их туршлагатай хүмүүс байх. Цагтаа тэдний намууд нь ялж ч байсан, ялагдаж ч байсан болохоор зохих тогоонд хангалттай чанагдсан хүмүүс гэсэн үг. Тэгээд, эдгээр хүмүүс намайг тойрон суугаад эхний асуултаа тавьлаа:
-Таны сонгуулийн өрсөлдөөний гол мессеж юу вэ?
-Би ерөнхийлөгч болох гэж ерөнхийлөгчийн сонгуульд орсон юм биш. Оросод биеэ даасан институтууд байхгүй. Засгийг ард түмнээ тоодог болгохын тулд хүч хэрэгтэй. Энэ хүч хэзээ гарч ирдэг вэ гэхээр, хүмүүс саналаа одоогийн ерөнхийлөгчид биш, харин өөр нэр дэвшигчид өгсөн цагт гарч ирдэг. Тиймээс, одоогийн ерөнхийлөгч маань өөрийнх нь явуулж байгаа бодлогыг дургуйцдэг хүмүүсийг сонсоосой гэсэндээ л би энэ сонгуульд нэрээ дэвшүүлсэн юм. Хакамадагийн төлөө Хакамадад саналаа өгөх биш, өөрсдийнхөө төлөө Хакамадад саналаа өгөөрэй. Засагт өөрийнхөө дуу хоолойг хүргэе гэвэл Хакамадад саналаа өгөөрэй.
- Ёстой янзын, танд бидний зүгээс зөвөлгөө өгөхийн ч шаардлага алга. Яг зөв хийсэн байна, - гэж буурал агаа нар хэллээ.
-Дараагийн пункт: Тантай Оросын асуудлаар ажилладаг конгрессменууд уулзаж таны санал бодлыг сонсох хүсэлтэй байна. Бас Кондолиза Райсд та их сонин байгаа тул уулзъя гэж байна. “Бид хоёр хоёулаа марзан болохоор”-гэж дотроо би нэмлээ. Конгрессменүүдтэй та Орос улс “их наймд” байх уу үгүй юу гэдгийг хэлэлцэх үеээр уулзах болно. Харин Кондолиза Райс албан бус этгээдийг хүлээн авч уулзах эрхгүй болохоор таныг түүний нарийн бичгүүдийн нэг нь хүлээн авч уулзна. Энэ үеээр Кондолиза цай уухаар явж байгаад тантай “тааралдах” болно.
Энэ хоёр хоногт бид маш их ажил амжуулсан даа. Бүх юм шидийн юм шиг л бүтэж байв. Кондолиза Райс ч яг хэрэгтэй үед, хэрэгтэй кабинет рүү “санамсаргүй” орж ирээд л, бусад хүмүүсийн нэр усыг ч би түгтрэхгүй хэлж уулзаад л /надад тухайн хүний тухай мэдээллийг уулзахын яг өмнө нь өгдөг байсан юм/, телевизийн дэлгэцнээ ч би гэж цоглог бөгөөд өөртөө итгэлтэй айхтар амьтан харагдаад л. Яагаад гэвэл надад унтах, амрах цаг өгдөг, хамгийн гол нь намайг зогсоо зайгүй магтчихдаг байлаа: та янзын байна, та биеэ яг зөв авч явж байна, танд ямар ч улс төрийн технологичийн хэрэг алга гээд л. Би бүүр итгэчихэж байгаа юм чинь, өөрийгөө хосгүй мундаг, бүхнийг чадах болно гээд. Айлчлал биш, харин өөрийгөө үнэлэх үнэлэмжийг дээшлүүлэх, дотоод нөөцөө идэвхжүүлэх зорилготой сэтгэл зүйн эрчимт эмчилгээ шиг л байв. Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдэг ёстой бөөн кайф байдаг байх аа.
Гэтэл манай улстөрийн хулхидагч нарын ажиллагаа бол яг эсрэгээр явдаг: дандаа үйлчлүүлэгчийн буруу гэнэ. Үйлчлүүлэгчийн санал болгосон бүх юм угаасаа л буруу гэсэн дүрэмтэй. Яагаад гэвэл чадвартай үйлчлүүлэгч бага мөнгө авчирна. “Би ерөнхийлөгч болох гэж ерөнхийлөгчийн сонгуульд ороогүй” гэнэ ээ? Та тоглож байгаа байлгүй? Энэ чинь шууд амиа хорлосонтой л адил. Таны аз болоход, та бидэнтэй учирч... бид таныг аварч чадна. Та өөрийгөө аврагдчихлаа гэж тооц. Бид таныг нэрд гаргаад өгнө. Эхний ээлжинд наад товчийг чинь одоохон унахаар болгох хэрэгтэй. Яг индэр дээр үг хэлж байхад чинь тасраад унаг. Цамц чинь ярагдахаар та ичсэн царай гаргаад, ард түмэн таныг зөв хүн байна гээд танд итгээд ирэх байхгүй юу... За хар, энэ байна, амжилтанд хүргэх кампанит ажлын бүрэн хувилбар... энэ мөрний үнэ 100 доллар, энэ хуудасны үнэ 1000 доллар, бүгд нийлээд хагас сая доллар. Аа, тийм, та Кремлээс, саналын 15%-г бидний тусламжтайгаар авч ялалт байгуулах зөвшөөрлийг авчихаж чадахгүй биз?
Үнэхээрийн яг ингэж асуусан шүү. Юу ч гэж хариулмаар юм бэ дээ? Чадалгүй яахав дээ. Амаар ч, бичгээр ч, нотариатаар батлуулаад ч, эсвэл дээр үеийнх шигээр, цусаар нь бичүүлээд ч авч чадна. Гэхдээ хүсэхгүй байна. Зүгээр л, зэвүүн зантай болохоороо тэр. Яадгийн, тэр муусайн Кремлийнхэн шөнө нь унтахгүй, өдөр нь цонхоороо намайг харуулдаад л: “ Ирина минь, бидний гэрэл гэгээ - Муцуовна минь, хаашаа алга болчихов доо,чи минь ? Ирж зөвшөөрлөө авахгүй яачихав даа?”-гээд л шаналаад байж байг, гоё шд...
Оросод буцаж ирсэн орой намайг сонгогчидтой уулзуулахаар аваад явлаа. Уул нь би дандаа болгоомжилж,хэвлэлийн төлөөлөгчөө өмнөө явуулдаг байхгүй юу. Байдлыг газар дээр нь тандаад надад мэдээл гэж. Хэрэв цөөхөн хүн ирсэн байна гэвэл би замаасаа буцна: хоосон танхим улс төрч хүнд халтай юмны нэг. Америкт би сайхан юманд дасчихаад сонор сэрэмжээ алдчихаж, тэгээд шууд давхиад ирсэн чинь 500 хүний суудалтай танхимд 5-хан хүн сууж байдаг байгаа. Миний “мэргэжилтнүүд” зарлал наахаа дахиад л мартчихсан аж Марталгүй наагдсан хэд нь - өөр дүүрэгт, Москвагийн нөгөө захад наагдаж таарсан юм байх...
Барууны улс төрийн технологийн школ нь зуун настай. Тэнд ийм мэргэжил байдаг. Харин манайд бол одоохондоо байхгүй. Хагас дутуу зохиосон юм л байх. Гэхдээ би энэ залуучуудыг буруутган яллах гээгүй. Тэд сэргэлэнтэж өөртөө зах зээл зохиогоод, түүн дээрээ мөнгө хийж, чадмаг эргэлдүүлж байна. Санаа зовох асуудал бол энэ биш.
Хуучныг санагалзахад...
Сонгууль майн баярын жагсаалтай улам л адилхан болоод байгаа одоо цагаас эргэн харахад 90-ээд оны эхэн үеийн сонгуулийн кампани зөвлөлтийн цагийн кино шиг сэтгэл уярам мөртөө бодит биш санагддаг. 90 – ээд он бол Оросын ардчиллын романтик үе. Элдэв худлаа концепцгүй, хар пиаргүй, хаалгаа хуяглах шаардлагагүй...Сэтгүүлчдийн гарыг цайлгах, хэрэгтэй хүмүүст бөхөлзөх асуудал эхлээгүй байсан үе. 1993онд Орехово-Борисово дахь миний сонгуулийн штаб ердөө л таван урам зоригтноос бүрдэж байсан бөгөөд тэд нар улс төр гэх бухимдал дүүрэн тоглоомыг тэр чигээр нь тасралтгүй оюутны театр, зугаа цэнгээ болгон хувиргаж дөнгөсөн дөө. Нэг бол, сэтгэл мэдрэлийн больницийн эмч өвчтөнүүдтэй ахан дүүгийн харилцаа тогтоогоод /дараа нь сэтгүүлчид, Ирина Хакамада “6-р палат”-ныхан дотроо 3 - рт явж байна, Наполеон, хятадын хаан хоёын ард гээд л баалж байгаа юм/. Тэгснээ, нээх марзан пиво - баранд миний зургийг аваачиж наагаад пиво гүзээлэнгээ, “Энэ зурган дээр байгаа авгайн төлөө саналаа өгөөрэй” гэж нэг нэгийгээ ятгаад л. “Дажгүй авгай юм шиг байна, гадаа ийм хүйтэн байхад зуны сарафанчик өмсчихсөн, халуун цустай юм шиг байна, тээ?”... Бас тойргийн маань бүхий л хүнсний дэлгүүрт намайг оруулж оочирлуулна: “Ой, хараач тэр, манай нэр дэвшигч өндөг авч байна. Хэн гэдэг билээ, энийг чинь? Харакири билүү? Үгүй ээ, Матахари билүү? Биш ээ, Камасутра байх. Аа, үгүй, үгүй, одоо яг саналаа - Хакамада гэдэг шдээ”. Тэр сонгуулийн үеээр манай гэрийн хөргөгч пиг дүүрч, ойрын нэг хоёр сардаа дахиж дэлгүүр орох шаардлагагүй болж байсан юм даг.
Миний ухуулагчид ямар улсууд байсан гэж санана? Хэвлэгчдийн дүүрэг бол манай нийслэлийн хамгийн бөглүү газар байлаа. Нүүр нүдгүй шуурсан цасан шуурганаар, автобус, метро ч явж эхлээгүй байхад дайны үеийн блокадынхан шиг хоёр эмээ ороод ирнэ. Хөвөнтэй хүрэм, эсгий гутал өмсөөд, алчуур зангидчихсан, чарга чирчихсэн... Уран зохиол чинь хаана байна? Юун уран зохиол? Чиний тухай ухуулах хуудсууд. Алив аваад ир, энэ чарган дээр ачаад орхи... Ийм л байсан юм даа...1995 онд чарга алга болж оронд нь засаг захиргааны сан бий болсон. Би өөрөө энэ санг ашигласан болохоор сайн мэдэж байгаа юм. Миний “Общее дело” намыг бүртгэхээс татгалзах гэж байгаа сураг сонсогдов. Энэ тухай би санамсаргүй олж мэдэв: НТВ сувгийн сэтгүүлч Лобковыг сонгуулийн комиссийн байранд зураг авч байхад нь ширээн дээр байсан протокол дуран авайд нь ороодохож. Тэгээд надад хэллээ: танай намын цуглуулсан гарын үсгүүд дотор эргэлзээ төрүүлэм гарын үсгийн тоо байх ёстой хэмжээнээс илүү байна гэсэн шалтаг тавьсан байна лээ... Би шоконд орлоо, арай ч дээ, яаж ингэж нуруу руу минь хутга зоож чадаж байна аа? Би энэ гарын үсэгнүүдийг чинь Урал болон Алс Дорнодоор явж байж, алтны үртэс цуглуулж байгаа юм шиг угаасан бөгөөд шаардлагатай хэмжээнээс 50%-иар илүүг цуглуулсандаа бахархаж байсан байхгүй юу.
Тогтоол гартал ганц шөнийн л зай үлдсэн байв. Яг л, тэртээ арван жилийн өмнөх шиг: маргааш эрдмийн ажлаа хамгаална гэж байтал урьд орой нь над руу утасдаад таныг хассан гэж хэлж байсан юм. Нэг муу годгор охин ажилдаа хайнга хандсанаас болсон хүнд суртлын шалтаг олдож л дээ. Гэтэл би зөвлөлтийн үеийн энэ өндөрлөг рүү 10 жилийн турш, өчнөөн төчнөөн бэрхшээлийг туулан мацаж, одоо л нэг энэ марафон дуусч аяга усны бараа харна даа гэж бодож байтал усны оронд давс өгдөг байгаа, надад. Би яг галзуурсан мэт шалан дээгүүр өнхрөн чарлаж байв. ”Би чадахгүй нь, би ердөө чадахгүй нь...” Нөхөр маань намайг аварч билээ: комиссын бүх гишүүдийн гэрээр тэр шөнөдөө явж уулзаад тэднээр зөвшөөрүүлсэн юм. Тэгээд би эрдмийн ажлаа хамгаалаад доцент гэсэн үнэмлэх авч байлаа. Одоо энэ үнэмлэх миний бусад дипломуудтай хамт ширээний минь шургуулгануудын нэгэнд хэвтэж л байгаа байх. Харин тэр стрессээс “олж авсан” бамбай булчирхайн өвчин үүрд надтай үлдсэн дээ.
Энэ удаад шөнөжин Москваг хэрэн явж намайг аврах хүн байсангүй. Өөрөө л хөдлөх хэрэгтэй байлаа. Тайвшруулах эм, телефон, тэмдэглэлийн дэвтрээр зэвсэглэлээ. Эхлээд Черномырдины зөвлөх, нөхрийн маань найз Никита Масленников руу залгалаа:
-Чи мартаагүй биз дээ, Никита? Бяслагны салат, шарсан талх, шог дуунуудыг? Ээж ичиж зовоод, хаалгаа таг хаагаад суудаг байгаагүй юу? Никита, би цусаа урсган явж байж цуглуулсан юм шүү, гарын үсэгнүүдээ...
Дараа нь Лужковтой ажилладаг байсан Шахновский руу залгав:
-Ахан дүүс минь ээ, битгий буудаач дээ. Би чинь та нарын төлөө 2 жилжингээ гүйж, Москвагийн метроны санхүүжилтийг олж өгч байсан шүү дээ...
Дараа нь тэр рүү, тэгээд энэ рүү - хамаг л таньдаг хүн рүүгээ залгалаа. Утсаа чихэндээ барьсан чигээрээ унтчихаж. Өглөө 8 цагт утас маань амилаад, нэг цагийн дараа сонгуулийн хороон дээр бэлэн бай гэв. Одоо би юу ч санадаггүй юм, хэрхэн хувцсаа өмссөн, юунд сууж очсон энэ тэр ээ... Машинаар очлуу, эсвэл шуур унаад нисчихлүү, бүү мэд. Ямар ч л байсан яг заасан хугацаанд нь сонгуулийн хорооны дарга Рябовын өрөөнд газардчихсан байсан юм даг. Хав хар хувцастай, тэр аяаараа гашуудал илэрхийлсэн царайтай амьтан хивсний голд зогсож байлаа. Тээр цаана хивсний ирмэгт томоо гэгч нь ширээ, ширээний ард Рябов сууна:
-За, Ирина минь, яасан? Номхрохгүй нь ээ, чи? Яасан ч олон хүн таньдаг юм бэ
дээ, а? Эд нартай ресторон хэсээд л, хормойгоороо далласаар л байна уу?
Муу новшийг нам цохиод алчихдаг юм билүү гэсэн гэгээтэй санаа ороод ирэв. Гэвч дотоод дуу хоолой маань дорнын аялгатайгаар “Тэвч. Намтай болохыг хүсч байна уу? Тэгвэл тэвч, тэгэж байж л ялна” гэж шивнэв. Бас нэг явдал санаанд ороод ирэв: пиг дүүрэн хүн цугласан,сургуулийн хурлын танхим. Сонгуулийн өмнөх уулзалт. Ярвигтай, ёжтой асуултууд, орилоон чарлаан, би хариулаад л, зөвшөөрөөд л, эсэргүүцээд л, маргаад л...бүх юм байдгаараа хэвийн явж байв. Харин нэг өвгөн миний санааг зовоогоод байв.Тэр өвгөн хаалганы хажууд, таягныхаа толгойг хоёр гараараа атгаад дээр нь эрүүгээ тавьчихсан харж сууна. Цал буурал толгойтой, цэв цэнхэр нүдтэй, бурхан мэт царайтай ийм өвгөн. Өвгөн ч биш, мэргэн өтгөс гэх байх. “За энэ өтгөс одоо босч ирээд намайг будаа болгох байх даа. Зүс царай нь харваас л Гэгээнтэн шиг-иймэрхүү өтгөсүүд юу ч гэж хэлсэн олон түмэн дагаад л хошуурдаг даа”,- гэж айгаад л байн байн мөнөөх өтгөс руу хяламхийгээд л байлаа, би. Гэтэл өтгөс босч ирсэнгүй, намайг будаа болгосонгүй. Уулзалт дуусаад танхим хоосорлоо. Өвөө суугаад л байна.
-Би танд туслах уу?- гээд очлоо.
-Хэрэггүй ээ. Би ийм л юм гуйх гэсэн юм. Та нар яаравчлаарай. Наад ардчилалаа бушуухан шиг хийгээдхээрэй. Пожалуйста, би та нараас гуйж байна. Хурдхан шиг л хийхийг бодоорой. Үхэхээсээ өмнө, өрөөсөн нүдээрээ ч болтугай хармаар байна, тэрийг чинь. Баярлалаа.
Тэгээд би Рябов руу харан инээгээд:
-Би тантай ч ресторанд орж болно шүү дээ, Николай Тимофеевич? гэв.
-За за, чи явж бай.
10цагт сонгуулийн комиссийн хуралдаан эхлэв. Миний жижигхэн намыг хамгийн эхэнд хэлэлцэв. Рябов бараг л 40минут ярив. Өөр үед байсан бол ч, би түүний энэ үг хэлэх чадварыг бишрэн унах байлаа. Дандаа орос үгээр л яриад байгаа мөртөө, утга нь баригдахгүй, ойлгомжгүй. Үг дуугуй зөвшөөрөөд ч байгаа юм шиг, яасан ч зөвшөөрөхгүй гээд ч байгаа юм шиг. Нэг ярихаар нь надад найдвар төрөөд л, цаашаа ярихаар нь найдвар маань мөхөөд л... Элэг зүрх хоёр минь нэг бөөн юм болчихоод байж байтал Рябов эцсийн пауз авснаа:
-За яахав? Саналаа хураах уу? Ирина маань хүсээд байгаа юм бол яваг дээ, тийм үү?
“Яваг дээ” гэсэн код үгийг сонссон комиссынхон нэгэн дуугаар манай “Общее дело” намыг бүртгэхийн төлөө саналаа өгөв. Ийм л байна даа, эмээ минь, улс төрийн технологи гэдэг чинь.
Гэрийн даалгавар.
Тест №1
Улс төрийн технологичид таныг Загалмайтны баяраар мөсөн цоолгонд шумбаж сонгогчдод өөрийгөө шүтлэгтэй, зоригтой, хатуужилтай, эрүүл биетэй гэдгээ харуул гэж санал болгов.
1.Таны усны хувцас ямар байвал зохистой вэ?
a) битүү; б) салангад; в) дээгүүрээ нүцгэн;
2.  Та хувцсаа хаана тайлах вэ?
а)  машин дотор; б) үзэгчид болон хэвлэлийнхний нүдэн дээр; в) өөрийнхөө зураг, билиг тэмдгийг наасан халхавчны ард;
3.  Таны зүүсэн загалмай ямар байх вэ?
а)  алтан;  б) мөнгөн;  в) төмөр, энгийн утсан оосортой
4.  Цоолго хүртэл та яаж явах вэ?
а)  хөл нүцгэн; б) өндөр хадаасан өсгийтэй гуталтай; в) усны шаахайтай; г) таныг фракцийн чинь лидер гаран дээрээ өргөөд явна.
5.  Та ус руу яаж орох вэ?
a)  үсрээд шумбана; б) тусгайлан бэлдсэн шатаар бууна; в) цоолгоны ирмэг дээр суугаад, өөрийгөө загалмайлаад аяархан гулсаад орно.
6.  Уснаас гараад:
а) зуун грамм татаад, хэвлэлийнхэнд сэтгэгдлээ ярина; б) алчуураар биеэ ороогоод машин руугаа шургана.
За одоо оноогоо тоол: тоолох юм байхгүй, яагаад гэвэл энд байж болох цорын ганц шийдвэр - тэр муу технологичид болон тэдний энэ “гайхамшигтай арга хэмжээг” чөтгөр рүү тонил гэж хэлэх. Ер нь улс төрийн карьер хийж байгаа эмэгтэй хүн хэзээ ч теле - фото дурангийн өмнө усны хувцастай болон хагас, бүтэн нүцгэн гарч ирж болохгүй. Яагаад гэвэл, үгүйдээ л гэхэд, зурагны чинь хажууд “санамсаргүй” тэнгэрийн дагина шиг гоё биетэй фотомоделийн зургийг тавих, эсвэл гуяны чинь хавьцаа дугуйлж сум зураад, таныг целлюлиттэйгээ хэрхэн тэмцээд тэмцээд дийлэхгүй байгааг тайлбарлан бичих болно. Нэгэн шар сонин Диана гүнжийн теннисны талбай дээр байгаа зургийг тавиад ийнхүү бичсэн байсан шиг.
Тест№2
Хуурах урлаг бол үнэн худал хоёрын харьцааг зөв баримтлахад л оршдог. Нэг аяга тутамд 5 дусал. Тэгвэл худал зүйл нь огт мэдрэгдэхгүй залгигдаад, төвөггүй сайхан шингэнэ. Улс төрч хүн зохиомол юмыг болсон явдлаас ялгаж салгаж чаддаг байх ёстой. Тэгвэл, асуудлын учир шалтгаан болон цаад эх үүсвэрийг нь олж чадна. Одоо би та нарт хэдэн түүх ярьж өгье. Эдгээрийн аль нь үнэн, аль нь худал болохыг таах гээд үзээрэй.
Эхний түүх
2005 онд над руу нэгэн залуу ирээд өөрийгөө ажилд авахыг санал болгов. Миний...албан ёсны дайснаар ажиллая гэв.
- Би болон миний хүмүүс тан руу зөөхий цацаж өндөг шиднэ. Танай офисыг бүслэн суух, хэвлэлээр та нарыг гүтгэн гүжирдэх, таны хэлсэн ярьсныг мушгин гуйвуулах гэх мэтийг хийж таныг байнгын тэмцэлд байдаг улс төрч гэж олон түмэнд харуулна. Үүний хариуд та намайг болон манай намыг санхүүжүүл.
Би түүнд, ийм маягийн пиар хаашдаа надад огт үнэгүй их хэмжээгээр байнга байдаг гэдгийг тайлбарлаад татгалзлаа. Залуу огтхон ч санаагаар унасангүй:
- За за, мөнгө төлөхгүй л байна биз. Би хаашдаа энэ бүхнийг хийнээ, манай нам өөртөө “оноо” олж авах хэрэгтэй байна. Манай улсад бусдыг гоочилж, гүтгэн дайрч байж л “оноо” цуглуулах боломжтой юм чинь...
Энэ залуу бол “Наши” хөдөлгөөний толгойлогч байсан юм.
Хоёрдахь түүх
Надад “Оросын хамгийн стильтэй улс төрч” гэдэг цол-шагналыг гардуулах болов. Би ер итгэхгүй байлаа, шагнал гардуулах дээрээ тулна гэдэгт. Шалгаруулалтыг интернэтээр явуулахад, таван хүн тунаж үлдсэн юм байж: Путин, Хакамада, Касьянов, өөр хэн ч билээ. Тэгээд би ялсан юм байх.Интернэтээр юу эсийг хийхэв дээ ийм юм байж болно л доо, гэхдээ энэ “ялалтыг” баталгаажуулаад олон түмэнд дэлгэнэ гэдэг бол байж болохгүй зүйл, яагаад гэвэл хэзээ ч байдаггүй байхгүй юу. Ерөнхийлөгчийг хэн ч, юугаар ч ялж болохгүй шүү дээ. Гэвч шагнал гардуулах ёслол боллоо. Фото зургийн ордны захирал Ольга Свиблова гарч ирээд ерөнхийлөгчөөс ирүүлсэн цахилгааныг уншлаа. Ерөнхийлөгч, би ийм, бүх талаараа сайхан сөрөг хүчинтэйдээ баярлаж байна гээд надад бэлэг явуулсан байв. Тэр нь миний дуртай Елена Мокашовагийн урласан пиджак байсан тул би шууд л өмсчихлөө. Надад яг таарч байв.
Гуравдахь түүх
Манай дээдсүүд маш их сүсэг бишрэлтэй улс. Тэр нь гэхдээ их өвөрмөц, прагматизм талдаа. Сүмд очиж мөргөхдөө диваажинд очихын тулд бус, харин одоо муу зүйл өөрт нь бага шиг тохиолдоосой гэж гуйна. Хэдий чинээ их нүгэл хийнэ, төдий чинээ их мөргөн, бурхан минь өршөө, тусал, авар гэж гуйна. Том түшмэл бүрийг хар мянган зурхайч, зөн билигтэн энэ тэр даган гүйж, түүний зүүдийг тайлж унших, элдэв ёрыг тайлбарлах, зурхайг нь бараг л цаг минутаар нь зурж өгөх, хэзээ үг хэлэх, хэзээ онгоцоор нисч болох гээд л түмэн зүйлийг түшмэлд зааж зөвлөдөг. Тэрэнд нь түшмэлүүд итгэнэ гэж жигтэйхэн. 1999оны сонгуулийн өмнө Немцов, Чубайс хоёр намайг нэгдье гэж ятгав. Уул нь би бие даасан депутат байсан юм. Тэгээд намайг “Общее дело” хэмээх жижигхэн намтайгаа баруунтны эвсэлд орлоо гэж их хурал дээрээ зарлахаар тогтов. Их хурал дээр хүмүүс нэг л айсан түгшсэн юм шиг хачин царайлаад байхаар нь би дотроо гайхаад л байв. Яачихаад байгааг нь ер ойлгодоггүй. Над руу харах харцанд нь айдас нуугдаад л байх юм. Би тийм айдас төрүүлэм харагдаад байгаа юм уу, эсвэл надад ямар нэгэн эвгүй асуудал тулгарчихаад байгааг мэдээд, надад болохоор хэлэхгүй байгаа юм уу? Тэгсэн, дараа нь учрыг мэдэхнээ, тэр өдөр 13ны өдөр, дээр нь Баасан гариг, бас нэмээд тэргэл сартай өдөр байсан, тиймээс ийм муу ёрын өдөр нэгдэх нь ямар ч сайн юманд хүргэхгүй, СПС/ союз правых сил/ эвсэл сонгуульд ялагдана гэж бүгд эвгүйрхсэн юм байж. Гэтэл юу боллоо доо? СПС сонгуульд ялсаныг санаж байгаа биз дээ?.
Дөрөвдахь түүх
Кремлийнхэнд зориулсан нийтэд хаалттай бассейн нээгдсэний дараахан ийм зарлал наасан байв: “Хүндэт үйлчлүүлэгчид ээ, бассейнд сэлэхийнхээ өмнө шүршүүрт орж биеээ угаана уу?” Долоо хоногын дараа:” Хүндэт үйлчлүүлэгчид ээ, биений алчуураар гутлаа арчихгүй байхыг хүсье” Гуравдахь зарлал хамгийн богино нь байв: “ ОО өрөө шүршүүрийн хажууд бий!!!”
Зөв хариултууд:
1. Үнэн. Гэхдээ тэр залуу “Наши”-гийн толгойлогч биш. Уул нь тун адилхан байгаа биз?
2. “Хамгийн стильны улс төрч” номинацийн шагналыг үнэхээр Ольга Свиблова гардуулах ёстой байлаа. Дугтуйгаа ч гартаа барьчихсан, тайзан дээр бараг гарчихсан байснаа, эргэж буцсанаа: “хэрэв би, энэ бол ерөнхийлөгч ялагдаж болохуйц цорын ганц сонгууль” гээд хэлчихвэл болох уу? гэж зөвлөлдтөл цаадуул нь “болохгүй ээ. Сонгууль монгууль гэж битгий ярь, зүгээр л дугтуйг нь өгчих” гэжээ. Надад өгсөн дугтуйн дотор нь “Хамгийн стильны жүжигчин” гэсэн бичиг байж билээ.
3. Бүгд үнэн.
4. Харамсалтай байна, харамсалтай байна... энэ ч бас бүгд үнэн.
Тест №3
Сонгуулийн өмнөх кампанит ажлын үеээр юун дээр хэмнэж болохгүй вэ?
1. Сурталчилгааны плакат ба хуудсууд дээр.
2. Хэвлэлийнхэн ба телевиз дээр
3. Тагнуулын ажиллагаан дээр
4. Олон нийтийг хамарсан арга хэмжээнүүд дээр
Зөв хариулт: Мэдээж, тагнуулын ажиллагаан дээр. Кампанит ажлын туршид тагнуулын ажиллагаа сайн байхгүй бол эцсийн мөчид өрсөлдөгчид чинь тань руу түмпэн дүүрэн хар будаг цацвал та хариулж амжихгүй болох аюултай. Жишээ нь, гудамжаар биеээ үнэлэгчид, эсвэл ижил хүйстэнтэйгээ явалдагчид жагсаад “Бид гомо болон лесбинүүд байна, нэр дэвшигч тэрнийг дэмждэг, түүний төлөө саналаа өгөөрэй” гэх мэтээр хашгираад явбал баларна шүү дээ. Дайснууд нь худлаа зохион байгуулж гэж ихэнх хүмүүс ойлгох боловч ийм юмнаас болж маш олон санал алдагддаг. Юмыг шүүж тунгаадаггүй олон хүн байдаг. Сайн сайхан юманд итгэхдээ яарахгүй, харин муу юманд шууд л, дуртайяа итгэнэ. Тийм хүмүүс, хэвлэлийнхний ачаар, засаглал руу тэмүүлж байгаа бүх хүмүүсийн амьдралын хэв маяг хэм хэмжээ нь муу муухай юм байдаг гэсэн хатуу бодолтой болсон байдаг. Овоо босгоогүй бол шаазгай юу гэж суух вэ гээд л. Тиймээс, цаг хугацаа их чухал: хэн нь хамгийн сүүлд нь хар шавраа цацаж амжих вэ? Гол том хөзрөө сонгуулийн өмнөх баасан гаригийн орой хүртэл сайтар нууж байгаад сүүлийн мөчид гаргаад шидэхийг л боддог. Шидүүлчих л юм бол яаж ч чадахгүй, хугацаа дууссан. Сайн тагнуулч л үүнээс аварна. Эсвэл өрсөлдөгчийн багийн хүмүүсийн шунал.
Намайг Санкт-Петербургад сонгогдож байхад миний тухай гутамшигтай ухуулгын хуудас галзуурмаар олныг хэвлэсэн байлаа. Тэр хуудсуудыг тараах ёстой байсан банди нар ахиухан мөнгө олохоор шийдэн, бидэн рүү ирж, эдгээр хуудсуудыг бүрнээр нь худалдаж авах уу гэж санал болгодог юм байна. Бид татгалзаад шууд шүүхэд хандсан. Ингээд өрсөлдөгчийн бохир өдөөн хатгалт нурж унав. Тэр банди нарын шунал биднийг ийнхүү аварсан хэрэг.
Өөрийгөө хатуужуулах дасгал.
Хувцасын шүүгээгээ онгойлгоод дараахь жагсаалтын дагуу хувцас хунараа ялга. Таны хувцаснууд дотор дараахь зүйлс байна уу:
1. Богино банзал/өвдөгнөөс дээш 15см/
2. Торон трико.
3. Ягаан, эсвэл шар өнгийн пиджак
4. Саатай, эсвэл шигтгээ, хуниасаар чимэглэсэн цамцнууд
5. Годе загварын банзал /хэрэв рост чинь 170см-аас намхан, хэмжээ 46-аас их бол/
6. Бариу түрийтэй гутал
7. Өндөр, нарийн өсгийтэй гутал
За одоо ийм хувцаснууд олсон бол бүгдийг нь уутанд хийгээд, гаргаад хогын савны дэргэд тавиад, март.
Мастер-класс
Хөөрхий Йорик: Владимир Жириновскийн мастер-класс
Владимир Вольфовичийн ачаар би эрэгтэй улс төрчдийг саармагжуулах маш үр дүнтэй универсаль арга нээсэн юм. 1993 онд, оросын төлөөлөгчид болох бидний хэдэн хүмүүс Финляндад очив. Тэр үед Орос улс Европын Зөвлөлийн гишүүн болох асуудлаар хэлэлцээр хийж байсан бөгөөд Финлянд улс зуучлагчийн үүрэг хүлээж байсан юм. Оросын элчин дээр болсон хүлээн авалтын үеээр би тамхи гаргаад асаасан чинь Жириновский орилоод явчихав:
-Хакамадаг тамхи татахыг нь хорь. Энэ ер нь юу юм бэ? Тэнэмэл депутат шүү дээ. Энэнд фракц байна уу? Байхгүй, энэнд ерөөсөө юу ч байхгүй. Тийм байж бас тамхи татаад байгаа юм даа.
Би тэгэхээр нь тамхиныхаа утааг Жириновскийгийн нүүр рүү үлээгээд суучихсан.
Дараа нь финляндын элчин рүү явж байх замд нөгөөх чинь дахиад л эхэллээ: Тэнэмэл депутат аа, пальто нь ядуухан, ээмэг бөгж нь тавхан копейкны үнэтэй... Хэрэв чи манай фракцид ирсэн бол бид чамд шуба өмсгөөд, бриллиант зүүлгэхгүй юу. Чи тэгээд баян цатгалан байхгүй юу? А, Хакамада?
Элчин дээр очоод бас л гэнэт үргэлжлүүллээ:
- Хакамада, сонсооч, а? Чи одоо тэнэмэл байхаа болиоч ээ,а? Манайхтай нийлээч...
Финнүүд бүр гайхчихав: Энэ чинь одоо юу яриад унав аа? Хакамадаг ОАЛНамд орох асуудал биш, Орос Улс Европын Зөвлөлд орох үгүйг ярьж байгаа биш билүү?-гээд. Миний тэвчээр барагдаж:
- Хөөш, Вольфович оо, чи одоо гэзэгнээс минь хичнээн чангаадаг юм бэ? Дурлачихаад өдөөд байгаа юм уу? Тэгвэл тэгээд тэрийгээ л хэлчихээч дээ.
Тэр дороо л Жириновский алга болчихдог юм байна. Би гайхаад, эргэн тойрноо хараад хараад түүнийг олж харсангүй. “Аанхаа, мэдэж авлаа, ингэж болох юм байна” гэж ойлголоо. Дараа нь энэ аргаа хэд хэдэн хүн дээр туршсан чинь яах аргагүй ажиллаж байнаа! Манай эрэгтэй улс төрчид тайзны ард элдэв хатгалт хийгээд ядаргаатаад байх юм бол тэдэн рүү учиртайхан харцаар хараад нүд ирмэчихэд л болчихдог юм байна лээ. Тэгэнгүүт л сүүлээ хавчаад зугтчих юм билээ. Элдэв хов живэнд орохоос үнхэлцгээ хагартал айна шүү дээ.
Жириновский бас ард түмний хар санааны гайхамшигт толь мэт хүмүүсийн хамгийн муу муухай бодол санаа, үйлдлийн тусгал болж өгдөг. Ярьж байгаа нь ч, хийж байгаа нь ч. Архи, мөнгө тараагаад л. Бид бол “фу, болохгүй” гэдэг зүйл Жириновскийд хамаагүй мэт аашилна. Хүнд 100рубль өгчихөд л чамд хайртай болчихно, үхэн үхтлээ чамайг хайрлана гэж итгэнэ. Өөр нэг хүн 200-г өгчихгүй л бол... Харин одоо тэрбээр өөрөө өөрөөсөө залхаж ядарсан байх шиг ? Нүдийг нь харахад л тэгэж харагдаад байгаа юм. Нүд нь үхчихсэн мэт, тэгээд хэрэгтэй үед хэн нэгэн хүн кноп дарахад түүний дотор магнитофон асаад яриад байгаа юм уу даа гэж санагдмаар болчихоод байгаа. Түүний энэ эцэс төгсгөлгүй марзаганалын бас нэг муу үр дүн нь гэвэл-тэр хэзээ ч “үндсэн бүрэлдхүүнд” орж чадахгүй. Тэр өөрөө өөрийгөө марзан амьтны тоонд оруулчихсан болохоор “чухал тоглолтууд” болоход түүнд орон зай олддоггүй. Тохитой томоотой, “серъёзный” хүнийг л төрийн том албанд томилдог. Тиймээс, хэдийгээр тэрбээр “олонд дэлгэрсэн” боловч энэ нь түүнд үр дүн авчрахгүй. Энэ байдал нь Жириновскийг зовоодог. Тэр шадар сайд, ерөнхий сайд болохыг хүсч байсан нь бүтээгүй:, хэн ч түүнд зөвшөөрөөгүй, хэн ч түүнд санал болгоогүй.
Харин нэг удаа Жириновский миний сэтгэлийг бараг уяраах дөхөж билээ. Би бүр эргэлзэж эхэлсэн шүү - тийм ч найдваргүй хүн биш ч юм уу? - гээд. Бидний хэдэн хүн Японд ганц хоногын ажлаар очоод заваараа дэлгүүр орсон юм. Тэгсэн,Жириновскийд нэг нүдний шил их таалагдаад авах гэсэн чинь өөрт нь байсан мөнгө нь хүрдэггүй ээ. Хүмүүсээс мөнгө гуйсан чинь хэн ч түүнд зээлдүүлсэнгүй. Тэгэхээр нь би зээлдүүллээ. Жириновский хүссэнээ аваад надад авчирч, энэ хараач, ингээд эвхчихнэ, ингээд тэнийлгэчихнэ, энэ нь ийм, тэр нь тийм, ийм гоё, ийм эвтэйхэн гээд л, яг л жаахан хүүхэд шиг баярлаад...
Владимир Владимирович Путинээс ямар нэгэн юм хуулбарлан дуурайх гэсэн чинь бүтдэггүй ээ. Бид хоёр дэндүү их ялгаатай юм аа. Хүйсний ялгаа маань бид хоёрын ялгаанаас хамгийн шалихгүй нь. Аа, би худлаа ярьж байна, нэг удаа Путиныг дуурайж үзсэн юм байна. Миний анзаарснаар, уулзалт зөвөлгөөн дээр хэн ч, юу ч ярьж байсан, бүр шал тэнэг юм яриад байхад ч гэсэн, Путин конспектлоод л бичээд байдаг. Эгээтэй л, “агуу ах” нарын амнаас унасан бүгдийг хичээнгүйлэн бичиж авч байгаа банди мэт. Нөгөөдүүл нь мэдэхгүй, өөрсдийгөө нээх их мундаг, ухаантай юм ярьж байгаа юм байна гэж бодоод, улам “чухал царайлаад” л...
Ер нь бол би, багш байсны хувьд, бичиж авахын чухлыг сайн мэддэг л дээ. Онц сурлагатан оюутнууд миний яриаг нэгд нэгэнгүй бичиж авч байгааг харахад их таатай байдаг байлаа. Тэгээд шийдлээ, онц сурлагатан шиг царайлж байя гэж. Тэмдэглэлийн дэвтэр аваад, “ерөнхийлөгчийн илгээлт” - ээс эхэллээ дээ. Владимир Владимирович илгээлтээ уншиж байхад танхимд надаас өөр бичиж авч байгаа хүн байгаагүй. Бүгдээрээ зүгээр сууж байхад, Хакамада л ганцаараа учиргүй сараачаад л... Тэмдэглэлийн дэвтрийнхээ гуравны нэгийг дүүргэж аваад, нээх сэтгэл хангалуун амьтан дэвтрээ хаалаа... Тэгээд дахиж түүнээ хэзээ ч нээгээгүй...

Хэрэв би чухал статусын этгээд байсан бол, Путины өөртэйгөө заавал протокол барьж харьцуулах гэж маягладаггүй энгийн занг нь хуулбарлах байсан. Нэгэн хүлээн авалт дээр ерөнхийлөгчтэй хэдэн үг солих зайлшгүй хэрэгцээ надад гарав. Гэхдээ, түүн рүү цувсан, социализмын үед ГУМ-д Финлянд гутланд оочирлодог байсан шиг урт дараалалд зогсмооргүй байв. Тэгээд, Путины явахыг нь хүлээж байгаад, хаалга руу алхаж байхад нь араас нь дуудчихав. Уул нь, протоколын дагуу бол, би - тог-тог-тог-тог - танхимыг тойрч гүйгээд, урдаас нь тосоод:
- Сайн байна уу, Владимир Владимирович! - гэх ёстой байхгүй юу.
Ерөнхийлөгч зогтусав. Хуучны кинонууд дээр, гол баатар нуруундаа буудуулаад яг ингэж зогтусдаг даа? Тэгээд маш алгуураар эргээд, гайхсан, зэмлэсэн харцаар камер руу хараад нойтон газарт унадаг даа?... Путин ч бас алгуурхан эргэв, гэхдээ газарт уналгүй, над руу яваад ирэв. Ерөнхийлөгчийн хувьд ийм элдэв маяггүй байх нь муу зүйл биш юм. Ярилцагчийгаа тольдох чадварын адил хэрэгтэй зүйл. Иймэрхүү аргыг хэрэглэхэд аймаар олон хүн өөрт чинь татагдаад ирдэг. Ерөнхийлөгчтэй уулзаад салсан хүн бүхэн түүнийг шүтэн биширсэн, түүнтэй 100% санал нийлсэн амьтан л байдаг. Харин дараа нь сонин сонин юм болоод эхэлдэг. Гэхдээ энэ тухай дараа ярья.
Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеээр би ВВП-г хараад, хөөрхий минь, яасан хэцүү байгаа бол гэж бодож байв. Хааны ширээнд залрах ёслолыг дуурайсан энэ ёслол, энэ хивс... Энэ чинь ирээдүйн хаан гэж тусгайлан хүмүүжигдээгүй, улс төрч ч байгаагүй, зүгээр л энгийн хүн шүү дээ. Энэ чинь ямар жүжигчин хүн биш, Никита Михалков шиг морь унаад л Александр III болчихож чадахгүй шүү дээ. Тийм болохоор Путинд энэ хэдэн метр зайг, энэ сүржин хөгжмийн дор явснаас, засгийн газрын хуралдааныг хэдэн удаа хөтлөх нь хамаагүй амархан байсан байх. Ядаж байхад, хүмүүс “энэнээс хааны үнэр үнэртэж байна уу” гээд л шиншлээд байгаа нь хэцүү байлгүй яахав дээ. Путинээс хааны үнэр гардаггүй байсан.
Ельцинээс бол шиншилэх ч шаардлагагүй, хамар цоргитол хааны үнэр үнэртдэг байсан. Нэг яриа байдаг: Борис Немцов мужийн амбан захирагч бөгөөд ерөнхийлөгчийн баруун гар байхдаа Борис Ельциныг Ижил мөрнөөр зугаалуулж явж. Ельцин агуу мөрөний өргөн урсгалыг бодлогоширонгуй ширтэж байснаа:
-Арлуудыг яадаг шүү юм билээ, мэдэхгүй байна...
-Зогсоод, дээр нь хэвтээд биеээ шардаг л байх даа.
-Энэ арлууд бишээ, Курилын арлууд...
Би Борис Николаевичтай юу юу ярьж байснаа санадаггүй юм. Путинтай ярьж байснаа бол сайн санана. Ельцины дэргэд болохоор ухаан санаа самуураад, бие маань хөшчихдөг байсан. Аварга могойнд зайлшгүй залгиулах болчихсон амьтан шиг. Одоо залгилаа гэж мэдсээр байж өөрийн эрхгүй ам руу нь яваад байгаа юм шиг. Харин Немцов бол Ельцинтэй их өвөрмөц байдлаар харьцдаг байсан: харцаа Ельциных шиг болгоод /нүдээ бага зэрэг дүрлийлгээд, харцаа гөлийлгөөд/, тэгээд жижиг могой Немцов аварга могой Ельцин руу нүд салгалгүй ширтэн удаанаар, жинтэй өгүүлбэрүүдээр түүний толгойд хэлэх гэснээ хийнэ. Би болохоор Ельцинтэй ер яриа өрнүүлж чадахгүй: “Итали улсад ихэнх үйлдвэрүүд нь жижиг шүү дээ! Тэгсэн мөртөө улс нь болохоор баян!” – “ Мэд-нээ... Бо-д-ъё” Ингээд л дуусаа, бид хоёрын яриа.
Борис Николаевич бол ерөөсөө тэр чигээрээ гайхамшигт үзэгдэл. Хомо-сапиенсын сонгодог салбар зүйл - “улс төрийн амьтан” гэж нэрлэмээр юм уу даа. Улстөрч гэж их юм мэддэг хүнийг хэлдэггүй юм. Улстөрч гэдэг бол эх орныхоо түүхийг өөрийн амь шигээ, биеэ хамгаалах төрөлх зөнгийн түвшинд мэдэрдэг хүн юм гэдгийг Борис Николаевич өөрийн байж байгаа бүхий л байдлаараа яруу тодоор харуулан нотолдог байсан. Ельцинд энэ мэдрэмж цаанаасаа заягдсан. Тэрээр түүхийн гол утсыг маш сайн мэдэрдэг байсан боловч энэ гарамгай мэдрэмж нь мөн тийм дайны мэдлэгээр дэмжигдэж байгаагүйн улмаас ийм их буруу үйлдэл хийсэн дээ.
Ельцин хэдийгээр жинхэнэ хаан байсан боловч, хэзээ ч харгис дарлагч - тиран байгаагүй. Тиран хүнд дүрслэн бодох чадвар байдаггүй. Ельцинд бол байсан, тиймдээ ч тэрээр гэнэт яриандаа өөр юм хавчуулж хүмүүсийг үе үе “ангайлгаж” чаддаг байсан. Би жижиг бизнесийн Хорооны дарга байхдаа бөөн идэвхи зүтгэл болсон амьтан, лиценз, сертификат олголт гэх мэтийн учир утгагүй олон дүрэм журам, шаардлагыг цөөлөх санаа өвөртлөн ханцуй шумлан ажилдаа орлоо. Бүх юманд, оймсны уртын хэмжээнд хүртэл сертификат шаарддаг байсан гээд бод. Энэ бол хүнд суртлын рэкет байсан нь хэнд ч ойлгомжтой. Харин би энэ элдэв шаардлагыг цуцлах гэж хөөцөлдсөнөөр яамдуудын мөнгө олдог том сувгийг хаах гээд байхгүй юу... Ингээд намайг зайлуулах хэрэгтэй гэсэн шийдэл дээр бүгд нэгдчихээд байсан хэрэг. Тэр үед, Ельцин сард нэг удаа радиогоор чухал сэдвээр ярьдаг байлаа, тэгээд ээлжид ярианыхаа үеээр “жижиг бизнесийг хөгжүүлэх хэрэгтэй, Хакамада их хэрэгтэй ажил хийж байна, маш сайн”,- гээд хавчуулчихав. Цагаан Ордон дахь ширчигнэл тэр дороо таг болов. Дараа нь ерөнхийлөгч надтай тааралдаад, ихэд сэтгэл хангалуун инээж:
-За яасан, миний “хавчуурга” таалагдав уу?
-Их сайхан “хавчуурга” болсон шүү...
Оросод, нэг талаас бүх зүйл их төвөгтэй боловч нөгөө талаас -  их амар: хаантан зандарлаа л бол - барлагууд тов томоотой болчихдог.
1999 оны 4-р сарын 13нд, миний төрсөн өдрөөр Борис Николаевич надад эцсийн туслалцаагаа үзүүлэх гэж оролдсон юм. Өглөөний 10 цагт утас маань дуугарав.
-Ирина Муцуовна юу? Тантай Борис Николаевич Ельцин ярих гэж байна.
Үхсний чинь, чөтгөр ав, Ельцин бэ? Би чинь аль хэдийн засгийн газраас халагдчихсан, хаана ч байхгүй амьтан болчихсон байхад? Хэзээ байтлаа огцорсон сайд руу хар өглөөгүүр хэн нэг нь утасдаж төрсөн өдрийн баяр хүргэдэг байлаа даа? Тэр тусмаа улсын Ерөнхийлөгч шүү! Нэг дурак нь л надаар тоглоом хийж байна гэж бодоод утсаа шидээд унтах гэсэн чинь харилцуурт Ельцины санаа алдах дуу сонсогдлоо:
- Төрсөн... өдрийн... баяр хүргэе...
- Ой, баярлалаа, Борис Николаевич!
- Би...төрсөн... өдөр... мөдөрт... дургуй...
- Би ч бас дургуй ээ, Борис Николаевич!
- Тэгээд яахав?
- Юу яахав гэж, Борис Николаевич аа?
- Сонин... сайхан... юу...байна даа?
- Сайхан юм алга даа, Борис Николаевич. Та мэдэж байгаа. Аврах л хэрэгтэй байна.
- Хэнийг...аврах... гэж?
- Улс орноо, Борис Николаевич. Орос Улсаа!
- Тийм л дээ, би мэдэж байгаа... Бодож л байна... Өөр юмгүй юу?
- Өөр юмгүй ээ, Борис Николаевич.
Ельциныг утсаа тавьсны дараа л би нэг юм сөхөө оров. Тэгсэн чинь, унтлагын хувцастайгаа, хөл нүцгэн, харилцуураа ёсолж байгаа цэрэг шиг бариад, хамаг биеээ цэхлээд номхон зогсчихсон...хүүхэд маань асрагчтайгаа хамт над руу бүүр гайхчихсан... Дараа нь ухаантай хүмүүс надад тайлбарлаж өглөө: “Ира, чи ч ёстой “тоормос” юм аа. Пастернакаас илүү пастернакдчихаж. Чамд шууд л чиг өгсөн байна шүү дээ, чамд баяр хүргэх гэж утасдаагүй гэж: “би төрсөн өдөрт дургуй” - гээд. Хаантан чамайг тусламж гуйх болов уу гэж хүлээж байхад... “Борис Николаевич, намайг аваач... Хайр ивээлийнхээ гадуур бүү орхиоч, Борис Николаевич... ганцхан танд л найдаж байна, Борис Николаевич”, - гэх ёстой байхад, чи: “Улс Орон, улс Орон”...
Анатолий Чубайсын мастер-класс.
Чубайсд дундаж насны бүх эмэгтэйчүүд болон тэдэнтэй нэгдсэн Елена Трегубова дурлаастай байдаг. Уул нь, улс төрч хүний хувьд, би ч гэсэн, хүн амын дийлэнх хэсэг болох эдгээр дундаж насны эмэгтэйчүүд болон Елена Трегубовагийн хайранд умбахыг хүсч байна л даа. Гэвч, харамсалтай нь, Анатолий Борисовичийн энэ, түүнээс шалтгаалахгүйгээр, магадгүй хүсээгүй ч байхад нь ийм үр дүнд хүргэдэг шинж чанарууд эмэгтэй хүнд мянга байгаад нэмэргүй. Тийм шинж чанаруудыг эзэмшигч эмэгтэйг их л бодож хамтран зүтгэгчид нь л хүндлэнэ. Бүгдээрээ ч биш, зарим нэг нь л. Би Чубайсын үг, ажил хоорондын төмөр шиг хатуу хэлхээсийг яриад байна. Хэллээ - хийлээ. Амлалаа - биелүүллээ. Хэрэв тэр олны өмнө гараад, ардчилсан гүрнийг байгуулахад би бэлэн байна, - гээд хэлэх л юм бол, маргааш өглөөний 6 цагаас авахуулаад түүнээ байгуулаад эхлэнэ. Мэдэгдэл хийлээ - тэр дороо Гүрж руу, Украин руу нисээд л өнөөх “эрчим хүчний нэгдсэн систем”-ныхээ тухай хэлэлцээр хийгээд явна. Нэг ч илүү авиа дуугарахгүй, хэлсэн үг бүхэн нь цаанаа материаллаг биелэлттэй. Григорий Явлинскийн эсрэг дүр л гэсэн үг. Явлинский бол дураа хүрвэл л амласнаа биелүүлнэ, хүрэхгүй бол юу ч хийхгүй. Харин хүний сэтгэлийг булаахдаа бол гаргуун. Ямар нэгэн юм хэрэгтэй болбол түүндээ хүрэхийн тулд хамаг ур чадвараа гаргана. Ресторанд уриад, манан тавиад таныг бүүр дуниартуулчихна. Та тэгээд, Явлинский шиг ийм ухаантай, боловсролтой, тааламжтай хүн улс төрд лав байхгүй, цорын ганц хувь нь энэ юм байна, тэгэхээр энэ ганцхан хувь хүнд үйлчлэхгүй байж яаж болох вэ? - гээд л бодно. Гэхдээ сэтгэл таталтанд бас хэмжээ хязгаар байдаг. Цаашаа, харилцан буулт хийх шаардлагатай. Буулт хийх тал дээр бол харин нэлээд асуудалтай хүн дээ, Григорий Алексеевич.
Анатолий Чубайсын бас нэг тулгуур чанар бол- хөдөлмөрч зан. Өөрөө, үүр цайхаас- үүр цайх хүртэл ажиллана, өрөөлөөс ч бас ингэхийг шаардана, харин тэгэж гүрийж чаддаггүй хүнийг профессионал биш гэж үзнэ. Төгс төгөлдөр ажилтан бол, хэзээд холбогдох боломжтой, хэзээд бэлэн байх ёстой. Нойроо, амралтаа, бэлгийн ажлаа таслаад, дуудсан даруйд босоод гүйх ёстой. Үүнд бол би харин ч нэг атаархахгүй шүү! Намдуу баргил хоолойтой эр хүн байсан ч би Чубайсын энэ чанарыг дагахгүй дэг. Би ингэтлээ хөдөлмөрч байхыг хүсэхгүй байна! Тийм хүмүүс, нойр үргэлж дутуугаас -  нүднийх нь доод зовхи цүлхийсэн, зөв хооллодоггүйгээс -  илүү жин тээсэн байдаг. Бас тэд инээд ханиад, тоглоом шоглоомондоо муу. Гэхдээ, хошигнож чаддаггүй дээ биш, зүгээр л инээд хүнийг тайвшруулдаг болохоор ажилд нь садаа болно гээд тэр. Уул нь Чубайсын нүдэнд байнга л “чөтгөрүүд бүжиглэж” байгаа харагддаг боловч би түүний хошигнож байгааг тоотой хэдэн удаа л харсан. Нэг удаа бид Чубайсын өрөөнд асуудал хэлэлцээд сууж байлаа. Их чухал асуудлыг ярилцаж байв. Би юм их бодохоороо тамхийг зогсоо зайгүй татдаг зуршилтай, харин Чубайс тамхины утааг үзэж чаддаггүй. Би тамхи татахгүй бол юу ч бодож чадахаа байчихдаг. Чубайсын өрөөнд бол үнсний сав ч байдаггүй. Би тэсч тэсч, тэвчээр барагдаад:
- Анатолий Борисович, Та намайг тархиа ажиллуул гэж байгаа л юм бол надад тамхи татахыг зөвшөөр.
Чубайс дотуур холбооныхоо товчийг дараад:
- Үнсний сав.
Нарийн бичиг нь томоос том, хогын сав юм уу гэмээр үнсний сав оруулаад ирлээ. Ширээ дүүрэн эрчүүд сууж байсан болохоор чухам хэнд нь өгөхөө мэдэхгүй:
- Үнсний савыг хэнд өгөх вэ, Анатолий Борисович?
Чубайс тодрууллаа:
- Хакамадад-үнсний сав, Немцовд - цэцэг.
Бүгд “татаад уначихав”...
Улс төрийн өндөрлөгт гараад ганц хоёр жилийн дараа аймшгийн мангас болчихгуйн тулд бие сэтгэлээ хайрлан  гамнаж байх хэрэгтэй. Ингэж байж л бусдыг хайрлах чадвараа хадгалж үлдэх болно. Бага зэрэг хэнэггүй, “шүгэл амьтан”  байвал  зүгээр. Тэгэхгүй бол нервтсээр байгаад бодисын солилцоо тань алдагдаж, таргалах, хөшингө болох, бэлгийн  сулралтай болох зэрэг аюул нүүрлэнэ. Тачаангуй бус улс төрч бол хор хөнөөлтэй улс төрч гэсэн үг. Тачаангуй бус байх нь  түүний өөрийн хэрэг биш, энэ бол улс орны хэмжээний асуудал. Тэр яагаад ийм юм? Яагаад гэвэл өдөр шөнөгүй  манаанд зогсдог. Яагаад өдөр шөнөгүй манаанд зогсдог юм? Яагаад гэвэл хяналтаа нэг хором ч сулруулахаас  айдгаас тэр.

Орос улсыг залхуу, ажилдаа махардаггүй төрийн түшээ л аварна гэж би дандаа хэлдэг. Хүүхэмсэг, жиг жуг явдалтай тийм улс төрч: хүүхэн эргүүлж явахад цаг зав хэрэгтэй. Тэгэхээр өнөөх түшээ маань хүүхэн эргүүлж явах хооронд нь тэрэнтэй тэрэнгүй ажиллаж байх чадвартай тийм систем байх хэрэгтэй гэсэн үг. Харин ийм сайхан системыг бий болгохын тулд бизнесыг дэмжиж татварыг бууруулах, хүүхэд, хөгшид, тахир дутуу иргэдийг дэмжиж туслах, багш, эмч, эрдэмтэддээ мөнгө олох бололцоо олгох, цэрэг армиа цатгалан явуулах шаардлагатай. Ингэх аваас улс орон маань биеэ даагаад амьдраад ирнэ. Гэтэл манай улс төрчид болохоор, ард түмэндээ ямар нэг юм өгчихөөр эрх мэдлээ алдах гээд байна гэж ойлгодог. Тиймээс, хүмүүсийг баян хангалуун болгож болохгүй гэж үздэг. Та, бүх хүмүүс хангалуун сайхан амьдралтай болчихлоо гээд бодоод үз дээ? Тэгвэл хүнд сурталтан маань яаж амьдрах билээ? Ганц цалингаараа амьдрах болж байна уу? Хэн ч тэдэнд бөхөлзөхгүй болчихоор чинь? Тэгэхээр, яаж өөрсдийгөө тоолгох вэ гэхээр ганц л арга байгаа юм: нэг хэсгийг нь авилгын дарамтанд, нөгөө хэсгийг нь ядуугийн зовлонд байлгах.
За нэлээд хадуурчихлаа. Бид чинь Чубайсын тухай ярьж байгаа шүү дээ. Анатолий Борисовичийн өрөөнд байгаа бүх юмнууд дэндүү зөв болохоор нэг л хүйтэн. Эргэн тойрон энд тэндгүй цахилгаан станцуудын моделиуд байх бөгөөд тэдгээр нь бүгд янз бүрээр дугараад, анивчаад байж байдаг юм. Ширээн дээр нь - үзэг, хуудас цаас. Өөр юу ч байхгүй, хов хоосон. Албаар, бодолтойгоор ингэдэг ч байж магадгүй юм. Миний албан өрөө ч гэсэн бас их “формал” л даа. Дэндүү олон хүн орж ирдэг болохоор, хаа хамаагүй хүнд өөрийнхөө тухай нэмэлт мэдээлэл өгөхөөс болгоомжилдог юм. Харин хүний офисоос бол нэлээд мэдээлэл олж авч байсан шүү. Ер нь манай дарга нарын эмзэг газар нь - тэдний албан өрөө. Олонхи кабинетад ороход эзэн нь шууд “уншигддаг”. Хэрэгтэй хүнтэйгээ уулзахдаа би албан өрөөнд нь ороод авахыг л эрмэлздэг. Яриагаа эхлэхийн өмнө өрөөнд нь байгаа юмнуудыг “сканердаад” авдаг. Хэрэв энд тэнд бичиг цаас өрөөстэй, кофены шавхруутай аяга, үнсний саванд нь унтраагаагүй тамхи, цонх нь нээлттэй байх юм бол энэ өрөөны эзэнтэй нээх их дэг жаяг барилгүй энгийнээр харьцаж болно гэсэн үг. Харин, Чубайсынх шиг үзэг цаас хоёроос өөр юмгүй цэв цэвэрхэн ширээ байвал, эсрэгээр, энэ хүнтэй хамаа намаагүй найзын дунд байж болохгүй юм байна гэж ойлгоно. Түүн рүү сэм сэмээр ойртох хэрэгтэй. Ширүүн хөдлөхгүй, илүү инээмсэглэхгүй гэсэн үг. Яг технологийн дагуу, албан байдлаар.
Манай орчин үеийн дарга нар өрөөгөө тохилог, таатай болгох дуртай болчихоод байгаа. ЗХУ –ын үед ингэх хориотой байсан: бүх юм нь сангийн, нэг л янзын, дээр нь бүртгэлийн дугаартай. Сталин, Брежневын үед яав ч албан өрөөндөө яст мэлхий тэжээх тохиолдол байгаагүй байх. Харин гадаад хэргийн сайд байсан Игорь Ивановын өрөөнд бол янз бүрийн өнгө, хэмжээ, хэлбэр бүхий үй олон яст мэлхий байдаг байсан. Би амьдралдаа ч ийм олон янзын яст мэлхий дахиж хараагүй дэг. Хаана л бол хаана яст мэлхий - битүү, пиг дүүрэн - яст мэлхий. Би энэ яст мэлхийний колонийг нь хараад, энэ Ивановтой харьцахад дажгүй хүн байна гэж шууд ойлгосон. Яг миний бодсоноор л болсон. Дашрамд хэлэхэд, яст мэлхий бол гадаад хэргийн ажлын билиг тэмдэг: гадаад бодлогоо яст мэлхий шиг аажуу уужуу мөртөө тасралтгүй явуулж байх ёстой юм.
Борис Немцовын өрөөнд “Куклы” шоуны, өөрийг нь даапаалж дүрсэлсэн томоо гэгчийн хүүхэлдэй байдаг байсан. Ороход - юу вэ - урдаас бүлтийсэн, маанаг царайтай Немцов угтана. Их эвгүй. Орох тоолондоо цочиж байгаа юм чинь. Ийм, өөрийгөө шоглосон хүүхэлдэйг өрөөндөө ил тавьчихаад сууж байгаа хүн- мэдээж өөрийгөө шоглож чаддаг дажгүй хүн гэхэд эргэлзэх хэрэггүй юм. Явлинскийн өрөө нь алимны зоорийг санагдуулдаг: энд тэндгүй янз бүрийн алимнууд... Би түүний өрөөнд орох их дуртай. Тэрээр дандаа гоё чихрээр дайлна: шоколаданд өнхрүүлсэн чангаанз болон хар чавга мэтийн. Бас заавал цай, кофе, виски, тамхины утаа санал болгоно. Их дотны өрөө дөө. Любовь Слискагийн өрөөнд бол дүүрэн бэлэг дурсгалын зүйлс, ваарнууд, гүцнүүд, хатгамалууд, хүүхдүүдийнх гэрэл зурагнууд гээд л есөн шидийн юм өрөөстэй. Нээх сайхан зочломтгой айлд ороод ирж байгаа юм шиг. Даршилсан жимс ногоо, пирог, хавч… Путины өрөөг сайн санахгүй байна. Цэмбэн тавилга болон ногоолин чулуугаар хийсэн эзэнт гүрний титэмтэй цагийг л санаж байна. Цагийг нь хэрэг болгож харсан юм, яагаад гэвэл нэг хүн надад ийм цаг бэлэглэхдээ “яг Путиных шиг” гэж хэлж байсан болохоор би, Путины албан өрөөнд оронгуутаа өнөөх цагаа байна уу үгүй юу гэж харахгүй юу? Тэгсэн нээрээ байна лээ, үнэн хэлсэн байна лээ, тэр хүн.
Орос Улс, Үндэстэн, “Плэйбой”: зүүнтнүүдийн мастер-класс
Геннадий Андреевич Зюганов, өөрөө хүссэн хүсээгүй, PR -ын америк сурах бичиг болж байдаг. Коммунист Намыг залгамжлагч, америкийг улайран эсэргүүцэгч тэрээр, хэрэг дээрээ бол америкийн ардчилалын бүтээгдхүүнтэй адилхан. Америкийн ардчилал надад зөвлөлтийн үеийн хэмжээгүй дарлалыг санагдуулдаг. Бараа таваартай л болохоос биш, бусдаар бол яг адил даа. Хаана ч тамхи татаж болохгүй, гудамжинд ганц лааз шар айраг уучихаж болохгүй. Арван нэгэн цаг хүртэл америкчууд бааранд ингэж шараа тайлдаг юм билээ: халааснаасаа архи гаргаж стаканд хийгээд, жаахан жүүсээр будаад гэмгүй царайлаад ууна. Америкчүүд надад хэвлэлийнхэнтэй хэрхэн харьцахыг зааж байх үеээр би Геннадий Андреевичийг нэг бус удаа санадаг байсан. Нэг ийм тренинг байсан юм: надаас асууж байна: Калининград удахгүй улс доторхи улс /анклав/ болно, тэгэхээр таны бодлоор, ямар асуудлууд үүсэх вэ, тэдгээрийг яаж шийдэх вэ? Би “нэгдсэн эрчим хүчний систем энэ тэр” гээд сурсан дуугаа дуулаад эхлэв. Хэрэв Калининградыг хаах юм бол хүчин чадлыг европын стандартад шилжүүлэх хэрэгтэй, хүн амыг амьжиргааных нь гол хэрэгсэл болох хил орчмын наймаанаас нь салгахгүйн тулд визгүй зорчуулах хэрэгтэй гээд л үргэлжлүүлсэн чинь “үгүй ээ, буруу байна, тэгэж ярьж болохгүй. Калининградын асуудлыг олон юм ярилгүй, шууд л ажлын байр, цалин хоёр руу чиглүүлэх хэрэгтэй,”-гэж заав. Дараагийн асуулт: Алс Дорнодод баруун талдаа жолооны хүрдтэй машинд ногдуулж байгаа гаалийн өндөр татварын тухай та юу гэж бодож байна? Яахав дээ, хүмүүс өндөр татварыг хүчрэхгүй явгарах л байх даа гэсэн чинь бас буруутав. Яагаад гэсэн чинь, энгийн юм ярих хэрэгтэй, ажлын байр ба цалин нэмэх тухай гэж байна. Үгүй тэгвэл, баруун талдаа хүрдтэй машин үүнд чинь ямар хамаатай юм бэ? – гэсэн чинь: ямар ч хамаагүй ээ. Ард түмэн гэдэг чинь их энгийн хүмүүс. Нэг удаад нэг л энгийн санааг тусгаж авч чадна гэдэг юм байна. Америкчууд Зюгановт иймэрхүү юмыг заагаад ч хэрэггүй. Тэдэнтэй тэдэнгүй, Зюгановаас юу ч асуусан - терроризмын тухай ч бай, тэтгэврийн тухай ч бай -  бүх асуудлыг Зюганов “энэ муухай, оросын ард түмнийг сүйрүүлсэн, агуу гүрнийг байхгүй болгосон, ард түмний эсрэг тогтолцоо...” гээд л ярьдаг. Тэрээр хаана ч -  Европын Зөвлөл дээр ч, Нато-д ч, парламент дээр ч, сэтгүүлчдийн өмнө ч бай - харц нь гөлийж ирснээ “Энэ ард түмний эсрэг тогтолцоо...” гээд л авч өгнө. Тэгээд нээрээ л, энгийн сонгогчдын саналыг авчихаад байж чаддаг. Би болохоор чадахгүй л байгаа байхгүй юу? Тэгэхээр би бүр ичээд байдаг юм.
Харин нэг удаа би Геннадий Андреевичийг шал өөр дүрд хувилахыг нь харсан шүү. 1996онд Ельцины рейтинг 2% болтол уначихаад байсан үед, Зюгановыг жишим ч үгүй байхад нь Давосын форумд урив аа. Давосын форум гэж юу билээ? Энэ бол олон улсын бизнес клуб. Бүх дэлхийн үндэстэн дамнасан том том корпорацууд цугладаг, ирээдүйн улс төрийн элитүүд “өнгөлөгддөг” чуулган. Ийшээ зөвхөн либерал болон демократ намын томчуудыг л урьдаг. Тэгэхээр, эсрэг үзэл санаатнаа урина гэдэг нь Зюгановыг ерөнхийлөгч болох магадлалтай этгээд гэж харснаас тэр. Геннадий Андреевич энд үг хэлэхдээ – юу вэ? - өмчийн олон хэлбэр байх хэрэгтэй, өрсөлдөөн сайн зүйл гэх мэтээр авч өгдөг байгаа! Ажилчин анги, ард түмний эсрэг тогтолцоо энэ тэрийнхээ тухай нэг ч үг цухуйлгасангүй! Ингээд бөөн шуугианы эзэн болчихов. Дэлхий нийт бүүр, ”Оросод коммунистууд засгийн эрхэнд гарахад сүртэй муу юм болохгүй юм биш үү?”, - гээд эргэлзээд ирж байгаа юм чинь! “Дажгүй хөөрхөн юм байна шүү дээ, зүүний социал-демократууд гэсэн үг л юм байна шүү дээ!” гээд...
Геннадий Андреевич ерөнхийдөө бол дажгүй хөөрхөн нь ч хөөрхөн л дөө. Хувийн харьцаан дээр бол Ленин шиг энгийн. Хэвлэлийнхний нүдэн дээр бол заавал гар барина, тэгээд асууна:
- Хүү чинь сайн уу?
- Би чинь охинтой шүү дээ.
- Охин чинь сайн уу?
Тэрээр, бусад радикалуудыг бодвол, өшөө – хорсол - занал тээгээд байдаггүй юм, хөөрхий.
- Ира, чи чинь яагаад буцлаад унав аа? Бид нар буруугаа хүлээчихээд байхад? - гээд телевизийн халз маргааны дараа хэлж байх жишээтэй.
Би тэр маргаан дээр коммунистуудын хийсэн хамаг булайг - аллага, хэлмэгдүүлэлт гэх мэтийг нь - уудлаад байсан юм. Зюгановаас өөр хүн байсан бол намайг шууд л хөлөөрөө дэвсээд, шүлсэндээ живүүлээд, хагандаа булах байхгүй юу? Ер нь, орчин үеийн зүүнтнүүд нэ-э-эх сонин болоод байх юм? Большевикууд хэзээ, хэний плюрализмын нүглийг уучилж байлаа даа? Томчууд нь ч бай, жижгүүд нь ч бай, хэзээ ч хэнийг ч уучилж байгаагүй: бидэнтэй биш юм бол-бидний эсрэг гэсэн үг, өнөөдөр чи джаз сонсож байгаа юм чинь - маргааш эх орноосоо урвана гэсэн үг гээд л давхидаг байсан биз дээ? Гэтэл одоо яаж байна? Коммунист нам Ходорковскийг шоронд хийснийг дэмжиж байхад, намынх нь гишүүн Доренко эрс буруушааж байна. Тэглээ гээд Доренког харааж зүхсэнгүй, намаас нь хөөсөнгүй. Яагаад гэвэл Доренко - агуу сэтгэл зүйч хүн. Тэрээр үгээр хүнийг алж ч чаддаг, аварч ч чаддаг, армийг ч араасаа дагуулж чадна. Коммунистууд хэрэгтэй хүмүүсээ хамаагүй цацаад байхаа больчихож, ер нь л их уян хатан болчихсон, шинэ, бүтээлч залуучуудыг эгнээндээ аваад л. Демократууд болохоор эсрэгээр, бүр таг хатуу, чулуу шиг болчихож. Салаа замын уулзвар дээр хад чулуу болж хэвтчихээд, “зүүн тийш явбал морио алдана” гэж айлгаад, тэгээд, орос хүнд ингээд хэлчихэд л хангалттай, зөв зүг рүү явахгүй хаачдаг юм гэж бодох юм. Тийм юм байхгүй шүү дээ. Хаашаа ч явж болно. Нэгдүгээрт, орос хүнд ардчилсан реформоос олж авсан гашуун туршлага байгаа: алдаж болох хамаг юмаа алдаад, оронд нь телевизийн цуврал кинонуудаас өөр юу ч олж аваагүй. Хоёрдугаарт, жинхэнэ ардчилал бол хиймэл систем. Байнгын арчилгаа тордолгоо шаарддаг хүлэмжний ургамал. Авторитар тогтолцоо бол өөрөө л босоод ирдэг, яагаад гэвэл амьтны ертөнц шатлан захирах ёс гэдэг хуулиар явдаг. Хүн бол амьтны ертөнцийн нэг хэсэг нь. Орос улс бусдаас тэнэгтээ нэг бол ийшээ, нөгөө бол тийшээ өнхрөөд байдаг юм биш. Аль ч улс - Америк ч бай, Франц ч - бай өнхөрч болно. Тавьчих л юм бол өнхөрнө. Тэд үүнийг мэдэж байгаа болохоор ардчиллыг хадгалж барьж байх зорилготой өчнөөн айхтар институци бий болгосон байдаг. Европ чинь өөрийнхөө энэ “хомо сапиенс либерале” гэдэг үүлдрийн хүнээ өчнөөн удаан гүрийж байж гаргаж авсан шүү дээ. Тэгээд томоотой, хүмүүжилтэй, арвич хямгач хүмүүстэй болсон. Европт, баян цатгалан айлууд ч, бямба гариг бүрт бүхий л сонин сэтгүүлээс хөнгөлөлтийн купонуудыг нь хайчилж цуглуулдаг, би зөндөө харсан. Тэгээд тэрийгээ дэлгүүр орохдоо өгч 10евро хэмнэнэ. Сардаа 30000 евроны орлоготой айл ингэж 10 евроны хэмнэлт хийх гэж бөөн ажил болж байна шүү дээ. Тэгэхэд манайхан бол энэхэний төлөө хайч хутга барьж ядаргаа болох ч үгүй. Зайл цаашаа тэр хөнгөлөлттэйгээ, хаашдаа мөнгө байхгүй, энэ муу жаахан хөнгөлөлтийг авлаа гээд юу нэмэгдэх юм гэнэ. Анталийн хямдхан амралтын газруудад амарч байгаа герман хүн далай руу очих ч үгүй, бассейны дэргэд л байгаад байна. Төлөвлөснөөсөө илүү нэг цент ч үрэхгүй. Харин манайхан бол, салхи шуургатай байсан ч далайд бултаганаад, суудаг юм болгон дээр нь суугаад, пижигнэдэг юм болгоныг нь пижигнүүлж үзээд, мөнгөө баруун солгойгүй цацна. Үнэтэй биш үү? Яадаг юм! Ганц удаа л амьдрах юм чинь! Ганц нэг хүний биш, үндэсний зан чанар маань ийм, иррационал бөгөөд биений мэдрэмжийг эрхэмлэдэг онцлогтой юм даа.
Оросын ард түмэнд арьс арзайлгаж, нуруу ирвэгнүүлэх, адреналиныг нь цооногоос гарч байгаа нефть шиг оргилуулах - ийм санаа л хэрэгтэй. Яагаад гэвэл, адреналин бол - орос хүний сэтгэлийн нефть. Олзворлосон хүн нь л энэ нефть, сэтгэл хоёрын эзэн болно. Харин демократууд бидэнд бол арзайлгах, ирвэгнүүлэх юм юу ч байхгүй. Бид санал болгож байгаа нийгэмтэйгээ л адилхан - рационал. Жишээ нь, би халз маргаан дээр хэлдэг: амьдралын чанараа дээшлүүлэхийн тулд хувь хүн засагтай эн тэнцүү, засгийн субъект болох ёстой гэж. Зөв үү? Зөв. Сэтгэл эзэмдэх үү, энэ үг? Эзэмдэхгүй. Харин “Эх оронч” хүн энгэрээ зад татаад, нүдэндээ гал, амандаа дөл бадруулан:
- Замаас зайл! Оросод оросууд л байх ёстой! Дээрэмчдийг дээрэмд! Зөв үү? Буруу. Солиорол уу? Солиорол. Сэтгэл эзэмдэх үү? Эзэмдэнэ. Хамгийн гол нь, ямар ч “дүлэлтгүйгээр”, цаанаасаа л гараад ирж байгаа болохоор тэр шүү дээ! Харин демократ бид нар ингэж чаддаггүй, бидний багш нар ингүүлэх дургуй, сэтгэлийн оргилолоос зугтдаг. Гудамжны, доод зэрэглэлийн жанр гээд.
Ижил мөрний дагуу бид улс төрийн аялал хийгээд явж байх үеэр Проханов бид хоёр нэг удаа хөлөг онгоцны тавцан дээр дөнгөж тухлаад хэвтээдэхтэл нүх сүв бүрээс сэтгүүлчид гарч ирээд бид хоёрын зургийг дарчихдаг юм байна.
- “Завтра” сонинд ийм зураг гаргах зүрх чамд бий юу?,-гэж Прохановаас асуулаа, би.
- Яаж байхав? Уншигчдийг айлгачихна шүү дээ, болохгүй. Улс орноо аврах хэрэгтэй байхад. Ард түмнээ, үндэстнээ, Орос Улсаа. Харин “Плейбойд” гаргах зүрх бол байна. Хоёулаа тохирвол яасан юм?
Яг ингэж хэлж байгаа байхгүй юу, ямар ч паузгүйгээр: Орос Улс, Үндэстэн, “Плейбой”. Индэр дээрээс биш, хувиараа ярилцаж байхад шүү дээ. Бодох юм байж байгаа биз?
Орчуулсан Ё. Одончимэг

Комментариев нет:

Отправить комментарий