1991 онд ЗХУ эдийн засаг, улс төрийн гүнзгий хямралд орсон байна. Бараа бүтээгдэхүүний хомсдол үүсэж, хүмүүс ердийн өргөн хэрэглээний бараа авах гэж маш урт дараалалд зогсож байв. Энэ үед Эстон, Латви,Литва болон Гүрж зэрэг БНУ-ууд ЗХУ-ын бүрэлдэхүүнээс гарч өөрсдийн тусгаар тогтнолоо зарлаж эхлэв. 1990 оны 12 сарын 11-нд ЗХУ-ын Аюулаас хамгаалах газрын (АХГ, оросоор КГБ) дарга Владимир Крючков Москвад "дэг журам тогтоох" хэрэгцээтэй байгаа тухай уриалгыг Төв телевизээр (Централ ТВ) үг хэлэхдээ мэдэгдсэн байна. Дараа нь Крючков ЗХУ-ын БХЯ-ны Сайд Дмитрий Язов,Дотоод хэргийн яамны сайд Борис Пуго, Ерөнхий сайд Валентин Павлов, Дэд ерөнхийлөгч Геннадий Янаев, ЗХУ-ын Батлан хамгаалах зөвлөлийн орлогч дарга Олег Бакланов, Горбачевын нарийн бичгийн албаны дарга Валерий Болдин, ЗХУ-ын Коммунист Намын Төв хорооны нарийн бичгийн дарга Олег Шенин, нартай төрийн эргэлт хийх талаар ярилцаж тохиролцсон байна. Хуйвалдагчид ерөнхийлөгч Михайл Горбачевыг ятган онц байдал зарлуулаад, үүний дараа "дэг журмыг" сэргээх арга хэмжээ авч болох байх гэж тооцож байв. 1991 оны 7 сарын 29-нд Горбачев, шинээр Оросын ерөнхийлөгч болсон Борис Ельцин, Казахстаны ерөнхийлөгч Нурсультан Назарбаев нартай ярилцсан яриаг АХГ нууцаар сонссон байна. Уг яриа нь Павлов, Язов, Крючков, Пуго нарын хатуу чиг шугам баримтлагчдыг албан тушаалаас нь зайлуулан, илүү либерал үзэлтэй төрийн зүтгэлтнүүдээр солих талаар байжээ. Дээрхи мэдээллийг АХГ Владимир Крючковт мэдэгдэв. Крючков хэдэн сарын өмнөөс Субьект-110 хэмээн тодорхойлон, Горбачевыг нарийн тагнаж эхэлсэн байжээ.
1991 оны 8 сарын 4-нд Горбачев Крымын Форост байдаг зуслангийн байр руугаа амрахаар явав. 1991оны8 сарын 17-нд хуйвалдагчид АХГ-ын Москва дахь зочид буудалд уулзацгаав. Тэд шинэ холбооны гэрээг уншиж танилцан, хэрвээ гэрээ байгуулагдвал ЗХУ задрах нь гарцаагүй, хөдлөх цаг болсон гэсэн шийдвэрт хүрсэн байна. 8 сарын 18-нд Олег Бакланов, Валерий Болдин, Олег Шенин, ЗХУ-ын БХЯ-ны орлогч сайд генерал Валентин Варенников нар Крым руу нисэж Горбачевтай уулзав. Энэ үед Форос зуслангийн бүх харилцаа холбоог (АХГ хянадаг байв) таслан, хэнийг ч уг зуслангаас гаргахгүй байх үүрэг авсан нэмэлт АХГ-ын ажилтнуудыг байрлуулжээ. Бахланов, Болдин, Шенин, Варенников нар Горбачевыг нэг бол онц байдал зарла, эсвэл огцорч өөрийн орлогч дэд ерөнхийлөгч Геннадий Янаевыг ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр зарла гэж тулгав.
Горбачев өөрөө энэхүү тулган шаардалтыг эрс эсэргүүцэж, хүлээж авахаас татгалзсан гэж баталдаг. Варенников мэдүүлгэндээ, Горбачев "Юу хэрэгцээтэйгээ хий, хараал ид" гэж хэлсэн гэдэг байна. Хуйвалдагчид Псковын үйлдвэрт 250 мянган хос гав захиалан, 300 мянган баривчлах маягт хэвлэв. Крючков бүх АХГ-ын ажилтнуудын цалинг 2 дахин нэмэх тушаал гарган, амралтнаас нь дуудаж, бэлэн байдалд орууллаа. Хоригдлуудыг хүлээн авахад бэлтгэн Лефортовогийн шоронг хоослон бэлтгэв. Тэднийг Крымээс буцаж ирсний дараа хуйвалдагчид Кремльд дахин уулзалдав. Геннады Янаев, Валентин Павлов, Олег Бахланов нар "Зөвлөлтийн Удирдлагын Тунхаглал"-д гарын үсэг зурлаа. Үүнд: "ЗХУ-ын зарим нутаг дэвсгэрт (үүнийгээ яг тодорхой өгүүлээгүй) онц байдал зарлаж, улс орныг удирдаж, онц байдлын дэглэмийг хангахын тулд Онц Байдлын Хороог (ОБХ) байгуулж байна" гэж мэдэгдсэн байв.
ОБХ-нд дараах гишүүд орсон байв:
-Геннадий Янавеев -Валентин Павлов -Владимир Крючков -Дмитрий Язов -Борис Пуго -Олег Бакланов -Василий Стародубцев, ЗХУ-ын Тариачдын Холбооны тэргүүн -Александр Тизяков, Улсын Аж үйлдвэрүүд болон Үйлдвэр, Тээвэр, Харилцааны Конгломератуудын холбооны ерөнхийлөгч.
Ерөнхийлөгч Горбачев "өвчний учир" үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон гээд, Геннады Янаев уг зарлигт ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчийн хувиар гарын үсэг зурсан байна. Дээрхи нэр бүхий найм хүнийг хожим "Наймын бүлэг" гэж нэрлэжээ. Янаевын гарын үсэг зурсан "Зөвлөлтийн Удирдлагуудын Тунхаглал" болон ОБХ-ын баримт бичгүүдийг өглөөний 7 цагаас эхлэн улсын радио, телевизээр цацаж эхэлсэн байна.
Таманскийн моторжуулсан явган цэргийн дивиз, Кантемировскийн танкын дивизыг Москвад оруулав. Десантын анги нэгтгэлийг мөн уг үйл ажиллагаанд татан оролцуулжээ. БНСОУ-ын ерөнхийлөгчийн 4 орлогчийг "онц аюултай" гэсэн шалтгаанаар АХГ-ынхан баривчлан Москвагийн ойролцоо цэргийн баазад тусгаарлав.
Борис Ельцин БНСОУ-ын парламентын байр болох Цагаан Ордонд 19-ны өглөөний 9 цагт, БНСОУ-ын Ерөнхий Сайд Иван Силаев, Дээд Зөвлөлийн дарга Руслан Хасбулатов нартай цуг Үндсэн хуулийн эсрэг төрийн эргэлт болсныг мэдэгдэв. Мөн цэргийнхнийг төрийн эргэлтэнд оролцохгүй байхыг, дээр нь Михайл Горбачевт ард түмэнд хандаж үг хэлэх боломж олгохыг шаардан, бүх нийтийн ажил хаялт зарлахыг уриаллаа
Геннадий Янаев Москва хотод онц байдал зарлан, 5 цагт зохион байгуулсан хэвлэлийн бага хурал дээр Горбачев амарч байгаа гэж мэдэгдэв. Гэвч түүний энэ мэдэгдэл төдийлөн итгэл үнэмшил төрүүлээгүй байна.
Энэ үед Парламентын ордонг хамгаалах үүрэг авсан Таманскийн моторжуулсан явган цэргийн дивизийн командлагч хошууч Евдикомов БНСОУ-ын удирдлагуудын тушаалыг дагахаа мэдэгдэв. Энэ үед Ельцин нэгэн танкан дээр гарч олон нийтэд хандаж үг хэлснийг, оройн мэдээгээр улсын ТВ-ээр дамжуулжээ. Үд дунд Янаевын томилсон, Москвагийн цэргийн дүүргийн командлагч генерал Калинин оройн 11 цагаас өглөөний 5 цагийн хооронд Москва хотод хөл хорио тогтоож байгааг зарлав. Парламентын ордныг хамгаалагчид бэлтгэж эхлэв. Хамгаалагчдын зарим нь зэвсэгтэй байсан ч, ихэнх нь сайн дурынхан, тэд ямар ч зэвсэггүй байлаа. БНСОУ-ын удирдлагуудад үнэнч гэдгээ илэрхийлж байсан хошууч Евдикомовын захиргаанд байсан танкууд тэр орой парламентийн ордныг орхин явжээ. 8 сарын 20-ны үдээс хойш Крючков, Язов, Пуго нар Парламентын ордон руу дайрах шийдвэр гаргалаа. Энэ шийдвэрийг ОБХ-ны гишүүд дэмжив. Крючковын орлогч АХГ-ын генерал Агеев, Язовын орлогч армийн генерал Ачалов нарын төлөвлөсөн дайралтын ажиллагааг "Аянга" гэж нэрлэсэн байна. Уг ажиллагаанд Альфа болон Вимпел Групп, АХГ-ын тусгай тасаг, Москвагийн цагдаагийн тусгай тасаг, Дотоодын цэргийн Дзержинскийн дивиз, танк болон нисдэг тэрэг оролцохоор төлөвлсөн байна. Уг ажиллагааг гардан гүйцэтгэх Альфа группын командлагч генерал Виктор Карпухин, Вимпел группийн командлагч хурандаа Бесков нар, нөхцөл байдлыг газар дээр нь тандан үзсэнийхээ дараа, их хэмжээний цус урсах учраас уг операцыг хохирол багатай хэрэгжүүлэх ямар ч боломжгүй байна гэж Агеевыг ятгасан байна. Мөн энэ үед Александр Лебедь агаарын цэргийн командлагч Павел Грачевтай зөвшилцөн, Парламентын ордонд нууцаар очин Хамгаалах штабынханд, дайралт шөнийн 02 цагт эхлэнэ гэдгийг мэдэгдэвШөнийн 01 цагийн орчимд Парламентийн ордноос холгүй газар Таманскийн моторжуулсан явган цэргийн дивизийн хуягтуудын явах замыг иргэд, троллейбус болон хот цэвэрлэх машинуудаар хаасан байна. Хуягтны харах цонхыг халхлах гэж оролдсон Дмитрий Комар (энгийн иргэн) буудуулж нас барав. Түүнд туслахаар очсон Владимир Усав, мөн Илья Кричевский нар буудуулж нас нөгчив. Дээр нь хэд хэдэн хүмүүс шархдав. Иргэд хуягтад гал тавьж шатаасан ч цэрэг алагдсангүй.
Альфа болон Вимпел бүлгүүд төлөвлөж байсныхаа дагуу Парламентын ордон руу дайрсангүй. Язов цэргүүдийг Москвагаас гаргах тушаал өгөв.
Өглөөний 8 цагт цэргүүд Москвагаас гарч эхэллээ. ОБХ-ын гишүүд БХЯ-нд цуглан цаашид яахаа хэлэлцсэн ч тодорхой шийдэлд хүрсэнгүй зөвхөн Михайль Горабчевтай дахин хэлэлцээ хийхээр Крым рүү төлөөлөгчид илгээх шийдвэр гаргажээ. Зуслангийн холбоо харилцааг сэргээсний дараа Горбачев ОБХ-ын бүх шийдвэрийг хүчингүй болгож, гишүүдийг нь төрийн албан тушаалаас нь зайлуулав. ЗХУ-ын Ерөнхий Прокурорын алба төрийн эргэлт хийх гэсэн уг оролдлогыг мөрдөн байцааж эхэллээ. Михайл Горбачев Москвад нисч ирэв. Крючков, Язов, Александер Тизяков нарыг Москвад 8 сарын 22-ны үүрээр Москвад эргэж ирэхэд нь нисэх буудал дээр, 8 сарын 22-нд Пугог, 23-нд Павлов, Василий Стародубцев нарыг баривчлав. Олег Бакланов, Валерий Болдин, Олег Шенин нарыг 8 сарын 24-нд баривчилсан байнаОБХ-ны гишүүд болон хамсаатнуудыг төрийн эрх булаахаар санаархсан гэсэн үндэслэлээр төрийн эсрэг гэмт хэрэг хийсэн гэж ял тулгажээ. Уг хэргийг шүүх Оросын Дээд шүүхийн Цэргийн Танхимын шүүх хурал 1993 оны 4 сарын 14-нд эхэлжээ.
1994 оны 2-р сарын 23-нд Оросын Төрийн Дум, ОБХ-ны гишүүд болон тэдний хамсаатнууд, мөн 1993 оны 10 сарын үйл явдалд оролцогчдод өршөөл үзүүлж буйгаа зарлав. Хуйвалдагчид өршөөлийг хүлээн авсан байна. Ганцхан генерал Валентин Варенников шүүхийг цааш нь үргэлжлүүлэхийг шаарджээ. 1994 оны 8 сарын 11-ны шүүх хурлаар түүнийг буруугүй хэмээн цагаатгасан байна
Комментариев нет:
Отправить комментарий