вторник, 15 февраля 2011 г.

ЧИМЭЭГҮЙ АТАМАН "ПОЛЬШ" НАМЖИЛ


Ганзагын наймаачдын загалмайлсан эцэг гэж яригддаг байсан "Польш" Намжил гуай таалал төгсөөд тав зургаан жил болж байна. Тэрбээр Дөчин мянгатад насаараа амьдарсан нэгэн бөгөөд бусдад аархаж цамнаад байдаггүй ч цаагуураа бас "Чимээгүй атаман" явжээ. Ер нь тэр дөчин мянгатад ихээхэн нөлөөтэй нэгэн байж. Дөчин мянгатын зарим атаман "Польш" Намжилыг "Багшаа" гэж хүндлээд зогсохгүй хачин гоё хүүхнүүд авчирч танилцуулдаг байж. Тийм ч учраас "Польш" Намжил өөрийгөө "Хотын дарга" гэж өргөмжилдөг байсан гэдэг. Энэ үүднээс зарим нэг өөнтөгч хүн "Намжил бол Монголын сайхан хүүхнүүдээр тоглосон өөдгүй эр" гэдэг юм билээ.
Нэг үе тэр Дөчин мянгатын аптекийн хажуухан талд гэрэл зургийн газар ажиллуулж овоо цулайж авсан байна. Энэ үед тавин мянгатын атаман "Гахай" Хишгээ гэгч түүнийг нэг сайн жижигрүүлсэн гэдэг.
1990-ээд оны сүүл үед намайг "Ил товчоо" сонинд ажиллаж байхад мань эр орж ирээд " Дөчин мянгатын үе үеийн атамануудын түүхийг би л мэднэ. Та нар энэ тухай ном хийсэн ч болно шүү дээ. Ах нь Дөчин мянгатад дарга явсан юм шүү" гэж билээ. Гэвч дараахан нь миний бие түүнтэй уулзаж учрах гээд чадаагүй. Тэрбээр гадаад руу явсан уу, гэртээ бүгсэн үү, огт үзэгдэхээ байсан. Тэгтэл 2000 онд нас барсан сураг дуулдсан. Сэхээн амьдруулахын сандал дээр суугаагаараа үхсэн гэдэг. Зайлуул амьсгалын багтраа өвчин нь хөдлөөд өөрөө таксидан байж эмнэлэг дээр очоод эмч нараас тариа хийхийг гуйсан бололтой. Гэвч эмч нарын удаан хөдөлгөөнөөс болж тариа хийлгүүлж амжилгүй зүрхний клапан нь хаагдаж сандал дээрээ өөд болсон гэдэг. Түүний үхэлд эмч нарын буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэж тухайн үед хэвлэлээр шуугиж байлаа. Гэвч тэгсхийгээд л нам жим өнгөрсөн. Хэрвээ хэн нэгэн эрхэм дээдэс "Польш" Намжил шиг ийнхүү эмнэлгийн сандал дээр тусламж авч чадалгүй өөд болсон бол улс орон даяар бөөн юм болох байсан байх. Учир нь "Польш" Намжилын нэр хүнд тухайн үед ихэд уначихсан байсан, зарим хүн түүнийг "Хогийн архичин" гээд аль хэдийн цоллочихсон байсанд л хамаг учир оршино.
Түүний наймааны ажил захиргаадалтын үед эхэлсэн бөгөөд Орос, Польшийн хооронд тасралтгүй наймаа хийж чамгүй хөлжжээ. Тэрбээр социализмын үед Барууны орон руу гарч амьдрах гэж хэд хэдэн удаа оролдсон боловч бүтээгүй гэдэг. Тухайн үед Орост суугаа Монголын элчингийн газар эрс эсэргүүцэж "Намжил чи капиталист оронд очиж хөрөнгөтний үзэл суртлаар хүмүүжих чинь дутаа юу. Социалист орнууд чамайг яаж хохироогоо вэ. Харин ч чи наймаа панз үсэргээд бусдаас илүү яваа шүү. Олон долоон юм яриад байвал чамайг юу ч үгүй болгочихож чадна шүү" гэх зэргээр дарамталж байсан удаатай гэдэг.
Намжил анх нүдний шил зарж борлуулан хөл дээрээ боссон байна. Дараа нь есөн шидийн наймаа хийжээ. Сүүлдээ бүр хүчирхэгжиж валютын наймаа эрхлэх болсноор Контрбандын хэрэгт холбогдож захиргаадалтын үеийн шоронгоор бас шүргээд авчээ. Харин шоронд ороод хэний ч дор оролгуй зовхи өөдөө явсан байна. Польшид наймаа хийж байхдаа нэгэн баян польш эртэй дотно танилцаж улмаар охиныг нь авч суужээ. Тэгээд залуухан хөөрхөн польш хүүхнээ Монголд авчирч нэг гэрт толгой холбосноор сайхь бүсгүй "Польш" Намжилд хоёр сайхан хүү төрүүлж өгчээ. Гэтэл нэг хүү нь есөн давхрын тагтан дээрээс үсэрч амиа хорложээ. Дараахан нь польш авгай нь нэг хүүхдээ дагуулан Намжилаас салаад Польш руугаа явсан гэдэг. Учир нь Намжил хэт хүүхэмсэг байсан бөгөөд янз бүрийн эмэгтэйтэй самуурч байгаад польш авгайдаа хэд хэдэн удаа баригдсан юм байх. Тиймээс эхнэр нь "Хүний нутагт энэ муу завхай эрд доромжлуулахгүй" гэж шүд зуун нутаг буцжээ.
Дараа нь "Польш" Намжил местный орос Аня гэгч хүүхэнтэй суужээ. Энэ хүүхнээсээ харин салсан уу, яасан бүү мэд. Ямартай ч нэг хэсэг ганцаараа архи дарс эргүүлээд л явдаг байсан. Намжил хятад монголын эрлийз бөгөөд бизнесийн нарийн мэдрэмжтэй болох нь энэ бүхнээс тодорхой байна. Мөн тэрбээр шаггүй авъяастай фото зурагчин байж. Энэ төрлөөрөө Дөчин мянгатад бас бизнес хийгээл үзсэн аж. Гэвч тэр амьдралынхаа сүүлийн жилүүдэд архинд нэлээд орсон юм. Уг нь яриа хөөрөөтэй, эвсэг найртай, хэнтэй ч үг хэлээ ололцчихдог жинхэнэ сайн эр байлаа. Зарим нэг өөнтөгч хүмүүс түүнийг жигтэйхэн харамч гэж ярьдаг. Гэхдээ тэр мөнгө цацах үедээ цацсан шиг цацдаг байсныг олон хүн гэрчилдэг юм.

Комментариев нет:

Отправить комментарий