среда, 23 февраля 2011 г.

Жагсагчид армийхныг “урвуулж” Каддафи эх орноосоо зугатав./Түүүний эмэгтэй бие хамгаалагчдын зургыг нэмж оруулав./

Өнгөрсөн сарын дунд үеэс эхлэн Арабын ертөнц, Ойрхи Дорнодын орнуудад үүсээд буй улс төрийн хямрал оргил үедээ хүрч, улс орнуудад ээлж дараалан эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөөд байгаа билээ. Египетээс эхэлсэн улс төрийн тэмцлийн буухиа Ливид үргэлжилж, ням гаригаас даваа гаригт шилжих шөнө Муаммар Каддафийн дэглэмийг эсэргүүцэгчид болон тусгай албадын цэргүүдийн хооронд мөргөлдөөн үүссэн байна. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар мөргөлдөөн Триполи төв талбай болон хотын өөр дөрвөн дүүрэгт болж байгаа аж.


Хотод хаа сайгүй буун дуу хадаж, цагдаа нар нулимс асгаруулагч хий, байлдааны сум ашиглаж байгаа тухай мэдээ ирсэн байна. Өнгөрсөн ням гаригт босогчдын талд Ливийн армийн зарим хэсгүүд нэгдэх болсон гэсэн мэдээлэл гараад байлаа. Үүний сацуу Италийн Дотоод явдлын саид Франко Фраттини Ливийн Засгийн газар Үндсэн хуулийн шинэчлэлийг авч хэлэлцэхэд бэлэн байгаа тухай мэдэгдсэн ч шинэчлэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл болон түүнийг хэрхэн явуулах тухай шалтгааныг тодорхой мэдээлээгүй байна.
Хоёрдугаар сарын 15-наас эхэлсэн Ливийн үймээн хэд хэдэн хотод гарч байсан ч хараахан нийслэлд гараагүй байсан бол ням гаригт нийслэлийн Ногоон талбай дээр хэдэн мянган хүнийг хамарсан том жагсаал болон өргөжжээ. Түүнчлэн тус улсын өнцөг булан бүрт Засгийн газрын эсрэг тэмцлийн үүр шинээр төрөн гарч байгаа тухай мэдээлэл ирсээр байна. Одоогоор жинхэнэ дайн дэгдээд байгаа Бенгази хотод гэхэд л армийн хэд хэдэн хэлтсүүд сөрөг хүчнийхний талд орж, хурандаа Каддафигийн талын хүмүүсийг шахан гаргасан бөгөөд сүүлийн тав хоногт гэхэд л 300 хүн амь үрэгдээд байгаа гэсэн мэдээлэл иржээ.
Орон нутгийн оршин суугчдын баталж байгаагаар Лив улсын хоёр дахь том хот болох Бенгази ням гаригт сөрөг хүчнийхний гарт бүрэн шилжсэн байна. Ливийн хувьсгалын тэргүүн Муамар Каддафид үнэнч, түүний хүү Саадигийн удирддаг цэргийн хүчнийхэн ялагдсанаар “хот чөлөөлөгдсөн” хэмээн оршин суугчид өгүүлсэн байна.
Босогчдын талд орсон цэргийн албан хаагчид Ливийн элитийн хэсгийн отрядыг хотоос шахан гаргаж, бут цохиж чадсан аж. Бенгазийн төв хэсэгт байрлах гол объект болох армийн томоохон бааз задарсан тухай Би-Би-Си агентлаг ч мэдээлсэн байна. Ийхүү цэргийн албан хаагчдаар эгнээгээ тэлсэн босогчдын бүлэг хурандаа Муамар Каддафид үнэнч үлдсэн анги хэсгүүдийг ялж, хурандаагийн цэргийнхэн гол стратегийн цэгээ алджээ. Сүүлийн хоёр хоногт гагцхүү энэ цэгээс буун дуу эрчимтэй хадаж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар үймээн самууны улмаас Бенгазигийн эмнэлгүүдэд хэдэн арван амиа алдагсад, шархдагсад хүргэгдэн ирж байгаа гэнэ.
Хоёрдугаар сарын 20-ны ням гаригт Засгийн газраас элитийн хэсгийн орхисон хотын хяналтыг сэргээх гэж оролдон, жагсагчид руу дайрж, гудамжуудыг чөлөөлж эхэлжээ. Ийнхүү улс оронд нь Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал цуглаан туйлдаа хүрсний улмаас Ливийн төрийн тэргүүн, хурандаа Муамар Каддафи эх орноо орхин, Латин Америк руу дүрвэсэн бөгөөд түүнийг Венесуэль руу гарсан хэмээн таамаглаж байгаа аж. Гэхдээ удирдагчийн залгамжлагч гэгддэг түүний хүү Сеиф аль-Ислам хэвлэлээр гараад буй мэдээллийг няцааж, Муамар Каддафи эх орноо орхин гараагүй, түүнийг арми нь дэмжиж байгаа хэмээн Үндэсний телевизээр мэдэгджээ.
“Ямар ч үнээр хамаагүй эмх журмыг тогтооно. Аюулгүй байдлыг баталгаажуулна. Бид эцсийн мөч хүртэл, сүүлийн сумаа дуустал тэмцэлдэх болно” гэсэн эрс шийдэмгий мэдэгдлийг Сеиф гаргасан байна. Сүүлийн өдрүүдэд эрчимжиж байгаа үймээн самууны улмаас 173 хүн нас барсан гэж олон улсын хүний эрхийн байгууллагаас мэдэгдэж байгаа бол Сеиф үүнийг няцааж, Бенгазид 84 хүн, Эль-Байдад 14 хүн нас барсан, хэвлэл мэдээллээр нас барагсдын тоог ихэсгэж мэдээлж байна хэмээн өгүүлжээ. Гэхдээ аль аль мэдээллийг шалган батлах боломжгүй, учир нь Бенгази хот руу гадаадын сэтгүүлчдийг оруулахгүй, интернетийг салгажээ.
Б. Мөнхцэцэг
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”

Комментариев нет:

Отправить комментарий