вторник, 15 февраля 2011 г.

ХОЁРДУГААР ДӨЧИН МЯНГАТЫН "ГАЛЗУУ" КЛАРОВ

2-р дөчин мянгатын "Галзуу" Кларов бол төрөлхийн халаасны хулгайч бөгөөд эхийн хэвлийгээс гарахдаа нэг гартаа мөнгөний хэтэвч, нөгөө гартаа сахлын хутга атгаад төрсөн гэж зарим хүмүүс хошигнодог. Монголын нэг номерын халаасчин гэж ярих нь ч бий. “Галзуу” Кларовт дамжаагүй шорон гэж үгүй. Хүүхдийн колониос эхлээд архичин согтуучууд цугладаг "Ерөө"-гөөр дамжиж цаашлаад томчуудын шоронгоор буудаллаад эцэст нь Шархадны галзуугийн бопьницод хэсэг саатаад нарны амьдрал үзсэн боловч одоогоос хэдэн жилийн өмнө ор сураггүй алга болсон хүн. Хамт хоригдож байсан хүмүүс нь "Галзуу" Кларовыг хаачсан юм бол доо хэмээн өнөөг хүртэл гайхсаар байдаг. Гадаад руу гарах тэнхэлгүй юм чинь үгүй ядахдаа цогцос нь олдмоор юм даа гэж халагладаг.
Түүнийг Кларов гэдэг нэртэй болохоор нь орос монголын эрлийз юм болов уу? гэж бодтол цэвэр халх хүн юмсанж. Нэр нь хүртэл монгол. Галаарав гэдгийг Кларов болгосон байна. Энэ хүн улсад ажил хийж огт үзээгүй гэнэ. Дөчин мянгат хавиар хар нялхаасаа хүний халаас суйлж түүнийгээ нэгэн насны амьдрал болгожээ. Суйлсан мөнгө төгрөгөөрөө атамануудыг байнга дайлдаг байсны хүчинд өөрөө ч бас нэг муу атаманы сэтэр зүүгээд авсан байдаг. Гэвч тэр халаас суйлаад, эсвэл атаман болж хүн зодоод баригдах нь ч олон, баригдсан хойноо худлаа галзуурах нь ч олон. Мөрдөнд дөнгөж оронгуутаа шууд галзуу хүн болж жүжиглэдэг бөгөөд эхэндээ эмч нар огт тоодоггүй байж. Тэгээд олон удаа галзуу болж жүжиглэсээр байгаад сүүлдээ жинхэнэ галзуу болж хувирсан байна. Ер нь нэг юмыг олон удаа давтаад байхад сүүлдээ жинхэнэ дүрдээ хувилдаг тал бий шүү!
Нарны амьдралд хэд хонохдоо хармаа суйлж тансаглан жаргаад яг баригдаад ирэхээрээ шууд л галзуурдаг туйлын сонин суртахуунтай хүн байсан бөгөөд эсэн бусын овгоруудтай нийлж тансаглан жаргаж байхдаа огт галзуурдаггүй байсан нь хачирхал төрүүлж байгаа юм.
Тэрбээр 1982 онд хүнийг итгүүлэн бишрүүлэхүйц хамгийн жүжгийг тавьжээ. Зохиолыг нь өөрөө бичиж, өөрөө найруулаа өөрөө тоглосон бөгөөд эцэст нь тэр нь эмгэнэлт жүжиг болж хувирчээ. Жүжгийн гол санаа нь гэвэл "Манай эх орны баатар Гүррагчаа өнөөдөр сансарт нислээ. Булган нутгийн хүү эх орныхоо төлөө задгай сансарт амь биеэ өргөлөө. Дөчин мянгатын хүү "Галзуу" Кларов би мянга мянган хоригдлын өмнөөс Монголын тэнгэрт нислээ" гэж учир зүггүй хашгичаад орныхоо цагаан даавуу шүүрэн авч хоёр давхрын цонхыг толгойгоороо хага мөргөөд үсэрчихсэн гэдэг. Зайлуул, эгээтэй л үхсэнгүй. Хөл, гараа хугалаад, тархи толгойгоо доргиогоод эсэн мэнд газардсан нь бас яамай. Орны цагаан даавуу түүнд тус болсонгүй. Амьхандаа түүнийг шүхэр гэж ойлгосон бололтой. Урьд өмнө нь тэр галзуурахдаа хутгаар хий дэмий биеэ зүсээд л хашгичдаг байсан гэлцдэг. Харин энэ удаагийн жүжиг нь туйлын утга учиртай сонгодог тал руугаа хэлбийсэн байна.
"Галзуу" Кларов Бэрлэгийн шоронд байхдаа бас нэг муухай юм хийсэн хүн. Улс төрийн нэрт зүтгэлтэн Ц.Лоохууз гуай руу агсарч "Чиний сайд чинь надад хамаагүй" гээд булчин руу нь хутгалсан гэдэг. Ингээд бодоход галзуу ч юм шиг, галзуу биш ч юм шиг. Лоохууз гуайг хутгалаад тун ялихгүй ял авсан нь галзуу байсны нотолгоо болов уу? Эсвэл социалист төрд тэрсэлсэн Лоохууз гуайг хутгалсан хэмээн ардын баатар мэтээр өргөмжлөгдөв үү? Хэрэв тийм бол галзуу биш цоо эрүүл болж хувирах юм. "Галзуу" Кларов амьдралдаа огт гэрлэж үзээгүй бөгөөд ганцхан хүүхэнд сэтгэлтэй явсаар хорвоог баржээ. Гэвч тэр нь царай зүс сайтай дөнгүүр хүүхэн байсан тул халаасны хулгайчийг яаж тоох билээ.
Харин амьдралынхаа сүүлийн жилүүдэд Мишигийн Цэрэндоржийн охин Доржмаатай хэсэг зуур толгой холбосон байна. "Галзуу" Кларовын эцэг эх нь түүнд сайхан хашаа байшин бэлдсэн гэдэг. Гэтэл тэр хашаа, байшин нь архинд урсаад явчихжээ. "Хамаг эд хөрөнгө нь Доржмаагийн салтаагаар урсаад өнгөрсөн" хэмээн эдүгээ Кларовын найз нар халагладаг юм.

Комментариев нет:

Отправить комментарий