среда, 9 февраля 2011 г.

Дарлагдаж нухлагдсан ч өвдөг сөхрөөгүй Халимагууд

 Дарлагдаж нухлагдсан ч өвдөг сөхрөөгүй Халимагууд

Дарагдаж нухлагдсан ч өвдөг сөхрөөгүй Халимагууд минь
Халимагийн ерөнхийлөгч Монгол улсад өнгөрсөн жил айлчилсан билээ. Уг айлчлалтай холбогдуулан "Өдрийн сонин" (№027, 028 (3104, 3105) 2009.02.02)-д Халимгийн үүх түүх, ур гарвалын тухай өгүүлсэн нэгэн чухал ярилцлагыг сэтгүүлч Д.Оюунтуяа МУБИС-ийн Монголын түүхийн тэнхимийн багш, доктор, дэд профессор На.Сүхбаатартай хийжээ. На.Сүхбаатар хилийн гадна амьдарч байгаа монголчуудын талаар түлхүү судалгаа хийдэг эрдэмтэн юм. Тиймээс энэхүү ярилцлагыг манай сонин уншигч та бүхэндээ дахин хүргэж байна.

Халимагууд гэж чухамдаа хэн юм бэ? Хэзээнээс Монголоос тасраад тэр хол очсон улс юм бол?

Манайхан халимаг гэж нэрлэдэг. Үүнийг хальж гарсан гэсэн утгатай үг хэмээн олон судлаачид үзсэн байдаг. Оросууд Калмык гэдэг. Түрэгүүд болохоор Калмак гэдэг нь үлдэгдэл гэсэн утгатай үг бололтой. Энэ хүмүүс бол Европод амьдарч байгаа Азийн ард түмэн. Тэр талаараа аялал жуулчлал төдийгүй бүх л талаараа сонирхол татдаг. Энэ ард түмэн 400 гаруй жилийн түүхтэй. Тухайн үеийн засаг захиргааны ойлголтоор Дөрвөн Ойрадын чуулган буюу Алтайн цаана Тэнгэр уулын хойд талын тэр их өргөн уудам нутагт амьдарч байсан дөрвөн ойрадуудын тасархай. Тэндээс анх 1607 онд Торгуудын Хо Өрлөг, Дөрвөдийн Далай тайш нар харъяат иргэдээ аваад Эрчис мөрнийг уруудаж шинэ газар нутагт суурьшсан түүхтэй. Тэр нутаг бол Оросын захын хотуудтай хаяа нийлдэг байж. Манай тод монгол бичгээр буй сурвалжид Орын ганц мод гэдэг газар суурьшсан гэж тэмдэглэсэн байдаг. Оростой хил залгаа очсон болохоор гэрээ хэлэлцээр хийгээд амар тайван аж төрөхөөр суужээ. Очсоноосоо хойш хоёр жилийн дараа ийм гэрээ хэлэлцээр хийсэн байдаг. Яг тэр оноос тоолоод халимагууд. Орост сайн дураар нэгдсэний 400 жилийн ой гэж энэ жилийг яриад байна л даа.

Нээрээ халимагууд Орост нэгдсэний 400 жилийн ой өнөө жил болж байгаа гэж байсан. Гэрээ байгуулаад дагаар орсон хэрэг үү?

Яг дотор нь орсон субьект биш л дээ. Түүхийн туршид Халимаг хаант улс хэмээх улсыг байгуулж байсан ард түмэн. Тийм нэрийн дор бие даасан байдлаа маш олон жил хадгалж ирсэн байдаг. Халимагууд 1628 оноос цаашаа шинэ газар нутаг хайлгахаар элч илгээсэнд Урал, Ижил мөрний дунд хэсэгт маш сайхан тал нутаг байна гэсэн мэдээтэй иржээ. Байгаль, цаг уурын хувьд Монголын тал хээртэй төстэй, бэлчээрийн мал аж ахуй эрхлэхэд тохиромжтой, ан гөрөө ихтэй тийм газар. Тэнд хүч муутай овог аймаг байсныг цохиод очиж суурьшжээ. Би тэр газраар нь явж байсан л даа.

Европын чийглэг, намагтай газрын наагуур Төв Азитай холбоотой нэг том хөндий бий. Европ, Азийг холбосон энэ хөндий явсаар байгаад цаашаа Ижил, Урал, Дон, Дунай мөрөн хүрээд дуусдаг. Өмнө нь Хүннү, Жужан (Авар)-ууд яг л тэр замаар нүүж байсан тэр зам л даа.

Одоогийн байгаа нутаг уу?

Тийм ээ. Гэхдээ тухайн үеийн үндсэн нутаг бол Уралаас Ижил мөрний сав. Яваандаа улам цааш тэлсээр Ижил, Дон мөрний өргөн уудам нутагт амьдарч байгаа ард түмэн. Халимагуудыг бид 1607 онд нүүсэн торгууд, дөрвөдүүд гэж ойлгож болохгүй. Яагаад гэвэл бидний судалгаагаар 1750-аад он хүртэл 140 гаруй жилийн дотор их, бага өсөн нүүдэл ар араасаа тийшээ очсон байна. Янз бүрийн шалтгаантай л даа. Жишээ нь, тухайн үеийн Торгуудын хоёр дахь хаан болох Шүхэр дайчин Зүүнгартай гэрээ хийх бодлогоор өөрийн албат, ах дүү нараа аваад очсон байна. Зүүнгарт ялагдсан нэг ноён өөрийн харъяатуудаа аваад тийш нүүсэн гэх мэт олон шалтгаан бий. Ингэсээр байгаад Зүүнгарын ойрадуудын нутагт байсан үндэстэн, угсаатны бүрэлдэхүүн их бага ямар нэгэн хэмжээгээр Халимагт очжээ. Одоо Халимагийн хүн амыг бүрэлдэхүүнээр нь аваад үзвэл торгууд, дөрвөд хоёр дийлэнх нь болж байна." Хошууд, цорос, хойдууд ч бий.

Халимагууд буцаж нүүсэн түүх бас бий байх аа...

Халимагаас буцаад дөрвөн удаагийн нүүдэл наашаа ирсэн байдаг. 1700-аад оны үед Санжжав тайжийн ахалсан нүүдэл байна. Гурван түм буюу 30 мянган хүнтэй буцан ирж, Зүүнгарын нутагт суусан. Түүнээс гадна Ижил мөрний ойрадууд, Зүүнгарын ойрадууд маш олон талын харилцаатай байсан. Бидний мэдэхээс 1637 онд Хөхнуурыг эзлэх дайнд торгууд, дөрвөдүүд өөрсдөө цэрэгтэйгээ ирж оролцож байв. 1640 оны Дөрвөн ойрадын цаазыг батлахад торгуудын гол ноёд, дөрвөдийн Далай тайш хүртэл өөрийн биеэр ирж оролцож байжээ. Худ ургийн холбоо ч их байсан. Ойрадын ноёд тэндээс бэр буулгадаг, хариу өгдөг байж. Энэ харилцаа 150 жил үргэлжилсэн байдаг. Халимагийн түүхэнд хамгийн алдартай үе нь 1670-1730-аад он. Аюк хааны үе л дээ. Монголоор Аюуш хаан. Энэ үед Халимаг хаант улс маш хүчтэй болсон. Халимагийн хүн ам 250 мянгад хүрч байсан нь тухайн үедээ маш том тоо. Зүүнгарын хаант улсыг Манж нар нухчин дарах үед нэлээд торгууд, хошууд нар бас нүүж очсоноор нэлээн хүчтэй болсон. Тийм болахоор Оросын хаант улс болгоомжилж эхэлж л дээ. Зарга хагалдаг заргачийг нь хаант Оросоос томилох, татварын хэмжээг ихэсгэх, христын шашин дэлгэрүүлэх гэх зэргээр язгуурын эрх чөлөөг нь хааж боож эхэлсэн. Тийм болохоор халимагууд буцаад эх нутаг руугаа нүүжээ. Энэ их нүүдэлд 170 мянган хүн оролцсон гэдэг.

халимаг

Тийм олон хүн үү?

Тийм ээ. 1771 оны нэгдүгээр сарын 5-нд тэр газраас нүүжээ. Ижил мөрөн хөлдөөгүй учраас зөвхөн наад талд байсан хүмүүс нь нүүсэг гэдэг. Зарим сурвалжид мөс нимгэн байсан учраас гарч чадаагүй гэсэн байдаг. Халимагууд нүүх тухай мэдээлэл Хаант Оросын Засгийн газарт очиж байсан ч тэд итгээгүй. Нүүдэлчид холын нүүдэл хийхийн өмнө шийр буюу бог малаа бүгдийг нь сувайруулдаг. Хуц, ухныг нь нийлүүлдэггүй юм байна л даа. Өмнөх жил нь энэ мэт холын нүүдлийн бэлтгэл хийжээ. Халимагуудыг наашаа нүүгээд хорь хоносны дараа л Оросууд итгэсэн гэдэг. Тэгээд даруй шуурхай цэргээр нэхүүлжээ. Дээр нь зам зуурын бүхий л аймгуудад "Халимагуудыг цохь, олзоо өөрсдөө аваарай" гэсэн зарлиг буулгасан. Тэр бол асар хүнд, хэцүү нүүдэл байсан. Нүүдлийн замын бүс ч үргэлжийн отолт, дайралтад өртөн хэцүү болоод ирсэн. Олон малтай, тэр том нүүдэл нэг замаар явж болдоггүй юм байна л даа. Малын бэлчээргүй болохоос эхлээд тарж нүүсэн. Нүүдэллэгсдэд казах, киргизүүд нэлээн хүнд цохилт өгсөн. Балхаш нуурын орчим байдаг том цөлийг тойрох гэж байгаад нэлээн хорогдсон. Энэ мэт дайралт, цохилтоос үүдэн холын аянд 100 мянган хүн үрэгдэж далан мянга нь л дөнгөж ирсэн.

Хаана?

Хуучнаар Зүүнгарын хаант улсын нутагт, тэр цагаар бол Манж чин улсын хил дээр ирсэн. Тухайн үед Зүүнгар улс Манжид эзлэгдсэн байсан үе л дээ. Халимагууд наашаа нүүж гарахдаа "Зүүнгар улсыг манжууд мөхөөчихлөө. Манжтай байлдан Зүүнгар Ойрадын улсаа сэргээе" гэсэн зорилго өвөртөлсөн байдаг. Найман сар нүүж хил дээр ирэхдээ ямар ч хүч чадалгүй болсон байв. 1771 оны наймдугаар сар л даа. Тэгээд зөвлөлдөөд Манжид дагаар оръё гэсэн шийд гаргасан. Тэгэж дагаар орсон хүмүүсийн удам одоогийн Шинжааны ойрадуудын ихэнх хэсгийг бүрдүүлдэг. Нүүлгүй үлдсэн халимагуудын улс байгуулах эрхийг нь хасч Астархань мужид захиргаж, олон газар тарааж суулгасан түүхтэй. Харин энд тэнд тарсан халимагууд Октябрийн хувьсгалын үеэр нэгдэж нэг газар суурьших тухай хоорондоо ярилцаад Ижил, Дон мөрний орчим буюу одоогийн байгаа газар нэгдэж автономит муж байгуулжээ. 1920 хэдэн оноос ингэж автономит муж болсон юм. Гэпээ гээд тэднийг амар тайван 1800-аад оны сүүлч, 1900 он гэхэд 200 мянган халимаг байсан тоо байдаг. Гэтэл Оросын иргэний дайны үеэр гарсан өлсгөлөнгөөр олон халимаг хүн өөд болсон.

Шашныг хаах, лам нарыг хавчих бодлого ч эхэлсэн. Ер нь Дэлхийн I, II дайны үеэр олон халимаг цаашаа дүрвэн гарсан байдаг. Франц, Америк, Чехэд амьдарч байгаа халимагууд тэр үед гарсан хүмүүс. Дэлхийн II дайны үеэр халимагуудаас гурван морьтдивиз байгуулагдсан гэдэг. Эх орны дайнд тэд маш баатарлаг тулалдаж байжээ. Зөвлөлт-Германы өмнөд фронт дээр ЗХУ-ын анхны баатар цолыг халимаг хүн авсан түүх бий. 1943 он хүртэл хорь гаруй ЗХУ-ын хүнд л баатар цол өгсөний 11 нь халимаг хүн байдаг юм. Гэтэл Сталины "алдартай" зарлиг гарсан. Халимаг, чечень, татар зэрэг улсыг угсаатных нь хувьд тараах, Сибирь рүү байршуулах бодлого явагдсан. Хамгийн түрүүнд халимагууд ертсөн. Тэгээд 1943 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр буюу өвлийн тэсгим хүйтэнд 90 мянган халимаг хүнийг хүчээр Сибирь рүү ачсан. Ачааны вагоноор бүгдийг нь зөөсөн гэдэг.

Цөллөгт явуулж байгаа хэрэг үү?

Сибирь рүү зургаан хэсэгт тэгж цөлж байгаа хэрэг л дээ.

Яагаад?

Сталин тэднийг найдваргүй хүмүүс гэж үзсэн. Энэ бол хэлмэгдүүлэлт байсан. Дайн тулаанд хамгийн эрэлхэг зоригтой тулалдаж байсан хүмүүс бол халимагууд байсан юм. Энэ цөллөг бол тэдэнд үхлийн цохилт болсон гэж болно. Яагаад гэхээр нэг хүнийг гурван кг ачаа авахыг зөвшөөрсөн. 1957 он хүртэл халимагууд Сибирийн хотуудад комендатурын хатуу хяналт дор тарж амьдарсан. Түүх соёл, сургууль номд явах нь бүү хэл халимагаараа ч ярих эрхгүй, хамгийн хатуу хүтүү ажлыг хийж байв.

90 мянган хүн гэдэг бараг халимаг хүн нутагтаа үлдээгүй гэсэн үг үү?

Бараг бүгдээрээ цөлөгдсөн гэсэн үг. Үүний эсрэг олон улсын байгууллагууд, өмнө нь гадаадад гарсан халимагууд НҮБ-аар дамжуулан маш их зарга хийсэн. Тэгж байж 1957 онд дахин зарлиг гарган Бүгд Найрамдах Халимагийн Автономит Улсыг байгуулсан. Сталин ч үхсэн байсан үе л дээ.

Ингээд Халимагууд түүхээ дахин шинээр эхэлсэн гэж болно. Цөлөгдсөн хүмүүсийн ихэнхи нь эх нутагтаа буцаж ирсэн. Мэдээж, зарим нь үхэж үрэгдсэн. Зарим нь хүнтэй суух гэх мэт шалтгаанаар тухайн орон нутагтаа шингэж үлджээ. Тэр цөллөгийн уршгаар 1942-1945 онд төрсөн халимаг хүүхэд гэж бараг байдаггүй. Цөллөгт явж байхад ахмадууд болон нялхас бүгд эндсэн.Нас барагсадаа ачааны вагоны цонхоор шидээд явсан байдаг. Одоо Халимагийн Элстэй хотод тэдэндээ зориулсан дурсгалын газар бий. Тэнд нөгөө ачааны вагоны нэгийг авчраад тавьсан байна. Ачааны вагон нь хүн бүү хэл, мал тэсэхгүй хөлдөж үхмээр тийм аймаар. Дээр нь Сибирийн өвөл ямар хахир хатуу билээ дээ. Энэ цөллөгийн онуудыг Халимагийн түүхэнд хамгийн гашуутай жилүүд гэдэг.

Одоо Халимаг улс хичнээн хүн амтай вэ?

Ийм хатуу бэрх түүхийн турш халимагууд ямартаа ч мсжгол цусаа хамгаалж ирсэн ард түмэн. Одоо халимаг улс 300-аад мянган хүн амтай. Хүн амын дийлэнх нь халимагууд. Албан ёсны хэл нь орос хэл боловч, халимаг хэлээ сэргээж хэрэглэхийг оролддог. Ялангуяа, 1990 оноос шашин соёлоо хөгжүүлэхийг маш их хичээж ирсэн. Өмнө нь ч ингэж тэмцэж байсан. Халимаг хэл бол Монголын ойрад аялгуун дээр тулгуурласан хэл л дээ.

Та Халимагт хэд хэдэн удаа очиж байсан хүн. Халимагууд маань ямаршуухан аж төрж байна вэ?

Халимагийн нийслэл Элстэй бол ёстой л сайхан монгол хот шүү. Хотын зохион байгуулалт, хөшөө дурсгалын шинж зэрэг нь яг л монгол. Их эмх цэгцтэй. Элстэй хот бол дэлхийн шатрын нийслэл гэдэг. Шатрын ордон байна. Шатрын тоглолтод зориулсан тусдаа жижиг дүүрэг хот байна. Халимаг улс нь 13 мужтай. Тэр бүгд нь монгол нэртэй. Бага дөрвөд, Их буурал, Цоохор гэх мэт. Газар усны нэрэнд нь ч Увс, Ховдод байдаг нэрүүд бүгд байна. Улиасны үзүүр, Хар ус, Цагаан аман гэх мэт. Каспийн тэнгисийн эрэг дээр Ижилээс Дон мөрний хооронд өдгөө халимагууд маань амьдарч байна даа. Халимаг улс нь нефть болон байгалийн хийн асар их баялагтай. Загасны болон хөдөө аж ахуйн салбар хүчтэй хөгжсөн газар.

Халимагууд бол их оюунжсан ард түмэн. Тэнд халимагийн зохиолч Амарсанаагийн нэрэмжит том номын сан байна, Орох болгонд дүүрэн уншигчтай, настай хүмүүс хүртэл ном уншаад дүүрэн сууж байдаг юм билээ.

Үндэсний баяр нь хэзээ болдог вэ?

Тэдний хамгийн гол баяр нь өвлийн эхэн сарын 25-ны өдөр буюу Зулын баяр. Бүгд албан ёсоор амарч тэмдэглэдэг. Цагаан сарыг бас бидний тооллоор тэмдэглэнэ. Арванхоёрдугаар сарын 28-ныг бүх нийтийн гашуудлын өдөр болгосон. Сибирьт туугдсан тэр 14 жил халимагийн түүхэнд хамгийн хорсолтой жилүүд. Яагаад гэхээр тэд эсгий гэртэйгээ, архив, ном судартайгаа байсан. Бүгдийг нь орхиод явсан. Эргээд ирэхэд нь тэдний орон сууринд янз бүрийн хүмүүс ирээд суусан байв. Эсгий гэр нь байхгүй болж, мал сүрэг нь алга болсон байв. Тухайн үед цэрэгт байсан халимагуудыг торгуулийн суман руу эсвэл Сибирь руу явуулж байж. Цөллөгийн 14 жил гэдэг халимаг хэлээ мартах үндэс болсон. 1943 оноос өмнө орон нутгийн хүмүүс оросхэлийг мэддэггүй байсан гэдэг юм шүү.

Халимагууд их дурсаж ярьдаг шүү, "Цөллөгийн үед монголчууд биднийг буцаагаад авъя" гэж ярьж байсан юм гэнэ лээ гээд. Горный Алтайд цөлөгдөж ирсэн хүмүүс Монгол руу заагаад "Биднип эх нутаг ийм ойрхон харагдаж байна даа" гэж ярьдаг байсан гэдэг.

Одоо Монгол Халимаг хоёрын харилцаа ямархуу байгаа вэ?

Төрийн бус байгууллага болон судлаачид, хувь хүмүүс хоорондын харилцаа гайгүй байгаа. 2006 оны намар Монгол Улсын Ерөнхийлөгч айлчлахад би тэнд байсан. Халимагийн ард түмэн замын хоёр талаар жагсаж зогсоод, гараа даллаад хүлээж авсан. Манай Ерөнхийлөгч очоод дандаа оросоор ярьсан нь жаахан тийм санагдсан шүү. Энэ бол миний хувийн бодол л доо. Халимагт Оросын бусад субьектүүдээс дандаа л харилцан айлчлал ирж байдаг.Тэднээс манай ерөнхийлөгч ялгаагүй болчихож байгаа юм. Уг нь халимагууд орчуулагч бэлдээд их л сүрхий байлаа шүү.

Өнгөрсөн жилийн зургаадугаар сард Монголын консулын газар албан ёсоор Халимагт нээгдсэн шүү дээ. Энэ оны эхээр манай улсад хийсэн Халимагийн Ерөнхийлөгчийн айлчлалд тэнд суугаа манай консулын ажлын нөлөө их бий. Зуутраг Өлзийбатын Гончигжав гэж залуу бий. Өнгөрсөн намар Ерөнхий сайдынх нь айлчлал болсон. Энэ мэтхарилцаа сайжирч байгаа.


Хоёр улсын төрийн бус байгууллагуудын харилцаа дажгүй сайн байгаа гэж та түрүүн ярьсан. Үүнийгээ тодруулаач?

Ойрад Монголын түүх, соёлыг судлах зорилготой "Тод номын гэрэл" гээд төрийн бус байгууллага бид байгуулсан юм. Ойрадын соёл бол Монголын соёл юм. Монгол гурав хуваагдавч гүрний дайтай, могой гурав хуваагдавч гүрвэлийн дайтай гэсэн үг бий. Бид цаггаа том гүрэн улс явсан. Тийм учраас дотроо хэл соёлын жаахан өөр өөр онцлогтой байлгүй яахав. Түүний нэг хэсэг ойрадууд энд тэнд тархан, олон улсад хуваагдан амьдарч байна. Ойрадууд аж төрдөг Хөхнуур, Шинжаан, Алшаад ийм судалгааны төв байна. Тэдэнтэй Монголоос шууд харилцдаг газар байхгүй учраас манай хэсэг судлаачид ийм төрийн бус байгууллага байгуулаад ажиллаж байгаа юм. Гол нь ойрад судлалыг хөгжүүлэх, Халимаг, Шинжааны монгол судлалын судлаачид, оюутнуудыг Монголтой танилцуулах, тэднээр дамжуулан ойрадуудыг нэг нэгнээ мэдүүлэх зорилготой. 2007 онд Халимагийн 17 судлаачийг оролцуулсан экспедицийг зохион байгуулсан. 12 судлаач нь, тав нь хэвлэлийнхэн. Тэднийг Ховд, Увсын нутгаар 10 хоногийн аялал хийж монгол ахуй амьдралтай танилцуулсан. Өнгөрсөн жил түүх, соёл судлалын чиглэлээр сурч байгаа 19 халимаг оюутныг Монголд авчирч аялал хийсэн. Энэ мэт хамтын ажиллагаа өргөжиж хөгжиж байна.

Комментариев нет:

Отправить комментарий