вторник, 15 февраля 2011 г.

40 МЯНГАТЫН АТАМАН "ГЯЛГАР" АЛТАА ГЭГЧ ХЭН БЭ?


1950-иад оны сүүлчээр Бага тойрог, Дөчин мянгат ашиглалтанд орж Усны гудамж, борчуудын гудамж, зүүн хүрээний айлууд анхлан орчин үеийн тохилог орон сууцанд амьдрах болсон билээ. Гэхдээ Дөчин мянгатад Нийслэл хүрээнээс удам дамжсан элитүүд амьдрах нь их байв. Монголчууд анх ингэж хот суурингийн боловсон байдлаар аж төрөх болсон. Харин сөрөг үр дагавар нь бөөнөөрөө нэг дор бөөгнөрөх болсноор хүүхэд залуучууд бие биенийхээ муу зуршлаас амархан суралцаж янз бүрийн бүлгүүд үүсч зодоон нүдээн хийх, айл ухах, халаас суйлах, дээрэм хийх нь их болсон. Ингэснээр шинэ цагийн эрүүгийн нөхцөлүүд үүсэн бий болсон гэж судлаачид үздэг. 
Чухам 1950 оноос эхлээд л Дөчин мянгатын атаманууд бий болжээ. Энд голдуу дээдсүүд амьдардаг байсан учраас дарга нарын хүүхэд дэггүй, багш нарын хүүхэд сурлага муу, эмч нарын хүүхэд бохир заваан, цагдаагийн хүүхэд хулгайч гэдэг яриа олны дунд дэлгэрсэн гэдэг. Гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судалдаг мэргэжилтнүүдийн тогтоосноор Дөчин мянгатын атамануудыг гэмт хэргийн шинжээр нь дэлбээчин буюу орон байрны хулгайч, гонио буюу халаасны хулгайч, яагий буюу хүчин гаж донтонууд, сэхээтний алдаа буюу залилан мэхлэгч гэх зэргээр ялгаж салгадаг байж.
Түүнчлэн Дөчин мянгатын атамануудыг 60-70 оны үе, 70-80 оны үе, 80-90 оны үе гэж ангилдаг байлаа. Харин 1990 оноос хойш энэ байдал эрс өөрчлөгдөж хамгийн том хэргийг хэн ч үл таних хөдөөний залуучууд ч үйлдэх болсон нь аливаа хэргийг илрүүлэхэд ихээхэн бэрхшээл учруулдаг болсон байна. Ингээд 1970-80 оны Дөчин мянгатын атамануудын тоонд зүй ёсоор тооцогддог, олонд буюу халхын шоронд "Гялгар" Алтаа хэмээн алдаршсан Баасангийн Алтангэрэлийн түүх намтраас товч өгүүлсү.
Тэрбээр 1970-аад оны эхээр өөрийн гэсэн дэлбээчдийн бүлэг нэг хэсэгтээ алдаршиж байсан боловч нэг үйлдлээ тав удаа давтан үйлдсэнээс 16 насандаа аавын хаалга татаж Цагаантолгой, Бэрлэг, Зүүнхараа, Мааньт зэрэг хамгийн амьдрал нөхцөл хүнд шоронгуудаар арав гаруй жил ял эдэлжээ. Тэрбээр хорихоос суллагдахдаа хорих ял эдлэх үеийнхээ шоронгийн дарга нь байсан хошууч Нацаг, хурандаа Идэрмөнх, Харцага нараас "Хамт олондоо хайрлагддаг, тусч, сэргэлэн цовоо, ажилд үнэнч шударга. Гэм буруугаа бүрэн ойлгож засрал хүмүүжлээ бүрэн олсон" гэсэн тодорхойлолттой суллагдсан байдаг. Гэвч тэрбээр Бэрлэгт ял эдэлж байхдаа хурандаа Идэрмөнхийн тогооч хийж, түүний хүнсэнд хэрэглэх хонины махыг зэргэлдээ хэсгийн журам хийдэг хоригдол "Луу пайжуу" гэгчид өгч нохойн махаар сольж хөлсөнд нь ханатлаа барашик, самогон уудаг байсан гэдэг. Хааяа хөдөлмөрийн тулалдаан зарлах үед хамгийн хэцүү гэгддэг "Булхай"-нд явж өдрийн төлөвлөгөөгөө 200-1000 хувь биелүүлдэг байсан аж. Гэхдээ энэ нь нэлээд "но"-той.
Тэрбээр нэг үе Хадбаатар аваргатай хамт ял эдэлж байсан бөгөөд өглөө 05 цагийн үед босч Хадаа аваргыг сэрээгээд "Хулгайч аа! Эртхэн гарч ялаа хийгээд эртхэн ирж амрахаа бодьё" гээд түүний хайнагийг булхайд нь хөллөж өгөөд уулын орой руу дагуулаад явдаг байж. Хадаа аварга булхайнд ачсан бүдүүн гуалинг сайн бэхэлж чадаагүйгээс салан баавгайн үлгэрээр модоо цувуулж явах агаад хаясан гуалинг нь "Гялгар" Алтаа хоосон булхайндаа ачсаар ирдэг байж. Тэгээд тэр наряд бичдэг хоригдлуудтай мөрийтэй тоглож өрөнд оруулаад 5-10 куб метр мод нэмүүлж бичүүлээд "Ажилд сайн" гэх үнэлгээ авдаг байжээ.
Мөн тэр шоронд мөнгө цуглуулах гэгчийг ёстой үзүүлж өгдөг байж. Үүнд нь нөгөө л Дөчин мянгатын атаман гэдэг алдар нь нэмэр болсон байж таарна.
Нэг удаа Монгол улсын гавъяат чекист Ванчинсүрэнгийн санаачлагаар Монголын бүх шоронгийн хамгийн засаршгүй ялтнуудыг ялган салгаж Зүүнхараагийн хорих ангид "Ялгааны шорон гэгчийг байгуулахад Бэрлэгийн шоронгоос 200 орчим хоригдол очжээ. Энэ үед "Гялгар" Алтаа Бэрлэгээс очсон бөгөөд засангийнхан нэгжлэг хийх үед түүний гудасны завсраас 6000 төгрөг гарсан гэдэг. Тухайн үеийн 6000 төгрөг асар их мөнгө. Нэг хоригдлоос ийм их мөнгө гарахад шоронгийн ажилтнууд гайхахын дээдээр гайхаж нүд нь орой дээрээ гарч байсан гэдэг. Тэр тусмаа хөрөө, хэрээ хоёроос өөр юм дуугардаггүй Бэрлэгийн шоронгийн хоригдлоос шүү дээ.
Тэрбээр Зүүнхараад байхдаа аварга Хадааг урьд нь хутгалж ял нэмүүлсэн "Халхын хар" хэмээх Толгойтын Гомбодаваа гэгч овгор эрийн гарыг хуга мушгиж бөөн дуулиан дэгдээснээс гадна удаа дараа мөрийтэй тоглосон хэргээр ял нэмүүлж Мааньт руу ачигджээ. Түүнийг Мааньтад очиход Дашийн Мундаа, "Ногоон" Чойлон, спортын мастер Хүрэлсүх, "Тавцан" Лхагва, Дарханы Өндөгөөгийн Хүрлээ, Луу Пайжуу, Био комбинатын "Гахай" Жагаа нар баяр ёслолын байдалтай хүлээн авч өөрийн галдаа багтаасан гэдэг.
Мань эр Мааньтад байхдаа мөрийтэй тоглохоос өөр ноцтой зөрчил гаргалгүй байсаар гурван жилийн дараа суллагдсан байна. Тухайн үед Мааньтад эрүүгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Жаргалдорж хожим дурсахдаа "Бид Дөчин мянгатын "Гялгар" Алтаа гэгч маш аюултай этгээд ирж байгаа тухай дээрээс онц ноцтой мэцээлэл авсан. Тэгээд Гялгарыг хараандаа байлгаж гүйцэтгэх албаны шугамаар тогтмол тандаж байсан хэдий ч тэр ямар ч муу юм хийдэггүй, харин ч нийт хоригдлын дунд маш их нөлөөтэй, ядарч зовсон жирийн хоригдлууд түүнийг шоронгийн даргаас илүү хүндэлдэг, шоронгийн овгорууд ч түүнд маш дотно сайн байдаг байлаа. Үүний нууцыг би тухайн үедээ л лав олж чадаагүй. Хожим сонсохнээ мань эр Дөчин мянгатад нэр нөлөөтэй явсан их гарын дэлбээчин байсан юм билээ" гэсэн байдаг.
"Гялгар" Алтаа багаасаа буруу замаар ороогүй бол маш сайн удирдагч болох байсан гэж хамсаатнууд нь эдүгээ ч дурсдаг. Тэрбээр 1981 онд шоронгоос суллагдаад Урт цагааны үүдээр нэг хэсэг гаарийджээ. Тэр үед түүнтэй хамт 24-р сургуульд сурч байсан хоёр охин тааралдаад "Баасангийн Алтангэрэл ээ" гэж дуудахад огт харахгүй байсан мөртлөө нэг хулигаан "Гялгар аа" гэж хашгирангуут сэртхийтэл харж байсан гэдэг.
Хожим мань эр нөхөддөө "Сүүлийн 10 жил намайг овог нэрээр минь дууддаг хүн байгаагүй болохоор овог нэрээ хүртэл мартчихаж. Намайг хулгайч Гялгараа л гэдэг шүү дээ" гэж ярьдаг байж.
Тэрбээр 1981 онд Улаанбаатар хотын Зам гүүрийн барилга трестэд туслах ажилтнаар ажилд оржээ. Тэгээд тэр жилдээ Дорнод аймгийн Сүмбэр суманд очиж Халх гол дээр бетон гүүр барилцаж байх үедээ Ардын хувьсгалын партизан Чимэд гэгч өвгөний ганц өргөмөл охин Оюунцэцэг гэгчтэй гэр бүл болж, хоёр хүүхэдтэй болжээ.
Ингээд Улаанбаатар хотын Төмөр замын байранд амьдарч байгаад 2001 онд өвчний учир нас баржээ. Энд нэг зүйлийг зориуд дурдахад тэрбээр 1996 оны орон нутгийн сонгуулиар Дорнод аймгийн Сүмбэр сумын ИТХ-д өрсөлдөөд 85 хувиар ялж улмаар сумын ИТХ-ын даргаар ажиллаж байх үед нь нэгэн шар сонин дээр "Дөчин мянгатын хулигаан Э.Бат-Үүл өөрийн багын найз атаман "Гялгар" Алтааг Сүмбэр сумын засаг дарга болгожээ" гэсэн ташаа мэдээлэл гарч байсан удаатай.
Эх сурвалж:     
www.asuu.mn

1 комментарий: