суббота, 26 февраля 2011 г.

Александр Солженицын Гулаг Ольтриг Товчилсон хөрвүүлэг.7

хоригдлууд дарлагдсан, зүдэрсэн хэвээрээ, оргосон хоригдлуудыг нохойгоор
мөрдүүлж, суман мөндөр буулгасан хэвээрээ л байв.
Гэсэн ч нэгэн зоригтой, шийдэмгий, тэсвэр алдсан бодол эрчүүлийг хөл дээр нь
босгосон юм “Бид зугатахын оронд, тэднийг зугатдаг болгож болохгүй юм уу?”
Ийнхүү асуулт тавигдаж, тодорхой тооны хүмүүс энэ талаар эргэцүүлцгээж, үг
болгож хэлж, бусад зарим нь түүнийг сонсов. Орголтын үе дуусч, Бослогын эрин
эхэллээ.
… Энэ бүхнийг яаж эхлүүлэх вэ? Хаана эхлүүлэх вэ? Бид гинжлэгдсэн байсан,
биднийг элдэв тэмтрүүлээр ороочихсон байсан. Бид хаанаас эхлэх юм бэ? Амьдрал
дахь энгийн бүхнээс энгийн шийдэл байв. Засан хүмүүжүүлэх лагерьт зарим хүмүүс
матаачид үхэх ёстой гэж ярьдаг байв. Заримдаа янз бүрийн ослыг зохион
байгуулдаг байв: гуалин мод матаачингийн дээрээс санамсаргүй нурж унан түүнийг
даран, усанд живүүлнэ. Тиймээс юуны өмнө эхлээд хүлсэн тэмтрүүлүүрүүдийг
тасдаж хаях хэрэгтэй гэдгийг бодож олоход тусгай лагеынханд тийм ч хэцүү
байгаагүй. Гэнэт – амиа хорлолт. Сахилгын хуарангийн 2-р урцанд нэг хүн
дүүжилсэн байв. Боссууд их сэтгэлээр унав. Тэд олсыг тасдаж аваад цогцсыг хогон
овоон дээр хаяв.
Ажлын багийн эргэн тойронд цуу тархаж эхлэв. Түүнийг өмнө нь мэдээлэгч байсан
гэлцэв. Тэр өөрөө амиа хорлоогүй, түүнийг дүүжилсэн гэв.
Бусдад нь сургамж болов.
Лагерьт янз бүрийн новшийн амьтад байдаг ч Тимофей С-ээс өөр танхай, зэвүүн
амьтан бараг байгаагүй юм. Тэр нэг удаа лалын шашинтай жижиг биетэй хоригдлыг
зодов. Хоригдлууд түүнийг “хүү” гэж хочилдог байв. Үнэндээ Тимофей хэнийг зодож
байгаагаа ч бараг анзаардаггүй байв. Хүү хэнд ч гэм хоргүй хоригдол байснаас
түүний хариуг авах ажил эхлэв. Нэг өглөө үүрээр Тимофейг орондоо унтаж байхад
нь хүү өөр нэг том биетэй лалын шашинтай хоригдолтой цуг очин Тимофейг орон
дотор нь хутгалж зүйл дуусгав. Дараа нь тэр хоёр захиргааны хэсэгт очин болсон
явдлыг хэлж буруугаа хүлээж, ялаа уншуулав…
“Матаасчинг ал” “Муу хархыг ал” Энэ бол гол зангилаа. Матаачингийн зүрхэнд
хутга зоо! Хутга хийгээд хархны хоолойг нь хэрч. Ингэвэл таарна түүнийг... Ингэж
хэлсний минь төлөө номын тавиур дээрээс маань маш олон янзын хүмүүнлэгийн
номнууд намайг зэмлэнэ: Дэлхий дээр юуг ч хүчирхийллээр шийдэх ёсгүй. Хутга,
винтов, сэлэм шүүрч авснаараа та нар өөрсдийгөө тамлан зовоогчдын зэрэгт унаж,
доошоо орох болно. Тэгээд үүнд төгсгөл гэж байхгүй. Энд, дулаахан өрөөндөө би
бүрэн санал нийлнэ.
Хэрвээ чи юу ч буруу хийгээгүй байж 25 жилийн ял авбал, хэрвээ чи дугаартай
судалтай хувцас өмсөж, гараа байнга нуруундаа үүрч, өглөө болгон, үдэш болгон
нэгжүүлж, үхтэлээ ажил хийж, хэн нэгэн чамайг матаж, ардуур чинь ховлох болгонд
сахилгын хүйтэн камерт бээрч, нүхнээсээ доошоо орон газар шигдсээр байгаа бол
агуу их хүмүүнлэгийн сэтгэлтнүүдийн үг цатгалан, эрх чөлөөт хүний л дуу хоолой
шиг сонсогдох болно.
Түүнд төгсгөл гэж байхгүй. Гэхдээ тэнд эхлэл гэж байгаа юм уу? Бидний амьдралд
итгэлийн туяа тусах юм уу үгүй юм уу?
Матаачид ч бас хүмүүс гэж хэлээд байгаа юм уу? ... Ахлахууд хуарангаас хуаранд
очиж Песчаны лагерьт болсон нэгэн явдлыг ярьж биднийг айлгах гэж оролддог
байв. Эмэгтэйчүүдийн лагерын нэгэн дивизэд хоёр охин (тэдний насыг хэлж байсан
юм, тэд маш залуухан байсан) зөвлөлтийн-эсрэг ярилцаж байжээ. “… -ээс бүрдсэн
шүүх томил.” “оноох ял … буудан ал”
Орон дээрээ суун хоорондоо шивнэлдэж байсан хоёр охин хоёулаа 10 жилийн
ялтай байсан юм. Ямар гээч хөгийн, тэнэг амьтан нь өөрийн зовлонгоо үүрээд
явалгүй тэд нарыг ховлож явдаг юм бэ? Матаачид бол хүмүүс гэж чи яаж хэлж
чадаж байнаа?
… манай лагерьт баруун украйны ялтан эрчүүд ирснээр үйл явдал хурднаар өрнөж
эхэлсэн юм. Дубовкагын ачлага лагериудад эдгээр босогч бациллуудыг авчирсан
юм. Дайн байлдаан, партизаны аргад мэргэшсэн эдгээр хатуу чанга эрчүүд лагерь
доторх өрөвдөм, арчаагүй, эмгэнэлтэй байдлийг хараад хирдхийсэн юм. Дубовкад
дорхноо бослого гарч, галдан шатааж, оргоцгоосон юм. Гэвч гучин жилийн
түүхэндээ хоригдлууд босож байсныг харж байгаагүй лагерын боссууд өөрсдөдөө
маш итгэлтэй байсан бөгөөд босогч хоригдлуудыг биднээс тусгаарлах гэж
оролдоогүй юм. Тэднийг янз бүрийн лагериудад тархаан хуваарьлсан. Энэ бол
засан хүмүүжүүлэх лагериудын практик байлаа: тэнд эсэргүүцлийг дарахын тулд,
тархааж, тусгаарлаж, хүчийг нь сарниулдаг байв. Харин илүү цэвэр агаарт тархаах
нь ердөө л галыг илүү их өрдөхтэй адил байсан юм.
Шинээр ирэгсэд эхлээд хуруугаач хөдөлгөөгүй, зүгээр л ажил дээр гарчаад
хоорондоо ярилцаж суудаг байв. Хальт харахад нэг их онц зүйл байсангүй. Гэвч тэд
лагерьт шинэ хууль боловсруулж байсан юм тэгэхэд: “Ухамсар чинь цэвэрхэн биш
бол- өнөө шөнө чи үх!”
Аллагууд хойно хойноосоо орголтуудаас ч ойрхон гарах болов. Тэднийг
итгэлтэйгээр, нэр нь үл мэдэгдэх хоригдлууд гүйцэтгэж байв. Хэн ч цус болсон
хутгатайгаа лагерын захиргааны өмнө очсонгүй. Тэд дараагийн ажилдаа зориулж
хутгаа хадгалж байв. Бүх хоригдлууд унтаж байхад маск зүүсэн өшөө авагчид
тодорхой нэг хэсэгт орон, тодорхой нэг наарлуу очин эргэлзэх зүйлгүйгээр нам
унтаж байгаа, эсвэл хэзээ өөрийнх нь ээлж ирэх бол гэж айн хүлээж байсан урвагч
матаачийг алдаг байв. Түүний үхсэн нь тодорхой болсны дараа тэд чимээ аниргүй
хурдхан алга болдог байв.
Тэд маск зүүж дугаараа нууцлана. Гэсэн ч хэрвээ ерөнхий харагдах байдлаар нь
хажуугын наарны хоригдол тэднийг танивал тэднийг илчлэх гэж захиргааныханруу
очихгүй бөгөөд, яаж ч байцааж байсан илчлэхгүй байв. “Үгүй, би мэдэхгүй, би юу ч
хараагүй”. Энэ бол дарлагдсан хоригдлуудын уриа болох “Мэдэхгүй зүйл чинь чамд
хор учруулж чадахгүй” (мэдэхгүй гэдэг үг мянган үгний таглаа гэдэг) гэсэн уриа биш
байв. Учир нь хэрвээ тэрээр ямар нэг нэр хэлэх юм бол маргааш нь үүрийн 5 цагт
алагдах бөгөөд түүнээс ямар ч аюулгүйн албаны офицер хамгаалж чадахгүй
байлаа…
… Ийнхүү аллага манай лагерьт хууль болж, тохиолддог ердийн зүйл болж эхэллээ.
(Би энд өөрийнхөө лагерьт энэ бүхэн хэрхэн болж өнгөрснийг илүү дэлгэрэнгүй
өгүүлж байгаа юм. Бусад лагериудад процесс мөн үүнтэй төстэй явагдсан юм.)
Хоригдлууд усанд орохоор явахдаа, эсвэл өглөөний нормоо авахдаа бие биенээсээ
“Өнөөдөр хэн нэгэн алагдсан уу?” гэж асуудаг болов. Энхүү зэрлэг спорт нь газар
доор шударга ёсны хонх цохих мэт байв. Энэ бүхнийг нууц хуйвалдаан мэт
гүйцэтгэнэ. Хаа нэгтээ хэн нэгэн нөлөө бүхий нэгэн хэн нэгэнд ердөө л нэр
дамжуулна. Тэр бол нөгөөдөх чинь! Тэрээр хэн аллагыг хэзээ, үйлдэх, хутга яаж
олох зэргийг хариуцахгүй. Харин цохигч эрчүүд (хит мэнүүд) энэ бүх зүйлсийг
хариуцах бөгөөд харин ялыг нь гүйцэтгэх гэж байгаа шүүгчийнхээ тухай мэдэхгүй.
Үүнийг бид цавчилт гэж нэрлэдэг байсан бөгөөд яваандаа өдрийн цагаар хүртэл
тохиолддог болов… Зарим тохиолдолд матаачин түүнийг зүйл дуусгахаас өмнө
зугатаж амжин эмнэлэгт хэвтдэг байсан хэдий ч хоёр гурван өдрийн дараа түүнийг
эмнэлгийн орон дээр зүйл дуусгадаг байв. Лагерын маёор хүртэл өөрөө хутганаас
айж байхад эмнэлэг яаж түүнийг хамгаалахав дээ? Таван мянган эрчүүдээс ийнхүү
арван хэдийг нь алсан юм. Хутганы цохилт бүхний хамт боож баглаж байсан
тэмтрүүлүүд цавчигдан унаж хэдийгээр хоригдлууд лагерь дотроо байсан хэдий ч
илүү эрх чөлөөтэй болсон юм. Бид амьдралдаа анх удаагаа юу бодож байгаагаа
хэнээс ч айлгүй чанга хэлэх боломжтой болсон юм. Харин мэдээлэгчид- мэдээлэхээ
больсон юм… Одоо аюулгүйн албаны офицер хүртэл хэн нэгнийг ажилаас авч
үлдээх гэж оролдоход тэд үлдэхээсээ татгалздаг болсон байв. Хэн нэгэн захиа
явуулахаасаа өмнө өөр нэгнээр алив энийг уншаадах даа, энэ матаас биш гэж
харуулдаг болсон байв…
… Лагерын захиргаа хоригдлуудын эсрэг арга хэмжээ авч эхлэв, эхлээд мэдээж тэд
сурснаараа бичгэн сануулга, заналхийлсэн тушаал бичиж гаргав. Түүндээ
хоригдлуудыг танхайрч, хулигаандахаа зогсоо гэсэн байв. Тэднийхээр энэ шинэ
урсгал хандлага бол ердөө л гангстеризм буюу танхайрал, хулигаандалт байв. “Улс
төрийн хэргээр” хоригдогсод бид анх удаагаа ийнхүү танхайчууд гэж дуудуулав.
Өчигдөрхөн л биднийг тэд “улс төрийн хэрэгтнүүд” гэж хуруугаараа чичилж байсан
бол одоо бид “танхайчууд” болов. Тэд маш итгэлгүйгээр “танхайчуудыг олж
тогтоогоод”, түүнээс ч итгэлгүйгээр “буудах болно” гэж заналхийлсэн байв. Мөн уг
тогтоолд хоригдлуудыг “танхай этгээдүүдийг матаж, тэдний тухай мэдээлэл өгж,
тэдний эсрэг тэмцэхийг” хоригдлуудад уриалсан байв.
Хоригдлууд сонсоод буцаж хараад инээд алдаад явж байв. “Улс төржсөн” байдлыг
нэрээр нь нэрлэхээс айснаас нь бид тэдний сул талыг мэдэж байсан юм. 30 жилийн
турш тэд биднийг улс төрийн хэрэгтнүүд гэж байцааж байсан ч бид жинхэнээсээ улс
төржсөн үйлдэл хийж эхлэхэд тэд айсан юм. Одоогийн нөхцөл байдлыг тэд
дарагдуулахыг хичээн тусгай лагерьт онц зүйл болоогүй “гичийнүүд хоорондоо
дайтаж байна” гэж цааш нь дамжуулж байв…
Арван нэгдүгээр бүлэг
Гинжээ тасчих нь
… Нэгдүгээр сарын 27, Ням гариг. Гичий Володка Пономарев лагерын захиргааны
байрлуу зугатаж очив… Биднийг одоо ингээд л байцаагаад л баривчилж эхлэх байх
гэж бид бодож байв. Тэгтэл тэгсэнгүй. Караганда, Алма Ата, Москвагаас нөхцөл
байдлыг тодруулах комисс ирсэн байв… Хоёр дахь өдөр ажлын дараа ажлын
хэсгүүдийн ахлагч нарыг уулзалтанд дуудав: гомдол саналаа хэл гэсэн байлаа. Энэ
нь тэдний хувьд байцаах өөр нэг арга байв…
… Халуун усны газрын зааланд тэд уулзалт, хурлын ширээ зассан байв… Ахлагч
нарыг үгээ хэлмэгц тэд түүний яриаг таслан яагаад түүний хүн алагдсан, энэ ямар
учир шалтгаантай болох, хэрвээ ахлагч ямар нэг зүйл хариуд нь хэлбэл яагаад
түүнийг энэ тухай мэдэж байгаа, холбоотой эсэхийг асууж байв. Анха, тэгэхээр чи
өөрөө бас холбоотой юм байна шүү дээ. За алив өөр хэн холбоотой вэ, нэрсийг нь
хэл! Энэ бүхнийг зогсоох хүсэл, хор шар миний дотор оволзож байв. Намайг ийнхүү
босож үг хэлсний минь төлөө надад хоёр дахь ялыг минь оноох нь тэдэнд маш
хялбар байв.Би урагш алхан нэрээ хэллээ. Дуэль эхэллээ.
“Чи хаана ажилладаг вэ?”
“Инженерийн цехэд” би өөр зүйл хэлэх гэсэн боловч тэдний нэг офицер надруу
“хутга хийдэг газар уу?” гэж үг чулуудав
“Үгүй.” Хэмээн түүнийг няцаагаад “өөрөө явагч экскаватор засварын газар”
Хурдал, хурдал, тэднийг чимээгүй болгож өөрийнхөө хэлэх гэсэн зүйлийг тэдэнд
сонсого.
“Дээрэмчид чинь өөрсдийгөө төлөөлүүлэхээр чамайг явуулаа юу?”
“Үгүй. Харин та нар өөрсдөө намайг дуудаа биз дээ.” гэж би хариу чулуудаад цааш
нь ярьж эхлэв. Тэр надруу хоёр гурван удаа ухасхийсэн боловч хазуулаад чимээгүй
суув. Би хэлэх гэсэн бодож байсан зүйлсээ цөмийг нь яриагүй, зөвхөн заримыг нь л,
тухайн нөхцөлд тааруулан “зөвлөлтийн хүний” үгээр гомдол гаргасан юм... Үнэндээ
бодсон санаснаа чөлөөтэй хэллээ гээд юу хожих билээ дээ... Эрх чөлөөний үзэл
санаа түгэж байв. Казахстаны бүх жорлонгийн хананд “Экибастузын тэмцэгчид
мандтугай” гэж бичсэн байдаг байв... Тэд манай лагериас 40 гаруй хоригдлыг гол
зохион байгуулагч хэмээн, мөн өөр бусад 250 хоригдлыг цуг оролцогчид хэмээн
цөмийг нь баривчлан Кенгирлүү илгээх шийд гаргав...
Хоригдлуудыг шинээр ирэгсдээс айлгаж, зайг нь бариулахын тулд тэд Кенгирын
хоригдлуудад одооны ачилгаар “дээрэмчид ирж байгаа” гэж мэдээлсэн байв.
(Тенно бас тэр ачилган дотор байсан юм)… Кенгирт тэмцлийн бүлгүүд
байгуулагдав. Нэг нь дан украйньчуудаас бүрдсэн, нөгөө нь дан оросуудаас.
Кенгирт хутга, маскууд бэлэн болж дахин цавчилтууд эхэллээ. Воинилович
“өөрийгөө” камер дотроо дүүжилсэн хэрэг гарав… 1950 оноос тусгай лагериуд
хямралын түвшинд ойртож байлаа. Их удирдагчийг амьд байхад ч гэсэн нутгийнхан
гинжнүүдээ тасчиж эхэлсэн байв… Хэрвээ тэрээр цаашид амьд байсан бол үйл
явдал хэрхэн өрнөх байсныг мэдэх аргагүй. Коммунист зарчмын дагуу бол удирдагч
нас барснаас болж намын үзэл суртал байранд ямар ч өөрчлөлт орох ёсгүй байв.
Цэнхэр малгайтнууд 3 сарын 5-нд лагерын гадна гарч уйлж байсан ч тэд ямар нэг
өөрчлөлт болох болно гэж айхгүй байв. Хар судалтангууд ч гэсэн өөрчлөлтийг
мөрөөдөж чадахгүй байв. 1953 оны Ворошиловын өршөөлөөр хоригдлуудыг
сулласан. Гэхдээ бараг зөвхөн хулгайчуудыг. “Ангийн дайснуудаас” тэд суллаагүй.
Кенгирын 2-р лагерийн гурван мянган хоригдлоос зөвхөн гурав нь л суллагдаж
байсан юм. Ийм өршөөл каторгагынханд ганцхан л зүйл ойлгуулсан юм: Сталины
үхэл тэдний хувьд юуг ч өөрчлөөгүй. Тэдэнд өмнө нь ямар ч өршөөл үзүүлж
байгаагүй, одоо ч үзүүлэхгүй юм байна. Хэрвээ тэд энэ дэлхий дээр ямар нэг
хэлбэрээр оршиж амьдрахыг хүсвэл үүний төлөө тэмцэхээс өөр аргагүй. 1953 онд
олон газар тэмцэл мөргөлдөөнүүд цааш үргэлжилсэн: Карлагын 12-р лагерьт жижиг
зодоон дэгдэж байсан бол Норильскийн Горлагд асар том бослого дэгдэж байсан
юм… Гэсэн ч дарангуйагчийн үхэл бас ч үр дүнгүй байсангүй. Ямар нэг үл үзэгдэх
зүйл өөрчлөгдөх шиг болж, хоосон хувин уулын уруу хангинаж жингэнэж унадаг шиг
тээр дээр байсан нэгэн хүн хамаг орчныг доргион доош унасан. Харин одоо –
тэргүүн эгнээнийхэн, ар талынхан, тэр бүү хэл хамаг бүхнээс тасарсан хамгийн
зэлүүд Гулаг нутгынхан хүртэл шинэ эрин үе ирж байгааг ойлгосон. Ольтриг дээр
байсан бидний хувьд Бериагын уналт яг л аянга цахих мэт байсан: Тэр бол дээд
Патрон, Архипелагын дээд эзэн байсан юм. МВД-ын офицерууд балмагдаж,
цочирдож, ангайсан…
… Берияг зайлуулсантай зэрэгцэн Воркутагын Речлагд 53 оны 6 сард Караганда,
Тайшитаас бослого дэгдээсэн хоригдлуудыг тийш нь ачсан байв. Воркута одоо
хүртэл дарлагдсан, дорой, ноомой хэвээр байсан бол шинээр очигсод шинэ цагийн
байдлыг тэдэнд зааж ухуулсан. Манай лагерын хувьд хэдэн сарын турш
үргэлжилсэн процесс тэнд сарын дотор л хийгдсэн… Улмаар ажил хаях хороо
байгуулагдан… Уурхайн 29-р аман ажиллаж байсан хоригдлууд ажилд гарахаасаа
татгалзахад 11 машин цэргүүд авчирсан. Цэргүүд гал нээсний дараа 66 хоригдол
газар дээрээ алагдсан. Зарим цэргүүд хоригдлуудыг алахгүй гэж дээгүүр хий
буудсан сумны оромнууд байдаг. Гэвч олонхи нь байгаа оносон бололтой. 29-р
амны ойролцоо Хрушевын үед хэн нэг нь загалмай босгосон байв. Дараа нь түүнийг
унагасан байсан. Дараа нь хэн нэгэн дахин босгосон. Одоо тэр загалмай тэндээ
байгаа эсэхийг би мэдэхгүй.
Арван хоёрдугаар бүлэг
Кенгирын 40 хоног
… 1953 оноос МВД-ын офицерууд хоёр дахь цалингаа алдсан. Энэ нь тэдний хувьд
халаасанд нь хохирол учруулахаас гадна тэднийг ер нь хэрэггүй гэж үзээд байгаа
юм биш үү гэсэн бодлыг тэдэнд төрүүлсэн. Бериа унасны дараа аюулгүй байдлын
яам өөрсдийн хэрэгцээтэйг яаралтай нотлох хэрэгтэй болсон. Яаж, ямар арга
замаар? Өмнө нь өөрсдөд нь заналхийлэл болон сонсогдож байсан шоронгийн
бослогууд одоо өөрсдөд нь аврал болж харагдаж эхэлсэн. Тэгвэл илүү их бослого,
үймээн дэгдэг- тэгэхээр нь бид арга хэмжээ авах болно. Тэгэхээр ажилтнуудыг,
цалинг хасахаа болино. Ганц жилийн дотор Кенгирийн харуулууд ямар ч гэм
буруугүй хэд хэдэн хүнийг дараалан буудан хороосон. Энэ бүхнийг санамсаргүй,
санаандгүй зүйл гэж үзэх боломжгүй. (бусад лагериудад ч гэсэн лагерын
удирдлагууд үүнтэй төстэй арга хэмжээнүүд авч эхэлсэн юм) Тэд цемент зуурагч
ажлын хэсгийн залуухан охин Лидаг угаасан хувцсаа лагерын торны хажууханд
хатааж байхад нь буудсан юм. Мөн нэг хөгшин хятад эрийг харуулууд тамхи
чулуудан, үүнийг авах гээд харуулын цамхагруу дөхөж очиход нь буудаж алсан.
Үүнтэй төстэй бас өөр нэг тохиолдолд харуулууд цамхгийнхаа доошоо бууны сум
унгасан. Тэгээд түүнигээ дээш нь авч өг гэж хоригдолд тушаагаад авч өгөхөөр
очиход нь түүнийг буудсан. Өөр нэг тохиолдолд хүдэр буталдаг ажлынхаа талбай
дээрээс буцаж явахад нь хоригдлуудыг dum-dum хэмээх задардаг, тэсэрдэг сумаар
хоригдлуудыг буудсанаас 16 хоригдол шархадсан. (үүнээс ч олон хоригдол
шархадсан хэдий ч тэд дараа нь авагдах шийтгэлээс зайлсхийхийн тулд
шархадсанаа мэдэгдэлгүй нуусан юм). Зекүүд үүнийг зүгээр хүлээж авсангүй.
Экибастузын түүх дахин давтагдлаа. Кенгирын 3-р лагерын хоригдлууд ажилд
гарахгүй гэж ажил хаялт зарлан буруутай этгээдүүдийг олж шийтгэхийг шаардсан.
Комисс хүрч ирж, тэднийг ятган, буруутнуудыг шүүхээр шийтгэх болно хэмээн
амалсаны дараа хоригдлууд ажилд гарсан. 54 оны 2-р сард өөр нэг хоригдлыг тэд
буудаж алсан. Түүнийг Александ Сисоев гэдэг байсан бөгөөд тэрээр 10 жилийн
ялныхаа 9 жил, 9 сарыг суусан, санваартан хүн байв. Тэрээр түр амсхийхээр
саравчны дор очиж суух үед нь харуулууд түүнийг буудсан байв. Түүнийг
буудмагцаа хоруулууд түүнрүү гүйн цогцосыг нь лагерын хилрүү зөөж, түүнийг
хориотой бүс давсан гэж харагдуулах гэж оролдов. Энэ бол хоригдлуудын хувьд
арай хэтэрсэн зүйл байлаа: тэд хүрз, лоомоо аван алуурчдыг алагдсан хүнд
ойртуулалгүй хөөсөн юм. Мод боловсруулах үйлдвэр тэр чигтээ үймлээ. Тэд
алагдсан хүнийг мөрөн дээрээ үүрэн лагерьлуу оруулахаар оролдов. Лагерын
офицерууд түүнийг оруулахгүй гэхэд хоригдлууд “Яагаад түүнийг алсан юм бэ?”
гэж хашгирав. Нөгөөдүүлд нь бэлэн хариулт байв “Тэр өөрөө харуулын цамхагруу
чулуу шидсэн” гэв. Тэндээс буцаж явах марш маш хүнд тэнссэн байдалд байв.
Тэднийг буцаж лагерлуугаа явахад нь замд нь пулемёттой харуулууд гараа гохон
дээр тавьчихсан буудахад бэлэн сууцгааж байв. Энэ бол нөгөө 16 хүн нь задардаг
суманд шархадсан Кенгирын 3-р хэсгийнхэн байсан юм. Хэдийгээр ганцхан хүн
үхсэн ч тэд энэ удаад урьд өмнөхөөсөө илүү уруй царайлж, сэтгэл санаагаар хүнд
байв. Сталин үхээд бараг жил болсон ч түүний ноход өөрчлөгдсөнгүй. Үнэндээ юу ч
өөрчлөгдөөгүй байв.
Тэр үдэш оройн хоолны дараа тэд ийм зүйлс хийцгээв. Хэсгийн гэрэл гэнэт
унтрахад хэн нэг нь чангаар үүдэн дээрээс “Ах дүү нараа, бид хэдий болтол ажил
хийж, хариуд нь цалингынхаа оронд сум хүртэж байх юм бэ? Маргааш хэн ч ажилд
гарахгүй шүү!” гэж хашгирав. Ийм зүйл хэсгээс хэсэгт, урцнаас урцанд (нэг урцанд
100- 200 орчим хоригдолтой) давтагдав. Тусгай лагерын хэсгийн хашааг давуулан
захиа шидэв. Тэд мөн төстэй явдлуудыг туулж, мөн адил зүйл хийхээр бодож
байсан байв. Хоёрдугаар лагерын дивизийнхэн бас санал нэгтэй байгаагаа
мэдэгдэв. Засгийн талхыг идсэн ч ажлыг нь хийхгүй байх зарчим хоригдлуудын
дунд улам бүр түгж байв. Харин лагерын боссуудад энэ нь таалагдахгүй байв. Тэд
зэвсэггүй цэрэг харуулуудыг оруулан хоригдлуудыг ганц нэгээр нь татаж чангаан
гаргаж ирэв. Гэсэн ч энэ нь ч бас үр дүнгүй, хөдөлмөрийн гарз байв. Гарсан
хоригдлууд нь ажил хийхийн оронд лагериар сэлгүүцэж өөр тийшээ очиж байв.
Санваартныг буудсан харуулыг шийтгэчихэд л хангалттай гэсэн арга нь яагаад ч
юм лагерынхны санаанд нэг л буухгүй байсан бололтой. Лагерынхан нөөцөнд
байсан, амарч байсан ойр хавийн бүхий л офицеруудыг, цэргүүдийг цуглуулав…
Тэд өмнө нь хэрэглэж байсан бүхий л арга техник, залиудаа хэрэглэж байв:
хоригдлуудын шаардлага, хүсэлтийг сонсох, хоригдлуудын ялыг хөнгөлнө, өөр тийш
нь явуулах гэж байна гэж худал амлах, эсвэл энд тэндээс нь заримыг нь сонгон
сахилгад суулгах. 3-4-р сард лагерьт байсан 70 гаруй хоригдлыг максимум
хамгаалалттай шоронруу “Засан хүмүүжүүлэх бүхий л арга хэмжээ үр дүнгүй
болсон. Бусад хоригдлуудыг өдөөж турхирч, ялзруулдаг. Засан хүмүүжүүлэх
лагерьт тохирохгүй.” гэсэн тайлбартайгаар илгээж байв. (Тэдэн дунд Тенно бас
байсан юм.) … Дараа нь тэд хулгайчуудаас дэмжлэг авахаар шийдэв. “Нийгэмд
аюултай этгээдүүдийг” тусад нь хорьсноос болж тэдэнд ойлгуулах арга хэрэгсэл
дутагдаад байгаа юм байна гэж ойлгосон тэд 5 сарын 1-ний өмнөхөн 650 хулгайч
ялтнуудыг (тэдний олонхи нь бага ялтай, давтан, тэдний дунд хүүхдүүд хүртэл
байсан юм) лагерын 3-р хэсэгт ачлагаар авчрав. “Эрүүл хэсгийнхэн ирж байна”
“одоо та нар ч амьсгалах аргагүй болно доо” гэж тэд 58-ынханд занаж хэлж байв.
Тэгээд шинээр ирэгсдэд тэд “Манай байшингуудад дэглэм тогтооцгоо” гэж уриалж
байв.
Шинээр ямар дэглэм тогтохыг таамаглан манай боссууд инээд алдаж байв:
хулгайчууд хулгайлж, дээрэмдэж, нэг хүнийг нөгөө хүнийх нь эсрэг болгох байв.
“Нөхөр даргаа, ойрхон эмэгтэйчүүдийн лагерь байгаа юм байна, тийшээ очихийг
зөвшөөрөөч” гэж гуйж шалсан хулгайчуудыг хараад дарга нар инээцгээж байлаа.
Гэсэн ч энд ч мөн хүний эмоц, нийгмийн хөдөлгөөн ямар тааварлашгүй байдгийг
харуулсан үйл явдал болсон. Кенгирын 3-р лагерьт маш их хэмжээний, птомейн
малын шиприцээр шахсанаар үймээнийг дарах биш харин Гулагын түүхэнд болж
байгаагүй том бослогыг тэд хүртсэн юм.
Хэдийгээр хоорондоо тусдаа байрладаг ч гулагын арлууд дамжин өнгөрөх
шоронгуудаар хоорондоо холбогддог. Тиймээс тусгай лагериудад матаачдыг алж,
бослогууд гарч байсныг хулгайчууд огт мэдээгүй биш сонссон байв. 1954 онд
дамжин өнгөрөх шоронгуудад хулгайчууд улс трийнхнийг х ндэлдэг болж эхэлсэн
гэж сонсогддог. Ийнхүү хулгайчууд Кенгирт ирлээ. Тэд ирэхээсээ өмнө улс
төрийнхний тухай, тэдний тулалдахад бэлэн байгаа тухай сонссон байв. Тэднийг
лагерьт хөл тавиад лагерын дарга нартай үг сольж амжаагүй байхад нь тэдний
атаманууд дээр хэдэн ханхар цээжтэй эрчүүд зочлон амьдралын тухай ярилцан
тэдэнд ингэж хэлсэн: “Бид бол төлөөлөгчид. Та нар тусгай лагериудад гарсан
цавчилтуудын тухай дуулаа биз дээ, хэрвээ дуулаагүй бол бид хэлж өгье. Бид нар
та нарынхаас ч дутахгүй хутга хийж чадна. Та нар зургаан зуу, харин бид хоёр
мянга зургаан зуу. Энэ тухай дахин бод, тэгээд сонголтоо хий. Хэрвээ та нар
биднийг базах гэх юм бол бид та нарыг нилээн олныг чинь хэрчих болно шүү” гэж
ээ. Энэ бол ухаалаг алхам байлаа. Харин ч хулгайчуудтай аль дээрээс ингэж
харьцах ёстой байсан юм. Тэнийг гол дайсан гэж үзэх ёстой байсан юм. Хулгайчууд
энэ талаар бодсон ч тэд хал үзэж догширсон 58-ынхны эсрэг азаа үзэх хэрэггүй юм
байна гэж шийдсэн. Тэднийг хамгаалагчид нь тэгээд ч лагерын торны цаана байгаа
бүдүүн гахайнууд шүү дээ. Хулгайчууд хариуд нь “Үгүй бид өмнөхөөсөө ухаажсан.
Бид та нартай хамт эрчүүдээ” гэж хариулжээ... Ийнхүү тохиролцсон бослого дэгдэж,
эхлээд хулгайчууд эхлүүлж, хойноос нь улс төрийнхөн, 58-чууд хүч түрэн орсон…
Тэд лагерыг бүрэн чөлөөлөн нэгтгэж, түр зуур өөрсдийгөө төлөөлүүлэх төлөөлөгчөө
сонгов. Гэсэн ч тэр төлөөлөгчид нь түр зуур төлөөлөх биш харин Кенгирийн лагерыг
40 хоног толгойлсон түр засгийн газар болж хувирах юм гэдгийг тухайн үедээ
хоригдлууд мэдээгүй байсан юм…
… эхний зорилт бол үйлчилгээний хашааг чөлөөлөх байв. Тэнд тэд бүх хүнсний
зүйлээ хадгалдаг хүнсний агуулах байв. Дараа нь тэд ажлын бус өдөр операцаа
эхэллээ. Энэ бол 1954 оны 5 сарын 16 байв. Эхлээд хулгайчууд урцнуудынхаа
дээвэр дээр гаран тэндээсээ ханан дээгүүр дамжин яваад, удирдагчдынхаа
дохиогоор 2-р лагерын хашааны цаана үсэрч бууцгаав. Тэд гартаа мод, бороохой
барин эгнээ болон жагсацгаав… Тэгтэл тун сонирхолтой зүйлс болов. 35 жилийн
туршид хог новш мэт үзэж байсан 58-ынхныгаа харуулууд ирж дуудав: “Эрчүүдээ,
хулгайчууд эмэгтэйчүүдийн лагерьлуу орчихлоо. Тэд та нарын эхнэрүүд, охидуудыг
чинь хүчиндэх гэж байна. Бидэнд туслаач, тэднийг зогсоогооч.” Гэвч гэрээ бол
гэрээ. Гэрээний тухай мэдээгүй зарим нь урагш алхах гэсэнд боссууд нь зогсоов.
Хуягууд 58-ынхнаас ямар ч дэмжлэг олсонгүй…
Үйлчилгээний хашааны хаалганы онгойж офицер Беляеваар толгойлуулсан
зэвсэггүй цэргүүд орж ирэв. Тэд хулгайчуудын эгнээг задалж, нааш цааш нь түлхэж
байв. Хоригдлууд тэдний эсрэг бороохойнуудаа хэрэглэхгүй байв. Сүүлд нь
хулгайчууд буцаж зугтлаа. Үүний дараа ямар ч баривчлгаа болсонгүй. Үүнийг
хулгайчуудын бас нэг дүрсгүй байдаг л нэг үйлдэл гэж тэд үзсэн байв… Үдэш гэнэт
хулгайчуудын шүгэлдэх дуу гарч энд тэнд шил хагарах сонсогдов. Тэд
гэрэлтүүлгүүдийг хагалж унтрааж байв. Тэд дахиад үйлчилгээний талбайд
нэвтрээд, тэндээсээ эмэгтэйчүүдийн лагерьлуу орж байв. Замдаа бас хашааг нь
нурааж байлаа. Цамхагуудаас гэрэлт сумаар буудаж, ахмад Беляев лагерын
гаднаас томми-автоматтай цэргүүдтэй орж ирэн “ажилчин ангийн нөхөдрүүгээ”
галла гэсэн тушаал өгөв. Гулагын түүхэнд анх удаагаа хулгайчуудыг буудлаа.
Тэдний ард хуягууд төмөр саваатайгаа зогсож, шархадсан хоригдлуудыг жанчиж
алж байв… Эмэгтэйчүүдийн лагерт нэвтэрч орсон хулгайчууд яасан бэ? Буун дуу
гарах үед эмэгтэйчүүдийн лагерьт нэвтрэн орсон хоригдлууд ханаж цаддаггүй
араатнууд байхаа больж зовлонд орсон нөхөд болж хувирсан юм. Эмэгтэй
хоригдлууд тэднийг нуусан юм. Зэвсэггүй цэргүүд, дараа нь зэвсэгтэй цэргүүд
тэдний араас эмэгтэйчүүдийн лагерьт орж ирэв. Эмэгтэйчүүд тэдний замд саад
хийж, хайгсад, нэгжигчидийн замд тээг болов. Цэргүүд эмэгтэйчүүдийг бууны
бөгсөөр цохиж, зарим эмэгтэйг нь чирэн эмэгтэйчүүдийн сахилгын байранд хийв,
мөн тэндээс баригдсан зарим эрчүүдийг газар дээр нь буудав.
Лагерын өөрийнх нь цэргийн хүч хангалтгүй болохыг ойлгосон лагерынхан
Кенгирын ойролцоо барилга дээр ажллаж байсан цэргүүдийг эмэгтэйчүүдийн
лагерьт хэсэг байрлуулав. Гэсэн ч энэ ажил нь цэргийн ажилтай ямар ч
авцалдаагүй байсан тул тэгсхийж байгаад тэд тэр цэргүүдийг буцааж явуулсан.
Лагерынхан бүгд тэнэг байсангүй, зарим нь энэ үйл ажиллагааг хамгаалж,
өөрсдийгөө зөвтгөх гэж оролдов. Тэд эмэгтэйчүүдийн лагерьт өөрсдийн хэдэн
сармагчинг оруулж, мөн зурагчидтай сэтгүүлчдийг нэвтрүүлэв. Сармагчингууд
эмэгтэйчүүдийг чангааж татаж, зурагчид зургыг нь авав. Ийм байсан учраас ахмад
Беляев гал нээсэн юм!
Даваа гаригын өглөө гэхэд шоронгийн хашааны цаана байдал улам бүр хурц болж
байв. Хашаанд буудуулсан цогцоснууд хэвтээстэй хэвээрээ л байв. Лагерын
гаднах хаалган дээр автоматчид буутайгаа хэвтэж байв. Хоригдлууд тэдэн рүү
алуурчид гэж хашгирч, нөгөөдүүл нь бас хариу хашгирцгааж байв. Ямар нэг буулт
хийхгүй бол болохгүй байлаа, байр сууриуд дэндүү хатуу, дэндүү хол зөрөлдөөнтэй
байв. Хоригдлууд өөрсдийгөө хориглон хамгаалах талаар бодож эхлэв. Зарим
эрчүүд хамгаалалтан дээр үсэрч гаран яс арьс болсон биеэ заан “За алив, тэгээд
буудаач дээ! Эцгүүдийгээ буудацгаа. Биднийг зүйл дуусга” гэж автоматчидруу
хашгирч байв.
Гэнэт нэг цэрэг офицерлуугаа очин нэг бичиг дамжуулав. Офицер түүнд хашаанд
байгаа цогцоснуудыг авах тушаал өгөв. 5 минутын турш хориглолт нам гүм болов.
Эхний хоригдол талбайд болгоомжтойгоор гарч харахад түүний өмнөх талбайд хар
судалтай номер бүхий хувацстай хоригдлуудын цогцос алга болсон, гагцхүү тэдний
малгайнууд л хөглөрч байв. Цогцоснуудыг авах тушаалыг саяхан тэнд Алма
Атагаас нисэж ирсэн Казахын БНУ-ын Дотоод хэргийн яамны сайд өөрөө өгсөн
байв.
Хоригдлууд ураа хашгиралдан эмэгтэйчүүдийн хэсэгрүү оров. Тэндээс тэд сахилгад
хийсэн байсан эмэгтэйчүүдийг бас суллав. 4-р дивизийнхнээс бусад лагерын бүх
хэсгийг хоригдлууд чөлөөлж, нэгтгэв. Лагерыг тойрсон цамхаг тус бүр дээр 4 харуул
байв. Хоригдлууд, тэр дундаа хамгийн чангаар эмэгтэйчүүд тэдэнүү “Та нар
фашистуудаас ч дор! Цус сорогчид.. Алуурчид” гэж хашгирцгааж байв.
Лагерь дотроос нэг хоёр санваартан дорхноо олдож, моргод тэд буудуулж болон
шархнаасаа болж нас барсан талийгаачдийн хойдхийг уншив.
Тэр үед өчигдөрхнийг хүртэл боолууд байсан, хоорондоо эв түнжингүй байсан
найман мянган эрчүүд одоо нэгдэж, өөрсдийгөө чөлөөлж (бүрэн биш л дээ, гэхдээ
ядаж тэр шоронгийн хашаан дотор) байх үед тэдний сэтгэл санаа ямар байсан бол?
Хоёрдугаар сарын хувьсгал л ийм байсан байх. Бид хулгайч нарыг хайрлаж.
Хулгайчууд биднийг бас хайрлаж байв. Түүнээс ч илүүтэйгээр бид эмэгтэйчүүдийг
хайрласан. Бидний хажууд бидний хувь тавиланг хуваалцсан эмэгтэйчүүд, бидний
эгч дүүс байлаа.
Хоолны танхимд мэдэгдлүүд, уриалгууд хийгдэж эхэллээ. “Аль бололцоогоороо
өөрсдийгөө зэвсэглээд, цэргүүдрүү дайрцгаая!” Тэдний дундаас хамгийн галзуугууд
нь сонингын цаасны том үсгүүдийг хайчилж нэгтгэн “Чекистүүдийг нам цохьцгооё”
“Чекистүүдийн шавхруу горьдогч Хархнуудад -үхэл”гэсэн уриа хийсэн байв. Энд
тэнд хоригдлууд бөөгнөрч, хүн бүр янз бүрийн санал гарган хоорондоо ярилцацгааж
байв... Одоо бид юу шаардах вэ? Беляевыг шүүхээр оруул. Тэр ойлгомжтой. Өөр?
Урцнуудыг түгжихийг болиул. Хувцсан дээрээс номеруудаа ав. Өөр, энэнээс цааш
юу шаардах вэ? Үүний цана бослого гарсан жинхэнэ шалтгаан аймшигт үнэн
байлаа. Бид эрх чөлөө хүсэж байна. Шүүгч нар биднийг Москвад байхад
буруутгасан. Бид Степлаг, Карагандагын тухай ярьж байгаа үед шүүгчид биднийг
сонсох болно. Харин Москваг буруутгаж эхлэх юм бол тэд биднийг талд булшлах
болно. Тэгээд бид яах вэ? Юу хийх вэ? Ханаа цоолох уу? Талруу гарч зугатах уу?
Эрх чөлөөтэй тэр хэдхэн цаг. Тэр хооронд бид ямар ч гав гинжгүй байсан юм. Үүнд
харамсах зүйл байхгүй. Даваа гаригын орой төвөөс хүмүүс ирсэн байв. Тэд арай
өөрөөр бидэнтэй харьцаж, хэн нь ч бидэнрүү зэрлэгээр ширтсэнгүй, мөн хажуудаа
автоматчидыг дагуулаагүй байв. Тэд Бериягын хүн болж харагдахыг хүсээгүй байв.
Мөн өөр олон генералууд Москвагаас, гулагын төв Штабаас, Ерөнхий прокурорын
орлогч Вавилов нар хүрч ирэв. Тэд бидэнтэй уулзаж ярилцаад, бидний шаардлагыг
зүй ёсны байна гэж зөвтгөв. Юу, бид тэгэхээр босогчид биш үү? Үгүй. Буудсан
хүмүүс шийтгүүлэх ёстой. Зохих хүмүүс нь хариуцлага хүлээх болно. Тэгвэл тэд нар
яах гэж эмэгтэйчүүдийг зодсон юм бэ? Эмэгтэйчүүдийг зодох гэнэ ээ? гэж тэд
гайхав. Аня Михалевич зодуулж хөх няц болсон хүүхнүүдийг дараа дараагаар нь
оруулж ирэв. Тэдний сэтгэл уяран “Бид энэ талаар арга хэмжээ авах болно”. Бид
хоорондоо холилдож болно биз дээ. За за хүссэнээрээ холилд... Бид яллаа. Гэсэн ч
бидний зарим нь итгэхгүй байв. Энэ бол заль, заль шүү. Бид итгэхийг хүсэж байв
манай боссууд, дарга нар арай ч бүгд муу хүмүүс биш шүү дээ. Энэ бол нөхцөл
байдлаас гарах хамгийн хялбар гарц байсан тул бид итгэхийг хүссэн юм.
5 сарын 18-ны мягмар гаригт Кенгирын бүх хоригдлууд ажилдаа гарлаа. Ийнхүү тэр
өглөө бүх зүйл хялбархан дуусчихаж болох байлаа. Гэвч зарим генералууд ийм үр
дүнг ялагдал гэж үзэн хүлээн авахаасаа татгалзсан юм. Тэд хоригдлын зөв байсан
гэдгийг хүлээн зөвшөөрч чадахгүй байв. Тэд МВД-ынхээ цэргүүдийг шийтгэнэ гэж
бодохгүй байв. Тэр өдөр өөрсдөө ажил хийж бараг үзээгүй цэргүүд ажил хийж,
өөрсдөө тэрэг түрж, хоригдлуудыг ажилдаа гарсан хойгуур нь лагерын хашаанд
гарсан цоорхойг бөглөж, илүү өндөрлөсөн юм. Орой ажиллаж ядарчаад хоригдлууд
буцаж ирэн оройн шөлөө уухаар яаран хуарангууддаа орж түгжүүлэв. Гэсэн ч
удалгүй хоригдлууд бие биенээ хашааны наана цаанаас дуудалцан яг л
хулигаанууд шиг болов. Хуягууд сандран зугатахад ганц офицер ажлаа дуусгах гэж
үлдсэн нь нэгдүгээр лейтенант Медведев байсан бөгөөд түүнийг үүр цайтал
хоригдлууд барьцаалсан юм.
Лагерь дахин хоригдлуудын гарт орсон, харин энэ удаад тэд хуваагдчихсан байв.
Доторх ханаруу ойртсон хоригдол бүрлүү цамхгууд дээрээс пулемёт, автоматаар
гал нээж байв. Тэд нилээн хэдэн хоригдол алж, бас нилээн хэдийг шархдуулсан. .
Хоригдлууд дахин хамаг прожектор, гэрлүүдийг хагалав. Хариуд нь цамхгуудаас
гэрэлт дохионы сумнуудаар буудаж гэрэлтүүлэв. Энэ үед хоёрдугаар дивизийнхэн
олзлогдсон хуягийг ашиглах аргаа бодож олов. Тэд түүнийг ширээнээс хүлэн, нэг
погоныг нь хуулан урдаа барин хашааруу дөхөж очив. Нөгөөдөх нь “Энэ би байна
шүү. Битгий буудаарай. Би байна шүү” гэж хашгирч байв. Хажуугаар нь буудаад
байсан тул тэд ширээний хөлөөр өндөрлөсөн хашааг нурааж, эсвэл дээгүүр нь давж
гарах боломжгүй байв. Оронд нь тэд хашааны доогуур нь ухаж эхэллээ. Мэдээж
лагерь дотор хоригдлуудад ашиглачихаар хүрз байгаагүй тул тэд гал тогооны хутга,
хоолны цагаан сав, хөнгөн цагаан тавагнуудаар ухацгаав. 5 сарын 18-наас 19-нд
шилждэг тэр шөнө лагерынхан бүхий л ханануудыг доогуур нь ухаж хоорондоо
нэгдэцгээв. Цамхгуудаас ч буудахаа болив. Өдөр нь нөгөө погонтой офицер
хэрэггүй болж, харин шөнө дахиад нөгөөдхийг ашиглан ухав. Ийнхүү дараа хэрэг
болж магад гэж 20 метр өргөн нүх лагерыг голоор нь хуваасан тоосгон хашааны
доогуур ухаж гаргав. Тэр шөнө тэд мөн 4-р лагерын дивизийн дотор байсан
сахилгын байрны хашаан доогуур ухаж оров. Харгалзагч хуягууд гадагш зугатан,
зарим нь цамхагруу гарав. Хоригдлууд дотогшоо орон байцаагч нарыг нүдэж,
сахилгад шийтгүүлж байсан хоригдлуудыг суллав. Тэнд янз бүрийн шалтаг,
шалтгаанаар сууж байсан хоригдлууд байв… Эхлээд тэд улс орон даяар бослого
гарч хувьсгал болж, шоронлуу дайрч гэж бодож байв. Гэсэн ч энэ нь тийм өргөн цар
хүрээтэй биш, лагерь дотор болсон бослого байхыг мэдэв. Тэдний зарим ял
багатай хоригдлууд нь хаалгыг нь нээж чөлөөлсөн ч гэсэн гарч бослого дэгдээсэн
хоригдлуудтай цуг хооллочихоод буцаад сахилгын байрандаа сайн дураараа ирж
суудаг байв.
Босогч хоригдлууд. Одоо цаашид яах вэ? Урьд өдөр нь үзүүлсэн шиг, боолын эзэд
нь тэднийг дараа дахиад л хуурах болно. Тэд өмнөх өдөр шиг, өмнөх бүх өдрүүд
шиг өвдөг дээрээ хүлцэнгүй суух уу? Тэд өвдөг дээрээ хүлцэнгүй суусан ч ямар ч
өршөөл энэрэл хүртэж байгаагүй. Тэд өнөөдөр одоо ингээд болиод, бууж өгөөд,
шийтгэлээ хүлээх үү? Өнөөдөр ч бай, сар эрх чөлөөтэй байсан ч бай тэдгээр цагын
механизм шиг яг таг явдаг шүүхүүд тэдэнд ялгаагүй хатуу ширүүн хандах болно.
Тэдэнд хүн бүрд нь дөрөвний нэг өгөх болно.
Оргосон хоригдлууд ганц өдрийг ч болов эрх чөлөөтэй байх гэж оргодог. Түүний
нэгэн адил тэдгээр найман мянган хоригдол тийм ч удаан үргэлжлэхгүй ч гэсэн эрх
чөлөөний төлөө тийнхүү боссон. Найман мянган эрчүүд, боол байсан эрчүүд ийнхүү
гэнэт өөрсдийн эрх чөлөөгөөр амьдарч эхлэв. Эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүдрүү харж,
эрчүүд тэдний гараас хөтлөв. Хашааны наана цаанаас гэрлэсэн литв бүсгүйчүүд
амьдралдаа анх удаагаа хууль ёсны нөхрөө харав. Шүтлэгтнүүд анх удаагаа юунд ч
баригдалгүй бөөндөө цуглан мөргөцгөөв. Лагерын энд тэнд тарсан байсан
гадаадынхан хоорондоо цуглан азид, шоронд өрнөж байгаа энэ хачин хувьсгалын
талаар ярилцацгаав. Лагерын хүнсний хангамж хоригдлуудын гарт орсон бөгөөд
хэн ч тэднийг 11 цаг ажилуулах гэж жагсаахгүй байлаа. 19-ны өглөө нойргүй
хоносон хоригдлууд хувцсан дээрх номеруудаа урж хаяцгаав. Гэрлийг нь хагалсан
шонгуудыг өргөст торон дээгүүр дамнуулан унагав, гэсэн ч тэрэнтэй тэрэнгүй ухсан
нүхээр лагерын дивизүүд хооронд чөлөөтэй орж гарч болж байв.
Засгийн төлөөлөгчидтэй хэрхэн, ямар нөхцлөөр ярилцахыг хэлэлцэх, лагерыг
төлөөлөх түр хороо байгуулах талаар ярилцана гэж зарлагууд хоригдлуудыг
нийтийн хоолны танхимруу дуудаж байв. Түр хороог хэдхэн цаг томилж байна гэж
хоригдлууд бодож байсан боловч хэдхэн цаг биш харин 40 хоног ажилласан юм.
Хэрвээ 2 жилийн өмнө ийм бослого гарсан бол Степлагын боссууд ийм зүйл
болсныг Сталинд мэдэгдэхээс айн ганц ч минут хойшлуулалгүйгээр “сум бүү
хайрла” гэсэн тушаал буулгах байсан юм. Тэд ийм зүйлсээс айхаа больж дөжирсөн
байсан тул тэд хэрэгтэй бол 4 мянга байна уу 8 мянга байна уу үл хайхран цөмийг
нь буудахад ч бэлэн байсан юм. Гэвч 1954 онд байдал өөр, түвэгтэй болсон байв.
Вавилов хүртэл, Бочков хүртэл Москвад шинэ салхи үлээж эхэлснийг мэдэрч байв.
Кенгирт хэдийн нилээн олон хоригдол буудуулчихсан, тэд хэрхэн үүнийг хууль зүйн
дагуу болж харагдуулахыгаа сайн мэдэхгүй байв. Тиймээс тэд ямар арга хэмжээ
авж болохыг шийдэхээр удаан шийд гаргаж байв.
Бослогын эхний хэдэн цагын дараагаас л хэрхэн үүнийг зүй ёсны мэт харагдуулах
вэ, ямар улс төрийн чиг шугам баримтлах вэ гэдгээ хоригдлууд бодох хэрэгтэй
болов. Капитон Иванович дорхноо ортодокс коммунистуудын байр суурийг дэмжив.
Энэ нь түүний цэргийн ухаан, тактик байсан байж болох юм “хувьсгал энэ тэр гэсэн
дэмий үгээ зогсоох хэрэгтэй. Хэрвээ бид энэ ухуулах хуудаснуудыг зогсоохгүй юм
бол бид бүгд нэмэлт ял авах болно” гэж хэлэв. Ингээд үүний дараа тэр шөнөдөө,
маргааш нь тэрээр лагерыг тойрон явж, уур хилэн нь гараагүй, өшөө авахын
хүслэнд жолоодуулсан хоригдлуудад тэрээр цөхрөлгүйгээр дахин дахин давтан
хэлж байв: “Зөвлөлтийг үзэн ядан, зөвлөлийн эсрэг зогсвол бид бүгд үхэх болно.
Хэрвээ бид Зөвлөлтийн эсрэг уриа лоозон харуулах л юм бол биднийг дор нь дарах
болно. Тэд ердөө л биднийг дарах шалтаг гарахыг хүлээж байгаа юм. Хэрвээ бид
иймэрхүү ухуулах хуудаснууд гаргах юм бол бид тэдэнд өөрсдийгөө буудахыг
зөвтгөж байгаа мэт болно. Бидний аврал бол бууж өгсөн, үнэнч байдал. Бид
Москвагын төлөөлөгчидтэй звллтийн иргэдийн хувиар харьцах ёстой.” Түүнийг
ийнхүү ярьж байхад нь хажуугийн нааран дээр хүмүүс чангаар үнсэлцэж байв.
Гэсэн ч удалгүй хоригдлууд Кузнецовын үгний үнэн зөв, зүйтэйг нийтээрээ хүлээн
зөвшөөрсөн. Тийнхүү альч цамхгаас тод харагдахаар том лоозонгуудыг хийн
лагериар нэг өлгөв. Тэдэн дээр:
“Зөвлөлтийн үндсэн хууль урт наслаг”
“НАМ-ын төв хороо мандтугай”
“Зөвлөлтийн дэглэм мандтугай”
“Төв хорооныхон нэг гишүүнээ илгээж бидний хэргийг дахин үзэг!”
“Алуурчин Бериягууд сөнөтүгэй”
“Степлагын офицеруудын эхнэрүүдээ! Та нар алуурчдын эхнэр байхаасаа ичихгүй
байна уу?”
Хэдийгээр олон сая худал хуурмаг хэргүүд тэрхүү үндсэн хууль, тэр улс төрийн
товчооны дор болж өнгөрч байсан хэдий ч ийнхүү бичиж өлгөж, түүнийгээ
уншсаныхаа дараа хоригдлууд бүх зүйл арай ч дуусчихаагүй, өөрсдөө бас ч гэж
хууль эрх зүйн хувьд боломжийн үндэстэй болж авлаа гэж тайвширсан.
Хоолны заалны байшингийн дээвэр дээр хар хүрээтэй цагаан даавуун дотор улаан
эмнэлгийн загалмай тэмдэг зурсан том далбаа өлгөсөн нь хаанаас ч харагдахаар
байв. Энэ нь олон улсын тэнгисийн кодлолоор бол “Хөлөг живж байна. Хөлгөн дээр
эмэгтэйчүүд, хүүхдүүд байна” гэсэн дохио байлаа.
12 хүнтэй комисс байгуулагдаж, ахлагчаар нь Кузнецов томилогдов. Тэгээд дараах
хэлтсүүдийг байгуулж ажиллаж эхлэв.Үүнд: Ухуулах, сурталчилгаа, Үйлчилгээ,
засвар, Хүнс, Дотоодын аюулгүй байдал, Цэрэг, Техникийн.
… Эхлээд байгаа байршилаа бэхжүүлэх арга хэмжээ авав. Харуулын хэсгүүдийн
эсрэг хана өрж эхлэв. Мөн аюултай, миньтэй талбай гэсэн бичиг бичиж өлгөхөө ч
мартсангүй. Техникийн хэлтсийнхэн “Анхаар өндөр хүчдэл- 100 мянган вольт” гэсэн
бичигтэй хаалгатай байранд суув. Тэдний хийж байсан ажлыг нууцалж байв.
Удалгүй тэднийг нэгэн нууц химийн зэвсэг дээр ажиллаж байна гэсэн цуу лагериар
тархаж эхлэв. Тэнд маш чадварлаг эрдэмтэд байсан, тэдний заримыг нууц зэвсгийн
төсөл дээр хүртэл ажилуулдаг байсан тул тэднийг Москвад хүртэл хэн ч нээгээгүй
зэвсгийг бүтээчихнэ гэдэгт хоригдлууд, боссуудын хэн нь ч эргэлзэхээргүй байлаа.
Тиймээс хэдхэн реагентуудыг ашиглан мина хийхэд чадахгүй гэх газаргүй. Тиймээс
минатай талбайг хүмүүс тоглоом гэж үзэхгүй байсан юм. Бусад зэвсгүүдэд
автоматчидын нүдрүү цацах буталсан шил, саваа, хүрз, лоомнууд байв. 20-р зууны
хувь эдгээр нь хүүхдийн тоглоом гэсэн үг. Гэвч өмнө нь шоронд, одоо шоронд,
дараа нь дахин шоронд илгээгдэх гэж байгаа хүмүүсийн хувьд энэ бол тоглоом биш
байсан юм. Ийнхүү тэмцлийн ийм цаг үед эмэгтэйчүүд цуг байна гэдэг нь өөрөө бас
зэвсэг болж хувирсан бөгөөд эрчүүд эмэгтэйчүүд хоорондоо хүндэтгэлтэй харьцаж
байсан юм.
Боссууд хоригдлуудыг ийнхүү үймээн самууны үед одоо нэг ил цагаан хүчин хийж,
бөөн хүчирхийлэл явагдаж байгаа гэж дотроо ургуулан бодож байв. Ойр хавийн
иргэд ч мөн тийм бодолтой байв. Захиргаа удирдлагынхны тооцоолж байснаар
хулгайчууд эмэгтэйчүүдийг хүчиндэж эхлэхэд улс төрийнхөн тэдний эсрэг
тэмцэлдэж хоорондоо алалцаж, тэгэхээр нь гаднаас дайрч орж болох юм гэж
тооцож байв. Гэвч МВД-ын сэтгэл судлаачид ээ удаа дахиад буруу тооцоолсон юм.
Магадгүй бид ч гэсэн өөрсдөө гайхсан байх. Хулгайчууд эмэгтэйчүүдийг хүчиндэх
гэж, тэдэнрүү гар сарвайгаагүй юм. Магадгүй бослогын эхний өдөр алуулсан нөхдөө
бодож байсан байж магадгүй. Хэрвээ Кенгирын босогчдод хүч чадал байсан юм
гэвэл тэр нь эв нэгдэл л байсан юм… 3 өдөр өнгөрлөө. Хэлэлцээрүүд явагдаж,
хоригдлууд шаардлагуудаа тавьсаар байв. Харин нөгөөдүүл нь хоригдлуудын
шаардлагыг хүлээж авах болно харин ажил ажил, ажилдаа гар л гэж шамдуулсаар
байв. Гэсэн ч энэ залийг мэддэг болсон хоригдлууд Үгүй, Степлагын захиргаа
биднийг өмнө нь хуурсан. Бид нар Степлагын захиргаанд итгэхгүй байна. Бид МВД-
д итгэхгүй байна. Бидэнд төв хорооны төлөөлөгч ирүүл тэгвэл бид итгэх болно гэв.
“Болгоомжтой байгаарай” та нар нөхцөл байдлыг хурцатгаж байна шүү гэж
генералууд заналхийлэв. Тэгтэл Кузнецов босон тайвнаар “Хэрвээ та нар лагерьлуу
зэвсэгтэй орох гэж байгаа юм бол, энд байгаа хоригдлуудын хагас нь өмнө нь
Берлинийг эзэлсэн цэргүүд шүү гэдгийг санаарай. Тэд та нарыг зэвсэгтэйгээ байсан
ч учрыг чинь олж чадна шүү” гэж хэлэв. Уулзалтанд орох үед нь хоёр булиа украйн
залуу гутлынхаа түрийнд хутга хийн түүнийг дагалдан явдаг байв. Түүнийг
хамгаалахаар уу? Эсвэл оноо тэнцүүлэх гэж үү? … Техникийн хэлтсийнхэн ухуулах
хуудас, том лоозон бүхий шаарнууд, бөмбөлгүүд хийж нисгэж байлаа. Түүнийг нь
харуулын цамхгуудаас буудаж унагаж байв. Дараа нь чеченьчүүд нисдэг цаасан
шувуу хийж эхлэв. Үүнд тэд экспертүүд байв…
Заримдаа тэд лагерын хаалгыг гэнэт онгойлгоход хоригдлууд түгшүүрийн хувин
дэлдэн талбайруу уралдан гарч байршлуудаа эзэлдэг байв. Гэвч хэн ч орж ирэхгүй
байлаа. Хоригдлуудын бэлэн байдлыг сорьж байсан бололтой. 6 сард тэд трактор
авчирж лагерын гаднах хашлагын талбайд шөнөөр ажил хийлгүүлж эхлэв. Юмыг
яаж мэдэхэв гээд тэрхүү чимээ гарсан талбайн наана хоригдлууд гүнзгий нүхэн
шуудуу ухав. 6 сарын 22-нд ялалт. Намын төв хорооноос гишүүн наашаа гарсан гэж
гаднаас цагаан хоолойгоор мэдэгдэв. 24-нд нөгөө дургүй хүргэсэн тракторууд ч нам
болсон байв. Хоригдлууд нам унтаж байв. 6 сарын 25-ны үүрээр шүхэрнүүд тэнгэрт
дэлгэгдэж, харуулын цамхгуудаас гэрэлт сумнуудаар буудав. Дээвэр дээр гарч юу
болж байгааг харсан хоригдлууд хашгирж амжихаасаа өмнө снайперуудын суманд
буудуулж унаж байв. Онгоц доогуур нисэж хоригдлуудыг сандаргаж, тэгтэл их
бууны дуу сонсогдов. Алдарт Т34-үүд тракторын дуугаар халхавч хийн орж ирсэн
байлаа. Тэд шуудуунууд дээгүүр харайн гарч байв. (Нэг нь харин шуудуун дотор
унасан юм) Тэдний араас дуулгатай, томми автоматтай явган цэргүүд дайрав.
(дайрахын өмнө танкчид, явган цэргүүдэд водка уулгасан байв. Тэд хэдий
тусгайгийн цэргүүд байлаа ч гэсэн халамцуу үедээ ямар ч зэвсэггүй, унтаж байгаа
хоригдлуудыг буудах нь тэдэнд илүү хялбар байв) Түүний араас радио холбоотой
операторууд орж ирэв. Генералууд цамхгууд дээр гаран “тэд тэддүгээр урцыг эзэл,
тэнд Кузнецов байгаа” гэж команд өгч байв. Ямар ч сум тэднийг заналхийлэхгүй
байсан тул тэд ажиглах байранд нуугдах шаардлагагүйгээр цамхаг дээр байв.
Холоос, барилгын талбай дээрээсээ эрх чөлөөт ажилчид юу болж байгааг харж
байлаа.
Алдарт Т34 танк
Лагерынхан цочиж сэрэн үймэв. Зарим нь шалан дээр хэвтэн бууж өгч, зарим нь
эсэргүүцэх гэж оролдож, зарим нь эсэргүүцэх гэсэн үү эсвэл хурдан үхэх арга нь тэр
үү гарч хайчин галд өртөж унаж байв. 3-р дивизийнхэн хариу тулалдав. Тэд
автоматчидруу чулуу нүүлгэн, танкруу сульфурын бололтой бөмбөг шидэж байв.
Зарим үед хоригдлууд ураа хашгиран дайрч байв. Танкууд замдаа таарсан
болгоныг няц дайрч байв. Мөн зарим танк урцруу дайран дотор нь байсан
хүмүүсийг дайрч алж байв. (Ингрид Киви, Махлапа хоёр эстони бүсгүй урцан дотроо
байхдаа танканд дайруулсан юм) Семён Рак найз хүүхэнтэйгээ гар гараасаа
хөтлөлцөн танкан доогуур орж амиа егүүтгэсэн юм. Танкны хойноос ачааны машин
явж, дайруулсан хүмүүс, үхдлүүд цогцоснуудыг ачиж байв. Тэд эмэгтэйчүүдийг ч
гэсэн бууны жадаар жадалж алж байв. Зарим хоригдлууд жорлонд нуугдсан ч тэнд
нь тэднийг сумаар сийчсэн. Тэр үүрээр офицер Беляев өөрийн гараараа хорь гучин
хоригдлыг буудаж алсан юм. Үхэгсдийн дуу хэдэн цагийн дараа намдаж эхлэхэд тэд
урцуудад байгаа хоригдлуудад хандан, “Алив гараад ир, та нарыг алахгүй” гэж
хашгирч байв. Тиймээ тэд тэднийг алаагүй, зүгээр л бууны бөгсөөр цохиж зодсон
юм. Алагдаж, шархадсан хоригдлын тоо 700 давсан байв. 25-ны өдрийн турш амьд
үлдсэн хоригдлуудыг хээр талд толгойг нь бөхийлгөж суулгав. Дараа нь офицерүүд
ирж, нэрс дуудаж, амьд байгаа хоригдлын нэрний ард чагт зуран хүнсний нормыг нь
олгов. Комисс болон бусад сэжигтэй гэсэн хоригдлуудыг сахилгын байранд түгжив.
Мянга гаруй хоригдлыг хаалттай шоронгууд болон Колымаруу илгээв. Ингэхдээ тэд
ямагт тэгдэгчилэн явуулах нэрсийг зүгээр л санаанаасаа зохиосон байв. Бослогод
огтхон ч оролцоогүй хоригдлууд хүртэл цуг илгээгдсэн юм.
6 сарын 27-нд үлдсэн хоригдлуудыг ажил хийлгэхээр дахин ажилруу нь туув…
Ийнхүү ольтригийг донсолгосон цуурал Кенгирт хүрсэн юм. Цонхонд тор хийхээ
больж, урцнуудыг цоожилохоо болив. Гуравны хоёрын өршөөлийн систем нэвтэрч,
өмнө нь огт болж байгаагүй зүйлс болж, 58-ынхныг суллаж эхлэв. Булшин дээр
ургасан цэцэг ихэвчлэн илүү ногоон, илүү өтгөн байдаг. 1956 онд Кенгирын лагерыг
тэр чигт нь устгасан. Орон нутгийн иргэд болон Кенгирт үлдсэн цөллөгийнхөн
хоригдлуудыг оршуулсан булшнуудыг олж дээр нь цэцэг авчирж тавьцгаасан юм.
Зургаадугаар хэсэг
ЦӨЛЛӨГ
Нэгдүгээр бүлэг
Эрх чөлөөний анхны жилүүд дэх цөллөг
Хүн төрөлхтөн эхлээд цөллөг, дараа нь шоронг бодож олсон байх… 20-р зуун гарч
эхлэх үеэс манайд цөллөгийн маш олон хувилбарууд үүсэж бий болсон. … Чингис
хааны арми ч манай дотоодыг хамгаалахынхны цөлж, алж, устгасан шиг ихийг
устгаж байгаагүй юм. …
Жишээ нь Васюгиний эмгэнэлт явдлыг дурдаж болох юм. 1930 онд 10 мянган
өрхийн 60-70 мянган хүнийг нутаг заан, Томскоор дайруулан, өвлийн хүйтэнд
явганаар Том мөрөн дээгүүр, дараа нь Об мөрөн дээгүүр, дараа нь Васюгин мөрөн
дээгүүр цөллөгт явуулсан юм. Сүүлд нь тэдний таарч өнгөрсөн тосгоны хүмүүсийг
замдаа хөлдөж үхсэн томчууд хүүхдүүдийг цогцосыг авч зайлуулж, цэвэрлэж
оршуул гэсэн үүрэг өгч байв. Васюгин, Тара-г өнгөрөөд тэднийг хөлдөж цэвдэгшсэн
намагт ямар ч багаж хэрэгсэлгүйгээр, ямар ч хоол хүнсгүйгээр авчирав. Тэндээс
буцах ямар ч зам байсангүй. Буцаж явж болохуйц Тобольск, Об явах хоёр замыг
хоёланг нь пулемёттой цэргүүд хаан байрласан байв. Тэд яг л ялаа шумуул шиг
үхэцгээж эхлэв. Өөр ямар ч аргагүй болсон хүмүүс цэргүүд буцаж ирэн цааш нь
нэвтрүүлээд гаргачихаач хэмээн гуйж газар дээрээ буудуулж байв… Тэднээс нэг ч
хүн үлдэлгүй бүгд үхэцгээсэн юм…
Эсэргүү нар, кулак, кулакын хүү, тэдний гэр бүл хамаатан цөмийг нь цөллөгт явуулж
байв…
Тавдугаар бүлэг.
Ял дууслаа
Найман жил лагерьт байхдаа би хэн нэг хүн цөллөгний тухай сайн сайхнаар ярьж
байхыг огтхон ч сонсож байгаагүй. Гэсэн хэдий ч чулуун хана бүх талаас дэндүү
ойрхон шахаад ирэх үед цөллөг гэдэг бол хоригдлын бодол дотор гэрэл гэгээ
татуулдаг зүйл болж хувирдаг. Тэгээд тэрээр “Тэд миний ялыг цөллөгөөр
сольчихдог ч болоосой” хэмээн шүүрс алдацгаадаг.
Би ч гэсэн бусдын нийтлэг тавилангаас тойрч гараагүй. Харин ч цөллөгийн тухай
бодол намайг маш хүчтэй эзэмдэж байсан юм. Иерусалемын шавар хонгил дотор
байж байхдаа би хажууханд тосгоны тахиа үүрээр донгодож байхыг сонсдог байв.
Калугагын шалгах нэвтрүүлэх байрны дээврийн орой дээрээс би энэхүү үл мэдэх
хотыг ширтэн харж байхдаа намайг эндээс аль болох хол явуулчихаасай гэж хүсэж
байсан юм. Тэгээд би гэнэхэнээр Дээд зөвлөл өргөдөл бичин миний 8 жилийн ялыг
насан туршийн цөллөгөөр сольж өгөөч гэсэн хүсэлт явуулж байв. Үүний хариуд заан
найтаагаа ч үгүй юм. Үнэндээ ялны минь оронд цөллөг биш харин ялаа дуусгасны
минь дараа намайг үхтэл үргэлжлэх цөллөг намайг угтаж байгаа гэдгийг би
мэдээгүй байсан юм.
1952 онд Экибастузын лагерын 3000 орос хоригдолтой хэсгээс арав гаруйхан
хоригдол суллагдав. Тэр үед 58-ынхныг торны цаана, нөгөө талд байгааг харах маш
сонин санагдаж байв. Тэр үед Экибастуз байгуулагдан ашиглагдаж эхэлснээс хойш
3 жил болж байсан ч энэ хооронд хэн ч суллагдаж байгаагүй, хэний ч ялын хугацаа
дуусаж байгаагүй байв. Дайны эхэн үед 10 жилийн ял авсан, энэ үеийг хүртэл амьд
үлдэж тэссэн зарим нөхөд ийнхүү суллагдсан бололтой. Тэднээс захиа ирэхийг бид
тэвчиж ядан хүлээж байв. Удалгүй бид хэдийгээр тэдний яланд цөллөг гэсэн заалт
байгаагүй ч гэсэн тэднийг цөмийг нь цөллөгт явуулсныг бид мэдэв. Гэхдээ бидний
хэн нь ч үүнийг мэдлээ гээд гайхсангүй. Нэгэнт л биднийг дайсан гэж чичилсэн бол
биднийг үхэн үхтэл янз бүрээр оролдох болно гэдгийг бид ч, харгалзагч нар ч мэдэж
байсан болохоор бид үүнд гайхаагүй юм… Үнэндээ цөллөг нь бидэнд хаашаа явбал
дээр вэ гэдгийг шийдэх хүнд асуудлыг хөнгөлж өгдөг байв. Тэд биднийг илгээгээгүй
л бол бид хаа ч очсон нүд үзүүрлэгдэж байх аргагүй болох нь тодорхой байв…
… Ял дууссаны дараа намайг Казахстаны Кок-Терект (Хөх Тэрэг) цөллөгөнд
явуулах болсныг мэдэгдэв… Ядаж дулаахан... 3 жил өнгөрлөө.
... Гуравдугаар сарын 6-нд миний бодож төсөөлж чадахаас ч их үйл явдал болсон.
Манай байрны эзэн Чадова, мөн надтай адил цөлөгдсөн тэрээр надад чанга
хэлэхээс эмээн “Явж радио сонс. Би сонссон зүйлээ давтаж хэлэхээс эмээж байна”
гэв. Түүний хэлснээр нь хий гэсэн бодол намайг эзэмдэв. Намайг төв талбай дээр
очтол аль хэдий 200 гаруй хүн Кок-Тэрэкийн төв талбайд цугласан байв. Ихэнх нь
казак, настайчуул байв. Тэд малгайгаа гартаа барин гунигтай царайтай байв. Хоёр
гурван тракторын жолооч малгайгаа аваагүй байв. Би ч гэсэн юу болж байгааг
мэдэж амжаагүй, малгайгаа аваагүй байв. Гэтэл намайг ойгож амжихаас ч өмнө
радиогоор нөгөө түүхэн үйл явдал хэлдэг хоолойгоор нэвтрүүлэгчийн хоолой
дуулдав, юу болсныг би ойлголоо.
Энэ бол би болон миний нөхдийн оюутан байх үеэс хүлээж байсан мөч байв. Энэ
мөч хурдан ирээсэй гэж гулакт зек бүхэн залбирдаг байв. Тэр үхжээ. Дарангуйлагч
үхжээ. Дайсан эвхрэн, өнгөрчээ. Тусгай дэглэмтэй шоронд ямар их баяр хөөр болж
байгаа бол. Харин энд орос охид, багш нар нулимсаа асгартал уйлцгааж байв.
“Одоо яана аа...?” хэмээн тэд яг л эцэг эхээ алдсан хүмүүс шиг уйлцгааж байв. Би
тэдэнрүү чангаар “Одоо харин та нарыг яах ч үгүй. Та нарын эцгүүд чинь
буудуулахгүй. Та нарын ирээдүйн нөхрүүд чинь шоронд орохгүй. Та нар хэзээ ч
хоригдлын ар гэрийнхэн гэж доромжлогдохгүй боллоо” гэж хашгирмаар санагдаж
байв.
Тэр цагаан хоолойны дор би баясан баяр хөөр болж, бүжиглэж чадах байв. Бараг
бүх зүйлтэй нүүр тулж өнгөрсөн нүүр царай минь төв болон гунигтай буй мэт царай
гаргав. Одоохондоо би өмнөх шигээ л хуурмагаар царай гаргахгүй бол болохгүй.
Харин надад 3-р сарын 5-нийг магтан дуулсан магтуу зохиомоор санагдаж байв.
Түүнээс хойш янз бүрийн тэмцэл дээгүүр хүрээнийхний дунд болж өнгөрөн 10
хоногийн дараа МГБ-г татан буулгав. МГБ үүрд оршин байж чадах юм уу хэмээн
миний эргэлзэн бодож байсан зөв байв. Шударга бус байдал, тэгш бус байдал,
боолчлолыг тооцохгүй бол “үүрд мөнх” зүйл бидний ертөнцөд ер нь байдаг бил үү?
Долоодугаар хэсэг
СТАЛИН ҮГҮЙ БОЛСОН
Гуравдугаар бүлэг
Хууль өнөөдөр
Энэ номыг уншсан уншигч бүр Сталиныг эрх мэдэлтэй болж эхэлсэн эхний үед ч
гэсэн орос оронд улс төрийн хоригдол хэрхэн байхг й байсныг мэднэ. Нүдний чинь
хажуугаар туун өнгөрүүлсэн тэрхүү сая сая 58-ынхан ердөө л энгийн гэмт
хэрэгтнүүд байсан юм гэнэ.
Түүнээс гадна бэлэн үгтэй Хрушев тун ч олон индэр дээрээс: Улс төрийнхөөн?
Манайд ганц ч байхгүй. Манай улсад улс төрийн хэрэгтэн гэж байдаггүй юм гэж
хэлж байв.
Арьсан доор өөхөн давхарга сууж эхлэх үед хүмүүс бид өнгөрснөө мартан түүний
хэлсэн үгэнд бараг итгэж эхэлсэн юм. Өмнө нь ялтан байсан хоригдол хүртэл! Сая
сая хоригдлууд суллагдсан тэгэхээр ямар ч улс төрийнхөн үлдээгүй байх. Бид
буцацгааж, биднийг тосож хүлээн авч, бид гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгөө
уулзацгаасан юм. Манай сэхээтний нийгэмд онгорхой байсан орон зай бөглөгдөх
шиг болж байв. Чи цочих зүйлгүй унтаж, чамайг сэрэхэд танайхнаас хэнийг ч авч
яваагүй байх болно. Найз нөхөдрүүгээ утсаар ярихад тэд бүгд гэртээ байцгааж
байв. Бид үүнд итгэж үнэмшсэн ч юм биш, бодитой шалтгаануудын улмаас бид
үүнийг хүлээн зөвшөөрсөн юм. 1968 он гэхэд хэдэн зуун Балтынхныг гэрт нь
харихыг үл зөвшөөрч, Крымын татарууд дээр буусан хараал арилаагүй л байв.
Гэсэн ч энэ бүхэн удахгүй зүгээр блох болно. Тун удахгүй.
... Гаднаас харвал яг л Сталины үед ч цэвэрхэн харагддаг байсан шиг манай улсад
өөлөхөөр зүйл харагдахгүй л байв. Өнгөрсөн шиг ийм явдал манай улсад ч, нам
дотор болохгүй гэж Никита мэдэгдэж байв. Ийнхүү манай улсад хэн ч өнөөдөртөө,
маргаашдаа эргэлзэж зовнин амьсгаа авахдаа шаналах шаардлагагүй болсон.
Новочеркасск! Оросын түүхтэй салшгүй холбогдсон нэгэн хот. Иргэний дайн
хангалттай шарх үлдээж чадаагүй гэсэн мэт энэ хотынхон сэлмэн доор дахин
толгойгоо тавьсан юм.
Новочеркасскт бүхэл бүтэн хотынхон боссон хэдий ч – түүнийг гэрчлэх бүх ул мөр,
шархыг долоон аниулсан юм. Хрушевын үед ч үл итгэлийн манан маш өтгөн байсан
тул Новочеркасскт 6 сарын 2-нд юу болж өнгөрсөн тухай барууны ямар ч хэвлэл үл
бичиж, ямар ч радио мэдэгдэл хийлгүй, дотоодын иргэд ч ямар ч мэдээлэл аваагүй,
ямар нэг цуу тарж амжаагүй байхад нь таслан зогсоосон юм.
Энд би цуглуулж чадсан баримтан дээрээ үндэслэн өгүүлнэ. Энэ бол өчүүхэн ч
хэтрүүлэггүйгээр орчин үеийн оросын эргэлт болсон түүхэн мөч байсан юм. Хэрвээ
30-аад оны эхэн үеийн Ивановагийн нэхмэлчдийн эсэргүүцлийг (тэд маш өргөн
далайцтай ажил хаялт байсан ч ямар нэг цус урсгалгүйгээр өндөрлөсөн юм)
тооцохгүй бол Новочеркасст оросын иргэд анх удаагаа ямар нэг урьдчилсан зохион
байгуулалтгүйгээр, удирдагчгүйгээр өөрсдийн дуу хоолойгоо илэрхийлсэн юм.
6 сарын 1-ны тав дахь өдөр Хурушвын маш их анхааралтай хянан баталдаг
тогтоолуудын нэг Холбооны улс даяар сонин хэвлэлүүдээр хэвлэгдэв. Энэ удаагийн
тогтоол мах, тосны үнийг нэмсэн байв. Харин тэр өдөр үүнтэй огт холбогдолгүй өөр
нэгэн төлөвлөгөөтэй холбоотойгоор Новочеркасскын Цахилгаан Хөдөлгүүрийн
Ажилчдын цалинг 30 хувь бууруулах тогтоол Новочеркасскт нэгэн зэрэг батлагдан
олонд мэдээлэгдэв. Тэр өдрийн өглөө хоёр цехийн ажилчид ихэнхдээ дуулгавартай,
үг дуугүй байдаг хүмүүс ажлын байран дээрээ ирсэн ч ажлаа зүгээр хийж чадсангүй.
Тэдний хоорондоо ярилцсан ярианы дуу нь чангарсаар энэ нь уулзалт, цуглааны
хэлбэртэй болов. Баруунд бол бараг өдөр тутам байдаг үзэгдэл бидний хувьд ер
бусын байв. Инженерүүд ч, ахлах инженерүүд ч ажилчдыг ятган ажилд нь гаргаж
чадсангүй. Ажилчдыг хариуцсан дарга Кюрочкин хүрч ирлээ. “Бид одоо яаж
амьдрах болж байна аа?” хэмээн ажилчид түүнээс асуухад энэхүү цатгалан паразит
тэдэнд “Та нар махтай бялуу гүзээлдэг байсан бол одоо оронд нь варень тавьж ид”
хэмээн хариулав. Тэр болон түүнтэй хамт дагалдан явж байсан хүмүүс золтой л
хэдэн хэсэг болон тасчуулчихсанүй салав. Хэрвээ тэр өөрөөр хариулсан бол энэ
бүх үйл явдал өөрөөр эргэх ч байсан юм бил үү?
Үд дунд гэхэд асар том хөдөлгүүрийн завод тэр чигтээ ажил хаялт зарлав. Энэ
тухай мэдээг Москваруу явуулахгүй гэж тэгсэн үү эсвэл Москвагаас цэргүүд ирэх
замыг хаах гэсэн үү бүү мэд тодорхойгүй шалтгаанаар маш олон тооны эмэгтэйчүүд
төмөр зам дээр зам хаан сууцгаав. Удалгүй эрчүүд ирж төмөр зам дээр саад босгож
эхлэв. Ийм зоригтой эсэргүүцэл зөвлөлтийн ажлчдын түүхэнд өмнө нь гарч
байгаагүй. Удалгүй байшингуудын дээр “Хрушев огцор!”, “Хрушеваар сосиск хийе!”
гэсэн лоозонгууд намирч эхлэв.
Энэ бүхэн болж байх хооронд Новочеркасскаас 3-4 км зайтай газар Тузлов голын
хажууханд байдаг цэргийн хуаранд цэрэг, цагдаа нар бөөгнөрч эхлээд байв. Тузлов
голын гүүрэн дээр танкууд байршиж эхэлсэн байв. Үдшээс маргааш өглөө болтол
гүүрэн дээр хөл хорио тогтоов. Тэр шөнө 30 гаруй ажилчныг бослого хөдөлгөөний
“толгойлогч” хэмээн баривчлан хотын цагдаагийн газар авчрав.
6 сарын 2-ны өглөө хотын зарим албан байгууллагууд дахин ажил хаялт зарлав.
Ажилчид дахин цуглаан зохион байгуулж, баричвлагдсан ажилчдыг сулла гэсэн
шаардлага хотын захиргаанд тавихаар шийдэв. 300 гаруй ажилчид, эмэгтэйчүүд,
хүүхдүүд Ленины зураг, энх тайванч уриа лоозон барин хотруу жагсан ороход замд
байсан танкууд эсэргүүцэл үзүүлсэнгүй нэвтрүүлэв. Удалгүй зөндөө олон хүмүүс
тэдэн дээр нэмэгдэн маш олон хүн болов. Хэд хэдэн газар хотын иргэд ачааны
машин дээр гаран цуглаан зохион байгуулав. Хот тэр аяараа бужигнан үймэв.
Жагсагчид хотын төв Московская гудамжаар жагсан цагдаагийн газрын байрлуу
очин баричвлагдсан нөхдөө тэнд байгаа байх хэмээн итгэн суллуулах гэж оролдов.
Гар буун дуу тэднийг тэнд угтав. Хүмүүс гудамжинд багталцахаа болин
шахцалдсан, маш их хүн ирсэн байв. Хүүхдүүд ойролцоох моднууд дээр авиран
гарч юу болж байгааг харах гэж оролдож байв. Хотын намын хорооныхон байраа
хаян Ростовруу дүрвэсэн, байр нь хоосон байв. Байран дотор хагархай шил, ундуй
сундуй хаясан бичиг цаас, иргэний дайны үед л ийм байсан байх гэмээр дүр зураг
тэднийг угтав.
11 цаг болов. Цагдаа нар хотод үзэгдэж эхэлсэн ч тэднээс илүү олон цэргүүд
харагдаж эхлэв. Цэргүүд шуудан, радио холбоо, банкны байрыг эзлэн авав. Энэ үед
Новочеркасск хотыг тэр чигт нь бүслэн, гадагш орж гарах бүх гарцыг бүрэн хаасан
байв. Удалгүй танкууд хотын төв гудамжаар алгуур явж эхлэв. Хүүхдүүд танкны
дээр гарч дуранг нь халхлахаар оролдоход танкууд хоосон хонгио буудан гудамж
нирхийлгэхэд хүүхдүүд, хүмүүс бутран замаас холдов.
Цэргүүд тал талд байгаа хүмүүсийг шахан, заримыг нь янз бүрийн гудамжинд
оруулан замыг нь хааж бүслэв. Тэр цэргүүд бүгд орос биш, кавказ бололтой цэргүүд
байсан гэж зарим гэрчүүд гэрчилдэг. Өмнө нь ийшээ томилсон цэргүүд хангалттай
ажиллаагүйн улмаас тэдний оронд ийшээ илгээсэн гэж зарим хүмүүс ярьдаг. Өмнө
нь урд өдөр нь хотыг бүслэн илгээсэн цэргүүдэд хотынхныг буудах тушаал өгөхөд
офицер нь тушаалыг биелүүлэхээсээ татгалзан өөрийгөө буудан амиа егүүтгэсэн
гэж зарим хүмүүс ярьдаг. Гэсэн ч энэ үйл явдал хэр ортойг, тэр оицерыг хэн гэдэг
байсныг бид өнөөдөр энд баталгаатай хэлж чадахгүй байна.
13 цаг. Жагсагчид, иргэд танк, цэргүүдэд зай тавин ухарсан ч хэн ч түүнээс дор зүйл
болно гэж хүлээж байгаагүй юм. Хэн тушаал өгсөн нь тодорхой бус байдаг, гэсэн ч
цэргүүд винтовоо дээш өргөн иргэдийн толгой дээгүүр хий буудав. Магадгүй
генерал Плиев шууд жагсагчидруу буудъя гэж бодоогүй, харин нөхцөл байдал
өөрөөр эргэсэн байж болох юм. Иргэд хашигралдацгаан, хүүхдүүд моднууд дээрээс
унацгаахад үймээнд цэргүүд хөөрсөн үү эсвэл хэн нэгэн нь тушаал өгсөн үү цэргүүд
иргэдрүү дам-дам буюу задардаг сумаар хамаа намаагүй буудаж эхлэв. Хүмүүс
айн, амиа бодон зугатацгаахад цэргүүд хойноос нь хөөн буудацгаав. Московскаяа
гудамжинд цогцсон овоо боссон гэж нүдээр үзсэн гэрчүүд ярьдаг. Янз бүрийн эх
сурвалж тэнд 70-80 хүн буудуулж амь үрэгдсэн гэж ярьдаг. Кенгирт болсны адил
гудамжинд байсан босогчдын зургийг кино камертай хүмүүс ирж зургийг нь авсан
юм. Тэр үед эргэн тойрны бүх юм цусанд будагдав. Түүнээс хойш хэд хоногийн
турш тэр хавь тэр чигтээ бөөн цустай байсан….
Үдээс хойш 3 цагийн үед хүмүүс дахин цуглан гудамжинд цэргүүдээс та нар яагаад
өөрийнхнийгөө буудаж байгаа юм бэ? Бид нарыг хэн гэж бодоо вэ? Та нар юу юм бэ
хэмээн асуун лавлаж дайрч давшлав. Хариуд нь цэргүүд “Тэд бид биш байсан. Энд
юу болсныг бид мэдэхгүй. Биднийг сая л татаж авчирсан” гэж хариулцгааж байв.
“Юу? Та нар ч үнэхээр мэргэжлийн алуурчид юм аа? Нэгнээр нь буудуулаад,
тэднийгээ дор нь буцаагаад татчихсан байх шив. Генерал Плиев ч ажлаа үнэхээр
мэддэг бололтой ” хэмээн хүмүүс ярьж байв.
Буудуулахаас айлгүйгээр оройн 5-6 цагийн үед хүмүүс дахин гудамжуудийг дүүргэж
эхлэв. Цэргүүд цагаан хоолойгоор иргэдэд тарж явах, гэртээ харихыг сануулж байв.
Энэ хооронд Микоян тэргүүтэй ЗХУ-ын Улс төрийн товчооны 6 гишүүн
Новочеркасскт хүрэлцэн ирснийг хүмүүс дуулсан байв. Хүмүүс “Микояныг энд
ирүүл, бидэнтэй уулзуул, энэ урсгасан цуснуудаа хар” гэж шаардацгааж байв.
Хотын дээгүүр нам өндрөөр нисдэг тэрэг тойрч нисэн өнгөрөв. Байдлыг ажигласан
бололтой. Удалгүй ажилчдын төлөөлөгчдийн намын төлөөлөгчидтэй уулзахыг
зөвшөөрөн цэргүүд цааш нь нэвтрүүлэв. Төлөөлөгчид Төв хорооны гишүүдтэй
уулзан буцаж ирээд болсон явдлыг хэлж тайлбарлан, энэхүү цуст “бямба” гаригийн
тухай өгүүлсэнд гишүүн Козлов (Сталины хамгийн харгис зандалчдын нэг,
Ленинградын намын бүлгийн гишүүн Фрол Козловыг уйлсан гэсэн юм даа!) уйлсан
гэж хүмүүст ярив. Тэгээд Намын төв хороо шаардлага арга хэмжээг авах болно,
харин хүмүүсийг тайван гэртээ харих хэрэгтэй гэж сануулсан гэв.
Хүмүүс тарсангуй харин ч хүмүүс улам бүр нэмэгдэн ирж байв. Гэсэн ч танкууд
автоматчин цэргүүдийн хамтаар жагсагчидруу шахан дайрсаар, дохион сумаар
буудсаар шөнө дунд гэхэд жагсаалыг тараав.
6 сарын 3-нд Козлов, Микоян нар Новочеркасскын радиогоор үг хэлэв. Тэд нар
энэхүү болж өнгөрсөн үйл явдал бол дайсны өдөөн хатгалга байсан бөгөөд
хариуцлага үүрэх ёстой этгээдүүдэд хатуу арга хэмжээ авах болно гэж мэдэгдэв.
Тэгээд цааш нь Микоян: зөвлөлтийн арми хэзээ ч цэргүүдээ задардаг сумаар
зэвсэглэж байгаагүй. Тиймээс тийм зэвсэг хэрэглэсэн этгээдүүд бол төрийн
дайснууд байсан байна хэмээн мэдэгдэв.
(Тэгвэл тэр дайснууд нь хэн байсан байж таарах вэ? Тэд яаж манай оронд шүхрээр
буугаа вэ? Тэд хаана нуугдаж байв? Ганцыг нь ч болов харуулаадах л даа. Бид ч
үнэхээр тэнэг юм шиг хулхидуулж дассан бололтой. Тэд “дайсан байж” гэж хэлээ л
бол гүйцээ асуудал тодорхой. Дундад зууны үед бол “чөтгөр” гэдэг үгээр ам хаадаг
байв. )
Удалгүй хотын дэлгүүрүүд өмнө нь барагтай бол нүдэнд үзэгддэггүй байсан, манай
улсын бусад газар ч ховор байсан хүнсний бараагаар лангуунууд нь дүүрцгээв.
Шархадсан хүмүүсийн нэг нь ч гэртээ хариагүй юм. Харин оронд нь шархадсан
болон алагдсан хүмүүсийн ар гэрийнхнийг бүгдийг нь Сибирьлүү цөллөгт явуулав.
Жагсаалын үеэд нүдэнд өртсөн, фото зурагт өртсөн хүмүүс ч мөн цөллөгт явав.
Үзүүлэн маягийн шүүх хурлууд болж 9 хүн буудуулах ял авч 3 хүн 15 жилийн ял
авав.
Дараагийн Бямба гаригт “Цахилгаан хөдөлгүүрийн үйлдвэрийн ажилчид 7 дугаар
таван жилийн төлөвлөгөөгөө давуулан биелүүлэхээр итгэл төгс шийдсэн тухай”
радиогоор зарлав.
… Хэрвээ Царь тийм шийдэмгий бус байгаагүй бол тэрээр 1-р сарын 9-нд
Петербургийн жагсаалд оролцогчдыг баривчлан танхай, дээрмийн хэргээр ял
тулган шоронд хийх ёстой байжээ. Хэрвээ тэгсэн бол ямар ч хувьсгал гарахгүй
байсан ч байж болох юм.
1961 онд, Новочеркасскаас 1 жилийн өмнө Александровод цагдаа нар
баривчлагдан цагдаагийн газар байсан нэг хүнийг зодоод алчихав. Гэсэн ч цогцосыг
нь өгч оршуулахыг зөвшөөрөхгүй байв. Иргэд маш их бухимдан хилэгнэж
цагдаагийн хэсгийн байрыг нь шатаачихав. Дор нь оролцсон иргэдийг баривчлав.
(Үүнтэй төстэй хэрэг Муромд ч мөн гарч байсан юм.) Хэрхэн яллах вэ? Сталины
дэглэмийн үед сонингийн цаасан дээрх Сталины зурганд зүү зоосон оёдолчин ч улс
төрийн хэргээр яллагдан 58-р зүйллээр яллагддаг байв. Харин одоо иймэрхүү
нөхцөл байдалд арай нямбай ханддаг болсон байв: цагдаагийн хэлтсийг бусниулж,
устгасныг улс төрийн хэрэг гэж үзэж болохгүй. Үүнийг энгийн танхайрал гэж үзэхээр
намынхан шийдэв. Ийнхүү тэр дороо л улс төрийн хэрэгтнүүд гэж байхгүй болов..
1961 онд шинэ эрүүгийн хууль батлагдан өгч болох ялын дээд хэмжээг 15 жил
хэмээн тогтоов. Өмнө нь 25 жилийн ял авсан, одоо ялаа эдэлж буй ялтнуудад ч энэ
хууль хүчин төгөлдөр үйлчлэх ёстой гэдгийг хуулийн сургуулийн нэгдүгээр курсын
оюутнууд ч мэдэж байв. Харин манай шүүхийнхэн өөр бодолтой байв. Тэд 25
жилийн ялтай хоригдлуудыг ялаа бүтнээр нь дуусгахыг шаардаж байв...
Өнөөдөр Сталины үеийнх шиг улс төрийн хоригдлуудыг сая саяар нь биш харин
хэдэн зуун мянгаар тоолохоор цөөрсөн. Манай хууль өөрчлөгдсөнөөс ийм болоо
юу? Үгүй, ердөө л хөлөг онгоц түр хугацаанд чиглэлээ өөрчилснөөс.
Өмнөх цаг үеийнхтэй л нэгэн адилаар ш х танхимын тахал үргэлжилсээр л
байна. Сонингууд хүртэл энэ талаар мэдээлж чамд хамгийн сүүлийн үеийн мэдээг
цаг алдалгүй дуулгах болно. Сонингууд хулигаан, танхайчуудын тухай бичиж эхлэх
үед шүүх танхимынхан хулигаан, танхайгаар бөөндөж байгаа юм байна гэж чи
ойлгох ёстой. Хэрвээ тэд төрийн өмч шамшигдуулж байгаа тухай бичиж эхэлбэл
шамшигдуулалтын зүйл ангиуд моодонд орж байгаа бололтой гэдгийг чи мэдэх
болно.
Өнөөдөр колонид байгаа зекүүд бидэнд цөхрөнгөө баран ингэж өгүүлж байна:
“Шударга ёсыг хайх ямар ч хэрэггүй. Хэвлэл сонингоос уншиж байгаа зүйл нэг янз,
харин бодит амьдрал шал өөр.” В.И.Д
“Би ард түмэн болон нийгэмдээ ад үзэгдсээр залхаж байна. Гэхдээ би хаанаас
шударга ёсыг олж харах юм бэ?” Байцаагчийн үг миний үгнээс илүү жинтэй буудаг.
Гэтэл тэр 23-тай залуухан охин амьдралын тухай юугаа мэдэх юм бэ? Тэд хүнийг
ямар хувь тавиланруу илгээж байгаагаа ер нь мэддэг юм уу?” В.К
“Яагаад тэд хэргийг дахин хэзээ ч задалдаггүй вэ гэвэл, өмнөх ялын зарим нь ямар
ч хэрэгцээгүй илүүц болох гээд байдаг юм” Л—н
“Сталинч маягийн байцаалт улс төрийн хүрээнээс эрүүгийн хүрээлүү хувирсанаас
өөр юу ч өөрчлөгдсөнгүй.” Г.С...
Дургүй нэгнээсээ хавирганых нь завсар хутга дүрэлгүйгээр, хуулийн замаар салах
гэсэн хүн ямар арга ашиглаж болох вэ? Өмнө нь тэр 58.10-д хамаарах матаас
бичихэд л хангалттай байдаг байв. Харин одоо бол тэрээр мэргэжлийнхэнтэй
зөвлөлдөн (байцаагч, цагдаа, шүүхийн ажилтнууд) тухайн жил ямар зүйл анги
моодонд орж байгааг ашиглах хэрэгэй. Юугаар тор тавьж байгаа вэ? Ямар
категориор шүүх ургацаа нэмэгдүүлж байна вэ? Зөв заалтыг нь олоод түүгээр
унагах хэрэгтэй. Ингэвэл ямар ч хутганаас илүү!
Ийнхүү Никита хүчингийн хэргийн доод хэмжээг 12 жил болгон өөрчилснөөс хойш
шүүгч нарын дуртай зүйл анги нь хүчин болж ирэв. Бүх орон нутаг дахь шүүх
танхимуудад мянга мянган шүүхийн алхнууд зогсоо зайгүй цохилон арван хоёр
жилүүдийг буулгаж эхлэв. Энэ зүйл анги маш нарийн, хувийн чанартай асуудлыг
хөнддөг. Хэрвээ сайн ажиглавал энэ зүйл анги 58-10-тай олон талаар төстэй
байгааг ажиглах болно. Үйлдсэн хэрэг нь нэг тиймэрхүү, бүрэн батлахад явдалтай.
Хохирогчид нь мэдүүлэг өгөх дургүй, булзааруулсан. Энэ нь л шүүгч нарт ашигтай.
С---в-ын хэргээр жишээ авъя. Ленинградын хоёр хүүхнийг цагдаагийн хэлтэс дээр
дуудав. Та хоёр зарим нэг намын гишүүдтэй банкиат дээр байсан уу? Тийм. Секс
хийсэн үү? (Үүнийг нь тэд хэдийн мэдээлэгчээр дамжуулаад өмнө нь тодруулчихсан
байв) Ммм тийм. За тэгвэл ийм байна. Алийг нь сонгох вэ? Хэрвээ сайн дураараа
сексдсэн бол бид та хоёрыг янхан гэж үзэх болно. Та хоёр пасспортоо хураалгаж,
48 цагийн дотор Ленинградаас явах ёстой. Аан хэрвээ та хоёрыг дургүй байхад
чинь сексдсэн бол та хоёр хүчингийн хэргээр хэрэг үүсгэх ёстой. Хүүхнүүдэд
Ленинградаас явах ямар ч бодол байсангүй. Тийнхүү эрчүүд 12 жилийн ял авав.
Манай бүдүүлэг, хатуу, нүдээ үл цавчсан хуулийн систем ялагдашгүй гэж итгэсэн
үедээ л ажиллаж чаддаг… Маш их өөртөө эрдсэн учраас хэрэг дахин сөхөж
шалгана гэж огт байхгүй…
Ямар ч шүүх системийн ажилтныг эрх мэдлээ хэтрүүлсэн гэж, хэрэг шийдэхдээ
уурлан хувийн сэтгэл зүйн байдлаар шийдсэн, өс хонзон гаргаж хонзогносон гэж
цензурдахгүй байцгаая. Алдаа гаргасан ч түүнийг халхалж хамгаалгаая. Түүнийг
хамгаал. Тойруулж хана босго. Бид бол Хууль- үүний төлөө л хууль байдаг юм.
Хэрэг үүсгэж шалгачаад ял оноохгүй байхын хэрэг юу байна? Тэгвэл байцаагчийн
ажлыг үргүй зарсан гэсэн үг биз дээ? Хэрэг сонсчоод ял оноохгүй байж яаж болдог
юм? Ардын шүүх, шүүгчийн ажлыг барсан хэрэг болно биз дээ? Ардын шүүхийн
шийдвэрийг мужийн шүүхээс хүчингүй болгож яах юм бэ? Тэгвэл дээд шүүх мужийн
шүүхийг хангалтгүй ажилласан байна гэж тэмдэглэх болно. Мэргэжил нэгт нөхөддөө
ингэж төвөг удах хэрэг юу байна? Нэгэнт л матаасаар ч хамаагүй эхэлсэн л бол
байцаалт явагдаж яллах л ёстой. Хамгийн гол нь бид нар нэг нөгөөгөө доош нь
татаж унагаж болохгүй шүү.
Өнөөгийн шүүхийн өөр нэг чухал зүйл бол: тэд ямар ч авиа дууны бичлэг,
стенограф, аудио бичлэг хэрэглэдэггүй. Аль 18-р зууны сургуулийн охин шиг бичээч
шүүхийн үйл явцыг гараар бичиж шивдэг тэгэхдээ шүүгч түүнрүү харж бичихийг
зөвшөөрөн дохисон тохиолдолд л. Протоколыг хэнд ч үзүүлэхгүй бөгөөд зөвхөн
шүүгч л үзэж танилцаж зөвшөөрсний дараа түүнийг хүчин төгөлдөрт тооцдог.
Зөвхөн шүүгчийн зөвшөрсөн зүйлс л проколд үлдэнэ. Бидний өөрийн чихээрээ
сонссон зүйлс утаа мэт замхран арилах нь олонтаа…
Манай улсад байгаа хууль шиг ийм уян хатан хууль өөр ямар ч улс оронд байхгүй…
Хууль өнгөрсөн үерүүгээ үйлчилдэггүй гэдэг. Харин тэгж үйлчилсэн хууль бол
ганцхан манайд л бий… Шүүгч нар буруу шийд гаргалаа гээд хариуцлага тооцохгүй.
Хүнийг худлаа матлаа гээд матаасчид нь хариуцлагаас хөнгөхөн мултарч, харин
ямар ч үндэслэлгүйгээр матуулсан нь шоронд ордог хууль зөвхөн манайд л бий.
Өршөөлийн хууль болгонтой хамт хүн матсан хүмүүс ямар ч ял зэм эдлэхээргүй
болж мултрах боломжтой болдог бол матуулсан хүмүүс нь шоронгоосоо гараагүй л
байдаг.
Заримдаа манай хууль огцом эргэж санаанд орохооргүй хувирдаг. Энэ жил гэмт
хэргийн гаралтыг огцом бууруулна. Илүү цөөхөн хүнийг баривчил. Улам цөөхөн
хүнд л ял өг. Яллагдсан хоригдлуудыг батлан даалтаар гарга! Тэгснээ заримдаа
нөгөө тийшээ салхи эргэж буруу зүйлс хийсэн хүмүүсийн тоо эцэс төгсгөлгүйгээр
үржин олширно. Ямар ч батлан даалт, тэнсэн байхгүй. Чанга хатуу дэглэмтэй ажил
хийлгэж бүр чанга дэглэмтэй шоронд явуул. Чанга, бүр чанга. Цаазаар ав!
Салхи хаашаа ч эргэлээ гэсэн хуулийн хөлөг барьц үл алдан чичрэх зүйлгүйгээр
ялгуусан байдлаар хөвнө. Зөвлөлтийн Хуулийн хөлөг онгоц ямар ч зүйлд үл
цочирдоно. Ямар ч гэнэтийн шийдвэр түүнийг үл ганхуулна. Шүүгчид, прокурорууд
ямар ч гайхширал, гар нь чичрэх зүйлгүйгээр хуулийг гүйцэтгэнэ. Хэрвээ маргааш
ямар нэг зүйл бодсоных нь төлөө сая хүнийг шоронд хий, болдоггүй хүмүүсийг
тосгоноор нь, хотоор нь цөлж, хоригдлуудын нуруун дээр дөрвөн оронтой тоо хад
гэвэл тэд чичрэх ч зүйлгүй гүйцэтгэх болно.
Нийт хэргийн маш цөөхөн хувийг, 15-хан хувийг шүүгчид, прокурорууд хэн нэгэнрүү
утсаар ярьж зөвлөлдөлгүй шийддэг. Ихэнх тохиолдолд тухайн хэрэг ямар нэг
байдлаар колхозын дарга, тосгоны зөвлөлийн дарга, дэлгүүрийн дарга, цехийн
ахлагч, дүүргийн сержант, мөрдөн байцаах офицер, яам захиргааны дарга нар,
тусгай хэсэг, хувийн хэсэг, дүүрэг, мужийн намын хорооны нарийн бичгийн дарга
нар юм уу түүнээс ч дээгүүр хүмүүсийн эх ашиг сонирхолтой холбоотой байдаг. Ийм
бүх тохиолдлуудад нэг эрх мэдэлтэн нөгөөрүүгээ утасдан намуухан холойгоор энэ
хэргийн тухай санамсаргүй ярин зөвлөгөө өгдөг. Ийнхүү хараагдсан өчүүхэн хүний
хувь заяаны тухай шийд түүний ойлгож чадахааргүй, ойлгосон ч учрыг нь
олохооргүй байдлаар урьдчилаад шийдэгддэг. Тэрхүү өчүүхэн хүн юу хэлэхээ
сайтар давтсаар шийд шүүх танхимд шийд гарах болно гэж итгэн шүүх танхимд
орохдоо түүний ялыг хэдийн шийдчихсэн болохыг огтхон ч гадарладаггүй.
Тэнд зөвхөн хана л бий. Хана нь худал хуурмагийн тоосгоор баригдсан юм. Бид энэ
бүлгийг “Хууль өнөөдөр” гэж нэрлэсэн. Уг нь бол “Хууль Байхгүй” гэж нэрлэвэл
илүү зохистой. Хагас зууны туршид төмөр цагирагтай аварга том улс бидний
дээрээс өлийсөн юм. Тэр төмөр цагираг одоо ч тэнд хэвээрээ байна. Харин хууль
гэж байхгүй.
ХОЙНООС НЬ ӨГҮҮЛЭХ ҮГС
Энэ номыг би ганцаараа бичилгүй харин бүлгүүдийг нь хувааж, бид хамтран бичиж
редакцын зөвлөлөөр оруулсан бол уул нь дээр байсан юм. Гэвч тэгэх цаг ирээгүй
байна. Зарим бүлгүүдийг бусдад санал болгосон ч бичилгүй харин оронд нь надад
тохирох янз бүрийн түүхүүд хуваалцсан юм. Варлам Шаламовд энэ номыг хамтран
бичье гэсэн санал тавьсан ч тэр бас татгалзсан юм.
Үнэндээ сайн ажилтнуудтай оффис, албан байр надад маш хэрэгтэй байсан.
Сонинд зарлал тавьж, радиогоор зар явуулж, Брестын цайзын тухай түүхийг бичих
хэрэгтэй байв. Гэвч би ингэж зар тавьж болохгүй байгаад зогсохгүй энэ үйл
ажиллагаагаа, захидлуудаа, материалуудаа нууцалж, тараан байрлуулах хэрэгтэй
байсан юм.
Энэ номыг бичиж эхэлмэгцээ л би энэ төслөө больж, зогсоон хаях тухай бодож
эхэлсэн. Би нэг мөр шийдвэр гаргаж чадахгүй байв: би ийм ном ганцаараа бичиж
болох уу болохгүй юу? Тэгээд бичиж дуусгах тэсвэр тэвчээр хүрэх үү? Гэвч улс
орны өнцөг булан бүрээс хоригдлууд надад захидал ирүүлснийг хүлээж авсныхаа
дараа энэ бол миний хүлээсэн үүрэг юм байна гэдгийг би ойлгосон.
Энэ номыг би хэзээ ч бүрэн хэмжээгээр нь, бүхлээр нь ширээн дээрээ тавьж харж
байгаагүй гэдгийг хэлэх нь зүйтэй юм. 1965 оны 9 сард ольтриг хамгийн эрчимтэй
байх үед би нэгэн маш том сүйрэлтэй тулгарсан. Миний архивруу хүчнийхэн дайран
орж, миний материал номыг хураан авсан. Энэ үед Архипелагын зарим хэсэг нь
бичигдчихсэн, бусад хэсгийн материалыг бусдад тараан, цуглуулаагүй байв. Би
дахин эрсдэл хийж болохгүй байсан юм. Ялангуяа хүний нэрийг бүхлээр нь бичиж
болохгүй байсан юм. Би үүнийг өөртөө сануулахын тулд товчилж бичсэн цаас барин
нэг газраас нөгөө газарлуу явдаг болсон. Энэ номны огцом үсчсэн бичлэг нь манай
мөрдөн мөшгөгдсөн уран зохиолын дүр төрхийг илэрхийлэх байх. Энэ номыг байгаа
байдлаар нь хүлээн авна уу.
Энэ номыг би ийнхүү үүгээр дуусган цааш бичихээ зогсоолоо. Бүрэн гүйцэд дууссан
учраас биш харин цаашид үүн дээр цагаа өнгөрөөх аргагүй болсон учраас. Үүнийг
энэ хэвээр нь ном гэж үзэхийг хүсэхийн хамтаар би чангаар уриалж байна:
Зохистой цаг нь ирэхээр амьд гарсан анд нөхөд минь та нар засаж залруулах
зүйлсийг нь залруулж, өөрсдийн түүхийг нэмээрэй. Тэр үед энэ ном үнэхээр бүрэн
бүтэн ном болох болно. Бурхан энэ ажлыг ивээх болтугай.
Ийм хэлбэртэй ч гэсэн өдий хүртэл ийнхүү хадгалж, ингэж бичиж чадсандаа би
өөрөө ч гайхаж байна. Энэ хүртэл тэд ингэж бичүүлэхгүй байх гэж би хаяа хаяа
бодож байсан юм. Би үүнийг хоёр тэмдэглэлт ой давхацсан жил өндөрлөлөө:
Гулагыг үүсгэн байгуулсан хувьсгал ялснаас хойш 50 жил өнгөрчээ. Өргөст тор
бүтээгдсэнээс хойш 100 жил өнгөрчээ (1867). Хоёр дахь ойг нь хэн ч анзаарахгүй нь
ойлгомжтой.
1958 оны 4 сарын 27-ноос – 1967 оны 2-р сарын 22-нд бичиж дуусгав.
Рязань хот.
Алесандр Солженицын

2 комментария:

  1. МААААААААААААШ их баярлалаа :) орос эх нь байвал ч тэ нтр кк олдку л байхдаа номын дэлгүүрүүдэд байдаг болов уу??

    ОтветитьУдалить