четверг, 24 февраля 2011 г.

О.Пүрэв: Бунханд байсан шарил Сүхбаатарынх биш байсан


Сүхбаатар судлаач ШУ-ын гавьяат зүтгэлтэн, түүхч доктор О.Пүрэв гуайтай ярилцсан юм.
Та Жанжин Сүхбаатарын талаар хэдийнээс судлах болов?
-Би МАХН-ын дэргэдэх Намын түүхийн институтэд ажилладаг байлаа. Тэнд эрдэм шинжилгээний ажил хийж байгаа хүн заавал нэг сэдэв сонгож судлах ёстой боловч зөвхөн дарга нарын зааж өгсөн сэдвийг судалдаг байлаа. Сүхбаатар жанжны намтрыг ч дарга нарын даалгаврын дагуу авч судлах болсон юм. Сүхбаатар жанжин бол монголчуудын шүтээн болсон хүн л дээ. Тэрээр 1893 онд төрж, 1923 онд яг 30 насныхаа ой дээр өөд болсон байдаг.
-Монголын түүхийг социализмын үзэл суртлын жилүүдэд нэлээд гуйвуулсан байдаг. Сүхбаатарын түүх ч ялгаагүй худал, үнэн хосолж байв уу ?
-Тэр жилүүдэд Сүхбаатарыг МАХН-ыг ч байгуулсан, Ардын төрийг ч байгуулсан гээд их магтаж байсан. Юм юмны толгойд явж байдаг, бусад улсуудынх нь нэр гардаггүй, Данзан, Бодоо гээд хамтран зүтгэгчид нь хувьсгалын эсэргүү болсон тийм үе байлаа. Тэгээд судалж үзэхэд бичиг үсгийн хувьд чадвартай, их үнэн үг хэлдэг, тэр үеийн манлайлагч байхаас аргагүй хүн байсан. Сүхбаатарын намтар 3-4 удаа гарсан байдаг ч хоорондоо зөрүүтэй байсан л даа. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын хүн учраас нутаг руу нь ч очиж үзлээ. Нутгийн ард нь ч гэсэн түүнийг магтаж байлаа.
-Түүнийг Монгол хүн мөн, биш гэж маргацгаадаг. Таны судалснаар ямар гаралтай хүн бэ?
-Судалгаагаар Сүхбаатар гэж ямар хүн юм бэ гэдгийг мэдэхийн тулд гарал үүслийг нь судлах ажлаас эхэллээ. Түүний аав Цагаан дээлт Дамдин гэдэг хүн бол 1890 онд Хүрээнд орж ирсний дараа Сүхбаатар Амгаланбаатарт төрсөн, ард гаралтай ядуу гэр бүлд өссөн хүүхэд. Ядуу ч гэсэн бичиг үсэг, тоо бодлого заалгасан тухайн үедээ боловсролтой хүн байсан. Архивт байгаа бичиг баримтыг нь үзэхэд их гоё бичигтэй хүн байсан нь харагддаг. Гэтэл сүүлдээ Сүхбаатарын талаар янз бүрийн гуйвуулга их явдаг боллоо. Ялангуяа ардчилал эхэлснээс хойш түүнийг Оросоос ирсэн хиймэл хүн, Орост сургуульд сурч байсан гэдэг байв. Үнэндээ Орост сургуульд сурч байгаагүй ганц хоёр удаа л Эрхүү, Москва руу очсон байдаг юм.
Зарим нь халимаг хүн байсан гэнэ. Миний судалснаар орос яавч биш. Гарал нь Сүхбаатар аймгийн хүн ч гэсэн хүрээнд Амгаланбаатарт төрсөн хүн. Тэгээд удам судрыг нь хөөцөлдөөд байсан чинь Өвөрмонгол гаралтай хүн болоод явчихдаг юм байна. Тэгвэл энэ чинь хятад хүн байх нь уу гэтэл хятад биш ээ, жинхэнэ өвөрмонгол хүн болж таарлаа. Сүхбаатарын 4-5 үеийг нь бид мэддэг байлаа. Сүхбаатарын эцэг бол Дамдин, Дамдингийн эцэг бол Төгөө, Төгөөгийн эцэг Элбэг. Элбэгийн эцэг Төгс гэж хүн байжээ. Сүхбаатараас хойш тэр удамд тийм мундаг хүн ч гарч ирсэнгүй.
-Тэгэхээр Сүхбаатар өвөрмонгол хүн  болж таарах нь ээ?
-Энэ ийм учиртай юм. Манайд Дорнод аймгийн хүн байна гээд нэг өвгөн ирээд өврөөсөө миний сонинд , бичсэн өгүүллэгийг гаргаад ирлээ. Tэр сонинд би Сүхбаатарыг Хайсу овгийн хүн гэж бичсэн байсан юм. Тэр өгүүллийн мөрөөр Дорнод аймагт Хайсу биш Хуайса овгийн хүн гээд бөөн маргаан болсон байж. Хуайса гэдэг нь Буриадын эртний овог учраас буриад, хуайса овгийн хүн гэж маргалдахгүй юу. Тэгээд Буриадын сэхээтнүүд Сүхбаатар халх хүн биш, буриад хүн, Оросоос ирсэн гэж маргадаг боллоо. Би ч бууж өгөөгүй юм. Тэгсэн чинь тэр өвгөн “Би бол Дорнод аймгийн Үзэмчин хошууны Хайсу овгийн хүн. Би Өвөрмонгол гаралтай учраас 1945 онд Монголын харьяат болсон юм” гэж миний Хайсу овгийнх гэдгийг баталж өгсөн юм. Тэгэхээр Сүхбаатар бол өвөрмонгол гаралтай, цэвэр монгол хүн мөн.
-Удмаараа тэмцэгч, зоригтой хүн байсан гэдэг билүү?
-Өвөө нь Элбэг гэж хүн байсан талаар Сүхбаатарын намтарт нь байдаг байхгүй юу. Зарга заальхай хийдэг, зоригтой хүн байсан гэдэг юм. Сүхбаатар аймгийн нутагт 19-тийн хонхор гэдэг газар байдаг юм. Тэнд гүнзгий нүх ухаад, шат тавьж янз бүрийн хэрэгт холбогдсон хүмүүсийг хийчихээд шатаа авч эсгийгээр бүтээчихдэг нэг ёсны шорон шиг юм байж л дээ. Тэр нүхэнд 19 хүнийг хорьсон бөгөөд шороо нь нурж тэдгээр хүмүүс бүгд дарагдаж үхсэн түүхтэй юм билээ. Тэгээд л 19-тийн хонхор гэж нэрлэж. Элбэг ч энэ 19 хүний нэг бөгөөд тэр үед 36 настай байсан юм. Тэрнээс хойш Сүхбаатарын удам нутагтаа хэл аманд их ордог, их шүүмжлэгддэг байжээ.
-Аавынхаа үхлээс болоод Дамдин гуай нутгаасаа гарч, хүрээнд ирсэн хэрэг үү?
-Элбэгийн хүү Дамдин бас л нэг ядуухан эр байж. Овоо баян айлд зарцлагдаж байгаад тэр айлынхаа охинтой дотно болчихгүй юу. Тэгээд суух гэтэл охины гэрийнхэн “Энэ удам муутай хүн, амьдруулахгүй” гэхээр нь Дамдин хүүхнээ аваад Хүрээ рүү оргочихсон байгаа юм. Энэ тухай намтарт нь байдаг л даа. 2-3 хүндундаа г а н ц морьтой 700 км явж хүрээнд ирсэн байдаг. Нутгаасаа оргоно гэдэг чинь тэр үед эзэн ноёноосоо урвасантай адил хэрэг байлаа. Тэгэхээр зоригтой л хүн байсан хэрэг. Тэгээд хүрээнд ирснээс хойш гурван жилийн дараа Сүхбаатар төрсөн. Сүхбаатарын нөхөрлөж байсан нөхдүүд нь ч дандаа сэргэлэн улсууд. Зарим нь хулгай зэлгий гээд янз бүрийн юманд холбогдсон, ял ямба үзэж явсан тийм улсууд байдаг.
-Сүхбаатар, Янжмаа хоёр нэг нутгийн хүмүүс гэдэг байхаа?
-Тэр хоёр нэг нутгийн, хуучин ч бие биенээ таньдаг байсан. Янжмаа бол хүрээний айлын хүүхэн л дээ. Гэхдээ бас л Сүхбаатартай адил Сэцэн хан аймгийн хүн бөгөөд мөн л өртөөнөөс зугтаж хүрээ рүү нүүсэн айл. Эцгийг нь Мэмэндэй, эхийг нь Сэрээнэн гэдэг байж. Сүхбаатар Төмөрт өртөөний улаач байсан. Тэгээд 1910 онд Гачууртын наахна байдаг Хар усан тохойд нутагладаг сарлаг Дэндэв гэж айлын гадаах өвсөн овоохойд Сүхбаатар, Янжмаа хоёр гэр бүл болсон байдаг. Тэр үед Янжмаа 19-тэй, Сүхбаатар түүнээс хоёр дүү, 17-той байсан.
-Сүхбаатар гуай юуны улмаас нас барсан юм бэ? Хордуулсан гэдэг үнэн үү?
-Хордуулсан гэж кинонд гардаг нь үнэний ортой. Гэхдээ лам хордуулаагүй, өөр хүн л хордуулсан бололтой байдаг. Дээр үеийн үзэл суртлаас худлаа юм их бий. Ямар ч гэсэн тэр үед хамгийн чийрэг биетэй, одоогоор бол их сайн тамирчин, моринд гарамгай тийм хүн хамгийн түрүүнд, тийм залуудаа үхчихнэ гэдэг ямар нэгэн учиртай байх гэж бодогддог. Оросын цэргийн улсууд хор өгсөн байх гэж би боддог юм. Гэхдээ одоо тэр хорлосон, энэ хорлосон гэж хэлэх үндэс байхгүй. Хамгийн сүүлд бурханч лам Пүрэвбат бунханд байсан шарилыг нь гаргаж шинжилсэн шүү дээ. Тэгэхэд Сүхбаатарын биеийн өндөр нь таарахгүй байсан. Бунханд 1.60 хэдхэн см-ийн өндөртэй шарил байсан.
-Тэгэхээр олон жилийн турш хүмүүс Сүхбаатар жанжин биш, өөр хүний бунханд хүндэтгэл үзүүлдэг байсан гэсэн үг үү. Бунханд өөр шарил хийсэн гэхээр ямар нэг далд санаа байсан юм биш байгаа?
-Сүхбаатар бол яах аргагүй 2 метр орчим өндөртэй хүн байсан. Өндөр гэдгийг нь юугаар нотолж байна вэ гэвэл авахуулсан гэрэл зургуудыг нь харахад зэрэгцээд зогсож байгаа хүмүүсээс бүгдээс нь өндөр байдаг юм. Анх Алтан өлгийд оршуулсан байсан юм. Тэгээд 1953 онд авчирч бунхалсан. Тэгэхэд шарил дээр нь  Цэдэнбал дарга тангараг тавьж байсныг би оюутан байхдаа өөрийн нүдээр харж байлаа. Алтан өлгийгөөс авчрахдаа буруу хүний шарил авчирсан юм шиг байгаа юм. Тэрнээс шарил нь богино болчихно гэж юу гэж байхав.
-Галсан гуайг тэдний хүүхэд биш гээд байдаг?
-Гэрлэснээсээ хойш жилийн дараа тэд хүүхэдтэй болсон. “1911 онд Галсан төрсөн” гээд төрөхийн паспортон дээр ч бичсэн байдаг юм. Галсан бол гарцаагүй тэдний хүүхэд. Галсан гуай энд Дулмаа гэдэг хүүхэнтэй сууж байгаад, Ховд руу албан ажлаар очоод дахиад авгай авчихгүй юу. Түүнийг жаахан муулах юм бол авгай, архи хоёрт жолоогоо алдчихсан хүн л дээ. Архи ч их ууна, тэр үеийн жаахан сэргэлэндүүхэн охид бүгд Галсан гуайтай холбогдсон. Жанжны хүү гээд нэр хүндтэй байсандаа тэгдэг байсан уу, их ч архи уудаг, гэр бүл ч их үймүүлдэгтийм л хүн байсан.
-Хэдэн хүүхэдтэй байсан юм болоо? Зарим хүүхдээ минийх биш гэдэг байсан тухай яригддаг?
-Их олон хүүхэдтэй байсан. Дөрвөөс ч их байхаа. Миний хүү биш гэдэг нь Наран юм. Тэр нь одоо 73-тай. Төрсөн он нь яг таарч байгаа учраас Галсан гуайн хүүхэд мөн л дөө. Сүүлд нь их олон авгайтай холбогдсон. Зарим авгай нь дагуулж ирсэн хүүхдээ чиний хүү гээд байхаар нь миний хүүхэд биш гэдэг байсан байх.
Та Сүхбаатар судлалд хэдэн жил зарцуулав?
-Зөвхөн Сүхбаатарын судалгаагаар намын түүхийн институтэд 23 жил болсон. Одоо ч би Сүхбаатарыг хүндэтгэж явдаг юм. Гэрээр дүүрэн Сүхбаатарын зурагбий. Энэ 23 жилийн хугацаанд Сүхбаатарын талаар олон зүйлийг судалж гаргаж ирсний нэг нь Амгаланд төрснийг нь тогтоосон явдал. Үүнийг бид нар л анх мэдсэн байхгүй юу. Сүүлд нь бид Амгалан дахь Дарь эхийн сүмийн цаад урд талд, гадуураа холуур хашаатай гэрийн буурь байсныг олсон. Энэ бол төрсөн газар нь. Тэгээд 100 жилийн ойгоор нь “Сүхбаатарын төрсөн газар шороо мөн” гэж монгол бичгээр боржин чулуун дээр бичсэн хөшөөг буурин дээр нь босгосон.

-Зарим нэг талаар түүний намтар түүхийг бүдгэрүүлж, дарах асуудал байсан болов уу. Түүний талаар судлахад хэцүү асуудал, аюул заналтай хэр тулгарч байв?

-Аюул занал ч юу байхав. Хамгийн гол нь зарим нь оросоос гаралтай буриад, зарим нь халимаг гаралтай гээд маргалдана, хэрэлдэнэ. Гэрийнхээ гадаа салхинд гараад суухаар зарим нэг архичин намайг зодох гэж, бүр алах гэж оролддог байсан. Түүх бол үнэнээрээ л байх өстой. Үнэнээрээ явбал ялдаг жам бий. Түүх бол үнэний төлөө тэмцсэн шинжлэх ухаан.

Жич: Энэхүү ярилцлага нь 2007 онд хийгдсэн бөгөөд Д.Сүхбаатарын түүхтэй холбоотой маргаантай асуудалтай холбогдуулан насаараа шахам түүний түүхийг судалсан эрдэмтний яриаг  дахин нийтлэв.

1 комментарий: