понедельник, 21 февраля 2011 г.

Элчин сайд Ц.Гүрбадам: Надаас өмнө ЗХУ-д элчин сайдаар ажиллаж байсан 17 хүний 7 нь буюу 40 хувь нь

5 цаг 12 минутын өмнө
Монгол улсын нам, төр, засгийн дээд удирдлагын жолоог бараг хагас зуун жил залуурдаж явсан Ю.Цэдэнбалын алдар гавьяа, алдаа дутагдал, амьдралын гунигт үеийн тухай "Ю.Цэдэнбал:Түүхэн үнэний тухай бодрол" номоо шинжлэх ухааны доктор,профессор Ц.Гүрбадам бүүр 1994 онд хэвлүүлсэн байдаг.  Дурсамжийг зохиогч энэхүү түүхэн хүний удирдлаган дор 1966-1981 онд МАХН-ын Төв Хорооны Аж үйлдвэр, эдийн засгийн байгууллагуудын хэлсийн эрхлэгчээр 15 жил, Прага хотноо "Энх тайван, социализмын асуудал" сэтгүүлд 1981-1984 онд МАХН-ын төлөөлөгчөөр ажиллаж байхдаа түүнийг нэлээд сайн мэддэг болсон бөлгөө. Ялангуяа Монгол улсын шинэ үеийн түүхийг бүтээх үйлсийг удирдан зохион байгуулж, хэзээ ч арилахгүй ул мөрөө мөнхжүүлэн үлдээсэн Ю.Цэдэнбалын амьдралынх нь сүүлчийн гунигт жилүүд болох 1984-1990 онуудад Ц.Гүрбадам түүнийг бүх албан тушаалаас нь хэрхэн өөрчилсөн, дараа нь Москва хотноо яаж амьдарч байсан тухай бодит үнэнийг мэдэх, гэрчлэх цорын ганц Элчин сайд мөн болно.  Ингээд Ц.Гүрбадам Элчин сайдтай уг номоо гаргснаас хойш бараг 20-иод жилийн дараа уулзан ярилцлаа.

-Та ийм сайхан ном гаргаад олон жил болж байгаа юм байна. Түүхэн үнэнийг ойрын гэрчийн хувьд өгүүлсэн энэ номын ач холбогдол одоо ч өндөр юм. Бидний огт мэддэггүй байсан олон зүйлсийг Та анх удаа өгүүлжээ. Таныг энэ дурсамжаа бичихэд юу голлон нөлөөсөн бэ?
-Амьд сэрүүн байхад нь ам өрсөлдөн магтаж байснаа талийгаач болсон хойно нь хараан зүхэж, гүтгэн доромжилжясыг  нь өндөлзүүлэх болсон хүмүүсийн тоонд МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга асан Юмжаагийн Цэдэнбалыг юуны өмнө нэрлэх нь зүйтэй биз ээ. Сайн ч бай, саар ч бай Монгол улсын шинэ үеийн түхийг бүтээлцэж, нам, төрийн удирдлагын жолоог бараг хагас зуун жил барьсан энэ хүний түүхэн үүрэг, хувь заяана тухай сүүлийн хэдэн жил гагцүү буруутгах хандлагаас бичих явдал нэг хэсэг газар авсаан.
Монгол оронд социализм байгуулах гэж "буруу замаар будаа тээлгэсэн", төрөлх эх орноо Зөвлөлтийн колони болгосон, түүний 16 дахь Бүгд найрамдах улс болгох санал тавьж байсан, гадаадын зээл, хөрөнгөнд шүтэж олон тэрбум рублийн өрөнд улсаа унагасан, тэгсэн атлаа улс орны хөгжлийг зогсонги байдалд оруулсан, хүмүүсийг бие даан олигтой сэтгэх чадваргүй, үхээнц, арчаагүй байдалд оруулсан, "сэхээтний эрлэг", гавьяагүй байж Улсын баатар, бусад алдар цол хүртсэн, бэлэг дурсгалын зүйлс, тусгай хангамжинд хэт их хөрөнгө зарцуулж улсыг хохироосон гэхчлэн нэг хүн дааж давахын аргагүйялыг ганцхан Цэдэнбалд тулгаад зогсоогүй бүр сүүлдээ түүнийг эх орноосоо урваж, КГБ-гийн тагнуул болсон гэж ойлгуулахыг ч оролдлоо. Энэ бол тухайн цагтаа манай нам, төрийг толгойлж байсан хүний үйл ажиллагаанд тэр үеийн нийгэм, төр, засгийн тогтолцоотой холбож өгсөн бодит дүгнэлт огтхон ч биш, харин Монгол улсын хөгжлийн бүх бэрхшээл, сул талыг ганцхан хүнд тохох гэсэн оролдлого гэдэг нь ойлгомжтой юм.  Цэдэнбалын эсрэг Монголын нийгмийн бараг бүх давхарга тэмцсэний ачаар гэх юм уу, эсвэл Москва, Уланнбаатарт боловсруулсан хуйвалдааны үр дүнд Ю.Цэдэнбалыг зайлуулсан гэж зарим хүн бичиж байгаа нь түүхэн үнэнд нийцэх үү, эсхүл өөр учир шалтгаан, хүчин зүйлс байсан уугэдэг асуултын үнэн зөв хариуг манай судлаачид хаматын хүчээр олох ёстой.
Энэхүү мөрүүдийг тэрлэгч миний бие тухайн үеийн Намын Төв Хороонд хариуцлагатай ажил хийж байхдаа Цэдэнбал гуайг муугүй мэддэг болсны хувьд ч, 1984-1990 онуудад ЗХУ-д элчин сайдаар ажиллаж байхдаа түүнтэй олонтаа учирч ярилцаж байсны хувьд ч, ер нь нам, төрийн тэогүүн асан хүнтэй холбогдсон олонхи явдалд биечлэн оролцож байсны хувьд чөөрийн мэдэх зүйлсээ бичиж, тэрхүү түүхт хүн чухам хэн байсанталаар өөрийн бодролыг олон түмний сонорт хүргэхээр шийдсэн минь энэ билээ. Цэдэнбал гуайн талаар зориглон бичихэд нөлөөлсөн хэд хэдэн хүчин зүйл бий. Тухайлбал таньдаг хүмүүс, найз нөхөд "энэ тухай дурдатгалаа бичээч" гэж нэг бус удаа хүсэж байсныг хэлэх нь зүйтэй. Өөр бас нэг шалтгаан бий. Төрийн том зүтгэлтнүүд өргөмжлөгдөн гарч ирдэг, цаг үеэ болоход байр сууриа тавьж өгдөг нь жам ёсны ерийн зүйл гэж би үздэг учраас Цэдэнбалын Москвад амьдарч байсан үеийнх нь тухай уншигч олонд хэлье гэж огт бодолгүй дотроо хадгаалж явснаа нуух юун. Түүгээр ч барахгүй хэвлэлд янз бүрийн ярилцлага, дүгнэлт, таамаглал гарахад би юм юмны тав туханд хүрэлгүй түүнийг шүүрч аваад л мэдэмхийрч байх нь зохимжгүй гэж үздэг байсан юм. Гэтэл хүү Зориг нь эцгийнхээ тухай тусгай ном бичиж, түүндээ бодит байдалд туйлын өнгөц хандан санаанаасаа олон юм зохиож, "1984 оны хуйвалдааныг зохион байгуулсан Монголын эрх баригч этгээдүүд", "Монголын Элчин сайдын яам гэдэг бэрх даваа байсан", Монголын Элчин сайдын яам Зөвлөлтийн аюулаас хамгаалахынхны бүх саадыг "гэтлэх гэж гэр бүлээрээ их ядарч зүдэрч байсан, эцгийг минь гадуурхан "эх орноос нь хүчээр хөөж, харь нутагт цөлж, хорионд байлгасан" гэх мэтээр бичсэнийг уншигчид янз бүрээр хүлээж авсан нь мэдээж. Харин миний бие тухайн үед ЗХУ-д элчин сайдаар ажиллаж байсны хувьд олон түмэнд цэгцтэй ойлголт өгөх үүднээс өөрийн мэдэх зүйлст тулгуурлан тухайн нөхцөл байдалд бодитой хариу өгөхсөн гэсэн чин сэтгэл өвөрлөн тэмдээглэлийн дэвтэр, цуглуулсан баримт сэлтээ эргэж харахад хүрсэн минь энэ бүлгээ. Нөгөө талаар Монгол улсын шинэхэн үеийн түүхийн нэгэн чухал зурвас үе 1980-аад оны дундуур болсон үйл явдлуудыг үнэнээр нь бичиж үлдээвэл ирээдүйн түүхчид, судлаачид, улс төрчдөд хэрэг болж юу магад хэмээн улирах цагийн эрхээр бүдгэрэн мартагдаагүй дээр нь аамжин бичихээр санаа шулуудсанаа л хэрэг.

-1984 онд Та хаана ямар алба хашиж байв?
-Хуанлийн хуудаснаа 1984 он, хулгана жил гарлаа. Тэгэхэд би Чехославак улсын нийслэл Прага хотноо "Энх тайван, социализмын асуудал" сэтгүүлд ажиллаж байлаа. Энэ он Монгол улсын түүхэнд, миний хувь заяанд онцгой жил болногэж тэр үед яахин мэдэх билээ.
Социалист ертөнцийн хамгийн нэр хүндтэй тэр сэтгүүлд намаа төлөөлж суусны хувьд тухайн онд тэмдэглэх БНМАУ-ыг тунхагласны 60 жил, Халх голын тулалдаанд ялсны 45 жилийн ойд зориулсан өгүүллүүдийг цаг тухайд нь бичүүлж нийтлүүлэх ёстой гэдгийг л сайн мэдэж байлаа.
Гэвч оны эхний сараас л үйл явад санаанд оромгүй байдлаар өрнөж эхэллээ. Нэгдүгээр сарын 13-ны баасан гарагт ажил тарах дөхөж байтал сэтгүүлийн ерөнхий эрхлэгч, доктор профессор К.И.Зародовын /ЗХУ/ нууц холбооны "ВЧ" утсаар "Улаанбаатараас яаралтай ярия гэж байна" хэмээн надад мэдэгдэв. Намын Төв Хорооны ерөнхий хэлтсийн эрхлэгч Ц.Намсрай дуудуулсан юм санж. Тэр надтай амар мэндээ мэдэлцсэний дараа
-Өөрийг чинь Цэдэнбал дарга даваа гарагийн өглөө Уланнбаатарт бэлэн бай гэсэн шүү гэв. "-Ямар асуудлаар дуудсан юм бол доо, ямар материал очих вэ" гэж лавлавал  "-Юу авч очихоо өөрөө мэднэ биз дээ" гэж хариулав.
Ийм нэгэн учир битүүлэг, яаралтай дуудлага хүлээж авсныхаа дараа олон зүйлийг эргэцүүлэн бодсоноо нуух юун. Юуны өмнөө "миний тухай ямар нэгэн базаахгүй мэдээлэл, матаас очсон юм болов уу даа" гэсэн бодол толгойд зурсхийн оров. Гадаад суугаа хүнийг гэнэт дуудвал ихэвчлэн ажлаас нь халдаг, эсвэл зэмлэж шийтгэдэг нь нэг ёсондоо бичигдээгүй хууль болсон үе байлаа. МАХН-ын төлөөлөгчөөр энэ сэтгүүлд миний өмнө ажиллаж байсан Лхамсүрэн гуайг тэр үед НТХ-ны Улс Төрийн Товчооны орлогч гишүүн болгоод хэдхэн сарын дараа орон тооны цомхотголоор өөрчилсөн гэх учир битүүлэг "шалтгаанаар" халж өөр ажилд шилжүүлсэн байв.
Даваа гарагт би Улаанбаатарт хүрэлцэн ирлээ. Маргааш нь 17-ны өглөө МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ю.Цэдэнбал хүлээн авч уулзав. Өрөөнд нь ороход сууудлаасаа босож ирээд гар барьж мэндэлсэнээ сандал руу зааж намайг суухыг уриад өөрөө урт ширээнийхээ нөгөө талд гарч миний өөдөөс харж суув. Байдлыг нь ажиглавал намайг шийтгэж зэмлэх гээгүй бололтой байсан тул би нэлээд тайвширч "Энх тайван, социализмын асуудал" сэтгүүлийг санхүүжүүлэхэд шаардагдаж буй хөрөнгийн асуудлыг ярив. тэр үед уг сэтгүүлийг коммунист, ажилчны 65 намын нэрээр гаргадаг байсан бөгөөд ЗХУ, Зүүн Европын социаласт орнууд болон Монгол улсын эрх барьдаг намууд санхүүжүүлдэг байв. Жилдээ бараг 30 сая чехословак крон, 2 сая гаруй ам.долларын зардал гаргадаг байсны 47,7 хувийг ЗХУКН, Зүүн Европын социаласт орнуудын намууд тус бүр 9,5 хувийг санхүүжүүүлж байсан билээ. МАХН хамгийн бэл бэнчин багатай нь байсан учраас 4,8 хувийг буюу жилдээ 1,3 сая крон, 100 гаруй мянган доллар өгдөг байлаа. Энэ тоо баримтыг дурдаад улмаар шинэ онд юу хийх гэж байгаа тухайгаа ярьж эхэлтэл Цэдэнбал дарга яриаг минь тасалж  "-Чамайг дуудсаны учир гэвэл өөр ажилд тавих тухай ярих гэсэн юм. Бид чамайг ЗХУ-д элчин сайдаар томилохоор шийдэж байна"  гэв.  Хэзээ ч миний бодож яваагүй, зүүдэнд ч ороогүй ийм ажилд тавихаар төлөвлөж байгааг анх сонсоод би ихэд сандарч юу ч хэлж чадахгүй хэсэг чимээгүй сууснаа  "-Би элчин сайд болох, тэр тусмаа ЗХУ-д элчингээр очиж ажиллах ямар ч бэлтгэлгүй хүн шүү дээ. Энэ бол надад хэт ахадсан, миний хашиж дийлэхгүй алба" гэж шууд л татгалзаж байгаагаа илэрхийллээ.
Цэдэнбал гуай нүднийхээ шилийг арчих зуураа байнга шил зүүдгээс арьс нь нэлээд нялхарч улцайсан нүдээр над руу шигтэн харж, зуршсан заншлаараа хоолойгоо үл мэдэг дуугарган засаад
-Гүрбадам аа. Чамайг ЗХУ-д элчин сайдаар ажиллах бололцоотой хүн гэж үзэж байна. Чи ЗХУ-д дээд сургууль төгссөн, хэл заншлыг нь сайн мэднэ. Аж үйлдвэрийн яам, Намын Төв хороонд ажиллаж байхдаа манай улсын эдийн засгийн байдал, хоёр орны хамтын ажиллагааг тодорхой мэддэг болсон. Прагад байхдаа 60 гаруй намын төлөөлөгчидтэй харьцаж, улс төрийн талаар төдийгүй бас дипломатын талаар ч туршлага хуримтлуулсан гэж бодож байна гэхчлэн томилсон үндэслэлээ гаргаж, миний татгалзсан саналыг няцаах нь тэр. Би ч даргын занг гадарлах тул олон таван юм ярьж татгалзаад явцгүй юм байна гэдгийг ойлгосон.
Цэдэнбал гуай ч яриагаа үргэлжлүүлэн ЗХУ-д ажиллах үедэээ юу анхаарах талаар дэлгэрнгүй ярьж зөвлөгөө өгөөд төгсгөлд нь
-Надад шууд утасдаж ЗХУ-д юу болж буйг тогтмол танилцуулж байгаарай гэж даалгав.
Элчин сайдаар томилогдсоноос гурван сарын дараа буюу зургадугаар сарын 12-14-ний өдрүүдэд болсон ЭЗХТЗ-ийн гишүүн орнуудын дээд хэмжээний эдийн засгийн зөвлөлгөөнд оролцохоор Цэдэнбал тэргүүтэй төлөөлөгчид Москвад ирлээ. Би дипломат ёслолын дэг журмын дагуу тэднийг угтаж, уламжлал ёсоор тэрхүү зөвлөлгөөнд оролцсон. Энэ бол ЭЗХТЗ-ийн хувьд төдийгүй Цэдэнбал гуайн хувьд ч Монголын нам, төрийн тэргүүний хувьд ч албан ёсоор оролцсон уг зөвлөлийн өндөр хэмжээний хамгийн сүүлчийн зөвлөлгөөн байсан юм. Зөвлөлгөөн дээр урьдын адил эдийн засгийн бодлогоо зохицуулж, улам нягтаар уялдуулах, шинжлэх ухаан-техникийн дэвшлийг хамтын хүчээр хурдасгах, капитализмтай эдийн засгийн талаар уралдан ялах, гишүүн орнуудынхаа хөгжлийн түвшинг жигдрүүлэх талаар сүржин том уриа лоозон дэвшүүлсэн боловч урьдын адил тоймтой нэг ч том асуудал шийдвэрлэгдэж чадаагүй юм. Эл дээд хэмжээний зөвлөлгөөнөөс "ЭЗХТЗ-ийн гишүүн орнуудын эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэн гүнзгийрүүлэх тухай Мэдэгдэл", "Энх тайвныг сахих ба олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны тухай ЭЗХТЗ-ийн гишүүн орнуудын Тунхаглал" гэсэн хоёр баримт бичиг гаргасан нь чухамдаа цаасан дээрх шийдвэр болж хоцрох хувь тавилантай байжээ. "СЭВ есть, а урожая нет" /"Тариа тарьсан ч ургац алга"/  гэсэн онигоо энэ байгууллага үүссэн анхны үеэс зохиогдсон нь оргүй зүйл биш байсныг монголчууд бид сүүлдээ л ойлгоцгоосон. Энэ байгууллага бие биедээ харилцан туслах, хоцрогсдыгоо өөд татах зорилготой гэж монголчууд эхний үед үнэхээр итгэж найдаж байсан юм.
Дэлхийд хамгийн олон удаа, хамгийн олон хоног хуралдаж, үг өгүүлбэрийн найрлагаар өдөр шөнөгүй маргаж, хамгийн олон үр ашиггүй шийдвэр гаргасан, хамгийн хүнд сурталтай байгууллага ЭЗХТЗ байсан гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй болов уу. Энэ талаар "Гиннесийн ном"-нд бичсэн ч болох талтай.
Монголын удирдагч Ю.Цэдэнбал ЭЗХТЗ-д асар их найдлага тавьдаг, том хүүгээ хүртэл энэ чиглэлээр мэргэжүүлэн ажиллуулж байсан бөгөөд олон улсын сүциалист хөдөлмөрийн хуваарийн тухай номнолын дагуу эх орныхоо эдийн засгийн салбарын бүтцийг зохицуулан хөгжүүлэх чиглэлийг хатуу баримталдаг байсан юм. Тэр ганцаараа тийм байсан гэж үү? Социалист орнуудын болон манай улсын нэр цуутай эдийн засагчид ч "ЭЗХТЗ" гэсэн "шүтээнтэй" болж түүнийгээ мухар сохроор шүтэн биширч байсан үе л дээ. 1962 онд Монгол улс энэ зөвлөлд гишүүнээр элссэн анхны үеэс л Таван толгойн нүүрснийорд газар, Хөвсгөлийн Бүрэнхааны фосфоритыг өшиглах зэрэг тодорхой олон асуудал, эцсийн дүнд улсаа хоцрогдлоос гаргаж, хөгжлөө бусадтай ойртуулан жигдрүүлэхэд чиглэсэн олон саналыг жил дараалан тавьсаар ирсэн ЭЗХТЗ эцсийн амьсгалааа хураах хүртлээ элдэв шалтаг заан хойшлуулсаар ирсэн түүхтэй.
Зөвлөгөөн дууссаны дараа Цэдэнбал дарга эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх төлөвтэй байснаа больж, "Ардын хувьсгалын 63 жилийн ойн үйл ажиллагаа, улсын наадамд оролцоод эргэж ирж шинжилгээ хийлгэнэ" гэж хэлээд нутаг буцсан юм.

-Тэгээд дарга хэзээ дахин ирсэн хэрэг вэ?
-Цэдэнбал гуай ЗХУ-д ирж амрах ёстой байсан тул бид хүлээж байлаа. Удсан ч үгүй ирэх өдрийг нь Улаанбаатараас надад мэдэгдэв. Бид долдугаар сарын 26-ны өдөр нисэх онгоцны "Внуково-2" гэдэг тусгай буудалд очиж Цэдэнбал гуайг угтаж аваад, Лениний уулан дахь А.Косыгиний гудамжны 59 дүгээр харшид нь хүргэж өгсөн юм. Монголын нам, төрийн удирдагчийн хувьд түүний хийсэн хамгийн сүүлчийн нислэг нь энэ байсныг бид тэр үед яахан мэдэх билээ. Түүний дараа төдий л удсангүй Мичуринский проспект /"Мичуриний өргөн чөлөө"/ гэдэг гудамжны зургадугаар байшинд байдаг эмнэлэгт шинжилгээ хийлгэхээр хэвтсэнийг нь бид байх ёстой ердийн зүйл гэж ойлгож байлаа.  Манай том дарга нар цөм амралтанд явсан, мөн Цэдэнбал гуай өөрөө эмнэлэгт хэвтсэн энэхэн сиймхийг ашиглаж эрүүл мэндийн яаралтай шинжилгээ хийлгэхээр би наймдугаар сарын эхээр Кремлийн эмнэлэгт хэвтээд хэдхэн хонож байтал миний өрөөний утас дуугарав. Харилцуурыг авбал
-Би Моломжамц байна, сайн байна уу? гэсэн танил дуу дэргэдээс ярьж байгаа юм шиг тодхон сонсогдов.
-Сайн байнаа.
-Та сайхан амарч байна у?
Крымээс ярьж байна гэхэд таны дуу надад маш тод сонсогдож байна гэвэл
-Би одоо Москвагаас ярьж байна. Батмөнх дарга бид хоёр Москвад ирээд одоо Крым руу буцах гэж байна хэмээн хариулав. Амарч байгаа атлаа ямар ажлаар хэдийд Москвад ирсэн тухай нь асууж шалгаахад эвгүй юм шиг надад санагдсан тул тэр талаар юу ч асуулгүй ойр зуурын юм ярихаар шийдээд
-Би та нарыг амралтын газраасаа Москвад ирнэ гэж огт сонссонгүй. Манай нөхөд надад энэ тухай хэлээгүйгээс үзвэл тэд ч бас сайн мэдээгүй юм шиг байна.Угтаж авч ч адаагүй тул тун ч эвгүй юм боллоо гэж уучлалт гуйвал Моломжамц гуай
-Тэр яах вэ, зүгээр зүгээр гэснээ дахин юм ч дэлгэрүүлэн ярьсангүй, юу ч тодруулж асуусангүй. Тэгээд "Бидний амралт ч дуусах дөхлөө. Бид ингээд удахгүй буцна" гэх зэрэг ердийн зүйл хэлээд яриагаа төгсгөж билээ.
Би нэлээд гайхаж, "Крымд амарч байсан хүмүүс Москвад чимээ аниргүй гэнэт хүрээдирдэг нь ямар учиртай юм бол доо" гэж эргэцүүлэн бодсоноо хэд хэдэн таамаглал хийсэн юм. Тэгээд ЭСЯ руугаа утасдаж тэдний Москвад ирснийг мэдсэн үгүйг нь лавлаж асуувал "огт мэдээгүй" гэцгээв. Би ЭСЯ-ны элчин зөвлөх Хашбатад
-Хоёр том дарга Крымээс Москвад ирчихээд байхад та нар огт мэдээгүй өнгөрүүлж байдаг нь их сонин юм даа. Тэдэнтэй очиж ууулзаад уучлал гуйгаад үдэж мордуулах нь зүйтэй гэж нэлээд зэмлэнгүй хэлж билээ.
Манай нөхөд ч хоёр даргаа эрж хайж ийш тийш нь нэлээд утасдсан нь мэдээж. Эхлээд л Цэдэнбал гуайнхны сууж байсан харш руу утасдаж бие хамгаалагч нараас нь асууж сурагласнаас гарцаагүй. Тэгээд ч НАХЯ-ны хурандаа Нанзад сэрдхийн сэжиг авч тагнах мэргэжлийнхээ дагуу ажиглалт хийн, НАХЯ-ны сайд, генерал С.Лувсангомбод маш нууц мэдээ өгөхдөө "Даргын өвчний оношийг зориуд хүндрүүлж, түүгээр ямар нэгэн өвөрмөц операц зохиож байж магадгүй шинж байна. Ямар нэгэн эсрэг үйл ажиллагаа явагдаад байна гэж үзэж байна. Та энэ талаар судалж үзнэ үү. "М", "Б" хоёр үүгээр ирээд явсан. Тодорхой хүмүүстэй уулзсан болов уу гэдэг сэтгэгдэл төрүүллээ" гэж мэдэгдсэн ажээ.
Ингэж би ЭСЯ-ны хариуцлагатай ажилтнуудын хамт хоёр даргын учир битүүлэг аялалын нууцыг задалж, тэднийг ч хашир чекистийн хурц хараанд оруулсан удаатай.  Тэр хоёр дараа нь Хар далай, Крым руу буцаж очоод удсан ч үгүй бас л Москвад ирж, сэмхэн Монгол руугаа нисээд явчихсан байсан. Үүнээс хойш удсан ч үгүй ЗХУ, Зүүн Европын социалист орнуудад амарч байсан дарга нар ч шил шилээ хараад яаралтай нутаг руугаа буцаж эхлэв. Мөн л гадаадад амарч НТХ-ны нарийн бичгийн дарга Намсрай нэгэн өдөр миний хэвтэж байсан эмнэлэг рүү утасдахад нь тэр нь тэр бас л Москвад ирснийг мэдэв. Бид хоёр НТХ-нд олон жил хамт ажилласан, насаар онц их ялгаагүй, бие биенээ сайн мэдэх учраас би -Та нар чинь амралтаа ч бүрэн эдлэхгүй, гэнэт л Москвад ирээд, яарч нутаг руугаа буцаад байх боллоо. Юу гээч болоод байна аа? гэж яриа өдөн нэлээд тодорхой ярилцах гэтэл тэр маань бас л  -Би нэг газраас ярьж байна., чи ойлгож байгаа биз дээ? гэсэн тодорхой бус хариу өгөв. Тэгэхэд нь "утсаар ярьж болохгүй нь, яриаг чагнаж байгаа юм байна" гэдгийг би гадарласан. Бид хоёр уулзаж ярилцаагүй, Намсрай нутгаа буцсан байлаа.  Байдал биш боллоо, эмнэлэгт хэвтэж байдаг цаг биш гэдгийг ч би ойлгов... Цэдэнбал гуай эмнэлэгтээ л байв. Би түүнийг очиж эргэхэд биеийн байдал хэвийн, онцын өвчлөөд байгаа зүйл огт ажиглагддаггүй байлаа.  Дарга нар ийнхүү цөм амралтаа дутуу орхиод нугаа буцав. "Би яаралтай нутаг буцаж чадахгүй нь ээ, ууц нуруугаар хатгуулаад дамнуургаар тээлгээд явж байна. Энэ тухай Улаанбаатар руу мэдэгдээч" гэж Зүүн Европын нэг улсаас над руу утасдаж байсан Майдар гуай ч бас буцлаа.
Би жаал амсхийгээд байж байтал наймдугаар сарын 17-ны өдөр үдээс хойш миний утас дуугарахад авч сонсвол НТХ-ны нарийн бичгийн дарга Намсрай ярьж байна. Амар мэндээ мэдэлцсэний дараа "Сайн явж харьсан биз дээ, нутгаар сонин сайхан юу байна" гэж асуухад -Би Москвагаас ярьж байна гэж Намсрай хариулав. Маш их гайхаж цочсон би "юу гэнээ?" гэснээ өөр юм хэлж чадахгүй түгдэрч байтал тэрбээр  -Өөртэй чинь уулзах хэрэг байна. Өөрөө ЭСЯ-ныхаа ойролцоо гудамжинд гараад зогсож байгаарай. "Мол" гэсэн үсгээр эхэлсэн дугаартай, шинэ загварын хар өнгөтэй "Чайка" машин очно. Тэнд суугаад ирээрэй. Өөрийнхөө тэргээр ирэх хэрэггүй" гэлээ... Тэр тэрэг Лениний  уулан дахь А.Косыгиний нэрэмжит гудамжинд байдаг 32 дугаар харшид хүрч очлоо. Миний огт ирж байгаагүй энэ харшид ород нэг өрөөний хаалга тогшиход нэг нэг хүн нээсэн Намсрай дарга байв. Цаана нь бичгийн ширээний ард Моломжамц дарга сууж байгаа нь эжхлээд нүдэнд туслаа. Хажуу талын буйдан дээр Рагчаа гуай бас бас сууж харагдана. Би мэл гайхаж зог тусав. "Бас л хэнд ч мэдэгдэлгүйгээр ирээд ийм олуулаа сууж байдаг нь сонин юм. Тэгээд надтай уулзах гэж нууцаар дуудсан нь ямар учиртай юм бол доо" хэмээн гайхаж эргэлзэх бодол төрлөө...
Дашрамд хэлэхэд Москва дахь манай ЭСЯ-ныхан, мөн олон улсын болон Зөвлөлтийн байгууллагуудад монголчууд эх орондоо болж буй үйл явдал, өндөр албаны хүмүүс халагдах, дэвших зэргийг яагаад ч юм бэ урьдчилан мэдчихээд байдаг тохиолдол бишгүйдээ л гардаг байсан. Тэр ч битгий хэл "Улаанбаатарт ямар өөрчлөлт гарахыг Москва дахь ЭСЯ-ныхнаас асуухад л тодорхой болно" гэсэн явган яриа ч бий.Харин Цэдэнбал гуайг бүх албан тушаалаас нь чөлөөлөх Бүгд хурлыг маш нууц байдалд бэлтгэсэн тул энэ удаа манай ЭСЯ-ныхан түүнийг урьдчилан мэдэж хараахан чадаагүйг зориуд тэмдэглэе.

-МАХН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсоныхоо дараа дөнгөж хоёр сар болоод Батмөнх 1984 оны 10 дугаар сарын сүүлчээр анхныхаа айлчлалыг ЗХУ-д хийж, ЗХУКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, ЗСБНХУ-ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн дарга байсан К.У.Черненкотой уулзаж хэлэлцээр хийсэн билээ. Энэ айлчлал, хэлэлцээр нь ЗХУ-ын нийгмийн амьдралын нэн ээдрээтэй бөгөөд улс төрийн ноцтой хямралд хэдийд ч орж болзошгүй болсон үед таарсан юм. Өмнөх хоёр жил гаруйхны хугацаанд хоёр удирдагч / Л.Брежнев, Ю.Андропов / нь өвчний улмаас талийгаач болж, оронд нь бас л бие муутай, өндөр настай Черненког тавьснаас болоод Зөвлөлтийн олон нийт нэг талаас мэл гайхаж, нөгөө талаас ихээхэн дургүйцэж байсан тийм үе байлаа. "Зөнөсөн өвгөн зөв шийдвэр гаргаж чадахаа байлаа, өнөө маргаашгүй үхэх гэж буй хүмүүсийг л их гүрнийг удирдах суудалд дэвшүүлдэг боллоо. Залуу, ажлын дэвшилтэт арга барилтай хүн нийт Орос орноос олж чадахгүй байна уу?" гэх мэт яриа Москвагийн гудамжинд ч сонсогддог байв....
Олон улсын түгшүүртэй байдал намжиж, ЗХУ, БНХАУ  харилцаагаа хэвийн болгох хэлэлцээр хийж эхлээд байсан боловч Хятадын тал Монголын нутгаас цэргээ гаргахыг Зөвлөлтийн талаас шаардаж , түүнийг "гурван саад бэрхшээл" гэдэг томьёоллынхоо нэг нь гэж үзэж байсан билээ. Манай улс уул асуудалд хандахдаа энэ бол Зөвлөлт, Хятад хоёр улсын биш гагцхүү Монголын засгийн газрын шийдэх асуудал юм гэсэн хатуу байр суурьтай байлаа.
Ийм нөхцөлд ЗХУ-ын шинэ удирдагчтай уулзан танилцахөөрийн орны хөгжлийг хурдасгах, гадаад хүчин зүйлийг тодотгон батжуулах асуудлыг хэлэлцэн тохиролцох нь нам, засгийн шинээр сонгогдсон тэргүүн Батмөнхийн айлчлалын үр дүн болох ёстой байв...
Хэлэлцээ хийх үед Черненко шинэ албанд томилогдоод хагас жил гаруйхан болж байсан бөгөөд бие нь тааруухан бололтой, ядруу царайтай, амьсгаа нь давхцаж цээж нь хэржигнэж байсныг санаж байна... Монгол, Зөвлөлтийн хоёр шинэ удирдагчийн энэ удаагийн уулзалт, хэлэлцээр шийдвэрлэсэн асуудлынхаа хувьд гойд шинэ зүйлгүй, гол нь танилцах зорилготой байсан бөгөөд өмнөх нөхдийнхөө явуулж ирсэн гадаад бодлогын залгамж чанарыг уламжлан авч цаашид үргэлжлүүлнэ. Монгол, зөвлөлтийн харилцааг бүх талаар хөгжүүлнэ гэдгээ хоёр талаасаа илэрхийлсэн нь түүний гол үр дүн юм...
Энэ уулзалт, хэлэлцээр болсноос хойш дөнгөж дөрвөн сар өнгөрлөө. 1985 оны гуравдугаар сарын 11-ний даваа гарагт ... үдийн 14 цагийн орчимд урьд орой нь Черненко нас нөхцсөн тухай радиогоор мэдээлэв. Тэр өдрөө ЗХУКН-ын Төв Хорооны бүгд хурал НТХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар Горбачевыг сонгосон тухай мэдээг ЭСЯ хүлээж авлаа...
ЗХУ-ын шинэ удирдагчаар Горбачев сонгогдсонд би хувьдаа сэтгэл хангалуун байснаа нуух юун. Учир нь гэвэл тэр хүн манай оронд ирж бодит байдлыг нүдээрээ харж, олон хүнтэй уулзаж ярилцсан, заримтай нь нэлээд ойр танилцсан тул Монголын талаар бодит шийдвэр гаргах бололцоотой хүмүүсийн нэг гэж үзэж байв. МАХН-ын XVIII их хуралд ЗХУКН-ын төлөөлөгчдийг тэргүүлж манайд ирэхдээ уул их хуралд тайлан илтгэл тавьсан Цэдэнбалтай уулзан ярилцаж, түүний байдлыг болон зарим нарийн зүйлийг ажиглан ойлгож авснаас гадна 1984 оны VIII сард Батмөнх, Моломжамц, Рагчаа, Намсрай нартай тэр хүний хувь заяаны тухай Москвад хэлэлцэж байсан тул Монголын хуучин, шинэ удирдлагуудын хооронд нь харьцуулан дүгнэх бололцоотой болсон байв. Иймээс ч шинээр дэвшсэн Монголын удирдагчдын үйл ажиллагааг хоёр орны харилцаа болон дэлхийн тавцанд дэмжих ёстой хүн гэсэн найдлага надад төрүүлсэн билээ.

-1984 оны 8 дугаар сард хуралдсан МАХН-ын Төв Хорооны бүгд хурал дуугүй суугчдын хурал болж, нам, төрийн удирдагч байсан Цэдэнбалыг албан тушаалаас нь өөрчилсөнтэй харьцуулж үзвэл 1990 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хуралдаж эхэлсэн бүгд хурал эхнээсээ аваад гойд өөр байдалд болсон билээ. Түүнийг Цэдэнбализмын задралын анхны хурал байсан гэж дүгнэх ёстой.
Бүгд хурал дээр НТХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Батмөнх цаг үеийн байдлыг тодорхойлж, түүнд дүгнэлт хийн, хямралаас гарах талаар УТТ-ны саналыг танилцуулав. МАХН-ын ТХ-ны Улс Төрийн Товчооны гишүүд, орлогч гишүүд,  ТХ-ны нарийн бичгийн дарга нар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох, МАХН-ын Онц их хурлыг 4 дүгээр сард хуралдуулахаар шийдсэн билээ.
П.Очирбат тус бүгд хурал дээр үг хэлэхдээ "Намын нэр хүндээр далайлгаж дураараа аашилж байсан Цэдэнбалын буруу үйл ажиллагааг шүүн хэлэлцэж, намын ариун нэрийг цэвэрлэж авах нь зүйтэй гэж бодож байна. Үүнд: нэгдүгээрт, Намын төв Хорооны 1984 оны VIII бүгд хурлаас Цэдэнбалын талаар өгсөн дүгнэлтийг хүчингүй болгох, хоёрдугаарт, Цэдэнбалд олгосон улсын маршал, улсын баатар, хөдөлмөрийн баатар цолуудыг эргүүлэн авч МАХН-ын гишүүнээс хасах хүртэл арга хэмжээ авах нь зүйтэй" гэсэн санал гаргасныг гишүүд дэмжсэн байдаг. Цэдэнбалыг намын гишүүнээс хөөх тухай санал хэлэлцэх үед би өөрийн онцгой байр суурьтай байсан. Тэгсний учир нь бүх албан тушаалаасаа огцроод, харж хандах хүнгүй харийн газарт ах дүү нараасааа алсад ганцаардаад байхад нь  тэрбээр Монголынхоо ЭСЯ-нд, тухайлбал, элчин сайд надад хандаж тусламж авахаас өөр аргагүй болсон үед нь нигүүлсэнгүй сэтгэлийн үүднээс тусалдаг байсандаа ч биш, энэ хүнийг өмөөрөх  хамгаалах гэсэндээ ч биш байлаа. Гагцхүү тэр хүнийг намаас хөөхдөө Намын Төв Хорооны Бүгд хурал өөрөө намынхаа дүрмийг бүдүүлгээр зөрчиж, гишүүнийхээ, тэр тусмаа Ерөнхий нарийн бичгийн даргаа намаас хөөх асуудлыг өвчтэй байхад нь өөрт нь ганц ч үг хэлэлгүй, ганц ч асуулт тавилгүй гэв гэнэт ар хударгаар нь шийдвэрлэх болсныг би зарчимч хандлага биш, хүмүүнлэг ёс суртахуунд харш зүйл, хүний эрхийг бүдүүлгээр зөрчсөн хэрэг боллоо гэж үзсэнтэй миний онцгой байр суурь холбоотой байлаа... Огцорч байгаа Улс Төрийн Товчоо, оронд нь гарч ирэхийг горилж байсан зарим хүмүүс энэ асуудлыг хэлэлцэхдээ түүхийн үнэнийг хоёрдугаарт тавиад, улс төрийн шинэ хүчнийхний өмнө "ардчилсан" нүүр царайтай болж харагдахыг хичээж байна. " улс төрийн инээдэмт жүжиг" тоглосон гэвэл төдий л хилсдэхгүй биз ээ...
Ингэж НТХ-ны гишүүд бид энэ удаад  Цэдэнбалаас өөрөөс нь асууж зөвшөөрөл авахын "зовлонд" урьдын адил оролгүй "биеэ даан" өөрийнхөө толгойгоор шийдэж, "... МАХН, Монголын ард түмний өмнө хүлээсэн өндөр хариуцлагатай үүргээ хөсөрдүүлсэн Цэдэнбалыг МАХН-ын эгнээнээс хөөсүгэй" гэсэн эцсийн заалт бүхий тогтоолыг гар өргөн батласан юм даа.

-Таныг элчин сайд байхад нэрт эрдэмтэн Л.Гумилев зочлон ирдэг байжээ?
-Тийм ээ. Нэг өдөр нэрт монголч эрдэмтэн "Л.Н.Гумилев гуай манай ЭСЯ-нд ирж надад "Древняя Русь и Великая степь" номоо бэлэглээд "Чингис хаан элч нараа их анхаарч үздэг, хэрэв түүнийг алах юм уу, доромжилсон байвал дайн ч зарладаг байсан" гэх зэргээр бидэнтэй хуучилж сууснаа "Чингис хааны үед элчин хүнийг алах явдлыг зогсоосон юм шүү. Иймд дэлхийн улс орон бүрийн элчин сайдууд нийлж Чингис хаанд алтан хөшөө босгох ёстой" гэж захиж билээ. Тэрбээр өөрийгөө монгол гаралтай гэж үздэг, нэрээн Арсланбек гэж хэлдэг байв. Манай элчин сайдын яаманд ирэхдээ дуртай, бас и тэгээд сэтгэл нь өөр нэг шалтгаан байсан юм. Манай ЭСЯ байрладаг Писемскийн гудамжинд , ЭСЯ-ны байшингийн чанх урд нь Марина Цветаевагийн амьдарч байсан байшин / сүүлдээ гэр музей болсон/  байдаг. Лев Николаевич түүний дэргэдүүр өнгөрөхдөө өөрийн аав, алдарт эрдэмтэн Николай Гумилев, ээж суут яру унайрагч Анна Ахматова нарынхаа туулсан хэцүү бэрх амьдралын тухай, бас  "Бид ЗХУКН-ын Төв Хорооны нөхдүүдтэй ярилцаж ард түмнүүдийн найрамдалд харш утгатай зүйл аль болохоор гаргуулахгүй байх талаар тохиролцсон билээ. Гэвч хэвлэлд чандлага хийхгүй, олон ургальц үзэл бодлыг хориглохгүй гэсэн шинэ уур амьсгал буй болсон тул ЗХУ-ын төрийн төв хэвлэлд ЗХУКН-ын Төв Хороо нь огт мэдээгүй байхад янз бүрийн зүйл хэвлэгдчихдэг л байсан. Жишээлбэл ЗХУ-ын Ардын депутатуудын зөвлөлүүдийн "Известия" сонинд 1989 оны эхээр өр, авлагын тухай онц нууцалдаг байсан мэдээ хэвлэгдсэн нь нэлээд орны олон нийтийг цочирдуулав. Мөн сонинд Литвийн коммунист намын ХХ их хурлын тухай мэдээлсэн сурвалжлагад "Социализм гэдэг юу юм бэ? Энэ бол манан будан юм" гэж ярьцгаасан. Уул асуудлаар надад өөрийн ойлголт бий. Социализм гэдэг бол орос-еврейчүүдийн бий болгосон татар-монголын дарлал юм" гэсэн утгатай зүйл нийтэлсэн байсан.
Социалист орны элчин сайдууд цуглаж, өөр өөрийн орны тухай мэдээлэл хийж, санал солилцдог байлаа. Зөвхөн ЗХУ-д төдийгүй Зүүн Европын сүциалист гэгдэж байсан бүх оронд чухамдаа "ард түмний тайван хувьсгал" болж, тоталитаризм, "намжсан төрийн" захиргаадан удирдах тогтолцооноос парламентын олон ургальч үзэл, иргэний нийгэм, хууль эрхэт төрийн ардчилсан тогтолцоонд шилжиж байв. Энэ шилжилтийыг зөвхөн Румынд зэвсэгт бослогын аргаар ихээхэн цус асгаруулан хэрэгжүүлсэн юм. Тэдгээр оронд цөмөөрөө хуучин социалист бүлэглэлүүдээ авч хаян, "социализм" гэдэг үгнэээс ч айж эмээдэг болсон төдийгүй "шулмасуудын ан" хийх явдал адилхөн өрнөсөн үе байлаа. Хуучин удирдагчдаа шорон гянданд хорьж, хэргийг нь шүүж эхлээд байв.
"Тайван хувьсгалын" үеэр гарч ирсэн шинэ удирдагчид нь төдий л удалгүй хуучин үйлдэл, намтраасаа юм уу, эсхүл түүхэн шинэ нөхцөлд шинэлэг сэтгэхүйгээр ажиллаж чадаагүйгээсээ юм уу нэг мэдэхэд ихэвчлэн огцорч "хуучны нийгэмтэй нүглээрээ холбогдоогүй" гэж гэж үзэгдсэн өөр шинэ хүмүүс гарч ирдэг болсон нь бас нэг түгээмэл үзэгдлийн шинж төлөв олж байсныг би хэвлэл мэдээллээс болон өөрийн анд элчин сайдуудаасаа тодорхой мэдэж байсан билээ.

Ардчиллыг мөрөөдсөн "анхны хараацайнууд"  анхныхаа том ялалтыг тэмдэглэж байсан 1990 оны 3 дугаар сарын эхний өдрүүдэд улс төрийн олон асуудал тодорхойгүй байсан ч гэсэн тун удахгүй намын шинэ ерөнхий нарийн бичгийн дарга, АИХ-ын Тэргүүлэгчдийн шинэ дарга нарын нүүр үзэх цаг ирэх шиг нь байна гэдэг бодол надад төрж байв. Би социалист орнуудад суугаа манай бүх элчин сайдуудын нэгэн адил намын харилцааг хариуцаж, МАХН-ын гадаад харилцааг ЗХУКН-тай холбож байсан юм. Шинээр гарч ирэх дарга нар аль нам, улс төрийн хүчний хүн байх, дотоод, гадаад бодлого нь ямар байх, ЗХУ-д хэрхэн хандах бол гээд олон зүйл тодорхойгүй байлаа. Энэ талаар сэтгэл зовж байсны учир нь миний хувьд юуны өмнө элчин сайд гэсэн алба хашиж байсантай холбоотой. Ямар нэг орны төр, засгийн удирдлага солигдож, улс төрийн бодлого эрс өөрчлөгдөхөд, түүнийг төлөөлөн гадаадад суугаа элчин сайдууд хэлмэгдэж байсныг олон улсын болон Монголын "туршлага"  харуулж байна.
 Миний бие ЗХУ дахь Монголын дипломат байгууллагын 18 дахь тэргүүн болсон юм. Дипломат харилцаа тогтоосны дараах нэлээд олон жилийн туршид Бүрэн эрхт төлөөлөгч, Онц бөгөөд бүрэн эрхт төлөөлөгч гэж элчин саййдыг албан ёсоор нэрлэж байснаа 1950 оноос эхлэн Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд гэдэг болжээ. Энэ үеэс тооцвол миний бие ЗХУ-д Монгол улсаас суугаа 9 дэх Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд байлаа.
 ЗХУ-д Элчин сайдаар томилогдон ажилласан хүмүүсийн түүх намтрыг үзвэл хувь заяа нь янз бүрээр төгссөн, сургамж авах өв их үлдээсэн юм. Монгол улсын ардын засгийн газраас Зөвлөлийн засагт Орос улстай 1921 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр найрамдлын гэрээ байгуулсныхаа дараа өөрийн Элчин сайдыг Москва хотноо илгээн суулгах талаар ихээхэн анхаарал тавьж, олноо өргөгдсөний 12 дугаар оны цагааан сарын 28 буюу европын 1922 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар уул асуудлыг хэлэлцэн Д.Бодоог бүрэн эрхт элчин сайдаар явуулах шийдвэр анх гаргажээ. Тэр үед Орос улсад хэлэлцээр хийхээр очоод байсан Монголын төлөөлөгч нараас ийм хүсэлт Засгийн газар ирүүлсэн байжээ. Гэвч Бодоо "бие өвчтэй"  хэмээн чөлөө гуйсан учир Засгийн газрын 3 дугаар сарын 3-ны өдрийн хуралдаанаар энэ тухай хэлэлцээд оронд нь Цэргийн явдлын яамны дэд сайд Хатанбаатар дархан ван Магсаржавыг тохоон томилж, 3 дугаар сарын 17-ны өдрийн хурлаараа ЭСЯ-ны орон тоог баталж өгчээ. Гэтэл Магсаржав бас л "бие өвчтэй"  гэж чөлөө гуйжээ. Ингээд 3 дугаар сарын 29-ний хурлаар түшээ гүн Ж.Давааг Бүрэн эрх барих төлөөний элчин сайдаар, Н.Жадамбааг зөвлөх түшмэлээр томилоод "шалтгаан зааж, чөлөө мэдүүлж хэрхэвч үл болно"  гэсэн заалт гаргажээ. Ингэж түшээ гүн Даваа Монгол улсаас ЗБНХОУ-д суусан манай анхны Элчин сайд болсон бөгөөд түүний итгэмжлэх жуух бичигт Монгол улсын Гадаад явдлын яамны сайд Б.Цэрэндорж 4 дүгээр сарын 24-ний өдөр гарын үсэг зурж Орос улсын Гадаад хэргийн ардын комиссар Г.В.Чичеринд илгээсэн байна.
 Бүрэн эрх барих төлөөний элчин сайд Даваа үүрэгт ажилдаа ород төдий л удаагүй байтал социалист дөрвөн улс - Орос, Украин, Белорус, Кавказын чанадах Бүгд найрамдах улс нэгдэж 1922 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс /СССР/ байгуулсны дараа ЗХУ-ын хурлын дарга М.И.Калининд 1924 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр шинээр итгэмжлэх жуух бичиг барьснаар түшээ гүн Даваа мөн ЗХУ-д Монгол улсаас суусан анхны элчин сайд болсон юм билээ.
 Тэр үед  зарим зүтгэлтнүүд Орос улсад Элчин сайдаарявж ажиллахаасаа татгалзаж, өвчин зовлон дурьдаж, чөлөө гуйдаг байсан нь нарийн учир шалтгаантай байв. Зарим нь тийш очвол "сайн юм болохгүй"   гэдгийг зөн совингоороо мэдсэн ч байж болох юм. ЗХУ-д элчин сайдаар ажиллаж байсан манай олон дипломатын хувь заяа нэн гунигтайгаар төгссөн явдал үүнийг нотлох биз ээ. Надаас өмнө ЗХУ-д элчин сайдаар ажиллаж байсан 17 хүний 7 нь буюу 40 хувь нь "улс төрийн хэрэгтэн"  болж, алтан амиа алдсан ажээ.
 
http://shudarga.mn/images/shudarga/%D0%BC%D0%BE%D0%BD%D1%86%D0%B0%D0%BC%D1%8D.gif

Комментариев нет:

Отправить комментарий