суббота, 26 февраля 2011 г.

Орос орны хар энерги



Зохиолч Владимир Сорокиноос Орос орон дахь үзэл бодлын эрх чөлөө­ний талаарх бодол, Путиний сөрөг хүчин, Барууныхны тоомжиргүй байдлын тухай Германы “Шпийгель“ сэтгүүл саяхан ярилцлага авчээ. Ярилцлагыг бүрэн эхээр нь нийтэллээ.
 - Ноён, Сорокин, та “Опричниксийн өдрүүд“ номондоо нэг хүний дэглэмт Орос орны тухай бичжээ. Үйл явдал ирээдүйд өрнөж байгаа боловч түүнийг өнгөрсөн үеийн догшин Иваны үеийнхтэй зүйрлэжээ. Үнэндээ та өнөөгийн Орос орны тухай өгүүлсэн юм биш үү?
- Мэдээж хэрэг орчин үеийн тухай өгүүлж байгаа л даа. Түүнийгээ харин хошин шог аястай гаргасан юм. Бид ямар ч гэсэн Догшин Иваны байгуулсан оронд амьдарч байгаа шүү дээ.  - Тэр хүн XVI зуунд улс орноо захирч байсан. Хаант засгийн дараа ЗХУ бий болсон. Тэгээд Ельцин, Путинтэй хамт ардчилал эхэлсэн шүү дээ. Өнгөрсөн үе одоо дуусгавар болох болоогүй гэж үү?  - Ард түмэн, төр хоёрын хоорондох хуваагдал огт өөрчлөгдөөгүй. Төр ард түмнээс бүхнийг төрдөө зориулахыг шаардаж байна.
 - Таны номон дахь ганцаар захирагч чинь Ерөнхийлөгч Владимир Путин үү?
- ... энэ бол миний бодол биш л дээ. Путиний тухай хошин шог тийм ч сонин биш. Би сэтгүүлч биш, зохиолч хүн. Тэгээд ч роман гэдэг баримтын цуглуулга биш. Би номондоо Орос орны юу нь жинхэнэ ардчиллаас ялгарч байгааг л гаргах гэсэн юм.
 - Тэгээд та ямар тайлбар олов доо?
- Нэг герман, нэг франц, нэг англи хүн “Төр гэдэг чинь би“ гэж батлацгаахыг оролдоно. Би бол тэгж чадахгүй. Орос оронд зөвхөн Кремльд байгаа хүн л үүнийг хэлж чадна. Бусад иргэн тэдний хувьд юу бодсоноороо хөдөлгөж болох хүн-материал гэсэн үг.
 - Өнөөгийн Орос орон дахь дээд доод давхаргын ялгааг та давж болшгүй зүйл хэмээн бодож байна уу?
- Манайд юм бүхнийг хийж болдог онцгой хүмүүс байдаг юм. Тэд бол засгийн дээд хэргэмтэн. Ийм хэргэмгүй хүн бол төр засгийн өөдөөс амаа хумхиад суухаас өөр аргагүй. Хүн хөрөнгөтэй байж болно. Яг Михаил Ходорковскийн байсан шиг. Тэгэхдээ агшин зуур бүхнээ алдаад шоронд орж болно. Ходорковскийн явдал бол миний тодорхойлж буй “Опричнина”, дарангуйллын тогтолцооны сонгодог жишээ.
 - Таны номонд Ходорковский шиг хүн гарах уу?
- Иймэрхүү дүрийн тухай бодоогүй юм байна. Гэхдээ нэгэн баян айлд дайрч орж ирж байгаа тухай өгүүлнэ. Энэ ч бараг өдөр тутмын үзэгдэл. Орос оронд бүх л үед ийм л байсан. Засгийн эрх баригчийн итгэлтэй анд л баян хүн байж болно.
 - Таны уран зохиолын аргаар дүрсэлсэн зургийг ихэс дээдэс хараад хэр таалж байна даа?
- Миний номыг ширүүн хүлээж авч байна. Би энэ бүхнийг цаасан дээр буулгахаас өөр зүйлийг хийж чадахгүй л дээ. Аль хэдийнээс би энэ хүслээ сэтгэлдээ тээж ирсэн юм. Харин үүнийгээ цаасан дээр буулгахад ердөө л гурван сар зарцуулсан.
 - Яахаараа та тэгж яарах болоов?
   - Төрийн төлөө гэсэн бодол хэзээ ч бидний сэтгэл зүрхэнд байдаг юм. Брежневийн үед ч, Андроповын үед ч, Горбачев болон Ельцины үед ч тэдний бодол санааг өөрийнхөө үгээр гаргаж ирэхийг хичээж байсан юм. Би зохиолч хүн шүү дээ. Москвагийн доодчуул миний зохиолч болохыг андахгүй. Тэнд улс төрийн хувьд намч бус байдаг юм. Бид ийм нэг онигоо ярьцгаадаг байлаа. “Германы цэргүүд Парист орж иржээ. Гэтэл Пикассо суучихсан алим зурж байх юм гэнэ. Энэ бол бидний зарчим. Чи суугаад алимаа л зурах ёстой. Чиний эргэн тойронд юу болж байгаа нь чамд ердөө ч падгүй хэрэг.” Тавин нас хүртлээ би энэ зарчмыг баримталсан. Одоо бол миний дотор хүн сэрсэн.
 - Таны романууд ихэвчлэн хүчирхийллийн тухай өгүүлсэн байх юм. “Мөс“ романд тухайлбал хүмүүсийг мөсөн алхаар тамлаж байгаа тухай гардаг.
- Хүүхэд байхдаа би хүчирхийллийг байгалийн хуулийн нэг хэлбэр юм хэмээн боддог байсан. ЗХУ-ын нэг хүний дэглэмийн үед дарангуйллын хүчээр улс орныг захирч байлаа. Дарангуйлал манай орны хар энерги болж байлаа. Үүнийг би хүүхдийн цэцэрлэг, сургуульд байхдаа мэдэрч эхэлсэн юм. Хожим нь би хүн төрөлхтөн хүчирхийлэлгүйгээр яагаад байж болдоггүйг ойлгох гэж хичээлээ. Энэ асуултын хариуг би одоо ч олоогүй л явна. Тийм дээ л хүчирхийлэл гэдэг миний хувьд том сэдэв.  
     - Энэ хар энерги өнөөгийн Орос оронд хэрхэн илэрч байна даа?
- Хүнд сурталтан бүхний дотор хар энерги оршиж байна. Та нэг шалихгүй түшмэл дээр очиход л энэ хар энергийг мэдэрнэ. Тэр танаас дээгүүр байгааг, бүх юм түүнээс шалтгаалах болохыг ойлгож эхэлнэ. Энэ нь Кремлийг чиглэсэн их засаглалын сэтгэлгээ юм. Эзэнт улс гэдэг ард түмнээсээ үргэлж өргөл барьц шаардаж байдаг шүү дээ.
 - Ингэхэд та илэн далангүй бичдэг, сэтгүүлч эмэгтэй Анна Поликовскаягийн үхлийн талаар юм мэдэхгүй юү?
- Хэрвээ барууны ертөнцөөс бүрмөсөн тусгаарлаад, дахиад төмөр хөшгөө хааж орхивол Орос оронд юу болох бол хэмээн би төсөөлж үзсэн л дээ. Орос орон нэг цайз болох тухай их ярьдаг. Ортодоксын сүм, нэг хүний дарангуйлал, ард түмний өвөрмөц онцлог энэ бүхэн төрийн үзэл бодлыг бүрэлдүүлэх болно. Орос орон өнгөрсөн үедээ гүйцэгдэж, өнгөрсөн үе маань тэгээд бидний ирээдүй болох болно.
 - Даяарчлагдсан ертөнцөд ийм ухралт хэр бодитой юм бол?
- Путин “Орос орон зөвхөн хоёр холбоотонтой. Нэг нь арми, нөгөө нь усан цэрэг“ гэсэн Александр III хааны үгийг үргэлж иш татдаг. Иргэн хүний хувьд энэ үг содон сонсогдож байгаа юм. Энэ бол өөрийгөө тусгаарлах, батлан хамгаалалтаа зузаатгах бодлого. Орос орон дайснаар хүрээлэгдсэн хэмээн үзэж байгаа хэрэг. Би ТВ –ээ асаахад нэг генерал манай пуужин Америкийн хамгийн шинэ загвараас гурваас таван жилээр түрүүлж байгаа тухай сэтгэл хангалуун ярьж байна. Хар дарсан зүүд л гэсэн үг. Яг л Зөвлөлт засгийн үед байсан шигээ дайсныхаа дүрийг бүтээж байна. Энэ бол нэг том алхам ухарч байгаа хэрэг.
 - Одоогийн Кремлийн багийнханд таны итгэл огтхон ч төрөхгүй байна гэж үү?
- Энэ бол тэдний буруу, минийх биш. Зөвлөлт засагт бүх зүйл гайхамшигтай байсан болохыг ТВ маань сургамжилж байна. КГБ болон Аппарачикс нь жинхэнэ ариун гэгээн элч байжээ. Сталины үед баатруудынх нь алдрыг өнөөдөр ч бид тэмдэглэж байгаа сайхан үе байжээ.
 - Орос орны домогт сэхээтнүүд яагаад үүний эсрэг босохгүй байгаа юм бол?
- Энэ л харин тун гайхалтай. Манай чөлөөт үзэл бодлын төлөө тэмцэгчид Александр Солженицинаас эхлээд бүгдээрээ – зохиолч, цагаачлагчид, хүний эрхийн төлөө тэмцэгчид – зөвхөн нэг л зүйлийн төлөө зөвлөлт засаглалыг унагаахын төлөө тэмцэж байсан нь миний бодлоос огтхон ч гардаггүй юм. Гэтэл одоо бүгдээрээ дуугүй болчихож.
 - Дэлхийн шатрын аварга асан Гарри Каспаровын талаар та ямар бодолтой байдаг вэ? Тэр хүн нэг сөрөг хүчин босгох гэж оролдож байсан шиг санагдах юм.
- Би түүнийг болоод Ерөнхий сайд асан Михаил Кассианов эсвэл Ирина Чакамада нарын сөрөг хүчнийхнийг хүндэтгэж байдаг. Гэхдээ энэ улс төрчид ихэнх хүмүүсийн сэтгэлд оршин тогтнохоо хэдийнэ больжээ. Гайгүй сайндаа л интернэтэд тавигдсан байгаа. Өглөө нь төрийн мэдээллийн хэрэгслээр Кассианов Оросын хотуудаар явж, хүн ардтай ярилцлаа хэмээн гарвал энэ тэр газрын дарга нөгөөдөр нь өөр ажил хайхаас өөр аргагүйд хүрнэ.
 - Тэгээд юу хийж болохсон бол?
- Дээрээс нэг өөрчлөлт хийх тушаал буулгана хэмээн бодвол горьдсоны гарз болно. Хүнд суртлыг бат бөх үндэслүүлж, авлигыг өргөн дэлгэр болгосон энэ хүмүүс ямар ч өөрчлөлт хийх бодолгүй байгаа.
 - Тэгэхлээр бүх юм горьдлогогүй хэрэг үү?
- Хүн бүхэн төрийн төлөө гэсэн бодлоо сэргээх хэрэгтэй. “Орос оронд олон санаа бодол байна, харин олигтой сайн нь цөөхөн ажээ” хэмээн Оросын гүн ухаантан Николай Бердяев нэг удаа хэлсэн юм. Хорьдугаар зуун бүхэлдээ ийм байсан. Дөнгөж сүүлийн 15 жилээс л оросууд царай зүсээ гоодож, цадталаа идэхтэйгээ болсон. Гэхдээ цатгалан хүн нойрмог байдаг л даа. Оюутнууд хичээлдээ сонирхолгүй байдаг нь ч үүгээр тайлбарлагдах билээ. Манай оронд байгаа шиг ийм үхээнц байдал өөр хаана ч үгүй шүү дээ.
 - Танай орны хүмүүс ер нь танд таалагддаг уу? Та их гутранги байх юм.
- Ард түмэн гэдэг үг надад таагүй байдаг. Зөвлөлтийн ард түмэн гэдэг ойлголт хүүхэд ахуй цагаас минь л улиг болж орхисон юм. Би тодорхой хүмүүст, юмны учир ойлгосон, ухамсартай амьдардаг, аялдан дагалдагч бус хүмүүст хайртай. Ард түмнийг хайрлахын тулд Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга эсвэл ганцаар захирагч байх хэрэгтэй. Яруу найрагч Йосеф Бродски нэг удаа „Миний хувьд ойгоос илүү моднууд чухал“ гэж хэлсэн байдаг.
 - Та бол газрын тосны инженер хүн. Белорусстай хийсэн байгалийн хий, газрын тосны маргаант явдал Москвагийн Их гүрний үзлээс болсон гэж та бодож байна уу?
- Гүрж, Азербайджан, Балтийн хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсууд одоо биеэ даасан гэдэгт манай Засгийн газар нэг л дасаж өгөхгүй байгаа юм. Миний дипломын ажлын сэдэв газрын тосны хоолойг дуртай газраараа хаах боломжийг хөгжүүлэх тухай байсан юм.
 - Таны энэ талын мэдлэг номонд тань тусгалаа олсон уу?
- Тийм ээ. „Хааны зарлиг ёсоор бид газрын тосны хоолойг хаав “ гэсэн нэг мөр байгаа.
 - Канцлер Ангела Меркелиэс эхлээд Германы улс төрчид Оросын засгийн газартай хэрхэн харьцах нь зохистой вэ?
- Барууныхан хүний эрхийн талаар хүчтэйхэн сануулах хэрэгтэй. Хэдий найр тавилаа ч гэсэн ер нь Орос орон ардчилал руу явж байна уу гэдгийг би асуумаар байна. Би бол үгүй гэж бодож байна! Орос орон алхам алхмаар нэг хүний засаглал руу эргэн орж байна. Бидэнд тохиолдож болох хамгийн муу зүйл гэвэл барууныхан газрын тос, байгалийн хийнээс өөр зүйл сонирхохоо больж тоомжиргүй загнаж болох юм. Би Германы ТВ-ээр цаг уурын мэдээ үзэх бүрдээ гайхдаг юм. Европын газрын зураг гаргана, тэгээд дурангаа цааш гүйлгэн Киев, дараа нь Москваг үзүүлээд л болоо. Барууныхан манай орны талаар нэг ийм л төсөөлөлтэй байгаа юм. Яг л Москвагаас цааш бүдүүлэг Орос орон эхэлж байгаа юм, тийшээ өнгийх ч хэрэггүй гэсэн байртай. Энэ бол том алдаа.
 - Герман оронд ч бас төрдөө иймэрхүү ханддаг байсан юм. Нацист диктатурын дараа өөрчлөгдсөн. Өнөөдөр төр гэдэг манай нийгэмд яг л Америкийнх шиг тун бага үүрэг гүйцэтгэдэг.
- Энэ чинь л ардчилал шүү дээ. Оросын зохиолч Владимир Набоков нэг удаа: „Ерөнхийлөгчийн зураг шуудангийн маркнаас төдий л томгүй болохыг ардчилал гэнэ“ гэсэн билээ. Манайд энэ хүртэл ч өдий байна даа.
Бичсэн А.Цэрэнчулуун  

Комментариев нет:

Отправить комментарий