суббота, 26 февраля 2011 г.

Александр Солженицын: Гулаг Ольтриг.6

байгаагүй. Тэгээд хоригдлууд надад цувааны бүх харгалзагчид танай аав шиг
болоосой гэж ярьдаг байсан гэж” гэж тэр дурсдаг…
Дайны дараа ВОХР-ын харгалзагч нар өөрсдийнхөө ажлыг мөн “ял” гэж ярьдаг
болсон байв. Тэгээд тэд “ялаа дуусгаад” гэж ярьдаг байв. Тэд өөрсдийнөө ажлын
гутамшигтайг мэддэг, тиймээс бусад хүмүүс, гэр бүлийнхэндээ ажлынхаа талаар
хэлдэггүй байв. Ортауд нэг харгалзагч КВЧ-ээс хулгай хийж албанаасаа
чөлөөлөгдөж, түүнд ял тулгасан ч тэр тэр дорхноо өршөөлөөр суллагдав. Бусад
цувааны харуулууд түүнд атаархан: тэр ч аргаа олжээ. Ухаантай золиг хэмээн
ярилцацгааж байв. Н.Столяреваг оргох үед нь нэг харгалзагч түүнийг баривчилсан
хэдий ч энэ тухай лагерьт мэдээлэлгүй нууж өнгөрөөсөн. Нэг зечкаг ачлагаар өөр
лагерьлуу илгээх болсонд түүнд дурласан харгалзагч өөрийгөө буудсан юм.
Эмэгтэйчүүдийн лагерьт хатуу ширүүн харгис байдал газар авахаас өмнө эмэгтэй
хоригдлууд, харгалзагч нарын хооронд янз бүрийн хүмүүнлэг, ойлголцсон, хайр
сэтгэлийн харилцаа хүртэл байсан юм. Манайх шиг агуу улс хүртэл сайн сайхныг,
хайр сэтгэлийг хаа сайгүй бүрэн дарж устгаж чадахгүй байсан юм…
Хорин нэгдүгээр бүлэг
Лагерын ойролцоо
Өмхийрсөн мах зөвхөн тэрүүхэн тэндээ өмхийрөөд зогсохгүй эргэн тойрондоо
хүртэл өмхий үнэртэй молекулын үүлтэй байдаг. Түүний нэгэн адил ольтригын арал
болгоны эргэн тойронд өмхий бүс байсан юм. Энэ зоон нь ольтригоосоо ч илүү
өргөн хэмжээтэй байлаа… Засгийн газар хоригдлуудыг уриа лоозон, соёл
боловсролын секц, захидал харилцааны цензур, аюулгүй байдлын албаны дарга
зэргээр дамжуулан засгийн газар хоригдлуудыг хүмүүжүүлэх гэж оролдсон бол
харин хоригдлууд лагерыг тойрсон хүрээлэн амьдрагсдаар дамжуулан улс орныг
тэр чигт нь өөрийг нь маш хурдан хүмүүжүүлсэн юм. Хулгайч нарын философ эхний
ээлжинд зөвхөн ольтриг дотроо л түгсэн бол удалгүй түүнээс хальж өөр илүү хүчтэй
үзэл санаа идеологи байхгүй Бүх-Холбоотын үзэл санааны орон зайг түрэн эзэлсэн
юм. Ийнхүү ольтриг өөрийг нь бүтээн байгуулсны хариу өшөөг ЗХУ-аас авсан юм.
Ийнхүү харгис, ширүүн байдал нь хариу үр нөлөөгөө үзүүлж, хямд төсөв, үнэгүй
аргаар юм олох гэснийхээ хариуг илүү өндөр үнээр төлсөн. Эдгээр газрын нэрийг
жагсааж бичнэ гэдэг бол ольтригийг бараг бүхэлд нь нэрлэж бичихтэй адил юм.
Хорих лагерь болгоны хажууханд эрх чөлөөт хүмүүс амьдардаг байлаа. Заримдаа
тэр нь мод боловсруулах туслах газар байдаг бөгөөд хэдэн жил байж байгаад
лагерь, хоригдлууд тэндээс нүүж, алга блохын хамт алга болдог. Эсвэл зарим нь
доошоо үндсээ тэлж, өөрийн гэсэн нэртэй хотхон, тосгон болж тэндээ үлддэг байв.
Эдгээр суурингуудаас нилээн олон томоохон, олны мэддэг хотууд үүсэн гарсан.
Тухайлбал: Магадан, Дудинка, Игарка, Темир-Тау, Балхаш, Жезказган, Ангрен,
Тайшет, Братск, Советская Гаван. Эдгээр хотууд улсын зах хязгаарт биш харин
зарим нь улс орны цээжин дээр, зүрхэн тушаа газар цогцолсон. Москвад хүртэл
хорих лагерын хэсэг байсан юм: тэндээс хүмүүс лагериас хүмүүс оройд нь
троллейбусанд сууж гэртээ харьж, өглөө нь мөн троллейбусаар ажилдаа явдаг
байв. Кизел гэх мэт хотуудад ганц биш харин нилээн олон лагер тал талд нь
байршиснаас тэдгээр нь бараг ольтригийн мужын төв шиг болдог байв. Тийм хотод
хорих лагерын уур амьсгал нэвт шингэнэ: хорих лагерын офицерууд, харуул,
хуягууд хотын гудамжаар нааш цаашаа алхацгааж, хорихын захиргаа хотын
томоохон байрнуудад байрлана. Хотын бүхий л автобусны шугам хотын төвөөс
хорих лагерь хүртэл дайрч явна. Хотын иргэд хорих лагерьтай холбоотой ажил
хийж хоолоо залгуулна.
Ольтригын хамгийн том мужын төв нь Караганда байсан юм. Энэ хот өмнө нь
хоригдож байсан хүмүүс, цөллөгийнхнөөр дүүрэн байсан тул суллагдсан хал
хоригдол гудамжинд өмнө нь цуг хоригдож байсан хэн нэгэнтэй тааралдалгүйгээр
гудамж гарах аргагүй байдаг байв. Хотод хэд хэдэн хорих лагерын удирдлага
байрших бөгөөд, хотыг тойрон зөндөө олон лагериуд далайн элс шиг бүчин
байрласан байв. Лагерын ойролцоо хэн амьдардаг вэ? 1. Орон нутгийн уугуул иргэд
(уугуул иргэдээс хэн ч үлдээгүй байж магад) 2. ВОХР- Цэрэгжсэн лагерын
харуулууд, 3. Лагерын офицерууд, тэдний гэр бүлийнхэн. 4. Хуягууд, тэдний гэр
бүлийнхэн 5. Суллагдсан хоригдлууд 6. янз бүрийн өөр тийшээ явах эрхгүй хөл
хориотой иргэд 7. лагерын захиргааныхан 8. Чөлөөт иргэн ажилчид буюу волняшки
нар…
Хорин хоёрдугаар бүлэг
Бид бүтээн босгож байна
Лагерын тухай бүхнийг хэлсний дараа чи: Одоо больж үз. Хангалттай. Ингэхэд
хоригдлуудын ажил улсад ашигтай байсан юм байгаа биз дээ? Хэрвээ ашигггүй
байсан юм бол бүхэл бүтэн ольтриг тогтоон барьж байх ямар хэрэг байсан юм бэ
гэж суух болно. Энэ асуутын хариултын аль аль талыг лагериудаас харж болох
байсан бөгөөд энэ талаар хоригдлууд бид маргалдах дуртай байв. Хэрвээ удирдагч
нарт итгэдэг бол үүнд маргаад байх зүйл байхгүй. Хоригдлуудын хөдөлмөрийг
ашиглах тухай асуудлаар нөхөр Молотов, нэгэн цагт ЗХУ-ын 2-р номерын хүн
байсан тэрээр ЗСБНХУ-ын Зөвлөлүүдийн 6-р конгресс дээр “Бид өмнө нь
ашигласан. Бид одоо ашиглаж байгаа. Бид ирээдүйд ч ашиглах болно. Энэ бол
нийгэмд ашигтай. Энэ бол гэмт хэрэгтнүүдэд ч хэрэгтэй” гэж хэлж байсан юм.
Сталины он жилүүдийн туршид хоригдлуудыг ажилуулах нь улс оронд ашигтай
гэдэгт улс огтхон ч эргэлзэж байгаагүй юм. Шударга ёсноос илүүтэй эдийн засгийн
ашгийг тэргүүнд тавьж байсан юм. Дээрх асуултанд хариулахын тулд түүнийг хоёр
хэсэг болгон хариулж үзье: Улс төр болон нийгмийн хувьд лагериудыг зөвтгөх
үндэслэл байна уу? Эдийн засгийн хувьд лагериуд байгааг зөвтгөх зүйлс байна уу?
Лагериуд өөрсдийнхөө төлбөрийг хийж чадаж байсан уу?
Эхний асуултанд хариулахад төвөггүй. Сталины хувьд сая сая хүнийг айлгахын
тулд Сталины хувьд гулаг ашигтай байсан юм. Ийнхүү улс төрийн хувьд ашигтай нь
харагдаж байна. Лагериуд нь мөн нийгмийн өөр нэг давхарга, тоолохын аргагүй
олон тооны офицерууд ... ар талд “цэргийн алба” хаах боломж олгосноороо тэдэнд
ашигтай байв... Лагерлуу явуулах нь улс төрийн ач холбогдлоосоо хэтэрч, айлган
сүрүүлэх арга хэрэгслээсээ удалгүй давж гарсан. Эдийн засгийн хувьд ашигтай,
хэрэгцээтэй болох нь тодорхой болсон (магадгүй ганцхан Сталины хувьд, түүний
тооцоогоор) 1930-аад оноос сувгуудыг ухахад лагериудыг дайчилж ашглаж
эхэлсэн. Шүүх танхимыг үнэндээ гэмт хэргийн гаралт ихсэж биш харин эдийн
засгийн хэрэгцээ шаардлага шүүгчдийг ажилд оруулдаг байсан юм. Беломор
каналын төслийг хэрэгжүүлж эхлэх үед Соловецкий арлын зекүүд дорхноо дутагдаж
эхэлсэн. Тэгмэгц улс төрийн хоригдлуудад 3 жил өгөх нь чамлалттай санагдаж 5
жил өгдөг болсон. Ингэснээр 5 жилийн төлөвлөгөөгөө ч бас хийлгүүлээд авна.
Лагериуд эдийн засагт ашигтай гэдгийг социализмийн өвөө Томас Мор хүртэл
тэртээ дээрээс олж харан Утопиа хэмээх зохиолдоо бичсэн байсан юм.
Социализмын үед хэн ч хийхгүй тэр их ажил, хүнд хүчир ажлыг зекүүдээс өөр
хийлгэх хүн байгаагүй юм. Олон жилийн туршид сургууль, цэцэрлэг, эмнэлэг
дэлгүүр барьж чадахгүй байсан газар зекүүдийг ажилуулж болох байв. Ийнхүү
цэцэглэсэн 20-р зууны бүтээн байгуулалтыг хүрз, лоомоор байгуулж эхэлсэн. Агуу
Беломор каналд автомашин хүртэл ховор байсан юм. Бүх зүйлийг тэдний
ярьдагаар “унгасны хүчээр” хийж байв. Беломорын сувгаас 7 дахин том Москва-
Волгын сувгийг: 80 миль газар 16 фут гүн, 280 фут өргөнтэйгээр ухаж байгуулах
ажлыг ердөө л хүрз, лоом, түрдэг тэргээр гүйцэтгэсэн юм. Хоригдлоос өөр хэн
өдөрт 10 цаг мод цавчиж, өглөө оройд лагериасаа 5 км газар маршалж, - 20 хэмийн
хүйтэнд жилд ердөө л 5 сарын 1, 11 сарын 7-оос өөр амрах өдөргүйгээр (Волголаг,
1937 он) ажиллах билээ дээ… Зекүүд хот тосгонуудыг байгуулж, зам тавьж,
цахилгааны шугам татаж, төмөр зам тавьж байв. Боолын хөдөлмөрийн төлөө
төлбөр хийхгүй болохоор лагериуд маш ашигтай байсан юм… Хэн ч тэдний шарил
дээрх гантиг чулуун дээр тэдний мартагдсан нэрийг сийлээгүй… 1924 онд
ольтригийн арлуудыг аж ахуйн хувьд бие даах ёстой гэсэн шийд гарсан. Үүнийг тэд
хоригдлуудын ажлын нормыг нэмэгдүүлж, хоолыг нь хасаж шийдсэн юм. 1931 онд
украйны лагерын захиргаа дараа жилийн ажлын нормыг өнгөсөн жилийнхээс шууд
242 хувиар нэмэгдүүлэх шийд гаргаж байв. 242 хувь… Хоригдлуудын бүтээн
байгуулалт анхны 5 жилээс Хрушевын үеийг хүртэл үргэлжилсэн юм. Би энд зөвхөн
нэрсийг нь маш цөөнийг дурдаж эхлүүлээд л орхие:
- Блемор канал 1932
- Москва-Волга- 36
- Волга-Доны суваг 52
- …
- Транс Сибирийн төмөр зам 1933-1935 он. 2500 миль (монголд байгаа төмөр
зам үүнд орж байгаа)
- Улаанбаатар хүртэлх төмөр зам, Монгол дахь цардмал автозамууд. (Төмөр
замыг тавьж байх үед, цэргийн харуулгүй ажиллаж байсан хоригдлууд
өөрсдийгөө монголчуудыг хэрвээ асуувал өөрсдийгөө “Комсомолын гишүүд,
сайн дурынхан” байна гэж хэлэх ёстой гэж тушаасан байв. Монголчууд энэ
тухай сонсоод “төмөр замаа буцааж аваад, хонинуудыг маань буцааж өг” гэж
хэлдэг байв.)
- Ломоносвын Нэрэмжит Москвагын Их сургууль, 50-53 он
- ….
Хоригдлууд ажил хийж байгаагүй ямар ч хот байгаагүй юм. Үнэндээ хоригдлуудын
ажиллаж байгаагүй мэргэжлийг тоолох нь илүү хялбар болно. Тэднийг гагцхүү:
сосиск, чихэр дээр л ажилуулж байгаагүй юм.
Дөрөвдүгээр хэсэг
СЭТГЭЛ БА ӨРГӨСТ ТОР
Нэгдүгээр бүлэг
Бидний боомилогдсон эрх чөлөө
Манайд эрх чөлөө ингэхэд ямархуу байсан бэ? Ямар гээч улс дотроо ийм
ольтригийг хэдэн арван жилийн турш авч явна вэ? Чөлөөт амьдрал ямар онцлогтой
байсныг дурдъя:
1. Байнгын айдас: Уншигч хэдийн танилцсанчлан ольтригруу аваачих давалгаа 35,
37, 49 онуудаар дуусаагүй юм. Дайчилгаа байнга явагддаг байлаа. Хүмүүс цаг
ямагт үхэж, төрж байдаг шиг, хүмүүс цаг ямагт баривчлагддаг байв. Заримдаа
ойрын хүн, заримдаа холын хүн. Заримдаа өөрт нь юу ч заналхийлээгүй гэж
өөрийгөө хуурч бодно, заримдаа өөрөө нөгөө гүйцэтгэгч зандалчин нь болчихсон
байна. Манай улсын ямар ч хүн, фермэрээс, Улс төрийн товчооны гишүүн хүртэл
ганц хайнга үг, дохио зангаа түүнийг ангалруу хийсгэх болно гэдгийг маш сайн
мэддэг байв. Ольтригийн хүн бүрийн хөл доор ерөнхий ажил гэсэн ангал байдгийн
адил, энгийн үн бүрийн хөл доор ольтриг гэсэн ангал байдаг байв. Дан ганц
баривчилгаа айдас төрүүлэхгүй. Түүнээс гадна аюулгүй байлын асуумж бөглөх,
шалгалт, ажлаас халах, оршин суух эрхийг хасах, цөлөх... Заримдаа хүмүүс элдэв
асуумж бөглөхдөө өөрийнхөө түхийг зохиох шаардлагатай болдог бөгөөд, дараа нь
түүндээ бүдрэхгүй байхад хүрдэг байв. Кады Власовын хүү Игорь аавыгаа нас
барсан гэж дандаа асуумжинд бөглөдөг байв. Тийм замаар тэр цэргийн сургуульд
орсон юм. Тэгтэл нэг өдөр түүнийг дуудаад гэнэтхэн аавынхаа нас барсан
сертификатыг 3 өдрийн дотор авчир гэв. Тэр яаж ийгээд олох ёстой байлаа... 1938
оны 11 сард Наташа Аничкова өөрийнх нь хайртай хүн Орелд баривчлагджээ
гэдгийг мэдсэн. Тэр тийшээ очив... Очоод уулзах гэхэд тэнд байсан чекист түүнд
“Эндээс яв, үгүй бол өнөө шөнө тэд таныг баривчлах болно” гэж зөвлөжээ. Асуусан
асуултын оронд ийм хариу хэлдэг тэр хэн бэ? Тэд гэж хэнийг хэлээд байгаа юм?
Яалаа гэж түүнийг баривчилдаг юм?... Манай улс оронд амьдрал шоронтой
салшгүй холбогдсон юм. Тиймээс ч “Тэд түүнийг аваад явсан”, “түүнийг дотор
хийсэн”, “тэр дотор байгаа”, “тэд түүнийг гаргасан” гэсэн үгийг өөр юу ч нэмж
тайлбарлуулалгүйгээр бүгд ойлгодог юм.
2. Дөнгөлөлт. Хэрвээ нэг газар аюултай байвал, тэр газрыг хаян явж өөр тийшээ
очоод эрх чөлөөтэй байдаг бол хүмүүс илүү зоригтой байх байсан байх. Харин
манай паспортын систем хүмүүсийг ямар нэг тодохой газар хадсан юм. Тиймээс
байшингаа зарж болохгүй, түрээсэлж болохгүй, сольж болохгүй. Тиймээс ч
ажилладаг, амьдардаг газраа тэмцэх нь утгагүй галзуу зүйл байсан юм.
3. Нууцлал, үл итгэх байдал. Хуучны нээлттэй, зочломтгой зан 20-иод оны үед
солигдсон юм. ... учраас хэн ч юу ч хэлдэггүй ярьдаггүй нуцалдаг байлаа.
Хаант засгийн үед Н.У офицер байсан ч тэр хэзээ ч баривчлагдаагүй юм.
Учир нь тэр хуримаа хийн гэрлэсэн ч эхнэртээ хүртэл өнгөрсөн түүх, өмнөх
амьдралаа ярьж байгаагүй байв. 1949 онд В.И-ын танил нэгэн оюутан охины
аав баривчлагджээ. Бүх хүн тэр охиноос зайгаа авч байхад В.И түүнд сайн,
хэвээрээ байгаа гэдгээ илэрхийлж, өрөвдөж харамсаж байна гэдгээ хэлжээ.
Харин тэр охин түүнд харамсахгүй байна, аав буруутай байсан, гэмт үйлдэл
хийчээд гэрийнхнээсээ хүртэл нуусан байсан байна гэж хэлжээ. Хрушевын
үед л тэр охины ам нь ангайж В.И-д тухайн үед айж болгоомжилсон учраас
түүнийг сайнаар хандсан ч гэсэн юу бодож байгаагаа хэлэх боломжгүй
байсан гэж хэлжээ.
4. Бүх нийтээр үл хайхрах байдал: нэг нөгөөгөөсөө юм нуудгаас бид сая сая
хүнийг баривчлуулахад нөгөө талаар тусалсан юм.
5. Матаас: хэдэн зуун мянган аюулгүйн албаны ажилтнууд цаг ямагт матаас
цуглуулж, хархнуудыг элсүүлж, матаасууд хүлээн авч байлаа. Бүх бүлэг
хүмүүс, бүх албан байр, бүх байранд матаачин байдаг буюу матаачин байгаа
гэж хүмүүс айдаг байв...
6. Урвалт гэдэг нь оршихуйн хэлбэр: хамгийн аюул багатай оршихуйн хэлбэр
бол урвалтууд байв. Урвалтын хамгийн энгийн хэлбэр нь тусламж хэрэгтэй
байгаа хүнд тусламж үзүүлэхээс зайлсхийх. Тэд чиний дотны нөхөр, хамгийн
сайн найзыг чинь баривчилсан ч чи юу ч болоогүй юм шиг чимээ аниргүй
байх. Маргааш нь бүх нийтийн хурал дээр нөгөө алга болсон хүн бол ардын
дайсан байсан байна гэж зарлах болно... Тэр хүнд тусалж чаддагүй юм гэхэд
тэр хүний хойно гэр бүл, үр хүүхэд нь байгаа шүү дээ. Үгүй болохгүй. Тэд бол
ардын дайсны гэр бүл... Дайсныг нуусан хүн өөрөө бас дайсан болно.
7. Коррупци: нийгмийн ялзрал, комсомол хүмүүжил...
8. Оршихын тулд худал хэлэх: Байнга худал хэлэх нь амьд үлдэх арга байв...
Шоронд орохоосоо 2 долоо хоногийн өмнө Тенно далайчдад “Сталинч
үндсэн хууль бол- Дэлхийн хамгийн ардчилсан үндсэн хууль юм” гэсэн
сэдвээр лекц уншиж байсан гэж ярьдаг...
9. Харгис хэрцгий байдал:
10. Боолын сэтгэлзүй: хэрвээ энэ бүхнийг хэрэгжүүлэхэд бид оролцоогүй, Сталин
дангаараа энэ бүхнийг бодож олж хэрэгжүүлсэн юм бол түүнийг үнэхээр
суутан гэж хүлээн зөвшөөрөхөөс өөр ага үгүй...
Тавдугаар хэсэг
ЧАНГА (КАТОРГА)
Нэгдүгээр бүлэг
Мөхөх үйлтэн
Каторга (чанга дэглэм, гяндан) гэдэг бол одоо тэдний хувьд сайн үг, тодорхой
жинтэй. Каторга шүүгчийн вандан дээрээс ялтны толгой дээр унагч гуллотин
заазуур шиг, гэхдээ ялтны хүзүүг таслалгүй, харин тэрхүү шүүхийн танхим дотор
ялтны нурууг хугалах болно. Каторжане (ганц тоон дээр каторжан, олон тоон дээр
каторжане гэж дууддаг) гэдэг үг нь маш их айдас дагуулдаг. Ялтан үүнийг “жинхэнэ
хоолой хэрчигч” гэж ойлгодог. Хүмүүс өөрсдийгөө хамгийн дор байдалд биш,
өөрсдөөс нь ч дор байдалд өөр хүмүүс байгааг хараад тайвширдаг. Каторжане –
дугаар зүүдэг… (Каторга-г хүмүүс хаант засгийн үеийн харгис бүдүүлэг
шийтгэлүүдийг хэлдэг байв) 2-р сарын хувьсгалаас хойш 26 жилийн дараа Сталин
каторга-г дахин нэвтрүүлсэн юм. Энэ бол тэрээр одоо ялагдахгүй юм байна гэдэг
мэдэж эхэлсэн 1943 оны 4-р сар байв. Стаинградыг чөлөөлсний дараа хийсэн
анхны ажил нь эмэгтэйчүүд, жижиг хүүхдүүдийг байлдааны цагийн шүүхээр шүүж
цэрэгжүүлсэн галт тэргээр гулагруу ачих явдал байв. Харин маргааш нь 4 сарын 17-
нд тэрээр каторгаг болон дүүжлүүрийг хэрэглэж эхлэх тухай зарлиг гаргасан.
Дүүжлүүр нь мөн хуучин нийгмийн өөр нэг хэрэгсэл. Энэ нь буугаар буудаж агшин
зуур цаазаар авах ажлыг удаан олны өмнө гүйцэтгэх ажил, тоглолт болгож
хувиргадаг. Улаан армийн өсгийг даран байлдааны цагийн шүүхүүд явж ажиллан
эхлээд Кубан, Доноос, дараа нь Украйны зүүн эрэг, Курск, Орел, Смоленскт
хүмүүсийг дүүжилж, бусдыг нь каторгалуу илгэж эхэлсэн. Тэдний түрүүч нь
Воркутагын 17-р уурхайд байв. Тэдний зорилгыг нуух гэж нэг их оролдоогүй:
каторжануудыг үхүүлэх гэж явуулдаг байлаа. Энэ бол нууж халхлаагүй үхлийн
лагериуд байсан юм. Гэсэн ч гулагын заншлийн дагуу үхлийг хурдан өгөх гэж
яаралгүй, аль болох удаан зовоож тарчлааж, тэгэх хооронд нь бас бага зэрэг
ажилуулаад авахыг боддог байв. Тэднийг хойд зүгт өргөн байдаг шиг 7х20 метрийн
харьцаатай майханд байлгадаг байв. Эргэн тойрныг нь модны үртэс, банз,
хайрцагаар дардаг, майхан нь нэг ёсны урцархуу зүйл болсон байдаг байв. Хэрвээ
тусдаа ортой бол 80 хүн, нааран дээр бол 100 хүн байлгах ёстой байлаа. Гэвч тэнд
цаг ямагт 200 орчим каторжане байрлуулдаг байв. Тэднийг хоёр ээлжээр өдөрт 12
цаг ажилуулна. Амралт гэж байхгүй. Тиймээс ямагт тэдний 100 ажиллаж, харин
нөгөө зуу нь амарч байдаг байв. Ажил дээр нь тэднийг нохойтой харгалзагч нар
харж, хүссэн үедээ нохойгоор уруулна. Заримдаа тэднийг буцаад лагерьлуугаа явж
байх үед нь хойноос нь Томми-автоматаар шүршинэ. Үхэгсдийн төлөө хэн ч
хариуцлага хүлээхгүй. Бүр холоос ч гэсэн каторжане нарыг таньж болно. Өөр ямар
ч хоригдлууд тэдэн шиг хөлөө зөөж ядан, ямар ч итгэлгүйгээр алхахгүй. Тэдний
ажлын 12 цагийг сүүлийн минутыг нь хүртэл яс хэмжинэ. Норилскийн цасан шуурган
дунд ажиллагчдыг ажлынхаа дундуур 10 минут амарч дулаацахыг зөвшөөрдөг
байв. Мөн тэдний амралтын 12 цагийг хамгийн тэнэг байдлаар өнгөрүүлнэ. Тэр
амралтын цагт нь нэг бол тэднийг лагерын нэг хэсгээс нөгөө хэсэг хүртэл нүүлгэж
явуулна. Маршлуулж жагсаана, эсвэл тэднийг нэгжинэ. Лагерьт орох үед нь тэднийг
тэр дор нь хэзээ ч халааж, агаар оруулдаггүй цонхгүй “гэрт” оруулж цоожилно.
Өвлийн цагт доторх агаар маш бөгчим, хүнд, хүйтэн, дасаагүй хүн тэнд 2 минут ч
байж чадахгүй. Амьдрах бүсэд ер нь каторжане нарыг огт оруулахгүй. Хоолны
байрлуу ч явуулахгүй, эмнэлэгт ч үзүүлэхгүй. Энэ бол шорнгуудад байсан хамаг муу
муухай, хэцүү бүхнийг цуглуулан бүрдүүлсэн Сталины каторга байсан юм. (Хаант
засгийн үеийн каторга ч ийм байгаагүй юм) … 12 цагийн дотор 2 удаа хоол өгнө.
Ямарч каторжаныг гал тогоонд ажилахыг зөвшөөрөхгүй. Хоолыг хулгайчууд түгээнэ.
Каторжаны хоолноос хулгайчууд хэдий чинээ хумсална, төдий чинээ хулгайчууд
өөрсдөө бондойж, өөрсдөд нь ашигтай. Хоолны өмнө жагсааж нэрс дуудаж купон
өгнө. Хоолны дараа орж жаахан амрах гэж байтал дахин жагсааж нэрс дуудаж
маргааш өдрийн хоолны купон тараана. Ингээд 12 цагаас ер нь бараг л 4 цагийг
арай ядан унтаж ажмина… Тэгээд бас Каторжане нарт ямар ч цалин гэж өгөхгүй,
хүнсний парсел, илгээмж авахыг зөвшөөрөхгүй. Энэ бүхэнд каторжане нар
найрсгаар хариу барьж хурдан үхэцгээдэг байв. Воркутагийн цаган толгойн анхны
28 үсэг, тус бүртээ 1-1000 хүртэл тоотой, өөрөөр хэлбэл 28 мянган хоригдол очсон
эхнийхээ жил дотор үхэцгээсэн юм. Ганц сарын дотор яаж бүгд үхээгүй юм бэ гэдэг
нь л сонирхолтой юм даа.
Норильскын кобальтын 25-р уурхайгаас хүдэр ачуулахаар вагон явуулсан байв.
Галт тэрэгний зүтгүүрийн зам дээр зарим хоригдлууд хэвтэж өөрсдийгөө хурдан
зүйл дуусгасан юм. Тэсэхээ байн нилээн хэдэн хоригдол тундруу зугтжээ. Тэднийг
онгоцоор мөрдөн замд нь буудаж унагаад, цогцоснуудыг нь хоригдлууд жагсдаг
газар овоолж тавьж байв. Воркутагын 2-р уурхайд эмэгтэйчүүдийн дивиз байдаг
байв. Эмэгтэйчүүд дугаараа нуруундаа болон толгойдоо зүүсэн алчууран дээрээ
зүүдэг байв. Тэднийг газар доор хийж болох бүхий л ажил хийлгүүлдэг байсан
бөгөөд – тийм ээ, - тэд бүр төлөвлөгөөгөө давуулан биелүүлдэг байв.
Миний бичиж байгааг уншаад уурлан хашгирах хоолойнуудыг би сонсож байна.
Зогс. Чи хэний тухай бичиж зүрхэлж байнаа? Тийм ээ. Тэднийг устгах гэж тийшээ
явуулсан юм- та нарын зөв. Яагаад гэвэл тэд урвагчид, Polizei бургомастерууд. Тэд
зохих шангаа хртсэн. Чи тэднийг өрөвдөөгүй биз дээ. Тэнд байсан эмэгтэйчүүд бол
германчуудын гудас байсан юм, би эсвэл хэтрүүлээд байна уу? (Манай зөвлөлтийн
эмэгтэй тэнд хоригдож байсан эмэгтэйг “Германы гудас” гэж дуудаж байхыг би
сонссон.)…
Энэ асуултуудад бид энэ бол тахин шүтэх үзэлтэй холбоотой гарсан алдаа гэж дор
нь хариулж болно. Эсвэл би каторгаруу илгээгдсэн янз бүрийн хүмүүсийн түүхийг ч
ярьж чадна. (Гурван комсомол бүсгүй сөнөөгч бөмбөгч нисгэгчид байв. Тэд байн
дээрээ очсон ч бөмбөгнүүдээ хаяхаас айж, хоосон талд бөмбөгнүүдээ хаяад,
бааздаа буцаж ирээд бөмбөгнүүдээ хаясан гэж мэдүүлэв байв. Гэсэн ч сүүлд нь
комсомолын гишүүний ухамсар нь чангаагаад юу болсон тухай Комсомолын зохион
байгуулагчид ярьжээ. Харин нөгөөдөх нь юу байхав, шууд л тусгай хэсэгрүү очсон.
Гурван бүсгүй тус бүрдээ 20 жилийн каторгагын ял авсан.) Зөвлөлтийн ийм шударга
иргэд Сталины дохих төдийхөнд ужгирсан гэмт хэрэгтнүүд шиг ял авч шийтгүүлж
байгааг харахаараа би ичин дуу алдахгүй байж чаддагүй юм… Цааш
үргэлжлүүлэхээсээ өмнө, тулалдааны талбарт гарахын оронд дайснуудтай нэг
оронд орсон энэ эмэгтэйчүүд хэдэн настай байсан бэ? Мэдээж 30-аас доош, ихэнх
нь 25-аас доош настай байв. Өөрөөр хэлбэл тэд Октябрын хувьсгалын дараа төрж,
өсөж, Зөвлөлтийн сургуульд сурч, зөвлөлтийн үзэл санаагаар хүмүүжсэн байв.
Тэгэхээр бид өөрсдийнхөө хүмүүжүүлсэн хүүхдүүдийг чичээд байгаа юм уу? Эдгээр
охидын зарим нь бидний ярьсан сургасныг зүрхэндээ тогтоож авсан- өөрийн нутаг
гэж байхгүй, харин Эцэг-орон (Заримдаа эх орон гэхээс гадна Fatherland гэж ярьдаг)
гэдэг бол уран зохиол гэж ойлгосон байв. Харин бусад нь бидний уулзалтууд, бага
хурлууд, жагсаалууд, ямар ч үнсэлтгүй кинонууд, хоорондоо тохой хэрийн зайтай
бүжиглэхээс залхчихсан байсан юм. Харин зарим нь өчүүхэн төдий хүндлэл,
найрсаг халамж, даашинзыг нь гоё юм гэж эрэгтэй хүн жаахан ч атугай анзаарахад
түүнд хөл алдсан юм. Харин манай эрчүүд хөвгүүд нэгдүгээр таван жилийн
төлөвлөгөө биелүүлсэн, Фрунзын академын сонсогч, офицеруудад эмэгтэйчүүдийг
хүндлэх, харьцах тухай хэн ч зааж байгаагүй юм. Эсвэл бусад зарим нь өлссөндөө -
тийм ээ, хамгийн илэрхий утгаар нь хэлж байна. Гэдсэндээ хийчих зүйл юу ч
байхгүй байсны улмаас. Харин тавдахь бүлэг эмэгтэйчүүд нь өөрийгөө болон гэр
бүлийнхнийгээ, хамаатнуудаа аврахын тулд германчуудад бууж өгсөн юм.
Брянск мужын Стародуб хотод би ухарсан германы армийг өсгий даран очсон юм.
Намайг очиход өмнө нь тэнд партизаны дайралтаас хамгаалахын тулд Унгарын
гарнизон байрлаж байсан гэж хэлж байв. Унгарчуудыг өөр тийш нь шилжүүл гэсэн
тушаал ирэхэд хотын хэдэн арван эмэгтэчүүд вокзал дээр уйлан, айж ичихээ
умартан тэднийг, булаан эзлэгчдийг баяртай хэмээн үдэж өгч байсан, тэгэхдээ
“нөхрүүдээ дайнд явуулж байх үеийнхээсээ ч илүү чанга уйлж байсан юм” гэж
гуталчин эр надад ёжтой хэлж байв. Намайг очсоноос хэд оногийн дараа
Стародубд цэргийн шүүх очлоо. Хүлээж авсан мэдээллээ тэд зүгээр өнгөрүүлэхгүй
байв. Тэд вокзал дээр уйлж байсан эмэгтэйчүүдийн заримыг нь Воркутагын 2-р
уурхайруу явуулсан нь эргэлзээгүй.
Гэвч, энэ бүхний буруутан нь хэн бэ? Хэн гэж би чамаас асууя. Тэр эмэгтэйчүүд үү?
Эсвэл нутгийн эрчүүд, бид, бид бүгдээрээ юу? Чухам бидний юу манай
эмэгтэйчүүдэд булаан эзлэгчдийн цэргүүд илүү таалагдахад хүргээ вэ? … Магадгүй
эдгээр эмэгтэйчүүд, охидууд ёс суртахууны зохих цензурээ хүртсэн байх, тэднийг
шоолж, доромжлох нь зүйтэй байх. Гэхдээ тэднийг каторга, туйлын үхлийн
байшинруу явуулна гэдэг? “Үгүй, Сталин, Бериа л тэднийг тийш нь явуулсан юм. Би,
бид биш.”…
“За яахав, эмэгтэйчүүд нь биш юм бол тэгвэл эрчүүд нь тийшээ очих сайн
хангалттай шалтгаан байсан юм байгаа биз дээ? Тэд бол эх орноосоо, ажилчин
ангиас урвагчид.” … сургуулийн багш нарыг яах вэ? Манай армийн паникдаад
хойноо хаяж үлдээсэн сургуулиуд. Нэг, хоёр, гурван жил хаясан. Багш нар юу хийх
вэ? Хүүхдүүдэд заах уу, яах вэ? 15-тай хүүхдүүд нь ажил хийж, партизан болоод
эхэллээ. Харин бүр жижиг хүүхдүүдийг яах вэ? Хичээлээ хийх үү, эсвэл дээд
коммандлагчийг алдаагаа застал 2-3 жил хонь шиг байх уу? Аав чинь чамд малгай
авж өгөхгүй бол чи чихээ хөлдөөх үү? Яагаад ч юм ийм асуудал Данид ч, Норвегд ч,
Бельгид ч, Францад ч үүсээгүй юм. Тэр улсуудад засгийн газрынхаа тэнэг
алдаанаас болж эзлэгдсэн газрын хүмүүс дийлшгүй нөхцөл байдлын эсрэг тэмцэж,
эсвэл амьдрахаа зогсоогоогүй юм. Тэдгээр орнуудад эзлэгдсэн нутагт ч гэсэн
сургууль нь ажиллаж, төмөр зам, орон нутгийн засаг захиргаа нь ажилласаар
байсан юм. Аль нэгнийх нь (мэдээж тэднийх гэнэ биз дээ) толгой нь 180 градус
эргэжээ. Манай оронд багш нар партизануудаас “Хичээл заах гээд үзээрэй.
Үүнийхээ хариуг төлөх болно шүү!” гэсэн захиаг манай багш нар партизануудаас
авч байв. Төмөр зам дээр ажиллах нь дайсантай хамтарсан явдал. Манай бүх цаг
үеийн, бүх үндэстний удирдагч алдаа хийсэн гэдгээс болоод түүнийг алдаагаа засах
хүртэл өвс хүртэл ургахаа болих ёстой юу? Энэ хооронд нь хүүхдүүд юм сурах
ёстой юм уу үгүй юм уу? Мэдээж үүний төлөө үнэ цэнэ төлөгдсөн. Том сахалтай
хүний зургийг сургуулиудаас авч, харин оронд нь жижиг сахалтай хүний зургийг
тавих болсон. Хүүхдүүд шинэ оныг биш харин Сүлд мод тойрон Кристмасаар
бүжглэх болсон. Сургуулийн захирлууд хэдийгээр нөхцөл байдал муу байсан ч
шинэ дэглэм, шинэ засгийг магтсан үг хэлэх хэрэгтэй болсон. (өмнө нь ч гэсэн ямар
сайн байсан биш дээ)... Германуудын бургомастер болсон хүмүүсийг яах вэ?
Тэдний засаг захиргаанд ажиллаж, тэдний polizei, орчуулагч нарыг юу гэх гээ вэ? …
арай гүн ухаад үзье. Орос орон 11 зууны турш хөл дээрээ зогсож байна. Энэ
хооронд хэдэн хүн орос орноос урвасан бэ? Урвагчид бөөн бөөндөө оросоос гарч
байсан уу? Үгүй…. Тэгтэл манайх шиг хамгийн шударга нийгмийн дэг журамтай
улсад хэдэн арав, хэдэн зуун мянгаараа урвагчид гарч ирсэн. Тэд хаанаас гараад
ирээ вэ? Яагаад?...
… олон саяар нь алсан хамтралжуулалтаас 10 жилийн дараа, украйны их өлсгөлөн
(6 сая хүн үхсэн, үүнийг хөрш Европ нь мэдээгүй юм) –гөөс 6 жилийн дараа, НКВД-
ын чөтгөрүүдийн бүжигнээс хойш 4 жилийн дараа, шинэ хөдөлмөрийн хуулиар
ажилчдад гинж зүүснээс хойш 1 жилийн дараа Зөвлөлт-Германы дайн эхэлсэн юм.
Энэ үед манай лагериудад 15 сая хүн хоригдож байсан юм. Тиймээс ч магадгүй
“биднийг гэнэдүүлэн дайрлаа” , “танк онгоцоор биднээс илүү байна” гэж тайлбарлаж
байв. Гэсэн ч бодит байдал дээр Улаан арми бүхий л тооны хувьд давуу байсан юм.
Дайсны арми маш хялбархнаар Смоленскийн Бялистокт 300 мянган зэвсэгтэй
цэргийг, Киевын Брянскт 650 мянган зэвсэглэсэн цэргийг буулгаж авсан юм. Манай
арми ийнүү нурж унахыг орос орон мянган жилийн түүхэндээ үзээгүй юм. Рейлком,
горкомуудыг 5хан минутын дотор дэлбэлж байсан тул Сталины амьсгаа давчдаж
байв. 1941 оны өвөл гэхэд энэ бүхэн нь оргил үедээ хүрсэн байх. Энэ үед
зөвлөлтийн 150 сая хүн амын 60 сая нь германчуудын захиргаан дор, мэдэл дор
орчихоод байв. Сталины 41 оны 7 сарын 16-ны 19 тоот тогтоол зөвтгөгдөж байв:
бүх фронт дээр маш олон тооны элэментүүд дайснуудруу гүйн очиж, уулзмагцаа л
зэвсэгнүүдээ хаяж байна. гэж бичиж байв. 41 оны 10 сард нөхцөл байдал маш
муудлаа гэж үзсэн Сталин Чечрильрүү 25-30 английн дивизийг зөвлөлтийн газар
нутагт буулгаач гэж тусламж хүсэж цахилгаан мэдээ явуулж байв. Коммунистууд
үүнээс дор ёс суртахуунаар унаж байсан юм гэж үү? 41 оны 8 сарын 22-нд явган
цэргийн 436-р хорооны командлагч майёр Конанов цэргүүддээ Гитлерийн талд орж,
Чөлөөлөх армитай нийлэн Сталины дэглэмийг түлхэж унагаахын төлөө байлдах
болно гэж хэлэн, хүссэн хүн байвал надтай цуг явж болно гэж хэлж байв. Түүнийг
хэн ч эсэргүүцээгүйгээр барахгүй, бүхэл бүтэн хороогоороо тэд Германы талд орж
байв… Түүнийг Германы талд ороод Могилевын хорих газраас сайн дурын цэрэг
цуглуулахаар очиход хорих лагерьт байгаа олзлогдсон цэргүүдээс 4-5 мянган цэрэг
нь шууд нийлье гэж саналаа илэрхийлж байв… Зарим хотууд германы цэрэг
очихоос өмнө, Москвагаас тусдаа автономит хот, улс болж байгаагаа Москвад
илэрхийлж байв. Бас оюутан Рутченкогоор удирдуулсан Ленинградын мянга гаруй
залуус ойруу гарч, германчуудыг хүлээн, Сталины эсрэг байлдах хүсэлтэй
байгаагаа илэрхийлж байв. Германы цэргүүдийг Донын тосгонууд талх давс барин
угтаж байсан юм. 1941 оноос өмнөх зөвлөлтийн иргэд хэрвээ гадаадын цэрэг орж
ирвэл тэд Сталины дэглэмийн эсрэг тэмцэж байгаагаас зайлахгүй, түүнээс өөр
ямар зорилгын төлөө ирэхэв дээ гэж бодож байв. 43 онд Власовыг хаа явсан газар
нь оросууд баяр хөөр болон угтдаг байв… Тэр үед ч гэсэн хүмүүс хэзээ оросууд
тусдаа улс болж, Сталины дэглэмээс ангижиран, өөрийн гэсэн засаг төртэй,
армитай болох бол гэж битүүхэн хүлээж байв. Хэний ч толгойд Герман оросыг
колоничилж, боолчилох гэж байна гэж бодож байгаагүй. 1943 оны 3-р сард хүртэл
Харьковын ойролцоо байсан Германы хорих лагерьт хоригдож байсан
хоригдлуудаас 730 офицер Власовын армид орохоор саналаа өгч байв. Тэд 2
жилийн байлдааны туршлагатай, тэдэн дунд Сталинградын тулалдааны баатрууд
хүртэл байлаа… Германы генералууд Гитлерын эсрэг хуйвалдаан хийж байсан юм.
Харин бидэнд юу байсан бэ? Харин манай генералууд, бусад улсуудын
генералуудаас ялгаатай нь үзэл сутралд толгойгоо угаалгаж, өөрсдийн ард түмнээ,
улс орноо гэх сэтгэлгүй болчихсон байсан юм. Тиймээс гараа өргөж, удирдагчийн
эсрэг гараа савсан хүмүүс бол нийгмийн доод түвшнийхэн байсан юм. Хэрвээ энэ
бүхнийг юунд ч хорьж саатуулалгүй, зохион байгуулалттайгаар явуулсан бол энэ
бараг 2-р Пугачевагийн бослого болох байсан юм…
… Каторга цагаан толгойн үсэгнүүдийг ээлж дараалан дуусгаж байсанд биш, харин
дайн дуусаны дараахнаас тийм харгис арга хэмжээ авах шаардлагагүй болсон юм:
дахиад шинээр Polizei нар олдохоо байж, ажиллах гар хэрэгтэй болсон. Харин
каторгад хүмүүс ямар ч хэрэгцээгүйгээр үхэж байсан юм. Тиймээс 45 оны эхээр
гэхэд Каторгагын урцнууд шоронгийн камер байхаа больж хаалга нь онгойж, гэрэл,
агаар оруулж, хоригдлууд бохиртой хувин гадагш зөөж, хоолны байрлуу алхаж,
эмнэлэгт үзүүлдэг болсон. Бусдын нормыг хусдаг байсан хулгайчуудыг зайлуулж,
оронд нь улс төрийнхөн дотроосоо томилдог болов. 2 жилийн дараагаас
хоригдлуудыг илгээмж, захиа авахыг зөвшөөрдөг болов. 46-47 оноос каторга,
энгийн шорон хоёрын хоорондох зааг ялгаа арилж эхэлсэн. Ажлын нормоо
биелүүлэх гэж шамдсан инженерүүд хоригдлуудыг каторга энгийн гэж ялгахаа
больсон. Ганц ялгаатай зүйл нь каторгагынхны нуруунд тоо хадаастай байдаг
байв...
... Чехов бидэнд “Каторга” гэж юу байх ёстой тухай эрх зүйн тодорхойлолт
байдаггүй гэж бидэнд хэлсэн юм. Гэгээрсэн 19-р зуунд шүү дээ. Тэгтэл 20-р зууны
хүмүүс бидэнд тодорхойлолт хэрэгтэй эсэх тухайд ч бид огт ойлгож байгаагүй юм.
Хөгшин хүн Сталин тэг гэсэн бол л гүйцээ. Тэгэх болно. Ямар ч тодорхойлолт
хэрэггүй. Бид ойлгосон юм шиг л толгой дохино.
Хоёрдугаар бүлэг
Хувьсгалын анхны сэвэлзүүр салхи
Ялынхаа эхний үед би яаж энэ урт ялыг эдэлж дуусна гэж бодож байв… Тэд намайг
хуучин гэр Бутыркид авчирав. Тэнд биднийг 49 оны элсэгчидтэй цуг оруулав. Тэд
хөгийн ялтай байв: ердийн арав биш, бүр 25 жил. Тооллого болоход суллагдах
өдрөө чангаар дуудаж хэлдэг байв. Энэ нь яг л зэрлэг хошин шог шиг байв: “1974
оны 10 сар”, “1975 оны 2-р сар.” Мэдээж хэн ч тийм ялыг сууж барахгүй. Үүний
оронд бахь авч торыг тасалсан нь дээр. Эдгээр 25 жилийн ялнууд шоронгийн
ертөнцийг өөрчилсөн юм. Эрх мэдэл гартаа баригчид биднийг байгаа бүхнээрээ
бөмбөгдсөн. Одоо харин хариуд нь хоригдлуудын үг хэлэх ээлж ирлээ- эрх
чөлөөтэйгөөр, юунаас ч айлгүйгээр. Бид амьдралдаа хэзээ ч тийм үг сонсож,
гэгээрцгээж, нэгдэж байгаагүйгээр ярилцах болов. Казаны буудал дээр Столыпины
тэргэн дотор байхдаа бид вокзалын чанга яригчаар Солонгост дайн гарсан тухай
сонсов. Өмнөд солонгосын хилрүү эхний өдөр 10 км цөмөрч орсныхоо дараа
биднийг дайраад байна гэж хойд солонгосчууд мэдэгдэж байв. Эхний өдөр
довтолсон тал бол түрэмгийлэгч гэдгийг ямар ч хувалз мэднэ дээ. Энэхүү
солонгосын дайн биднийг улам бүр баярлуулав. Босогч сэтгэхүйн дотроо бид
шуурга мөрөөдөж байв. Шуурга дэгдэх ёстой, дэгдэх ёстой... үгүй бол бид урт удаан
хугацаагаар үхэцгээх болно. Рязаньаас цааш өнгөрөөд явж байтал өглөөний
мандах нар маш хурц туссануу яасан хуяг нүдрүүгээ хатгачихав. Манай хуяг
биднийг тасалгаануудад чихсэн ч гэсэн бас бидэнд ус авчирч өгсөн учраас бид
түүнтэй хэрэлдэхгүй байв уул нь. Тэгтэл нөгөө залуу чинь “муусайн ардын
дайснууд” гээд үг хаях нь тэр. Ингээд бүх зүйл эхэллээ. Манай тасалгааныхан,
хажуугынхан ч түүнрүү дайрцгаав.
“Чи уул нь хөдөөний хүү шиг байх юм. Гэхдээ энэ янзаараа байвал чи удахгүй
буцаж харьж газар хагалахынхаа оронд хүзүүвчтэй нохой болох юм байна л даа”
“Хэрвээ бид ардын дайсан юм бол яагаад вагоны гаднах ханыг өөрөөр буддаг юм
бэ? Та нар биднийг хэнээс нуугаад байгаа юм бэ?”
“Сонсож бай хүү минь, надаа чам шиг хоёр хүү байсан. Хоёулаа фронтруу яваад
хэн нь ч эргэж ирээгүй юм”
Торны цаанаас ийм үг гаралгүй маш их удсан байлаа. Бид үнэндээ зүгээр л бодит
баримтуудыг л хашгирцгааж байсан юм. Энэ бол 1950 он байлаа. Улс төрийн шинэ
лагериуд, шинээр нэвтрүүлсэн урт ялнуудаас болоод харгалзагч хуягууд,
хоригдлуудын хооронд шинэ харилцаа бий болж эхэлж байлаа. Тэд сонин дээрээс
авсан, уншсан зүйлсээрээ бидэнд хариу хэлэх гэж оролдсон ч тэдний чих нь тэдэнд
тэр бүхэн худал гэж хэлж байсан юм. “Алив эрчүүдээ та нар цонхоор хар даа. Та
нар Орос орныг ямар болгочихоод байна вэ?”
Торбеевогын буудал дээр хөгшин эр майжгий гуталтайгаа алхаж байв. Нөгөө талд
настай тариачин хөгшин эмэгтэй бидний цонхоор шагайх шахцалдсан толгойнуудыг
харснаа хацар дээгүүр нь нулимс урсаж байв... “Эмээ та тийшээ харж болохгүй гэж
хуяг түүнд аргадангуй хэлэв”. Түүний хажууд арав орчим насны охин гарнаас нь
хөтлөн, биднийг харан зогсож байв. Тэгснээ эмгэн биднийг явахад хойноос агаарт
загалмайн тэмдэг зурж байв.
Өөр нэг буудал дээр нэгэн бүсгүй зүтгэн бидэнд ойртсоноо, биднийг хэдэн жилтэй,
хаашаа явж байгааг зоригтой асууж байв. Холдооч гэж харуул түүнийг зандран
тавцангаас түлхэв. “Яалаа гэж, чи яахы? Би бас тэдний нэг. Май энэ хайрцаг тамхи,
залууст дамжуулж өгөөрэй” гэв. (Бүсгүй бас ял эдлээд гарч ирж гэдгийг бид мэдсэн
юм. Тэд маш олноороо, одоо эрх чөлөөтэй болсон байлаа.) Ахлах хуяг вагоноос
үсрэн бууж “Зайлаач, үгүй бол чамайг бас хийчихнэ шүү” гэж зандрав. Тэрээр
түүнрүү ширтсэнээ “Май … энийг эрчүүлд өгөөрэй” гэснээ явж одсон юм. Түүний
дараа бид хөдөллөө. Харуулууд биднийг, ард түмнийг ард түмний дайснаас
хамгаалж байна гэж бодоогүй гэж би бодож байна.
Куйбышевын дамжин өнгөрөх шоронд бид сар гаруй наранд шарагдав. Тэгтэл
агаарт гэнэт хулгайчуудын орилох дуу гарав: “туслаарай, биднийг эндээс авраарай.
Фашистууд, фашистууд биднийг зодож байна”. Шинэ зүйл боллоо! “Фашистууд”
хулгайчуудыг зодож байна гэнэ ээ? Уул нь дандаа эсрэгээрээ байдаг байсансан...
үгүй. Онц зүйл болоогүй байв. Одоогоор арай өөрчлөгдөж эхлээгүй байлаа. Камерт
орж ирсэн 2 хулгайч хоёр 58-ыг хөөж явуулан тэдний байсан байранд тухлав.
Тэгээд бусад хүний үүргэвч цүнхийг уудалж, асуудал хайж эхлэв. 58-чууд- үгүй, тэд
одоогоор өөрчлөгдөөгүй, тэд ямар ч эсэргүүцэл үзүүлсэнгүй. Бие гүйцсэн 60 эр 2
хулгайчид дээрэмдүүлэх ээлжээ хүлээгээд зүгээр сууж байв. Ямар ч эсэргүүцэлтэй
тулж үзээгүй хулгайчууд тун тайван байв. Энэ үед хажуугийн нааран дээр Боронюк
шатар нүүж байгаа царай гаргаж байв. Павел Боронюк- тээрмийн чулуу шиг өргөн
цээжтэй, булиа гар нь нөхөрсөг гар барилт юм уу цохилтонд ямагт бэлэн байдаг
байв. Тэрээр украйнь гэхээс илүү гүрж гэмээр хар бараандуу царайтай. Өмнө нь
фронтод нисэхийн офицер байсан бөгөөд Сталинградын тулалдааны үеэр гурван ч
Мессершмитийг шуурган галаар унагасан юм. Түүнийг ЗХУ-ын баатарт тодорхойлж
байсан ч Тусгай хэсгийнхэн түүнийг нь дарж харин торгуулийн баттальонд
явуулахад тэр одонтой буцаж ирсэн юм. Одоо харин 10 жилийн ялтай байв. Шинэ
үеийнхээр бол бараг л “хүүхдийн ялтай” байлаа... Боронюкын нүд нь гялалзаж байв.
Тэр хоёртой яавал дээр вэ? Хоёр хулгайчийн нэг нь түүний өмнө очиж зогсоход
Боронюк хөлөө саван гутлаараа нүүрэн дундуур нь буулгав. Тэгснээ доош үсэрч
буугаад ариун цэврийн хувингийн модон таг авч нөгөө хулгайчийн толгойн дундуур
буулгав. Тэгээд нөгөө тагаа салж унатал тэр хоёрыг балбав. Хулгайчуудын
хоолойны өнгө өөрчлөгдөн одоо бараг гиншиж байв. Гэсэн ч бас энэ үйл явдлын
хошин талыг бас зүгээр өнгөөрхгүй гэсэн мэт “Чи одоо юугаар цохиж байна гэж
бодоов? Чи одоо загалмайгаар биднийг цохиод байгаа юм уу хаашаа юм бэ?” “Чи
хүчтэй байлаа гээд бусдыг цохиж болно гэж бодоо юу?” Боронюк цохьсоор л байв.
Нөгөө хоёр хулгайч цонхруу очин “туслаарай энэ фашист хүн аллаа” гэж хашгирав.
Хулгайчууд үүнийг хэзээ ч мартаагүй бөгөөд түүнээс хойш Боронюкийг олон удаа
заналхийлсэн юм. “Чи хэдийн үхсэн хүн шиг үнэртэж байна” Гэсэн ч тэд түүнрүү
дахиж дайраагүй юм.
Удалгүй манай камерынхан бас гичий нартай тулав. Бид хөлийнхөө чилээг
гаргахаар талбай дээр гараад байж байв. Тэгтэл нэг эмэгтэй шоронгийн офицер
бохирын хувин зөөлгөхөөр бидний заримыг нь дуудуулж нэг итгэмжлэгдэгчийг
явуулсан байв. Түүний дээрэнгүй байдал нь саяхан яллуулж ирсэн Володя
Гершуны эгдүүцлийг хүргэв. Өмнө нь бол 58-ынхан ийм зүйлийг шүлсээ залгиад л
дуугүй өнгөрүүлэх байв. Харин одоо Азербайжан хочтой Максим (хамтралынхаа
даргыг алсан) итгэмжлэгдэгчрүү чулуу шидэхэд, Боронюк эрүүлүү нь нэг цохив.
Харин нөгөөдөх нь хутга гарган (итгэмжлэгдэгчид хутгатай явдаг байв, үүнд гайхах
зүйл байсангүй) Боронюкийг хальт дүрчихээд хуягуудын өрөөлүү зугатав, Боронюк
хойноос нь хөөв. Тэд дор нь биднийг хөөн камерт оруулав. Ахлах офицер ирээд хэн
буруутайг нь тодруулна, буруутнуудыг бүлэглэж зодолдсоны төлөө ялыг нь нэмнэ
гэж заналхийлэв. Боронюкын цус нь хөөрсөн байсан тул босож урагш алхан “Би
зодсон юм, би амьд байгаа цагтаа энэ муу новшийг цаашид ч цохьсоор байх болно”
гэв. “Загалмайлсан эцэг” (аюулгүйн албаны дарга) бидэнд хувьсгалийн эсэргүү зүйл
ярьж болохгүй, гээд биднийг амаа хамхихийг сануулав. Ингэмэгц Володя Гершуни
үсрэн босов. Тэр ердөө л хүү, нэгдүгээр курсын оюутан байсан юм. Тэрээр зүгээр
нэг нэр нэгт байсангүй харин нэгэн цагт СР-ын (Социалист Революционер-
Социалист хувьсгалч хэт барууны бүлэг, 1922 оноос түүнийг хууль бус гэж
хориглосон юм) террорист скводыг коммндалж байсан Гершунигийн ач хүү байв.
Тэрээр яг л зодолдох гэж байгаа юм шигээр загалмайлсан эцэгрүү хашгичин
“Биднийг битгий хувьсгалын эсэргүү гэж дуудаад бай. Тэр бол өнгөрсөн зүйл. Харин
бид бол одоо дахиад Хувьсгалчид. Энэ удаа ЗХУ-ын эсрэг хувьсгал хийх болно” гэж
хашгирав.
Бид ямар их баясацгаасан гэж бодно. Энэ өдрийн төлөө л бид амьд явж байсан юм.
Загалмайлсан эцэг хөмсөг зангидан дуугүй болов. Хэнийг ч сахилгад суулгасангүй,
харин нөгөө ухарч зугатсан амьтнаа офицерууд өөрсдөө зодов. Шоронд одоо
үүнээс цааш ийм байх юм байхдаа? Бид тэгвэл тэмцэж болох нь ээ?...
… Дараагийн лагерьт биднийг Столыпины галт тэргэнд суулган хүргэв. Бид ингэхэд
хаана тэр хувьсгалыг хийх хувь заяатай юм бол. Оройн тооллогон дээр бүх нарийн
ширийнээ дуудан тооллого явагдав. “1975оны 3-р сар”. Лагерийнхан унтаж байв.
Гэхдээ орой гэрэл асаалттай байв. Энэ бол лагерын дүрэм. Биднийг тосохоор
лагерын туслах хоригдол ирсэн байв. Түүний хувцасны бүхий л хэсэг тоо хадсан
байв. Германы хорих лагерьт хоригдлуудын хувцсан дээр тоо хадсан байдаг гэж чи
сонин дээрээс уншиж байсан байх даа, тийм биз?
Гуравдугаар бүлэг
Гинж, Гинж
Бидний хүсэж хүлээж байсан найдлага, бадрангуй хүлээлт удалгүй замхарсан юм.
Өөрчлөлтийн салхи зөвхөн дамжин өнгөрөх шоронгийн корридорт л зөөлхөн
сэвэлзэж байсан байв. Харин энд, Тусгай Лагерын өндөр хашааны цаана түүний
үлээлтээс ул мөр ч үгүй байлаа. Минлагд төмрийн дархнууд урцны цонхонд
зориулж төмөр сараалж хийхээсээ татгалзсан гэж бид тэнд сонсов. Нэр нь үл
мэдэгдэх тэр баатруудын алдрыг магтъя. Тэр дархчуулыг лагерын шоронд хорьж,
харин нөгөө сараалжуудаа Котлас захиалж хийлгэхээр болсон гэнэ. Харин хэн ч
дархчуулыг дэмжээгүй байв. Тусгай дагерьт бүх зүйл ямар ч гомдол, маргаангүй,
харин ч хоригдлууд гурван үеэ дараалан өмнө нь сөгдсөн тэр байдлаараа байв.
Хойд туйлаас Казакын наранд авчирсан хоригдлуудад баярлах зүйл огтхон ч
байхгүй байлаа. Новорудное өртөөн дээр тэднийг буулгахад тэдний хөл тавьсан
газар нь буусан тэрэгнээс нь дутахгүй улаан байв. Энэ бол нөгөө нэртэй
Жезказганы зэсийн лагерь байсан бөгөөд тэр уурхайд ажилладаг хоригдлуудын
уушиг 4 сараас дээш тэсдэггүй байв. Тэнд харгалзагч нар нь шугамнаас гарч
зогссон анхны хоригдолд өөрсдийн шинэ зэвсгээ дуртайя хэрэглэж байв: гар гав.
Гар гавыг засан хүмүүжүүлэх лагерт хэрэглэдэггүй байлаа. Харин тэнд хувьсгалын
30 жилийн ойд зориулан хэдэн мянган хувиар үйлдвэрлэсэн гавнуудаас хэрэглэж
байв. Энэ гавнууд маш чанга хавчиж чаддагаараа онцгой байв. Тусад нь метал
ялтас нэмж суулгасан тул харгалзагч хоригдлын гарыг өвдөгрүү нь цохиход гавны
нэмэлт шүд түгжээ рүү орж улам бариу болж хоригдлыг өвтгөдөг байв. Энэ маягаар
гав нь тарчлаах хэрэгсэл болж байв. Гав нь бугуйг бяцалж, байнга өвтгөнө.
Хоригдлыг хэдэн цагаар, гарыг нь хойно, алгыг нь гадагш нь харуулж гавлана.
Хуягууд мөн 4 хуруу гаван дотор оруулж гавладаг арга сэдсэн бөгөөд ингэснээр
хурууны үенүүдэд даралт ирж өвтгөдөг байлаа.
Берлагд гавыг бараг бүх зүйлд хэрэглэдэг байв, бүр энгийн алдаанд ч гэсэн.
Харгалзагчийг ирэхэд малгайгаа аваагүй бол тэд хоригдлыг гавлаж, харуулын
байрны хажууд зогсоодог байв. Гар нь хавдаж, мэдээ алдахад насанд хүрсэн
эрчүүд “Би дахиж ингэхгүй, ноёнтоон. Гаваа тайлж өгөөч дээ” гэж гуйж уйлдаг байв.
Тусгай дэглэмтэй шорон байгуул. Дэглэмийг … тэдний өдөр гэхэд танилцуулж
батлуул гэж хэн нэгэн албан тушаалтан хэлэхэд амархан. Харин шургуу ажиллагч
шийтгэл оноогч, шийтгэл зүйч, ялын мэргэжилтэн түүний нарийн ширийнийг нь
бодож олох хэрэгтэй болно. Хэрхэн одоо тавдаа тултал чангалагдсан эргийг дахин
чангалах вэ? Хэрхэн нуруу хугалам ачааг дахиад илүү хүнд болгох вэ? Хэрхэн одоо
ч гэсэн амаргүй байгаа Гулагын иргэдийн амьдралыг улам дор болгох вэ?
Мэдээж аюулгүй байдлын арга хэмжээнүүдийг авч чангатгав Лагерын периметрыг
бэхжүүлж, нэмэлт өргөст тор татав. Хоригдлууд ажилдаа явж, ирдэг замд пулемёт
буу зоож, бэлэн байдалд оруулав. Лагерын хэсэг тус бүрд сахилгын байр (БУР)
байгуулав. БУРт суулгах хоригдол бүрийн алаг жакетыг нь мулзалж авав: хүйтнээр
тамлах нь БУР-ын нэг чухал онцлог байв. Цонхыг нь сараалжилж, битүүмжилсэн
тул урц нь бараг шоронгоос ялгаагүй болсон байв... Дараа нь тэд нацистуудын
лагериас сурсан туршлагаа хэрэгжүүлж хоригдлуудыг дугаартай болгов. Ингэснээр
тэд хоргидлын “Би”-г үгүй хийж эхлэв.... Ажлын тооллогын үеэр нэрний өмнө тоог нь
бичдэг байв. Яагаад өмнө нь гэж, дан тоог нь хэрэглэхийг тэд хүсээгүй юм уу? Тэд
нэрийг хэрэглэхээ бүрмөсөн болихоосоо айсан юм. Яаж ч харлаа гэсэн хүний нэр
бол найдвартай бариул, хүн үүрд нэрээрээ дуудагдана, харин тоо бол хүссэн үедээ
үлээчихэж болно....
... Энд Спасскын тусгай лагерыг зориуд дурдах хэрэгтэй. Өөр лагериудад ажиллаж
чадахаа больсон хоригдлуудыг тэд ийш нь, Спасскруу илгээдэг байв. Ямар
гайхмаар юм бэ! Өвчтэй хоригдлууд Спасскын лагерын хилийг давмагц л эрүүл
болж, ажил хийдэг байв. Степлаг комплексыг бүхэлд нь хариуцсан хурандаа
Чечевын хувьд Спасск дивиз түүний дуртай хэсэг нь байв. Энэ танхай амьтан
Карагандагаас нисэж ирээд гутлаа харуулын байранд цэвэрлүүлээд, лагерын
талбайруу орж ажил хийгээгүй байгаа хүмүүсийг хайдаг байлаа. Тэрээр “Спасскын
лагерьт бүхэлдээ ганцхан тахир дутуу хүн, инвалид л байдаг юм. Тэр хоёр хөлгүй.
Гэхдээ би түүнд хөнгөн ажил олж өгсөн. Тэр зарлаганд гүйдэг юм” гэж хэлэх дуртай
байв. Тэр өрөөсөн хөлтэй бүх хоригдлуудыг зам өнгөлөх чулуу бутлах, суудлын
ажил хийлгүүлдэг байв. Суга таяг, эсвэл өрөөсөн гаргүй байсан ч энэ нь Спасскт
ажил хийхэд саад болох зүйл биш байв. Чечевийн өөр нэг санаачилга: Өрөөсөн
гартай 4 хоригдлоор дамнуулга зөөлгөдөг байв. Өөрийн гэсэн профессортой байхыг
хүсэж, биофизикч Чижевскийг янз бүрийн хогноос хэрэгцээтэй зүйлс гаргах тушаал
өгөв. Чижевский хаягдал материал ашиглан Жезказганы хоригдлууд уурхайд
ажиллахдаа хэрэглэж болох антисиликоз маск зохион бүтээсэн ч түүнийг нь
үйлдвэрлэлд нэвтрүүлээгүй юм. Тэд маскгүй ажилладаг байхад маскаар яах гээ вэ?
Тэгээд ч шинээр хоригдлуудыг аваачихын тулд тэндэх хоригдлууд цөөрч байх
ёстой.
1948 онд Спасскын хорих лагерьт 15 мянган эрэгтэй эмэгтэй хоригдол байв. Энэ
бол маш том хорих лагер байсан бөгөөд гаднах хилийг заагласан өргөст тор нь уул
гүвээ даваад явчихсан, нэг захынх нь харуулын цамхаг нөгөө захынхаа харуулын
цамхгийг хардаггүй байлаа. Лагерьт алгуур дотор нь тусгаарлах ажил явагдав.
Хоригдлууд лагерь дотор хашаа барьж, эмэгтэйчүүд, ажилчид, тахир дутуучуудыг
тусгаарлаж эхлэв... Тусгай лагерьт энгийн хөдөлмөрийн лагерын бодвол илүү олон
удаа хайлт, нэгжлэг хийдэг байв. Хоригдлуудыг өдөр бүр ажилдаа явахад нь,
ажлаас буцаж ирэхэд нь биед нь үзлэг нэгжлэг хийнэ. Урцыг тогтмол нэгжинэ:
шалыг өргөж, зуухны үнсийг ухна. Мөн шоронгийн маягаар, хоригдлуудыг нүцгэлж,
суга, ам, сүвийг нь үзэж, хувцас урж, гуталны ул ханзалж нэгжинэ. Дараа нь хэсэг
хугацааны дараа “хэн нэг нь тэнд зэвсэг нуусан байж магад хэмээн” лагерын өвс
бүрийг тоолон гаднах талбайг нэгжиж хайгуул хийнэ.
Зургаан мянган эрчүүл 12 км явж ажлынхаа байранд очдог. Өвчтэй сульдсан хүмүүс
байдаг тул ажлынхаа талбайруу очих гэж талдаа 2 цаг алхдаг байв. Үүн дээр 11 цаг
ажиллана. Эмэгтэй хоригдлууд өдөрт 0.9 куб метр чулуу бутлана. Хэрвээ чулуу
бутлах нормоо дутаавал талхны нормыг хасаж 400гр талх өгнө. Дараа нь эрэгтэй
хоригдлууд тэдэнд хэрхэн норм хэмжихийн өмнө хуучин овоолгоотой чулуунаас
нормондоо оруулж тоолуулахыг зааж өгсөн юм. Энэ бүх ажлыг хасах 30-35 градуст
хийнэ... Ажил хийдэггүй инвалидууд 550гр талхны нормтой. Ажилладаг нь 650гр
нормтой. Эм гэдэг зүйл Спасскт байхгүй. Өдөрт 110-120 хүн булшны нүх ухах
ажилд гардаг байв. 1949 онд, өвөл биш, зуны дулаан цагт ч гэсэн тэнд өдөрт 60-70
хүн, өвөлд бол 100 орчим хоригдол үхдэг байв. Бусад тусгай хорих лагериудад арай
ч Спасск шиг их хүн үхдэггүй байв. Тэнд арай дээр хооллодог байв. Гэхдээ ажил нь
дутахгүй хүнд байсан юм.
Хэрвээ чи санаж байгаа бол дугаар зүүх нь хоригдлын хувьд сэтгэл санааг нь
төдийлөн доош нь хийсэн дарсан зүйл байдаггүй. Энэ талаа Иван Денисович “Тэр
дугаарууд чинь жин татдаггүй юм” гэж хэлдэг. Зарим нэг өөрсдөө хэзээ ч номер
зүүж, өлсөж үзээгүй хүмүүс хоригдлуудыг буруутган, тэд сэтгэл зүрх, өөрийгөө
хүндэлж үзэх үзлээ гээсэн учраас номер зүүхийг тоохгүй байна гэдэг. Үнэндээ
номер нь нэг ч их сэтгэлзүйн ачаалал байдаггүй. Харин номер нь дарга нарын
хүсээд байгаа шиг сэтгэл зүйн дарамт биш харин ердөө л практик ч , бодит дарамт
байсан юм. Номер салж унах гээд, урагдаад, цоорохоор түүнийг хадаж тогтоох гэж
ажил уддаг байлаа. Номерт хамгийн дургүй хүмүүс бол харин шашин шүтлэгтэй
зарим хүүхнүүд байсан юм. Тэд чөтгөрийн дугаар, сатаны дугаарыг зүүхгүй гэж
татгалздаг байлаа. Лагерын захиргааны дарга Генерал Григорьев тэд нартай хатуу
тэмцэхээр шийдэн татгалзсан хүүхнүүдийн гадуур хувцсыг болон гутлыг нь номер
зүүтэл тайлуулах шийд гаргасан юм. Тэгсэн ч өөрсдийн сүнсээ Сатанд худалдахаас
татгалзсан хүүхнүүд өвлийн хасах хэмийн хүйтэнд гуталгүй, энгийн дотуур
хувцастай лагерь дотуур явж байв. Ийнхүү шашны үзлээрээ тэмцсэнд нь лагерын
захиргаа буулт хийж тэдэнд гадуур хувцсыг нь буцаан олгосон бөгөөд дугаар
хадахгүйгээр өмсөхийг зөвшөөрсөн юм...
... хүнийг нэг газраас нөгөөрүү явуулахад тэр тэнд очоод аятайхан байна гэдэгээ
зөвхөн азанд л даатгаж орхидог юм. Харин хүмүүсийг хамтад нь галт тэргэнд ачин
2, 3, 4 долоо хоног явуулж, нэг дамжин өнгөрүүлэх шоронд хорьж, нэг эгнээгээр
алхуулж байх үед тэд хэнд нь толгойлогчийн нударга байгааг, хэн нь даргын өмнө
бөхөлзөж аяыг нь олж чаддаг, хэн нь бохир заваан заль гаргадгийг хэн нь ажилчин
хоригдлуудыг золиондоо гаргаж өөрийнхөө үүрийг засаж чаддагийг мэдэж таних
хангалттай хугацаа байдаг. Ийнхүү энэ хооронд хоорондоо ойр дотно, итгэлцэл
дээр тулгуурласан нэгэн гэр бүл үүсдэг. Ингэхдээ тэд эрх чөлөөний төлөө тэмцэх
биш харин боолчлол, бороохойноос зайлсхийж, лагерь дахь гол албан тушаалуудыг
шүүрч авч, бусдыг авахаас сэргийлэх арга хэмжээ авдаг... Лагерьт хулгайчууд цөөн
ч гэсэн байсаар байсан юм. Ерөнхийдөө тийм ч олонх болохоор хулгайчууд
байгаагүй ч бусдыг дээрэлхэж доромжлохоор хангалттай олон тоотой байв. Мөн
тэд туслах ажил, хуарангийн ахлагч нарыг хийж, лагерын талбай дотуур
бороохойтой явдаг байв.
Биднийг 1949 онд очихын өмнөх жил Экибастузын лагерыг байгуулсан, тэнд бүх
зүйл өмнөх дэг горимоор байв. Бүх урц ворден, дэд ворден (хоорондоо төстэй олон
нэр томъёо гарч, хоорондоо холилдож, буруу ойлгогдох гээд байгаа тул үгчилж
орчуулалгүй тэр нэр томъёог нь хэрэглэхээр шийдлээ.), ахлах хоригдолтой. Тэдгээр
нь заримдаа нударгаа, заримдаа бусдад матах замаар хоригдлуудыг өмнөө
бөхөлзүүлнэ. Трастигууд тусдаа урцтай. Финлянд урцын дизайнтай учраас дотроо
кабинтай байв. Лагерьт чулуун шоронгийн байр барьж байв. Хагас нь л баригдсан
байсан тул тэнд маш их хүн чихцэлдсэн байлаа. Нүхэнд оруулахаар (сахилгад)
шийтгэгдсэн хоригдол сахилгын байранд орохын тулд сар, хоёр сар гаруй хүлээх
хэрэгтэй болж байв. Тиймээс ч дэг журам гэж бүр алдагдсан байлаа. Сахилгад
орохын тулд очерлох гэнэ ээ? (намайг сахилгад хийхэр шийтгэсэн боловч миний
ээлж огт ирээгүй юм) хулгайчууд очсон эхнийхээ жил дотор л гялалзсан өнгөө
алдаж байсан юм. Тэдний хойноос ирэх нэмэлт хүч, дараа үеийнхэн гэж
харагдахгүй байлаа. Ямар нэг зүйл тэдний хувьд болохгүй байв. Сахилгын офицер
эгнэсэн хоригдлуудын өмнө Магераныг ворденоор танилцуулахад тэрээр тэдний
өмнө гялалзах гэж бүхнийг хийсэн боловч удалгүй өөртөө үл итгэх үзэлдээ
эзэмдэгдэж, од нь бөхийсөн юм.
Шинэ ирэгсэд бүхний нэгэн адилаар биднийг тал талаас янз бүрээр бидний янзыг
үзэж дарамталж байв. Халуун усны туслахууд, үсчингүүд, агуулахын нярав энэ тэр
нэгдэн ямар нэг уранхай хувцасны тухай, хүйтэн усны тухай, эсвэл ариутгалын
тухай гомдол гаргах л юм бол барьж авч цохичих гээд байв. Тэд угаасаа тиймэрхүү
гомдол хэлэхийг хүлээж байсан байв. Тэдний зарим нь тэр дороо л нохой шиг
бөөндөө боорлон хүрч ирээд маш чанга хоолойгоор “Чи одоо Куйбышевын дамжин
өнгөрөх шоронд биш мэдэв үү?” гэж гараараа нүүрлүү нь ёворцгоож байв. Энэ нь
тэдний хувьд сэтгэл зүйн сайн бэлтгэсэн дайралт байв. Нүцгэн хүн гэдэг хувцастай
хүнээсээ 10 дахин эмзэг. Хэрвээ шинээр ирсэн хоригдлуудыг усанд ороод гарч
ирээгүй байх үеэр нь жаахан айлгах юм бол тэд лагерын амьдралаа хумьсан
далавчтайгаар эхлүүлэх байв.
Нөгөө Володя Гершуныг эхний өдөр лагерын хүрээг тэлэхээр гэрлийн шонгийн нүх
ухах ажил өгөв. Тэр ажлаа дуусгаж чадсангүй, маш ядарсан байв. Туслах хоригдол
Батурин түүнрүү гичийнүүдийнхээ нэгтэй очин дээрэмчин хэмээн дуудсанаа нүүрлүү
нь дэлсчихэв. Гершуны лоомоо доош тавьсанаа шууд коммандантын байрлуу
алхав. Тэнд очоод “Хүсвэл намайг хар нүхэнд ч хийсэн болно. Гэхдээ танай
дээрэмчид чинь хүн цохиод байх юм бол би ажиллахгүй” гэж хэлэв. Тэд түүний
хүссэнийг нь хийж түүнийг хар нүхэнд суулгасан юм…. Удалгүй бид ерөнхий ажилд
томилогдож, түүний дараа тоосго өрлөг дээр ажиллах болов. Боссууд бидний ажлыг
анзаарч ерөнхий барилгын ажлаас авч, сахилгын хуаран барих ажилд томилов.
Ийнхүү бид өөрсдөдөө зориулж шорон барьж эхэллээ…. Биднийг барилгын ажил
дээр байж байтал шоронгийн бүхээгтэй тэрэг харуулын цамхгын хажууд ирж
зогссоноо дөрвөн хүнийг гулдран буулгав. Тэднийг гулдарсаар бидний дөнгөж
барьж дуусгасан сахилгын хуарангын баруун жигүүрт хийв. Орголт. Тэд оргоод
баригдсан байв. Бид юу ч болоогүй юм шиг тоосгоо өрсөөр байв. Энэ бол энэ сард
гарсан хоёр дахь орголт байв. Эхнийх нь бас баригдсан юм. Долоо хоногийн дараа
бид тоосго өрж л байлаа. Энэ хооронд Экибастузын 4 мянган хоригдол оргоод
бүтэхгүй гэдгийг хангалттай ойлгож амжих хугацаа байв. Тэгтэл - өөр нэг нартай
өдөр тал нутагт дахиад буун дуу гарав. Бас нэг орголт. Яг л тахал шиг байв. Дахин
шоронгийн бүхээгтэй тэрэг лагерьт орж ирж, хоёр хоригдлыг сахилгын байранд
хийв… Түүнээс 5 хоногийн дараа ямар ч буун дуу сонсогдсонгүй. Гэвч тэнгэр
нижигнэх шиг нүргэлэх мэдээ сонсогдлоо. Өөр нэг орголт болсон байв. Харин энэ
удаа орголт амжилттай болсон шиг байв. 9 сарын 19-ны ням гаригийн орголтыг маш
цэвэрхэн хийсэн байв. Маш цэвэрхэн хийснээс лагерынхан дахин дахин тоолсон ч
тоолох бүрд тоо зөрүүтэй гарч, хэдэн хоригдол, хаанаас яаж оргосон нь ч
тоорхойгүй байв. Даваа гаригын оройн хоолыг хасаж, дахин тооллого хийв. Бид
харамсахгүй, тоохгүй байв. Харин баяртай байв. Юу гэж бодоо вэ нохойнуудаа?
Бидний зарим нь оргочихоод байна! Сайн зүйл нь залуус хагас сайнд явчихаагүй нь
болж, ингээд бид 2-дахь өдрөө ажилд гарсангүй. Даваа гаригын орой л нэрс нь
тодорхой болов: Георгий Тенно, Коля Жданок хоёр огосон байв. Оргосноос хойш, 3
хоног өнгөрөв. 7, 10, 15 хоног. Ямар ч мэдээ байсангүй. Тэд оргочихжээ.!!
Дөрөвдүгээр бүлэг
Бид яагаад үүний төлөө зогсоно вэ?
Миний уншигчдын зарим нь марксист түүхийн боловсролтой хүмүүс байгаа байх.
Тэд зөөлхөн, гар тавиуртай суудал дээрээ тухлан, хуудсыг ямар нэг хавтгай зүйл,
гуамаар цохин, толгойгоо дохин
“Тийм ээ тийм. Энэ хэсгийн зарим зүйлд би итгэж байна. Харин тэр хувьсгалийн
салхи гэдэг. Хараал ид. Тэр бол хувьсгал биш. Хувьсгал бол түүхийн хуулийн дагуу
явагддаг юм. Та нарын тохиолдолд хэдэн мянган “улс төрийнхөн” гэж нэрлэгдсэн
хоригдлуудыг сонгож авч. Нэр хүнд, гэр бүл, эрх чөлөө, хувцас, хүнс- эд нараасаа
хагацахад та нар юу хийж байв? Яагаад та нар бослого гаргаагүй юм бэ?”
“Бид нормынхоо хоолны төлөө ажиллаж байсан юм. Бид – шоронгоо барьж байсан
юм гэж би хэлсэн байх аа?”
“За яахав, болж. Та нар угаасаа тийм зүйл л хийх ёстой. Энэ бол зөв шийдэл. Харин
өөрсдийгөө битгий хувьсгалчид гэж нэрлээд байгаарай нөхөд минь. Хувьсгал
хийхийн тулд та нар нийгмийн дэвшилтэт ангитай (прогрессив класстай) холбоотой
байх ёстой байдаг юм.”
“Тиймээ. Гэвч бид бүгд ажилчид байгаагүй юм.”
“Чи түүхэн шаардлага, хэрэгцээ гэж мэдэх үү?”… би юу ч ойлгохгүй байсан тул тэр
надад тайлбарлана… Магадгүй түүний зөв байх…Энгийн Кадетын тайлбараар бол
оросын түүх бол бараг нэг дарангуйлагчаас нөгөө дарангуйлагчидруу шилжсэн түүх
юм…
… Яагаад лагерь байгуулах хэрэгтэй болсон юм бэ? Хүмүүс зүгээр л баривчлагдсан
хүмүүс бол буруутай гэдэгт итгэхийг хүссэн юм. Тэгвэл яагаад энэ бүхэн өөр гэдгийг
мэдэж байсан, өлсөж зовж, нуруугаа бөгтийтөл ажиллаж байсан лагерьт байсан
хоригдлууд бид энэ бүхний өөдөөс нь тэмцээгүй юм бэ? Бусад хүмүүс, хэзээ ч
харгалзуулан явж байгаагүй, гар хөлөө ашиглаж болох бүрэн бүтэн гар хөлтэй- тэр
хүмүүсийг тэмцээгүйнх нь төлөө уучилж болох юм, тийм биз? Тэд өөрсдийн гэр бүл,
албан тушаал, цалин, зохиолчийн урамшууллаа алдахыг хүсээгүй юм. Тэр хүмүүс
одоо бид нарыг, хоригдлуудыг, бидэнд алдах зүйл юу ч байхгүй байсаар байхад
хоногын хоолны нормноос зууралдан, тэмцээгүй гэсэн шүүмжлэлүүдийг
нийтэлцгээж байна… Энэ бүхнийг лагерьтай холбохын учир нь юу вэ гэвэл гаднах
хүмүүс энэ талаар юу ч мэдэхгүй байсан юм.
Ингэхэд тэр хоригдол ямар арга замаар тийм дэглэмийн эсрэг тэмцэж болох байсан
юм бэ? Мэдээж:
1. Эсэргүүцэл
2. Өлсгөлөн зарлах
3. Оргох
4. Бослого гаргах
Александр Солженицын: Гулаг Ольтриг
164
Эхний хоёрын тухайд гэвэл, хэрвээ энэ тухайд нь олон нийт мэдэж дэмжиж байвал
тодорхой нөлөөтэй байж болох юм гэж манай Агуу Их Талийгаач хэлэх дуртай
байсан юм. Хэрвээ хуягууд айхгүй, энэ тухай олон нийт мэдэж хойноос дэмжээгүй
байвал тэд бидний нүүрэн дээр хүссэнээрээ шоолж инээх байсан юм.
Энэ бол өөрийнхөө шаардлагыг биелүүлүүлэх маш ноцтой арга- шоронгийн
удирдлагуудын өмнө зогсоод цамцаа урна гэдэг бол, Дзержинский ингэж байсан
юм. Гэхдээ зөвхөн олон нийт хойно нь дэмжиж байхад. Хэрвээ тийм зүйл байхгүй
бол тэд чамайг хоолойноос чинь багалзуурдаж аваад чамаар засгийн цамцны
тооцоог нь хийлгүүлэх болно. Өнгөрсөн зууны сүүлээр Карагын хүнд хөдөлмөрийн
лагерьт болсон олонд алдаршсан нэгэн явдлын тухай би дурдъя. Сахилгын
шийтгэл оноох болно гэж улс төрийн хоригдлуудад мэдэгдсэн байв. Надежда
Сигидаг эхлээд шийтгэх гэж байлаа. Тэр огцор гэсэн шаардлага тавин шоронгийн
даргын хацарлуу алгадсан байв. Тэрээр тийнхүү саваадуулж, дөнгөлүүлж
шийтгүүлснээс үхсэн нь дээр гэж хор уув. Түүнтэй цуг өөр гурван эмэгтэй хор ууж
үхэв. Эрэгтэйчүүдийн хуаранд 14 хоригдол амиа хорлох үйлдэл хийв, бүгд
амжилттай болоогүй ч зарим нь үхэв. Үр дүнд нь захиргааны шийтгэлийг тэр дор,
нь, бүрмөсөн үүрд хориглов. Тэгэхэд хоригдлууд, Кара дахь эмгэнэлт явдлын тухай
мэдээ Орос оронд, дэлхий даяар түгнэ, шоронгийн удирдлагуудыг айлгана гэж гэж
итгэж, тооцож байсан юм.
Харин бид өөрсдийн нөхцөл байдлын тухайд ийм арга хэмжээ авбал яах вэ?
Коммандантын нүүрийг цохих уу? Нуруулуугаа хэд цохиуллаа гээд яахав дээ.
Тэглээ гээд үхэх биш цааш нь амьдрах л болно. Яагаад түүний эмэгтэй найзууд нь
бас хор уугаа вэ? Бас хажууд нь тэр 14 эр? Бидэнд ганц л амьдрал өгөгдсөн. Бид
үүнээсээ хамгийн сайн сайхныг нь л шүүж гаргах хэрэгтэй. Хоол, унд олж болоод л
байвал үхэж яах юм бэ? Тэгээд ч өршөөл гарч магад, эсвэл үлгэр жишээ байсны
төлөө ялаас хоног хасаж магад.
Ямар ариун, өндөр байдлаас, шорон дахь сэтгэл зүй доош орж унасныг харж байна.
Бид ямар доошоо орж унасан гээч. Түүний хамт манай шоронгийн хуягууд ямар
дээшээ гарсан гээч. Үгүй энэ бол Карагийн бөгтийсөн хуягууд биш. Бидэнд дээшээ
өндийх зориг байлаа ч гэсэн, 4 хүүхэн, 14 эр бүгд хор ч олж авж амжаагүй байхдаа
буудуулах байсан юм. Хор олж авж уулаа ч гэсэн чи, захиргааныхны хийх ажил
хөнгөвчилж өгөх болно. Тэгээд бас бусдыг нь, чамайг илчилсэнгүй, мэдэгдсэнгүй
гэж бусдыг нь саваадах болно. Тэгээд мэдээж энэ талаар ямар ч үг хязгаарын
өргөст торноос цааш гарахгүй. Тиймээ үүнд тэдний хүч чадал оршдог юм: ямар ч
мэдээ гадагш алдагдахгүй. Хэрвээ ямар нэг цуу гарлаа гэхэд, сонин хэвлэл түүнийг
нь баталж нотлохгүй бөгөд тэгсхийгээд дарагдаж, хол явахгүй. Тэгэхээр айх зүйл юу
байна? Тэгэхээр тэд яалаа гэж бидний эсэргүүцлийг чихээрээ оруулаад сонсож
байхав дээ. Хор уумаар байвал – тэгээд уугаач дээ.
Өлсгөлөн зарлаад ямар ч үр дүнгүй талаар номны нэгдүгээр хэсэгт өгүүлсэн. Тэгвэл
оргох тухайд? Хаант засгийн үед маш олон орголтууд гарч байсныг түүх гэрчилдэг.
Гэхдээ тэднийг бүгдийг нь гаднаас, бусад хувьсгалчид, намын нөхөд, бусад хүмүүс
зохион байгуулж, тусалж, инженерчилж оргуулдаг байв. “Ард түмэн тэдэнтэй цуг
байснаас ирээдүй тэднийх байсан юм” гэж хэлж болох юм. Харин миний өгөх
даруухан хариулт бол “энэ бол зүгээр л хөгжилтэй тоглоом, эрх зүйн тоглоом
байсан юм”. Цонхноосоо алчуур даллаж, оргодлыг гэртээ хонуулж, зүсээ
хувиргахад нь туслах? Энэ бүхнийг гэмт хэрэг гэж тооцдоггүй байсан юм.... Хаант
зсгийн үед хэрвээ залхуурахгүй л бол хэзээ ч хаашаа ч оргож болдог байсан юм...
Хоригдлууд мод бэлтгэж байх үед хоригдлууд Соловкийн арлаас жижиг завиар
оргож эхэлсэн бол сталины үед хоригдлууд лагерьт солиорч, галзуурсандаа
оргоход хүрч байв. Гэхдээ орголт нь бас л нэг өөр нэг төрлийн мөхлийн хаалга
байв. Хаант засгийн үед оргох талаар хэзээ ч нарийн бодож төлөвлөдөгүй ч оргож
болдог байсан бол харин манай лагериудаас яаж ч сайн нарийн төлөвлөлөсөн
амжилтанд хүрэхэд маш бэрх байсан юм. “Яагаад гэвэл та нарын орголт ангийн
үзэл санааны эсрэг байсан юм” “Боолчлол, амьтан шиг байхаасаа зайлсхийх гэж
оргохоос өөр ямар өндөр зорилго байх юм бэ?” Хаант засгийн үед оргодлууд хүмүүс
өөрт нь тусална гэдэгт найдаж байсан юм. Харин манай ард түмэн оргодлуудад
туслахаасаа айж, харин ч бүр тэднээс урваж байсан юм... Шоронгийн бослогын
тухайд гэвэл – гурав, тав, эсвэл бүр 8 мянган хоригдлуудын бослого гарч байсан
юм. Харин манай түүх 3 хувьсгалаас өөр хувьсгалийн тухай бичээгүй юм. Гэсэн ч
бид босож байсан юм. Гэхдээ маш их үнэ, маш их золиосоор маш өчүүхэн үр дүнд
хүрж байсан юм. Учир нь манай нийгэм үүнд бэлэн биш байсан юм. Тиймээс олон
нийтийн дэмжлэггүйгээс асар том лагерь боссон ч гэсэн өөрчлөлт хийхэд
хүрэлцээгүй юм. Биднээс “Тэгвэл та нар тэгээд больж зогссон юм уу?” гэж асуудаг.
Үүнд хариулах цаг нь болсон: “Үгүй. Бид зогсоогүй.” Цааш нь уншвал бид болиогүйг
харах болно. Тусгай лагерьт бид улс төрийнхний далбааг өргөсөн юм – бид
Хувьсгалчид болсон юм.
Тавдугаар бүлэг
Булшин доорх шүлэг, чулуун доорх үнэн
Лагерь дахь кареерынхаа эхний үед би ерөнхий ажлаас маш их жийрхэн
зайлсхийдэг байлаа. 6 дахь жилдээ Экибастузд ирэхдээ би өөр болсон байв.
Каторгад ирмэгцээ би ажил хийхэд шаардлагатай чадваруудыг олж авахаар
мэрийв. Олег Иванов бид 2 Боронюкын багт ороход аятайхан арилжаа (тоосго
өрөгч) зам дээр гараад ирэв. Сүүлд нь миний аз эргэж би хэсэг хугацаанд ган
хайлуулагчаар ажилласан. Эхэндээ би цаашид тэсэж давж гарч чадах эсэхээ
мэдэхгүй хэцүү байв. Гэвч нэг өдөр би зориуд бүхий л сэтэлээ доош хаяхад, доор
хатуу чулуурхаг ч гэсэн газар тэмтрэгдэж буйг би мэдсэн. Энэ бол миний
амьдралын хамгийн чухал үе байсан юм… Би яаж тусгай лагерт бичих вэ?
Короленко шоронд байхдаа зохиолоо бичсэн гэдэг. Гэхдээ түүний нөхцөл байдал
огт өөр байсан юм. Тэр харандаагаа (тэд түүний хувцасны нугалаасыг шалгадаггүй
л байсан юм байхдаа) үсэн завсраа нуун (үсийг нь үзээгүй юм байхдаа) бөөн чимээ
шуугиан дунд суун (сууж хөлөө тэнийлгэх камер байсанд баярлах хэрэгтэй) бичиж
байсан гэдэг. Үнэндээ тэр гар бичмэлээ нууж, хадгалаад гадагш нь илгээж чаддаг,
маш азтай байв (энэ бол хамгийн хэцүү нь гэдгийг манай үеийнхэн цөм мэднэ).
Өнөө цагт, лагерьт бол ингэж бичих ямар ч бололцоогүй. Ой санамж бол бүх зүйлээ
хадгалаад, ямар ч нэгжлэг, самналтад өртөхгүй гарах ганц боломж. Эхний үед би ой
ухааны хүчинд төдийлөн итгэдэггүй байсан тул зохиолоо шүлэглэж бичиж эхэлсэн
юм. Өөр ямар ч жижиг сажиг хээнцэр илүүц зүйлд зарцуулагддаггүй болохоор
хоригдлын ой санамж бол маш чадавхитай, байнга тэлж байдаг. Бид ой
санамжиндаа маш бага итгэдэг бололтой… Би харандаа олж аваад, эмнэлэг, эсвэл
боловсрол, соёлын хэсгээс жижиг цаас олж авдаг байв. Би эхлээд 12-24 мөрөөр
бичиж, нөгөөдхөө сайжруулан, цээжлээд, дараа нь цаасаа шатаадаг болов. Ямар ч
тохиолдолд цаасаа урж үлдээхгүй гэж шийдсэн юм. Дараа нь хэдэн мөр цээжилснээ
шүдэнз хугалж тэмдэглэж эхлэв… Дараа нь Куйбышевын дамжин өнгөрөх шорнд
байхдаа би Литвын католик хоригдлуудаас шоронгийн аргаар эрх хийсэн байхыг
харж, миний шүтдэг шашин 100 ширхэгтэй байх ёстой байдаг юм хэмээн
тайлбарлан өөртөө 100 ширхэг бөндгөр ширхэгтэй эрх хийв. Ингэхдээ 10 дахь
болгон нь бөөрөнхий биш дөрвөлжин, 15 дахь, 100 дахь болгон нь арай өөр
хэлбэртэй. Ворденууд үүнийг олон удаа олж байсан ч шашных, залбирлынх гэж
бодоод хураалгүй үлдээж байв. Суллагдах үедээ би эрхээ ашиглан 12 мянган мөр
шүлэг цээжилсэн байв… Хэдий чинээ ихийг бичнэ, төдий чинээ их хугацааг
нөгөөдхөө дахин дахин эхнээс нь давтаж, цээжилж унишхад илүү их цаг зарцуулж
байв… Нэг удаа миний ноороглож байсан шүлгийг харуулын хуяг олсон ч түүнийг
уншаад тэндээс ямар ч сэжигтэй юм олж чадаагүй… Орой лагерьт кино үзүүлэв…
Нэг өдөр Соёл Урлагын хэсгийн арга хэмжээний үеэр “Эхнэр минь, бяцхан эхнэр
минь” гэдэг дууг дуулна гэж зарлав. “Мокрусовын хөгжим, Исаковскийн шүлэг. Уран
сайханч Женя Никишин, гитартай дуулна” гунигтай, энгийн аялгуу гитараас гарч
байв. Женя том зааланд байсан биднийг харан зогсов.
Эхнэр минь, өө бяцхан эхнэр минь
Амьдралаас минь ч илүү үнэтэй-
Чи, чи ганцаараа миний зүрхэнд амьдарна!
Чи Чи ганцаараа. Уртаа гээчийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний тухай лоозон
тайзны дээр өлгөөтэй байв. Заалны бүдэг цэнхэр туяанд лагерьт өнгөрүүлсэн он
жилүүд, цаашид өнгөрүүлэх он жилүүд бүдэгхэн харагдаж байв. Чи, чи ганцаараа.
Юу ч илүү үнэтэй биш
Юу ч тийм ойр биш
Бид хамт ч бай, хол ч бай
Энэ дуунд хэзээ ч ирдэггүй мэдээний тухай өгүүлж байв. Ганцаардал, цөхрөлийн
тухай. Ямар оносон юм шиг. Гэхдээ шорон гэж шууд өгүүлэхгүй байв. Магадгүй энэ
дайны тухай ч дуу байж болох… Гар нь цэврүүтсэн, юм бүхэнд нухуулж чулуу
болсон эрчүүдийн зүрхэнд нь хүрсэн байлаа. Нулимс гарч, урсаж байв.
Эхнэр минь, өө бяцхан эхнэр минь
Амьдралаас ч илүү үнэтэй –
Чи, чи ганцаарханаа миний зүрхэнд оршино!
Зургаадугаар бүлэг
Шийдсэн оргодол
Өнөө үед Георгий Павлович Тенно өнгөрсөн цаг үеийн өөрийнхөө, өөрийнхөө
нөхдийн орголтуудын тухай, өөрийн хүндэлдэг баатруудын тухай: Михайль
Хайдаров, Григорий Кудла, Хафиз Хафизов нарын тухай: “Тэр бол ёстой жинхэнэ
шийдсэн оргогч байсан юм” гэж өгүүлдэг. Шийдсэн оргогч! Итгэмжлэгдэгч болоод,
соёл, боловсролын хэсэгт ажиллаад, эсвэл талхны норм хариуцдаг байлаа ч гэсэн
хүн торны цаана байж болно гэдэгт нэг минут ч болов итгэдэггүй тийм хүн юм.
Тэрээр шоронд байх сэрүүн цаг мөч бүрээ оргох тухай бодож, унтахдаа орголтын
талаар зүүдэлдэг. Тэрээр хэзээ ч бууж өгөхгүй гэж өөртөө андгайлж, өөрийнхөө
үйлдэл бүхнийг орголтонд чиглүүлдэг. Түүний хувьд шорон дахь өдөр бол зүгээр нэг
өдөр байдаггүй харин орголтонд бэлтгэх өдрүүд, оргож зугатаж байх өдрүүд,
баригдаж, зодуулаад сахилгын байранд суух өдрүүд л гэж байдаг. Шийдсэн оргогч.
Тэрээр юу хийх гэж байгаагаа, юугаар оролдож байгаагаа сайн мэддэг. Төв талбайд
суманд сийчүүлсэн өөр оргодлын цогцсыг тэр харж байсан. Тэрээр мөн баригдсан
хоригдлуудыг хөх алаг болтол зодуулчаад урцнаас урц дамжин, амнаасаа цус
шүүрүүлэн “Хоригдлуудаа надад юу тохиолдсоныг хар. Та нарт ч бас тохиолдож
болзошгүй шүү” гэж хэлүүлж байхыг харж байсан. Тэрээр мөн оргодлын биеийг
буцааж авч явна гэхэд дэндүү хүнд байдаг гэдгийг мэднэ. Тиймээс тэд заримдаа
зөвхөн толгойг нь л авчирдаг. Эсвэл бүр найвартайг нь бодоод толгойг нь баруун
гарынх нь сарвуутай авчирдаг байв. (дүрмийн дагуу бол энэ нь илүү найдвартай)
Ингэснээр тухайн хүнийг жагсаалтаас хасдаг байв. Шийдсэн оргодол- түүнээс болж
цонхны сараалжуудыг цементэнд суулгаж, өргөст тор татаж, цамхаг, тор, хаалт,
шуудуу хийж, нохойг улаан махаар хооллодог. Тэмцэж болох бүхий л аргуудаас тэр
зөвхөн ганцыг нь л харж, ганцад нь л итгэдэг. Тэр нь орголт. Бүтэлгүй орголтуудынх
нь хооронд амсхийх зуурт нь түүнээс бусад тайван хоригдлууд асуудаг “Чи яагаад
зүгээр сууж болдоггүй юм бэ? Чи гаднаас юу олно гэж бодоо вэ?” Тенно гайхан “Юу
олно гэж? Мэдээж эрх чөлөөг. Гинжгүйгээр бүтэн өдөр тайгад- энэ чинь л эрх
чөлөө”. Энэ бол Тенно юм. Шинээр очсон бүх лагерьтаа тэрээр оргох дараагийн
төлөвлөгөөг бодож олтлоо тэр сэтгэл дундуур, шаналангуй байдаг байв. Харин
төлөвлөгөөтэй болмогцоо Тенногын нүүр нь гэрэлтэж, уруулнаас нь инээмсгэлэл
салдаггүй…
… Түүнийг баривчлахад тэрээр оргож болох байсан ч бүх зүйл нааштайгаар
шийдэгдэх байлгүй дээ гэж хий итгэж хүлээж сайхан боломж алдсан юм гэж тэр
ярьдаг. … Дараа нь түүнийг дэлхийд зартай Лефортовод хорьж байцаах үед тэрээр
тэндээс оргож чадна гэдэгтээ итгэлтэй байсан юм…
Хүний бусад бүхий л үйл ажиллагааны нэгэн адилаар шоронгоос оргох нь ч гэсэн
өөрийн гэсэн түүх, онолтой. Өөрөө биечилж оролдохоосоо өмнө тэр талаар зарим
зүйлс сонсвол зүгээр байж магадгүй. Түүх гэдэг бол өмнөх орголтууд. Аюулгүйн
албаныхан орголтын тухай олонд түгсэн зурагт хуудас, самбар бичиж тараадаггүй.
Тиймээс түүхийг өмнө нь оргож, бас баригдаж байсан тэр хүмүүсээс суралцах
хэрэгтэй болно. Тэдний туршлагыг маш үнэтэй олж авсан юм: цус, зовлон, золтой л
амиа өгчихөөгүй. Орголтын тухай алхам алхамаар нь, эхлээд нэг түүх, дараа нь
дараагийнх нь 3 дахь нь, 5 дахь нь гэх мэтээр асууж мэднэ гэдэг бол инээх зүйл
биш. Энэ нь нууц байгууллагад хэн элсэх вэ гэж асуухаас дутахгүй аюултай байж
магадгүй. Магадгүй матаачид хажууд чинь сонсоод сууж байж ч магад. Түүнээс ч
долоон дор нь оргоод баригдсан хоригдол тамлалын дор амьдрал үхлийн нэгээс
сонголт хийн одоо өөрөө бусдыг оргоход сэтгэл санааны дэм өгөх биш харин амьд
өгөөш болчихсон сууж байж ч магадгүй. Загалмайлсан эцгүүдийн нэг ажил нь цаг
гайгүй байхад хоригдлуудаас хэн нь оргож магадгүй талаар судалгаа тандалт хийн,
оргож болзошгүй хоригдлыг тодруулан хувийн хэрэгт нь бичилт хийн тухайн
хоригдлыг торгуулын хэсэгрүү шилжүүлдэг.
Гэсэн ч шоронгоос шорон, лагериас лагерь дамжин явж байхдаа Тенно бусад оргож
байсан хоригдлуудыг идэвхтэй байцааж шалдаг байв. Тэр өөрөө оргож баригдахад
түүний камерт өөр бусад оргосон хоригдлууд таарсан байв. Заримдаа тэр алдаа
хийдэг. Алдарт оргогч Степан түүнийг Кенгирын аюулгүйн албаны офицер Беляевт
худалдаж байв.
Орголтын онолын тухайд гэвэл маш хялбархан. Чадах ямар ч арга замаар хамаагүй
хийж болно. Хэрвээ чи оргож чадвал, чи онолыг мэддэг юм байна гэсэн үг. Хэрвээ
баригдвал, арай л болоогүй байгаа юм байна. Анхан шатны зарчмууд гэвэл дараах
байдалтай. Чи нэг бол ажлын талбай дээрээс, эсвэл амьдрах байрнаас оргох
болно. Ажлын байрнаас, талбайгаас оргох нь хялбар байдаг. Ажил дээр илүү олон
хоригдол байдаг, аюулгүйн хамгаалалт хяналт арай сул, мөн оргогчид ашиглаж
болох багаж хэрэгсэл байдаг. Ганцаараа оргож болно, энэ бол илүү хэцүү, гэхдээ
хэн ч чамайг араар чинь тавихгүй. Эсвэл бүлгээрээ оргож болно, энэ арай хялбар,
гэхдээ бүх зүйл та нар сайн баг мөн үү гэдгээс шалтгаалах болдог. Онол мөн, өмнөө
гэрэлтдэг газрын зурагтай юм шигээр л орчны газраа сайн мэдэх хэрэгтэй гэдэг.
Гэвч чи лагерьт ямар ч газрын зурагны бараа харахгүй. (Заримдаа хулгайчууд
газрын зураг, газарзүйн мэдлэгийг ор тас ойшоодоггүй.) Түүнээс гадна оргоод
хаагуур, ямар хүмүүстэй газраар гарах гэж байна, хүмүүсийг мэдэх хэрэгтэй болдог.
Тэгээд ерөнхий зөвлөгөө: оргохын тулд цаг ямагт төлөвлөгөөнийхөө дагуу бэлтгэх
ёстой, гэсэн ч гэнэтийн боломжийг ашиглахын тулд цагаа тулахад
төлөвлөгөөнөөсөө өөрөөр хийхэд бэлэн байх хэрэгтэй.
Гэнэтийн шансын тухай нэгэн жишээ: Кенгирт нэгэн удаа сахилгад байсан бүх
хоригдлоор тоосго өрүүлэхээр ажилд гаргав. Тэгтэл гэнэт Казахстанд гардаг тийм
шороон шуурга хуйлран бүх зүйл харанхуйлав. Ийм гэнэтийн боломжинд хэн ч
бэлэн биш байв. Харин Николай Криков хязгаарлалтын торыг шарх сорви болон
даван лагерын дөнгөж цаахна нуугдчихав. Тэд моторжуулсан эрлийн хэсэг гаргаж,
нохойгоор мөрдүүлсэн боловч юу ч олсонгүй. Хамаг мөр нь шороонд баларч, үнэр
нь салхинд алга болсон байв. Эрлийн үеэр Криков хогон дунд нуугдсан байв.
Маргааш нь тэр тэндээс гарч цааш явсан боловч талд эрлийнхэнтэй тааралдан
баригдсан юм…
… Орголтын өмнөх шөнө! Нойр бараг хүрэхгүй. Бодоод л бодоод л байх болно...
Маргааш өдийд би амьд байж байх болов уу? Үгүй ч байж магад. Эндээ үлдвэл яах
вэ? Алгуур удаанаар үхэх үү? ... Үгүй чи хоригдол болсон, хоригдох болно гэсэн
үзэл бодлыг ч хүлээн зөвшөөрч болохгүй. Гол асуулт бол: Чи үхэхэд бэлэн үү?
Тийм үү? Тэгвэл чи оргоход бэлэн.
Наймдугаар бүлэг
Орголтууд: ёс зүй ба механикууд
Засан хүмүүжүүлэх газраас оргосон орголтуудыг Гулагын удирдагч нар төдийлөн
цочирдож хүлээж авдаггүй. Тэд үүнийг асар том цар хэмжээтэй эдийн засгийн
байгууламжаас гарах зүй ёсны хаягдал – яг л сүргээс үнээ хорогддог шиг, хөвөхийн
оронд зарим гуалингууд живдэг шиг, эсвэл бүтэн тоосгоны оронд тал тоосгоор
өрлөг хийдэг шиг зайлшгүй гарах үзэгдэл гэж үздэг. Харин тусгай лагериудын хувьд
бол тэд хатуу шаардлага тавьдаг. Бүрэн орчин үеийн зэвсэгтэй, моторжуулсан
явган цэргийн түвшинд бэхжүүлсэн цэргийн ангиуд тэнд ажилладаг. Эдгээр
лагериудад тэд зүгээр хоригдлууд биш харин ангийн дайснуудыг хорьж байгаа. Анх
байгуулах үед нь тусгай лагериудаас ч ямар ч ялтан оргуулж болохгүй гэж тушаал
өгч байсан. Үүнээс хойш удалгүй тэд Эрүүгийн хуулиараа 58-ынхныг өмнөх шигээ
10 биш харин дөрөвний нэгтээр (25 жилийн ял) яллаж эхэлсэн. Нэг хүн алсан хүн
дахиад хүн алахаас айхаа больдог (тухай бүрд нь түүний 10 жилийн ял дээр нь маш
бага хугацаа нэмэгдэнэ) шиг Улс төрийн хоригдлууд үүний дараа оргохоос айхаа
больсон юм. Түүнчлэн эдгээр лагерьт хоригдож байсан хоригдлууд нь лагерын
удирдлагуудыг Цор ганц үнэн онолын дагуу зөвтгөх гэж оролдож байсан хүмүүс биш
харин дайны үед элгээрээ мөлхөж, гранат атгасан гарынх нь үрчлээ ч арилаагүй
байсан тийм эрчүүд байв. Георгий Тенно, Иван Воробьев, Василий Брюхин болон
тэдний нөхөд, тэдэнтэй төстэй өөр олон лагерьт байсан эрчүүд зэвсэггүй байсан ч
моторжуулсан явган цэргийн орчин үеийн зэвсгээр зэвсэглэсэн байнгын армийн
харуулуудтай энэ зэрэгцэхүйц гэдгээ харуулж байсан юм. Хэдийгээр тусгай
лагериудаас илүү цөөхөн хүн оргож байсан ч (тэгээд ч, нөгөөтэйгүүр, тусгай
лагериуд тийм ч удаан байгаагүй) тэдгээр орголтууд нь илүү ширүүн, илүү зэрлэг,
яахаас ч буцахгүй, тиймээс ч илүү алдартай байсан юм…
… 1948 онд Джезказганы нэгдүгээр дивиз. Зайтай газраас элс ачиж, цементийн
хэсэгт хүргэж өгөх даалгаварыг гурван урт хугацааны ялтай хоригдолд өгөв: нэг нь
10 жилтэй, нөгөө 2 нь 25 жилийн ялтай байв. Тэр гурвыг автомат буутай 2 цэрэг, нэг
офицерын хамт харгалзах бөгөөд, жолооч нь итгэмжлэгдсэн хоригдол байв. Тэр
гурвын намтар нь гэвэл хоорондоо бараг адилхан: фронтод байлдаж байгаад,
германы талд олзлогдоод, хорих лагериас оргоод дахин баригдаж, сахилгын
лагерьт, тэндээс- дайн дуусах үед манайхан очиж суллаад, тэгээд гулагруу
явуулсан байв. Тэд Германы нутгаар хөндлөн явахдаа айгаагүй улс, эх орондоо
оролдож үзэхэд юунаас айх билээ? Тэд шороогоо ачиж дуусгав. Тэндээс хөдөлмөгц
тэд ачаан дээр байсан автоматтай 2 цэргийн нүдрүү элс цацан бууг нь булааж авав.
Тэгмэгцээ машины явдал дунд цонхоор бууны бөгсөөр офицерыг цохиж унагав.
Машин зогсов. Жолооч нь үхтлээ айсан байв. “Битгий ай, бид чамайг яах ч үгүй. Чи
ямар энэ нохдын нэг биш. Шороогоо асга” Тэдэнд эрх чөлөө авчирсан алтнаас ч
үнэтэй шороог тэд асгав. Дараа нь бараг бүхий л орголтын түүхэнд байдаг шиг,
боолууд нь эздээсээ илүү хүнлэг сэтгэлтэй байдаг гэдгийг харуулах мэт тэд тэр
гурвыг алсангүй, харин хувцсыг нь тайлж аван хүлэн, нүцгэн үлдээв. “Жолоочоо чи
яах вэ? Чи бидэнтэй хамт уу тэдэнтэй цуг уу?” “Та нартай хамт, мэдээж юу гэж
бодоо вэ” Хөл нүцгэн үлдсэн тэр хэдийг хуурахын тулд эхлээд баруун тийш явав
(тэднийг амьд үлдээсний төлбөр) дараа нь явдал дундаа, чигээ өөрчилж, нэг нь
офицерын хувцас өмсөв. Бензин дуустал 300 км явав. Дараа нь хажуугаар зөрж
гарсан машинуудыг ажиглаж эхлэв… Победа гарч ирэв. Зогсоов. “уучлаарай нөхдөө
бид зүгээр ажлаа л хийж байна. Бичиг баримтаа” Тэд нар нь дүүргийн намын
хорооны боссууд байв. “Гараад ир! Хувцсаа тайл” “Биднийг битгий буудаарай” гэж
том хөвгүүд тэднээс гуйв… 200 км яваад бензин дуусав. Тэд хажуугаар цогиулан
явж өнгөрч байсан адуунуудаас барьж унав. Энэ үед жолооч морьноос унаснаас
хөлөө бэртээв. Нэг нь хойноо сундлаад явъя гэсэн ч тэр татгалзав. “Битгий ай
залуусаа, би та нарыг матахгүй”. Жолоочоос хойш тэднийг дахиж хэн ч хараагүй,
тэднийг дахиж хэзээ ч лагерьт буцааж хийгээгүй гэдэг. Ийнхүү залуус дөрөвний нэг,
аравтуудаа аюулгүй байдлын офицерын сейфенд үлдээсэн юм. “Ногоон прокурор”
эр зоригтныг сайшаасан бололтой…
Аравдугаар бүлэг
Торны цаана газар шатаж байна
Лагерьт үймээн, бослого гарахгүй байсан юм биш, харин ч сонирхолтой нь бүхий л
зүйлс эсрэгээр нь байсаар байхад гарч байсан юм. Түүхэн дэхь бүхий л ичгүүртэй
явдлын нэгэн адил эдгээр бослогын тухай түүхийг мөн цэвэрхэн хуулан авч, түүхээс
арчиж байсан юм. Анхны бослогуудын нэг Ретюнины бослого 1942 оны нэгдүгээр
сард Ош-курие лагерьт гарсан юм. Тэрээр чөлөөт ажилчин байсан бөгөөд 58-
ынханд болон хулгайчуудад уриалан хэдэн зуун сайн дурынхныг босгосон юм. Тэд
цувааныхны зэвсгийг булаан авч ойд орон партизанууд шиг амьдарч эхэлсэн.
Тэднийг аажим аажмаар устгасан. …1948 оны шоронгийн ачилтаар хуучин цэргүүд
ачигдсан юм. Тэнд өмнө нь фронтын аль ч талд гарч, өөр хоорондоо байлдаж
байсан цэргүүд хүртэл байв. Гэсэн ч энд дарлал доромжлол тэднийг нэгтгэсэн. Тэд
өмнө нь дэлхийн дайнуудын бүхий л фронтууд дээр байлдаж байсан, орчин цагийн
явган цэргийн байлдааны урлаг, өнгөлөн далдлалт, харуулыг нухаж унагах зэрэгт
нэвт суралцсан эрчүүд байв. 1948 он гэхэд тэд дайны үеийн бэлтгэл, туршлагаа
хадгалсан хэвээр гэж өөрсдөдөө итгэж байсан бөгөөд хэрхэн ийнхүү бүхэл бүтэн
батталионууд байж зүгээр л өвдөг сөгдсөөр үхэх ёстой юм бэ гэдгийн учрыг ойлгож
хүлээн зөвшөөрч чадахгүй байв. Орголт хүртэл тэдэнд дайсныхаа эсрэг нүүр
тулахын оронд цэргийн албанаас зугатаж буй мэт, хагас дутуу арга хэмжээ шиг
санагдаж байв. Энэ бүхнийг нэг баг зохион байгуулж эхлүүлсэн гэдэг. Зарим нь
түүнийг Воронов гэж, харин зарим нь Воронин гэж дууддаг. Мөн хуягт хүчний
нэгдүгээр лейтенант Сакуренкогийн нэрийг мөн дурддаг. Тэдний багийнхан цувааны
харуулуудаа алаад (тэдгээр өдрүүдэд цувааныхан жинхэнэ зэвсэгт хүчнийхэн биш
ард талд үлдсэн резервүүдээс ихэвчлэн бүрддэг байсан юм) дараа нь хоёр дахь
багаа, дараа нь гуравдахь багаа чөлөөлсөн юм. Тэд цувааны түрүүчийг устгаад,
дараа нь лагерлуу гадна талаас нь дайрч, харуулын цамхгуудыг устган, лагерын
хаалгыг цэлийтэл нээв. Зайлшгүй гарах хуваагдал тэхэд мөн гарсан. Хэдийгээр
хаалга өмнө нь цэлийтэл нээгдсэн ч ихэнх хоригдол тэрүүгээр гараагүй. Тэдний
дийлэнх нь богино ялтай, бослогоос юу ч хожихгүй ялтнууд байв. Мөн тэдний дунд
наймны долоо, зургааны дөрвөөр 10, 15 жилээр яллуулсан хоригдлууд, түүнчлэн
босож зогссоноос өвдөг сөгдөж үхсэн нь дээр гэж үзсэн 58-ынхан мөн байсан юм.
Нөгөөтэйгүүр, хаалгаар гарсан хоригдол болгон нь бослогынхонд туслая гэж
бодоогүй, зарим ялтнууд нь ойр хавийн тосгонуудыг бужигнуулж дээрэмдэхээр
баясгалантайгаар лагериас гарч байв.
Харуулуудын зэвсгээр зэвсэглэсэн тэд хажуугын лагерын салбарыг эзэлж,
хоригдлуудыг суллав. Тэндээсээ тэд Воркутагын хорих лагерыг чөлөөлөхөөр
дайрахаар шийдэв. Гэвч тийм зүйл болох ёсгүй байлаа. Тэдний явах замд
шүхэрчин цэргүүдийг буулгаж, доогуур нисдэг сөнөөгч онгоцууд тэднийг шуурган
галаар хяргаж тархаав. Тэднийг баривчилсны дараа тэднийг шүүх хурлаар оруулж
олонхийг нь цаазаар авч бусдад нь 25, 10 жилийн ял оноосон. Энэний хажуугаар
дэмжилгүй лагерьтаа үлдсэн хоригдлуудын ялыг нь дахин шинээр оноов.
Ийнхүү цэргийн хүч болж бослого гаргах нь ямар ч найдлагагүй байсан. Гэсэн ч ямх
ямхаар үхэлрүүгээ удаан ойртож байгааг илүү “ирээдүйтэй” гэж үзэх үү? Үүний
дараахан тусгай лагериудыг байгуулж, тийш нь гол зохион байгуулсан 58-ынхныг
хамсан юм. Үр дүн нь юу байв? 1949 онд Берлагын Нижний Атуряах дивизэд
бослого мөн дээрхийн адил эхэлсэн: тэд харуулуудын зэвсгийг булааж, 5-6 акагаар
зэвсэглэн лагерлуу гаднаас нь дайрч, цамхгын харуулуудыг буудаж устган,
телефоны шугамыг тасалж, лагерын хаалгыг нээсэн. Энэ удаад энэ лагерьт номер
зүүгээгүй, тамгалагдаагүй, ямар ч итгэл найдваргүй болоогүй, мөхлийн ирмэг дээр
очоогүй байсан хүн байгаагүй юм.
Тэгээд юу болсон гэж бодож байна?
Ихэнх хоригдлууд лагериасаа гараагүй. Энийг эхлүүлсэн хоригдлуудад одоо алдах
зүйл үгүй болж, оргож зугатахаар шийдэн, тэдний хэсэг нь Милгирүү явсан. Элгенэ
Тосканад тэднийг замд нь хөнгөн танк бүхий явган цэргүүд амдаж цөмийг нь
устгасан юм. (Генерал Семёнов энэ операцыг командалж байв)
Оньсого: Дэлхий дээр хамгийн хурдан зүйл юу вэ?
Хариулт: Хүний бодол
Энэ үнэн, бас худлаа. Заримдаа маш удаан, дэндүү удаан байх нь бий. Хүмүүс,
нийгэм, маш удаанаар л өөрсдөд нь юу тохиолдоод байгааг ухаардаг юм. Тэд маш
удаанаар өөрсдийн нөхцөл байдлыг ойлгодог юм.
58-ынхныг тусгай лагерьт тууж оруулахдаа Сталин өөрийн хүч чадлаа харуулан
зугаацаж байв. Тэрээр тэднийг, хүмүүсийг үхтэл нь илүү их айлгаж чадна гэж
бодсон юм. Харин үр дүн нь огт эсрэгээрээ байлаа. Түүний дарлалын нийгэм нь
хүмүүс бие биенээ хардсан, нэг нь нөгөөгийнхөө харцыг эгцэлж харахаас
болгоомжилсон, хоорондоо үл итгэсэн итгэл дээр тулгуурлахаар тооцоологдож
байсан юм. Харин тусгай лагерьт тэрхүү эсэргүү этгээдүүд нь хэдэн мянгаараа
байлаа. Тэд өөрсдийн тооны олонг мэддэг байв. Тусгай лагерьт ийнхүү өөрчлөлт
орж буйг эхлээд хэн ч анзаараагүй юм…
… Хулгайчууд зүрх сэтгэлээ алдсаны дараа лагерь дотор бие биенээ шуух, хусах
үзэгдэл байхгүй болов. Хоригдлууд өөрсдийн нормоо шүүгээн дотроо үлдээдэг
болж эхлэв. Шөнө унтахдаа гутлаа дэрэн доороо хийхийн оронд орон доороо тавьж
эхлэв. Тамхиа халаасандаа хийж няцлахын оронд хажуудаа хадгалж эхлэв. Жижиг
зүйлс байгаа биз. Гэхдээ энэ бол лагерь өөрчлөгдөж эхэлснийг харуулж байв. Бие
биенээсээ хулгайлахаа больсны дараа хүмүүс хөршүүдрүүгээ илүү итгэл тавин,
илүү найрсгаар харж эхлэв. Сонсооч залуусаа ингэхэд бид нар үнэхээр жинхэнэ
“улс төрийнхөн” юм биш биз?
Хэрвээ бид улс төрийн хэрэгтнүүд юм бол бид өөр хоорондоо, наарнууд хоорондоо
илүү эрх чөлөөтэй харьцаж эхэлбэл болох юм биш үү? Бодоод үз дээ – тэд биднийг
илрүүлсэн ч яахав дээ, угаасаа 25 жилийн ялтай юм чинь тэд одоо дээр нь юу
нэмэх юм бэ?
Лагерын хуучин сэтгэлгээ, чи эхлээд үх, би дараа нь гэсэн үзэл өөрчлөгдөж эхлэв.
Багууд хоорондоо чөлөөтэй ярилцдаг болж, ажлын ахлагч нар, овгорууд гараа
зангидаж, ажилд гар гэж чанга хашгичих нь багасаж, залуустайгаа цуг суун
намуухан ярилцдаг болов… Бүгд тийм биш л дээ, зарим нь хуучин хэвээрээ л
байлаа… Хоригдлуудыг өмнөх шиг нь бүдүүлгээр хулгайчууд- улс төрийнхөн,
итгэмжлэгдэгчид- ажилчид гэж ангилж хувааж болохоо болив. Юу болж байгааг
удирдлагууд ойлготол удаан удаан хугацаа өнгөрч байв… Лагерь яг л хуучнаараа,

Комментариев нет:

Отправить комментарий