суббота, 26 февраля 2011 г.

Александр Солженицын: Гулаг Ольтриг.2

материалын хувьд зарим жижиг туршилтуудаас гарсан үр дүнгээс өөр эффект үр
дагавар гарч магадгүй байв. Тиймээс ямар ч тохиолдолд Сталин өөрөө цэвэр,
тэнгэрийн дагина шиг л цэвэр үлдэх ёстой байв.
Ийм учраас тамлан байцаах тухай ямар нэгэн албан бичиг байдаггүй байх гэсэн
дүгнэлтэнд хүрэхээс өөр аргагүй болж байна. Харин үүний оронд мөрдөн байцаах
газар болгонд тодорхой хугацааны дотор хэргээ хүлээсэн байх ёстой туулайнуудын
тоог өгдөг байв. Гэсэн хэдий ч үүнийхээ хажуугаар, нэгэнт ариун өндөр зорилгын
төлөө хэрэглэж байгаа учраас хүч хэрэглэж болно гэж амаар мэдэгддэг байв. Мөн
хэрэглэсэн аргын аль үр дүнтэй байсан тухай, сайн туршлагуудыг хоорондоо
нөхөрсөг байдлаар амаар дамжуулцгаадаг байв. Үүний хамт шөнө ажиллавал
байцаагчдийн цалинг нэмж, хугацаанаас нь өмнө хэрэг хүлээлгэвэл бонус олгож,
ажлаа хийж чадахгүй байгаад нь сануулга өгдөг байв... Тэр бүү хэл зарим мужын
НКВД-ын дарга нар хүртэл шаардлага гарвал Сталины өмнө цэвэрхэн гартай
байгаа болж харагдахыг хүсдэг байв: хүч хэрэглэ, тамла гэж тэр өөрөө тушаагаагүй!
Дээрх дарга нар нь өөрсдийгөө хамгаалах арга хэмжээ авч байгааг ойлгосон зарим
байцаагч нар, юугаа мэдэхээ больтлоо архинд орсон маняак байцаагч нараас
бусад нь, байцаалтаа зөөлхөн аргаас эхэлдэг бөгөөд, байцаалт ширүүслээ ч гэсэн
тэд хүч хэрэглэсэн тэмдэг илт үлдээх аргуудыг хэрэглэхээс зайлсхийдэг байв:
нүдийг нь ухсан, чихийг нь тасдсан, нурууг нь хугалсан, тэр бүү хэл биенд нь шарх
сорви үлдээхээс зайлсхийдэг байв.
Тйимээс ч 1937 онд нойрыг нь хасахаас өөр нийтлэг хэрэглэгддэг арга гэж байхгүй,
янз бүрийн арга ашиглагддаг байв. Өөр нэг нийтлэг арга барил нь, тэд хөнгөн арга
барилаас эхэлдэг байв. Үнэндээ хүний оюун санааны тэнцвэрт байдлын цар хүрээ
нь өчүүхэн учраас хэргийг нь хүлээлгэхийн тулд заавал ууц нурууг нь хугачаад байх
шаардлага гардаггүй байлаа. Тэр үед ашиглагддаг байсан зарим аргуудыг жагсаая.
Энгийн, биен дээр ул мөр үлдээдэггүй аргаас нь эхлэе.
Сэтгэл зүйн аргууд:
1. Юуны өмнө: шөнө. Яагаад шөнө гэж? Яагаад аюулаас хамгаалахынхан юм
болгонд шөнийг ашигладаг юм бэ? Яагаад гэвэл хоригдол шөнө нойр нь хүрч,
нойргүй хонож, тэр өдрийнх шигээ сэргэлэн байж чаддаггүй. Тэр илүү эмзэг
байдаг.
2. Ятгалга: Яагаад муур хулгана болж тоглох хэрэгтэй гэж? Нилээн хугацаанд
байцаагдсаны дараа хоригдол нөхцөл байдал хаашаа яаж эргэж байгааг
ойлгож эхэлдэг. Энэ үед байцаагч түүнрүү залхуурсан, нөхөрсөг байдлаар
хандан "Чи тэртэй тэргүй ял авах болно, шоронд орох болно. Энд удаан байх
тусам чи эрүүл мэндээрээ хохирно. Энд байж яах гэсэн юм бэ? Тэрний оронд
чи ял авчихвал хорих лагерьт очиж нар салхинд гарч эрүүл агаар амьсгална.
Тэхээр одоо энд гарын үсгээ зурчих л даа". Маш зөв зүйтэй юм шиг. Хэрвээ
өөрийгөө л боддог бол чухам яг тэр үед ухаалаг хүмүүс гарын үсгээ зурчихна.
Гэвч үүнээс цааш ч гэсэн тэмцэхгүй бол болохгүй шалтгаанууд бас бий.
Хэрвээ хоригдол намын гишүүн бол түүнд бас өөр аргаар ятгалга хийнэ. "Эх
оронд гамшиг, өлсгөлөн болж байна. Чи большевик хүний хувьд шийдвэр
гаргах ёстой болоод байна. Энэ бүхний хариуцлагыг нам, эх орон хүлээх
ёстой гэж үү?" "Үгүй яалаа гэж" хэмээн депогийн захирал яаран хэлнэ.
"Тэгвэл зоригтой бай, өөрийнхөө мөрөн дээр энэ бурууг үүрээд гарах
хэрэгтэй". Чухамдаа үүний дараа тэр хүлээх болно.
3. Эрээ цээргүй яриа: Энэ бол тийм ч үр дүнтэй арга биш. Гэхдээ энэ арга үр
дүнгээ өгдөг хүмүүс бас бий. 1944 онд нэг санваартан Бутыркэд эмэгтэй
байцаагчаар байцаагдаж байв. Эхний үед тэр камертаа буцаж ирэхдээ тэр
эмэгтэй байцаагчийг их сайхан ааштай гэдэг байв. Харин нэг удаа тэр буцаж
ирээд юу ч дуугарахгүй байв. Юу болсныг сүүлд сонсохноо тэр эмэгтэй
түүнийг байцаах үедээ ширээн дээр хөлөө тавин, хөлөө давуулж сууснаа
зөндөө эрээ цээргүй хараал урсгасан гэж байв. Санваартан үүнийг тэвчилгүй
хэрэг хүлээж сүүлд нь цаазаар авхуулсан.
4. Сэтгэлзүйн контраст заримдаа их үр дүнтэй: байцаалтын ихэнх үед байцаагч
түүнд маш сайн хандана. Тэгж байснаа гэнэт сонингоор цохиж "Би чиний
гавланд чинь 9 грам хар тугалга зоох болноо" гэж загнана. Аль эсвэл хоёр
байцаагч хоёр өөр аргаар үзнэ: Нэг нь сайхан ааштай, нөгөө нь муухай
зантай. Сүүлд нь сайхан зантай байцаагчийн сайхан аашийг алдахгүйн тулд,
түүнийг баярлуулахын тулд хоригдол бүхнийг хийж, өөрийн хийгээгүй хэргийг
ч гэсэн хүлээхэд бэлэн болно.
5. Урьдчилсан доромжлол: эмэгтэйчүүдийн хувцыг тайлуулан шалдалж,
хувцсыг нь хураан аваад, энд тэндээс нь харж, шоолон, тохуурхан инээлдэнэ.
Эсвэл байцаагдах гэж байгаа хоригдлуудыг байцаалтын өмнө хэдэн цагаар
корридорт доош харуулан суулгаж, толгойгоо өргөхийг хориглоно. Ийнхүү
лалын шашинтан мөргөх гэж байгаа юм шиг хэдэн цагаар суусны дараа
харуул ирж байцаалтуу авч явна.
6. Өөр нэг арга нь, хоригдлын анхаарлыг нь их хэмжээгээр сарниулах:
Байцаалтын үеэр эмэгтэй байцаагч зарим хоригдолын өмнө юу ч болоогүй
юм шиг, хувцсаа нэг нэгээр нь яг л стриптиз хийж байгаа юм шиг тайчиж
байв. Зорилго нь, анхаарал сарниулж байгаад гарын үсэг зуруулах.
7. Айлган сүрдүүлэх: Айлган сүрдүүлэлтийг амлалт, шагнал урамшуулалтай
хослуулж их хэрэглэдэг. 1924 онд: "хэрвээ чи буруугаа хүлээвэл чамайг
суллаад тавьж явуулна. Хэрвээ чи буруугаа хүлээхгүй юм бол чамайг
Соловецкийн аралруу явуулах болно". 1944 онд "Чамайг аль лагерьлуу
явуулахыг бид шийднэ. Хэрвээ чи буруугаа хүлээвэл чамайг зөөлхөн, гайгүй
лагерьлуу явуулах болно. Үгүй бол чамайг чанга дэглэмтэй хатуу
хөдөлмөрийн лагерьлуу явуулах болно. Хэрвээ чи зөрүүдлээд байвал чи
гавтай 25 жил уурхайд ажиллах болно шүү". Өөр нэг айлган заналхийлэх арга
нь хоригдлыг тухайн үед байгаагаас нь илүү дор, аймаар гэгдэх шорон,
урьдчилан хорих газраар айлгах явдал байв. "Хэрвээ чи зөрүүдлээд байвал
бид чамайг Лефортоворуу явуулна (хэрвээ Любянкад байвал)",
"Сухановкаруу явуулна шүү (хэрвээ Лефортовод байвал)". "энд чи дассан,
бид зөөлхөн байгаа бололтой. Тэд тэнд чамайг яриулах арга олох байлгүй."
... алив мэдүүлгээ бич. Худлаа мэдүүлэг өгвөл 5 жил хорино шүү (үнэндээ
худлаа мэдүүлэг өгсөн бол Эрүүгийн хуулийн 95-р зүйлийн дагуу 3 сараас
дээш хорих ёсгүй)
8. Худлаа хэлэх: хонинууд бид худлаа хэлж болохгүй. Харин байцаагч нар бол
харин бидэнд юу ч гэж худлаа хэлж болно. Айлган сүрдүүлэх, худлаа амлах,
худлаа хэлэх, энэ бол байцаагчдийн үндсэн аргуудын нэг. "Хэрвээ чи
буруугаа хүлээхгүй бол ингэнэ... тэгнэ... хэрвээ тэгвэл ..."
9. Хайртай хүмүүсээр нь оролдох: Энэ бол айлган сүрдүүлэх аргуудаас хамгийн
шалгарсан аргын нэг. Хамгийн аймшиггүй хүн ч өөрийн хайртай хүмүүсийн
төлөө өвдөг сөгддөг. Өөрийнхөө төлөө, эхнэрийнхээ төлөө айгаагүй нэгэн
татар эр өөрийнхөө охины төлөө худал мэдүүлэг хүлээж байв. 1930 онд
Рималисд нэгэн эмэгтэй байцаагч байцааж байхдаа "Чамайг мэдүүлгэн дээр
гарын үсэг зурахгүй юм бол охиныг чинь бас баривчилж ирээд тэмбүүтэй
хүнтэй нэг камерт хорьчихно шүү" гэж заналхийлж байв.
Бие махбодод хүрдэг:
1. Дууны эффект: Сэжигтныг 6, 7 метр зайнд зогсоогоод чанга ярихыг, улам
чанга ярьж, нэг зүйлээ дахин дахин давтахыг шаардана. Энэ нь хэдийн ядарч
цуцсан хүныг улам их сульдаадаг. Заримдаа хэрэгтний хоёр талд цагаан
хоолой зоон, "буруугаа хүлээгээч муу харх минь гэж" чангаар хашгичихад
хэрэгтний хэнгэрэг нь хагарч, сонсголгүй болох буюу ухаан алддаг байв.
2. Өдөөх: Хоригдлын гар хөлийг нь хүлэн хамрынх нь нүхээр өд оруулан өднө.
Энэ нь хоригдлын тархин дотор өрөмдлөг хийж буй мэт сэтгэгдэл үүсгэж
байж ядуулна.
3. Хоригдлын арьсан дээр тамхи унтраана
4. Гэрлийн эффект ашиглана: Цагаан ханатай камер буюу "хайрцаг" дотор
хоригдлыг оруулан толгой дээрээс нь маш хурц, тод гэрэл тусгана. Энэ
гэрлээ огт унтраахгүй. Нүд улайж хавдана. Дээрээс нь байцаагч яг хоригдлын
нүүр лүү хурц прожекторын гэрэл давхар тусгана. (Тэр үед арван жилийн
хүүхдүүд тогоо хэмнэн цахилгаангүй, гэрэлгүй хичээл хийж байхад, байцаагч
нар түүнийг хэмжээ хязгааргүй хэрэглэн, ашиглаж байв)
5. Бас нэгэн заль: 1933 оны 5 сарын 1-нд Хабаровскын ГПУ-д хоригдлыг яг
байцаалтанд оруулах гэж байгаа юм шиг 12 цагийн турш нааш цааш нь зөөн,
нэг оруулж, нэг буцаасан. Хоригдлыг гарыг нь толгойных нь ард авахуулан,
байцаагчийн өрөөнд оруулахад байцаагч орж ирснээ түүнтэй юу ч ярилгүй
утсаар "хоригдлыг 107-д аваач гэнэ. Хоригдлыг буцаагаад камерлуу нь авч
явна. Камертаа ирээд удаагүй байтал дахиад байцаалттай гэж дуудна.
Ийнхүү дахин дахин давтагдана.
6. Шорон бол хайрцагаар эхлэнэ: эрх чөлөөтэй байх ёстой хүн хаашаа ч гарах
аргагүй хашигдана. Шоронд анх хөл тавьсан газар нь харанхуй, эсвэл
заримдаа гэрэлтэй, эсвэл зөвхөн зогсоогоороо л байх зайтай. Зүрх нь
цохилно. Ингэж байтал анхны байцаалт болно. Зарим нь маш их айж
сандарсан байна. Энэ нь байцаагчид ашигтай. Байцаагчийн ашиглах түүхий
эд. Эсвэл уурласан, ууртай байх болно. Энэ нь ч гэсэн байцаагчид ашигтай.
7. Хорих өрөө зайгүй, боломжгүй үед тэд заримдаа өөр арга ашиглана.
Новочеркасскын НКВД-д Елена Струтинскаяаг 6 өдөрт корридорт зогсоосон.
Тэгэхдээ түүнийг газар суулгалгүй, юу ч түшүүлэлгүй. 6 өдөр шүү. 6 цаг тэгж
зогсох гээд үз дээ.
8. Заримдаа орон нутгийн онцлогоос болон, хорих өрөө байхгүй бол тэд хорих
"нүх" ашигладаг байв. Жорлонгийн нүх шиг. Тэр нүх хоригдлын камер нь,
жорлон нь гэж төсөөлөөд үз дээ. Заримдаа дээрээс нь юугаар ч битүүлж,
хучиж, халхлахгүй. Тэнгэр цэлмэж, нар дээрээс төөнөж, эсвэл бороо ороод.
9. Өвдгөн дээр нь суулгах. Нурууг нь цэх өвдгөн дээр олон цагаар суулгах. 12,
24, 48 цаг. Байцаагч гэртээ харьж сайхан амарч зугаацаад ирэхэд хоригдол
тэр газраа л, харгалзагч нар цагаар солигдоостой. Заримдаа байцаагч нар
тэгж сууж байхад нь хоригдлуудын нүүрлүү шээдэг байв. Юунд ч бууж
өгөөгүй хүн үүнээс болоод бууж өгч, цаашид тэмцэх тэнхэлгүй болж гарын
үсэг зурдаг байв.
10. Хоригдлыг зогсоох. Огт унтуулахгүй, юу ч налуулахгүй, суулгахгүй зогсоох.
Унавал дахиж босгон зогсооно. Унтвал цохиж сэрээнэ.
11. Ус өгөхгүй байх. Дээрх тамлалуудыг хийж байхдаа ус өгөхгүй байх зэрэгтэй
хослуулж байв. Энэ нь хоригдлыг бүр их, аймаар сульдаана.
12. Унтуулахгүй байх. Мөн бусад аргуудтай хослуулж хэрэглэдэг байв.
13. Ээлжлэн байцаах: унтуулахгүй байхын хамт хэд хэдэн байцаагч дараалан
бүтэн 3-4 өдрийн турш завсарлагагүй байцаалт авдаг байв.
14. Бясааны хоол болгох: зориуд үржүүлсэн бөөн бясаатай өрөөнд, орон дээр
хоригдлын хувцсыг нь тайлан нүцгэн хэвтүүлнэ. Эхний үед хоригдол хэсэг
эсэргүүцэж, бясаа, хорхойнуудыг алах гэж хичээнэ. Гэвч яваандаа тэвчилгүй
бясаа, хорхойг хооллох болно.
15. Сахилгын камер, торгуулын камер: энгийн камерт ямар ч хүнд байлаа гэсэн
сахилга, торгуулын камер түүнээс долоон дор. Торгуулын камерт хүнийг
зориудаар, системтэйгээр өлсгөлөнд оруулдаг байв. Эсвэл маш хүйтэн,
эсвэл халуун орчинд оруулна. Лефортовогын торгуулын камерыг зориудаар
галлаж халаадаггүй байв. Зөвхөн корридорт нь харгалзагч нарт зориулсан
ганц нэг халаагуур радиотортой. Тэрхүү "халаалттай" корридорт харгалзагч
нар эсгий гутал, нэхий дээлтэй явдаг байв. Тийм нөхцөлд хоригдлууд зөвхөн
нимгэн хувцастай, эсвэл зөвхөн дотуур хувцастайгаар 3-5 хоног, зай
багатайгаас хөдлөх боломжгүй байдаг байв. Зөвхөн сондгой тоотой өдөр л, 3
дахь юм уу, 5 дахь өдөр л халуун шөл ууна. Гэхдээ гайхалтай хүн гээч амьтан
тийм нөхцлийг ч гэсэн даваад 5 өдөр болоод гараад ирдэг л юм байна лээ.
Гэхдээ насан туршийн өвчинтэй болох нь бий.
16. Өлсгөлөн: шоронгийн хоол ямар билээ. Дээр нь гэр орноос нь хүнсний зүйл
хүлээн авах эрхийг нь хасчихна. Тэгээд бас шоронгийн хоолыг нь хасна.
Түүнийхээ хамт байцаалтын үеэр байцаагч нь маш амттай сайхан үнэртэй
хоол ганцаараа идэх буюу ширээн дээрээ гаргаж тавина. Тэгээд заримдаа
өлсгөлөн хоригдлыг идэх юмаар дайлж, түүгээр зогсохгүй, архи дарс уулгана.
Благин өлсгөн байцаах үеэр вино уун, сэтгэл хөдлөл юм уу виноны
халуундаа гарын үсэг зуран, цаазаар авахуулах ял авч буудуулсан.
17. Зодох: гэхдээ шарх сорви үлдээхээргүйгээр. Тэд нарийхан хулсан саваа,
эсвэл элстэй уут ашигладаг. Яг ясруу цохиход ямар их өвддөг гэж санана. Яг
шилбний ясруу бакиалаар өшиглөнө. Дөнгөж арьсных нь цаана яс байгаа шүү
дээ. Мөн тодорхой техник ашиглан эрүү, шанааруу цохиж шүд унагана. Тэд
бригад командлагч Карпунич Брейвэны 8 шүдийг цохиж унагасан юм.
18. Новороссискын НКВД-д хүний хумс сугалдаг машин зохион бүтээн ашиглаж
байв. Тиймээс ч новороссискоос ирсэн олон хоригдлууд хумсаа алдсан
байдаг байв.
19. Хоригдлыг хүлэх янз бүрийн техник ашиглах. Ууц нурууг нь хугалах. (Хун
шумбуулах) Сэжигтний эрүүгээр нь амгай шиг алчуур ороогоод мөрөн дээгүүр
нь давуулан хөлийнх нь өсгийнөөс уяна. Сэжигтэн хөл нь дээшээ нумраастай
элгээрээ шалан дээр хэвтэнэ. Хоёр хоног ингэж усгүй, хоолгүй хэвтэхэд
сэжигтний нуруу алгуур хугарах болно. Энэ аргыг Сухановкад, мөн
Архангельскд хэрэглэж байв.
Ах дүүс минь ийм нөхцөл байдалд ороод, хүлээх ёстойгоосоо илүү их зүйл гэм
буруугүйгээр хүлээчихсэн сул дорой нэгнээ бүү буруутга. Тэдэнрүү чулуу шидсэн
анхны хүн битгий бол.
... Бүхий л амьдралынхаа туршид бид янз бүрийн зүйлсэд суралцдаг. Гэсэн ч тэр
боловсролуудын аль нь ч биднийг гэм буруугүй байж баривчлагдах, гэм буруугүй
байж мэдүүлэг өгөх тухайд зааж сургадаггүй. Бид энэ нарны доор сонсож, сурж
болох бараг бүх зүйлийн тухай лекц үзэж сонссон. Гэвч хэн ч бидэнд эрүүгийн
хуулийн талаар, түүний олон тал, онцлог тогтоомж, заалтуудын тухай лекц орж,
зааж байгаагүй. Байцаалтын нэг зарчим нь хоригдогчид хуулийн тухай үнэн зөв
мэдлэг олоход хүртэл саад хийх явдал байв.
Ялыг танилцуулна. Май, үз. "Гарын үсэг зур" "энэ худлаа байна" "зур гэж байна" "Би
буруугүй шүү дээ" Тэрхүү тогтоол дээр чамайг ЗХУ-ын Эрүүгийн хуулийн
хоёрдугаар хэсгийн 58-р зүйлийн 10, 58-ын 11-ээр ялласан байна. "Зур" "Энэ
заалтууд нь юу гэж байгаа юм бэ? Би эрүүгийн хууль унших хэрэгтэй байна."
"Надад байхгүй" "Тэгвэл хэлтсийнхээ даргаас аваад ир л дээ" "Тэрэнд ч гэсэн
байхгүй. Алив гарын үсгээ зур" "Би хууль уншмаар байна" "Чамд харуулах ёсгүй.
Эрүүгийн хуулийг чамд биш бидний хэрэгцээнд зориулж хэвлэдэг юм. Энэ заалтууд
нь яг чиний хийсэн хэрэгтэй илүү ч үгүй дутуу ч үгүй тохирно. Энд чи гарын үсэг
зурж байгаа нь чи энэ ялын дүгнэлтийг зөвшөөрч байна гэсэн үг биш, зүгээр л
уншсан гэж байгаа юм."
Тэгтэл гэнэт УПК гэсэн үг гараад ирэв. Гэнэт сэжиг чинь төрнө. "Эрүүгийн хуулийн
УПК, УК хоёр ямар ялгаатай юм бэ?" Хэрвээ чи байцаагчийгаа сайхан ааштай байх
үед нь асуувал тэр чамд дараах байдлаар тайлбарлаж магадгүй: УПК гэдэг нь
Эрүүгийн байцаан шийтгэх хууль. Юу? Эрүүгийн нэг биш хоёр хууль байдаг юм уу?
Тэр цагаас хойш 10 жил, 15 жил өнгөрсөн. Миний залуу насны булшин дээгүүр
зузаан өвс ургасан. Би өөрийн ялаа, мөн "мөнхийн цөллөгөө" бас дуусгасан. Гэсэн ч
хэзээ ч, хаана ч, хорих лагерын "соёл боловсролын секцэд ч", дүүргийн номын санд
ч, дунд хэмжээний хотод ч би Эрүүгийн хуулийг би өөрийн гартаа барьж, би өөрийн
нүдээр харж байгаагүй, олж хараагүй, худалдаж авч чадаагүй. Тэр бүү хэл ЗХУ-ын
эрүүгийн хуулийг үзье гэж асууж ч чадаагүй. Нэг бус удаа дахин байцаагдаж
шийтгүүлэн хорих лагерьт, цөллөгт ял эдэлж байсан хэдэн зуун хоригдлуудын хэн
нь ч гэсэн өөрийн гартаа Эрүүгийн хууль барьж үзэж, уншиж байгаагүй гэдгийг би
мэднэ.
Энэ хоёр хууль хоёулаа 35 жилийн ойтойгоо золгож, дараагийн хуулиар солигдсон
тэр үед нь л би энэ хоёр хуулийг жижигхэн цаасан хавтастай хоёр жижигхэн ах дүүг
Москвагын метроны хажуудах сонин зардаг цэгт олж харсан (Учир нь тэр хоёрын
хугацаа нь дуусаад, хүчингүй болчихсон учраас тараахаар шийдсэн бололтой).
Өнөөдөр түүнийг уншихад миний сэтгэл зүрх хөдөлдөг. Жишээ нь УПК- Эрүүгийн
байцаан шийтгэх хуулинд:
"136-р зүйл. Байцаагч сэжигтнээс айлган сүрдүүлж, хүч хэрэглэх замаар байцаалт
мэдүүлэг авах эрх байхгүй. (байцаагч нар тэгж мэдүүлэг авах болно гэдгийг
урьдчилан харсан мэт)"
"111-р зүйл. Байцаагч мөн сэжигтний гэм буруугүйг нотолж, ялыг нь хөнгөлөх
баримтыг мөн цуглуулах ёстой."
"Би. Би 10-р сард Зөвлөлт засаг ялахад тусалж байсан юм. Би Колчакыг буудсан
юм. Би кулакуудаас хөрөнгийг нь хурааж байсан юм. Би үйлдвэрлэлийн бүтээмжийг
сайжруулан 10 сая рубль хэмнэсэн. Би дайнд хоёр удаа шархадсан. Би гурван удаа
одонгоор шагнуулж байсан"
"Т ний тл чамайг ш гээг й байна!" байцаагчийн зуунги ш дний цаанаас
"Ямар ч сайн йлс хийсэн гэсэн тэр б хэн чинь энэ хэрэгтэй ямар ч хамаагүй"
"139-р зүйл. Сэжигтэн өөрийн биеэр мэдүүлгээ бичиж өгөх эрхтэй. Шаардлагатай
бол байцаагчийн бичсэн мэдүүлгэнд засвар хийх эрхтэй." Өө. Хэрвээ энэ тухай тэр
үед бид мэдэж байсан бол... Нөхцөл байдал маш хүнд байсан тул зарим сэжигтэн
өөрсдийг нь ялласан ялын тогтоолыг сонсох ч хүсэлгүй байсан юм.
Шинээр ирсэн сэжигтэнг хорих өрөөнд оруулна. Зарчмын хувьд бол ганцааранг нь,
тусад нь хорих ёстой. Гэсэн ч шоронгийн багтаамжаасаа хэтэрсэн байдал нь тийм
боломж өгдөггүй байв. Багтаамж хэтэрсэн камерт оруулах нь нөгөө талаасаа
тамлал болж хувирдаг байв. Байцаагч биш харин сэжигтнүүд, хоригдлууд нэг нь
нөгөөгөө тамлан зовооно. Зарим камерт бүр газар гишгэх зай олдохгүй нэг
хоригдол, нөгөөгийнхөө хөл дээр гишгэж, харгалзагч нар сэжигтэнг камерлуу чихэж
оруулдаг байв. Жишээлбэл 1945 онд Кишиневын КПЗ- Урьдчилан хорих газар нэг
хүнийг ганцаарчлан хорих өрөөнд тэд 18 хүнийг хорьж байв. 1937 онд Луганскад 15-
ыг чихэж байв. 1938 онд Иванов Разумникыг Бютыркд байхад 25 хүний камерт 140
хүнийг хорьж байв. Ийм орчинд, энэ "тамд" биеийн дулаанаас болоод орчны агаар
40-45 целсийн градус хүртэл халж байв. Тэдний нүцгэн бие нь нэг нэгэндээ хүрч, их
хөлөрсний улмаас арьс нь экземдэж байв. Явж хөдлөх боломжгүйгээс өдөртөө ганц
удаа бие засдаг байв. Тэднийг хэдэн долоо хоног ингэж хөдлөх боломжгүй
суулгадаг бөгөөд зөвхөн өглөөний хоол, цайны үед л хөдөлгөөн оруулна.
Мөн ямар нэг жорлонгийн оронд хувин ашиглана. Зарим хорих газар, шоронд хувин
ч байхгүй. Хүмүүс ийнхүү хэд хэдээрээ нийлэн шахцалдан сууж байхад нэг нэгээр
нь байцаалтанд дуудаж, буцаж ирж байгаа нь бөөн зодуулж нүдүүлсэн хүн буцаж
ирнэ. Энэ нь байцаагчийн заналхийллээс илүү заналхийлэл болно.
Заримдаа байцаагч нар маш их давстай ус уулгаж, дараа нь хэдэн өдөр ус
уулгалгүй ам цангуулан тарчлаана. Карпуничыг ингэсэн юм. Эсвэл сэжигтэнг
хэвтүүлж байгаад нурууг нь зүлгэсээр байгаад цус гаргах бөгөөд дараа нь түүнд нь
тос түрхэнэ. Бригадын командлагч Рудольф Пинцов энэ хоёр тамлалыг хоёуланг нь
туулсан.
Улсыг Аюулаас Хамгаалах Яамны сайд Абакумов өөрөө хүртэл иймэрхүү зүйлийг
хийж хаяа нэг гартаа резин бороохой барихаас буцдаггүй байв. Түүний орлогч
Рюмин үүнд нь түүнээс ч илүү дуртайгаар тусалдаг байв. Тэр ихэвчлэн
Сухановкагийн шоронд "Генералуудыг" байцаахад оролцдог байв. Түүний офисын
өрөө нь гял цял болсон тавилгуудтай. Шалан дээр нь үнэ цэнэтэй Перс хивс байдаг
байв. Гэсэн ч тэр түүнийгээ муухай болгохоос сэргийлэн цус болсон хулдаас
дэвсчихдэг байв. "Чамайг сар унтуулахгүй байхад чи хэлэхгүй тэссэн гэл үү. Одоо
тэгвэл бид бороохойгоор оролдож үзэхээс. Өмдөө тайлаад доошоо хараад хэвт."
Ийнхүү сайд түүний өгзөгрүү бороохойдоход туслах хурандаа хоригдлын цээжин
дээр нь суудаг байв. Ийнхүү суух нь гурван том таван хошуутай бүдүүн хурандаад
үнэхээр таарсан сайн хийх ажил нь байв...
Тавдугаар бүлэг
Анхны камер, анхны хайр
Энэ бүлгийн гарчигыг хэрхэн ойлгох вэ? Камер, хайр нэг дор уу? Эсвэл
Ленинградын бүслэлтийн үеэр чи Том Байшинд хоригдсон байсан юм уу? Тэр
тохиолдолд бол ойлгож болох юм. Тийм учраас, тэнд байсан учраас чи өдийд амьд
байгаа байлгүй дээ... За хошигнох ч яахав. Гэхдээ тэр үед Ленинградын шорон тэр
хавьдаа хамгийн тохь тухтай газар байсан юм. Тэр үед Ленинградад хэн ч нүүрээ
угаадаггүй, хүн болгоны нүүр хар хөөтэй байсан бол том байшингын хоригдлууд
арав дахь өдөр болгон халуун усанд орох боломжтой байв. Камерт халаагуур
байхгүй, зөвхөн корридорт л, харгалзагч нарт зориулсан халаагуур байдаг байв.
Гэсэн хэдий ч камерт нь ажилладаг жорлон, усны хоолой крант байдаг байсан.
Талхны норм нь гадуур байгаа эрх чөлөөтэй хүнийхтэй адил, ердөө л 4.5 унц. Бас
дээр нь төхөөрсөн адууны махаар хийсэн шөлийг өдөрт нэг удаа. Бас өтгөн каш нэг
удаа. Муур нохойны амьдралд атаархаад байгаа юм биш үү! Шийтгэх өрөө,
сахилгын өрөө гэж байдаг биз дээ? Бас дээд арга хэмжээ? Үгүй. Энэ бүлэгт тэр
талаар өгүүлэхгүй.
Суугаад нүдээ хагас анин хоригдож байх хугацаандаа байсан камеруудаа санах гэж
оролдож үз дээ. Тэдний тоог нь гаргахад ч хэцүү. Тэр камер болгонд нь хүмүүс
байсан юм. Заримд нь 150 хүн, заримд нь 2 хүн. Зарим нэгд нь 5-хан минут
хоригдсон бол заримд нь бүхэл зунжингаа хоригдож байсан. Гэхдээ тэр бүх
камеруудаас хамгийн анх орсон камер онцгой дурсамж үлдээсэн байдаг. Бүх л
амьдралынхаа туршид хүн анхныхаа хайрыг санадаг шиг, анхныхаа камерыг яг л
тийм дурсамж, сэтгэл хөдлөлөөр дурсдаг. Тэгээд, тэр камерт цуг нэг агаараар
амьсгалж байсан тэр хүмүүсийг хожим дахин дахин бодох үед ойр дотны, хэзээний
танилууд мэт санагддаг. Тиймээ тэд л хоригдлын хувьд гэр бүл болдог.
Байцаагдахаар анх камерт ороход тэр нь түүний өмнө нь амьдралдаа үзэж байсан
зүйлс, хожим үзэх зүйлсээс тэс ондоо, шал өөр байдаг. Шорон бол биднийг
төрөхөөс өмнө хэдэн мянган жилийн туршид байсан. Хойшид ч урт хугацаанд байх
зүйл. Харин анхны камер гэдэг бол маш өвөрмөц, дахин давтагдашгүй байдаг.
Ер нь камер гээч зүйл бол хүн гээч амьтны хувьд аймшигтай газар. Бөөс, бясаагаар
дүүрсэн түгжигдмэл өрөө, цонхгүй, агааржуулагчгүй, унтаж хэвтэх ор, наар байхгүй,
халтар шалтай, тосгоны зөвлөлд, цагдаагийн тасагт, төмөр замд, тэр бүү хэл зарим
боомтод ч гэсэн байдаг ийм нэгэн өрөөг КПЗ гэж нэрлэдэг. (КПЗ= Урьдчилан хорих
камер. ДПЗ- Урьдчилан хорих газар. Ийм газар байцаалт явуулдаг, харин жинхэнэ
ял эдлүүлдэг газар биш юм) КПЗ, ДПЗ манай эх орноор дүүрэн, маш олноороо
тархан байрласан байдаг. Тэдэн дотор маш олон тооны хүмүүс хоригддог. Эсвэл
тэр нь ганцаарчлан хорих гэсэн нэртэй өрөө бөгөөд цонхны шилийг улаанаар
будсан тул нарны туяа өрөөнд гагцхүү улбар ягаан туяа оруулж, түүний хамт 15
ваттын гэрэл өрөөг өдөр ч, шөнө ч зогсолтгүй гэрэлтүүлнэ. Чойбалсан хотын
ганцаарчлан хорих байранд маш жижиг 7 ярд талбай бүхий өрөөнд 14 хүнийг чихэн
оруулдаг бөгөөд маш давчуугаас хөлөө хөдөлгөвөл бүгд зэрэг нэгдэж байж
хөдөлгөх хэрэгтэй болдог байв. Эсвэл, Лефортовогийн ганцаарчлан хорих
"сэтгэлзүйн" 111 өрөө шиг, ханыг нь хараар будсан, өдөр ч, шөнө ч 25 ваттын ламп
асаалттай. Өөр бусдаар бусад камераас ялгарах зүйлгүй. Асфальтан шалтай.
Зориудаар тэгж тааруулсан юм шиг дөнгөж хананы цаана агааржуулалтын том
яндан байнга дүнгэнээстэй. Заримдаа их ачааллын үед ширээний өнцөгт тавьсан
стакан унамаар доргидог. Тэгээд дүнгэнээн нэг юм зогсоход, маш сайхан болж, яг л
эрх чөлөөтэй болчихсон мэт санагдах нь бий.
Сухановкын шорон
Гэхдээ энэ бүхэн бохир шал, хачин хананууд, бие засах хувингын үнэр танаранд чи
дурласан тухай биш юм. Харин тэнд уулзах хүмүүс, та хэдийн хоорондоо
зүрхнийхээ цохилтоор ярилцах, тэдний заримдаа хачирхалтай үгс, тэрхэн мөчид
төрөх бодлууд, нэгэн шинэ хүн чиний дотор бий болж байгааг чи мэдсэн тухай юм.
Анхны камерт очих хүртлээ бас ямар зай хугацаа туулдаг билээ. Заримдаа тэр
хүртлээ чи нүхэнд, хайрцаганд, зооринд, чердаканд хоригддог. Хэн ч чамд хүн шиг
үг хэлэхгүй. Хэн ч чамайг хүний нүдээр хардаггүй. Тэдний хийдэг зүйл нь чиний
бодол, мэдрэмж, биерүү чинь цохиж, чамайг шаналан дуу алдахад баясан
инээлддэг. Эхний долоо хоног, эсвэл эхний нэг сард чи ганцаараа, дайснуудын
дунд. Утга учир, амьдралтай салах ёс хийн, чи пааран дээрээс төмөр трубан дээр
толгойгоороо "унаж" үхэхээр шийдэж хэдийн оролдсон байх болно. Тэгтэл чи амьд
үлдсэн бөгөөд, чамайг нөхдийн чинь дунд оруулах болно. Амьдралын бүх утга учир
буцаж ирдэг. Анхны камер гэдэг бол ийм л зүйл. Чи тэр камерын тухай, яг л эрх
чөлөөг хүсэж байгаа хүмүүс шиг мөрөөддөг. Тэр хооронд тэд чамайг, ханын завсар,
газрын цуурхайгаар гарган Лефортовогоос, домогт, чөтгөрийн Сухановкаруу
гулдран аваачих болно...
Сухановка бол МГБ-д байсан хамгийн аймаар шорон байсан юм. Нэрээр нь л тэд
хоригдлуудыг айлгаж, байцаагч нар нэрийг нь исгэчин хэлж заналхийлдэг байв.
Сухановкад ямар байсан талаар сайн олж мэдэх боломжгүй: тэнд байгсад нэг бол
галзуурч ямар ч утга учиргүй зүйл ярьцгааж, нэг бол үхдэл болсон байдаг.
Сухановка уул нь бүр Их Катериа хатан хааны үед байгуулагдсан сүм байжээ.
Байшин нь хоёр жигүүрээс бүрддэг. Нэгэнд нь хоригдлууд хоригдож, ял эдэлдэг бол
нөгөөдөх 68 санваартны өрөө нь байцаалтын камерын зориулалттай байв. Тийшээ
Хар Мариягаар хоёр цаг явдаг хэдий ч энэ нь Ленины Горькийн эдлэн газраас
ердөө хэдхэн миль зайтай байдаг гэдгийг мэддэг хүн цөөхөн байв. Эргэн тойрон
дахь байгаль маш сайхан.
Шинээр тэнд очсон хоригдлыг тэд зогсоогоор нь хорьдог (тэр давчуу өрөөнд бараг
зогсож ч чаддагүй, хана налан, хөл хагас нугалаастай) сахилгын өрөөнд хорьж
шоконд оруулдаг байв. Хоригдлын эсэргүүцлийг нь дарахын тулд ийнхүү нэг буюу
түүнээс дээш хоног хорьж, энэ хооронд байцаагч нь сайхан байгальд зугаалдаг
байв. Сухановкад МГБ-ын өөр хаана ч байхгүй сайхан хоолтой байв. Учир нь тэд
хоолоо ойролцоох Архитекторчдын Амралтын Газраас авахуулдаг байв. Өөрсдөө
гал тогоо ажилуулдаггүй байв. Яахав шарсан төмс, бөөрөнхий мах зэрэгийг нь
оролцуулж өгөөд тэд нэг архитекторчын хоолны нормыг 12 хоригдол дунд хувааж
өгдөг байв. Үр дүнд нь хоригдлууд ямагт өлсгөлөн, ямагт уур уцаартай байдаг байв.
Камерт хоёр хүн байхаар баригдаж, төлөвлөгдсөн ч, байцаалтын үеэр тэд камерт
зөвхөн ганцаарангаар нь байлгадаг. Камерын урт нь 209 см, өргөн нь 156см. Энэ
камерт Александр.Д хоригдож байв. Энэхүү хэмжээг тэрээр өөрийн архитектор,
инженерийн мэдлэгийг ашиглан олж авсан юм. Тэнд тэдний хүссэнийх нь эсрэгээр,
галзуурахгүйн тулд, цөхрөхгүйн тулд тэр орон зай хэмждэг байв. Лефортовод
байхдаа тэр хаашаа хэд алхах ёстойг тоолж, түүгээр баримжаалан Москвагаас
хэдэн км зайтай, хил хүртэл хэдэн км, дараа нь европыг туулбал хэдэн км болох,
АНУ хүртэл яаж явах зэргийг толгойдоо тооцоолдог байсан. Нэг л өдөр тэр АНУ-д
буцаж очино гэж найддаг байв. Лефортовод хагас жил болохдоо тэр алхаагаа
тоолон төсөөлсөөр, бараг Атлантын далайн хагаст очоод байсан гэж ярьж байв.
Тийнхүү түүнийг бодолдоо атлантын далай хүрээд байхад нь тэд түүнийг
Сухановкад авчирсан юм. Сухановкагаас ямар цөөхөн хүн амьд буцаж ирэх
боломжтойг мэдээд тэрээр тэндээс мэдэж, хэмжиж, харж болох бүхнийг харан
бусдад дамжуулахаар шийдсэн юм... Тэр камерыг хэмжих арга бодож олсон юм.
Түүний шоронгийн тавагны ёроолд 10х22 гэсэн хэмжээ байдаг байв. Түүнээс тэрээр
10 гэдэг нь доод ёроолын диаметр, 22 гэдэг нь амсрын диаметр гэдгийг гадарласан.
Дараа нь тэрээр нүүрний алчуураа хөвөн утас гарган аваад өртөө хэмжих хэмжүүр
бүтээсэн бөгөөд үүнийгээ ашиглан бүх зүйлийг хэмжиж үзсэн гэдэг. Мөн өвдгөөрөө
жижиг сандал түшин босоогоороо унтах арга бодож олсон бөгөөд ингэснээр хуягт
өөрийгөө сэрүүн, нүд нь нээлттэй байна гэж итгүүлж чаддаг байв. Ингэж чадсан
учраас л байцаагч Рюмин түүнийг нэг сар унтуулахгүйгээр хориход тэр галзууралгүй
давж гарж чадсан юм.
Тэндхийн камерт хоёр хувин шаланд бэхэлсэн байдаг байв. Унтах үед хүүхдэд л
таарах хэмжээний матрасс дэвсэж өгнө. Мөн индүүний ширээ шиг, дөрвөн хөлтэй
жижиг ширээ байдаг. Цонхны жижиг поорчигыг зөвхөн өглөөд 10 минут орчим л
онгойлгоно. Цонхны шил нь бэхжүүлсэн шил байдаг байв. Гадаа гаргаж дасгал
хийлгэх, салхилуулах хуваарь гэж огтхон ч байхгүй. Хоригдлуудыг зөвхөн өглөөний
6 цагт, хэнд ч хэрэггүй үед бие засуулна. Оройд бие засуулах цаг гэж байхгүй.
Өдөрт хийгээд байх зүйл байхгүй. Харин шөнөд л байцаалт явагдана. 7 камер бүрд
2 хуягтай. Тиймээс тэр хоёр ээлжлэн байнга л шагайх нүхээр шагайн харж байна.
Ганцаараа байх ганц ч мөч олгохгүй.
Хэрвээ энэ бүх дуэлийг давж чадсан бол түүний дараа л анхныхаа камерт орох
боломжтой болно. Эсвэл хэрвээ бууж өгвөл, бүх зүйлээс урваж, бүхнийг илчилбэл
камерт орох боломжтой болно. Гэхдээ бууж өгөн тэрхүү жаргалтай камерт орсноос
өөрийнхөө камерт ялагчаараа үхсэн нь дээр гэж хүмүүс сонгодог. Ийнхүү анх
удаагаа дайсан биш хүмүүстэй уулзах гэж байна. Ийнхүү анх удаагаа чи чинийхтэй
адил замаар явсан, чи өөрөө нэгдэн "бид" гэж хэлж болох өөр бусад амьд гарсан
хүмүүстэй уулзах гэж байна. Тийм ээ, чи эрх чөлөөтэй байхдаа "Бид шаардаж
байна" "Бид тангараглаж байна" гэх мэтээр хэлдэг байснаа санаж ч магад... Би энэ
дэлхий дээр ганцаараа биш. Ухаант, сүнст оршихуй: хүмүүс байсаар байгаа юм
байна!...
Любянка өнөө үед
Би байцаагчтайгаа 4 өдөр дуэльдээд байв. Намайг нүд сохлом гэрэлтэй камертаа
буцаж ирэн дөнгөж хэвтэхээр завдтал дахин хаалгын түгжээ мултлах сонсогдов. Би
сонссон хэдий ч "Босоод. Байцаалтанд" гэж хэлэхээс нь өмнө сонсоогүй дүр
үзүүлэн толгой дээрээ дэр тавин ганц хоромны зууны нэгд ч атугай хэвтэх гэж
оролдов. Тэгтэл нөгөө танил коммандын оронд хуяг "Бос, гудсаа ав" гэж тушаав.
Энэ уул нь миний хамгийн жаргалтай цаг мөч байсан тул, яах гээд байгааг нь үл
ойлгон, ямар ч баяр баясгалангүйгээр би гутлаа, хүрмээ өмсөн засгаас тавьж өгсөн
матрассыг гартаа барив.
Харуул өлмий дээрээ, намайг бас ямар ч чимээ битгий гарга хэмээн дахин дахин
анхааруулж Любянкагын 4-р давхарын корридороор яван хэсгийн даргын ширээг
өнгөрөөд 67 номерын камерыг онгойлголоо. Намайг ороход 67- д байгсад унтаж
байв. Хаалга онгойлоход гурвуулаа сэрэн хаалгаруу харав. Тэд мөн, тэдний хэнийг
нь байцаалтанд дуудах бол гэж хүлээж байсан байв.
Тэгтэл сахлаа ойрд хусаагүй, цонхийсон, үрчлээстэй царайнууд надад ямар
хүмүүнлэг, хүмүүний мэт санагдсан гээч. Матрассаа тэвэрсэн чигтээ би
инээмсгэлэв. Тэд ч надруу инээмсгэлэв. Ганцхан долоо хоног болоход инээмсгэлэл
гээчийг би бүр мартсан байв.
"Чи эрх чөлөөнөөс ирэв үү?" гэж тэд асуув. "Үгүй" гэж би хариуллаа. Би саяхан
баривчлагдсан учраас тэдний хувьд эрх чөлөөнөөс гэсэн утгатай байж болох юм.
Гэсэн ч 96 цаг байцаагдсаныхаа дараа би өөрийгөө эрх чөлөөтэй байсан гэж хэлж
чадахгүй л байв. Хар хөмсөгтэй сахалгүй хөгшин өвгөн надаас улс төр, цэргийн
мэдээ, шинэ сониныг асуугаад эхэлсэн байв. Гайхмаар. Хоёрдугаар сар болчихоод
байхад тэд Ялтын бага хурал, дорнод Пруссыг бүсэлсэнийг, нэгдүгээр сарын
дундуур манайхан Варшавруу довтолсныг, эсвэл 12-р сард холбоотны цэрэг
ухарсаныг алийг нь ч тэд мэдээгүй байв. Журам ёсоор, байцаагдаж байгаа хүн
гадаад ертөнцийн тухай юу ч мэдэх ёсгүй. Тэгээд ч тэд огтхон ч мэдэхгүй байв.
Хагас шөнийг би тэдэнд, яг л тэр ялалтууд давшилтуудыг би өөрөө хийчихсэн мэт
бахдалтайгаар ярихад бэлэн байв. Гэтэл энэ мөчид ээлжийн хуяг наар авчирж өгөв.
Үүнийг би чимээ анир гаргалгүй янзалж ороо засах ёстой байв. Надад өөр нэг,
миний үеийн залуухан цэргийн хүн туслав. Түүний нисгэгчийн малгай нааран дээр
нь өлгөөстэй байв. Хөгшнийг дайны мэдээ асуухаас өмнө тэр залуу надаас тамхи
асуусан юм. Гэвч, хэдийгээр би шинэ нөхдөдөө сэтгэлээ уудлахад бэлэн байсан,
боловч уулзаад хэдхэн минут болоод, тухтай ам нээж ч амжаагүй байсан боловч
энэхүү миний үеийн, тэргүүн фронтын цэрэг нэг л харийн, хөндий мэт надад
санагдан, түүний хувьд би дотоод сэтгэлээ тэр дор нь, бүрмөсөн түгжиж,
цоожилсон.
Энэ үед би наседка (stool pigeon) хэмээх - тэжээвэр тахиа, суудлын тагтаа гэдэг
үгийг сонсооч үгүй байсан бөгөөд камер болгонд нэг тэжээвэр тахиа (нууц
мэдээлэгч. Монголчууд бууны нохой гэж ярьдаг) байдаг гэдгийг олж мэдээгүй байв.
Мөн би энэхүү Георгий Крамаренка гэдэг залууд юуны учир дургүй болох ёстойгоо ч
сайн бодож амжаагүй байв. Гэсэн хэдий ч ямар нэгэн мэдрэмж, зөн билиг, сүнслэг
реле дотор минь ажиллаж, би түүнээс зайгаа авсан...
Унтах байраа зассаны дараа би, энэхүү тухлаг камернаас шууд сахилгын камерт
орохгүй тулд орон дээрээ хэвтээгээрээ шивнэн ярихад бэлэн болов. Гэтэл манай
камерын гуравдах хүн, дунд насны эр хойд нутгийн хүний хэнэггүй, хөндий
байдлаар "Маргааш. Шөнө бол унтахад зориулагдсан" гэж хэлэв. Тийм ээ. Тэр бол
ухаалаг зөвлөгөө байлаа. Ямар ч мөчид хуяг орж ирэн биднийг байцаалтруу авч
явж магадгүй бөгөөд байцаалт өглөө 6 хүртэл үргэлжилсний дараа байцаагч харьж
амардаг бол, биднийг унтахыг хориглон, өдөржин зогсоож ч магадгүй байв. Нэг
шөнийн бүтэн нойр гэдэг бол дэлхий дээрх бусад бүх мэдээ сониноос илүү үнэ
цэнэтэй байв.
Манай камерын бусад хүмүүс 200 ваттын гэрлээс зайлсхийн нүдэн дээрээ нусны
алчуур тавин цааш харан хэвтэцгээсэн байв. Харин би тэнд, тэдэнтэй цуг, тэнд
байгаадаа баяр баясгалан дүүрэн байв. Нэг цагийн өмнө би өөр хүмүүстэй ингэж
цуг байна гэж төсөөлж ч чадахгүй. Байцаалтын үеэр байцаагч надад дахин дахин чи
өөр хэнийг ч одоо амьдралдаа харахгүй гэж заналхийлсэнчлэн толгойруу орох
сумыг л төсөөлж байв. Байцаалт одоо толгой дээгүүр эргэлдэж байсан ч маш хол
ухарч, холдсон мэт байв. Маргааш би тэдэнд өөрийнхөө түүхийг ярих болно
(мэдээж өөрийнхөө хэрэгтэй холбоотой зүйлийг ярихгүй) тэд мөн өөрсдийн түүхийг.
Маргааш ямар сонирхолтой байх болоо...
... Камерын бүх зүйл нь надад сонин байв. Тэр дээр гурван тоосгоны өргөнтэй
хэрийн зайг хар хөх цаасаар халхалсан байв. Энэ бол цонх гэж тэд надаа хэлсэн
юм. Өө за. Камерандаа цонхтой. Тэрхүү халхлалтыг агаарын довтолгооноос
сэргийлж хийсэн гэв. Маргааш өглөө болохоор бага зэрэг гадаа гэрэл оруулна.
Өдөр гэрэл унтраана. Өдрийн цагаар нарны гэрэлтэй байх нь байна шүү дээ. Энэ
юу гэсэн үг гээч. Камерт мөн ширээ байв. Түүн дээр данх, шатар, хэсэг хураасан
жижигхэн номнууд. Гэхдээ эдгээр нь яагаад ийм нягт нямбай эмх цэгцтэй байгааг би
одоогоор ойлгоогүй байв.
[Энэ нь Любянкагын систем хэрхэн ажилладгын өөр нэг жишээ байв. Хуяг минутанд
нэг удаа шагайхдаа шоронгийн захиргаанаас хэрэглүүлж байгаа тэр зүйлс буруу
зорилгоор ашиглагдаагүй эсэхийг хянах ёстой байлаа: данхаар хана нураах гэж
оролдож, шатрын хүү залгин хэн нэгэн нь ЗХУ-ын иргэн байхаа болихоор оролдож
байгаа эсэх, бүхэл шоронг шатаана гэж найдан хэн нэгэн нь номнуудыг шатааж
байгаа эсэхийг хянах ёстой байв. Хоригдлын нүдний шилийг маш аюултай гэж үздэг
байсан учраас шөнө ширээн дээр тавьж хонуулахыг хориглож, хурааж авдаг байв.]
Ямар тухтай юм бэ? Шатар, ном, аятайхан матрасс, цэвэр даавуу. Би дайны бүхэл
үеийн туршид ингэж хэвтэж байснаа санахгүй байв. Халцарсан паркетен шалтай.
Цонхноос хаалга хүртэл, эгнээ хоорондуур бараг дөрөв алхаж болохоор байв. Улс
төрийн төв шорон гэдэг бараг л амралтын газар юм.
Ямар ч их бууны сум дээрээс унахгүй. Би сумных нь дууг санаж байна: өндөр
давтамжтай, нарийхан исгэрээн ойртсоор, тэсэрдэг. Мөн мортарын бөмбөгнүүд яаж
дуугардаг гээч. Бидний "Доктор Геббельсийн мортар-пуужингууд" гэж хочилдог
сумнууд ойрхон дэлбэрэх үед хамаг зүйлс чичирж, дайвалздаг байв.
Тэгснээ би хэрхэн намайг баривчилсан Wormditt -ын ойролцоо германуудыг
бүслэлтээс гаргахгүйн тулд бид хэрхэн шавар шавхай, нойтон цаснууд дундуур
туучиж байснаа бодов.
... За тонил цаашаа. Намайг байлдуулахгүй гэвэл би байлдахгүй л байя л даа.
Бүр 1920-иод оны үед тэд цонх хааж далдалж, цонхны хөвөөг нь цагаан
будгаар буддаг байв. Тэдний хэлж байгаагаар 1920-иод онд шоронгийн
удирдлагууд хоригдлуудад их хөнгөхөн, зөөлөн ханддаг байсан. Эзэн хааны үед
хоригдлууд хоорондоо хана цохиж харилцахыг зөвшөөрдөг байв. Мөн хориод оны
харгалзагч нар нь дандаа Латвийн улаан армийн цэргүүд байсан гэнэ.
Хөгжилтэй хөмсөгтэй хөгшнийг Анатолий Ильич Фастенко гэдэг бөгөөд тэр 66 -тай
байв. Түүний санаж байгаа тэр бүх зүйлийн ачаар бид өнгөрсөн үе, өнөө үеийн
хоорондох холбоосыг олж харсан юм. Ийм хүмүүс зөвхөн манай камерт ч биш
манай оронд маш хэрэгтэй. Манай камерт байсан нэгэнд номонд 1905 оны
хувьсгалын тухай бичсэн байсан бөгөөд тэнд Фастенкогын нэрийг дурдсан байлаа.
Бүр залуудаа тэр анх удаагаа 1904 онд шоронд орж байжээ. Дараа нь 1905 оны 10
сарын 17-ны өршөөх тухай тунхаглалаар өршөөгдсөн байна. Шоронгоос гараад
Фастенко хувьсгалын ажилд оролцох гэж яарсан бөгөөд 1906 оны баригдан 8
жилээр хорих ял шийтгүүлсэн. Энэний 4 жил нь торны цаана, хөдөлмөр хийж, 4 жил
нь цөллөгт байв...
Хэд хоногийн дараа манай камерт 5 дахь хүнийг өглөө босохоос цагийн өмнө
оруулж ирэв. Ганцхан Макаренко л босож, нөгөөх л тамхиа асуун, үнэндээ
байцаагчид дамжуулан мэдээлчихээр зүйл юу байна хэмээн шиншилж байв. Эхлээд
тэр хоёр хоорондоо шивэгнэж ярилцаж байв. Дараа нь тэдний дуу улам чанга
болсоор байв. Шинэ ирсэн хүн маш их сэтгэл нь хөдөлсөн, нервтсэн бараг л
уйлахад бэлэн байв. Шинээр ирсэн хүн, олон хүнийг буудаж байгаа эсэхийг асууж
байв... Би толгойгоо хөдөлгөлгүйгээр тэдэнд аяархан яриач гэж хэлэв.
Бос гэсэн дохио өгөхөд бид бүгд босов. Ирсэн тав дахь хүн генерал, эсвэл түүнээс
доошгүй өндөр цолтой бололтой нь шууд мэдэгдэв. Хэдийгээр түүний погоныг нь,
товчнуудыг нь хуулан авч хаясан байсан ч түүний зөөлхөн зах, үнэтэй байрын цамц,
царай, байгаа байдлыг нь хараад тэгж дүгнэж болохоор байв... Тэр харагдаж
байгаагаасаа ч залуухан 36-тай байв. Тэгсэн тэр генерал ч, бүр хурандаа ч биш, тэр
битгий хэл цэргийн хүн ч биш байв. Харин инженер байв.
Инженер гэнээ, би инженерүүдийн дунд өссөн, инженер хүн ямар байдгийг мэднэ
шүү... Тэр Ломоносов шиг ухаантай байгаагүй ч авъяастай. Дээр нь түүнд аз
таарсан байв. Тэр жил 1929 оны их цэвэрлэгээ таарч манайхан улс даяар маш олон
инженерээ хувьсгалын эсэргүү гэж Гулагруу ачицагаасан. Түүний дараа зөвлөлт
засагт өөрсдөө сургаж, хүмүүжүүлсэн инженерүүдтэй болох шаардлага нэн
тэргүүнд тулгарсан. 1929-1933 оны иргэний дайны жилүүдэд их өлсгөлөн тохиолдож
байв. Тосгоны хүмүүс хот орж ажил олохыг хүсэвч тачанка хэмээх пулемет зоосон
нохойтой цэргүүд галт тэрэгний буудалруу тэднийг нэвтрүүлэхгүй, тосгоны иргэд
хаашаа ч гарах аргагүй тэндээ зоогддог байв. Тэр жилүүдэд биеийн хүчний ажил
хийдэг, хар ажилчид сард 60 рублийн цалинтай байхад тэрээр сард 900 рублийн
оюутны стипендтэй суралцаж байв... Тэрээр ажил дээр гаран дарга даамал болж,
цалин мөнгө ч өссөн. Дайны жилүүдэд тэр ар талд, түүний хувьд хамгийн сайхан он
жилүүд байсан гэнэ... Түүний хувьд мөнгийг гарын салаагаар цацдаг байв. Тэр он
жилүүдэд тэр мөнгө биш харин хүүхнүүд тоолж байсан гэнэ. Ийшээ орохоос өмнө
290 хүргэчихсэн байсан. Бараг 300 хүрэх байсан юм гэж ярьж байв... Хүн хэдий их
амжилттай байна төдий их атаархал төрүүлдэг гэдгийг тэр мартсан бололтой...
Өдөрт 16 цагийг бид камертаа өнгөрүүлдэг бөгөөд хэдий хийх юм багатай ч маш
сонирхолтой байдаг байв. Үйл явдал гээд байх зүйл байхгүй хэдий ч бараг анх
удаагаа би амьдралдаа тэдгээр жижиг үйл явдлуудыг томруулдаг шилээр харж
эхэлсэн юм. Өдрийн хамгийн хэцүү цаг нь өглөөний 2 цаг. Өглөө хаалганы цоож
торхийх үед бид үсрэн босож, чимээ анир гаргалгүй сууцгаадаг байв. Хүчээр ийнхүү
өглөө эрт 6-д босоход хамаг бие унтахыг хүсэж, амьдрал хараагдсан мэт. Ялангуяа
бүхэл шөнөжингөө байцаагдаж ирээд хэсэгхэн зүүрмэглэсэн бол бүр ч их
шаналгаатай байдаг байв. Гэсэн ч илүү унтах гэж оролдох хэрэггүй. Хэрвээ ямар
нэг байдлаар илүү унтах гэж, хана бага зэрэг түшин, эсвэл шатар тоглож байгаа юм
шиг царай гарган шируу тулан унтах гэвэл, эсвэл ном уншиж байгаа юм шиг өвдгөн
дээрээ дэлгэж тавьчихаад унтах гэвэл хаалганы цоож торхийн дуугарна. Эсвэл
гэнэт хаалга онгойн унтаж байхад чинь барьж аван торгуулын камерлуу аваачина.
Любянкагын харгазагч нар яг л сүнс мэт ийнхүү ажиглаж, барихдаа тун ч сурмаг.
Эсвэл сахилгын камерны оронд тухайн камерынхныг цөмийг нь босож явахыг
хориглоно. Шоронгийн дүрмэнд энэ мэт маш олон шийтгэлүүд бий. Унших хэрэгтэй.
Камер болгонд шоронгийн дүрэмний нэг хувь байдаг. Өглөөд болдог өөр нэг үйл
явдал нь жорлонруу явах. Жорлонгийн гадна аваачаад хүн бүрд 2 ширхэг вагоны
билетын дайтай цаас өгнө. Цаас юу ч бичээгүй хоосон, цагаан. Любянкад бол нэг их
онц сонирхол татахаар биш. Харин зарим шоронд юу өгдөг гээч номны хуудас!
Ямар их анхаарал авьж уншдаг гэж бодно. Хэрвээ дундуураа урагдаж үг нь
гаргагдахаа больсон бол тааж... хадгалж. өөр нөхөртэйгөө наймаалцаж болно...
Камерт байгаа хүмүүс заримдаа Любянкагын дэглэм яагаад ингэж тогтсон юм бол
гэж гайхан, хоорондоо ярилцацгаана. Зориуд хүмүүст хатуу ширүүн хандах гэж үү,
эсвэл санамсаргүй тохиолдол уу? Миний бодлоор бол аль аль нь нөлөөлсөн.
Эхлээд зориудаар, болон санамсаргүйгээр янз бүрийн дэглэмүүд туршигдаж, үүсэн
гарч, яваандаа тэдгээрийг хэрэглэх нь үр дүнтэйг мэдмэгцээ зориудаар байнга
хэрэглэдэг болсон...
9 цагт өглөөний тооллого болов. Хаалга онгойн ээлжинд гарч байсан
лейтенантуудын нэг нь орж ирэн хоёр алхан зогсов. Бид босоод зогсож байдаг
байв. Үнэндээ тоолох нь түүний ажил биш байсан юм. Тоолъё гэвэл түүнд ганц
хараад л хангалттай. Үнэндээ бидэнд тодорхой эрх байсан бөгөөд түүний ажил бол
бидэнд тэр эрхийг минь мэдүүлэлгүй, биднээс нуух явдал байсан байв. Любянкагын
бүхий л хүч чадал нь машин шиг хэв байдалд нь байдаг байв: ямар ч нүүр царайны
хувиралгүй, ямар ч хүртэх зүйлгүй, ямар хий хоосон магтаал, гоёлын илүү үггүй.
Ингэхэд бид ямар эрхтэйгээ мэддэг байсан юм бэ? Гутлаа засуулах. Шүдний эмч
дээр очих. Хэрвээ тэд чамайг үнэхээр шүдний эмч дээр аваачдаг юм бол үр дүн нь
чамд төдийлөн таалагдахгүй. Машин шиг нөгөө любянкагын стиль эндээс мөн л
харагдана. Тэр чамаас "Юу чинь өвдөө вэ?" гэж асуухгүй. Тэгвэл дэндүү олон үг
болно. Зүгээр л "Өвчин?" Хэрвээ чи юу чинь хаанаа, яаж өвдөөд байгааг зөндөө урт
тайлбарлан ярих гэвэл тэр шууд таслах болно. Шүд үү. Авахуул. Ломбо уу? Бид энд
ломбоддоггүй. Хэрвээ ломбоддог бол чи дахиад л эмч дээр ирэх шаардлагатай
болох бөгөөд энэ нь арай илүү хүмүүнлэг хандлага үүсгэх болно. Үүнийг Любянка
зөвшөөрөхгүй. Шоронгийн эмч гэдэг бол байцаагчийн, ял гүйцэтгэгчийн баруун
гарын туслах байдаг. Зодуулсан хүн шалан дээгүүр мөлхөн эмч дээр очино. Эмч
"зүгээр байна, пульс нь цохиж байна" гэх болно. 5 өдөр шөнийг сахилгын камерт
нүцгэн өнгөрүүлсэн бараг хөлдүү хоригдлыг үзээд тэр "цааш үргэлжлүүлж болно"
гэдэг. Эсвэл хоригдол зодуулаад үхчихвэл эмч "элэгний цирроз", эсвэл "зүрх нь
хаагдчихлаа" гэсэн сертификат олгох болно. Үүнээс өөрөөр биеэ авч явсан эмчийг
шоронд байлгахгүй.
Харин манай камерын матаасчин өөрийнхөө эрхийн тухай илүү их мэдээлэлтэй
байв. Тэрээр любянкагын даргатай уулзмаар байна гэж мэдэгдэв. Юу гэнээ, бүхэл
бүтэн любянкагын даргатай юу? Тийм. Түүний нэрийг тэмдэглэж авав. Орой нь
түүнийг дуудав. Буцаж ирэхдээ тэр махорктой (тамхи) ирэв. Энэ бол маш бүдүүлэг
байсан байж болох Ч тун дажгүй хувилбар байв. Бүхэл бүтэн 111 камерыг
микрофоноор тоноглоод бүтэн өдөржингөө сонсож сууна гэдэг дэндүү өндөр
зардалтай, бүтэхгүй зүйл байв. Хэн үүнийг илүү хялбар хийх вэ? Мэдээж мэдээлэгч,
матаасчин, харх. Гэвч Макаренко бидэнтэй байхдаа хүнд нөхцөлд байв. Заримдаа
тэр ойлгох гэж их оролдох үед духных нь хөлс бурзайж харагддаг байв. Түүний
нүүрэн дээрээс тэр бидний юун тухай ярьж байгааг сонсохгүй, ойлгохгүй байгаа нь
мэдэгддэг байв.
Өөр бас нэг эрх бий. Өргөдөл, гомдол бичих. Сард хоёр удаа өглөөний ээлжийн
офицер орж ирэн "Хэн өргөдөл бичих вэ?" Бичихийг хүссэн нэрсийг тэмдэглэж
аваад үд дунд тэд чамайг нэг хайрцаг шиг өрөөнд дагуулж аваачина. Тэнд чи хүссэн
хүнрүүгээ бичиж болно: Ард түмний эцэг, Намын Төв Хороо, Дээд Зөвлөл, Сайд
Бериа, Сайд Абакумов, Ерөнхий Прокурор, Цэргийн Ерөнхий Прокурор, Шоронгийн
захиргаа, Мөрдөн байцаах газар. Чи тэгээд чамайг баривчилсан тухай,
байцаагчийнхаа тухай, бүр шоронгийн даргын тухай хүртэл гомдол мэдүүлж болно.
Гэхдээ ямар ч тохиолдолд гэсэн өргөдөл чинь ямар ч үр дүнгүй байх болно.
Үнэндээ энэ бичгийг чинь гаргаж уншихад ч хэцүү байх болно. 5х7 см хэмжээтэй
цаасан дээр Өргөдөл гээд бичихэд ч бараг нэг мөрөнд багтахааргүй байв.
Дараа нь тооллого. Тэгээд өдөр эхлэнэ. Мөрдөн байцаагч нар ирээд эхэлжээ. Хуяг
бидний хэн нэгнийг нь маш их нууцлал гаргаж дуудна. "С үсгээр нэр нь эхэлсэн хүн
энд байна уу?" "Ф үсгээр нэр нь эхэлсэн хүн энд байна уу?"... чиний нэрийг дуудаж
байна гэдгийг хурдан ойлгох хэрэгтэй. Энэ систем нь хуягт алдаа гаргахгүй байхаар
бүтээгджээ. Тэрээр буруу нэр дуудаж магадгүй бөгөөд тэгсэн тохиолдолд
хоригдлууд хажуугын, өөр камерт байгаа хүний нэрийг мэдэх боломжтой. Гэсэн ч
бид шоронд, бусад камерт юу болж байгаа тухай мэдээнээс хоцордоггүй байлаа.
Учир нь тэд камерт аль болох олон хүн чихэхийг боддог тул өөр өөр камераас
хүмүүс орж гарах нь зөндөө, тэр болгонд бид шинэ зүйлс сонсож мэддэг байв...
Эхний үед шоронгийн дотоод бүтцийг мэдэх нь их сонирхол татдаг байв. Ингэхдээ
алхамаа тоолж, хэрвээ цонхоор харах боломж олдвол хаанаас эхэлж алхсан,
хаашаа эргэсэн... тэхээр чиний камер хаана, хаашаа харсан байрлалтай байна
зэргийг бодддог байв. Гадуур явж байхдаа аль болох их цэвэр агаар амьсгалахыг
оролдоно...
Любянкагын номын сан бол шоронгийн үндсэн гоёл байв. Номын санч нь бараг
өөрийгөө үзэмжгүй харагдуулахын тулд юм бүхнийг хийсэн юм уу гэмээр шаргал үст
байв. Биднийг номоо буцаан өгөхөд тэд маш нарийн шалгаж энд тэнд нь ямар нэг
зүүгээр ч юм уу цэг тавьж код үсэг үлдээсэн юм биш биз гэж шалгана. Бид ямар ч
буруугүй байсан ч гэсэн энэ нь бидний сэтгэлийг зовоодог байв. Тэгээд бидний
номны хүсэлтийг сонсон ямар ч хариу үл хэлнэ. Бидний хүссэн ном ирэх эсэхийг
бүү мэд. Бид яг л хайрын захиа бичээд хариуг нь хүлээж суугаа залуу шиг л байж
ядан хүлээдэг байв. Ном ирэх эсэх, ямар ном ирэх нь бидний дараагийн 10 хоногийг
тодорхой хэмжээгээр тодорхойлно. Сонирхолтой ном ирүүлбэл бид уншиж, хэрвээ
хог авчирсан бол бид уншилгүй харин хоорондоо ярилцахыг илүүд үзнэ. Тэд яг
хүний тоогоор л ном ирүүлдэг байв. 6 хүнтэй камер бол яг 6 ном. Олон хүнтэй
камерт бол сонирхолтой байв...
3-р сард манай камерт 6 дахь хүнийг нэмж оруулав.... 5 сарын 1-нд тэд цонхны
хаалтыг авав. Энэ нь дайн дуусах дөхөж байна гэсэн үг байв.Үдэш нь өмнө
байснаас илүү нам жим байв. Бүх байцаагч нар баяр тэмдэглэхээр Москва явсан
байв. Хэнийг ч байцаалтанд дуудсангүй. Анир чимээгүйн дунд бид хэн нэгний
тэмцэхийг сонсов. Тэд түүнийг камераас гарган хайрцагт хийж байв. Тэд түүнийг
удаан зодов. Хүний зөөлхөн махан биен дээр буух цохилт бүрийг, түүний хахаж
цацахыг бид сонсож байв.
5 сарын 2-нд 30 бууны салют буудав. Энэ бол Европын нийслэл гэсэн үг байлаа.
Хоёрхон хот эзлэгдээгүй үлдсэн байсан юм. Аль нь юм бол гэж бид тааж ядан байв.
Прага уу Берлин уу? 5 сарын 9-нд тэд бидэнд өдрийн хоолон дээр оройн хоолыг цуг
авчирж өгөв. Зөвхөн 5 сарын 1-нд юм уу, 11 сарын 7-нд л ингэдэг байв. Үүнээс бид
дайн дууссаныг ойлгов. Тэр үдэш 30 бууны салют буудав. Дахин эзлэх нийслэл
үлдсэнгүй. Дараа нь тэр үдэш дахин 40 бууны салют буудав. Дайн дуусжээ. Гэсэн ч
тэр ялалт биднийх байсангүй, тэр хавар ч мөн биднийх байгаагүй.
Зургаадугаар бүлэг
Тэр хавар
1945 оны хавар манай шоронгуудын хувьд цэргийн орос олзлогдогсдын
хавар байсан юм. Тэд яг л далайн давалгаа мэтээр ЗХУ-ын шоронгуудыг дамжин
нүүдэллэцгээж байв. Зөвхөн дайны олзлогдосод биш мөн европт тодорхой
хугацаагаар байсан цагаачид, ажилчид мөн тэдэнтэй цуг байв. Цэргийн
хоригдлуудын дийлэнх нь надтай чацуу, гэхдээ яг ч чацуу биш ч гэсэн хувьсгалын
17, 18 онуудад төрөгсөд ихэнх нь байв. Тэдний тухай түүхийг сонсоод эхэндээ би
итгээгүй. Тэгсэн ч гэсэн Юригын ярианаас ойлгосон. Миний өөрийн шоронд орсон
түүх энэний хажууд юу ч биш байв. Би хуулуулсан погоныхоо төлөө харамсахаа
больсон. Энэ нийтлэг проблемыг би бас мөрөн дээрээ үүрж, хуваалцах ёстой
гэдгийг би ойлгосон. Үүний дараа би өөрийгөө Соловьевын шуурган галд,
Харьковын бүслэлтэнд ороод гараа хойноо өргөн, зөвлөлтийн хүний бардам
байдлаа алдчихаад германы хорих лагерьт байсан бол яах бол гэдгийг төсөөлөв.
Энэ хүмүүсийг урвагч гэдэг боловч, ингэж хэлэхдээ шүүгч нарын, прокуроруудын
хэл нь хальтирдаг байв. Сонин хэвлэлүүд ч гэсэн шууд бусаар нөлөөлсөн. Тэднийг
тэд "эх орноосоо урвагчид" гэж хэлэх гэсэн боловч яагаад ч юм "эх орны урвагчид"
гэсэн нэр томъёо тогтсон. Тиймээ. Тэд эх орноосоо урваагүй юм. Харин эх орон нь
тэднээс урвасан юм.
Эхний удаад эх орон нь урвахдаа галын шугаманд, тулалдааны талбарт тэднээс
урвасан юм. Эх орон нь дайнд ялагдахын тулд бүхнийг хийсэн байв: бэхжүүлсэн
хамгаалалтуудаа устгаж, тасалж, бүхэл бүтэн нисэх хүчнээ бэлэн тавьж өгч
устгуулж, танк артилерруудаа задалж, генералуудаа албан тушаалаас нь хусаж,
армидаа дайсныг битгий эсэргүүц гэж тушаасан юм.
Хоёрдахь удаад нь эх орон нь тэднийг дайсны олзонд үхэг гэж зүгээр орхисон юм.
Гуравдахь удаад нь эх орон нь тэднийг хуурч "Эх орон чинь та нарыг уучилсан.
Гэртээ буцаж ир" гэж хулхидан хуурсан юм. Дайны хамгийн том гэмт хэрэгтнүүдийн
нэг Улаан армийн тагнуулын албаны дарга хурандаа генерал Голиков эх орон чинь
уучилсан гэж гадаадад гарсан хүмүүсийг хууран ирэхэд нь баривчлах ажил зохион
байгуулахыг хариуцаж байв.
Орос орон бие даан орос гэж тогтсон нэг мянга нэг зуун жилийн дотор хэдэн сая эр
цэргээсээ урваж байснаас өөр илүү том гэмт явдал, нүгэл түүний түүхэнд байгаагүй
юм. Ямар хялбархан бид тэднийгээ хаяж байваа. Тэр урвагч. Ичээсэй. Түүнийг
жагсаалтаас хас! Биднийг тэгж хэлэхээс ч өмнө манай агуу эцэг тэднийг
жагсаалтаас хасаж байсан юм: Тэрээр москвагын сэхээтнүүдийн сор болсон
хүмүүст таван хүн тутмын дунд ганцхан ширхэг, нэг үсэрдэг 1866 оны хуучин
Бердан буу бариулан Вязмагын махны машинд оруулсан юм. 12-р сарын
коммюникендээ зориулж тэнэг мойног, махлаг хуруугаараа ганц чичин манай агуу
Стратегич манай 120 мянган хүнийг 1941 оны 12 сард цөлсөн юм.
Тэр хавар манай Бутыркын камерт Лебедев хэмээх металургич мэргэжилтэй өвгөн
ирсэн юм. Тэр өргөн мөртэй, том биетэй, пугачева шиг сахалтай. Нэг гараараа 150
паундын (1паунд=453гр) хувин өргөж чаддаг байв. Камерт эрчүүд түүнийг тойрон
сууж ярилцана. Тэр төмрийн тухай биш харин баргил хоолойгоор сталины талаар,
сталин бол яг л Галзуу Ивантай адилхан "Бууд, Дүүжил, битгий тээнэгэлз" гэдэг
хэмээн ярив. Тэрээр мөн Максим Горький бол хоёр нүүртэй өөдгүй амьтан... Түүний
ярианаас би их зүйл ойлгодог байв. Тэгтэл нэг удаа тэр гэнэт хуруугаараа чичин,
58.1.Б-ээр яллагдагсад бол эх орноосоо урвагчид, тэднийг өршөөж болохгүй хэмээн
ярив. Түүний хажууд нөгөө 58.1.Б-ийнхэн ханз ханзаараа тойрон сууж байв. Тэдэнд
ямар хэцүү байсан гээч. Би 58.10-аар зүйлчлэгдсэн өөр хоёр залуутай нийлэн
тэднийг хамгаалахаар мэтгэлцэв. Гэсэн ч төрийн мангаслаг худал хуурмагаас болж
хичнээн ч өргөн, гүн бодолтой хүн байлаа гэсэн үнэн бодит байдлын зөвхөн талыг
нь л, заримыг нь л хүлээн авч, ойлгохоор байв. Дэлхийн хоёрдугаар дайнд англи
улс эх орноосоо урвасан ганцхан хүнийг олж барьсан бол, манай шударга улсад эх
орноосоо урвагсад сая саяараа байлаа.
Эзэн хаан Алексей Михайловичын үед олзогдсон хүнийг уучилдаг соёл, заншил
тогтсон байв. Түүнчлэн нийгэм, улсууд хоорондоо олзлогдогсдыг солилцож,
тусламж үзүүлэхийг үүргээ, байх ёстой зүйл гэж үздэг болсон байв. Олзноос оргож
ирэхийг баатарлаг явдал гэж үздэг байлаа. Дэлхийн нэгдүгээр дайны туршид бид
германд олзонд байгаа цэргүүддээ зориулж хандив цуглуулж, манай сувилагч нарыг
германруу нэвтэрч олзлогдогсоддоо эмнэлгийн тусламж үзүүлэхийг зөвшөөрдөг
байсан юм. Түүний хамт манай сонин хэвлэлүүд дайсанд олзлогдон шоронд
шаналж байгаа эх оронч цэргүүдийн талаар байнга бичдэг байв. Барууны бусад
улсууд ч гэсэн мөн тийм туршлага, хандлагатай байв. Барууны улсууд өөрсдийн
олзлогдогсдыг олзонд байх үед нь албан тушаал, хэргэм цол, цалинг нь хүртэл
олгон хадгалж, хуримтлуулж илгээдэг байв.
Дайсанд олзлогдож болохгүй ганцхан цэрэг дэлхий дээр байдаг нь манай Улаан
Армийн цэргүүд байсан юм. Манай цэргийн дүрэмд ингэж өгүүлсэн байдаг юм.
Германы цэргүүд манай цэргүүдрүү нуувчнаасаа "Ivan plen nicht" - "Иван- олзлохгүй
шүү" гэж хашгирцгаадаг байв. Хэн үүнийг дүрсэлж харж чадах юм бэ? Энэ бол дайн.
Үхэл гарцаагүй. Гэтэл бууж өгч болохгүй гэдэг! Юу гэсэн үг вэ гэвэл: Яв, үх. Харин
бид амьдарсаар байх болно гэсэн үг юм. Хэрвээ чи хөлгүй болоод, тэгсэн мөртлөө
олзноос буцаж ирж чадах юм бол, ирэхээр чинь бид чамайг яллах болно гэсэн үг
юм.
Эх орондоо чичлэгдсэн манай цэргүүд холбоотны өмнө, дайсны нүдний өмнө хэн ч
биш болон доош орж Гуравдугаар Рейхын гахайнуудын хойноос доншуучлахад
хүрсэн юм. Тэдний залуухан зүрх сэтгэл нь буцаж ирэхийг хүсэж байсан ч бид
өөрсдийн цэргүүдийнхээ нүүрэн дээр нь хаалгаа хаасан юм. Дайны үед 58.1.Б-ээр
цаазаар авч болох байлаа. Герман цэргийн суманд үхэхийг хүсэхгүй бол
өөрсдийнхөө суманд үхэх байв. Юуны төлөө? Энэ бол дэндүү гэнэн асуулт юм.
Засгийн газрууд хэзээ ч хүний эрх, ёс суртахууны тухайд бодож байгаагүй юм.
Тэхдээ хэзээ ч хүнийг хэрэг хийсний төлөө биш, харин хийж магадгүй гэж шоронд
хийцгээдэг юм. Тэд бүх дайны үеийн олзлогдогсдыг эх орноосоо урвасан гэж
шоронд хийгээгүй. Гагцхүү Власовын арми л урвасан. Бусад нь тийм биш. Тэд тэр
цэргүүдийг буцаж ирээд өөрсдийн гэр бүлийнхэндээ, тосгоныхондоо Европын тухай
ярьчихвий гэж сэргийлэн шоронд хийсэн юм. Тэгвэл оросын дайны олзлогдогсодод
ямар эрх зүйн боломжит гарц байсан юм бэ: хэвтээд, өөрийнхөө дээгүүр
гишгэчүүлсээр үхэх гарц байв. Өвс болгон ургах гэж тэмүүлдэг байхад бид
өөрсдийн цэргүүддээ хэвт, үх. Тэгвэл ял чамд ял тулгаж прокурордохгүй гэж хэлсэн
юм.
Оргоод эх орондоо ирнэ гэдэг бол: хорих лагерын харуулуудаас мултраад, германы
хагасыг хөндлөн туулж, дараа нь польшоор, дараа нь Балканаар, тэгээд шууд
СМЕРШ, тэгээд шорон гэсэн үг юм. Тэднээс бусад чинь чадахгүй байхад чи яаж
оргоо вэ гэж асуудаг. Нэг л худлаа байна даа. Тэд чамд ямар даалгавар өгсөн бэ?...
Тагнуулын солио Сталины галзуурлын үндэс, суурь байсан юм. Сталины хувьд
манай улсад тагнуулчид дүүрэн язганаж байв. Зөвлөлтөд амьдарч байсан бүх
хятадуудыг тагнуулч хэмээн 58.6-аар яллан хойд нутгын шоронгуудад аваачиж хийн
тэнд тэд үхэцгээсэн. Хэдэн зуун мянган солонгосчуудыг тагнуулын хэргээр
Казахсанруу цөлсөн. Өмнө нь хэзээ нэгэн цагт гадаадад байсан, гадаадад амьдарч
байсан болгоныг баривчлав. Өмнө нь хамгийн үнэнч гэгдэж тооцогдож байсан
латвийн явган цэргүүдийг цөмийг нь баривчлав. Сталин Их Катерин хатан хааны
хэлсэн үгийг амьдрал болгож буй мэт байлаа. Түүний хувьд нэг тагнуулчыг
алдсанаас 999 гэмгүй хүнийг буудах нь илүү дээр байв.
Олзонд байсан цэргүүдээс маш цөөхөн нь л өөрсдийн сайн дураар буцаж ирсэн.
Зарим нь үймээн самуун дунд баривчлагдалгүй ирсэн байдаг ч сүүлд нь 2-3 жилийн
дараа баривчлагддаг. Сүүлд нь тэр хүмүүс "Өө, энийг нь мэдсэн бол ирэх хэрэггүй
байсан юм. Би Швейцарь луу, Францруу гарчихаж болох байсан шүү дээ. Эсвэл
далай гаталчихаж болох байсан юм" гэдэг. Гэвч илүү бодлоготой хоригдлууд
тэднийг залруулдаг. Тэд эхнээсээ л фронтруу явж тэнэгтэх хэрэггүй байсан юм.
Арын албанд үлдэх ёстой байсан юм. Тэгсэн нь л өнөөдөр баатар болж байна шүү
дээ. Эсвэл болохгүй бол албанаасаа оргох хэрэгтэй байсан юм. Тэгээд ч арьс
бүтэн. Баригдсан ч 10 жил биш, 7 жил, 8 жил авч байна... Энэ үзэл бодол ихээхэн
мэтгэлцээн өрнүүлдэг байв. Тэгсэн ч удахгүй гарах гэж сонсогдож буй өршөөлийн
хуулиар суллагдана гэж бодож байв. Тийнхүү суллагдах байсан бол, ийнхүү
баривчлагдах байсан юм бол, аль нь хамгийн зөв арга зам байсан юм бэ? Бид нар
тухайн үед тодорхой хэлж чадахгүй байв. Харин аль нь зөв байсан бэ гэж огтхон ч
санаа алдахгүй, ямар ч өршөөл хүлээгээгүй хүмүүс байсан юм. Тэд Власовын
эрчүүд байлаа.
Би тэдний тухай сонссон ч уулзахаасаа өмнө тэдний талаар юу гэж бодохоо
мэдэхгүй байсан юм. 1942 оны 12 сард германчууд оросын засгийн газрыг
Смоленскт байгуулсан тухайгаа зарлаж, ухуулга хуудас тарааж эхэлсэн юм. Тэр
ухуулах хуудсан дээр генерал Власовын түүх, намтар байсан юм. Эхний үед бид
итгээгүй юм. Харин дараа нь тун удалгүй бидний эсрэг бас зарим оросууд ямар ч
СС-ийнхнээс илүү хатуу ширүүн байлдаж байгааг мэдэж авсан. Жишээлбэл 1943
оны 7 сард Собакинские Виселкид герман хувцастай орос цэргүүд маш шургуу
хамгаалан тулалдаж байв. Ямар ч найдлагагүй болсон ч гэсэн тэд байлдсаар л
байв. Мөн Турскийн өмнөд хэсэгт Днеприйн байц газар тэд бидний эсрэг байлдсан
юм. Хоёр долоо хоногийн турш бид хэдэн зуухан метр газрын төлөө тулалдсан.
1943 оны 12 сард ч байлдаан мөн хатуу ширүүн, хүйтэн байв... Дорнод прусст
Власовын армийн олзлогдсон гурван цэрэг туугдан явж байв. Тэгтэл тэр үед Т34
танк замаар давхин гарч ирэв. Тэгтэл нөгөө гурвын нэг нь үсрэн танкан доогуур
орчихов. Танк зогссон боловч гинжний нэг үзүүрээрээ түүний дээгүүр гарсан байв.
Түүнийг ойлгож болохоор байв. Тэрээр камер дотор үхснээс цэргийн үхлээр үхэхийг
илүүд үзсэн байв. Тэдэнд сонголт байгаагүй юм. Тэдэнд өөр тулалдах зүйл
байгаагүй.
1941 онд Лейтенант генерал Власов Киевын ойролцоо 37-р армийн командлагч
байв. Асар өргөн хүрээтэйгээр германчууд Киевыг бүслэхэд тэрээр амжин гарч
ирээд Москвагын ойролцоо 12-р армийг захиран амжилттай тулалдсан. 1942 оны 1
сарын 7-нд түүний арми хамгийн тэргүүн эгнээнд байсан бөгөөд Сталинградын зүг
давшиж эхэлсэн. Уг давшилтанд төлөвлөсөн ёсоор 54, 4, 52-р армиуд тогтсон газар
байр эзлэн оролцох ёстой байв. Гэвч тэдгээр армиуд бэлэн бус байсан уу, түр
зогсосхийсэн үү уг дайралтанд төлөвлөсний дагуу оролцоогүй. Тэр үед манайхан
тийм өргөн хэмжээний төлөвлөлт хийж чадахгүй, тодруулбал ар талын ажил, хүнс,
зэвсэгээр хангах ажлыг зохион байгуулж сураагүй байв. Власовын 2-р тэргүүн
цохилтын арми 2-р сар гэхэд Германы фронтруу 74 км-ын гүн хүртэл
амжилттайгаар давшин орсон. Чухам тэр үеэс хариуцлагагүй Сталины Комманд,
Штаб энэ армийг хүн хүчээр сэлбэх, зэвсэг хэрэгслээр хангах ажлаа цалгардуулсан.
4-р сар гэхэд 2-р армын өмнө нь ажралгүй гатлан гарсан газрууд хаврын дулаанд
гэсэн маш их намаг үүссэн. Тэдний арми зэвсгээр хомсдож, мөн агаараас ч гэсэн
тэдэнд ямар ч тусламж үзүүлээгүй. Түүний зэрэгцээ тэдний арми хоол хүнсээр бас
тасраад байв. Власов ухрах зөвшөөрөл хүсэхэд түүнд татгалзсан хариу өгсөн юм.
Бутыркын шоронд цуг байсан власовын армийн эрчүүд надад тэд хэрхэн үхсэн,
өмхийрч байгаа адууны туурайг хүртэл чанаж идэж байсан тухай ярьж байв. 1942
оны 5 сарын 14-нд тэдэнрүү тал бүрээс нь Германууд довтолж эхэлсэн. Тэнгэрт
байгаа онгоцууд нь дандаа германых байв. Тэр үед тэд хэдийн бүслэгдсэн байв.
Харин тэр үед нь л даапаалж байгаа юм шиг тэдэнд ухрах зөвшөөрөл өгч,
Волховын зүг ухрахыг даалгасан. 2-р арми 7 сарыг хүртэл хэдэнтээ ухрахаар
оролдсон боловч амжилт олоогүй. Ийнхүү дэлхийн нэгдүгээр дайны үед
Самсоновын арми галзуу давшин бүслэгдэн сүйрсэн түүхийг давтан Власовын
тэргүүн эгнээний 2-р арми мөхсөн юм.
Новогород хотод 2-р цохилтын армийн дурсгалд зориулсан хөшөө. Энд,
Мясной Бор ойд ширүүн тулалдаан болж байсан юм.
Энийг одоо тэгээд эх орноосоо урвалт гэх үү? Харин ч Сталины урвалт байсан юм.
Урвалт гэдэг бол заавал мөнгөний төлөө худалдагдахыг хэлдэггүй юм. Урвалт
гэдэгт дайнд хангалтгүй, бэлтгэлгүй төлөвлөсөн, өөрийн маршалын дүрэмт хувцсаа
хадгалж үлдэхийн тулд армиудыг, корпусуудыг утга учиргүйгээр золионд гаргахыг
хэлнэ. Самсоновоос ялгаатай нь Власов амиа хорлоогүй. Арми нь тарж бутарсны
тараа тэрээр ой мод, намаг дундуур тэнэсээр 7 сарын 6-нд Сиверскаяагын орчим
германы цэрэгт бууж өгсөн. Түүний дараа тэд түүнийг Дорнод прусс дэхь Лотзены
ойролцоох германы штабт аваачиж, өмнө нь баривчлагдсан хэд хэдэн генералууд
болон бригадын улс төрийн комиссар, өмнө нь Москвагын дүүргийн намын хорооны
дарга байсан Г.Н.Жиленковтой уулзуулсан. Тэдгээр олзлогдогсод өмнө нь хэдийн
Сталины бодлогыг шүүмжилдгээ илэрхийлсэн байсан хэдий ч тэдэнд удирдагч
дутагдаж байв. Харин тэр удирдагч нь Власов болсон...
Хэрвээ зүгээр л бууж өгсөн нь эх орноосоо урвалт юм бол, улаан армийн эсрэг
тэмцсэн нь юу болох вэ? Германы зүгээс ирсэн хүнийг байцаагаад, түүний амнаас
нэг л орос үг гарвал тагнуул хэмээн бид өөрсдөө түүнийг бууддаг байв. Ерөнхийдөө
энэ дайн бидэнд Орос хүн байхын хамгийн сул, доройг харуулсан...
Власов германы офицерын хувцастай байгаа нь. Түүний цаана зогсох
офицеруудын зарим нь оросууд.
Бобруйскын бүслэлтийн ойролцоо явж байхад минь гэнэт нэгэн эр надруу хандан
"ноён ахмадаа, ноён ахмадаа" хэмээн аврал эрэн, цэвэр оросоор хашгирахыг
сонсов. Харвал герман хувцастай олзлогдогч, бүсэлхийнээс дээш нүцгэн, түүнийг
Аюулгүйн албаны сержант морин дээрээс ташуураар ороолгож байв. Цээж, нуруу
нь улаан цус болсон байв. Сержант ороолгосоор, тэгэх бүрд нь шинэ улаан гөвдрүү
арьсан дээр нь гарч байв.
Энэ дайн грек, персүүдийн хооронд гарсан пунийн дайн биш шүү дээ. Аль ч армийн
офицер олзлогдогчийг ийнхүү тамлахыг дор нь болиулах байсан юм. Ямар ч армид.
Гэхдээ манай армид л биш. Тийнхүү би власовын армийн цэргийг хамгаалахаасаа
айн, дараа нь надад өөрт маань учирч болох эрсдлээс айн юу ч болоогүй юм шиг
сонсоогүй юм шиг хажуугаар нь гарч явсан юм. Энэ дүр зураг бодолд минь
хадгалагдаж үлдсэн бөгөөд энэ үйл явдал надад яг л архипелагын символ юм шиг
санагддаг...
1944 оны намраас л германчууд жинхэнэ дан оросуудаас бүрдсэн Власовын армийг
байгуулсан юм. Гэсэн ч энэ нь германчуудыг холын бодолгүй хөдөлснийг
харуулсан. Тэд ингэмэгц германд байгаа оросууд ирж нэгдэн улаан армийн эсрэг
тулалдах байх гэж таамаглаж байсан байж болох юм. Үймээн самууныг
далимдуулан Власов өөрийн хоёр бүтэн нэг хагас дивизээ Германы дээд
командлалтай зөвшилцөлгүйгээр Прагын харалдаа 4-р сарын үеэс хуримтлуулж
эхлээд байв. Энэ үед СС-ын генерал Штейнер Прага хотыг улаан армид найр тавин
бууж өгч үлдээлгүйгээр Прага хотыг устгах гэж байна гэдгийг Власов мэдсэн.
Түүний эсрэг Власов өөрийн цэргүүддээ Прагын босогчдод туслах тушаал өгсөн. 3
жил хуримтлагдсан уур хилэнгээ оросууд германчуудруу гаргасан. Ийнхүү
германчуудыг санаандгүй байхад нь санаагүй талаас нь дайрч Прагыг чөлөөлсөн.
Хожим нь чехүүд чухам аль оросууд нь Прагыг чөлөөлснийг мэдсэн болов уу?
Бидний хувьд ч гэсэн түүх булингартсан юм. Бид түүхийг засаж бичин Прагыг улаан
арми чөлөөлсөн гэж тайлбарладаг. Түүний дараа Власовын арми Баварилуу
америкын холбоотны цэргүүдийн зүг ухарч эхэлсэн. Германчуудын дүүжлүүрийн
дор тэвчиж байсных нь үр дүн гарч эхэлж байх шиг тэдэнд санагдаж байв. Гэтэл
америкчууд тэдний эсрэг зэвсэг хуягаа үзүүлж, зөвлөлтийн армид бууж өгөх ёстойг
шаардсан. Учир нь энэ талаар Ялтын бага хурлаар хэлэлцэн тохиролцчихсон байв.
5-р сард Черчиль мөн тиймэрхүү байдлаар үнэнч холбоотон гэдгээ харуулж 90
мянган хүнтэй казак цэргийн корпусыг зөвлөлтийн талд шилжүүлж өгсөн. Тэрэн
дунд эх нутагтаа очихыг хүсэхгүй байсан настайчуул, эмэгтэйчүүд, хүүхдүүд вагон
вагоноороо байв. Власовын армийн зарим нь герман цэргийн хувцастайгаа,
германы нутгийн гүнрүү ухарцгаасан. Би өөрөө ч гэсэн баривчлагдахаасаа хэдхэн
хоногын өмнө хүртэл Власовын цэргийн галд өртөж байв...
Власовын цэргийн нэгжүүд сохор азаар бүрэлддэг байв. Тэднийг элсүүлэгчид нь
хоригдол дээр очин бараг жинхэнэ үнэнийг тайлбарлан: Сталин та нарыг урвагч гэж
зарласан. Сталинд одоо та нар хэрэггүй… Зөвлөлт засаг тэднийг урвахаас нь өмнө
урвагч хэмээн зарлачихсан байв. Тиймээс элдэв зүйл бодолгүй, ердөө л үхлийн
лагериас гарахын тулд гарын үсэг зуран нэгдэж, эсвэл гарчаад партизан болно
гэсэн далд найдлага өвөрлөж байв...
Тэр хавар бид өршөөл гарна гэж итгэж байв. Хоригдлуудтай ярилцахад, шоронгийн
энэ саарал хана дотор өршөөлийг хүссэн, түүгээр цангасан цангаа илт мэдрэгдэж
байв. Үнэндээ арав, арван жилийн шоронгийн давалгаа тутамд хоригдлууд өршөөл,
эсвэл шинэ эрүүгийн хууль, эсвэл хэргийг ерөнхийлөн шийдэх байх гэж итгэж,
найдаж, цангаж байв. Тэгээд ч энэ тухай цуу яриаг ажилдаа гаршсан УАХ
байгууллага зориудаар дэвэргэж хий хоосон хүлээлт үүсгэж байв: дараагийн
Октябрын хувьсгалын ойгоор, Ленины ойгоор, Ялалтын өдөр, Улаан армийн өдөр,
Парисын коммуны өдөр, Бүх Оросын Төв Гүйцэтгэх хорооны хурлаар, 5 жилийн
төлөвлөгөө болгоны төгсгөлд, дээд шүүхийн өргөтгөсөн хурал болгоны үеэр
хоригдлууд найдан хүлээдэг байв. Хэдий чинээ их хүн баривчлагдах тусам тэд
төдий чинээ ихээр өршөөлийн хуулинд найддаг байв. 1945 оны хавар камерт
шинээр орж ирсэн хүн бүрээс өршөөлийн хуулийн талаарх сургийг асууцгааж байв.
Хэрвээ камераас 2, 3 хүнийг юмыг нь боолгуулан авч гаргавал камерынхан нь
тэдний хэрэг хамгийн гайгүй хөнгөн хэрэг байсан бололтой, тэднийг суллажээ.
Өршөөгөөд эхэлчихсэн байна. Удахгүй дараагийнх нь гэсэн хүлээлттэй болдог
байв. Тэгтэл 7 сарын эхээр нэгэн өдөр Бутыркын халуун усны үүдэн дэх
вестибюльд бид "Урраа. Өршөөл 7 сарын 17-нд" гэж ханан дээр өндөрт, бодвол нэг
нь нөгөөгнийхөө нуруун дээр зогсож байгаад савангаар бичсэн байсныг бид олж
уншив.
Ямар их баяр хөөр болсон гэж санана. Хэрвээ тэд нар үнэхээр тодорхой мэдээгүй
байсан бол бичихгүй байх байсан шүү дээ. Долоон сарын дундуур харгалзагч
бидний дунд байсан настай нэгнээр шал угаалгаж байхдаа "Зүйл анги чинь юу вэ
өвөө?" "58" өвөөгийн нүд гэрэлтээд ирэв. Хуяг санаа алдан "Багтаагүй байна" гэв...
Юун балай юм, тэр лав бичиг үсэг тайлагдаагүй хуяг байсан байх. Манай камерт
Киевээс ирсэн Валентин гэдэг залуу эр байдаг байв. 7 сарын 27-нд Валентин над
дээр ирснээ өнөөдөр манай ээлж гэв... Тэр өдөр янз бүрийн камеруудаас бидний 20
хүнийг сонгон цуглуулж усанд оруулав. Шоронгийн хоригдлыг амьдралынх нь ямар
нэг том өөрчлөлтийн нь өмнө усанд оруулдаг байв. Тэд биднийг Бутыркын
буудалруу аваачив. Бидний хэргийг ГПУ-НКВД-ын ОСО тусгай зөвлөл хянан үзэж
байв. Бидний хэнийг ч гурван цаг дуудсангүй. Гэнэт хаалга онгойж бидний нэгийг,
35-тай дуу багатай нягтланг дуудав. Тэр гарав. Хаалгыг дахиад түгжив. Бид камер
дотроо улам байж ядан босож алхацгаав. Хаалга дахин онгойн, тэд өөр нэг хүн
дуудан, түрүүн гаргасныг буцаан оруулав. Бид түүн дээр шавав. Түүний хамаг нүүр
нь цонхийчихсон, амь нь гарчихсан мэт байв. Тэр шоконд орчихсон юм уу? Тэд
түүнийг индүүний тавиураар цохисон юм уу? "За яав, яасан" хэмээн бид дотор
сонин болон асууцгаав. Түүний царайг харвал яг л цаазаар авхуулах гэж байгаа юм
шиг байв. Ертөнцийн төгсгөлийг дуудаж байгаа юм шиг хоолойгоор тэр "5 жил!"
хэмээн дуугарав. Хаалга дахин онгойж хаагдав. Хоёр дахь хүний царай гэрэлтэж
байв. Бидэнд дахиад найдлага төрлөө. "За яасан, юу гэж байна?" Тэр гараа саван
инээд алдан "Арван таван жил!" гэв. Итгэе гэхэд энэ бүхэн дэндүү утга учиргүй
байв.
Хоёрдугаар хэсэг
МӨНХИЙН ХӨДӨЛГӨӨН
1-р бүлэг
Арлуудын Хөлгүүд
Берингийн хоолойгоос бараг Боспорус хүртэл шоронгийн арлууд үргэлжилнэ. Тэд
үзэгдэхгүй. Гэхдээ тэд байдаг юм. Арлуудын үл үзэгдэх боолууд жинтэй, тоо
хэмжээтэй. Тэднийг арлуудруу бусдад үзэгдэхгүйгээр зай завсаргүйгээр байнга
тээвэрлэх ёстой. Тэднийг ямар аргаар, юугаар тээвэрлэдэг вэ? Энэ зорилгод
ашиглах том боомтууд нь: дамжин өнгөрүүлэх шорон, жижиг боомтууд нь
шоронгийн транзит хэсэг юм. Битүүмжилсэн том хөлөг онгоцууд байдаг бөгөөд тэр
нь төмөр замын галт тэрэгнүүд бөгөөд тэднийг "зак тэрэгнүүд" хэмээн нэрлэцгээдэг.
Боомтууд дээр тэднийг мөн адил битүүмжилсэн хөдөлгөөнт "хар мария"-нууд
хүлээж байдаг...
Энэ бүхэн яг чиний хажууханд болж байдаг. Заримдаа яг нүдний чинь өмнө ийм
тээвэрлэлт болж байвал чи хараагүй хүн шиг дүр үзүүлж, эсвэл нүдээ аньж болно...
Зак гэдэг нь "заключение" буюу ял авсан гэсэн утгатай орос үг юм. Харин
хоригдлууд үүнийг "Столыпины тэрэг" гэж нэрлэдэг. Төмөр зам манай оронд
дэлгэрэхийн хамт ялтнуудыг тээвэрлэдэг хэрэгсэл ч мөн өөрчлөгдсөн. Өнгөрсөн
зууны 90-ээд он хүртэл ялтнуудыг сибирьлүү хөлөөр нь, эсвэл ердийн хөсгөөр
тээвэрлэдэг байсан бол 1896 онд Лениныг сибирьлүү цөлж байхад түүнийг ердийн
3-р зэрэглэлийн суудлаар галт тэргээр явуулж байв... Столыпины тэрэг нь энгийн
зорчигчынхтой төстэй. Дотроо 9 тасалгаатайн 5-д нь ялтнуудыг оруулах ба үлдсэнд
нь харгалзагч, хуягууд явна. Корридор талдаа цонхтой хэдий ч гаднаа тортой.
Харин ялтнуудын тасалгаан талд цонх байхгүй. Тиймээс энэ вагоныг гаднаас нь
харахад яг л ачааны вагон шиг харагддаг. Хоригдол биш инженерүүдийн
тооцоолсноор бол доод талын орнууд дээр 6, дундахад 3, дээд талын ачааныхад 2
гээд ингээд 11 хүн нэг тасалгаанд орох боломжтой гэж тооцсон байв. Гэсэн ч
хуягууд гутлаараа өшиглөн чихсээр нэг тасалгаанд дээр нь нэмээд 11 ялтан
оруулах нь хэвийн үзэгдэл байв. Дээд суудлуудыг тэмцэлдэж байж олж авдаг байв.
Үгүй үүнийг зориудаар ялтнуудыг тамлахын тулд ингэдэггүй. Тэднийг аваачиж
социализмын бүтээн байгуулалтанд оролцуулах ёстой. Гэвч энэ бол түүний хадам
ээжрүүгээ очих гэж байгаа зугаалга биш бөгөөд түүнийг энгийн хүмүүс атаархмаар
сайхан хөнгөхөн авч явах шаардлага байхгүй. Тавиад оны үед цагийн хувиараа
баримталж явдаг болсон. Харин дайны үед болон дайны дараа вагонууд тэр бүр
цагийн хувиараа барьдаггүй байв. Казахстаны Петропавловскоос Караганда хүртэл
Столыпины тэрэг замдаа бүтэн 7 хоног явдаг байв. Карагандагаас Свердловск
хүртэл 8 өдөр, Тэр бүү хэл Куйбышевээс Челябинск хүртэл 1945 оны 8 сард Суси 7
хоног явсан бөгөөд тэдний тасалгаанд 35 хүн нэг нэгэн дээрээ зогсож ноцолдон
байсан гэдэг. 1946 оны намар Н.В.Тимофеев Ресовскыг Петропавловскоос Москва
хүртэл явахад тэдний тасалгаанд 36 хүн байсан гэдэг! Хэд хоногын турш тэр бусад
хүмүүсийн хооронд дүүжигнэж, хавчигдаж явсан бөгөөд хөл нь газар хүрэхгүй
байсан гэдэг. Удалгүй хүмүүс үхэж эхэлсэн. 2 дахь өдрөөс цогцсуудыг гаргасан
бөгөөд түүний дараа л тэдний тасалгаа арай сэлүүн болсон гэдэг...
Хоригдлуудыг зөөдөг Столыпины вагон
Замд ялтнуудыг давсалсан загас, усаар хооллоно. Гэвч хоригдлуудыг хооллоод,
дараа нь бие засуулах маш их төвөгтэй байсан тул тэд хоригдлуудын нормыг хасаж
өдөрт ганцхан л удаа ус өгдөг байлаа. Хоригдол хэдий бага ус ууна жорлон орох
хэрэг төдий бага гарна. Хамгийн хурднаар 240 хоригдлыг зам дагуух зогсоолын
жорлонд оруулахад бараг 3 цаг болдог байв. Жорлон хүртэл хуягууд хоригдлуудыг
дагаж явна. Хаалгыг нь нээлттэйгээр бие засуулна. Эмэгтэй байсан ч гэсэн. Харин
зарим нь хаалгаа хаахыг зөвшөөрдөг байв. Заримдаа хоол унд өгөхгүй ч өдөр
тохиолдоно. “Ямар нэг нягтлан, бичгийн ажилтны алдаатай тооллого, төлөвлөлтөөс
болоод хоол бэлдээгүй, тооцоолоогүй байна. Өнөөдөр хоол байхгүй" гэж хуяг
хашгирна. Үнэндээ заримдаа хоол байдаг хэдий ч хуягуудад өөрсдөд нь хоол
дутагдалтай байсан тул хоригдлуудын хоолыг замд нь шомбодоно...
Эзэн хааны үед улс төрийн хоригдлуудыг ялгаатай анхаарч үздэг байв. Харин бид
бүгд КР буюу хувьсгалын эсэргүү хэмээн тодорхойлогдсоноос хойш "Би улс төрийн
хоригдол, намайг энгийн гэмт хэрэгтнүүдтэй хорих ёсгүй" гэсэн хэнрүү ч шоолон
инээлддэг болсон юм. "Нааш нь аваад ир. Бүх хоригдлыг энд". Хоригдлууд нэг бол
столыпины тэргэнд, эсвэл хар мария дотор анх удаагаа ийнхүү холигдож үздэг. Энэ
мөчийг хүртэл хэдийгээр дарлагдаж, тамлагдаж, байцаалтын үеэр зовсон ч тэр
бүхнийг цэнхэр малгайтнууд хийдэг байсан бөгөөд чи тэднийг хүн гэж үздэггүй,
байгууллагын эрэг шураг гар хөл л гэж үздэг байсан. Түүнчлэн чиний камерын чинь
нөхөр чамаас өөр, та хоёр хэрэлдэж, муудалцаж, тэр чамайг матдаг байсан ч гэсэн
тэд бол гэм хоргүй, нүгэлгүй, яг л чамтай адил өдөр тутам таарах хүн төрөлхтний
нэг хэсэг байсан.
Хар мариа
Столыпины тэргэнд чамайг чихэхэд чи бас тийм л хүмүүстэй цуг орох нь гэсэн
төсөөлөлтэй байсан. Чиний бүх дайснууд, дарлагч чинь торны нөгөө цаана байдаг,
харин чи тэднийг чамтай хамт торны нөгөө талд байх юм гэж бодож байгаагүй.
Гэнэт л чи тэдний царайг харах болно. Хүний царай биш. Сармагчин уу. Үгүй.
Сармагчин ч тэднээс ухаалаг, бодлогоширонгуй царайтай. Чи зэрлэг, зэвүүн
царайнуудыг харах болно. Тэд чамруу яг л олзоо ангуучилж байгаа аалз мэт харах
болно. Тэд уруулаа ярзайлган чамайг энд тэндээс чинь хазахаар дайрах гэж байгаа
юм шиг. Тэд ярихдаа исгэчинэ. Үнэндээ тэд ийнхүү шүднийхээ завсраар сийгүүлэн
ярихдаа ямар ч эгшиг, гийгүүлэгч үсэг хэлснээсээ илүү дуртай байх бөгөөд зөвхөн
үйл үгийнх нь төгсгөлөөр л тэднийг оросоор ярьж байгаа юм байна гэдгийг
таамаглах боломжтой.
Тэрхүү хачин гориллууд ихэвчлэн ханцуйгүй майк өмссөн байдаг. Тэгээд ч
столипины тэргэн дотор чихцилдсэн бөгчим л дөө. Тэдний шөрмөслөг хүзүү,
товойсон мөрний булчингууд, шивээстэй цээж хэзээ ч шоронгийн хатуу ширүүнийг
үзээгүй байдаг. Тэд хэн бэ? Гэнэт чи тэдний зарим нь загалмай хүзүүнээсээ зүүсэн
байхыг харна. Чи гайхан, бага зэрэг тайвширна. Тэдний зарим нь итгэлтэй, шашин
шүтдэг юм байна. Ямар уярмаар. Тэгэхээр ямар ч аймаар зүйл болохгүй нь. Тэгтэл
гэнэт нөгөө итгэгч хагас орос, хагас үл мэдэгдэх хэлээр хараал урсган нөгөө итгэлээ

Комментариев нет:

Отправить комментарий