среда, 2 февраля 2011 г.

Хилсээр цаазлагдсан "Шилэн" Дамдин

"Шилэн" Дамдин гэж хэн байв?   
 Уугуул нутаг нь Дорнод аймаг, Чойбалсан сум. Халх аялгаар ярьдаг  залуу байв.
 Багадаа хот орж ирээд мал эмнэлгийн техникум төгсч, малын эмч болсон аж.  Сургуульд  байхаасаа их сэр­гэлэн цовоо, биеийн тамир спорт, урлагийн авьяастай юм юманд оролцдог спортын чиглэлээр су­ралцаж байсан байна. Зарим хүн Дамдинг биеийн тамир спортын дээд сургуульд яваад хоёр дахь жилээсээ хөөгдөж ирсэн гэ­дэг. Зарим нь биеийн тамир спортын чиглэлээр курст суралцаж төгссөн гэдэг. Юу­тай ч тэр үеийн Европын соёлыг гайхалтай сайн эзэмш­сэн, орос хэлээр чөлөөтэй ярьдаг хүн байв. Тэгээд ч Улаанбаатарт бай­сан оросуудтай найз нөхрийн холбоотой, уулзаж учирдаг байсан гэсэн. Яагаад "Шилэн" хоч авсан талаар хүмүүсийн таавар яриа их байдаг. Гоёж хээнцэрлэх дуртай, цэвэр цэмцгэр залуу байсан учир шил тольтой зүйрлэж  "Ши­лэн" Дамдин гэх болсон гэдэг яриа бий. "Шилийн сайн эр" гэдэг утгаар "Шилийн" Дамдин гэж нэрлэдэг байсан нь сүүл­дээ "Шилэн" Дамдин болж хувирсан гэсэн яриа ч бий. Тэр дундаас Дамдинг мөрдөн байцааж байсан ахмад Б.Да­ваасамбуугийн яриа үнэнд нэлээд ойртож очих болов уу. Сүүлд Монголын цагдаагийн удирдлагад олон жил зүтгэж цагдаагийн хо­шууч, генерал цол авсан Б.Даваа­самбуу гуай "Гоёж хээнцэрлэх дуртай, өндөр цагаан залуу бай­сан. Шүүх хуралд хэргээ таслуу­лахаар ирэхдээ хүртэл ёсло­лын хар костюм өмсч, зан­гиа зүүгээд гутлаа гялалзтал зүлгээд, хар шил зүүгээд орж ирдэг байсан. Үргэлж хар шил зүүж явдгаас "Шилэн" Дамдин гэж хочлогдох болсон" хэмээн ярьсан байдаг.   "Шилэн" Дамдин, хүн алж хү­рээ талаагүй, гол нь бүлэг хул­гайчдын толгойлогч бай­сан юм билээ. Өөрөө ч аахар, шаахар зүйл хулгайлаад яв­даг­гүй, бүлэг залуу­сыг зохион байгуулж хулгай хийл­гэдэг, түүнийгээ маш нарийн зохион байгуулдаг байсан аж. Жишээ нь, тэр бүдүүлэг үед бичиг баримт, гарын үсгийг гайхал­тай дуурайлгаж хийдэг бай­жээ. Хуу­рамч бичиг баримт бүрдүүлэн бөөний нэгдлээс машинаар нь бараа ачаад гарч байхад хэн ч сэжиглэхгүй гаргадаг байсан гэ­сэн. Тэгэх­дээ өөрөө явдаггүй, бүл­гийн­хээ залуучуудыг давхар дав­хар хяналттай явуулдаг бай­сан гэдэг яриа бий. Энэ мэт хэрэгт сэжиглэгдэн хоёр ч удаа баригдаж, хоригдож байсан юм билээ. Хийсэн хэргээ шулуун шударга хү­лээ­дэг, янз бүрээр бултаж булзаа­руул­даггүй, хань татаж хүн рүү чих­дэг­гүй, хийсэн хэрэг үнэн л бол шууд хү­лээ­дэг хүн байсан аж.
  Хүнтэй их эвлэг, соёлтой харьцдаг, харин мөрдөн бай­цааг­чид ширүүлэх юм уу хийгээгүй хэрэг тулгах гэвэл гөжүүдэлж дуугаа хураадаг, өчиг мэдүүлэг өгөхөөс тат­галздаг хүн байсан гэж цаг­даагийнхан ярьдаг. Харин өчүү­хэн сиймхийг бол андах­гүй орго­дог байж. (Батцагааны тэр үеийн шорон) өмхөрсөн шалыг ухаж, хана таазыг нүхэлж хүртэл оргодог бай­жээ. Тэр болгонд сүр бад­руул­сан эрэл болдог  байсан ч, Дамдин хаа нэгнийдээ л байдаг байв. Хамгийн сүүл­чийн хулгай буюу "Шилэн" Дамдинг баривчлах опе­рац  нийслэл даяар сүр дуулиан­тай болж. 1958 онд Улаан­баатар хотын барилга трес­тийн их хэм­жээний мөнгө нэг шөнө хулгай­лагд­жээ. Барилга трестийн кассын мөнгийг хулгайлсан арга маш нарийн байв. Гарын хээ, гутлын улны мөр ч үлдээлгүйгээр мөнгө­ний авдрыг эвдэж их хэм­жээ­ний мөнгө  аваад  арилсан байв. Хэр баргийн хулгайч хоёул  гурвуулаа хийчих  ажил биш байв. Тэгээд сэр­гий­лэхийн их хүчээр эрж хайх ажил зохион байгуулсан юм билээ. Ер нь л тухайн үед сэргийлэхэд байсан хүн хүч, техник хэрэгс­лэ­лээ шавхан дайчилж хотын үзвэр үйлчил­гээний бүх газарт хяналт тавьсан байна. Өдөр болгон мэ­дээгээ нэгтгэж, дүгнэж үздэг байтал, нэлээд хэд хоногийн дараа хотын хэсэг залуус хоршоо дэл­гүү­рээр хэсч, тэр үедээ хүмүү­сийн анхааралд нэлээн өртдөг байсан Швейцарийн алтан цаг, хятад цув, ноосон цамц, Чехос­ловакийн каучук ултай гутал зэр­гийг худалдан авч гоёх нь анзаа­рагдсан байна. Тэгээд сэр­гийлэ­хийнхэн тэд­гээр залуу­чуу­дыг өдөр шөнө­гүй нууцаар даган, хаана, хэнтэй уулзаж учирч байгааг тандах болжээ. Олон хоног мөрд­сөний эцэст эдгээр за­луу­чуудыг шоронгоос орго­сон "Шилэн" Дам­дин зохион байгуулж, удирдаж байгааг баримтаар тогтоов. Ингээд баривчлах үйл ажиллагаа явагд­сан байна. Нэг өдөр нөгөөх залуу­сын хэсэг нь  Гандан дээр, нөгөө хэсэг нь Гандангийн хүрд доор барилга трестийн ажилчдын бай­ранд цуглах гэж байгааг тогтоогоод хүчээ хуваарилан яг бөөнөө­рөө байхад нь дайрч барив­чилсан байна. Энэ баривчлах үйл ажилла­гааг Б.Даваа­сам­буу  гуай гардан удирдсан гэж ярьдаг юм. Гэтэл толгойлогч  "Шилэн" Дамдин бай­сангүй, оргож зайлсан байв. Үзлэг хийхэд, багшийн дээд сургуу­лийн оюутан Намсрайн ха­лааснаас нөгөө их мөнгийг хувааж авсан бичиг данс гарч ирэх нь тэр.  Байр­наас нь мөнгө, облигац ч их хэмжээ­гээр илэрч хулгай хийсэн 14 залуу хэргээ хүлээсэн бай­даг. Үүнээс хэд хоногийн дараа "Ши­лэн" Дамдин айлын хашаанд тавь­сан хулгайн мотоциклийг авах гэж ирэх­дээ, сэргийлэхийнхний отол­тын сэжиг аваад зугтаасан байна. Сэжиг авангуутаа Улаанхуаран­гийн чиглэлээс ирж явсан махны машинд гар өргөж суугаад зугтаж. Сэргий­лэхийнхэн хойноос нь ма­ши­­наар хөөсөн байна. Гэтэл одоогийн Клиникийн нэгдсэн хоёр­дугаар эмнэлгийн ур­дуур баруун тийш тонгойж ХХААЯ-ны урд хон­хорт ирэ­хэд Дамдин маань жолоо­чийнхоо өвөр дээр зуун төгрөг гаргаж чулуудчихаад явуут дунд нь үсэрч, замын хажууд зогсч байсан "Москвич" машинд орж нуугдаж амжсан байна. Сэр­гий­лэхийнхэн, махны машиныг гүйцэж очин зогсооход жолоочоос өөр хүн байсангүй. Ингэж алдсан удаатай. Сүүлд "Шилэн" Дам­дин маань баригдсан л  даа. Энэ баригдсан явдлыг хү­мүүс олон янзаар ярьдаг. Засгийн газрын ордны зүүн талд "Соёл урла­гийнхны", "Багш нарын", "Шинжлэх ухаа­ны ажилтан", "Номын сан­гийнх­ны" гэх мэт олон хашаа бай­даг байсан. "Шилэн" Дамдин тэнд, Улсын номын сангийн нэг танил нөхрийндөө байнга ирж очдог байснаас сэргий­лэхийнхэн тэнд отож барьж  авсан  гэдэг яриа бий. Дамдинг орогнуулсан, нуун дараг­дуул­сан гэж номын сангийн ажил­танд ч хариуцлага оноож байсан гэдэг. Зарим хүний яриагаар бол Цэргийн  дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин Цэвээнтэй хамт байж байхад нь баривчилсан гэдэг. Цэвээн хоёул хайр сэтгэлийн холбоотой байсан. Тэгээд шөнө тэднийд байгааг тогтоон сэргий­лэхийнхэн  гэрийг нь бүсэлсэн юм байх. Шөнөөр оргох л гэж байсан юм шиг билээ. Цаг болоо юу гээд өндийгөөд ирэхэд нь сэр­гий­лэ­хийнхэн буу тулгачихсан байсан гэдэг. Ингэж баригд­санаасаа хойш "Шилэн" Дам­дин оргож амжилгүй цааз­лагдсан.
  "Шилэн" Дамдин жирийн нэг хулгайч байгаагүй, их шулуун шударга, хуучин нийг­мийн удирд­ла­гуудын ар­чаа­гүй бодлогыг үзэн яддаг, үзэл бодлоосоо гуйвж дайв­даггүй хүн байсан гэж  найз нөхөд нь хожим хойно дурс­сан байдаг. Тэр ч битгий хэл хамгийн сүүлд баригдчихаад шоронд байхдаа улаан ком­мунист дөрвөд  Цэдэн­бал миний зүрхээр тугаа тахиж, сэтгэлээ амраах биз гэж хэлж байсныг хожим хойно, улсын начин хурандаа Гомбосүрэн дур­сан бичсэн байдаг. Хуран­даа Гомбосүрэн тухайн үед "Шилэн" Дамдингийн хэргийг мөрдөж бай­сан сэргийлэхийн ажилтнуудын нэг билээ. Тэ­рээр бас Дамдингийн үйлдсэн гэмт хэрэг нь тухайн үеийн Эрүүгийн хуулийн зүйл ангиар бол 8-10 жил оногдох ял байсныг зориуд цааз болгуул­сан тухай дурдсан байна. Тухайн үед манай нам, төрийн дээд эр­хийг барьж байсан  хүмүүсийн нэг "Энэ этгээд цаашдаа нам төрд дайсаг­наж мэдэх аюултай. Цааш нь харуул" гэж намын зүгээс хууль шүүхийнхэнд нөлөөлснөөр "Ши­лэн" Дамдин гэж залууг харам­салтайгаар хороосон гэдэг юм. Шүүхээс түүнд цааз ял оноож, Ардын их хурлын тэргүүлэгчид гомдлыг нь хэ­рэгсэхгүй болгоод байсан нөхцөлд, мөрдөн байцаа­хын нэг ажилтан шоронд ажлаар очоод явж байхад нь "Шилэн" Дамдин хянах цонхоороо "Манай Даваасамбуу ахма­дад мэнд хүр­гэж байна гээ­рэй. Би яахав төрийн шийдвэр хүлээгээд л сууж байна" гэ­сэн өрөвдөлтэй үг дайсан гэдэг. Генерал Б.Даваа­сам­буу  гуай сүүлд нас эцэслэ­хийн­хээ өмнө­хөн нэг нөхөр­төө "Шилэн" Дамдин гэдэг залууг бодоод одоо ч зүрх шимширдэг юм гэж хэлсэн юм билээ. "Шилэн" Дамдингийн хэрэг бол асар дуулиантай хэрэг явдал байсан. Хэргийг улс төржүүлж, цаазлагдах ёсгүй хүнийг цаазал­чих­сан байж болох юм. Би энэ хүний гэр бүл, үр хүүхдүүдтэй нь уулзах гэж сураг­лаад олсонгүй. Хамт амьдарч байсан нэг эмэгтэй хэдэн жилийн өмнө таалал төгссөн гэдэг. Лав л хүүхдүүд нь байж таараа. Дорнод айм­гийн Чойбал­сан сум хавиар ах дүү, төрөл төрөгсдийнх нь сураг байдаг юм. Дорнод аймгийн Чой­бал­сан сумаас хоёр сайн эр төрсөн юм. Нэг нь Хорлоогийн Чойбалсан, нөгөө нь "Шилэн" Дамдин гэж тоглоом шоглоомоор ярьдаг хүмүүс ч байдаг л юм гэсэн. Энэ сайхан залуу хэрвээ хилсээр цаазлагдсан  бол гэр бүл, үр хүүхэд, ах дүү төрөл саданд нь заавал л нэг ха­рамсал байж таарна. Тийм хүмүүс сэтгэл са­наа­­гаа хуваалцаасай гэхдээ үүнийг тэрлэв.
 

Комментариев нет:

Отправить комментарий