вторник, 25 января 2011 г.

Pravda.ru: Хятад Монголыг залгиж эхэллээ

Оросын Pravda.ru сайтад нийтлэгдсэн “Хятад улс Монголыг залгиж эхэллээ” өгүүллийг хүргэж байна. Америк, Британийн шинжээчид түгшүүрийн харанга дэлдэж байна. Далайд гарцгүй Монгол Улс Орос, Хятадын нөлөөнд хавьгүй эрт уусаад алга болж болзошгүй болжээ. Монголчууд Оросын хилийн боомт руу төмөр зам тавих төслийг дэмжсэн тухай “The Financial Times” сэтгүүлд онцолж бичсэн байна.

Энэ төслийг хэрэгжүүлснээр Монголчууд Хятадын эдийн засгаас хараат байдлаа багасгана хэмээн найдаж байгаа аж. Гэвч одоогоор Монголын экспортын 70 хувь нь Хятад руу чиглэсэн хэвээр байгаа юм. Хятадууд энэ чиглэлээр Оросыг аль хэдийн гүйцэж түрүүлсэн нь ямар ч эргэлзээгүй билээ. Оросууд Алс Дорнодын тойргийг хөсөр хаяж байх хооронд Бээжин Монголтой залгаа хил орчмын нутгаа хөгжүүлж, хот босгож, зам, харилцаа холбоог нь байгуулсаар байлаа.

Монголын төмөр замын 50 хувь нь Орост харьяалагддаг. Гэвч энэ нь Хятад улс тэндээс Оросуудыг шахан гаргаж чадахгүй гэсэн баталгаа биш. Тээвэрлэлт Оросын урт удаан маршрутаар явж, ойрхны Хятадын боомтоор дамжуулснаас гурав дахин их зардал гаргаж байна гэж Дэлхийн сэргээн босголт, хөгжлийн банк Монголын төлөвлөгөөг нэг бус удаа шүүмжилжээ. Энэ нөхцөл байдал геополитикийн нэн чухал объект болсон Монгол дээр дахин анхаарлаа хандуулахад хүргэж байгаа юм.

Монгол улс газар зүйн байрлалаасаа болж удаан хугацааны туршид Орос, Хятадаас бүрэн хамаарч ирсэн. Энэ хамаарал одоо ч том үүрэг гүйцэтгэсээр байна. Улс орноос байгалийн баялгийг гаргахын тулд заавал Москва болон Бээжинтэй тохиролцох хэрэгтэй болдог. Монгол бол Европын бараг талтай тэнцэх өргөн уудам нутагтай, тун цөөхөн хүн амтай орон. Хүн ам нь ердөө л 2.7 сая. Өөрөөр хэлбэл, өнөөдөр нэг Монголд 520 Хятад ногдож байна. Нийслэл Улаанбаатар хотод нэг “сайхан өдөр” Хятадын луу Монголыг залгиж идэх вий гэсэн айдас байсаар байна. Энэ болгоомжлол, айдас ор үндэсгүй биш ажээ.

Оросын газар нутгийг эзлэхийн тулд тийшээ илүү ажиллах хүч илгээж байсан тактикаа Хятадууд эдүгээ Монгол дээр баримталж байна. Үүний зэрэгцээ, Монголын эдийн засаг жилээс жилд Хятадтай хүчтэй холбогдсоор байгаа юм. Бараг саяхан болтол том том үйлдвэрүүд нь Оросын хяналтад байсан бол, одоо дунд, тэр тусмаа жижиг бизнес бараг тэр чигээрээ Хятадуудын мэдэлд очжээ. Сүүлийн үед Хятадууд том бизнес рүү нь тулж ирээд байна. Монголчуудын дунд Хятадын эсрэг үзэл нэмэгдэж байгаа нь санамсаргүй хэрэг биш юм. Орон нутгийн үндсэрхэг үзэлтнүүд Хятад ажилчдыг байн байн довтлох болов.

Хятадууд олон зууны турш Монголд санаархаж ирсэн бөгөөд “Шударга бусаар булаагдсан нутаг” хэмээн үздэг. Монголчууд 1911 онд тусгаар тогтнолоо олж авсны дараа Орос улс Хятадын суларсан нөлөөг далимдуулан Монголын үндэсний чөлөөлөх хөдөлгөөнийг дэмжсэн байдаг. Үүнээс хойш энэ орон Оросын нөлөөнд орлоо. Гэтэл 1917 онд Орост хувьсгалт үймээн самуун гарч, Хятадууд үүнийг далимдуулан Монгол дахь байр сууриа бэхжүүлэх гэж оролджээ. 1921 онд ардын хувьсгал ялж, Улаанбаатарт байсан генерал барон Унгерн фон Штернбергийн олон бус цагаан оросуудыг улаан оросуудын тусламжтайгаар хөөн гаргажээ. Оросын коммунистууд энэ ялалтыг ашиглан Монголд коммунизмийг дэмжигч дэглэмийг тогтоож чадсан байна.

Энэ дэглэм албан ёсоор тусгаар байсан ч үнэн хэрэгтээ 1990 он хүртэл Москвагийн тушаал зааврыг гүйцэтгэдэг үнэнч холбоотон нь байсан юм. Монголчууд өөрсдөө энэ цаг үед янз янзаар ханддаг. Нэг талаас, тэд “улаан хүчирхийлэгчид”-ийг хараан зүхдэг бол, нөгөө талаас, “Хятадын хоморголон устгалт”-аас аварсных нь төлөө коммунистуудад талархал илэрхийлдэг. Ингэхдээ Бээжингийн мэдэлд орж уусан алга болж байгаа Өвөр Монголоор жишээ татдаг юм. Өвөр Монгол хоморголон устгалд өртөж, соёл уламжлал нь устан, Бээжин салан тусгаарлах үзлээс сэргийлэхдээ Хятадуудаар газар нутгийг нь дүүргэсэн гэж Монголын сэхээтний төлөөлөгчид үздэг байна.

ЗХУ задарсны дараа хятадуудын Монгол дахь нөлөө эрс нэмэгджээ. 1990-ээд онд Хятадын хөрөнгө мянга мянган цагаачийнхаа хамтаар Монголд урсан орж ирэх болов. Одоо Монголчууд Хятадад залгигдах аюулыг ойлгож, Өвөр Монголын хувь заяаг давтахгүйн тулд Оросыг илүү түшихийг хүсч байна. Тэд хоёр аварга гүрний дунд тэнцвэрийг олохоор оролдож, эрчим хүч, эрдэс баялаг олборлох, боловсруулах чухал тохиролцоо байгуулж, мөн төмөр замын сүлжээг сайжруулахдаа зөвхөн Оростой бус, өөр олон оронтой гэрээ байгуулахаар чармайх боллоо.

Эдүгээ Монголын баялгийн төлөө олон улс орон хүчтэй өрсөлдөх болжээ. Монгол нь удаан хугацааны турш мал аж ахуйн ядуу орон гэж тооцогдсоор ирсэн бөгөөд байгалийн үзэмжээс нь өөр юу ч байгаагүй юм. Тэгвэл одоо гянт, цайр, зэс, тугалга, хүдэр, алт, хий, нефтийн зэрэг томоохон орд газрууд илрээд байна. Үүнээс тус улс асар их буюу 1.3 сая тн ураны нөөц эзэмшдэг нь ил болж дэлхийн хүчирхэг гүрнүүдийн анхааралд оржээ. Энэ түүхий эд Оросын төдийгүй жил ирэх бүр хүчирхэгжиж буй Хятадын сонирхлыг ихээхэн татаж байна.

Үүнээс гадна ган цутгах үйлдвэрлэл нь асар хурдацтай хөгжиж байгаа Бээжинд Монголын хэвлийд элбэг баян хэвтэж байгаа коксжих нүүрс улам бүр хэрэгтэй болж байна. Монгол Улс Хятад, Оросын дундуур самарсаар түгжигдэж өнгөрсөн алдаагаа давтах бодолгүй байгаа нь нөхцөл байдлыг хүндрүүлж байна. Улаанбаатар мөн өрнөдийн орнууд болон Япон руу гараа сунгах болов. Дэлхийн ураны нөөцийн багагүй хувийг эзэмшиж байгаа Монголын стратегийн ач холбогдлыг ойлгосон өрнөд хоёр хөршийнх нь дундуур орж тоглолт хийхийг санаархах болсон нь зүй ёсны хэрэг. Олон нийтийн санал асуулгын дүнгээс үзвэл, Монголчууд Оросыг хамгийн сайн түнш хэмээн үзэж байгаа аж.

Удаад нь бараг хоёр дахин бага саналаар АНУ оров. Хятад улс өмнөө Японыг алдаж дөнгөж дөрөвдүгээр байрт оржээ. Гэвч “барьцаа улам лавшруулж” байгаа Хятад энэ тулаанд бараг ялжээ. Үүнд нь харин Монголчуудын өөрсдийнх ааш авир болон эрх баригчдын шунал голлон нөлөөлсөн юм. “Монгол дахь манай ашиг сонирхол, тэр тусмаа аль хэдийн хийчихсэн хөрөнгө оруулалт ямар ч хамгаалалтгүй байна” хэмээн гадаадынхан, тэр дотроо Оросын компаниуд гомдоллож байна. Нэг талаас мөнгө салгаж авсан Монголчууд түүнийгээ орд газар руу оруулах нь ховор байгаа аж.

Тэгэхээр тэнд ажиллаж, үйл ажиллагаа явуулах үнэхээр хүнд. Харин Монголчууд Хятадын глобал ашиг сонирхлыг хаая бооё гэсэн ч чадахгүй бололтой. Бээжин энэ улсад байр сууриа сайн бэхжүүлж авчээ. Хятадууд Монголын өнгөт металл, нефть олборлолт, мөн замын салбарт хяналтаа тогтоохоор бүх талаар давшиж явна. Нөгөө талаас, Монголын тал хятадуудаас илүү тааламжтай нөхцөлөөр томоохон зээл авсаар байгаа учир Хятадаас улам бүр хараат болсоор байгаа юм. Гагцхүү Дундад улс Монголын худалдааны хамгийн том түнш болоод байна. Монголын Хөдөө аж ахуйн банкны ерөнхий захирал, америк эр Питер Морроу “Хятадууд бүх фронтоор давшиж байгаа. Зам харгуй, гүүр, тэгээд уул уурхай...” хэмээн ярьж байсан юм.

Тэгээд ч нэгэн цаг үед Канад улс АНУ-ын түүхий эдийн бааз болж байсан шиг Монгол Улс дэлхий нийтийн нүдэн дээр Хятадын түүхий эдийн бааз болон хувирч байна. Өнөөдөр Монголд Хятадын 1100 компани ажиллаж байхад Оросын пүүс компани хуруу дарам цөөн байна. Нийтийн хоолны салбар бараг тэр чигээрээ хятадуудын гарт оржээ. Оёдол, нэхмэлийн үйлдвэрийн тал хувь нь, ноос ноолуурын худалдааг тэр чигээр нь луухаанууд атгаж байна. Арьс ширний салбарт бас л хужаа нар давамгайлж байна. Монголын байгалийн баялгийг удирдах төрийн агентлагийн дарга Д.Жаргалсайхан “Энд өдөр бүр Хятадын компани мэндэлж байдаг” хэмээн өгүүлэв.

Хятадууд геологийн эрэл хайгуулын салбарт давамгайлах шинжтэй болж байна. Д.Жаргалсайхан цааш нь батлан хэлэхдээ “Хятадын зах зээл бол хүдэр, төмөр, цайр зэрэг бүгдийг залгидаг хар нүх л гэсэн үг” гэлээ. Сүүлийн жилүүдэд Монголд 30 гаруй хятад сургууль нээгдсэн нь тус улс Хятад руу улам бүр хазайж буйн нэг илрэл юм. Үүний “ачаар” орос хэл нүдэн дээр “арчигдаж” байгаа ажээ. Бээжин имижээ сайжруулахын тулд бүхнийг хийж, Монголд соёл уламжлалаа сурталчилж, нийслэл Улаанбаатар хотын өнгө төрхийг шинэчлэхээр мөнгө хаяж байна. Тэнд хятадууд л шинэ байшин барилга, худалдааны төв барьж байна. Хятадын Засгийн газар хэдэн зуун монгол оюутан, залууст сургалтын тэтгэлэг олгож, Монголын сэхээтнүүдийг өөрсдийн ивээл дор авах болов. Өөрөөр хэлбэл, Хятадад боловсорсон, Хятадад “элэгтэй” Монголчууд маргааш Монголын төрд гарч ирнэ гэсэн үг.

Монголчууд “Оросуудын визийн систем хэтэрхий хүнд” хэмээн тийшээ зорчих нь илт багасч, өмнөд рүү эргэх болсон нь ОХУ Монголд байр сууриа алдаж буйн бас нэг илрэл юм. 70 жил ахан дүүс мэт явж ирсэн оросууд Монголчуудаас виз нэхэх болсон нь хүнд суртлыг хөөрөгдөж, эдийн засгийн харилцаанд ч сөргөөр нөлөөлсөн ажээ. Эдүгээ Монгол Улс хэзээ Хятадын нэгэн муж болон хувирах талаар бооцоо тавьж болохоор болжээ. Үүний эдийн засгийн нөхцөл нь аль хэдийн бүрэлдчихэж. Улс төрийн л асуудал үлдэв. Тусгаар Монгол Улс өөрөө хүсэхг үй байгаа ч улам бүр Хятадын аясаар даган хөдөлж, Бээжин “Одоогоор нөхцөл байдал таатай байна” хэмээн инээмсэглэнхэн сууж байна.

Н.Мөнхжин

Комментариев нет:

Отправить комментарий