среда, 5 января 2011 г.

Шарын шашны эсрэг дөрвөн муу хаан.


Шарын шашны талыг баримталсан ном зохиолд дөрвөн муу хаан хэмээн нэрлэгдсэн Лигдэн хутаг хаан ,Халхын Цогт хунтайж , Түвэдийн Занба хаан Данзанвамбо , Кам мужийн Бэри аймгийн ноён Доньёддорж нар улааны шашныг дэмжин  манжийн хааны дэмжлэгийг хүлээх болсон шарын шашны эсрэг тэмцэхээр холбоотон болжээ. Манжийн хаан Абахай 1632 оны 4 сард өөрийн биеэр цэрэг удирдаж Хорчин,Харчин , Аохан , Баарин,Жарууд, Найман , Түмэд , Ар хорчин , Хонгирад, Асуд аймгийн монгол цэрэгтэй зам зуур нийлж , Хянганы давааг давжээ.
Гэтэл Манжийн цэрэгт явсан хоёр монгол хүн нууцаар оргон Лигдэн хаанд мэдээ хүргэсэн нь Лигдэн хутагт хааныг гэнэдүүлэн цохих гэсэн манжийн хааны оролдлогыг бүтэлгүй болгож Лигдэнд Манжийн гол хүчтэй тулгаран байлдахаас зайлсхийж , цаг хожиж хүчээ сэлбэх үүднээс Хөхнуурыг чиглэн дутаах боломж олгожээ. Лигдэн хаантай хамт Цахараас анх дутаасан хүн амын тоо 10 түм илүү байсан боловч зам зуурт аравны долоо , найман хувь нь гээгдэн хоцорсон байна. Лигдэн хаан Хөх нуурт очих болсон шалтгаан нь  Манж болон Хятадаас  зайдуу энэ нутагт хүчээ зузаатган сэлбэж , урьд холбоо тогтоосон Түвэдийн улааны шашинтны бүлэглэлтэй хамтран шарын шашинтны эсрэг тэмцэх замаар Хөх нуурт бэхжин сэргэхийг эрмэлзэж байсанд оршино. Лигдэн хутагт хаан Хөх нуурыг зорин явах замдаа 1634 онд Шар тал гэдэг газар цэцэг өвчинөөр өвдөж 43 настайдаа  тэнгэрт хальжээ. Цогт хунтайж бол Гэрсэнз Жалайр хунтайжийн гуравдугаар хөвгүүн Онохуй Үйзэнгийн тавдугаар хүү Бахарай хошуучийн ахмад хөвгүүн болно .Цогт хунтайж Түшээт ханы дотор хувь албаттай , Халхын зүүн гарт нилээн нөлөө бүхий ноён байжээ. Лигдэн хутагт хааны ёсонгүйн учир  Халхыг түшин суухаар ирсэн өвөрлөгчдийг хэрхэн хүлээж авахаас улбаалан , Халхын ноёдын дунд сүрхий зөрчил тэмцэл гарч ,эцэст нь Лигдэн хааныг тууштай дэмжиж байсан Цогт хунтайж ялагдан нутгаасаа шахагдан гарч Хөх нуурт очсон ажээ. Цогт хунтайж улс төр , шашин суртахууны үзэл баримтлалаараа Халхын ноёдтой тохирохоо больж тэмцэл өрнөхөд Лигдэн хутагт хаантай хүчээ нэгтгэхээр Хөх нуурыг зорин одсон боловч түүнийг хүрэлцэн ирж завдахаас өмнө Лигдэн хаан 1634онд өвчний учир нас нөгцжээ. 1634 онд Цогт хунтайж Хөхнуурт ирж түмэдийн тархай бутархай хүчнийг цохин , Түмэн Хулачи ноёныг эрхэндээ оруулан , Нуурын ам гэдэг газар суурьшин сууж , улмаар Амдуугийн шарын шашинтны талынханд хүчтэй цохилт өгч Хөх нуурын Цогт хаан хэмээн алдаршжээ.1635 онд Дашилхүнбэ хийдийн ширээт лам  Лувсанчойжижалцан , далай ламын шанзудба Сономравдан , Галдан , Гонлүн хийдийн ихээхэн ламнар улааны шашинтны эсрэг Дөрвөн Ойрдоос тусламж гуйжээ. Түвэдий шарын  шашинтны энэ хүсэлт Түвэд, Хөхнуурт байр сууриа бэхжүүлэх гэсэн Ойрдын ноёдын хүсэлд нийцэж Ойрдын чуулганаас Хөх нуурт цэрэглэхийг санал нэгтэй зөвшөөрчээ. Чуулган дээр Гүүш хан Төрбайх Түвэд явах саналаа илэрхийлжээ. Төрбайх Ойрадын Хошуудын Хан Хонгор ноёны хүү бөгөөд 13 настайдаа цэрэг захиран Хотонгийн дөрвөн түмэн цэргийг дарах дайнд орж анх нэр алдаршсан хүн юм. Төрбайх Хөх нуурт цэрэглэхийн өмнө 1635 онд Цоросын Баатар хунтайжийн хамт мөргөлчний дүрээр цөөн хүн дагуулан Түвэдийг зорьж тус орны шашин , улс төр  газар орны байдлыг судлан замын зуурт Цогт хунтайжийн даалгавараар Занба хаантай холбоолон Үй, Цанг эзлэхээр цэрэг захиран явж асан Арслан тайжтай таарч шарын  шашинтны эсрэг хорлол үйлдэж болохгүйг ятган итгүүлж сэтгэл хувируулж чадсан ажээ. Арслан тайж Лхаст ирээд дайлан эзэлсэнгүй харин 5-р далай ламд мөргөн , эцгийн захиа даалгаварыг хөсөрдүүлэн , холбоотон Занба хаан Данзанвамбын эсрэг тэмцэх болжээ. Энэ учрыг Арслангын цэрэгт явсан шамар Равжамба хэмээх хутагт монгол цэргийн түшмэлийн хамт Цогт хунтайжд мэдүүлсэнд ,Цогт хунтайж хөвгүүнээ аргаар алсугай хэмээсэнд , түүнийг тунгалаг огторгуйн дундахь хэсэг үүл мэт болгон тасчин цаазалж монгол цэргийг гэдрэг татжээ. Төрбайх 1636 оны намар Дөрвөн Ойрдын их цэргийг удирдан нутгаасаа гарч 1637 оны хаврын тэргүүн сард Хөхнуурт хүрч Цогт хунтайжийн цэрэгтэй зууралдан байлдаж , тулалдаан их ширүүн болж орчны газрыг цусаар бялдсан тул тэндэх уулын хошууг Их, Бага улаан хошуу хэмээн нэрлэх болсон гэдэг домог бий.Тулалдаанд Цогт хунтайж амь үрэгджээ. Халхын Цогт хунтайж Дөрвөн Ойрдын хамтарсан  цэргийн их хүчинд ялагдсан юм . Ойрадын цэрэгт Хошуудаас Гүүш хан Төрбайх, Дүүрэгч ноён , Цоросоос Баатар хунтайж , мэргэн дайчин , Торгуудаас Мэргэн Тэмнээ , Мэргэн Тайши , Бумба Илдэн, , Хойдоос Сүлдэн тайши , Сүмэртайши , Дөрвөдөөс Далай тайши , Бумба Илдэнгийн удирдсан их цэрэг оролцжээ. Дөрвөн Ойрадын их цэрэгт алс хол Ижил мөрний газар байсан  Торгуудын Хо өрлөг өөрийн хоёрдугаар хөвгүүн Гомбо Илдэнд цэрэг авахуулан оролцуулсан байна . Гүүш хан Төрбайх Хөхнуурт бэхжихийн хамт , Түвэдэд цэрэглэн улааны шашинтны бүлэглэлийг цувруулан цохиж 1638 онд Лхаст хүрэлцэн ирж 5-р далай ламтай уулзаж 1639-1640 онд Кам орныг , 1641-1642 онд Үй , Цан орныг эзэлж улааны шашинтны холбоотон Бэри аймгийн хан Доньёддорж,Занба хаан Данзанвамбо нарыг устган Бүх Түвэд орныг эзэлсэн байна.
1642 оны 3сарын 15 нд Гүүш хан Төрбайхыг Түвэдийн хаан ширээнд 5-р далай лам Лувсанжамцыг Түвэдийн Бурханы хаан тэргүүнд тус тус өргөмжилжээ. Төрбайх 1655 оны эхээр 73 насандаа Лхаст нас нөгцжээ. Төрбайхыг түүний ахмад хөвгүүн Даян тайж Очир хаан цолтойгоор  залгамжилж 1717 онд Зүүнгар хаант улсын цэрэг Лхас хотыг эзлэх хүртэл Хошуудын ноёд дал гаруй жил Түвэдийн төрийн эрхийг барьжээ 1716 онд Зүүнгарын хаан Цэвээнравдан Түвэдийг эзлэхээр их Цэрэндондовт 6000 цэрэг өгч явуулсан байна. Их Цэрэндондовын цэрэг Лхасыг эзэлж Хошууд угсааны хаанЛхавзаныг алжээ. Манж нар Түвэдийг хамгаалуулахаар цэрэг илгээсэн боловч бут цохигджээ . Их Цэрэндондовын цэрэг удалгүй Хөхнуурыг эзлэн авч 1719 он хүртэл тэнд суужээ. Манж нар Хөх нуур ,Түвэдийн хоорондийн харьцааг таслах арга хэмжээ авч дахин их цэрэг дайчилж 1720 онд баруун зууд оруулж Ойрадын цэргийн гол хүчийг бут цохиулан үлдсэнийг ухраажээ. Тэр үеэс хойш Түвэд  нь Манжийн эрхшээлд оржээ.

Комментариев нет:

Отправить комментарий