вторник, 25 января 2011 г.

Хөөе, НАДЯ чи яагаад архи уухгүй байна

Сталины хоёр дахь гэргий Надежда Аллилуева амиа хорлосон шалтгааны тухайд түүхчид одоо хэр нь санал нэгдээгүй байгаа. Олон таамаглал байдгийн нэг нь хардлага. Тэгвэл Надеждаг нөхрөө хардахад хүргэсэн тэр эмэгтэй хэн байв? Судлаачдын үзэж буйгаар энэ нь Ардын комиссар Лазарь Кагановичийн үеэл охин, 17 настай царайлаг Роза Каганович байжээ. Сталин тэр хоёрын дундаас хүү төрж Юрий нэрийг авсан ч тэрбээр жинхэнэ эцгээ мэдэлгүй байсаар өөд болсон аж.
…1932 оны арваннэгдүгээр сарын 8-ны орой Кремлийн ихэс Октябрийн хувьсгалын 15 жилийн ойг Климент Воро шиловын гэрт тэмдэглэсэн байна. Тэр үед хараахан маршал болоогүй байсан Александр Егоров энд үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүй Галина Цешковскаятай хамт ирсэн аж.
Нэлээд халсан Сталин талх бөөгнүүлэн базаад тэр эмэгтэйн даашинзны задгай энгэр рүү шидээд байхыг анзаарсан Надежда ихэд бухимдаж царай нь нэг цайж, нэг барайна. Сүрхий согтсон удирдагч гэргий рүүгээ жүржний хальс шидэж, чи яагаад уухгүй байгаа юм бэ гэж бүдүүлэг авирласан нь бүр нэрмээс болж бүсгүй ухасхийн гарч одов.
Өглөө нь түүнийг толгойдоо буудуулан нас барсан байхыг олжээ. Ард түмний жолоодогчийн гэр бүл дэх таагүй уур амьсгалын шалтгааны талаар тодорхой баримт ер байдаггүй юм. Тэр үдэш Сталин тун эвгүй авир гаргаад байсан нь 31 настай Надеждагийн тэвчээрийг барагдуулсан байж болох.
Ер нь бол түүний 52 настай нөхөр нь залуу нууц амрагтайг тэрбээр мэддэг, айхтар бухимддаг байжээ. Никита Хрущевийн дурс санаар бол Октябрийн хувьсгалын 15 жилийн ойг тэмдэглэсэн тэр оройгоо Сталин гэртээ ирээгүй аж. Зубалово дахь зуслан руугаа Надежда Сергеевна утасдаж нөхрөө асуувал царайлаг, залуу хүүхэнтэй хамт энд байгаа гэж хэлсэн байна.
Үүнээс болж л Надежда амиа хорлосон болов уу. Тэр оройг генералиссимус хэнтэй өнгөрөөснийг бүү мэд. Үнэндээ ямар ч эмэгтэй хүнтэй хамт байгаагүй ч байж болно. Ихээхэн согтсон байснаас зусландаа очоод зүгээр л унтаад өгсөн ч юм бил үү. Гэхдээ ойрын хүрээллийнхний нь үгээр бол жолоодогч ямар нэг эмэгтэйтэй удаан хугацаанд дотно харилцаатай байсан юм билээ.
Тэр нь Сталины хамтран зүтгэгч, Орос орны удирдлагад томоохон албан тушаал хашиж байсан Лазарь Кагановичийн үеэл, жинхэнэ нэр нь Рахиль гэдэг охин байв. Энэ охин Ардын комиссарын ах Юлий Кагановичийнд өссөн аж. Сталин түүнийг Кремльд болдог нэгэн дайллага дээр анх харсан байна.
Тэгээд жолоодогчийн анхааралд охин ороод явчихаж. Ийм том хүний анхааралд өртсөн нь ховор завшаан гэж авга ах нь Рахильд хэлсэн байна. Намын дээд удирдлагын гурвал гэгддэг байсан Молотов, Берия, Каганович нар жолоодогчид нөлөөлөхөд энэ охиныг ашиглахаар шийджээ. Охин 17-хон настай байгаа нь Сталинд юу ч бодогдуулсангүй. Надяг ч 16-тай байхад нь л мань эр толгойг нь эргүүлсэн байв.
Дашрамд дурдахад Надежда Аллилуеваг охин нь “Орос хүн байгаагүй. Герман эх, цыган эцгийн хүүхэд байсан” гэж ярьсан тухай хэвлэлд мэдээлсэн байдаг. Лаврентий Бериягийн хүү Серго Бериягийн ярьснаас үзвэл Роза (Рахиль) маш царайлаг, их ухаалаг нэгэн байсан бөгөөд Сталины гэргий болоогүй ч хүүхдийг нь төрүүлсэн аж. Аллилуеваг нас барсны дараагаас Сталиныг авгайтай болгох асуудлыг дээд зиндаанд ярьж эхэлжээ.
Бидний сайн мэдэх түүхч-нийтлэлч Дмитрий Волкогонов “Түүний хүрээл лийнхэн Коби (Сталин)-гоо өөрт нь ойр хүний садан эмэгтэйтэй суулгахаар хүчин чармайлт гаргасан ч зөвхөн эрэгтэйнх нь мэдэх шалтгаанаар тэд гэр бүл болж чадаагүй” гэж бичсэн байдаг. Сталин ор хөнжлийн “ажилдаа” учир дутагдалтай байсан гэсэн яриа бий. Энэ талаар өөрөө Михаил Калининд ярьж байсан ч гэдэг.
Калинин бас ихээхэн хүүхэмсэг эр байсан бөгөөд чалх сайж руулах эмчилгээ хийлгэсэн байв. Тиймээс ийм эм чилгээ хийлгэхийг Сталинд зөвлөж байсан аж. Сталинд тусгай булчирхай суулгаж өгсөн гэж эмч Дмитрий Плетнев гэгч нотолсон байдаг.
Харамсалтай нь энэ эмчийг 1937 онд цаазалсан юм. Жолоодогчийн залуу нууц амрагийн нөлөө эрс нэмэгдэж буй талаар 1930-аад оны эцсээр Зөвлөлтийн дээд удирдлагын түвшинд шивнэлдэх болсон байна. Зөвхөн Роза Кагановичаар дам жиж Сталинд хүрч болно гэсэн яриа ч бий болж. Сталины гурав дахь гэргийн талаарх нууцлалыг алдсан хэргээр ДЯЯ-ны шоронд олон хүн орсон гэдэг.
Түүгээр ч барахгүй гитлерчүүд энэ охиныг анхааралдаа авсан байна. Сталины нууц хүү Яков Жугашвилийг эх орны дайны үед олзлогдоод байхад эцгийнх нь нууц гэргийн тухай түүнээс германчууд сонирхож байсан аж. Эх орны дайны үед ид нэрд гарч байсан үзмэрч эмгэн Матрона Сталиныг Кагановичийн садангийн эмэгтэйн гарт амиа алдана гэж хэлсэн байжээ.
Үнэхээр Сталиныг үхэхэд хэн нэгэн тусал сан гэж Кремлиэс эхтэй домгуудын нэгэнд өгүүлсэн байдаг. “Эмч нарын хэргийг” Онцгой комисс нэг тийш бол гох, еврей нарыг хоморголох тухай шийдвэрээ өөрчлөхийг Каганович 1953 оны гуравдугаар сарын 1-нд болсон тэргүүлэгчдийн хурал дээр шаардсан байна. Ийн шаардахдаа тэрбээр намын гишүүний үнэмлэхээ урж Сталины нүүр өөд шидэж тэр цагт хэний ч санаанд багтамгүй үйлдэл хийсэн аж. Гэтэл түүнийг Берия, Хрущев хоёроос бусад нь дэмжсэн байна. Чинээндээ тултал уурласнаас Сталины бие муудаж, тэр агшинд хэн нэг нь түүнд хортой архи өгчээ.
Молотов, Роза Каганович хоёрын аль нэг нь өгсөн гэлцдэг. Сталиныг үхсэний дараа Роза өөр хүнтэй сууж овгоо өөрчилжээ. Энэ эмэгтэй их урт насалж 1994 онд өөд болов. Гэхдээ Розагийн үхлийн талаар өөр таамаг бас байдаг. Энэ эмэгтэйг үүргээ гүйцэтгэж, хэрэгцээгүй болсон гэж үзээд Хрущев, Каганович нар устгасан гэсэн яриа байсан. Роза 1930-аад оны эхээр Сталинаас хүү төрүүлсэн, түүнийг Юра гэдэг байсан. Гүрж хүнтэй их төстэй хүү байв гэж мөнөөх Серго Берия гэрчилдэг.
Юра хүү Кагановичийнд өссөн аж. Каганович өөрийн хүүхэдгүй байснаас түүнийг хүүхэд асрах газраас үрчилж авсан гэж ярьдаг байж. Юрий Каганович гэдэг чухам хэн болохын учрыг олох гэж “Кремлийн хүүхнүүд” хэмээх олонд танил болсон ном бичсэн Лариса Васильева нэлээд чармайсан гэдэг. Тэгээд Юрагийн анхны гэргий Серафима Михайловнаг олж уулзжээ.
Юраг цэргийн дунд сургуульд сурч байхад тэд танилцсан аж. Юра найр цэнгэлд дуртай нэгэн байв. Кагановичийг ажлаас нь халснаас хойш Юра архи их уух болж, гэрийнхээ эд хогшлыг ч зараад уучихдаг болсон байна. Сүүлдээ гэрээс нь юм хулгайлсан тул Каганович өргөмөл хүүгээ хөөжээ. Зовлонтойхон шиг амьдарсаар Юра 1960-аад онд Чеченьд очжээ. Якутад алт ухаж явсан ч гэдэг. Түүний зовлон архитай л холбоотой байлаа. Тэгж яваад 1976 онд амьсгал хураасан байна.
Түүний хүү нь хожмоо Чеченийн нэрд гарсан салан тусгаарлагч болсон гэх яриа байдаг. Сталины анхны албан ёсны гэргий нь Екатерина Сванизе гэж байсныг бид ном хэвлэлээс мэдэх болсон. Энэ бүсгүй гэдэсний халдварт өвчнөөр 1907 онд Гүржид өөд болсон. Тэрбээр Яков гэж хүү төрүүлсэн. Яков нь Ста лины ууган хүү. Сталин 1914- 1918 онд Анна Рубинштейн гэдэг эмэгтэйтэй амьдарч байв.
Түүнээс салаад Надежда Аллилуеватай суусан. Тэд Василий гэж хүү, Светлана гэдэг охинтой болсон. 1932 онд Сталин дуурийн дуучин Вера Давыдоваг сонирхсон байна. Давыдова жолоо догчийг өмнөд нутагт амрахаар нь байсгээд ирдэг байж.
Сочи хотын Өвлийн театрыг Сталин чухам Давыдовад зориулж бий болгосон гэж үздэг. Сталин бас үйлчлэгч Валентинатай нь их дотно холбоотой байсан талаар Серафима Каганович ярьсан нь бий. Сталиныг оршуулахад авсны нь ард “хар хувцастай нэг бүсгүй явж байсан” гэлцдэг. Тэр нь Роза Каганович байсан эсэхийг бүү мэд.
Р.Жаргалант

Комментариев нет:

Отправить комментарий