понедельник, 31 января 2011 г.

Монгол төрийн хоёр Ерөнхий сайдыг нэг жалганд цаазалсан Д.Сүхбаатарын тушаал




ТҮҮХЭН БАРИМТ СӨХӨХӨД
Үнэнийг худал болгоход ямар амархан, харин худлыг үнэн болгоход туйлын хэцүү ажээ. Ардчиллын ач буянаар түүхийн эрдэмтэн судлаач нар 13-19 дүгээр зууныхаа түүхийг нэлээд сайн судалж үнэн мэдээлэл ард түмэндээ хүргэж байна.
Харин ердөө ганцхан зуугаад жилийн өмнөх Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын үйл хэрэг МАХН ба Коминтерний санаатай гуйвуулсан түүхийг үнэнээр нь залруулаад биччих эрдэмтэд олдохгүй байна. Жишээ нь Д.Сүхбаатар гэдэг цэргийн жанжин, Монгол ардын намын хоёр Ерөнхий сайдыг, тодруулбал Ардын намын түр засгийн Ерөнхий сайд Д.Чагдаржав, Ардын намын анхны Ерөнхий сайд Д.Бодоо нарыг баривчлан эрүү шүүлт тулган цаазалжээ. Д.Сүхбаатар өөрийн гарын үсэг зурсан цаазаар аваачих ялыг гүйцэтгэсэн хөлсний цэргүүддээ 10 төгрөгөөр шагнасан түүхэн баримт энэ байна. Ардын намын анхны Ерөнхий сайд Д.Бодоо, Д.Чагдаржав нарыг Д.Сүхбаатар цаазлахдаа Бароны Засгийн газрын Ерөнхий сайд Манзушир хутагт Цэрэндоржийн Цэргийн яамны сайд Цэвээн тэргүүн, Гүн Тогтох, Тайж Дэндэв нарын 15 хүний хамт 1922 оны наймдугаар сарын 31-ний үүрээр Шар хаданд аваачиж бууджээ. Ардын намын анхны Засгийн газрын Ерөнхий сайд Д.Бодоо, шадар сайд Д.Чагдаржав нарыгаа Засгийн газрын кабинетын гишүүн Цэргийн яамны сайд нь өөрөө тушаал гарган баривчилж өөрийн тушаалаар гүйцэтгэсэн түүхэн баримт байна.
Ийм баримт байдгийг өнөөгийн залуу түүхчид мэддэг юм байна. Түүхч нараас энэ мэт түүхэн үнэн баримтыг тайлбарлаад, Монгол төрийн шинэ түүхийг үнэнээр нь бичээд өгөөч гэж түүхчдэд санал болгосон боловч тэд татгалзаад байв. Учрыг лавлахад бидний мэддэг худал түүхийг зохиосон багш нар нь амьд байгаа учраас багш нараа гомдоохоос айж байна гэнэ дээ. 1920-иод оноос эхлээд л Монголын түүх, түүх биш ЗХУ-ын коммунист нам, МАХН-ын зохиосон уран зохиолыг эх түүх гэж андуурч явж дээ. МАХН уугуул нэрээ сэргээж Д.Бодоо нарын МАН гэдэг нэрийг, Богдын аравнайлсан тамгатай нь авсан. МАН одоо Анхны Ерөнхий сайд Д.Бодоогоо, Ардын намын анхны Ерөнхий сайд Д.Чагдаржав нарын нэр хүнд алдар гавьяаг, тэднийг баривчлан буудан хороож хэлмэгдүүлсэн Д.Сүхбаатар гэдэг Цэргийн яамны сайдаас хаагуур тавих бол гэдэг нь сонин. Шинэ цагийн Монгол Улсын түүх шинээр биш үнэн"-ээр бичих эзнээ хүлээж байна. Коминтерний дэглэсэн жүжиг, ЗХУ-ын колони байсан Монгол Улс худлаа үзэл суртлаар бичигдсэн "уран зохиолын түүх"-ээсээ салах цаг ирэх байх. Дараагийн дугаарт. МАН-ын анхны Ерөнхий сайд Д.Бодоо, шадар сайд Д.Чагдаржав нарыг Цэргийн яамны сайд Д.Сүхбаатарын тушаалаар баривчилж сургагч Сорокин эрүүдэн шүүсэн протоколыг уншигч олондоо танилцуулах болно.
Өдгөөгийн уншигч ид ч төр засгийн удирдагчид ч, уран зохиолч түүхч, улстөрчид ч Д.Бодоог дайсан, Д.Сүхбаатарыг манай тал мэтээр ойлгуулдаг. Баримт түшвэл байдал харин ч эсрэгээрээ байна. Д.Сүхбаатарын тухай кино, дуу, шүлгэн ойлголттой л явлаа шүүдээ.
Ар халхын жанжин Агуу Ленинтэй уулзлаа л гэдэг. Д.Сүхбаатар ар халхын жанжин биш удам угсаа хөөвөл өвөрлөгч нэгэн байсан. Ленинтэй бол уулзаагүй. Богдын цэрэгт биш Манжийн Нийслэл хүрээн дэх Амбаны цэрэг төдийгүй аавыгаа даган Манжийн шорон хавийн босс нь байсан гээд үнэн түүхийг нь судалж тогтоовол материал мундахгүй юм билээ. Манжийн шоронгийн хуягийн хүү Д.Сүхбаатар Ардын намын Д.Чагдаржав, Д.Бодоо нарын Засгийн газрын цэргийн жанжин байснаа Коминтерний даалгавраар цэргийн эргэлт хийчихсэн юм шиг ээ. Өнөөгийн Монгол Улсын түүхнээ тухайн Засгийн газрын цэргийн жанжинг Ерөнхий сайдуудаас нь дээгүүр байрлуулж хөшөө дурсгалд мөнхөлсөөр байх юм бол, Хатанбаатар Магсаржавыг Богд хаанаас дээгүүр өргөмжлөх, Д.Сүхбаатарын цаазалдаг Монгол цэргийн жанжин Цэвээнийг (Цагаан намын Монгол цэргийн жанжин Цэвээнийг, Улаан намын Монгол цэргийн жанжин Сүхбаатар цаазалсан юм билээ. Г.Д) өнөөгийн түүхнээ халхын их хутагт Ерөнхий сайд Цэрэндоржоос өндөрт өргөмжилбөл онигоо болно биз дээ. Ардын намын анхны Ерөнхий сайд Д. Бодоо Д. Сүхбаатарыг бодвол сэхээтэн, нийтлэлч, уран зохиолч, дипломатч, улс төрийн бодлоготон байсан болохоор судлагдахуун материал ихтэй юм. Лхамсүрэнгийн Бат-Очир гэдэг автортой 2010 онд хэвлэгдсэн 456 хуудастай "Догсомын Бодоо" гэдэг ном, Мөн автортой, Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнгээс 2001 онд эрхлэн гаргасан 189 хуудастай номын 179, 180 дугаар талаас түүхийн энэ баримтыг олж үзээрэй. Түүх үнэнээрээ байх ёстой биз дээ. Гэвч худлыг зохиож үнэн болгох амар, Харин үнэн түүхээ сэргээнэ гэдэг хэцүү бололтой.
БАРИМТ 1
БҮХ ЦЭРГИЙН ЗӨВЛӨЛИЙН ГАЗРААС
Ардын Засгийн газар хуудас дагуулан өргөн илгээв,
Явуулахын учир:
... эдүүгээ Бодоогийн зэрэг хүнд ялт арван таван хүнийг цаазаар аваачихад буудан үхүүлсэн зэрэг арван таван хүнд тусгай шагнал хүртээх болов уу хэмээн эрмэлзэхийн тулд, үүнд хянавал, урьдахь автономит засгийн үест энэ мэт эрүү барьсан цэрэгт улсын сангаас шан олгож байсан тогтоол буй бөгөөд эдүүгээгийн засгийн үед тусгайлан тогтсон зүйлгүй тул, үүнийг Бүх цэргийн зөвлөлийн газраа өргөн мэдүүлээд олдвол байцаан толилж эд нарт шагнал олгох эсэх, хэрэв олгох аваас хүн бүрт хичнээн ямар шагнал олгуулахыг заан тушаах ажаамуу гэх зэрэг эрснийг тус Зөвлөлийн хуралд хянан хэлэлцээд ийнхүү мэдүүлсэн нь зүйтэй учир зүй нь хүн бүрд арваад төгрөг шагнавал зохих болов уу хэмээх тул үүнийг Засгийн газраар өргөн илгээгээд олдвол байцаан толилж гүйцэтгэн шийтгэх ажаамуу хэмээн үүний тул өргөн илгээв.
Дугаар 187
Олноо өргөгдсөний арван хоёрдугаар он сарын -ны өдөр есөн арван тав Зөвлөлийн тэргүүлэгч Элбэгдорж Зөвлөлийн гишүүд: Сайд Жанжин Сүхбаатар Штабын дарга Хува Нарийн бичгийн дарга Буяннэмэх".
БАРИМТ 2
БҮХ ЦЭРГИЙН ЗӨВЛӨЛИЙН ГАЗРААС
Монгол ардын засгийн газраа хуудсаар өргөн явуулах учир мөнөөхөн манай газраас Засгийн газрын товч хурал лугаа нийлж улс төрд самуун хувьсгал өдүүлэхийг завдсан ялт Бодоо нар ба их гянданг эвдэж улс иргэдийг самууруулах гэсэн ялт таван хүний хамт дэс дараалан ял оноохоор томилон гаргасан комиссын сайд түшмэдээс хууль ёсоор харьяат самуун муу хүнд хэрэг өдүүлсэн нэр бүхий ялт нарын доор оноох ялыг тус тус төлөвлөн жагсаан бичиж хүнд хөнгөнийг ялган салгаж, заан тогтоохыг эрж мэдүүлэн ирснийг манай Бүх цэргийн зөвлөлд хянан үзэж мөн нэн даруй гүйцэтгэн шийтгэж олон нийтэд дүрзм үзэмж болговол зохих явдлыг хэлэлцэн тогтсон боловч Засгийн газрын хурлаар батлуулан тогтоолговол зохихын тулд уг ирсэн өчиг хуудсыг бүрнээ хүргүүлж, үүнийг олдвол монгол ардын засгийн газраа өргөн явуулаад байцаан толилж нэн даруйхнаа батлан тогтоож хариу ирүүлэх зэргээр гүйцэтгэн шийтгэх ажаамуу. Үүний тул хуудас өргөн илгээв.
Дугаар 165
Олноо өргөгдсөний арванхоёрдугаар он долоон шинийн найман сарын Европын найман гучин нэгэн Зөвлөлийн тэргүүлэгч Элбэгдорж Зөвлөпийн гишүүн сайд, жанжин Сүхбаатар Штабын дарга Хува Нарийн бичгийн дарга орлосон Буяннэмэх".
БАРИМТ 3
"ДОТООДЫН ХАМГААЛАХ ГАЗРЫН ТУСГАЙ ТОМИЛСОН САЙД ТҮШМЭДЭЭС:
Бүх цэргийн тусгай зөвлөлийн газар өргөв. Тогтоон шийтгэхийг гуйн мэдүүлэх учир: Үүний урьд улсад самуун өдүүлэхийг өвөрлөсөн лам Бодоогийн зэрэг нэг агчдыг уг тушаасан ёсоор бариулан авч байцаан тодорхойлсон бүдүүвч өчгийг Бүх цэргийн зөвлөлд хүргүүлэн мэдүүлсэн бөлгөө. Эдүгээ хойш тушаасан нэгэн зуун тавин наймдугаар бичгийн ёсоор нэмэн томилсон бичгийн ёсоор нэмэн томилсон түшмэдийн хамт нийлэн нэр бүхий ялтныг дараалан чангалан байцаан шүүвээс лам Бодоогийн зэрэг нэр агчид харьяат улсад буруу санааг өвөрлөн эрх чөлөөг олж тогтнон буй эдүгээгийн засгийг хувьсган халж ард түмэнд харштай хэрэг өдүүлэхээр тэрслэн явсныг зүйл зүйлээр илрэн хүлээсэн бөгөөд энэ хэргийн нэр бүхий ялт нар Манжуур зүгийн цагаан нам ба Дамбийжанцан лугаа сүлбээлдэх хэргийг тус тус зөвлөлдсөн, бас автномийг дахин босгох хэргийг Америкийн консулаас гуйлхийлэн явсан хэрэг болох.. .үүнийг бүх цэргийн газраа өргөн мэдүүлээд, олдвоос байцаан толилж тогтоон шийтгэх ажаамуу. Бас ч харьяат ялт нарын биеийг хэвээр сахиулан хүлээлгэн бүхий учрыг хамтаар гаргаж үүний тул өргөв.
Зуны сүүл Арванхоёрдугаар он сарын хорин долоон аргын улирлын найман
Дугаар 9
Сайд Данзан, Дарга Балдандорж, дарга Баваасан, Буяннэмэх..."
Эх үүсвэр:
МАХН-ын төв архив. Ф-12, д-1, хн-167
Ардын засгаас 1921-1924 онуудад авсан хувьс-галт арга хэмжээнүуд ном УБ, 1954 он
МАХН-ын төв архив Бодоогийн тухай цуглуулгаас авлаа.
Г.Дашрэнцэн

1 комментарий:

  1. Жанжны тушаал биш Элбэгдоржийн тулгалт, тушаал юм биш үү.

    ОтветитьУдалить