Монголын ард түмний “хайрт эцэг” хэмээн өргөмжлөгдөж байсан Хорлоогийн Чойбалсан нь 1952 оны 1 сарын 26-ны энэ өдөр Москвагийн тусгай эмнэлэгт таалал төгсчээ. Одоогоос 59 жилийн өмнөх энэ явдал яг битүүний өдөр таарсан тул Төв Хорооноос аймаг сумдад гэнэтийн гашуудлын мэдээг зарлан “цагаан сарыг тэмдэглэхийг тас хориглосон даалгавар” яаралтай хүргүүлж байжээ.
Юун цагаан сар манатай “Маршалгүйгээр бид чинь яах болж байна аа” хэмээн хүмүүс бөөн бөөнөөрөө ихэр татан уйлалдаж байсан гэж аав маань ярьдаг байлаа. Үүнээс хойш Монголын цагаан сарыг бүх нийтээрээ тэмдэглэх явдлыг зогсоож “зөвхөн малчдын хүрээний баяр” болгосон түүхтэй. Тэрээр Москва руу эмчилгээнд ирэхийг сануулан удаа дараа дуудагдсаны эцэст дахин эргэж ирэхгүйгээ мэдэж байсан мэт хамаг бичиг цаасаа нэгд нэггүй янзлан сейфнийхээ түлхүүрийг хүртэл миний дараагийн хүнд өгөөрэй хэмээн туслахдаа захиж өгч үлдээж байсан гэж ярьдаг.
Тэртээ 70 гаруй жилийн өмнөөс манайд өрнөсөн их аллага хядлагыг бид л “хэлмэгдүүлэлт” гэж даруувтар дуугарсан хэвээрээ л байгаа болохоос биш тэрхүү аймшигт үйл явдлыг оросууд одоо “Төрийн аллага” гэж оноон нэрлэж байна. Лениний шадар Яков Свердловын хүргэн Ягодагаар 30-аад онд эхлүүлсэн их аллагыг Ежов гэгч үргэлжлүүлж Сталиныг нас барсны дараа 1953 онд Бериягаар дуусгаж байв. 1937 онд ЗХУ-д ганцхан жилийн дотор сая 500 мянган хүнийг баривчилж, 700 мянгыг нь шууд буудан алж байжээ. “Ардын дайснуудыг илчлэх, илрүүлэх, шүүх, тушаал гүйцэтгэх үйл ажиллагаанд тухайн үеийн ханшаар Зөвлөлт төр 75 сая рубль төсөвлөж, түүний заримыг нь манай улсын төсөвт суулгаж өгч байсан гэдэг. 1937 оны 5 сард маршал М.Тухачевскийг баривчилснаар Сталин арми дахь их цэвэрлэгээгээ эхэлсэн бол манайд яг хуулбар нь тэр зун Дэмид маршалд хор өгч алан армийнхны хэлмэгдүүлэлтээр явагдаж байж.
1937 онд Москвад Зөвлөлтийн До яамны нууц тушаал гарч төрийн аллагат хамруулах иргэдийг ”Нударган”, ”Зөвлөлтийн эсрэг бослогод оролцогчид”, ”Троцкистууд”, “Шашин, сүм хийдийнхэн” гэхчлэн ангилж байсан бол Монголд энэ хувилбар нь “Гэндэн, Дэмидийн эсэргүү”, “Японы тагнуул”, “Лхүмбийн”, “Ёнзон хамбын”, “бароны үлдэгдэл буриадууд”, “Хүүхэн хутагтын”, “Порт-Артурын хэрэг” гэхчлэн хувааж төрийн хядлагыг өргөн хүрээгээр өрнүүлж байж. ЗХУ-д тэр үед 6 сая хүнийг ГУЛАГ-ийн шоронгуудад илгээсний 25 хувь нь ардын дайсан нэр зүүж 75 хувь нь ямар ч гэмгүй иргэд байсан бол Монголд алагдсан 30 шахам мянган хүний 30 шахам хувь нь төрийн зүтгэлтнүүд, сэхээтнүүд, цэргийнхэн үлдсэн нь 70 хувь нь лам хуврагууд жирийн иргэд байсан гэдэг. Янз бүрийн эх үүсвэр өөр өөр тоо баримтууд дэлгэдэг ч ер нь нийтдээ 15 сая орчим хүн тэр үед Сталины дэглэмийн золиос болсон гэж үздэг.
1936 оны 3 сараас ерөнхий сайдаар ажиллаж байсан Анандын Амар 1939 онд баривчлагдаж, Москва руу ачигдан шоронд тамлуулж байгаад 1941 оны наадмын урьд өдөр буюу 7 сарын 10-нд цаазаар авахуулжээ. 1936 оноос манайд Сталины шууд даалгавраар мянга мянган хүмүүсийг баривчлан буудаж байсныг эсэргүүцсэн Амарыг хөөх хурал дээр Х.Чойбалсан: “Амар бол ангийн дайсны эрх тусыг өмгөөлөн хамгаалагч мөн. Энэ нь Японы тагнуулын төлөөлөгчөөс хэдэн хувь дор юм” гэж мэдэгдэж байжээ. Харин уг хурал дээр Амар “Надад ийм хүнд байдал ирэхийг би мэдэж байсан. Нөхөд намайг хаяж таягдах цаг нь нэгэнт болжээ. Үүнд гомдох газаргүй. Харин нөхдөөс маань намайг эсэргүү нартай холбоотой гэж үзэх юм бол би хэрхэвч хүлээхгүй. Би Монгол улс тусгаар эрхтэй улс байгаасай хэмээн хүсдэг. Би улс эх орондоо хайртай, үүнийгээ ч би үйл ажлаараа батлан харуулсан. Миний бие анхны өдрөөс эхлэн улсыг хөгжүүлэх хэрэгт оролцож явсаар эцэст урвагчид холбогдож, хаягдахад хүрвээс миний зүрх хагарах лугаа адил байна”” гэж мэдэгдэж байжээ. Уг хурлаас гаргасан тогтоолд “Амар нь Японы эзэрхэг түрэмгийчүүдийн хөлсний тагнуулууд ба эх орноосоо урвагчид хийгээд дээд ангийн лам нар, феодал нарын хувьсгалын эсэргүү ажил явуулгыг бут ниргэх явдалд төрөл бүрээр эсэргүүцлийг учруулж, тэднийг шууд хамгаалдаг байсан” хэмээн заагаад түүнийг ялтны ширээнд шилжүүлжээ. Мөнхүү хурлаар Ерөнхий сайд Д.Гэндэнг огцруулж, түүний орлогчоор ажиллаж байсан Х. Чойлбалсанд эрхийг нь шилжүүлж хавсруулахаар болжээ.
Ийнхүү ардын хувьсгалын анхны долоогийн нэг гэгддэг Х.Чойлбалсанг уг албан тушаалд В.И.Сталины өгсөн үүрэг даалгаврын дагуу томилсон нь цаанаа 1936-1939 онд алсын хорт бодлогоор их цуст яргаллыг хийлгэхээр төлөвлөсөн ч байж болох. Чойбалсан эдгээр он жилүүдэд Сталины гар хөл болон олон арван мянган гэм зэмгүй хүний амь насыг хэлмэгдүүлсэн билээ. Маршал Чойбалсангийн хоёр ч туслах нь тэр үед хоёулаа амиа хорлосон нь цаанаа л нэг зүйлийг хэлээд байгаа юм.
Айл гэр бүрт аймшигт ул мөрөө үлдээсэн “хар дарсан 1937 он” ингэж эхэлсэн түүхтэй. 1930-1940-өөд оны энэ их хядлагат гэм зэмгүй олон мянган хүн амь насаа алдсанаас гадна бие сэтгэлээрээ тарчлан хоригдож зовсон сэхээтэн тун олон. Тухайн үед Л. Нямдаваа гэгч хүн Өвөрхангай аймгийн намын хорооны даргаар ажиллаж байхдаа “аливаа шүүмжлэл бол чөлөөтэй байдаг юм. Ард хүн хэнийг ч, тэр дундаа Чойбалсанг ч шүүмжлэх эрхтэй” гэж хэлснээсээ болж найман жил хоригдох ял авч байжээ.
Чойбалсангийн жинхэнэ нэрийг нь Дугар гэдэг бөгөөд Монголын түүхэнд Чойбалсан хэмээх хийдэд шавилан сууж байхдаа авсан номын нэрээрээ бичигдэн үлдсэн байна. Чойбалсан 1895 оны 2-р сарын 8-нд тэр үеийн Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошууны малчин эмэгтэй Хорлоогийн 3 дугаар хүү болон төржээ. Түүний эцэг нь Жамц хэмээх нь Дагуур Монголоос цагаачилж ирсэн хүн байв. Гэвч тэр нутаг усныхан, ялангуяа хошуу тамгын газраас Жамцыг элдвээр оролдож хавчиж гадуурхдаг байсан учир Хорлоотойгоо гэр бүл болж чадалгүй, хүүгээ эхийн хэвлийд байхад орхин явсан гэдэг. Харин хүүгээ төрсний дараа буцаж ирэн, хүүдээ Дугар гэдэг нэр өгч эхнэр хүүхэдтэйгээ хэсэг хугацаанд хамт байснаа буцаж эх нутаг руугаа яваад, эргэж ирж амжилгүй өөд болжээ.
Дугар хүү багадаа нилээн хөдөлгөөнтэй, сахилгагүй хүүхэд байж, хоёр ч айл дамжин үрчлэгдсэн боловч гологдон төрсөн эх дээрээ буцаж ирж байсан гэдэг. 7 наснаасаа эхлэн төвд ном үзэж, 13 насандаа Санбээсийн хүрээнд шавилан сууж, сахил хүртэн, Чойбалсан хэмээх нэртэй болсон байна. Чойбалсан багын найз нарын хамт гэрээсээ оргон Их Хүрээнд ирж, хар бор ажил хийж амь зууж байгаад Эрхүү хот руу 8 монгол хүүхдийн хамт явж суралцжээ. X.Чойбалсан нь хоёр удаа гэрлэсэн бөгөөд анхны эхнэр Бортолгойтой 1921-1935 оны хооронд амьдарч байжээ. 1935 онд албан ёсоор гэр бүлээ цуцах үедээ Бортолгой “Чойбалсан чи бол нам, төрийн өндөр хариуцлагатай албан үүрэг хүлээсэн хүн над мэтийн шашин мөргөлд автсан энгийн дорд хүүхнээр юу хийх вэ? Үзэл бодол таарахгүй бол чи бид хоёрын хэн хэнд сэтгэлийн зовлон. Би чамайг жирийн нэг сайн эмэгтэйтэй танилцуулъя” хэмээн Б.Гүндэгмаатай ойртуулаад салсан гэдэг.
Б.Гүндэгмаа гуайг Чойбалсанг насан эцэс болтол дэргэд нь байсан түшигтэй хань нь байсан талаар манай нутгийн партизан Цэдэндамбаа гуйн эхнэр Мөнхбаяр гэдэг хүн олон сайхан дурсамж ярьдаг байлаа. Маршал Чойбалсан Нэргүй, Сувдаа хэмээх өргөмөл хүү, охин хоёртой байсан гэх ба хожим нь өөрийнх нь дүрийг кинонд бүтээсэн аавтайгаа усан дусал шиг адилхан Нэргүйг маршалын төрсөн хүү нь байсан гэлцдэг.
Чойбалсанг ихээхэн ууртай түргэн догшин ширүүн зантай гэх боловч төрөлхийн маш аймхай хүн байсан гэдэг яриа бий. 1921 оны 5 сарын сүүлчээр баруун замын тусгай ангийн цэргийн захирагчаар явж байгаад цагаантнуудад бүслэгдчихэж. Уг бүслэлтийг сэтлэн дутаах үед түүний морь нь суманд оногдон явгарч алуулдгийн даваан дээр түүнийг Дэмбэрэл гэх нилээд бярархуу эр морин дээрээсээ шүүрч авч сундлан давхиснаар амьд авч гарч чаджээ. Хожим нь нөгөө Дэмбэрэл нь Улсын бага хуралд ажиллаж байгаад хэлмэгдэлд өртөн баригдаад байхад нь Чойбалсан орос зөвлөхөөсөө айж эмээн цагтаа амийг нь аварч байсан түүндээ тусалж чадалгүй амь насыг нь хороолгож байсан гэдэг. Мөн их аллагынхаа энэ үеэр Алтан-Өлгийд байсан Д.Сүхбаатар, хичээнгүй сайд Б.Цэрэндорж нарын шарилын өмнө сөгдөн гэм нүглээ цайруулж, аврал эрэх мэт орилон уйлдаг байсан гэж туслахаар нь ажиллаж байсан хүн хожим нь дотныхоо хүнд дурсан ярьсан байдаг.
1921 оны 8 сарын 25-нд тэрээр залуучуудын байгууллагыг үүсгэн байгуулалцаж, Эвлэлийн Төв Хорооны анхны даргаар сонгогдож байжээ. 1924 оны намраас 1928 он хүртэл бүх цэргийн жанжин, 1929-1930 онд Улсын Бага Хурлын дарга, мөн “Феодалын хөрөнгө хураах төв комиссыг” толгойлжээ. Харин 1930-аад онд Х.Чойбалсанг архи байнга уух болсон, авгай хүүхэн эргүүлж агсам согтуу тавьдаг хэмээн шүүмжлэгдэж нэг хэсэг ажилгүй хүртэл болж байж. 1931 оны эцсээр тэрээр Мал тариалангийн яамны сайдаар томилогдож, дахин төрийн албанд гарч ирсэн ба 1934 онд Москвад очиж жил шахам болжээ. Энэ Москвад өнгөрүүлсэн жил шахмын хугацаанд Чойбалсан чухам юу хийж байсан нь тун учир битүүлэг үлдсэн байдаг. Зарим судлаачид архины эмчилгээнд явсан байх гэж таамаглах авч олонхи нь Зөвлөлтийн тусгай албад түүнийг шинэ үүрэгт ажиллагаанд боловсруулан бэлдсэн гэж үздэг. Учир нь түүнд 1935 оны 3 сард ЗХУ-аас суудлын 20 автомашин бэлгэнд ирж, удалгүй мөн оны эцсээр Сталины шууд оролцоотойгоор Ерөнхий сайдын орлогчоор томилогдсон байна. Сталин, түүний гар хөл бологчид, өөрсдийнхөө бодлого, үйл ажиллагааг Монголд үг дуугүй хэрэгжүүлэх хүнийг хайсаар түүнийг ийнхүү олжээ. Удалгүй Чойбалсанг 1936 онд Дотоод яамны сайдаар хавсран томилсон нь Сталины зааварчилгаагаар 30 гаруй мянган хүнийг цааш нь харуулахад хүргэсэн гэдэг.
Х.Чойбалсангийн толгойлсон “Онцгой бүрэн эрхт комисс” Дотоод яамнаас оруулсан нэрсийн жагсаалтаар асуудал шийддэг, зөвхөн нэг өдрийн хурлаар 1300 шахам хүнд ял оноож байсан баримт байдаг. Эдгээр хүмүүс хэргийн бүрдэлгүй, өмгөөлөгчгүйгээр “Онцгой бүрэн эрхт комиссын” хурлаар шийтгэл авч байв. 1939-1940 онд “Японы тагнуул” хувьсгалын эсэргүү хэмээн хилс хэрэгт баригдаж шийтгүүлсэн 28,451 хүнээс 73% нь буудуулсан байна. Үүнээс 36% нь нам болон төрийн албан хаагчид, цэргийн хүмүүс, ажилчин, энгийн ард, үлдсэн нь лам нар байлаа. Тухайн үеийн талаар яруу найрагч Дашзэвэгийн Банзрагч:
Гучаад оны шуурга хаяа хатавчаар исгэчнэ
Гунигийн бараан сүүдэр хар цайнд тунарна
Гол харлуулсан бодолд цагаан гэр минь барайна
Гай зовлон нөмөргөсөн улаан Сталины сүүдэр
Лай ланчиг ихтэй Монгол цусыг минь хөргөнө
Хөрст газар хөрвөж байхад ч ийм гарз гараагүй
Хөвчин улс байлдаж байхад ч ийм гай дайраагүй
хэмээн бичсэн байдаг. Их хэлмэгдүүлэлтийн үед үүнд өртөөгүй айл өрх Монголд үндсэндээ байсангүй. Уран барилгын хосгүй их дурсгал, олон зуун сүм хийд, тэдгээрт хадгалагдаж байсан түүх, соёлын дурсгалыг устгасан билээ. Чойбалсангийн үед МАХН-ын ТХорооны 1-р н.б.дарга асан Д.Дамба хожим нь ХААДС-ийн орлогч захирлаар ажиллаж байхдаа “Намайг Өмнөговь аймгийн Намын хорооны даргаар ажиллаж байхад Маршал “Сүм дугана нураах ажлыг яаравчил. Нөхөр Дамба ямар санаатай энэ ажлыг удаашруулж байна” гэж тулгаж сүрдүүлсэн албан даалгавар, цахилгаан байнга ирүүлэх нь үнэхээр аймшигтай байсан” хэмээн дурсдаг байлаа. Тэр үед Оросуудын өөрсдийнх нь тооцоолсноор Монголын сүм хийдүүдийн хөрөнгө 57 сая алтан рубль болж байсан гэдэг.
1939 онд дөрвөн сар гаруй үргэлжилсэн Халхын голын байлдаан Монгол-Зөвлөлтийн ялалтаар төгссөн ба “Японы тагнуул”, “Хувьсгалын эсэргүү” гэсэн айдсыг монголчуудын дунд дэвэргэн, улс төрийн бурангуй хэлмэгдүүлэлтийг зөвтгөх шалтаг болсон гэж үздэг. 1939 оны 9 сард Москвагийн уулзалтын үеэр ЗХУ-ын засгийн газар Наушкаас Улаанбаатар хүртэл төмөр зам тавих, мах комбинат, автотехникийн болон цементийн завод барихад туслахаар болж байжээ. Зөвлөлтийн энэ тусламжийн хариуд жилд 40 мянган тонн ноос, ноолуур бэлтгэж өгөх үүрэг хүлээсэн ба Сталин Монголын малын тоо толгойг 200 саяд хүргэх тухай үл гүйцэлдэх лоозон дэвшүүлэн Чойбалсан ч үүнийг өлгөн авч малаа өсгөсөн малчдыг одон медаль, бараа таваараар хайр найргүй шагнаж байсны зэрэгцээ нам засгийн төлөвлөгөө биелүүлж чаддаггүй “муучуудад” нь ногдуулах шийтгэл хирээс хэтэрч байв. Манай нутагт л гэхэд ноосны төлөвлөгөө биелүүлж чадахгүйгээсээ сандарч хүмүүс үстэй дээлнүүдээ хайчилж мөн тэр их ноосыг нь Хатгал руу хүргэх жинд тэмээ нийлүүлэх нам засгийн даалгавар биелүүлээгүйгээс болж таван жилийн ял авч байсан хүн бий.
Маршал өөрийн биеэр баруун хязгаарт очиж нүүдэлчин Казак малчдад нутаг олгон 1940 онд Баян-Өлгий аймгийг анх байгуулж байжээ. Оспанд харин ихээхэн хэмжээний зэвсэг өгөхөд нь Чойбалсан Оспантай хамт баруун хязгаарт 1944 он өнөөх нь “Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалддагийн” үгээр 1947 онд манай баруун хязгаар руу эргээд уулгалан дайрч байсан түүх үнэн. Одоо өнөөхөөс хамгаалан тулалдаж байсан алдарт “Байтаг Богд” уул маань Хятадын хилийн бүр цаад талд дүнхийж байгааг хэн хүнгүй мэдэх болсон.
Дэлхийн II дайны сүүлчээр буюу 1945 оны 2 сард Ялтад хуралдсан ЗХУ, АНУ, Их Британий Засгийн газрын тэргүүн нарын хурлын үеэр гурван их гүрний Засгийн газрын тэргүүн нар ЗХУ-ын саналаар “Гадаад монголын статус квог хэвээр байлгах”-ыг хүлээн зөвшөөрөв. Тухайн үед Хятад улс Монголыг өөрийн салшгүй хэсэг гэж үзэж байсан ч Сталины шахалтаар зөвшөөрөхөөс аргагүй байдалд ийнхүү орсон байна. 1945 оны наадмын өмнөхөн Сталин Чойбалсанг Москвад урьж, тусгаар улсын Засгийн газрын тэргүүний хэмжээнд анх удаа хоёр улсын төрийн далбааг мандуулан, хүндэт харуул жагсаан хүлээж авч байсан гэдэг. “Монголчууд тусгаар тогтнолынхоо төлөө саналаа өгвөл бид БНМАУ-д тусгаар тогтнолыг зөвшөөрч болно” гэсэн Хятадын Чан Кай Шигийн сүрдүүлгээр Монголчууд 100% тусгаар тогтнолын төлөө санал өгч, Хятад улс БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрснөөр Маршал тэр жилээ “шалгарсан жолоодогч” хэмээн өргөмжлөгджээ.
1945 онд тэр үед тусгаар тогтнолоо зарлаад байсан БНМАУ-ын Түр засгийн газрын дарга нарыг Маршал Чойбалсан Улаанбаатарт ирүүлж Мүгдэнбуу тэргүүтэй төлөөлөгчдийг Нүхтийн аманд 20 гаруй хонуулах үеэр Өвөр Монголын Түр засгийн газрын төлөөлөгчид ирсэн хүсэл зорилгоо илтгэж, тусламж гуйсан бичгийг гардуулжээ. Гэвч тэрээр Оросуудаас дэмжлэг авч чадалгүй нөгөөдүүлийгээ 1945 оны аравдугаар сард Сулинхээрийн чиглэлээр машинаар хил гаргаж өгсөн байдаг. Гэтэл Мүгдэнбуу нарыг Өвөр Монголдоо буцаад очиход нь өнөөх түр засгийн газрыг нь аль хэдий нь тараачихсан байжээ. Ингэж БНӨМУ-ын түр цагийн засгийн газар устгагдаж түүнээс хойш “Өвөр Монголын Өөртөө Засах орон” нэртэйгээр Хятадын хараат хэвээрээ үлдсэн түүхтэй.
Х.Чойбалсан их гүрнүүдийн зүгээс бага орны удирдагчид үзүүлдэг дарамт, шахалт бүхий амаргүй хувь тавиланг амссан ч, Монголын тусгаар тогтнолыг тууштай сахин хамгаалах, гадаад бодлогын харьцангуй бие даасан чиг шугам баримтлахыг хичээн оролдож байсан баримтуут олон бий. И.В.Сталины мэндэлсний 70 жилийн ойн ёслолын арга хэмжээнд Европ, Азийн орнуудын нам, төрийн удирдагчид бүгд Москвад очиж түүнд үнэнчээ харуулахад Х.Чойбалсан очоогүй. ЗСБН Автономит Тува улсын тэргүүн Салчак Токаг Монголд айлчлах үедээ Монголыг ЗХУ-ын бүрэлдэхүүнд орохыг ятгах үг хэлэхэд тэрээр ихэд уурсан, алгадсан гэдэг яриа ч буй.
Гэвч Х.Чойбалсан 1942 оны 11-р сард БХК(б)-уудын намд элсэхээр И.Сталины нэр дээр өргөдөл гаргаж байсан баримт байдаг. Тэрээр 1949 оны 9-р сарын 30-нд Сочид И.Сталинтай уулзахдаа, ”Хэрэв дотоод Монгол манай улстай нэгдвэл яваандаа СССР-ийн холбооны улс болоход болох уу?” гэж асуун БНМАУ-ыг ЗХУ-ын бүрэлдэхүүнд оруулах тухай Б.Жамбалдоржийн бичсэн захидлын талаар бас ярилцаж байжээ. Энэ асуудлаар И.Сталин: ”Танайх манай холбооны улс болох хэрэггүй. Бид гадаад, дотоод хоёр Монголыг нэгтгэхийг дэмжихдээ Оросын харьяанд ч орохгүй, Хятадын харьяанд ч орохгүй нэгдсэн нэгэн тусгаар улс байхыг хүсэж байна” гэж зөвлөсөн байна. ЗХУ-ын Элчин сайд байсан В.Молотов манай ГЯЯ-ны сайд Аварзэдтай Давст уулын асуудлаар санал зөрж маргалдаж байх үедээ: ”Та нар алгын чинээ газрын төлөө юун их юм болох юм. Цагтаа танай маршал Чойбалсан чинь Монгол улсыг Зөвлөлтөд нэгтгэхийг гурван ч удаа хүсэж байсан явдал бий шүү” гэж мэдэгдэж байжээ.
1941 оны ҮI сарын 22-нд Герман ЗХУ-руу гэнэт халдан довтолсон дайны эхний өдрөөс л монголчууд «Бүхнийг фронтод» гэсэн уриан дор ажиллаж Зөвлөлтийн ард түмэнд бололцоотой бүхнээрээ туслах хөдөлгөөн манай нийт хүн амын дунд өрнөж байжээ. Малчин ардууд хагас сая шахам шилдэг морьдоо фронтод зориулан хямд үнээр худалдаж, 30 гаруй мянган морьдоо бэлэглэжээ. Монголын төлөөлөгчид фронтод удаа дараа хүрэлцэн очиж, 700 гаруй вагон дулаан хувцас, хүнсний зүйл, хувийн бэлгийг гардуулсны дээр «Хувьсгалт Монгол» танкийн бригад, «Монгол ард нисэх онгоцны эскадрилийг байгуулж, Улаан армид хүлээлгэн өгч байжээ.
Салчак Токагаар удирдуулсан Бүгд Найрамдах Тува Ард улс ЗХУ-ын бүрэлдэхүүнд орохоор шийдвэрлэсэн 1944 оны долдугаар сард Улсын ерөнхий прокурор Б.Жамбалдорж МАХН-ын УТТ-нд албан ёсоор тавьсан саналдаа: “Манай Монгол Улс Зөвлөлтийн аугаа их гэр бүлд багтах нь манай улсын цаашдын түргэн хөгжилд их л утгатай бөгөөд цаг нь болсон асуудал гэж би бодно” гэсэн байжээ. Үүгээр хязгаарлагдсангүй 1950 оны 8 дугаар сард С.Авирмид, Б.Бадарч, Г.Галбадрах, Д.Төмөр-Очир, Ц.Дүгэрсүрэн, Л.Цэнд нарын сэхээтнүүд Чойбалсан, Цэдэнбал хоёрт хандан бичсэн захидалдаа “Монгол улсад социалист нийгмийг бүрэн байгуулахын тулд материал-техникийн хүчирхэг баазтай байх ёстой. Тийм баазыг бидэнд гагцхүү Зөвлөлтийн аж үйлдвэр тавьж өгөх учир бид ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтан орсон тухайд тийм баазтай болж чадна. Нэгэнт учир ийм болоход манай улс өөрийн амьдрал ба хөгжлийн шаардлагаар эрт орой хэзээ боловч тэрхүү холбоонд багталцан орох нь гарцаагүй болж ирнэ” гэж бичиж байжээ.
Маршал Чойбалсангийн их хэлмэгдүүлэлт Монголын нэртэй бөхчүүдийг ч тойрсонгүй, 1939 онд түрүүлж үзүүрлэсэн бөхчүүд хоёулаа мөн хэлмэгдэж байжээ. “Урт гарт” хэмээх хочит Завхан аймгийн харьяат улсын хурц арслан Лхагва, залуу цэрэг Түвдэндоржтой үзүүр түрүүнд үлдчихээд түүнийг барьж авангуут сугадан тонгорч эхэлж. Долоо тонгороход нь Түвдэн аварга арайхийж тогтсон боловч засуулууд нь салган “Лхагваа арслан тонгорч явахдаа толгой нь газар шүргэсэн” хэмээн зарлаж Маршлын шивнэснээр Түвдэндорж аваргыг түрүүллээ хэмээн зарласан гэдэг. Ихээхэн уурссан Лхагва арслан “Маршалын нүд сохроо юу даа” гэж хэлчихээд “аавын хаалгыг” татжээ. Тэр намар нь “Монгол банкны” захирал нэгэн эр хятад худалдаачдын гар дээр ихээхэн бэлэн мөнгө эргэлдээд байгаа талаар Маршалд ярьж.
Үүнийх нь дагуу тэр мөнгийг яаж салгаж авч болох талаар До яамныхантай зөвлөлдөхөд цаадуул нь сайн мөрийтэй тоглодог хүнээр дамжуулан олж авах арга сэдэж олсон гэдэг. Хэн сайн тоглодгийг нь асуухад шинэхэн аваргын нэр тодорч гэнэ. Ингээд Түвдэн аваргад ахиухан зоос банкнаас авч өгөөд явуулж. Нөгөөх чинь тэд нартай тав хоног өдөр шөнөгүй тоглоод нэг шуудай мөнгө үүрч ирээд банкинд тушаахад 40 мянган төгрөг болж байсан гэдэг /одоогийнхоор доор хаяж 40 сая юм уу даа/. Мөрийтэй тоглоомын хэргээр хятадуудыг Түвдэн аваргатай хамт яллан шоронд суулгачихсан байхад нь орос зөвлөх нь наадмаар барилдуул гэж даалгавар өгсний нь дагуу хойтон жил нь тэрээр наадмын өмнө суллагдаж байсан гэдэг юм билээ.
Монголын нийгэмд ноцтой сөрөг үр дагавар авчирсан бурангуй явдалтай шууд холбоотой боловч эцсийн эцэст Монгол улсын тусгаар тогтнолын төлөө буян нүглийг дэнслэх түүхэн амаргүй хувь заяа Х.Чойбалсанд ногдсон билээ. Чухамхүү түүхэн сургамж хэмээх энэ буюу.
Ш.Пүрэвсүрэн
Комментариев нет:
Отправить комментарий