среда, 19 января 2011 г.

“ ЖА ЛАМ” Дамбийжаагийн тухай зарим баримтаас

Жар орчим насны бор арьстай тэр хүний толгой ОХБНУ-ын алдартай музейд зуу орчим жил хадгалаастай байдаг нь нэн сонин.
Тэртээх Архангельскээс орж ирээд Ховд хотыг чөлөөлөх байлдаанд гавьяа байгуулж Богд хаанаас өндөр соёрхол хүртсэн атлаа Монгол Улсыг салган бутаргах үймээн дэгдээсэн Дамбийжанцангийн тухай уншигч олон түмэн муугүй мэддэг. Монгол, казах, оросын түүхчид багагүй судлан бичиж нийтлүүлээд, хэд хэдэн кино бүтээл гарсан.
Тэр бүхний дунд зохиолч, сэтгүүлч Т.Баасансүрэн докторын МОНЦАМЭ-гийн тухай цуврал номон дахь Дамбийжаагийн төгсгөлийн талаар тухайн үеийн бодит баримт буюу 1923 оны “Бюллетень МОНТА”-гаас иш татан дэлгэрэнгүй өгүүлсэн бүтээл бол энэ үйл явдлын талаархи үндсэн эх сурвалж гэж болно.
Дамбийжаагийн түүхийг эргэж сөхөх нь ямар ач холбогдолтой вэ гэвэл түүний баруун Монгол улс буюу Ойрдын холбоог сэргээж “гэр дотор гэр барих” оролдлогыг судлаачид тодорхойлсон гэлээ ч цаад эцсийн зорилго нь юу байсан бэ гэдгийг тогтоох нь онц чухал бөгөөд тэр зорилго нь баруун нутгийн ард олныг  халимаг болон буриад, тыва, хакас, алтайч нарын нэгэн адил Орос Улсад харьяалуулах бодлого байсныг олон баримтаар нотлоод байна.
Дамбийжаа хар багаасаа орос, хятад, монгол, түвд хэл бичиг, шашин, цэргийн эрдмийг сурч эзэмшсэн явдал их гүрэн түүнийг мэргэжлийн тагнуулч болтол нь бүрэн төгс чадваржуулж түрэмгийлэх бодлогынхоо ашиг тусад эртнээс тусгайлан бэлтгэснийг харуулдаг.
Тэрбээр Монголд гурав дахин орж ирээд гурав дахин, сүүлчийн удаад толгой нь л буцсан. 1990-ээд оны эхээр Амарсанаагийн хойд дүр буюу түүний ач  Төмөрсанаа нэртэйгээр орж ирээд “хоёр тэмээт” хоч нэр зүүсэн. Лхас руу явж байхад Улиастайн харуулд саатуулагдаад Их Өргөөд хүргэгдэн Оросын консулын тусламжтайгаар Орос орондоо буцаагдсан.
1900 онд “Ширээт лам” нэртэйгээр П.К.Козловын экспедицийн бүрэлдэхүүнд орж Лхас орсоныхоо завсар хаашаа явсан нь тодорхойгүй алга болчихсоноо арав орчим жил азнаад дахиад бий болж Ховдын хязгаар орчимоор харагдаж байгаад 1912 онд Ховдыг чөлөөлөх тулалдаанд амь бие хайрлалгүй оролцоод нэр хүнд олж авсан. Цол хэргэм, харьяат иргэд, мал хөрөнгөө ашиглан цэрэглээд үндсэн зорилгодоо хүрэх үйл ажиллагаандаа шууд орсон.
Баруун хязгаарыг бүхэлд нь донсолгон хайр найргүй довтлоод тоглоомын засгаа Оросын хилд дөхүүлэн төвлөрүүлэхээр нутгийн ардуудыг тийшээгээ хүчирхийлж нүүлгэсэн. Гэвч тэдний хүчтэй эсэргүүцэлтэй тулгарахад оргон зайлах зуур Ховдын яам 1914 оны намрын эхээр бас л консулын оролцоотойгоор Томскд хүргүүлсэн. Бодвол тэднийхэн түүнийг гадаад оронд очиж хэрэг гаргалаа хэмээн шийтгэх бус харин болгоомжтой ажиллахыг сануулаад ивээлдээ авдаг байсан бололтой.
Учир нь Монголд 1918 онд эцсийн удаа дахиад орж ирээд энэ удаад Оросын биш, Хятадын хил орчим бүгшиж байгаад 1921 онд Дугар бээс, Дугаржав, Нанзад баатар нараар цаазлуулж дээ. Монголд сүүлчийн удаа орж ирэхээсээ өмнө Арван сарын хувьсгалд ч оролцож, Дзержинскийн Онцгой комист ч шургалан орсон тухай баримтанд  гайхах юмгүй, тухайн үед улс төрийн үзэл бодлын хувьд л цагаан, улаанаараа хагралдаж байснаас бус тэд их гүрний дээрнгүй үзлийн хувьд санаа нийлдэг нэг зоосны хоёр тал гэдэг нь илэрхий тул хааны цэргийн жанжин Буденныйгээр улаан цэргийг захируулсаны адил Дамбийжаа чухал этгээд буюу “бууны нохой”  хэвээрээ үлдсэн бололтой.
”Би тагнуулч” гэж хэнбугай ч хэлдэггүй. Бид өчүүхэн нууц задруулсан хэргээр иргэдээ хорьж хохироогоод байдаг. Гэтэл нууцладаг зүйлээс гадаадынхан мэдээгүй зүйл ховор гэж болно.
Газар зүйч, хайгуулч, угсаа судлаач нэртэйгээр гадны  жуулчид, экспедиц олон жилийн турш ар араасаа цувсаар тагнаж туршсаар ирсэнийг бид анзаараагүй. Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх уриан дор жуулчдыг мянга мянгаар оруулж, даяаршлын далимаар охид хөвгүүдээ зуу зуугаар нь гадагшаа гаргаж, завсраар нь түүх соёлын дурсгалт зүйлээ ч алдаж байна…
Аль аль нь түүхч судлаач бөгөөд оросын жуулчин П.К.Козлов, худалдаачин А.В. Бурдуков хоёрыг тагнуулын үүргийг давхар гүйцэтгээгүй гэхийн баталгаа алга байдгийн учир юу вэ гэвэл Дамбийжаа Монголд хоёр дахь удаагаа Козловын экспедицтэй хамт ирсэн. Тэр экспедиц Дамбийжааг иж бүрэн звсэгтэй нь хүргэж ирээгүй гэж үү?
Бурдуковын сайн анд найз, тэд зөвлөлдөж хамтран ажиллаж байсан нь түүний “В старой и  новой Монголии” номонд ил тод байдаг бөгөөд нэлээд хэдэн жилийн дараа Дамбийжаа алагдахад Улиастайн яамны гол хаалганд өлгөсөн түүний толгойг авч нандигнан хадгалаад Санкт Петербурагт хүргэж Эрмитажийн кунскамерт Бурдуковын экспедиц тушаасан тухай таамгийг үгүйсгэх аргагүй.
1993 од БНХАУ-д хэвлэгдсэн “Гадаад Монголын тусгаар тогтнолын нууц учир” номын “48 хоног” хэсэгт “Дамбийжанцан бол хаант оросын тагнуул байсан” гэж бичсэн бол доктор К.Зардыхан Алматыд 2001 онд хэвлүүлсэн “Монгол Улс дахь казахууд” номондоо эрдэмтэн судлаачид Жа ламын байр суурийг янз бүрээр тодорхойлдог ч миний бие “Жа лам бол Оросын мэргэжлийн тагнуулч мөн гэсэн саналыг дэмжмээр байна. Оросын хууль цааз бол хэзээний хатуу систем юм. Боломжгүй гэж үзвэл хэнийг ч өршөөн чөлөөлж байгаагүй. Харин Монголын нутагт үйлдсэн харгислал нь хэтэрсэн тэр этгээдийг гурав дахин баривчилж, гурав дахин сулласан байдаг” гэж бичжээ.
Хэрэг дээрээ Дамбийжаа Ховдод хятадын эсрэг байлдахдаа ч тэр, баруун нутагт бага буурай ястнуудыг хүйс тэмтрэхдээ ч Монголын төлөө биш, харин ч Монгол, Хятадын хоёулангийн эсрэг Оросын төлөө л амь насаа хайрлалгүй үхэн үхэтлээ зүтгэж явсан нь батлагдсаар байна.
Дамбийжаа баруун нутгийн казах, урианхайн ноёдыг цуглуулан чуулган хийж бодлогоо танилцуулаад, эсэргүүцсэнийг нь даруй алж устган, хоёрдмол санаатайг нь гавлаж, үнэнчээр аялдан дагалдсан казах хошууны гүн Х. Хилаан нарыг цол хэргэмээр мялааж олон зуун айлыг Увс аймгийн Улаан даваа, Торхлог, Хандгайт ( одоо Тывагийн нутаг)  руу нүүлгэн туужээ. Казахуудын тэргүүн ноён Ж.Сүкирбайгаар толгойлуулсан нэг хэсэг нь Ирмэгт, Сумтайргийн даваагаар, Булган, Хужирт орчим суурьшсан жантекей омгийнхон Чингэлээр   Шинжиан руу, А.Хиюбайн харьяаны айлууд Оросын нутаг Хөшөө мод, Шүйн гол руу дүрвэн нүүжээ.
Дэлүүний Ганц мод, Чихэртэйн орчим нутагладаг каракас омгийнхон цаашаагаа нүүх гээд амжсангүй, отог омгийн ахлагч Ахымбек, Умитай хоёрыг барьж аваад амьдаар нь өвчиж битүү арьсанд нь өвс чихэж туг болгон барьж явсан, хэдэн арван нялх хүүхдийг эсгий туурганд ороож эзгүй хээрт хаясан гэнэ.
Хүний арьсаар хийсэн тэр чихмэл хэв эдүгээ Чех улсын музейд байгаа тухай зарим хэвлэлд мэдээлсэн бөгөөд эрдэмтэн Х.Исламын казахуудын түүүхийн тухай номонд хүүхдүүд хээр орхигдсон газар “Тавин хүүхдийн даваа” гэж нэрлэгдсэн гэж бичигджээ.
Хилаан ноёноор удтрдуулсан 500 орчим өрх айлын эрчүүдийг цэрэгт элсүүлэхэд тэдний эрэлхэг зоригтой нэг хэсэг нь эмэгтэй хүний хувцас өмсч үлдээд зэр зэвсэгээ зэхсээр явжээ. Бага насны хүүхдүүдийг нь шарын шашинд хүчээр мөргүүлж Шивэртийн хүрээнд шавь суулгаад, айлууд Үүрэг нуурын хөвөөнд хүрч унаа хөсгөө амрааж байсан нэгэн шөнө эмэгтэйн хувцас өмссөн Х.Көримбай баатраар толгойлуулсан эрчүүд гэнэт довтлоход наргисаар унтсан цэргүүд нь сандраад байхад Жа лам зугтаж амиа аварсан гэнэ. Бодвол Ховд дахь Оросын консулд хүрч хоргодсон бололтой.
Ганцаардмал байдалд хүрсэн гүн Хилаангийн харьяат ардууд хэсэг хугацааны дараа, мөн Орос, Хятадын талд дүрвэж одсон айлууд 1-2 жил өнгөрөөгөөд уугуул нутагтаа буцаад ирсэн ч ганц нэгээр тэнд нэгмөсөн үлдсэн нь одоо л тодорсоор байна.
Х.Хилаан гүн Алтайн казахуудын бүгдийг захирах үе уламжилсан ноён Ж.Сүкирбайгийн үеэл дүү байсан гэлээ ч түүнтэй албан тушаал булаацалдсан том толгой нэгэн учир энэ зөрөлдөөнөөс болоод тэр эрхэмүүд цэц булаацалдаж Ж.Сүкирбай Ховд дахь хятадын Балт вантай үгсэн Хятадад дагаар орох бичиг илгээхэд тэр нь зам зуур баригдсан бол Х.Хилаан 400 өрхийн тэргүүний гарын үсэг зуруулсан бичиг авч Нийслэл Хүрээнд хүрч очоод Богд хаант Монгол Улсад харьяалагдсан тухай түүхэн баримт бий.
Түүнийг нь өш хонзон санасаар Хятадын тал найман жилийн дараа 1920 онд нэрт зандалчин Ма-дарангаа явуулж Х.Хилаанг алаад толгойгий нь Шар сүмийн гүүрийн багананд өлгөснийг сарын дараа ахан дүүс нь авч ирээд Согог голын хөвөөн дэх булштай нь нийлүүлсэнийг 1971 онд СНЗ-ийн орлогч асан түүхч Пунцагноров гуай зориуд очиж үзэж сонирхсон гэдэг. Ингээд түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, амьдралынх нь ээдрээтэй зам, төгсгөлөөрөө адил төстэй тэр хоёр найз хожим домог болон үлджээ.
“Жа лам” Дамбийжанцан казах, урианхай, дөрвөдүүдийг алан хядаж, тарчилган зовоож, айлган сүрдүүлсэн тухай олон баримт байдаг. Үүрэг нуур хүртэл биеэрээ туугдаж очсон ардын найрагч Х.Нажикеш (1885-1955)-ийн “Зон олноороо туугдсан нь”, нэрт яруу найрагч Ү.Ахыт хаж (1867-1940)-ийн “ Ховдын тууль” түүхэн найраглал, зохиолч М.Елеусизийн “Үүрэг нуур” тууж, ардын авьяастан Б.Сейтжан (1896-1955)-ы “Үүрэг нуур” домборын аялгуунд Жа ламын яргалал, ард олны зовлон яруу тод дүрслэгдсэн байдаг. Мөн бага насандаа Шивэртийн хүрээнд шавь орсон Божгара (1900-1976), үйл явдлын амьд гэрч Н.Еркетай (1984-1969) нарын олон хүний дурдатгал байдаг билээ.
Тухайлбал Н.Еркетайн дурдатгалд Увс аймгийн Өмнөговь нутгийн Улиастай дахь «хүнд» албан тушаалтай баяд ястан хүний толгойг тас цавчиж, Баатар гэдэг баянг дөчин удаа ташуурдан, Янжив гэлэнгийн зүрхийг сугалж туг тахисан тухай дурдсан байна.  Өмнөговь, Баяннуур сумын хооронд Дамбийжаагийн бас нэгэн “ичээ” байгаа, түүнийг 1910-аад оны эхээр бариулсан гэдэг, буурь балгас нь одоо болтол бий.
Эцэст нь хэлэхэд Дамбийжанцан бол Монголын эх оронч биш, Монгол Улсыг чонын амнаас салгаж барын аманд хийхийг санаархаж насаараа уйгагүй зүтгэсэн тийм нэгэн түүхэн элемент мөн.
Түүхэнд түүний эзлэх байр суурийг бүрэн төгс тогтоохын тулд Орос улсын тухайн үеийн архивын баримтыг судалж байж сая үнэнийг олох учиртай. Жа лам Монгол төдийгүй Шинжианд багагүй үймээн дэгдээсэн тухай “Алтай аймгийн ерөнхий тойм” ( Үрэмч. 1989 он), “Абага Хэрийд” (Хүйтэн.1994 он) номуудад бичихдээ түүнийг “ Гадаад Монголын генерал” гэсэн бөгөөд “Монголын цэргүүд түүний удирдлагаар 1912 онд Ховдыг чөлөөлснөөр барахгүй Шинжианы Булган, Чингэлийн зон олныг цочроож, нэг удаагийн дайралтаар 12 хүнийг хөнөөснөөр Бархөл рүүгээ дүрвэн нүүсэн» гэж бичсэн нь Монгол Улсын нэр төрийг сэвтээсэн хэрэг учир Дамбийжаа чухам ямар зорилготой  хэний хэн бэ гэдгийг үнэн мөнөөр гаргаж ирэх нь чухал ач холбогдолтой хэрэг мөн.
Ш.Айбек

Комментариев нет:

Отправить комментарий