среда, 23 февраля 2011 г.

XIV Далай лам: 600 жилийн өмнө би египет хүн байлаа




Шинэ оны өмнөхөн Дээрхийн гэгээн XIV Далай лам Энэтхэгийн Дармасала дахь өргөөндөө Оросын сэтгүүлчдийг хүлээж авч уулзан дэлгэрэнгүй ярилцлага өгснийг хэсэгчлэн нийтэлж байна. Ярилцлага авсан сэтгүүлчдийн дийлэнх нь Буриад, Халимаг зэрэг монгол туургатан улсуудын сонин хэвлэлийнхэн байжээ. 

- ОХУ-д айлчлах бололцоо Дээрхийн гэгээнтэн танд олдохгүй байгаагийн шалтгаан юунд байна вэ? Чухам юу нь болж бүтэхгүй байгаа юм бол оо?
- Зөвлөлтийн үед буюу 1979 онд танайд би анх очсон юм аа. Москвад хэд хонож, Бүх Оросын шашны Үнэн алдартны тэргүүн Пиментэй уулзах завшаан олдож байлаа. Хожим Ельциний үед хэд хэд очсон. Харин сүүлийн үед, айлчлах нь байтугай дамжин өнгөрөх виз  олдоход ч хүнд болж. Ямар учиртайг Оросын Засгийн газар л мэдэх хэрэг байх даа. “Болно оо, ир ээ” гэвэл би дуун дээр л яваад очих байна. 
- Нобелийн шагнал хүртсэн Хятадын иргэнд та хэрхэн ханддаг вэ? Шагнал гардуулах ёслол нь хойшилсноос гадна Орос тэргүүтэй нэлээд хэдэн орон янз бүрийн шалтаг зааж уг ёслолд оролцохоос татгалзсан. Тэдгээр орнууд Хятадын дарамт шахалтанд яагаад автсан юм бол оо?
- Хойшилсон ч юм биш дээ. Лю Сяобаотой санаа нэгтэй хүмүүсийг ёслолд оролцуулахгүйн тулд Хятадын эрх баригчид хилээр гарахыг нь хориглох зэргээр хатуу арга хэмжээ авсан юм. Тэгээд л тэр.
- Дарамт шахалтын тухайд?
- Хэд хэдэн орны дипломатууд Хятадын Засгийн газраас эсэргүүцлийн нот хүлээж авсан байна лээ. 36 орон ёслолд ороцохоо мэдэгдсэн бол, Орос Пакистан зэрэг зургаан орон татгалзсан байсан. Куба, Иран, Казахстан… Хятадын шахалтад орсон тухайд нь юм хэлэх амаргүй байна. Хорвоогийн хамаг л амьтан шударга ёсны тухай ярьдаг мөртлөө даган мөрдөх дээрээ хүрэхэд заримд нь хэцүү байдаг бололтой. Хорвоод байгаа хамаг зовлон хүнээс өөрөөс нь л гарсан байдаг. Тэдгээрийн ихэнх нь ёс суртахууны зарчим алдагдсантай холбоотой байхаас гадна эд мөнгөнд хэт шүтэхээс болдог нь харагддаг. Хятад өнөөдөр улам л баян болоод байна. Тэгвэл Орос улс эдийн засгийнхаа хувьд Хятадын тусламжид дулдуйдах хэрэгтэй байх шиг. Орос ч гэлтгүй Барууны олон орон Хятадтай эдийн засгаараа нягт холбоотой болжээ.
- Бээжинтэй хийсэн та бүхний сүүлийн хэлэлцээр ямар ч үр дүнгүй өнгөрлөө. Хятад өөрчлөгдөж байна гэж та өнөөдөр хэлсэн. Энэ өөрчлөлт хэлэлцээрийн үр дүнд нөлөөлж чадах уу?
- Бид анх 1979 онд Хятадын Засгийн газартай шууд харилцаж эхэлсэн юм. Тэгэхэд Дэн Сяопин миний элчийг авч уулзаад, тусгаар тогтнолын болоод бусад бүх асуудлыг албан ёсны хэлэлцүүлэгт оруулж болно гэсэн юм. Төвд бол материаллаг утгаараа буурай ч, оюун санааны хувьд өндөр хөгжсөн орон. Шашин соёлын өвөрмөц өвөө хадгалаад аваад явчих бололцооны тийм автономийг Хятад бидэнд үнэхээр олговол, материаллаг хөгжлийн тухайд Төвдийг Хятадын бүрэлдэхүүнд хэвээр байлгаад урагшилж болох юм гэж бид үзээд байр сууриа тодорхойлоод байсан яг тэр үед Дэн Сяопин тэгж хэлсэн хэрэг. Хоёр талын байр суурь нэг байсан байгаа биз? Ингээд хэлэлцүүлгээ урамтай сайхан эхлүүлээд 80-аад оны сүүл үе хүртэл боломжийн явж байтал Хятадад оюутны хөдөлгөөн гарч, Ху даргыг ч авч хаяв. Хятадын бодлого ч эрс чангарч, 1993 он гэхэд ажил бүрмөсөн зогссон юм. 2002 онд Хятадын Засгийн газартай харилцаагаа сэргээснээс хойш бид есөн удаа уулзалт хийлээ. 2008 оны Төвдийн хямралын дараа тэдний бодлого чангарч найм, ес дэхь удаагийн уулзалт дээр бүүр үг хэлүүлэхээ байсан даа. Тэр үед намайг Италид тэндэхийн нэг коммунисттай уулзаж байхад сонины сэтгүүлч “Дөнгөж сая Хятадын нэг дээгүүр албан тушаалтан таныг босоо ороолон гэсэн байна” гэж дуулгаад, тайлбар хийхийг хүссэн юм. “Ээ хөөрхий, ингээд босоо ороолон болдог байжээ!” гэж намайг хэлсэнд тэнд байгсад хөхрөлдөөд, өнөө коммунист маань “Босоо ороолон ийм байдаг бол би ч гэсэн ороолон болох юмсан” гэж билээ.                 
- Таны дараагийн дүр Төвд, Энэтхэгийн алинд тодрох бол? Төвдөд тодорлоо гэхэд улам бүр хувьсан өөрчлөгдөж буй тэр орчинд дараагийн дүр тань ямархан эрх ямбатай байх бол оо? Удаах дүрээр эмэгтэй хүн тодорч болох уу?
- Сүүлийн 400 жилд Далай лам Төвдийн төр шашны тэргүүн нь байлаа. Энэ уламжлал одоо нэгэнт тасарч үгүй болсон. Далай ламын алба цаашид байх эсэхийг Төвдийн ард түмэн шийднэ гэж би аль 1969 онд хэлж байлаа. Төвдийн буддизмыг хөгжүүлэхэд Далай ламын институц амин чухал гэж үздэг хүмүүс олон бий. Энэ тийм биш шүү! Ухвар мөчид хүмүүс л ийм зүйл ярьж байгаа юм. Энэ асуудалд хамаатай хүмүүс, юуны түрүүнд төвдүүд, монголчууд мөн Оросын буддистууд, Гималайн бүс нутгийн ард иргэдийн дийлэнх нь энэ институц одоо чухал биш гэж үзвэл байх хэрэггүй. Харин эсрэг бодолтой байгаа бол дараа дүрийг тодруулна, эсвэл энэ институцийн залгамжлагчийг томилно. 15-20 жилийн өмнө Парист эмэгтэйчүүдийн нэг сэтгүүлийн сурвалжлагч, “Дараагийн Далай лам эмэгтэй хүн байж болох уу?” гэж асуусан юм. “Болохоор барах уу даа!” гэж би хариулсан. Тэргүүн хувраг нь дандаа эмэгтэй дүрд хувилсаар ирсэн Төвдийн шашны нэг урсгал бий. 800 гаруй жил ингэж явсан байх шүү. Тэгэхлээр энэ бол гайхах зүйл огт биш.        
   Дараа дүрийг тодруулна аа гэх юм бол логик утгаараа бол энэ нь, өмнөхийнхөө эхлүүлээд дуусгаагүй үйл хэргийг үргэлжлүүлэхийн төлөөнөө байх ёстой. Тэгэхийн тулд XV Далай лам эрх чөлөөт оронд л төрөх учиртай юм. Халимагийн тэргүүн ламаар жишээлж болж байна. Түүний өмнөх дүр (XI Дилав хутагт Б.Жамсранжавыг хэлж байна. Ред.) Монголд төрсөн бол өөрөө АНУ-ын халимаг айлд төрсөн юм.       
- Хятадууд өөрийн гэсэн Далай ламыг гаргаад ирж магадгүй юм даа.
- Банчин ламын замаар орно биз. Өнөөдөр Хятадын албан ёсоор хүлээн зөвшөөрсөн нэг, миний хүлээн зөвшөөрсөн бас нэг Банчин лам байна. Хоёр дахийг нь төвдүүд сэтгэлдээ сүслэн шүтдэг бол эхнийхийг нь Хятадын зарим түшмэд хүртэл “хуурамч Банчин” гэдэг юм билээ. 
- Та өмнөх 13 дүрдээ ямар хүн байснаа санадаг уу? Тийм бол хамгийн тод санагддаг нь аль нь вэ?   
- Бага байхад өмнөх дүрүүдийн тухай тов тодорхой зүйлүүд санаанд орж ирдэг байсаан. Одоо харин өчигдөр яаснаа санах гээд ч чадахгүй үе байх юм. Гэхдээ унтаа сэрүүний хооронд байхад тун дээр үеийн юмнууд ой тойнд орж ирэх нь бий. 600 жилийн өмнөх нэг явдал тэгж нэг орж ирсэн юм. Хамгийн сонин нь, түүгээр бол миний тэр үеийн дүр египет хүн байсан байх юм. Египетийн шоронд хоригдож байсан нь харагдсан. Хуучны хувцастай фараон нүдэнд хачин тод үзэгдээд, би түүнээс жигтэйхэн айж байлаа. Иймэрхүү жишээний юм. Гэхдээ зүүд бол зүүд л шүү дээ.         
- Халимагууд хэдэн зууны турш Төвдөд очиж ном үзэж байсан. Замынхаа талыг дөрвөн жил явж туулдаг байсан гэдэг. Одоо харин энэ Дармасалад зуур хоноод ирдэг, амар болжээ.
- Далай ламын “далай” гэдэг нэр бол монгол үг юм. Ийм учраас би монголчуудтай онцгой холбоотой байдаг. Халимагууд чинь монгол аймаг шүү дээ. Бид хоорондоо хэдэн зуун жил холбоотой байсан улс. Түүхэндээ хэцүү бэрхийг бишгүй туулсан ч шашны уламжлалаа хадгалж үлдсэнийг нь би туйлаас хүндэтгэдэг, тэдэнд хамаг байдгаараа туслахыг үүргээ гэж үздэг хүн дээ. Дармасалад Монголоос 240, Буриадаас 120, Халимагаас 26, Тувагаас 17 хүн энд сурч байгаа. Удахгүй Халимагт Зул сар буюу үндэсний шинэ жилийн баяр нь болох гэж байна. Тэдэндээ шинэ жилийн мэнд хүргэхийн ялдамд архиа бага уугаарай гэж захия даа.     

Комментариев нет:

Отправить комментарий