хулгайчуудыг томилж байв. Хулгайчууд яг л хорих газрын дотоодын цагдаа,
шуурган цэрэг болон хувирсан байв.
1938 оны 2-3-р сард нэгэн нууц зааварчилгаа НКВД-ээр тархав: "Хоригдлуудын тоог
бууруул" (мэдээж суллахгүйгээр). Энэ бол бараг зүй ёсоор урган гарсан логик
шийдвэр байв. Гулаг дээд цэгтээ хүртэл ачаалж хоригдлуудыг багтаах байр, хүнс,
унд, хувцас хүрэлцэхээ больсон байв. Ийнхүү энэ мөчөөс эхлэн хоригдлууд үй
олноороо үхэж, цувааны дарга нар бүдэрч унасан хоригдлууд дээр бууныхаа цэцийг
Иван Семёнович Карпунич Брейвэны (өмнө нь 12-р корпус болон 40-р дивизийн
удирдагч байсан) дурсамжиндаа бичсэнээр Колымагын хорих газарт энэ үед хоол,
ажил, шийтгэлийн маш харгис систем хэрэгжиж эхэлсэн юм. Хоол хүнс олдохгүй
байснаас хоригдлууд үхээд 7 хоног болон муудаж ялзарч эхэлж буй адууны махыг
уралдан идэж байв. Ютины Голдфийлдэд машин механизм тослохоор аваачсан
тосноос хоолондоо хэрэглэж байв. Мылгад тэд яг л бугын мах мэтээр Исландын
хархны мах идэцгээж байв. Маш олон "өнгөрөгчдийг" (өөрсдөө явж чадахгүй болсон
хоригдлууд) бусад одоохондоо арай тэгж сульдчихаагүй хоригдлууд нь дамжилж,
тулж түшин ажлын байрлуу авч явдаг байв. Хойно үлдсэн хоригдлуудыг
бороохойгоор жанчиж нохойгоор тасчуулдаг байв. Фарангейтын 50 хэм хүйтэн
байхад ч хоригдлуудад гал түлж дулаацахыг хориглодог байв. Харин хулгайчуудад
зөвшөөрдөг байв.
Нормоо биелүүлж чадаагүй хоригдлуудыг (нормоо биелүүлж чадаагүй гэж юу гэсэн
үг вэ ингэхэд? Нормыг нь хулгайчууд дээрэмдчихдэг байсан юм чинь.) хорихын
дарга Зелдин шийтгэдэг байв: өвөл хоригдлуудыг уурхайн аман дээр нүцгэлэн
зогсоож байгаад дээрээс нь хүйтэн ус асгаад хорих лагерь хүртэл буцааж гүйлгэдэг
байв. Зун бол гарыг нь хойно нь уян шонгоос хүлээд үүл мэт бүрхсэн шумуулын
хоол болгодог байв. Энэ үед харгалзагч шумуулнаас хамгаалах тор зүүсэн байдаг
байв. Энэ бүхний дараа тэд хоригдлыг винтовны бөгсөөр цохиж зодоод ганцаар
хорих байранд хорьдог байв.
Яваандаа хоногт 14 цаг ажиллахыг, хасах 50-60 фарангейтын хүйтэнд ажилуулахыг
хэвийнд тооцож эхлэв... Гэсэн ч хоригдлууд яаж ийж тэсээд тэгтлээ ихээр
хорогдохгүй л байв. Тиймээс ч удалгүй "Гаранины буудлагууд" эхлэв. Энэ бол
жинхэнэ аллага байсан юм. Заримдаа тэд тракторын нүргэлэх чимээг ашиглан,
заримдаа ямар ч чимээ ашиглалгүй шууд бууддаг байв. Олон хорих газрууд
бөөнөөр устгах газар болж нэр нь түгсэн: Оротукан, Полярны Спринг, Свистопляс,
Аннушка, тэр бүү хэл газар тариалангын Дукча... байв. Эд нараас хамгийн
алдартай нь Золотисты Голдфилдс, Серпантинка 2 байсан юм.
Юглагын хорих газрын дарга Николай Андревич Агланов хүрч ирэхдээ
хоригдлуудыг өмнөө жагсааж байгаад ямар нэг өө сэв, алдаа гаргасан бригад,
хоригдлуудыг дуудан жагсаалаас гаргаад гар бууныхаа дайзыг хоосортол буудаж,
цогцоснуудыг булалгүй тэнд нь хаядаг байв. Серпантинкад тэд ганцаар хорих
байрны дээврийн доорх зайд эгнүүлэн зогсоож байгаад өдөр бүр 30-50 хүн буудаж
цаазалж дараа нь цогцоснуудыг трактороор чирэн өөр газар аваачиж хаядаг байв.
Мөн өөрөөр уурхайд нүдийг нь боож аваачин толгойных нь араас юм уу хажуугаас
нь хулхи руу нь буудаж дуусгадаг байв. Ингэж буудах үед хэн нэг нь эсэргүүцсэн
тухай дурсамж огт байдаггүй. Хожим нь тэд Серпантинкад буудлагатай холбоотой
бүх зүйлийг устгаж, тэр ганцаар хорих байрыг нураан, уурхайг булж бөглөсөн гэдэг.
Алт ухаж буй бусад байруудад нь цаазлуулсан хүмүүсийн талаар "хувьсгалын
эсэргүү", "цувааг доромжилсон", "норм биелүүлээгүй" хэмээн том үсгээр бичсэн
хуудсууд өлгөсөн байдаг байв. Дараа нь Охотскийн тэнгисээс шинэ хоригдлуудыг
Серпантинкаруу явуулах ажил хойшлоод байсан тул тэд алтны нормоо биелүүлэх
үүднээс хоригдлуудыг буудахаа хэсэг завсарласан. М.И.Кононенко буудуулахаа
хүлээн жил гаруй болж байгаад амьд үлдсэн юм.
Дэглэмээ улам чангатгахаар бодож олсон өөр нэг арга нь шинээр ялын хугацаа
оноох явдал байв. Хорих лагеруудад данс бүртгэл тооцоо хөтөлдөг албаныхан нь
ял нь дуусаад суллагдах дөхөж байгаа хоригдлуудыг 80-100-гаар нь бөөгнүүлэн
тэдэнд тус бүрт нь дахин шинээр 10 жилийн ялын хугацаа оноож байгааг зарладаг
байв... Ийнхүү ольтриг хоёрдахь таван жилээ дүүргэж тэднийхээр бол
социализмруу орж эхлэв.
Дайн эхэлснээр ольтриг тэр чигээрээ донслов. Хорих газрынхан хоёр янзын зан
байдал гаргаж эхлэв. Нэг хэсэг нь хоригдлуудад илүү зөөлөн хандаж, зарим хорих
газрын дэглэм суларч эхэлсэн бол харин бусад зарим хорих газрууд дэглэмээ улам
чангаруулж 58-ынхныг улам бүр чангалж, тэднийг суллагдахаас нь өмнө цаазлах
болно гэж амалж байв. Дайны эхэн үед ер нь дайн эхэлсэн гэдгийг ч маш олон
хоригдлууд мэдээгүй байсан юм. Дайны ялагдлын үед хорих ангиудад байсан чанга
яригчууд дуугаа хурааж таг чиг байдаг байв. Уст-Вим лагерь гэнэт хоригдлуудыг
гэрлүүгээ захиа бичихийг нь хориглов. Зарим лагериудад 58-ынхныг бусад
хоригдлуудаас тусгаарлаж, харуулын цамхгууд дээр пулемёт зоож, хоригдлуудыг
"Та нар бол бидний барьцааныхан" хэмээн зарлаж эхлэв. Дайны эхний өдрүүдээс
58-ынхныг суллах явдлыг бүрмөсөн зогсоож, саяхан суллагдсан нэгнийг нь буцаан
баривчилж эхлэв. Ухтагын шоронд 1941 оны 6 сарын 23-нд хэсэг хоригдол
суллагдаад периметрын гадна гаран вагон хүлээж байтал харуулын цэргүүд ирэн
тэднийг хараан "Та нараас болж дайн эхэлчихлээ" хэмээн буцааж баривчлан
хорьсон гэдэг... Дайны бүр эхнээс хүнсий нормыг бууруулав. Гэсэн ч хоригдлууд хэт
сульдан хорих ангиудад ноогдуулсан ажил, бүтээмжийн норм маш ихээр тасалдаж
эхэлсэн тул хүсний нормыг буцаж нэмэгдүүлэв. Дайны хэдэн сарын дараагаас
хүмүүс шинэ амьдралд дасан зохицож эхлэв. Дайнд явах нь явж, хойно үлдэх нь
үлдэж, удирдаж, төлөвлөлт хийгсэд нь ажилдаа орж шинэ хэмнэлээр амьдрал
үргэлжлэв. Хорих лагериуд ч мөн адил. Дайны эхний хэдэн сарын айдас ул
үндэсгүй хэт их айдас байсан нь ил болов....
Орос, зөвлөлтийн шоронгийн хөгжлийг 7 үед хувааж болно. Аль нь хүний хувьд
илүү харгис, хэцүү хүнд байсныг нь хэлэх бэрх юм. Гэхдээ дайны үе дэхь шоронд
анхааралтай хандах хэрэгтэй. Хоригдлуудын хэлж байгаагаар бол "Дайны үед
хоригдож үзээгүй хүн шорон гэж юу байдгийг жинхэнээс нь үзээгүй" гэж ярьдаг.
1941-1942 оны хооронд Вятлагд зөвхөн инженер техникийн ажилчдын байр л
дулаанаар хангуулж, хорих газрын бусад хэсэг нь хүйтэн оршуулгын газар мэт
байдаг байв. Дайны үеийн хорих анги гэдэг бол: илүү их ажил, илүү бага хүнсний
норм, илүү хүйтэн, илүү муу хувцас. Хүмүүс ч айж, үг хэлэхээсээ ч эмээдэг болсон
байв. Дайны фронтруу явахаас нуугдан хорих ангид үлдэж хоцорсон ямар ч
погонтой хүн үг хэлж шаардлага тавьсан хоригдолруу чичлэн "Тэнд фронт дээр
цэргүүд үхэж байна. Хүмүүс цасан дунд хөлдөж байна. Ленинград бүслэлтэнд
байна" гэж хашгичдаг байв... Дайны цаг 58-ынхны хувьд тэсвэрлэхийн аргагүй
байсан юм. Хоёрдахь удаагаа ялын хугацаагаа сунгуулна гэдэг нь тэдний толгойг
ямар ч сүхээр цохьсноос долоон дор байв. Дайнд явахгүй гэж шийдэж, юунаас ч
болов зууран үлдэхээр шийдсэн Аюулгүйн албаныхан өөрсдийнхөөө байгааг,
үлдсэнийг зөвтгөх гэсэн мэт энд тэндээс янз бүрийн бослогууд, хуйвалдаанууд,
эсэргүүчүүдийг илрүүлж эхлэв...
Дайны эхний өдрүүдээс маш олон хоригдлууд фронтод явуулж өгөхийг хүссэн
өргөдлүүд гаргав. Мөн хоригдлууд ажлаа эх орны төлөө гэж зарлан хийж эхлэв.
"Нүүрсээ төлөвлөгөөнөөс давуулъя- энэ бол Ленинградын гэрэл гэгээ" ,
"Минимётын сумаар цэргүүдээ хангацгаая". Жидинецын хоригдлууд цалингаа
цуглуулан танк үйлдвэрлэхэд хандивлах уриалга хүртэл гаргаж байв... Энэ бүхний
хариуд дайны дараа хулгайчууд, хоригдлуудад өршөөлийн хууль гаргасан бөгөөд,
харин 58-ынхныг Тусгай хорихуудруу ачсан юм...
Тавдугаар бүлэг
Ольтриг юун дээр зогсоно вэ?
10 сарын хувьсгалын дараахнаас шинэ засгийн газарт зарим хүмүүс ял шийтгэлийн
тухай үзэл бодлоо хандуулж эхэлсэн юм. 1919 онд Петр Стучка "ЗСБНХУ-ын
эрүүгийн хуулийн зарчимууд" гэсэн номоо хэвлүүлсэн. Шийтгэл гэдэг нь өшөө авалт
биш, буруугаа гэмшүүлэх явдал ч биш харин нийгмийг хамгаалахын төлөө хийж буй
үйл явдал юм" гэж тодорхойлсон. Шоронд хорих явдал бол "нийгмийг хамгаалж буй
юм" гэж нэгэнт тодорхойлогдсон бол энэ нь буудах, эсвэл хорих гэдгээс өөр аргагүй
болгох болно. Хэрвээ хувь хүн өөрөө буруугүй бол тухайн хүнийг ангийн үзэл дээр
үндэслэн буруутгаж болох уу? Эрүүгийн хууль тогтоомжийн үндэс 1924 онд
хуульчлагдаж, 1926 онд шинэ эрүүгийн хууль батлагдав. Энэхүү хуулинд "гэм
буруу", "шийтгэл" гэсэн ойлголт байхгүй байсан ба харин "нийгмийн аюул",
"нийгмийг хамгаалах" гэсэн нэр томъёонууд нь хөндөгдөлгүй хадгалагдаж үлдсэн.
Мэдээж ингэх нь ашигтай байв. Энэ нь маш өргөн цар хүрээтэй ойлгогдож болох
нэр томъёо байсан бөгөөд үүн дээр үндэслэн хэнийг ч, юунд ч буруутган хорьж
болох байв... Дараа нь 1934 онд "дахин хүмүүжүүлж болох бүхнийг хүмүүжүүлнэ"
гэж зарлав. Өөрөөр хэлбэл тэнд дахин хүмүүжигдэж болохгүй хүмүүс гэж байна
гэсэн үг байв.
1926 оны Эрүүгийн хуулийн 9-р зүйлэнд "Нийгмийг хамгаалах нь хүнээс хариу өшөө
авах, хувь хүний бие махбодийг зовоох, нэр төрийг доромжлон гутаах зорилгогүй
байх ёстой" гэсэн байдаг байв. Энэ зүйлийг би хэлэхэд прокуроруудын нүд нь
эргэлдэж гайхаж, эгдүүцдэг байв. 20 жил ажиллаж, тэтгэвэртээ гарах гэж байгаа
мөртлөө энэхүү 9-р зүйлийн тухай хэзээ ч сонсоогүй, өөрөөр хэлбэл гартаа
эрүүгийн хууль ч барьж үзээгүй хүмүүс зөндөө байдаг байв.
Манай эрүүгийн хуулийн талаар манай улсад айлчлалаар ирж Гулагуудаар явж
үзсэнийхээ дараа Нью Йорк мужийн дээд шүүхийн шүүгч Лейбовиц Life сэтгүүлд
өгсөн ярилцлагандаа "Ялаа эдлэж байх үедээ хоригдлууд нэр төрөө алдаагүй
хэвээр байна" гэж хэлж байв. Энэ бол түүний харж ойлгосон зүйл байв. Ийм мулгуу
шүүгчтэй Нью Йорк муж ч үнэн азтай юм даа! Хэнийг ч үл хайхарсан, ойрын
хараатай, хариуцлагагүй гадаадынхан та нар тэмдэглэлийн дэвтэр, үзгээ бариад
Кемийн шоронд шоронгийн даргынх нь хажууд хоригдлоос юм асууснаараа, бодит
байдлын тухай ямар ч ойлголтгүй мөртлөө өөрсдөө энэ талаар мэддэг юм шиг
ярьснаараа та нар бидэнд ямар их гай тарьсан гээч. Хүний нэр хүнд гэж юу вэ? Нэр
хүндийн талаар юу мэдэх вэ?
Хаант засгийн үед хамжлага зарц нар өглөө нар мандахаас нар шингэх хүртэл
ажилладаг байв. Харин манай хоригдлууд үүрийн бүрэнхийгээс шөнө хүртэл
харанхуйгаас харанхуй хүртэл ажиллаж байв. Хамжлагууд Ням гаригийг ёс болгон
тэмдэглэж, амарч өнгөрүүлдэг байв. Харин хоригдлууд бямба гариг бүрийн үдэш
маргааш ажиллах амрахаа үл мэдэн түгшдэг байв. Ням гаригт ч гэсэн ямар ч
амралт байхгүй. 5 сарын нэгэн, 11 сарын 7-нд бүр ч зовлонтой. Хамаг зүйлс нэгжиж,
тусгай дэглэм тогтоох тул амралт авснаасаа ч долоон дор болно. Хамжлага зарц
нар, хаант засгийн үеийн хоригдлуудад өөрийн гэсэн байр байдаг байв. Тэд өөрийн
байртай, өөрийн хувцастай, өөрсдийн хоол хүнсний хэрэгсэлтэй. Харин зөвлөлт
засгийн хоригдлууд өвөл нь зуны хувцсаа хураалгаж, зун нь өвлийн хувцсаа
хураалгаж ямар ч өөрийн гэсэн өмч хөрөнгөгүй байсан. Хамжлагууд үнээ тахиа
тэжээх эрхтэй байдаг байсан бол хоригдлууд арван жил болохдоо сүү ууж өндөгний
бараа ч харалгүй бараг мартсан байв. Хамжлагуудыг заримдаа эзэд нь бусдад
зарж, гэр бүлээс нь хөндийрүүлдэг байсан ч үүнийг ард нийтээрээ дургүйцэн үзэж,
орос орны түүхэнд ийм явдал ердөө хэдхэн мянган удаа л гарсан байх. Харин
хоригдлуудын хувьд зөвлөлт засаг хэдэн саяар нь гэр бүлүүдийг салгаж байв.
Хэрвээ ах дүү, эхнэр нөхөр, гэр бүлийнхэн ял эдэлж байгаа бол тэднийг бие
биенээсээ хол зайтай, тусдаа лагерьт хорих бүхий л арга хэмжээг авдаг байв.
Ольтригийг төр удирдлагаас гурван зүйл дээр тулгуурлахаар бодож тооцсон нь:
ялгаатай хүнсний норм, ажлын бригади, хоёр төрлийн босс байв. Үүнээс гадна өөр
нэг зүйлийг нутгийнхан буюу хоригдлууд бодож олон хэрэгтэй цагт түүн дээрээ
түшиж, тулж найдаж байв. Тэр нь "тухта" юм. Ялгаатай нормыг бүр Френкэлийн үед
бүх нийтээр хэрэглэх болсон нь үр дүнтэй байв. Гэсэн ч хоригдлууд үүнд нь зохих
янзаар хандаж байв... Новшнууд, залхуу амьтад. Тэд сайн ажиллаж урамшуулал
авахаас зайлсхийж байна. Тэд сайн ажиллаж хоногоо хасуулж, нэрээ самбар дээр
бичүүлэхээс зайлсхийж байна...
Бригад: хүн төрөлхтөн ажлаар дамжиж хөгжих болно. Хүний хувьд хамгийн чухал
зүйл бол ажил. Харин ажлыг коллективаар хамтарч хийх ёстой гэж манай
сонинуудад бичиж байв. Бригадын дарга нар нь ихэвчлэн хулгайчууд байдаг байв...
Янз бүрийн тохиолдолд бригадын дарга нар нь амьд үлдэж бригадууд нь харин
үхэж дуусах тохиолдол олон гардаг байлаа... Бригадын гишүүдийн тоо хэдий чинээ
цөөн байна төдий чинээ тэд хамтдаа амьд үлдэх сонирхол ихтэй байх бөгөөд бие
биедээ илүү их өөриймсөг тусалдаг байв.
Хоёр төрлийн боссууд: шоронгуудын хөгжлийн явцад хэдийгээр хүнд суртал ихтэй
байсан ч гэсэн шоронгийн захиргаа, ажилтнуудыг хоёр хэсэгт хуваан ангилж,
тэднийг хооронд нь ялгаатай байлгаж, хооронд нь бас өрсөлдүүлэх нь шоронгийн
аюулгүй байдал, хоригдлуудыг тэд нар уралдан шүүсийг нь шахахад системд
хэрэгтэй байснаас ийнхүү хоёрдмол дарга нарын бүтэц үүссэн юм. Үйлдвэр,
материал, багаж хэрэгсэл, тээвэрлэлт нь нэг боссын гарт байх бөгөөд түүнд хүч хүч
дутагддаг. Түүнд хэрэгцээтэй хүн хүчийг өглөө болгон цувааныхан авчирч өгөн
орой болтол 10-12 цаг түүний мэдэлд үлдээнэ. Энэ 12 цагийн хооронд хоригдлууд
ажлын норм хариуцсан дарга нарын мэдэлд үлдэх бөгөөд хоригдлуудыг дахин
хүмүүжүүлэх ямар ч шаардлага байхгүй. Ажлаа хийж байгаад хоригдлууд үхсэн ч
энэ нь нормын дарга нарт ямар ч асуудал биш. Үнэндээ хоригдлыг "актлах" нь
хулгайд алдсан самбар, тос актлахаас амархан байв. Тэдний хувьд хоригдлыг илүү
их ажиллуулж ажлынх нь бүтээмжийг илүү доогуур тооцох сонирхол их байдаг байв.
Учир нь лагерьт зардал их гарч, маш их зүйл дутагдаж, янз бүрийн замаар
шамшигдаж, хулгай гарч, лагерын бусад хэлтэс газруудын даалгавар дутуу
нормдоо хүрдэггүй байсан тул нэгнийх нь давуулсан нормыг бусдад нь гүйлгэн
тэгшитгэх замаар лагерь төлөвлөгөөгөө биелүүлж байв. Үүний тулд хоригдлуудын
ажлыг багаар үнэлэх нь чухал байв. Нөгөө боссууд нь лагерын захиргааныхан байв.
Ажлын бүтээмжийн дарга нарын төлөвлөгөө, хорих ангийн МВД-ын дарга нарын
төлөвлөгөө ямагт хоорондоо зөрөлддөг байв.
Тухта: тухта хийхийн тулд эрч хүчтэй, аж ахуйч ухаантай бригадын дарга, тэр
тусмаа зекүүдээс байх хэрэгтэй байдаг байв. Тэдний зарим нь төлөвлөгөө зохиогч,
норм тогтоогч, эдийн засагч хоригдлууд байдаг байв. Учир нь хорих ангиуд байгаа
тэр алсруу барагтай бол энгийн эрх чөлөөтэй хүмүүс тийм ажил хийхээр явдаггүй
байв. Ийм албан тушаалууд дээр очсон зарим зекүүд нь өмнө нь хэн байснаа
мартаж чөлөөт хүмүүсээс илүү зэвүүн харгис болдог бол зарим нь төрөлх
ольтригийнхондоо өөримсөг ханддаг байв.
Василы Григоревич Власов мөн тийм хүн байв. 19 жил хоригдохдоо тэр нөгөө л эрч
хүчтэй шийдэмгий хэвээр байсан юм. Аж ахуй, захиргааны ажилд гүйлгээ ухаантай
байсныхаа ачаар тэрээр лагерийн үйлдвэрлэлийг хариуцсан чухал албан тушаалд
томилогдож байсан бөгөөд чармайлтынхаа хүчээр зөвхөн өөрийнхөө төдийгүй
бусад олон хүний амь насыг аварч байсан юм. 40-өөд онд Уст-Вимын модны
үйлдвэрийн лагерт тэрээр төлөвлөгч, норм тогтоогчын ажлыг нэгэн зэрэг хариуцан
хийж байв. Тэр өвлүүдийн нэг нь бусдаас илүү хүйтэн ширүүн байв. Бүх хүчээ
дайчилсан ч зекүүд нормт ажлынхаа 60-хан хувийг хийж дөнгөсөн ч тэдэнд хүнсний
нормыг нь 125-иар бодож өгсөн юм. Тийнхүү нэмж хүнс олгосны хүчинд л
хоригдлууд тэр ширүүн өвлийг давж гарсан. Хэдийгээр цаасан дээр норм
биелэгдсэн харагдаад байсан ч мод ачаалах төлөвлөгөө хугацаанаасаа хожигдож
байсан бөгөөд түүний хажуугаар хорих ангийн дарга түүний талаар цуу үг сонссон
байв. 3-р сард хорихын дарга комисс гарган ажлын байран дээр шалгалт хийхэд
үйлдвэрлэлийн даалгавар 10500 куб яард модоор дутаж байгааг илрүүлэв. Лагерын
дарга уурлан Власовыг дуудав. Власов очсоноо "Даргаа бригадуудад 5 өдөр л
өгчих. Залхуу новшнууд цас их байгаа болохоор модоо татаж авчраагүй байна.
Шинэ комисс гаргаад намайг даргаар нь тавьж өгөөч гэв" Түүний дараа Власов
офисоосоо гаралгүйгээр дахин албан бичиг боловсруулж, түүндээ гээгдсэн
дүнзнүүдийг олсон гэж хэрхэн олсноо тайлбарлан бичив. Лагерын дарга тайвширч
гайгүй болов, гэхдээ түр хугацаанд. 5-р сард дахиад л дүнзний норм биелэгдэхгүй
тээвэрлэлт бага явж дутагдаад байгаа тухай асуудал үүсэж, дээгүүр албан
тушаалтнууд тэд нараас асууж лавлаж эхлэв. Лагерын дарга дахин Власовыг
дуудав "Чи яаж хуурамч бичиг баримт хийж чадаж байнаа? " Хариуд нь Власов "Та
тэгвэл өөрөө шоронд суумаар байна уу? 10 мянга 500 куб яард гэдэг бол эрх
чөлөөтэй хүний хувьд ч гэсэн бүтэн 10 рублын дэвсгэрт гэсэн үг. Чекист байлаа ч
гэсэн тавт гэсэн үг." Дарга түүнийг харааж загнав. Гэсэн ч дэндүү оройтсон байв. За
яахав одоо яах вэ? Бүх зам харгуй шалбаагаар дүүртэл хүлээх хэрэгтэй байна гэж
Власов хариулав. Зун болоход өвлийн замууд бүгд арилж, замууд шавар намагаар
дүүрч юугаар ч нэвтрэхийн аргагүй болов. Энэ үед Власов шинэ тайлан бичиг
авчран түүнд гарын үсэг зуруулахаар өгөв. Тэр бичигт нь, өнгөрсөн өвөл маш
амжилттай ажиллаж арван мянга таван зуун куб ярд мод боловсруулсан ч
тээвэрлэлтийн асуудал шийдэгдэх боломжгүй байсан, одоо ч гэсэн намаг, шавраас
болоод татаж чадахгүй байгаа тухай тайлбарласан байв. Ийнхүү энэ удаашрал нь
хэт сайн ажилласнаас болсон гэсэн тайлбарт үндэслэсэн тул хорихын
захиргааныхан энэ бичгээ хэнд ч үзүүлэхээс нүүр улайгаагүй бөгөөд нөгөө асуудал
болоод байсан 10500 куб ярдыг актлах шийд гаргажээ. Ийнхүү цаасан дээр унагаж,
боловсруулж, ачихад бэлэн болгосон байсан моднуудыг акталснаар- нөгөө моднууд
дахин ургах боломжтой болсон. Балансын хуудсанд дурдагдаагүй тоо баримтын үр
дүнд хэдэн зуун мянган мод тайрагдалгүй үлдэж, тэр өвөл хэдэн зуун хоригдлын
амь нас аврагдаж үлдсэн юм... Энэ бүх үйл явдлууд нь улсыг тонож, хувь хүн
өөрийгөө баяжуулж ашиг олохын төлөө биш харин амьд үлдэхийн төлөө байсан
юм. Хоригдлууд энэ талаар "Хэрвээ тухта байгаагүй бол хэзээ ч сувгуудыг татахгүй
байсан юм" гэж ярьцгаадаг. Ийм л зүйлс дээр ольтриг тогтнож байв...
Наймдугаар бүлэг
Эмэгтэйчүүд лагерьт
Яаж тэдний тухай байцаалтын үеэр ч гэсэн бодохгүй байх билээ дээ. Тэгээд ч
дөнгөж хажуу талын камерт эмэгтэйчүүдийг хорьж байхад шүү. Нэг л шоронд, нэг
дэглэмийн доор, тийм тэсвэрлэхийн аргагүй байцаалтыг яаж тийм сул дорой
амьтад тэсэж гарах билээ?
Эмэгтэйчүүдийн эмч Н.И.Зубов өөрөө шоронд 10 жил өнгөрүүлсэн бөгөөд тэрээр
шоронд маш олон удаа эмэгтэйчүүдийг үзэж зөвлөгөө өгдөг байв. Тэрээр,
баривчилгаа, байцаалт, гэр бүлээсээ хол байхыг эмэгтэйчүүд илүү хурцаар мэдэрч,
эрэгтэйчүүдээс ч илүү хурцаар хариу үйлдэл үзүүлж эсэргүйцдэг гэж ярьдаг.
Баривчлагдсан эмэгтэйчүүд сэтгэл санаагаар илүү хүчтэй шаналж, улмаар үүнээс
болж тэдний сарын тэмдэг нь ирэхээ больдог байна.
Тэд байцаалтын үеэр юу бодож ямар өчүүхэн зүйлд ач холбогдол өгч яаж
хандаж байсан нь намайг маш их гайхшруулсан. Залуухан, хөөрхөн Надя
Суровцева байцаалтруу очихдоо хоёр өөр оймс углаж өмссөн байсан бөгөөд
байцаалтын үеэр байцаагч нь хөлрүү нь ширтээд байхад маш их ичиж байсан гэж
ярьдаг. 1943 онд Том Любянкад хоригдаж байсан Александра Острецово ширээн
доороо нуугдаж, харгалзагч орж ирэхэд оргосон байна гэж айлгадаг байснаа, аль
эсвэл байцаалтруу явахдаа нүүрэндээ улаан өнгийн жүүс түрхдэг байснаа, мөн
байцаалтын урд орой нь маргааш ямар даашинз өмсөх тухайгаа хоорондоо
ярилцдаг байснаа ярьсан. Аргагүй, Острецова тэр үед сахилгагүй, дэггүй, залуухан
бүсгүй байсан юм. Тэгвэл өөр нэгэн нас тогтсон эмэгтэй эрдэмтэн Н.И.П...ва
халбагаа ирлэдэг байсан гэдэг. Яах гэж хоолойгоо хэрчих гэж үү? Үгүй. Үсээ боох
гэж.
Красная Пресняд би эмэгтэйчүүдийг тээвэрлэж байхтай таарсан юм. Маш их
гайхсан зүйл гэвэл тэд миний бодож байсан шиг тийм туранхай биш, бид нар шиг
цонхийсон байгаагүй юм. Бүгдэд ижил норм, ижил хүнсний норм олгосон нь
эмэгтэйчүүдийн хувьд тийм ч чанга байгаагүй бололтой. Тэд тийм ч хурдан өлсөж,
турдаггүй бололтой.
Гэсэн ч бидний хувьд ч тэр, эмэгтэйчүүдийн хувьд ч тэр дамжин өнгөрөх бол дөнгөж
цэцэг байсан юм. Харин жинхэнэ жимс нь сүүлд лагерт гарах байв. Тэнд нэг бол
нугарч, хугарч, эсвэл дасан зохицох болно. Лагерт бүх зүйл эсрэгээр, бүх зүйл
эмэгтэйчүүдэд илүү хатуу байдаг байв. Хамгийн эхлээд шоронгийн бохир заваан
байдал. Дамжин өнгөрүүлэх тээвэрт бохир заваан орчин байж байсан эмэгтэйчүүд
лагерт ирсэн ч илүү цэвэрхэн байдлыг олдоггүй. Ерөнхийдөө байдаг л нэг дундаж
лагерын хувьд бол ямар ч эмэгтэй, эмэгтэйчүүдийн бригадад ч гэсэн төдийлөн
цэвэрхэн, угааж цэвэрлэх боломжгүй байдаг байв. Халуун ус маш ховор. Заримдаа
халуун битгий хэл ус ч олдохгүй. Зарим газар ямар ч ус олдохгүй байгаа нь зөвхөн
мөс. Харин түүнийг хайлуулах зүйл байхгүй. Мэдээж угаалга хийх газар байхгүй.
Усанд орох уу? Лагерт анх ирэхэд нь эмэгтэйчүүдийг усанд оруулдаг. Лагерт усанд
оруулдаг газар шинээр ирж байгаа нүцгэн эмэгтэйчүүдийг яг л бараа худалдаж авч
байгаа юм шиг янз бүрээр үзнэ. Ус байсан ч байгаагүй ч лагерийн хамгийн доод
зэрэглэлийн ажил болох үсчингүүд эмэгтэйчүүдийн толгой, суга, бэлэг эрхтний
үсийг хусаж бөөс хуустай эсэхийг нь шалгана. Ингэх нь тэдэнд шинээр ямар
эмэгтэйчүүд ирж байгааг тухтай харах боломж өгнө. Үүний дараа бусад
итгэмжлэгдэгчид үзнэ. Энэ бол бүр Соловецкийн арлаас үүдэлтэй нэг ёсны заншил
юм. Тэр үед ядаж жаахан ичингүйрч, эмэгтэйчүүдийг ерөнхий ажил хийж байхад нь
сонжиж хардаг байсан бол ольтриг хатуурахын хэрээр процедур ч гэсэн илүү эрээ
цээргүй болсон юм. Федот С болон түүний эхнэрийг лагерт ирэхэд эмэгтэйчүүдийг
хонгилоор бөөнд нь биш харин ганц ганцаар нь нүцгэн явуулж лагерын бусад
итгэмжлэгдэгсэд ханын хоёр талаар зогсон сонжин харж байсан гэж ярьдаг. 20-иод
оны үед 6 -7 эрэгтэйд нэг эмэгтэй ноогдохоор хоригдлуудын хүйсний харьцаатай
байв. 30-аад оноос эмэгтэйчүүдийг бөөнд нь баривчлах болсон ч хүйсийн харьцаа
алдагдсан хэвээр байдаг байв. Зарим лагерт арай соёлтой байдаг байв. Эхлээд
эмэгтэйчүүдийг лагертай танилцуулж, сайн хоолосны дараа лагерын албан
тушаалтнууд, трастигууд орнуудын дундуур тухтай явж сонголтоо хийдэг байв. Тэд
сууж ярилцаж, тэгээд "сонголтоо" өөрийнхөөр нь зочлохыг урина. Нөгөө урьсан
туслах ч гэсэн ганцаараа тусдаа байранд биш харин өөр хэд хэдэн хоригдолтой цуг
нэг кабинд байна. Гэхдээ тэдэнд өөрсдийн гэсэн хайруулын таваг хоолны хэрэгсэл
байх бөгөөд эмэгтэйг шарсан төмсөөр дайлна. Итгэмээргүй зүүд. Эхний удаад
эмэгтэйг зүгээр л хооллож, энд байгаа нөхцөл байдал, лагерийн бусад газар дахь
нөхцөл байдлыг харьцуулан бодох боломж олгож буцаан явуулна. Харин зарим нэг
тэсвэргүй туслахууд нь шарсан төмснийхөө дараа шууд "төлбөр" хийхийг нэхнэ.
Зарим нь тайлбарлана. Чамд аятахан нөхөрсөг замаар санал тавьж байхад чи
өөрөө сонголтоо хий хонгор минь Энд байвал ийм нөхцөлд байна, ийм ажил хийхэд
чинь би туслана, чи юм угааж болно... Эмэгтэйчүүд янз бүрийн шийд гаргана.
Тэгээд ч эмэгтэйчүүдэд бүгдэд нь ч ийм санал тавиад байдаггүй. Ирээдүй бүрхэг,
харанхуй, зэрлэг, үнэндээ ямар ч ирээдүй байхгүй. Ийм шийдвэрүүдийг ээж шигээ
эмэгтэйчүүдтэй цуг хоригдож байгаа жижигхэн охидууд, залуухан бүсгүйчүүд гаргах
ёстой болдог байв. Ер нь шоронд залуухан охид бүсгүйчүүд хамгийн задгай болдог
байв.
Хэрвээ үгүй гэвэл яах вэ? Тэгвэл чи эргэн тойрноо хар л даа. Хувцсаа өмсөөд
ойруу яв. Чи удахгүй мөлхөж, өвдөг сөгдөх болно. Хэрвээ чи лагерьт ирээд удаагүй
байхдаа зөв шийдвэр гаргавал чи Эрүүл мэндийн хэлтэст, гал тогоонд, санхүү
даамал, оёдлын тасаг, угаалгын хэсэгт ажил хийж он жилүүд өнгөрсөн ч яг л эрх
чөлөөнд байгаа юм шиг боломжийн нөхцөлд байх болно. Шинэ газар шилжүүлэгдэн
очсон ч эхнээсээ яаж хандахаа эмэгтэйчүүд мэддэг болсон байв. Тэдний хувьд
хамгийн амжилттай нүүдэл нь аль нэг даргын үйлчлэгч болох явдал байв...
И.Н. өмнө нь армийн командлагчийн эхнэр байсан бөгөөд гайгүй бие хаатай байв.
Түүнийг лагерьт ирэхэд Бүртгэл ангилалын даргын нүд шууд л түүн дээр туссан
бөгөөд түүнд даргын өрөөний шал угаах ажил санал болгоход энэ бол жинхэнэ аз
хэмээн тэр шууд зөвшөөрсөн. Ингэснээр тэрээр зөөлхөн ажил хийж, амар хялбар
замаар ялаа дуусгах боломжтой болж байв.
Хэрвээ чи эрх чөлөөтэй байгаа хэн нэгэнд хайртай бөгөөд түүндээ үнэнч хэвээр
байхыг хүсвэл яах вэ? Чи эмэгтэй бие цогцосоо хадгаллаа гээд ямар ашиг гарах юм
бэ? "Чамайг эрх чөлөөтэй болох үед чи хэнд хэрэгтэй байх юм бэ?" Энэ бол
эмэгтэйчүүдийн чихэнд дахин дахин хангинадаг үгс юм. Чи хөгширч, үрчлээ сууна.
Хэдий зэрлэг бүдүүлэг ч гэсэн энэ амьдралаас ч гэсэн ямар нэг юмнаас зуурч авсан
нь дээр биш үү? Тэгээд ч лагерьт хэн нь ч хэнийгээ буруутгадаггүй нь ямар ч шийд
гаргасан эмэгтэйчүүдэд амар байв. "энд хүмүүс бүгд л ингэж амьдарч байна"
Амьдралд нь ямар ч зорилго, ямар ч хүсэл мөрөөдөл үлдээгүй гэсэн баримт юу ч
хийсэн нээлттэй болгож байв. Хэрвээ сайн дураараа шийд гаргахгүй бол хүчээр
шийд гаргуулж байв, хэрвээ гайгүй царайтай бол хамгийн зөрүүд байсан ч гэсэн
хүссэн хүсээгүй орлуу очиж байв: "Бууж өг".
Москвагын Калуга Гейтын ойролцоо нэгэн жижиг лагерь байдаг байв. Тэнд өмнө нь
снайпер байсан лейтенант М- очсон юм. Тэр яг л үлгэрийн мэт царайлаг байв.
Хөгшин бүдүүн ажилтан Исаак Бершадар түүнийг худалдаж авахаар шийдэв. Тэр
бол намхан бүдүүн хөгийн амьтан, харин нөгөө бүсгүй өндөр гоолиг хөөрхөн байв.
Гэсэн ч Исаак амьсгаа авах аргагүй болтол нь түүнийг шалж байв. Үгэнд нь орохгүй
болохоор Исаак түүнийг ерөнхий ажилд томилоод зогсолгүй харгалзагч нараар
дээрэлхүүлүүлж элдвийг нь үзэж байв. Түүнчлэн дараагийн ачилтаар түүнийг өөр
илүү муу нөхцөлтэй лагерьлуу явуулна гэж сүрдүүлж байв. Нэг үдэш, лагерын гэрэл
унтарсан хойно М эмэгтэйчүүдийн байрнаас гарч Бершадарын агуулахын өрөөний
хаалгыг тогшихыг би өөрийн нүдээр харсан. Түүнээс хойш М лагерь дотор илүү
таатай нөхцөлд байх болсон...
Хэн нэгэн санал тавина гэж хэтэрхий удаан хүлээсэн хүүхнүүд заримдаа өөрсдөө
эрэгтэйчүүдийн байрлуу очдог байв. Тэгээд эгнээ хоорондуур яван нэгэн хэмийн
хоолойгоор "Хагас кило, хагас кило" хэмээн хэлэн алхдаг байв. Хэн нэгэн түүнийг
нь зөвшөөрвөл тэрээр давхарласан вандан орны гурван талруу нь алчуур буулган
майхан мэт болгон дотор нь орон нөгөө ажлаа хийн талхаа олдог байв. Бусад
хүүхнүүдээсээ цуглуулан вандан ороо майхан мэт болгох нь үүний нийтлэг бэлтгэл
байв. Гэхдээ үүнээс ч энгийн байх нь бий. Кривошчековогын лагерьт 1947-49 оны
хооронд байдал дараахь байдалтай байв. Энэ лагерьт хулгайчууд, улс төрийн бус
хэрэгтэй хоригдлууд, насанд хүрээгүйчүүд, тахир дутуу, эмэгтэйчүүд, хөхүүл эхчүүд,
гэх мэт бүгд холилдсон байдаг байв. Лагерьт эмэгтэйчүүдийн ганцхан байр байсан
ч тэнд 500 эмэгтэй хоригдож байв. Албан ёсоор бол эмэгтэйчүүдийн байранд
эрэгтэй хүн орохыг хориглосон байдаг ч хэн ч үүнийг сахиулдаггүй, хэн дуртай нь
тийшээ ордог байв. Тийшээ зөвхөн эрчүүд ч биш, 12-13тай хөвгүүд хүртэл ордог
байв. Тэгээд юу болж байгааг ажиглаж хардаг байв. Хангалттай бүтээлэг, алчуур
даавуу хүрэлцэхгүй байсан уу, даавуугаар хааж халхлах зүйл байдаггүй, дээр нь
байранд өдөр ч шөнө ч гэрэл асаалттай. Хэдийд ч орно тэнд ямагт бүгдийн нүдэн
дээр нууж хаах зүйлгүйгээр хэд хэдэн газар секс хийж байдаг байв. Хөгшин нас,
царай муутай байх нь л эмэгтэйчүүдэд хамгаалалт болж байв. Царайлаг байх нь
бараг хараал байв. Царайлаг хүүхнүүдийн ор байнга элдэв зочноор шаваастай
байдаг байв. Тэд түүнд янз бүрийн санал тавина, зодно гэж заналхийлнэ, хутга
тулгана. Түүнд бууж өгөхөөс өөр сонголт байхгүй, гагцхүү хэнд нь бууж өгвөл бусад
олон зочдоос, хутганаас хамгаалах вэ гэдгийг л шийдэх хэрэгтэй. Заримдаа
эрчүүдээс гадна эмэгтэйчүүд хоорондоо муудалцаж, атаархаж, жөтөөрхөж бие
биенээ дээрэлхэнэ. Эмэгтэйчүүд тэр алс газар маш цөөн байсан тул зөвхөн лагерь
дотор хоригдлуудын хувьд ч биш бусад хүмүүсийн хувьд ч эрэлт ихтэй байв.
Эмэгтэйчүүдийг зөвхөн хоригдлуудаас гадна ажлынх нь байран дээр харуулууд,
цэргүүд, чөлөөт ажилчид оролддог байв. Колымад гудамжны бүлэг хүчин, секс маш
их газар авсан байв. К.О-д ийм явдал тохиолдсон гэж тэр ярьдаг. Түүнийг болон
бусад эмэгтэйчүүдийг Элгенрүү зөөвөрлөж явах замдаа ачааны тэрэгний жолооч
хөзөр тоглон мөрийндөө тэр хүүхнүүдийг алдсан бөгөөд хариуд нь тэрээр
хүүхнүүдийг шөнө машинтай авч явж байхдаа замын хажууд аваачиж буулгахад
барилгын ажилчин эрчүүд тэр хүүхнүүдийг, К.О-г ч бас бөөнд нь хүчиндсэн гэдэг.
Ажлын тухайд ямар вэ? Эрэгтэй эмэгтэйчүүд холилдон ажиллаж байгаа үед
эмэгтэйчүүдийн хувьд харьцангуй гайгүй. Харин дан эмэгтэйчүүд бригад болон
ажиллаж байгаа үед нөхцөл байдал илүү хүнд байдаг байв. Эмэгтэйчүүд ямар ажил
хийдэг байв: Елена ачигчаар ажиллаж байсан бөгөөд тус бүр нь 175-200 паундын
(60-80 кг) шуудай үүрдэг байв. Ажил- гайхамшигт ажил.
Амьдралд юу ч эрх тэгш биш. Ялангуяа лагерь дотор энэ нь бүр ч тодорхой
харагддаг. Хүн бүр ч тийм найдваргүй байдаггүй. Зарим залуучууд илүү сайн,
хөнгөн ажил хийдэг байв. 19-тэй Наполная Калуга Гейтэд краны оператор хийдэг
байв. Тэр яг л сармагчин шиг краны хошууруу дээшээ авирч гараад тэндээсээ ийш
тийшээ залан доор телефон байхгүй учир тэндээсээ ажиллаж байгаа хэсгийн
ахлагч, ажилчидруу хай, хөөе хэмээн хашигрдаг байв. Түүний хувьд бүх зүйл
цоглог, сайхан, баяр хөөртэй байдаг байв. Тэр ямагт инээмсгэлэл дүүрэн явдаг
бөгөөд түүнд хүнсний нормыг 140 хувиар бодож өгдөг, түүнд бүгд сайн, түүнд ямар
ч дайсан аюултай биш байв, "загалмайлсан эцэгийг" (аюулгүйн албаны дарга) л
тооцохгүй бол шүү дээ.
Сачкова 19-тэй хөдөө аж ахуйн засан хүмүүжүүлэх ангид хуваарьлагдсан бөгөөд
тэнд идэж уух зүйл элбэг, тиймээс амьдрал хөнгөн байв. "Би ургац хураах нэг
машинаас нөгөө машины хооронд дуу аялан гүйдэг байсан" гэж тэр ярьдаг. Дараа
нь түүнийг тундрын хүйтэн Норилскруу шилжүүлэв. Тэнд ч гэсэн тэрээр "би бага
байхаасаа ийм газар ирж үзэхийг хүсдэг байсан юм" гэж ярьж байв. Хугацаагаа
дуусгаад тэр тэнд чөлөөт иргэн болж үлдсэн....
1944 оны 11 сарын 27-ны Ардын Комиссарын тогтоолоор хүн шоронд орсон
тохиолдолд түүний гэр бүлийг автоматаар цуцлагдсан тооцох тухай зарлиг
гаргасан... Зекүүдийг гэр бүлээ мартахыг ийнхүү тушааж байв. Түүнийхээ хамтаар
хорих лагерь дотор өөр ямар нэг романс үүсгэхийг мөн зөвшөөрч дэмждэггүй байв.
Учир нь ингэх нь ажлын нормд сөргөөр нөлөөлөх болно гэж үздэг байв. Үнэндээ
эдгээр задгай хүүхнүүд улс орон болон ольтригийн өмнө хүлээсэн үүргээ умартан,
хаана ч, нойтон газар, модон дээр, замын чулуун дээр, төмөр хавтан дээр дээшээ
хараад хэвтчихнэ. Ингэх нь төлөвлөгөө тасалдуулах болно... энэ нь ч үнэний
хувьтай байв. Үнэндээ зечка (ялтан хүүхнүүд) нар жирэмсэн болж, хуулийн
хүмүүнлэг талыг ашиглаж ялынхаа хугацаанаас хэдэн сарыг ч болов ажил хийхгүй
өнгөрөөх сонирхол ихтэй байдаг байв. Хорих лагерт сэтгэл санааны хайрыг харж
болох байв...
... Монголд ГУЛЖДС-ын лагерт (манай хоригдлууд тэнд 1947-1950 онд төмөр зам
тавьсан юм) эрэгтэйчүүдийн лагерлуу харгалзагчүй явж байгаад 2 охин баригдсан
юм. Харуул тэднийг мориноосоо уян, мориндоо мордож тал дундуур чирсэн гэдэг.
Хэн өнөөдөр тэр охидын, тэр харуулын нэрийг мэдэх билээ? өнөөдөр тэр тухай
хэлсэн ч тэр харуул гайхах болно. Юундаа ичнэ гэж? Тэг гэж тушаасан юм чинь.
Тэгээд ч тэр гичийнүүд юугаа хийж эрчүүдийн байрлуу явж байсан юм бэ? (2-р боть.
241-р хуудас)...
Төрөхөөс нь сарын өмнө хоригдол эмэгтэйг эмнэлэг сувилагч нартай өөр лагерлуу
явуулдаг байв. Төрснийх нь дараа нь хөхүүл эхчүүдэд буюу мамки нарт зориулсан
өөр лагерлуу бас явуулна... Эндээс хоригдлуудын сэтгэлзүй, хэл яриаг ажиглаж
болно. Тэд бүх зүйлийг үнэлсэн биш харин доош нь хийсэн, дорд оруулсан ёжилсон
яриа хэрэглэнэ. Тэд орос хэлний эх гэсэн мать гэдэг үгийг биш харин эхэнцэр гэх
юм уу тэгж орчуулагдахуйц мамка, больниц гэхийн оронд больничка, баяртай
хэмээн свидания гэхийн оронд свиданка, өршөөл буюу помилование гэхийн оронд
помиловка, чөлөөт хүн гэж волний гэхийн оронд волняшка, нөхөртэй эмэгтэйг
женица гэхийн оронд подженица гэж хэлнэ. Түүнчлэн 25 жилийн ялыг бүхэл хорин
тавтын рубль шиг четвертная гэлгүй 25-ын бутархай копейк шиг четвертёка хэмээн
ярилцдаг.
Ийнхүү ёжилж ярилцаж буй нь хоригдлууд архипелагт юу ч жинхэнээсээ биш, бүгд
хуурамч, бүгд муу, бүгд хамгийн доод зэрэглэлийнх гэдгийг илтгэж, түүнийг
эсэргүүцэж, ёжилж гаргадаг юм. Ийнхүү 25 жилийн ялыг 25 рубльээс 25 копеек
хүртэл доош нь хийж ярихдаа хоригдлууд би бол тэр ялнаас ч илүү үнэ цэнэтэй,
түүнээс ч илүү чадалтай, түүнийг туулаад ч гэсэн гарах болно гэдгээ илэрхийлдэг
юм.
... Хөхүүл хүүхдүүдийг арай том болохоор нь эхчүүдийг нь буцааж лагерлуу нь
явуулж үлдсэн хүүхдүүдийг хиймэл хоолонд оруулдаг. Зарим хүүхдүүд үүнийг
даалгүй үхдэг. Харин зарим нь давж гарж дасаж зохицдог. Хүүхдүүдийг арай том
болохтой зэрэг хүүхэд асрах газарлуу явуулдаг. Гэсэн ч тэдний зарим нь гэмт
хэрэгт холбогдож насанд хүрээгүйчүүдийн хориход хоригдохоор ольтригт буцаж
ирдэг...
Дайны өмнөх жилүүдэд ихэнхдээ хоригдол эмэгтэйчүүд хүүхэд олж, жирэмсэн
болохгүй байхыг хичээж чармайдаг байсан. Энгийн иргэдийг аборт хийхийг төр
засгаас дэмжихгүй хориглодог байсан бол лагер дотор эмэгтэйчүүдэд аборт
хийхийг лагерын захиргаанаас дэмждэг байв... Хэрвээ хайртай хүнээсээ олсон
хүүхэд байвал яах вэ? Тэгсэн ч хэрвээ эмэгтэй жирэмсэн болбол түүнийг өөр
лагерлуу явуулж хосуудыг салгах болно. Түүнийг явсны дараа нөгөө эрэгтэй нь өөр
эмэгтэйтэй болохгүй гэх баталгаа юу байна. Тэгээд ч тэд дахин уулзаа ч бил үү?
Бас ямархуу хүүхэд төрөх бол? Хоригдлууд хоол тэжээл дутмаг байдаг байсан тул
гарсан хүүхдүүд ихэвчлэн сул дорой, үлбэгэр бие муутай байдаг байв. Сүүлд нь
хүүхдээ өөр дээрээ авахыг зөвшөөрөх болов уу? (Заримд нь зөвшөөрч, заримд нь
зөвшөөрдөггүй байв.) Хэрвээ өөр дээрээ авахгүй бол сүүлд нь насан туршдаа
шаналж явах болно шүү дээ (зарим мамка нар шанална, зарим нь тоох ч үгүй)
Лагериас суллагдсаныхаа дараа эцэгтэй нь, хүүхэдтэйгээ гэр бүл болох болно гэсэн
итгэлтэй бүсгүйчүүд шийдэмгийгээр хүүхдээ төрүүлдэг байв. Жишээ нь А.Глебовын
гэр бүл. Тэр хоёр шоронгоос гараад 20 жил болж байгаа бөгөөд 2 охинтой. Том
охиноо Унжлагт төрүүлсэн бөгөөд одоо 19-тэй, бага охиноо суллагдсаныхаа дараа
төрүүлсэн одоо 9 настай. Эх болохыг хүссэн эмэгтэйчүүд энэхүү явдлыг сэтгэл
догдлон хүлээдэг байв. Тэгээд ч энэ бол тэдний хувьд цорын ганц амьдрал шүү дээ.
Энэ жижигхэн амьтныг цээжиндээ тэврээд хөхүүлнэ гэдэг- энэ бол хуурамч зүйл
биш, энэ бол 2-р зэргийн гологдол биш жинхэнэ, өөрийнх нь хүүхэд. Харбины охин
Ляаляа өмнө нь төрүүлсэн хүүхдээ харахын тулд дахин төрөхөөр тийшээ очиж
байв. Дараа нь хоёрдахь хүүхдээ харахын тулд гуравдахь удаагаа төрж байв. 5
жилийн ялаа дуусгаад гарахдаа тэр 3 хүүхдээ тэврээд гарсан юм. Хэдийгээр
шоронд янз бүрийн байдлаар эрх чөлөө эрхээ хязгаарлуулдаг ч эх болсноороо
эмэгтэйчүүд богино хугацаанд ч гэсэн яг л чөлөөт иргэн шиг тэгш эрхтэй болж
байгаагаа мэдэрдэг. "Би хоригдол нь үнэн. Гэхдээ миний хүү бол чөлөөт иргэн!"
Тийнхүү тэд яг л чөлөөт хүүхдийн эдлэх эрх, хангамж, асаргааг шаарддаг байв.
Бусад хал суусан хоригдол хүүхнүүд, ялангуяа хулгайч хүүхнүүдийн хувьд эх болно
гэдэг нь нэг жилийг бэрхшээл багатайгаар өнгөрөөж, ялынхаа хугацаанаас хороож
байгаа арга байдаг байв. Тэд өөрсдийн хүүхдээ өөрийн болгохыг ч хүсдэггүй,
харахыг ч хүсдэггүй, амьд үхсэнийг нь мэдэхийг ч оролддоггүй байв.
Хүүхэд төрүүлсэн, асарч байгаа эхчүүдийн хувьд заримдаа тусгай өршөөл гаргаж
(гэхдээ 58-ын эмэгтэйчүүдийг оруулахгүй үлдээдэг) хугацаанаас нь өмнө сулладаг
байв. Өршөөлд хамрагддаг хүүхнүүд нь голчлон хулгайчууд. Эдгээр мамки нар
паспорт бичиг баримтаа авмагцаа л хүүхдээ дагуулж яван хамгийн ойрын галт
тэрэгний буудал дээр хаяад явдаг байв. (нөгөөтэйгүүр тэдний хувьд ч амьдрал
хүнд, тэр эмэгтэйчүүд ч гэсэн шоронд байсантай нь адил хоолны норм маргааш
байхгүй, маргааш цагдаа өөртэй нь яаж харьцахыг мэдэхгүй, хаана ямар ажил олох
нь тодорхойгүй. Хүүхэдгүйгээр амьдрах нь илүү амар байв.)
1954 онд Ташкентын буудал дээр нэгэн үдэш намайг байж байхад тэнд хонгилын
нөгөө талд гуч гаруй хоригдлууд саяхан суллагдсан бололтой маш их дуу чимээ
гаргаж байв. Эрчүүд нь хөзөр тоглоцгооч, мамки нар нь ямар нэг зүйлийн талаар
маргалдацгааж байв. Тэгж байтал нэг ээж хашгирч босож ирснээ хүүхдээ хөлнөөс
нь татан толгойгоор нь цементэн шалан дээр цохичихов. Корридорт байсан хүмүүс
уулга алдав. Эх хүн байж! Яаж эх хүн ингэж чадаж байнаа!... Тэр бол үнэндээ
жинхэнэ эх хүн биш харин мамка байсан гэдгийг харин тэр эрх чөлөөт хүмүүс
мэдэхгүй байв.
1946 оноос эмэгтэйчүүд эрчүүдийг хооронд нь тусгаарлан байрлуулж эхэлж, 1948
он гэхэд ер нь бүрэн тусгаарлаж дууссан. Тэднийг тус тусдаа арлуудруу илгээж,
хэрвээ нэг арал дээр бол хооронд нь өргөст тороор тусгаарлаж байв. Гэсэн ч ихэнх
шинжлэх ухаанчаар бодож тооцоолсон үйлдлүүдийн нэгэн адил энэ арга хэмжээнд
ч гэсэн төлөвлөгчдийнх нь санаснаас өөр үр дүн авчирсан юм. Эрчүүдээс
тусгаарлагдсанаар эмэгтэйчүүдийн ажлын нөхцөл эрс хатуу ширүүн болов. Ерөнхий
ажлаас зайлсхийнэ гэдэг нь амьдрал үхлийг шийдсэн асуудал болож хувирав.
Түүний тулд хүүхэд олно, жирэмсэн болохыг эмэгтэйчүүд чармайх болж, ямар ч
хажуугаар өнгөрөх тохиолдол, контактыг алдалгүй ашиглахыг чармайх болов.
Жирэмсэн болно гэдэг нь өмнөх шиг сайн болсон, хайр сэтгэлтэй болсон хоёр
хоригдлыг салгадаг үйл явдал биш болов- угаасаа ганц ухаалаг тогтоолоор тэднийг
аль хэдийн салгачихсан шүү дээ. Ийнхүү нялхсын байранд орсон хүүхдийн тоо ганц
жилийн дотор хоёр дахин нэмэгдэв. Унжлагт өмнөх жил нь 150 байсан бол 1948 онд
300 болж төрсөн хүүхдийн тоо нэмэгдсэн. Харин энэ хооронд нь лагерьт байсан
эмэгтэйчүүдийн тоо нэмэгдээгүй юм... Тусгаарлахын өмнө секс хийнэ гэдэг нь
шохоорхол, лагерын гэрлэлт, тэр бүү хэл хайр сэтгэлийн үндсэн дээр байсан бол
одоо секс гэдэг нь ердөө л завхай, хүсэл тачаал болж хувирсан. Лагерынхан ч энэ
дэглэмээ улам бүр чангаруулж, эхлээд өргөст тороор тусгаарлаж байснаа дараа нь
хориотой бүс тогтоож, дараа нь хооронд нь 2 метрийн өндөр хашаа барьж эхлэв.
Кенгирын лагерт хашаа ч нэмэргүй байв. Хайр хайсан хүмүүс хашаан дээгүүр
үсрээд гарчихдаг байв... Хашаа өндөр болох тусам дурлал сексын Эрос бурхан нэг
дээшээ нэг доошоо бууж хүмүүс нэг бол захидал харилцаагаар хайр сэтгэлийн
холбоо тогтоож, эсвэл бүр шалдаа буун гомосексийн хайр газар авч эхлэв. Захиаг
хашаа давуулж шидэж, эсвэл үйлдвэрт, ажлын байран дээр хаяж үлдээдэг байв.
Захиаг кодолсон байдаг учраас харгалзагч, харуулууд олсон ч уншиж чадахааргүй
байв. Заримдаа хүмүүс нэг нэгийгээ огт танихгүй, огт харж байгаагүй мөртлөө бие
биедээ баяртай гэж бичиж үлдээдэг байсан гэж Галя Венедиктова дурсдаг.
Кенгирын шоронд өмнө нь хэзээ ч бие биенээ харж байгаагүй хос, Литв бүсгүй,
хашааны цаанаас Литв залуутай хуримлаж, санваартан -мэдээж хоригдлын
судалтай хувцастай, түүнийг нь Литвын роман католик заншлаар адилсан
баталгаажуулж, хашааны цаана наанааас тийм үү, тийм ингэнэ тэгэнэ гэж захидал
шидэн хуримаа хийн баталгаажуулж байв...
Тусгаарлагдсанаар эмэгтэйчүүдэд бие сэтгэлзүйн өөрчлөлтүүд орсон гэж
эмэгтэйчүүдийн эмч нар нотолж, хоригдол эмэгтэйчүүд ч өөрсдөө хүлээн
зөвшөөрдөг. Лесби хайр дорхноо үүсч эхлэв. Залуухан дөлгөөн бүсгүйчүүд нь чанга
хахир дуутай, нүдний доогуур хар судалтай бүсгүйчүүдийг хайж эхлэв. Арай
бүдүүлэг, зэрлэгдүү нь "эрэгтэй" болдог байв. Тэднийг харгалзагч нар яаж ч
салгаж, тусад нь байлгасан нэг л мэдэхэд нэг нааран дээр хамт гарчихсан байдаг
байв. Эдгээр "хосуудын" аль нэгийг нь лагерынхан өөр лагерлуу явуулав. Шуурган
драм тоглогдож цамхгын галан доор хүмүүс өргөст торлуу авирч цамхгаас нээсэн
галанд буудуулж байв.
Степлагын Карагандагын салбарт дан 58-ынхнаас бүрдсэн эмэгтэйчүүдийг хорьдог
байв. Тэдний олонх нь аюулгүй байдлын дарга дуудаж байцаахыг сэтгэл түгшин,
догдлон хүлээдэг байсан бөгөөд ингэхдээ ямар нэг байцаалтаас айх биш харин тэр
эр түүнийг өрөөндөө ганцааранг нь оруулан хаалгаа түгжих болов уу гэж найддаг
байсан гэж Н.В дурссан.
Эмэгтэйчүүдийн лагерь бусад лагерь шиг л ачаалалтай байв. 1951 оноос
эмэгтэйчүүдийг мод бэлтгэлд ажилуулахыг албан ёсоор хориглосон. Гэсэн ч жишээ
нь Унжлаг дээр ийм явдал болж байв. Эрэгтэйчүүдийн лагерь нормоо биелүүлж
гүйцэхгүй байв. Тэгмэгц дэлхий ертөнц дээр уул нь үнэгүй байдаг зүйлийн төлөө
төлбөр төлүүлэхээр хоригдлуудыг өдөөх арга бодож олов. Тэд эмэгтэйчүүдийг бас
мод бэлтгэлрүү гаргаж эхлэв. Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийг хооронд нь зөвхөн цанын
мөр л тусгаарлаж байв. Энд ажилласан эмэгтэйчүүдийн нормыг эрэгтэйчүүдийнхээр
бодох байлаа. Люба Берёзинаг тэнд мод бэлтгэлийн эмэгтэйчүүдийн хэсгийн
ахлахаар ажиллаж байхад нь мөрөн дээрээ хоёр таван хошуутай цувааны дарга
түүнд "Хэрвээ танай хэсгийнхэн нормоо биелүүлэх юм бол Беленки чиний кабинд
орох болно" гэж хэлсэн гэдэг. Түүний хажуугаар хүчтэй мод бэлтгэгч эрчүүд, мөн
зарим нь янз бүрийн мөнгө бусад зүйлсээр харгалзагч хуягуудын гарыг цайлгаад
эрэгтэй хоригдлууд эмэгтэйчүүдийн хэсэгрүү 30 минут орох эрх авч байв. Тэнд тэд
30 минутын дотор аль нэг бүсгүйг сонгож, хэрвээ өмнө нь танилцаагүй байсан бол
танилцаж, боломжийн газар олж, тэгээд нөгөө ажлаа амжуулдаг байв.
Яагаад энэ бүх өнгөрснийг ухаж төнхөнө вэ? Яагаад Москвад, хөдөө тосгонд
амьдарч байгаа, гадаадад аялж байгаа, хурлын индэр дээрээс үг хэлж байгаа
хүмүүсийн хуучин шархыг задлана вэ? Хэрвээ энэ бүхэн өнөөдөр ч гэсэн ийм
байгаа юм бол өнгөрснийг дурсах хэрэг юу байна? Тэгээд ч чи дахин давтагдахгүй,
өнгөрсөн зүйлийн тухай л бичвэл ер нь яасан юм бэ?
Есдүгээр бүлэг
Итгэмжлэгдэгсэд
Лагерт шинээр ирж байгаа хүний хамгийн эхэнд сурдаг ойлголт бол тэнэг новшнууд
буюу итгэмжлэгдсэн хоригдол байдаг. Ерөнхий ажилд гардаггүй, бараг хэзээ ч
гардаггүй, нийтийн байранд байдаггүй, үхэх үйл нь тодорхой болж шийдэгдээгүй тэр
бүх хүмүүсийг усан тэнэгүүд гэж нутгийн иргэд бүдүүлгээр дууддаг. 1933 оны
статистикаар шорон, гяндан, лагерт байгаа хүмүүсийн 22 хувийг итгэмжлэгдсэн
хоригдлууд бүрдүүлж байв. Энэ тоог 17-18 хувь хүртэл бууруулсан ч гэсэн энэ нь
нийт хоригдлын 6-ны нэг болох юм. Үнэндээ бодит байдал дээр итгэмжлэгдэгч
нарын тоо үүнээс ч илүү өндөр. Нэг гол зүйл бол ольтригоос амьд буцаж ирэгсэд,
суллагдагсдын дийлэнх хувийг энэ итгэмжлэгдэгч нар эзэлдэг. Бараг амьд үлдсэн
58-ынхны 10-ны 9 нь итгэмжлэгдсэн солиотнууд эзэлдэг байв.
Угаалгынхан, эмнэлгийн туслах, аяга таваг угаагч, халуун усны ажилчид, тогоочын
туслах хуарангийн туслах зэрэг нь бүгд итгэмжлэгдэгсэн придуркууд. Гэхдээ доод
зэрэглэлийнх. Тэд гараараа ажиллах ёстой бөгөөд заримдаа ажил нь хүнд. Гэсэн ч
бүгд сайн хооллоно.
Лагерын талбайн жинхэнэ итгэмжлэгдэгсэд бол тогооч нар, талх зүсэгчид,
агуулахын нярав, эмч, эмчийн туслах, үсчин, соёл боловсролын хэлтсийн
зааварлагч, халуун усны газрын менежерүүд, нарийн боовны менежер, агуулахын
нярав, захидал илгээмжийн хэлтсийн менежер, ажил хуваарьлагч, нягтлан төв
захиргааны бичиг хэргийн ажилтан, лагерын инженер, лагерын дэлгүүрийн аижлчид
байв. Тэд хүнд хүчир ажлаас чөлөөлөгдөхөөс гадна тэд хүнд хэрэгцээтэй бүхий л
зүйлийг эдлэх бөгөөд, түүнээс гадна тэд нөлөөтэй байв. Заримдаа тэд хоорондоо
талцан хоороондоо муудалцаж, нэг нөгөөгөө авч хаядаг. Гэхдээ ихэнхдээ
хоорондоо эв санаа нэгдэлтэйгээр хоорондоо эвтэй байдаг байв. Эдгээр
итгэмжлэгдсэд хэдий чинээ хоорондоо эвтэй, хүчирхэг ажиллана төдий чинээ
лагерын дарга тэдэнд итгэж ажлаа даатгадаг байв. Шоронгийн тээврээр ирж байгаа
хоригдлуудыг авах, явуулах, энгийн мод бэлтгэгчдийн амь амьдрал зэргийг эдгээр
итгэмжлэгдсэн придуркууд шийддэг байв.
Хүн төрөлхтөн каст, анги болон хуваагдсан шиг эд ч мөн дотроо тусдаа эрх дарх
эдлэхийг чармайх болсон. Удалгүй итгэмжлэгдсэн хоригдлууд бусад хоригдлуудтай
цуг нэг байранд, нэг ханзан дээр цуг унтаж, нэг газраас нэг ширээн дээрээс
хооллож, адилхан хувцас өмсөж, нэг газар зэрэг усанд орохыг зохимжгүйд үзэж
эхэлсэн. Тйинхүү итгэмжлэгдэгсэд тусдаа өрөөнд нэг хоёр, дөрөв, наймаараа байх
болж өөрсдийн сонгосон хоолыг идэж, хоол хүнс нууцаар өөрсөндөө нууцаар
нийлүүлж, бусад хоригдлуудын зүгээс эсэргүүцэл шаардлага доромжлол
амсалгүйгээр лагерь доторх бүхий л албан тушаал местийн талаар хоорондоо
ярилцаж, хүмүүс, бригадуудын хувь заяаг шийдвэрлэх тухайд ярилцдаг байв. Тэд
чөлөөт цагаа бусдаас тусдаа өөрсөн дундаа өнгөрүүлнэ. Мөн бусдаас өөр байж,
зиндаархах гэсэндээ бусад хоригдлоос өөрөөр хувцаслахыг чармайна. Хэрвээ
тухайн лагерьт хар судалтай буюу энгийн хантааз илүүтэй ноёлж, өмсөгдөж байвал
тэд хар хөх хантааз өмсөнө. Хэрвээ хар хөх өнгийн судалтай хувцас зохилж байвал
хар өнгийнхийг өмсдөг байв.
Ажлын холбогдолтой итэмжлэгдсэн придуркууд ихэвчлэн инженерүүд, техникчид,
байгуулалтын дарга, дэлгүүрийн ахлах, төлөвлөгч, нормчлогч, нягтлан, нарийн
бичиг, бичээч нар байдаг байв...
Тулааны талбарт байдгийн нэгэн адил, лагерьт ч гэсэн ярилцаж хэлэлцэх цаг зав
байхгүй. Хэрвээ итгэмжлэгдэгч болох боломж гарвал шүүрээд л авах хэрэгтэй.
Олон жил өнгөрч. Бидний зарим нь амьд үлдэж харин нөхөд маань үхэж
үрэгдэцгээжээ. Мэл гайхан цочирдсон эрх чөлөөт хүмүүс болон юмыг үл хайхрахаа
болсон бидний үр ач нарын өмнө бид тэрхүү дотроо ямар ч хүмүүнлэг зүйлгүй
ертөнцийг бага багаар нь дэлгэн харуулж байна. Энэ бүхнийг хүмүүнлэгийн
шалгуураар үзэх ёстой юм. Энэ бүхний нэгэн маргаантай хүмүүнлэгийн, ёс
суртахууны хувьд маргаантай асуудал нь итгэмжлэгдэгсэд буюу придуркууд юм.
Лагерын тухай зохиол бичихдээ би мод бэлтгэгчийн дүрийг сонгосон. Учир нь
түүнээс өөр хэн ч лагерь доторх тэр харилцаануудыг мэдэрч олж харж чадахгүй.
Миний зохиолын баатрын зарим хэлсэн хурц үгс, өмнө нь итгэмжлэгдэгч байсан
хэсэг хүмүүсийн эгдүүг хүргэсэн. Үнэндээ, би өмнө нь хэлсэн, ольтригоос амьд
үлдэгсдийн аравны ес нь итгэмжлэгдэгч нар байсан юм гэж. Тиймээс ч Дяковын
ольтригийн талаар бичсэн “Амьд үлдэгчийн дурсамж” хэмээх ном нь
итгэмжлэгдэгчийн дурсамж байсан юм...
Миний бодлоор хар ажил, хүнд ажил хийлгүй амьд үлдэж чадсан би бол сэхээтэн
хүн гэж өөрсөөрөө онгирох нь утга учиргүй юм. Ийм нөхцөлд орсон бол оросын
өнгөрсөн зууны сэхээтнүүд гагцхүү нөхдөө, рийн ах д гээ боолын хдлмрс
цуг аварч чадсан тохиолдолд л сая өөрсдөөрөө бахархах байсан юм. Тэгээд ч Иван
Денисовичод офисын ажил хийх бололцоо байгаагүй юм. Хэрвээ өдөр бүр ажилд
гарахдаа, ажлаа хийж байхдаа хараадаг байсан бол Иван Денисович яаж арван
жилийг туулж давж гарах байсан юм бэ? Хэрвээ өдөр бүр хараадаг байсан бол
Иван Денисович хамгийн түрүүнд таарсан боломжийн гогцооноос өөрийгөө дүүжлэх
байсан юм. Энэ нэгэн гайхалтай ер бусын түүхийн тухайд тэгвэл юу гэж хэлэх вэ?
Павел Челпюнов бүтэн 7 жил дараалан мод бэлтгэх ажил хийсэн юм. Хэрвээ тэр
энэ ажилдаа ямар нэг утга учир, сонирхол олж хараагүй бол тэр амьд үлдэхгүй
байлаа. Ингэж тэр амьд үлдсэн юм: түүний байсан лагерийн дарга нь байнгын
хэдэн ажилчиддаа илүү анхаарал тавьдаг байсан бөгөөд юуны өмнө тэдний гэдсийг
дүүрэн байлгаж, дараа нь амжилттай ажиллаж хөдөлмөрийн рекорд тогтоосон
хэдийгээ гал тогоонд шөнө ажиллах зөвшөөрөл олгодог байв. Энэ бол тэдний
ажлын бонус байлаа. Бүтэн өдөр мод цавччихаад дараа нь Челбюнов гал тогоонд
шөнийн 2 цаг хүртэл аяга таваг угааж, төмс арилгаж ажилладаг байв. Харин дараа
нь гэдсээ дүүртэл идээд унтахаар явах бөгөөд үүр цайтал 3 цаг хувцсаа ч
тайлалгүй унтдаг байв. Дараа нь бонус болгож түүнийг нэг сар талх цавчигчаар
ажилуулсан бөгөөд мөн бонус болгож, түүнийг өөрийгөө бэртээхэд нэг сар эмнэлэгт
хэвтүүлсэн юм. Рекорд тогтоогч тул хэн ч түүнийг өөрийгөө бэртээсэн гэхгүй байв.
[Тэдний ажлын галд нь нэг эмэгтэй хулгайч байдаг байв. Тэрээр жин шалгагч,
агуулахын менежер гэсэн хоёр итгэмжлэгдэгчтэй цуг байрладаг байв. Үр дүнд нь
тэр эмэгтэйн ажлын галынхан нормоо давуулан биелүүлдэг байсан бөгөөд тэдний
ажлын морь Герчик ямагт сайн хооллож, ачаагаа ч сайн зөөдөг байв. Харин бусад
галуудын морьд ажлынхаа биелэлтээр хооллож байв. (Би хөөрхий хүмүүс гэж
хэлэхээсээ залхаж байна. Энэ тохиолдолд тэднийг Морь гэж дуудъя л даа!)] Хэрвээ
чи сайн ажилладаггүй бол, хэрвээ хийж байгаа ажлаасаа утга учир олохгүй бол,
ажилдаа шингэж орохгүй бол 7 жил мод цавчиж ажиллаж чадах уу? Тэд намайг
хооллог хариуд нь би ажиллаад л байя, ажиллаад л байя гэж хэлдэг байлаа гэж
Челпюнев хэлдэг. Тэрээр завсаргүй цагаачлах аргад сурсан байв. Мод гүйцэд
уналгүй нэг мөчир дээрээ тогтож байхад нь түүнийг цавчиж мөчрүүдээс нь салгадаг
байв. Дараа нь тэр модыг өөрийнхөө хүссэн талруу унагаж сурав. Дараа нь тэр
газар гадас зоогоод тэрэн дээрээ мод унагадаг канад модчины тухай түүхийг
литвчуудаас сонсоод түүнийг туршиж үзэв… Итгэмжлэгдэгчдийн ажлын байр бол
буруугаар ашиглаж болох чухал албан тушаалууд байдаг байв…
Аравдугаар бүлэг
Улс төрийнхөн
Улс төрийнхөн гэдэг хэллэг, ял хэзээнээс хэрхэн хэрэглэгдсэнийг бид мөрдөн
судалсан… Хоригдсон хүмүүсийн тухайд гэвэл тэд КР- контр революционерууд
буюу хувьсгалын эсэргүү нар байсан юм. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр
хувьсгалын эсэргүү гэдэг нэр томъёо ч арилж эхлэв. – Тэгвэл “Ардын дайсан гэж
нэрлэе л дээ”. Энэ илүү дээр сонсогдож байв. Хэрвээ бид өөрсдийн тооцоогоо
давалгаанууд дээр тулгуурлавал, бид энэ зүйл ангиар яллагдсан хоригдлуудын тоог
тогтоогоод, тэр тоогоо гурваар үржүүлж – доромжлогдсон, хөөгдсөн, гүтгэгдсэн
тэдний гэр бүлийнхний тоог гаргаж болно. Ингэвэл бид түүхэнд анх удаагаа ард
түмэн өөрсдөө өөрийнхөө дайсан болсныг – нууц цагдаагийн газар маш
амжилттайгаар үүнийг гүйцэлдүүлснийг олж харах болно.
Нэгэн оёдолчин зүүгээ юман дээр тогтоохдоо хажуугийн ханан дээр байсан сонин
дээр зоожээ. Тэгсэн зоосон зүү нь тохиолдлоор Кагановичын нүдэн дээр зоогдсон
байв. Үүнийг ажигласан хэрэглэгч энэ тухай мэдээлснээр оёдолчин терроризм
хийсэн гэсэн шалтгаанаар 58-р зүйлээр 10 жилийн ял авав.
Худалдагч хүүхэн зарлагаас бараа худалдаж аваад нэг сонины тасархай дээр тэр
тухай тэмдэглэл бичив. Өөр цаас тэнд байгаагүй. Хэдэн ширхэг саван авсан тоо нь
нөхөр Сталины духан дээр таарч бичигдсэн байв. 58-р зүйл. 10 жил.
Знаменкогийн Машин, Тракторын Станцын тракторын жолооч нимгэн ултай
гутландаа Зөвлөлтийн Дээд зөвлөлийн тухай плакат авч уран улавч хийж өмсөв.
Тэр плакат алга болсныг нэг эмэгтэй мэдэж хайгаад, хэн авсныг нь олов.
Хувьсгалын эсэргүү үйлдэл-10 жил.
Тосгоны клубын менежер манаачтайгаа цуг нөхөр Сталины цээж баримал авахаар
явав. Тэр нь том, хүнд байв. Тэд хоёулаа түүнийг гар дээрээ өргөөд дамжлаад
явбал болох л байлаа. Гэсэн ч менежерийн статус нь түүнд өргөж явах ичгэвэртэй
байв. “За яахав чи үүнийг аваад яв, алгуурхан.” Манаач яаж авч явах учраа олохгүй
байв. Хажуудаа барих гэхээр гар нь хүрэхгүй. Урдаа тэвэрэхээр урагшаа
тонгорцоглочих гээд, бас нуруу нь өвдөөд байв. Сүүлд нь тэр арга бодож олон олс
зангидан, баримлан Сталины хүзүүгээр дүүжлүүр шиг оосорлоод мөрөн дээгүүрээ
давуулан үүрч авч явав. Энэ нь хүн бүхний нүдний өмнө болсон маргах аргагүй
хэрэг байлаа. 58-8. Терроризм, 8 жил.
Далайчин эр нэг англи хүнд Катюша тамхи асаагуур сувенир болгож 1 паундаар
зарчихав. Эх орны нэр төрийг унагалаа – 58- 10 жил.
Уурандаа малчин эр аяар нь болохгүй байсан үнээг харааж “Муу хамтралын …” гэж
хараав. Үүний төлөө тэр 10 жил авав.
Эллочка Свирская нэгэн сайн дурын уран сайхны концертэн дээр жаахан эмзэг
агуулгатай дуу дуулчихав. Энэ бол ил тод бослого! 58- 10 жил.
Дүлий, жаахан ухаан муутай мужаан хувьсгалын эсэргүү хэргээр ял авав. Яаж? Том
зааланд байсан бүх зүйлийг зөөж гаргасан байв. Тэнд ямар ч өлгүүр, хувцас
өлгөчих хадаас ч байсангүй. Ажлаа хийж байхдаа тэр гадуур хувцсаа Лениний цээж
баримал дээрээс нөмрүүлчихэв. Хэн нэгэн хүн үүнийг нь харжээ. 58-10 жил.
Дайны дараа намайг лагерт байхад тэнд Максимов гэдэг нэртэй эр Ветлугагаас
ирсэн юм. Дайны эхээр тэрээр агаарын эсэргүүцэх ангид алба хааж байв. Өвөл
тэднийг улс төрийн коммиссар дуудан цуглуулж 1942 оны 1 сарын 16-ны өдрийн
Правда сонинг уншиж ярилцахыг даалгав. Тэгээд комиссар тэдэнд хандан “Бид энэ
өвөл л германчуудыг сайтар цохих хэрэгтэй, тэгвэл тэд хавар дахин босож ирж
чадахгүй гэв” Дараа нь комиссар Максимовыг үг хэл гэв. Максимов “Тэр үнэн шүү.
Бид новшнуудыг өвөл цасаар шуурч байхад сайн балбах хэрэгтэй. Тэдэнд өвлийн
хувцас, эсгий гутал байхгүй дээр нь. Гэхдээ бид ч бас өвлийн хувцас эсгий гуталгүй
л байна шүү дээ. Гэхдээ хавар болбол тэд тоног төхөөрөмжөөрөө илүүрхээд бидэнд
бүр ч дийлдэхгүй болно” гэж хэлжээ. Түүний дараа нь юу ч болоогүй юм шиг улс
төрийн комиссар алга ташив. Дараа нь Максимовыг СМЕРШ-ийнхэн дуудаж түүнд 8
жил оноов. Яасан гэхээр – “Германчуудын тоног төхөөрөмж, хэрэгслийг магтсан” –
58-р зүйл.
Хамтралын фермийн клуб дээр хүүхдүүд хоорондоо муудалцаж зодолдов. Тэдний
нэг нь нуруугаараа налан тэнд байсан зарим ханын сонин, ухуулга плакатуудыг
унагасан байв. Хүүхдүүдийн хамгийн ахмад 2-ыг нь 58-р яллав.
16-тай чуваш хүү ханын сонин орос хэл дээр хийж байхдаа үг үсгийн алдаа гаргасан
байв. Энэ түүний төрөлх хэл биш шүү дээ: Тэгсэн ч 58-р зүйлээр 5 жил.
Улсын фермын нягтлан бодох албаны байранд “Амьдрал сайхан боллоо, Амьдрал
илүү хөгжилтай боллоо (Сталин)” гэж бичсэн лоозон байдаг байв. Харин тэгтэл хэн
нэгэн дүрсгүй нь улаан харандаагаар зураас татан зурчихсанаар уг лоозон Сталины
хувьд гэж уншигдахаар болов. Тэд буруутай этгээдийг хайсангүй. Харин нягтлан
бодох албаныхныг бүгдээрэнг нь 58-аар яллаж гулагруу цөлөв.
Ямар ч утга учиргүй. Гайхалтай. Ямар ч эрүүл ухаангүй. Үгүй ээ огт утга учиргүй ч
биш юм. Энэ бол “айлган сүрдүүлэх замаар ятгах терроризм байв”. Тэгээд ч манай
ардын үгэнд “Хэрээг цохь, тахиаг цохь ... эцэст нь хунд хүрч л таараа” гэдэг шүү
дээ. Нэгнийх нь араас нөгөөг нь цохиод л бай. Тэгж байтал аль нэг нь онож л
таараа. Масс террорын утга учир нь: хичнээн сайн нуугдлаа ч гэсэн хичнээн
зоригтой бууж өгөхгүй байлаа ч гэсэн сохор азаар оногдож ялагдах болно... Ямар ч
хамаагүйгээр, эсвэл зориуд хэн нэгнийг баривчлахын тулд ямар ч утга учиргүй ял
тулгадаг байсан гээч!
Смоленскын мужын Григорий Ефимович Генераловыг “Маш их архи уудаг. Яагаад
гэвэл тэр зөвлөлт засгийг үзэн яддаг” хэмээн буруутгасан. Тэр 8 жилийн ял авсан
юм.
Ирина Тучинскаяаг сүмээс гарж ирэхэд нь баривчлав. Түүнийг Сталинг үхээсэй гэж
залбирсан гэж буруутгав. (Хэн ингэхэд түүний залбирахыг сонссон юм бэ?)
Терроризм! 25 жил.
Артилерын инженер Сергей Стапанович Федоровыг залуу инженерүүдийн сурж
боловсрох явдлыг удаашруулж байна гэж буруутгаж ялласан. ШУА-ын харилцах
гишүүн Игнатовскийг 1941 онд баривчлахдаа “Чи 1908 онд Германд байхдаа
Зөвлөлт засгийн эсрэг тагнуул хийхээр германы талд урвасан” гэж буруутган
яллажээ. Гайхалтай. Энэ даалгавараа биелүүлэхийн тулд тэр дэлхийн нэгдүгээр
дайныг алгасан, дэлхийн нэгдүгээр дайны үед хаант засгийн армид үнэнчээр
байлдчихаад, харин түүний дараа 30 жилийн дараа гарах дайны үеэр тагнуул болж
ажиллах гэсэн болж таарч байгаа юм.
Улс төрийн хэргээр 58 оноох шалтгууд, шалтгаанууд нь:
- удирдагчийг доромжлох
- Коллектив, фермийн талаар сөрөг хандлага гаргах
- Төрийн зээлийн талаар сөрөг хандлагатай байх (ямар эрүүл хүн эерэг
хандлагатай байх юм бэ?)
- Сталинч үндсэн хуулийн талаар сөрөг хандлагатай байх
- Намаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тухай сөрөг хандлага гаргах
- Троцкийг өмөөрөх
- АНУ-д нөхөрсгөөр хандах
- …. гэх мэт
… Улс төрийн хоригдлууд гэдэг бол ийм л хүмүүс байсан юм. Гэхдээ жинхэнэ улс
төрийн үзэл бодолтой хоригдлууд байсан юм. Олон ч байсан юм. Тэд өөрсдийгөө
золиосолж байсан юм. Тэгвэл тэд яагаад ямар ч үр дүнд хүрээгүй юм бэ? Энэ
талаар сүүлд өгүүлэх болно.
Арван нэгдүгээр бүлэг
Лоялистууд
Тэгтэл би ууртай хоолойнуудыг сонсов. Нөхдийн тэвчээр дуусчээ. Тэд миний бичсэн
номыг тасхийтэл нь хааж, чулуудаж, түүн дээр нулимана.
“Энэ сүүлийн судалгаа, дүн шинжилгээ чинь жинхэнэ төөрөгдөл байна. Энэ бол нэр
төр гутаасан явдал. Тэр улс төрчид гэж хэнийг хэлээд байгаа юм? Санваартнууд,
технократууд, сугуулийн дэггүй хүүхдүүд үү? Жинхэнэ улс төрчид гэдэг бол бид.
Бид, цуцашгүй, нугаршгүй улс төрчид бид байна. Жинхэнэ ортодокс, болор мэт
тунгалаг хүмүүс бид байна.” (George Orwell тэднийг 1984 зохиолдоо Goodthinkers
гэж нэрлэсэн байдаг)
Тиймээ, манайд хэвлэгддэг хэвлэлүүдээс үзвэл зөвхөн та нар л ял эдэлж, та нар л
зовж зүдэрсэн хүмүүс. Та нар л ганцхан үг хэлж, ярьж бичих эрхтэй хүмүүс. За
яахав тэгвэл ярилцъя л даа.
Улс төрийн хоригдлууд гэж: юуны төлөө, яагаад хоригдож байгаагаа мэддэг, тэр
үзэл бодолдоо үнэнч нугаршгүй коммунист хүн байх ёстой гэсэн шалгуур тавьбал
манай уншигчид та бүхэн хүлээн зөвшөөрөх үү? Хэрвээ зөвшөөрч байгаа бол
хариулт нь энд байна: манай нөгөө нугаршгүй, цор ганц зүйлд итгэдэг үнэнч бат
коммунистууд үзэл бодолдоо үнэнч байсан юм. Гэхдээ гагцхүү юуны төлөө ял
эдэлж байгаагаа мэддэггүй байлаа. Тиймээс тэднийг улс төрийн гэж үзэх
боломжгүй.
… Зарим хүмүүс камерт хоригдож байхдаа жинхэнэ коммунист болж жүжиглэдэг
байв. Ингэснээр камер дахь мэдээлэгч түүний талаар нааштай үг байцаагчид
дулгана гэж итгэдэг байв. Жинхэнэ улс төрийн үзэл бодолдоо үнэнч хүмүүс гэвэл
ийм байлаа. Олга Слиозбергын нөхөр хэдийн баривчлагдаж тэд гэрийг нь нэгжиж,
түүнийг бас баривчлахаар ирсэн байв. Тэд түүний гэрийг 4 цаг нэгжиж байх хооронд
тэрээр Стахановитын конгресс дээр тавигдах тайлан илтгэлийн үгнүүдийг хянаж
засаж редакторлоод сууж байв. Тэр тэндхийн нарийн бичиг байлаа. Хурлын бичиг
баримтыг дутуу үлдээх нь түүнд үр хүүхдээ үлдээхээс ч хэцүү мэт байв. Тэдний
гэрийг нэгжиж байсан байцаагч хүртэл түүнд хандаж “Алив хүүхүүддээ баяртай гэж
хэлээч” гэж шаардаж байв. Казаны урт хугацаагаар хоригддог хоригдлуудтай
шоронд байсан Елизавета Цветковад 15-тай охиноос нь захидал ирэв. “Ээж, надад
хэлээч, надад хариу бичээрэй. Би таныг буруугүй гэж бодож байна. Хэрвээ та
буруугүй бол би тэднийг уучлахгүй. Би Комсомольд элсэхгүй. Харин таныг буруутай
бол би таньд дахиж бичихгүй, таныг үзэн ядах болно” Ээж нь чийг болсон камертаа
уй гашуу болов: яаж охин нь Комсомолгүй амьдрах юм бэ? Яаж тэр Зөвлөлт засгийг
үзэн ядаж болох юм бэ? Тэрний оронд намайг үзэн ядсан нь дээр. Тэгээд тэр “Би
буруутай… Комсомольд ор” гэж бичжээ…
Амьдралд нь тохиолдож буй явдал, эргэн тойронд нь болж байгаа хүчирхийлэл,
шоронгийн тухайд тэднээс асуухад тэд намд, зөвлөлт засагт, Сталинд ямар ч буруу
үл халдааж, намаа, засгаа, Сталинг буруугүй гаргах гэж зүтгэцгээдэг. “Миний
баривчлагдсанд зөвлөлт засаг буруугүй”, энэ дүүргийн, мужын албадуудад
хувьсгалын эсэргүү нар орчоод нугалаа гаргаж байна, нөхөр Сталин энэ талаар
мэдсэн бол ч ингүүлэхгүй л дээ. Тэд наана нь хамаг холбоо хрилцаа тасалж
бөглөчихөөд нөхөр Сталинд, намын удирдлагуудад байгаа байдлыг мэдэгдүүлэхгүй
байна гэж тайлбарладаг байв.
Миний анд Панин бид хоёр Столыпины вагоны тасалгааны дунд талын орон дээр
хэвтэж байв. Бид нөгөө давсалсан загасыг нь идэлгүй халаасандаа хийчихсэн
учраас тэгтлээ ам цангаж мэдрэгдэхгүй байв. Тэгж байтал явдал дундаас манай
тасалгаанд марксист эрдэмтнийг оруулж ирэв. Бид сонирхон түүнтэй үг
солилцохоор доош тонгойв. Гэвч эхний хэдэн үгнээс л түүнрүү нэвтрэх аргагүй юм
байна гэдгийг ойлгов. Тэхээр нь бид жаал зугаацаж, янзыг нь үзэхээр байраа солин
доош буув:
- Сайн байна уу
- Сайн уу
- Нэг их чихцэлдэхгүй байна уу
- Гайгүй
- Лонхон дотор удаж байна уу
- Хангалттай удаан
- Талаасаа өнгөрсөн үү?
- Дөнгөж
- Тийшээ хардаа: манай тосгод ямар ядуу байгааг хар даа. Сүрлэн дээвэгтэй,
нурж унаж байгаа байшингууд
- Хаант засгийн үлдэгдлүүд
- Гэхдээ зөвлөлт засаг 30 жил тогтоод байгаа биз дээ
- Энэ бол түүхийн хувьд маш өчүүхэн хугацаа
- Хамтралын фермерүүд өлсөцгөөж байна?
- Чи зуухан доторхийг нь өлийж үзсэн юм уу?
- Манай тасалгаанд байгаа фермерээс л асуучих
- Шоронд орсон хүн бүхэн бусдад дургүйцсэж, өширхсөн хандлагатай болсон
байдаг юм
- Гэсэн ч би өөрийнхөө нүдээр фермүүдийг харж байсан
- Тэгвэл тэд нар чинь хэвийн бус байж л дээ (ямаан сахалт өөрөө өмнө нь тэр
фермүүд дээр хэзээ ч очиж байгаагүй болохоор түүний хувьд ингэж бодох нь
их л амархан байв)
- Настайчуулаас асуул даа: хаант засгийн үед тэд сайн хоол идэж, сайн
хувцаслаж, олон хоног амардаг байсан гэж
- Би асуух ч үгүй. Өнгөрснөө магтах нь хув хүмүүсийн зуршил. Үхсэн үнээ нь
ямагт амьдаасаа хоёр дахин илүү сүү өгдөг гэж ярьдаг шүү дээ. [заримдаа
тэр бүр зүйр үгнүүдээс иш татна гээч] Тэгээд ч манай хүмүүс амралтанд
дургүй. Тэд ажил хийх дуртай.
- Тэгвэл яагаад олон хотод талх хомсдоод байгаа юм бэ?
- Хэзээ?
- Жишээлбэл яг дайны өмнө
- Худлаа. Үнэндээ дайны өмнө бүх зүйл болж бүтэж байсан юм
- Сонсож бай, тэр үед Волга мөрөнг дагасан бүх хотуудад хэдэн мянган хүмүүс
очерлож байсан юм.
- Зарим орон нутгийн хангамжийн асуудал доголдсоных байх. Гэхдээ илүүтэй
чиний санах ой чинь буруу бодоод байх шиг байна.
- Тэгвэл одоо ч гэсэн хомсдол байна шүү дээ
- Хөгшин эхнэрүүдийн яриа. Манай улсад 7-8 тэрбум пүүд гурил байгаа.
- Улаан буудайнууд бас ялзарч байна.
- Үгтхон ч үгүй. Манайхан шинэ улаан буудайнуудын сортыг амжилттай
хөгжүүлж байна.
- Олон дэлгүүрийн лангуу хоосон байна шүү дээ
- Орон нутагт түгээх ажил доголдсоных
- Үнэ нь өндөр байна.
- Манай үнэ бол шинжлэх ухаанч аргаар тооцож боловсруулан хамгийн
шударга үнэ
- Цалин бага байна
- Тэднийг мөн ШУ-ны аргаар тооцож гаргасан.
- Тэгвэл ажилчид ихэнх цагаа улсад үнэгүй ажиллахаар тооцсон юм байна л
даа.
- Чи эдийн засгийн тухай юу ч мэддэгүй юм байна. Ингэхэд чи ямар
мэргэжилтэй вэ?
- Инженер.
- Харин би эдийн засагч. Нэмүү өртөг гэдэг бол энд ямар ч бололцоогүй зүйл.
- Тэгвэл яагаад өмнө нь зөвхөн аав нь ажиллаад гэрээ тэжээж болоод байдаг
байсан бол одоо 2-3-уулаа ажиллахад хүрч байгаа юм бэ?
- Учир нь өмнө нь ажилгүйдэл байгаад ажил хийх боломжгүй байдаг байсан
юм. Тиймээс өлсгөлөн байсан юм. Одоо харин бүгд ажил хийх бололцоотой
болсон. Эхнэр хүн ажилласнаар илүү тэгш эрхтэй болж байгаа юм.
- Тэгш эрх гэж чи ямар чөтгөрөө яриад байгаа юм бэ? Хэн гэрийн ажил хийх
юм бэ?
- Нөхөр нь туслахгүй юу
- Тэгвэл чи яадгий, чи тусалдаг уу?
- Би гэрлээгүй.
- Тэгвэл хоёулаа өдөржин, оройжин ажиллаад эхнэр хүнд хүүхдээ өсгөх цаг
гарахгүй байна.
- Түүнд цаг хангалттай байгаа. Хүүхдийг нь цэцэрлэг, сургууль, Комсомол
хүмүүжүүлж байна.
- Тэгвэл тэд юу болгож хүмүүжүүлж байна вэ? Тэд хулигаан болж, жижиг
хулгайчууд болж өсөж байна. Охид нь чөлөөтэй зугаалж, задгайрч байна.
- Огтхон ч үгүй. Манай залуучуудад өндөр зарчим байгаа.
- Сонин дээр л тэгж бичдэг байх. Гэхдээ манай сонингууд худлаа бичдэг шүү
дээ.
- Тэд ямар ч хөрөнгөтний сонингоос илүү үнэнийг бичдэг юм. Чи хөрөнгөтний
сонин уншиж үзсэн үү?
- Надад унших боломж өг л дөө.
- Тэгэх шаардлага байхгүй.
- Тэгсэн ч манай сонингууд худлаа юм бичицгээдэг.
- Тэд бол ил тод пролетарич сонингууд
- Тэд хүүхдийг ингэж хүмүүжүүлж байгаагаас л гэмт хэрэг өсөж байгаа юм
- Харин ч эсрэгээр нь, буурч байгаа. Надад статистик үзүүлэл дээ. (энэ улсад
хонины сүүлний тоо хүртэл нууцад тооцогддог юм)
- Гэмт хэрэг өсөж байгаагийн өөр нэг шалтгаан нь манай хууль өөрөө гэмт
хэргийг өсгөж байгаа юм. Тэр хуулиуд дэндүү харгис, бас инээд хүрмээр
хөгийн.
- Харин ч эсргээр нь, манайх сайн хуультай. Хүн төрөлхтний түүхэн дэх
хамгийн сайн хууль.
- Ялангуяа 58-р зүйл.
- Энэ зүйл байгаагүй бол манай залуу улс өдий хүртэл тогтнохгүй байсан юм.
- Одоо бол залуу улс биш шүү дээ.
- Түүхтэй харьцуулбал маш залуу.
- Ямар олон хүн баривчлагдаж, хоригдож байгаа тоог нь хараач
- Тэд ингүүлэх зүйлээ хийсэн
- Тэгвэл чи өөрөө яасын
- Намайг андуурч, алдаж баривчилсан юм. Тэд энэ бүхний учрыг олж намайг
суллах болно (тэд ямагт өөрсдөдөө ингэж бодох цоорхой үлдээдэг байв)
- Алдаагаар уу? Санамсаргүй юу? Тэгвэл манай хууль ямар хууль байна даа?
- Хууль бол гайхалтай. Харин хуулийг гажуудуулж байгаа нь харамсалтай.
- Хаа сайгүй авилгал, хээл хахууль.
- Бид өөрсдийн коммунист хүмүүжүүлэх ёсыг улам чангаруулж, эрчимжүүлэх
хэрэгтэй…
Гэх мэтчилэн ярина. Түүнтэй маргалдана гэдэг цагийн гарз. Үнэндээ түүнтэй
маргалдсанаас түүнтэй тоглосон нь дээр байв. Шатар тоглох уу? Үгүй. Харин түүний
ойлгодог намынх нь үг хэллэгийг ашиглан ярилцаж болох байв. Хэсэг хугацааны
дара тэр чамайг өөрсдийнхөө нэг гэж бодож элдэв зүйл ярина. Амьдрал үргэлжилж
байна. Нам удирдсан хэвээр байна. Хүмүүс ажлаас ажилруу томилогдож, шилжиж
байна. Харин чи бид хоёр энд ингэж шоронд зовж суух гэж. Өргөдөл бичье, бидний
хэргийг буцаж эргүүлж харж үзээч гэж гуйя. Өршөөл хүсье гэж ярина. Эсвэл өөр янз
бүрийн түүх ярих болно. Коммунист академид тэд нэг нөхрийг залгихаар шийджээ.
Түүнийг унагах гэсэн боовч унагах зүйл олддоггүй. Түүний намтар нь цэвэрхэн.
Үүний бичсэн зүйлсээс өө хайгаад олддоггүй. Тэгтэл тэд архив ухаж багйаад нэг
сонин баримт олжээ. Түүний бичсэн жижиг брошурыг нөхөр Ленин өөрөө уншиж
үзээд буланд нь жижигээр “Эдийн засагчийн хувьд тэр бол баас юм” гэж бичсэн
байв. “Одоо ойлгомжтой болоо биз” гээд нөгөө нөхөр маань инээмсэглэснээ, тэрний
дараа бид түүнийг ядах зүйлгүй Академиас хөөлгөж, эрдэм шинжилгээнийх нь
цолыг хурааж авсан юм гэж ярьсан юм. Вагон тачигнан цааш явсаар байв. Хаяа нэг
харгалзагч хонгилоор эвшээн алхана. Тийнхүү Ленины намтарт бичигдсэн байсан
нэгэн явдлыг хэн ч үзэхээргүй болгон нүднээс далд оруулж өөрчилжээ…
Лоялистуудыг бүрэн ойлгохын тулд лагерын үндсэн асуудлуудад тэд хэрхэн
ханддагыг үзье.
А. Лагерын дэглэм ба хоригдлуудын өөрсдийнхөө эрхийн талаарх тэмцлийн
талаарх тэдний үзэл хандлага.
Өөрсдийнх нь үсийг хусахыг эмэгтэйчүүд зөвтгөдөг байв. Хаалттай шоронгоос
тэднийг үхэг гэж Колымаруу явуулдаг байв. Үүнд хариулах тэний хариулт бэлэн
байв. “Тэд, улс – бидэнд итгэж байгаа юм. Тэд биднийг ухамсраараа ажиллана
гэдэгт итгэж байна” гэдэг байв.
Ямар нэг тэмцлийн тухай ярих ямар хэрэг байна аа? Өөрийнхөө хүмүүсийн эсрэг
тэмцэх үү? Юуны төлөө? Өөрсдийгөө сулла гэж үү? Суллуулахын төлөө тэмцэх
шаардлагагүй, зохих дүрэм журмынх нь дагуу асуух ёстой. Зөвлөлт засгийг
унагахын төлөө тэмцэх үү? Амаа хамхи.
Лагерын хоригдлуудын зарим нь тэмцэхийг хүсдэг ч чаддагүй, чадах байсан ч
хүсдэгүй, бас нөгөө хэсэг нь чаддаг ч, хүсдэг ч байв. (тийм ээ. Энэ талаар хойно
өгүүлэх болно). Харин ортодокс коммунистууд 4 дэхь бүлэг болж байв. Тэд
тэмцэхийг хүсдэг ч үгүй, тэмцэж чадах ч үгүй байсан юм. Тэдний өмнөх амьдрал
дахь бүх зүйлс тэднийг хиймэл орчинд байхаар дасгасан байв. Тэдний эрх чөлөөт
амьдрал дахь тэмцэл нь дээрээс утас цохиж, цахилгаан ирүүлсэн мэдээг цааш нь
дамжуулж, түүнд дасан зохицох явдал байсан юм. Харин тэд лагерьт автомат
бууны эсрэг ямар ч зэвсэггүй хоригдлууд гар гараасаа барин жагсахад тэд бол
“Сидор Поликарпович”, “Дилл Томатовичууд” байсан юм. Өөрөөр хэлбэл хэнийг ч
айлгаж чадахгүй, юу ч хийж чадахгүй хүмүүс байв.
Түүнээс ч долоон дор нь энэ зарчим ярьсан нөхөд хүний эрхийг уландаа гишгэж
байхад, хулгайчууд газар сайгүй өндөр алба хашиж байхад юу ч дуугардаггүй
байсан юм. Түүх дахин бичигдэх үед тэд өнгөрснөө эргэн хараад коммунистууд
байж огт тэмцээгүй гэдгээ хараад ичиж зовсон: Яаж ингэж болдог юм бэ? Яагаад
тэд тэмцээгүй юм бэ? Сталиныг тахин шүтэх үзэл газар аваад байсан гэдгийг тэд
огт мэдээгүй гэж үү? Хүндэт Лаврентий Павлович Бериа ард түмний дайсан байсан
гэдгийг мэдээгүй хэрэг үү? Тэд жаахан ч болов тэмцсэн гэж харагдахын тулд янз
бүрээр гуйвуулж эхэлсэн юм.
Тэд миний Иван Денисовичруу олон талаас нь боорлон сонин хэвлэлүүдээр
дайрцгаасан юм. 1962 оны 12 сарын 8-нд тэд Правда сонинд Иван Денисовичыг
яагаад лагерь дахь нууц коммунистуудын уулзалтанд оруулж, ухаалаг сэхээтэн
хүмүүсээс суралцуулаагүй юм бэ, тийм боломжыг ашиглахгүй яасан юм гэж
шүүмжилсэн юм.
Энэ одоо юу гээч хоёрдмол нүүр вэ? Ямар нууц хурлууд. Яах гэж. Халаасан дотроо
салаавч үзүүлэх гэж үү? Тэгээд хэнд хуруугаа үзүүлэх вэ- хамгийн доод хуягаасаа
дээд Сталин хүртэл бүгд л зөвлөлт засаг юм бол?
Б. Лагерын захиргааны тухай дахь тэдний хандлага. Лагерын удирдлагууд бүгд
коммунистууд байв. Энд хуваарьлагдаж хоригдож байгаа нь лагерын
удирдлагуудад ямар ч хамаагүй, энэ бол тэдний буруу биш. Хэрвээ тэд ямар нэг
байдлаар гэнэт лагерын удирдлагад очсон бол яг л одооны удирдлага шиг байх
байсан гэдгээ ортодокс коммунистууд мэддэг байв. Коммунист удирдлагууд
коммунист хоригдлуудад арай зөөлхөн хандаж, илүү эрх ямба эдлүүлж байв…
Колымагын шоронд ийм явдал болсон юм: МВД-ын нэгэн том эрх мэдэлтэн тэнд
ирснээ Заборскийг танив. Заборский өмнө нь иргэний дайны үед түүний корпусын
командлагч байжээ. Тэд уулзаад уйлав. За алив миний хаант улсаас асуух, хүсэх
зүйл юу байна. Заборский зөвшөөрөн “гал тогооноос тусгай хоол идэх эрхтэй болж,
хүссэн хэмжээгээрээ талх гурил авах эрхтэй болов. Мөн оройн цагаар керосины
гэрэлд уншихаар 6 боть ленины зохиол авав. (үнэндээ өөрөөр хэлбэл тэр өөр
модчины нормыг идэж байв. Учир нь хэн ч түүнд зориулж нормыг нь шинээр
тогтоож өгөхгүй.)” Ийнхүү бүх зүйл зохицуулагдав. Өдөр нь тэр бусдаас хулгайлсан
нормоо идэж, орой нь Ленины боть уншдаг болов…
Энэ талаар Шелест “Зарим нь нэмэлт аяга шөлнөөс болж амьд үлдэж байсан бол
(иван денисович) харин зарим нь оюун санааны хүчээр амьд үлдэж байсан юм
(нөгөө ортодокс коммунистууд, талх, будаа нааш цааш нь гүйлгэсэн шүү дээ)” гэж
бичиж байв. За яахав тийм болог. Иван Денисовичод итгэмжлэгдэгчид дунд ямар ч
найз нөхөд байгаагүй л юм байна даа. Тэгвэл ганц зүйл хэлээдэх: Хэн тоосго өрж
байсан юм бэ? Чи тоосго өрсөн юм уу хатуу-толгойт оо?
В. Хөдөлмөрийн талаарх хандлага. Ерөнхийдөө ортодокс коммунистууд
хөдөлмөрийг шүтдэг байсан юм шиг. Мөн коммунизм байгуулахын тулд гулаг,
шоронгийн хөдөлмөр зайлшгүй хэргтэй байсан гэдгийг ойлгодог юм шиг байсан.
Тиймээс ч тэд ажилд гарахаас татгалзсан хүнийг зодох бол зүй ёсны асуудал гэж
үздэг байв. Гэхдээ тэд жинхэнэ ажил хийлгүй, бусдыг өмнөө түлхчээд хойно
үлдэхийг хичээдэг байв…
Г. Орголтын талаар. Хатуу толгойтнууд хэзээ ч оргох талаар бодож, оролдож
байгаагүй юм. Тэгээд ч тэд цаг ямагт 2-3 өргөдөл ийш тийш нь шидчихээд хариуг нь
хүлээж суудаг байв.
Д. Бусад 58-ынхны талаар. Эд хэзээ ч зовлон нэгт бусад ах дүүстэйгээ
холилддоггүй байв. Ингэх нь нам ч бус болно. Тэд бохир заваан 58-ынхнаас хол
байж, өөрийнхөө цэвэр ариуныг хадгалах гэж, харуулах гэж оролддог байв. Тэд бол
эрх чөлөөтэй байхдаа нүдээ аньдаг байсан тэр л хүмүүс байв. Одоо харин нэг
камерт хоригдсон ч гэсэн тэд хүссэнээрээ хашгичдаг байв: “Хохь чинь. Таныг ингэх
нь зүйн хэрэг. Та нар эрх чөлөөтэй байхдаа дандаа хоёр нүүртэн байсан. Та нар
бол ардын дайсан тиймээс ч та нарыг баривчилсан юм. Бүх зүйл ёсоороо болж
байна. Бүх зүйл их ялалтын төлөө дэвшин хөгжиж байна. (харин би л ганцхан
хэлмэгдээд алдаж баривчлагдчихсан юм)” гэдэг байв.
Е. Сандлын тагтаа (харх) нарын тухайд Бүх зам Ромруу хөтөлнө гэдэг шиг хатуу
толгойтнуудад лагерын аюулгүй албаны даргатай хамтарч ажиллахаас таатай
зүйлс байдаггүй байлаа. Ингэснээрээ тэд НКВД-д, Улсад, Намд тусалж байна гэж
боддог байв. Тэгээд ч энэ нь ашигтай ажил байв. Энэ бол дээшээ гарах хамгийн
шилдэг зам байв. “загалмайлсан эцэгт” үзүүлсэн тус нь шагнагдахгүй өнгөрнө гэж
байдаггүй байв…
Арван хоёрдугаар бүлэг
Тог тог тог
Чека ГБ –д байнга сонсох нүд, чих байдаггүй байсан бол өөрийн иргэдээ хянаж
цагдаж чадахгүй байлаа. Манай технологийн эринд техник технологи нүд чихийг
орлож байна. Гэсэн ч энэ номонд дурдаж буй энэ бүх үеийн туршид суудлын тагтаа
нар (хархнууд) л чекагын нүд чих нь болж байсан юм. Хүмүүс чекагын мэдээлэгчийг
сексот (секретны сотрудник= нууц хамтрагч) гэж нэрлэдэг байв. Гэхдээ зөвхөн эрх
чөлөөт хүмүүс гадуур л. Харин шорон дотор бол тэднийг наседка буюу “суудлын
тахиа, тэжээвэр тахиа”, харин лагерьт бол тэднийг “стукач” – тогшигч, цохигч,
суудлын тагтаа гэж цөмийг нь нэрлэдэг байв. Ольтригийн олон үг хэллэг орос
хэлэнд нэвтрэн орсоны нэгэн адил “тогшигч” гэсэн үг нь мөн нийтлэг ойлгогдох
болсон…
Тэрхүү нэгэн байнгын асуултыг асууж сурахад төвөгтэй “Бидний дундаас хэн нь
харх вэ?” Манай байранд, манай хашаанд, манай цаг засварын цехэд, манай
сургууль дээр, манай хэвлэх газар, манай загварын товчоонд, тэр бүү хэл манай
цагдаагийн газрын хэн нь суудлын тагтаа вэ? Харх вэ? Хархнуудыг хөөж, халах
боломжгүй. Тэд дахиад л өөр нэгнийг элсүүлэх болно. Гэсэн ч чи тэднийг таньж
мэддэг байх ёстой. Зармдаа тэднээс болгоомжлохын тулд, заримдаа тэдний нүүрэн
дээр жүжиглэхийн тулд, заримдаа мэдээлэгчтэй олны өмнө хэрэлдэхийн тулд,
ингэснээр түүний чиний эсрэг мэдүүлгийн ач холбогдлыг багасгах болно. “Чи
зөвлөлтийн иргэн мөн биз дээ” Тийм гэж хэлэхээс өөр гарцгүй. Тийм л юм бол чи
бидэнд тусал… Бие биеэ матах нь заримдаа шоронд амьд үлдэхийн төлөө тэмцэх
хамгийн хүчтэй хатуу ширүүн тэмцэл болж хувирдаг байв. Чи өнөөдөр үх. Харин би
маргааш үхэх болно…
… Новый Иерусалимд нэг үдэш би физикийн тухай текст уншаад сууж байв, нааран
дээрээ. Зиновеев ямар нэг зүйл ярьж, Орахов, Прохоров хоёр тэнд гуталтайгаа
нааран дээрээ хэвтэж байв. Тэгтэл ахлах харгалзагч Сенин орж ирэв. (Энэ үүний
жинхэнэ нэр биш хоригдлуудын өгсөн хоч нь байсан байх.) Тэр гутал энд тэнд гарч,
халуун сав тэнд байгааг анзаараагүй мэт байв. Тэр хажуугийн орон дээр суун
бидний ярьж байсан ярианд оролцов. Тэр МВД гэдгээсээ илт ичдэг байв. Тэр 4-р
курсын оюутан байсан бөгөөд сурахынхаа хажуугаар ажилладаг байлаа. Тэр
лагерьт ирэнгүүтээ харуулын байран дотор цэнхэр малгайтай хувцсаа өмсөөд,
лагериас гарахдаа хувцсаа тайлаад энгийн хувцас өмсөж явдаг байв. Мөн их
соёлтой боловсон яриа ярьдаг байлаа. Гэсэн ч хичнээн соёлжиж боловсорсон ч тэр
хөгшин хүнийг зарлагандаа явуулж, эсвэл ядарсан мод цавчигч хоригдлыг сахилгын
байранд 3 хоног суулгахдаа хуруу нь чичирдэггүй байсан юм… Тийнхүү тэрээр
бидэнтэй юм ярьж сууж байснаа бусдад мэдэгдэлгүйгээр намайг хогилруу гар гэж
гэнэт дохив. Би гарлаа, юу ч ойлгосонгүй. Удалгүй Сенин миний хойноос гарч ирэв.
Тэр намайг шууд аюулгүйн албаны офицерын байрлуу оч гэж хэлэв. Тийшээ очдог
шат ганцхан тийшээ л очдог тул замдаа өөр хэн нэгэнтэй таарах боломжгүй байлаа.
Тэнд хөгшин ууль суудаг юм.
Би одоохондоо түүнтэй танилцаагүй байв. Зүрх минь цохилж байлаа. Би юунаас
айж байв? Бусад бүх хоригдлын айдаг тийм зүйлээс би айж байлаа: надад хоёр
дахь ялын хугацаа оноохвий гэж би айж байв. Миний анхны байцаалтаас хойш ганц
ч жил өнгөрөөгүй байна шүү дээ. Тиймээс ч байцаагчийн өрөө, ширээнээс миний
доторх бүх зүйл айн чичирч байв.
Тог тог тог. Ороод ир. Би хаалгыг онгойлголоо. Маш тохилог гоё өрөө байв, яг л
гулагт биш өөр газар байгаа юм шиг. Тэнд бүр жижиг диван хүртэл байв (бодвол тэр
энд хүүхнүүдийг бас авчирдаг байсан байх) Хөлтэй Филипс радио буланд байв.
Дотор минь гэнэт зөөлрөв. Хаа нэгтээ амьдрал ийнхүү хэвийн, энгийнээрээ
үргэлжилж байна. Бурхан минь бид өөрсдийн маань л амьдрал бол амьдрал гэж
боддог. Тэгтэл хаа нэг газар, өөр газар амьдрал үргэлжилж л байна.
“Суу”
Аюулгүйн албаны дарга ширээнийхээ цаана гар тавьдаг тавиуртай сандал дээрээ
тухлан сууж байв. Тэр өмнөх тэр юмнуудыг сөхөхгүй зүгээр ярилцвал ямар
аятайхан бэ? Үгүй. Түүний хоолойд дайсагнасан тэмдэг байсангүй. Тэр надаас
ерөнхий юмнууд асууж байлаа, амьдрал ямархуу байна, би ямархуу байна, би
хэрхэн лагерьт дасаж байгаа, итгэмжлэгдэгчийн өрөөнд надад ямархуу байгааг
асууж байв. Үгүй. Байцаалт ингэж эхэлдэггүй. Дараа нь зүй ёсны асуулт эхэлээ.
“Чамд энэ бүх зүйл тохиолдсон ч гэсэн, чи Зөвлөлтийн хүн мөн үү? Эсвэл биш үү?”
[Юу гэхээр. Би юу гэж хариулж чадах вэ? Чи, миний хойч үеийнхэн хэзээ ч үүнийг
ойлгохгүй: Би юу гэж хариулах вэ? Би сонсож байна. 1990 оны эрх чөлөөт хүмүүс
надруу хашгичин “Алив түүнийг …-лүү нь илгээ” гэж хашгирч байгааг би сонсож
байна. Тэд чамайг шоронд хийсэн, хоолойг чинь хэрчсэн, тэгчээд бас Зөвлөлтийн
иргэн бай гэж яаж хэлж чадаж байнаа!]…
“ОСО-гын тогтоолд намайг Зөвлөлтийн эсрэг гэсэн байсан” гэж би булзааруулан
хариулав. “ОСО!” тэр дургүйцэн, үл тоож буйгаа илэрхийлэн гараараа савчив.
“Харин чи өөрөө юу гэж бодож байна? Чи зөвлөлтийн хүн мөн үү? Эсвэл чи өс
хонзон санаж, өөрчлөгдсөн үү?” ... “Би яагаад өс санах билээ?” гэж би гайхсан дүр
үзүүлэв. Найман жил гэдэг бол найман жил, арай ч арван жил биш. Өс санаж,
зөвлөлт засагт гомдож, уурлаж байгаагаа илэрхийлнэ гэдэг бол дахиад ялын
хугацаагаа сунгана гэсэн үг байв.
“Тэгвэл чи зөвлөлтийн иргэн гэж хэлж байна уу?” хэмээн итгэл тавин, нааштайгаар
асуув. Гол зүйл бол хурцаар, шууд хариулахгүй байх хэрэгтэй байлаа. Би хэн
болохоо, хэн байхыг хүсэж байгаагаа тэр үед илэрхийлж болохгүй байв.
Зөвлөлтийн эсрэг гэж хэл- тэгэх л юм бол лагерьт миний эсрэг дахин шинэ хавтаст
хэрэг нээгдэж шинээр ял нэмж хадах болно. Маш амархан.
“Зүрх сэтгэл дотроо чи өөрийгөө хэн гэж бодож харж байна?” “Арктик явна гэдэг
аймаар санагдаж байв, тэнд цасан шуургатай, хүйтэн” Харин энд бүх зүйлээ
зохицуулчихсан. Дулаахан. Бүр унтлагын хувцас хүртэл байгаа гээч. Москвад
байхад эхнэр маань надад илгээмж авчирж өгч байсан... Намайг хааш нь илгээх
бол? Хэрвээ би үлдэж чадах юм бол явах хэрэг юу байнаа? “Зөвлөлт” гээд
хэлчихэд юу нь болохггүй, ичгэвтэр байна? Энэ чинь социалист систем.
“ММ, анха... би өөрөө бол ... тийм ээ Зөвлөлт...”
“Анха, тэгэхээр чи өөрөө бол Зөвлөлтийн хүн байхнээ. Тэгвэл ч өөр хэрэг шүү”
аюулгүйн албаны дарга баяртай байв. “За тэгвэл хоёулаа зөвлөлтийн хүний ёсоор
хоорондоо ярилцъя. Бидэнд нэг зорилго бий, нэг үзэл бодол бий. Тэгээд чи бид нар
хамтарч ажиллах ёстой. Чи бидэнд тусал, бид чамд туслах болно”
Би хэдийн доошоо орчихсон юм шиг надад санагдаж байв.... “Би ийм зүйл хийж
чадахгүй юм шиг байна...” Миний үзэл бодлын нөхөр минь гэнэт их хатуу болов
“Яагаад гэвэл энэ бол миний характер биш [Новш минь би үүнийг үүнээс илүү
эелдгээр чамд яаж хэлэх юм бэ?] Яагаад гэвэл би сонсгол муутай, бас юм
тогтоохдоо жаахан муу”
Тэрээр хөгжим би хоёрын хооронд ямар нэг зүйл байна хэмээн ажиглаад хөгжмөө
унтраав. Чимээ аниргүй. Үхлийн мэт анир чимээгүй болов... Тэр намайг яаж ч янз
үзлээ гэсэн би шатарт нэг хүүгийн ард нуугдаж үлддэг шиг би Зөвлөлтийн хүн гэдэг
үгний цаана үлдчихээд байв. Нэг цаг, хоёр цаг өнгөрлөө. Манай камерт манайхан
одоо унтаж байгаа. Харин тэр яарахгүй байв. Энэ бол түүний ажил нь. Би яаж
түүнээс салах вэ? Тэд ямар нойтон хамуу шиг салдаггүй хүмүүс гээч. Би мэдээлэгч
болохгүй. Гэхдээ би бас хүйтэн өвлөөр дамжин өнгөрүүлэх вагоноор явмааргүй
байна. Гэнэт тэрээр яриагаа хулгач нарын тухайд эргүүлэв. Намайг хулгайч нартай
муудалцаж, хулгайч нарын эсрэг үг хэлж байхыг Сенин сонссоноо түүнд хэлсэн
байв. Би амь орлоо- энэ бол шинэ нүүдэл. Тиймээ би тэднийг үзэн яддаг юм. (харин
чамайг тэднийг хайрладгийг би мэднэ)
Тэгээд миний хамгийн эмзэг цэгийг цохилдуудахын тулд тэр надад ингэж хэлэв:
“Москвад эхнэр чинь нэг орой гудамжаар явж байв. Тэгтэл нэгэн шоронгоос оргосон
хулгайч (үгүй та нарын өршөөлөөр сулласан хулгайчууд) эхнэрийн чинь хувцсыг
дээрэмдчихжээ… ийм зүйл тохиолддог. Тэгэхээр хэрвээ хулгайчууд шоронгоос
оргохоор төлөвлөж байвал чи надад мэдээлэх үү?” Энэ бол өөр зүйл. Хулгайч нар
бол дайснууд, өрөвдөхийг мэддэггүй дайснууд… Энэ бол миний хувьд гайгүй гарах
гарц байв.
“Тиймээ. Би чадна.” Чи хэлсэн шүү хэмээн тэрээр миний өмнө цагаан цаас гаргаж
тавин АМЛАЛТ … би хоригдлууд шоронгоос оргохоор төлөвлөж байгааг мэдээлэх
болно…
“Бид хулгайч нарын тухай ярьж байгаа биз дээ.”
“хулгайч нараас өөр хэн оргохов дээ” би яаж албан бичгэн дотор хулгайч гэдэг үг
оруулж бичих билээ. Хулгайч гэдэг чинь хэлц үг, жаргон. “Гэхдээ утга нь өөр болчих
шиг боллоо” … “ийм бичиггүйгээр байж болохгүй юм уу?” “Энэ бол систем” Би санаа
алдлаа. Биеэ аврахын тулд би сүнсээ худалдчих шиг боллоо. Бүгд болсон уу? Би
явж болох уу? Үгүй болоогүй. Нууцыг хадгалах тухай. Чи өөртөө нууц нэр оноох
ёстой. … Амалсан “ветров”. Дараа нь тэр надад би түүний өрөөнд ирж болохгүй.
Харгалзагч Сенин бол найдвартай хүн, миний бүхий л тайланг (матаасыг) Сенинээр
дамжуулж өгж болно гэж тайлбарлав. Ийнхүү шувуухай нарыг урхиддаг ажээ… Нэг
уруудаж эхэлбэл нилээн урууддаг ажээ… Сенинтэй уулзах бүрт тэрээр “За алив…
юу байна” гэж шамдуулна. Би гараа дэлгэн юу ч алга, юу ч сонсоогүй гэдэг байлаа.
Хулгайч нар надад дургүй, надад дайсагнаж ханддаг байв. Тэгтэл янз үзсэн мэт нэг
хөгийн хулгайч шоронгоос оргов. За яахав, тэгвэл өөр зүйлийн талаар мэдээл.
Бригадийнхаа тухай, өрөөнийхнийхөө тухай мэдээл гэж Сенин надаас шаардав.
Гэсэн ч би өөр зүйл мэдээлнэ гэж би амлаагүй гэж хариулж булзааруулахыг
хичээдэг байв. Хавар ч болж байв. Тэгтэл яамны тусгай шийдвэрээр намайг
шарашкаруу хуваарьлав. Ийнхүү би мултарсан юм. Дахин би хэзээ ч Ветров гэж
гарын үсэг зураагүй. Өнөөдөр хүртэл тэр нэрээ сонсохоор дагжих шиг болдог юм…
Арван гуравдугаар бүлэг
Хоёр дахь арьсаа ч гэсэн өг
Цаазаар авсан хүнийг дахин цаазалж болох уу? Болно оо. Үүнийг хэрхэн хийхийг
ольтригт бодож олсон юм. Зэрлэг бүдүүлэг улсуудад ч гэсэн хүн нэг баривчлагдан
яллагдсан бол дахин яллагддаггүй, нэг шоронд орсон бол дахин шоронд ордоггүй.
Харин манай улсад бол бүх зүйл боломжтой. Хүн сэтгэл санаагаар унаж, цөхөрч
мөхөж байхад нь улам зовоох нь ямар их гээч. Шоронгийн удирдлагуудын зарчим
бол “унасан хүнийг зод”. Манай аюулгүйн албаны офицеруудын мөрдлөг бол
“Унасан цогцосыг цааш алхах шат болгон ашигла”. Соловкийн арал дээр
хоригдлуудыг хонхны тавцан дээрээс түлхэж унагаж, буудаж алж байсан юм. Харин
5 жилийн төлөвлөгөө хэрэгжиж эхлэх үед тэд хоригдлуудад хоёр дахь ялын
хугацааг оноодог болсон юм. Зарим нь бүр гурав дахь, дөрөвдэхь ялын хугацаагаа
эдэлдэг байв. 1938 оноос хоёр дахь ялын хугацааг оноож эхлэв. Ингэхдээ ямар нэг
шүүх хурал, янз бүрийн юм бололгүйгээр. Хоригдлуудыг бригад бригадаар нь Тоо
бүртгэл ангилалын хэсэгрүү аваачина. Тэнд тэд гарын үсэг зурах ёстой. Тэгэхдээ
тэд маш хүмүүнлэг байдлаар бас тайлбарлана: “Бид чамайг ямар нэг зүйлд
буруутай гээгүй байна. Зүгээр л энэнтэй танилцсан гээд гарын үсгээ зурчих.”
Татгалзсаныг нь тэд сахилгад суулгадаг байв… 1938 оны үйл явдал гэнэтийн зүйл
биш байв. Дээрээс хэн нэг нь бид хоригдлуудад дэндүү бага ял оноож байна гэж
үзсэн байв…
… Энэ нь мөн цаг үеийн шаардлага чекистүүдийн хүсэл сонирхолтой нийцэж байв.
Фронт дорно зүгрүү ойртож, Ленинград бүслэгдэж германчууд Москва, Воронеж,
Волгын хил дээр ирсэн байв.Бүгдийг фронтын төлөө. Гитлерыг зогсоохын тулд ЗГ
ямар ч үнэ төлөхөд бэлэн байв. Харин ганцхан лагерын офицерүүд л залхуурч,
хойно үлдэж, тарган цатгалан, цагаан гартай байв. Алс сибирьт байдал бүр ч нам
жим байв. Тэгтэл янз бүрийн хоолойнууд сонсогдож эхлэв: Тэр улаан хацартай
лагерын ухаалаг залуусыг фронтруу явуулъя. Байлдааны туршлага байхгүй?
Гэхдээ үзэл суртлын туршлага байгаа юм байгаа биз дээ. 1942 онд тэд офицерын
сургуулынхныг тэр чигт нь ямар ч сертификат, төгсөлтийн бичиг баримтгүйгээр нь
тэр чигт нь фронтруу явуулж байв. Хорих лагерын цувааны бүхий л эрчүүдийг
фронтруу явуулав. Тэглээ гээд шоронгууд салж, задарч унасангүй хэвэндээ л байв.
Аюулгүйн албаныхныг фронтруу явуулсан ч гэсэн шоронгууд яах ч үгүй. (үнэндээ
ийм цуу хэдийн тараад эхэлчихсэн байлаа) Цэрэг татлага, фронтоос зайлсхийх –
энэ бол амьд үлдэх арга байв. Яаж фронтоос зайлсхийх вэ? Чи өөр газар
хэрэгцээтэй гэдгээ нотлох ёстой байв. Ингээд аюулгүйн албаныхан өөрсдийнхөө
чухлыг нотлох ажилд оров. Ойд, тундрт чекистүүд гитлерын “5-р цувааныхныг”
тогтоон барьж байна. Энэ бол тэдний ялалтанд оруулж байгаа хувь нэмэр гэж
сонсогдох боллоо. Тэд өөрсдөдөө амрах зав ч үл олгон байцаалтаас, байцаалт
үргэлжлүүлж, хуйвалдаанаас хуйвалдаан илрүүлж байв. Өмнө нь хулгайчууд нэг
нөгөөгөө үхэлрүү золиосолж байсан бол одоо чекистүүд хоригдлуудыг өмнөө барин
үхэлрүү золиос болгож байв… Юу болов оо. Лагерь болгонд хуйвалдаан, бослого
илрүүлж эхлэв… Энийг дарахын тулд илүү олон хүч хүч хэрэгэй байна. Буриад-
Монголын Читийн лагерын гуравдугаар хэлтэст бүхэл бүтэн бүлэг ажиллаж байв.
Бид хойно хоцроод байна. бусад бүх газар бослого хуйвалдаан илрүүлж байна…
1938 онд тэд аль болох олныг буудаж устгахыг чармайж байв. Дайны үед цаазалж
mal pisda we
ОтветитьУдалитьmal pisda we
ОтветитьУдалить