Оросын «Правда» сонины сэтгүүлч Сергей Балмасов сүүлийн үед эрчимжиж буй Хятад, Казахстаны харилцааны талаар бичжээ.
Нэгдүгээрт, Казахстан нь байгалийн хий, газрын тос, уран зэрэг эрчим хүчний асар их нөөцтэй орны хувьд Хятадын сонирхлыг хамгийн түрүүнд татаж байгаа билээ.
Хоёрдугаарт, Казахстаны нутаг дэвсгэр дээр өнгөт төмөрлөгийн том орд газар байгаа нь Хятадын хувьд бас онцгой чухал ач холбогдолтой юм.
Гуравдугаарт, Казахстаны усны эх булаг нь ч Бээжингийн сонирхлыг татаж байгаа юм. Хятадын зарим нутаг усны гачигдалд орж, сүйрлийн ирмэгт тулаад байгаа билээ.
Дөрөвдүгээрт, Бээжин Казахстаныг илүүдэл хүн амаа шилжүүлэн суурьшуулахад тохиромжтой эзэнгүй асар том орон зай гэж үздэг байна. Казахстан нь нутаг дэвсгэрийн хэмжээгээр дэлхийд есдүгээрт, хүн амын тоогоор 61 дүгээрт ордог ажээ. Нэг хавтгай дөрвөлжин километр нутагт ойролцоогоор 6 хүн оршин суудаг бол нутаг дэвсгэрийн хэмжээгээр дэлхийд гуравдугаарт, хүн амын тоогоор нэгдүгээрт ордог Хятадын хувьд 140 хүнд нэг хавтгай дөрвөлжин газар ногддог байна.
Тавдугаарт, энэ бүс нутагт нөлөөгөө бэхжүүлэх нь Хятадын хувьд бас нэр төрийн асуудал юм. Ер нь тус улс хүчирхэгжиж байсан үедээ Казахстанд нөлөөгөө ямагт идэвхжүүлсээр иржээ. Бүр МЭӨ хоёрдугаар зуунд хятадууд одоогийн Казахстаны нутагт нэвтэрч эхэлсэн гэж түүхчид үздэг.
Зургадугаарт, юуны өмнө Бээжин эрчим хүчний эх үүсвэр нийлүүлэгчийнх нь хувьд Казахстанд анхаарал хандуулж байна. Одоо тус улс Казахстаны эрчим хүчний салбарын бүх активыг худалдан авч байгаа юм. Юуны түрүүнд энэ нь газрын тос олборлогч болон боловсруулагч үйлдвэрүүд, мөн байгалийн хийн үйлдвэрийг хамарч байна.
2008 онд дэлхий даяараа санхүүгийн хямралд автагдах үед, хятадууд Казахстанд олон тэрбум долларын зээл олгосноор тус улсыг аварсан билээ. Бүр 2008 он гэхэд Хятад Казахстаны газрын тос олборлолтын 21 хувийг хянаж байжээ. Энэ үзүүлэлт цааш улам нэмэгдсээр байна. 2009 онд Хятад улс тус улсад 10 тэрбум долларын зээл олгосноор Казахстаны газрын тосны гол активын нэг буюу «Мангистаумунайгаз» компанийн хувьцааны 49 хувийг худалдан авч, ураны эх үүсвэрүүдийг эзэмших боломжтой болсон билээ. Байгалийн хий, газрын тос дамжуулах хоолойг байгуулахад багагүй хөрөнгө оруулж байна. Үүний үр дүнд Хятад улс түүхий эд нийлүүлэгч бусад орнуудаас хараат байдлаа мэдэгдхүйц багасгаж чаджээ. Жишээлбэл, тус хоёр орны хооронд газрын тос дамжуулах хоолой тавьсан билээ. Удахгүй Казахстан, Хятадын байгалийн хий дамжуулах хоолой бүрэн хүчин чадлаараа ажиллах болно. Уг хоолойгоор Туркменээс Хятад руу хий дамжуулах нь Оросын "Газпром"-ын нөлөөг мэдэгдхүйц сулруулж, уг компанийн энэ бүс нутаг дахь монопольт байдлыг үгүй хийнэ.Нөгөө талаас Казахстаны усны нөөц Хятадын хувьд асар их ач холбогдолтой. Хятад нь Хар Иртыш, Или мөрнөөс ус авч байгаа нь Казахстанд экологийн сүйрэл учруулах аюултай юм.
Сүүлийн 50 жилийн хугацаанд Казахстаны усны нөөц 20 тэрбум шоо метрээр багасжээ. Казахстаныг гойд анхаарч байгаагийн бас нэг шалтгаан нь Шинжаан Уйгурын өөртөө засах орныг идэвхтэй хөгжүүлэх бодлоготой холбоотой. Учир нь тус өөртөө засах орныг хөгжүүлэхэд Хятадын өөрийнх нь нөөц бололцоо хүрэлцэхгүй юм. Хятадууд тухайн нутагт маш олон тооны тариачдыг нүүлгэн суурьшуулсан нь газар тариалангийн усжуулалтад усыг маш их хэмжээгээр хэрэглэхэд хүргэсэн билээ. Шинжаан Уйгурын өөртөө засах орныг хөгжүүлснээр Казахстан руу дайралт хийх нэг талбараа бий болгож буй хэрэг юм. "Хятадыг үл ойшоож болохгүй хоёр улсын хил 1700 км урт үргэлжилдэг бөгөөд Хятадын эдийн засаг дэлхий дээр хөгжлийн байгаа бөгөөд хэмжээгээрээ удахгүй хоёрдугаарт орно.
Хятадаас хий айж, тус улсын аюулын тухай цуурхал тараах хэрэггүй" гэсэн байр суурийг Казахстан баримталдаг байна.Үнэнийг хэлэхэд ийм мэдэгдэл нь жирийн казах иргэдийн сэтгэлийг төдийлөн тайвшруулдаггүй бөгөөд тэд Хятадын эзэрхийллээс эмээж байдаг билээ. Нэг үгээр хэлэхэд, Хятад улс Казахстанд Алс Дорнодын загвараар нөлөөгөө өргөжүүлэхээр нэгэнт шийджээ. Тухайлбал, Казахстаны сэтгүүлч Нурлан Еримбетовагийн мэдээлснээр, одоо тус улсад 300 мянга гаруй хятад амьдардаг бөгөөд тэдний олонх нь оршин суух албан ёсны ямар ч зөвшөөрөлгүй юм. Хятадууд Казахстаны гол сул талыг ашиглаж, авилга аятайхан атгуулж сурчээ.
Зохиогчийн эрх МОНЦАМЭ
Комментариев нет:
Отправить комментарий