1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалын үр дүнд Ардын эрхэт хэмжээт цаазат Засгийн газар тогтсон түүхтэй. Энэ түүхэн үйл хэргийг гагцхүү Д.Сүхбаатартай холбон, түүний гавъяа зүтгэлийг өрөөсгөлөөр хэт үнэлдэг байлаа.
Тухайн үедээ Монгол оронд үндэсний засаглалын гурван төв, улс орны удирдлагын 3 багана буй болсон байсан юм. 1) Намын (Солийн Данзан), 2)Засгийн (Догсомын Бодоо), 3)Цэргийн (Дамдины Сүхбаатар) гэсэн гурвалсан бүтэц байжээ. Бас дөрөв дэх төв нь шашин төрийг хослон баригч, наран гэрэлт, түмэн наст Богд Жавзандамба, түүний шадар хүмүүс, ойрын хүрээлэгчид байсан юм.
Энэ хүчнүүдийн харилцан ойлголцол, хамтын ажиллагаанаас олон зүйл хамаарч байсан нь ойлгомжтой. Энд Д.Сүхбаатар, Богд Жавзандамба нар ойр дотно харилцаатай байсныг ардын хувьсгалын партизануудын дурдатгал, алдарт хүмүүсийн дурсамж, түүхийн баримт бичгүүд гэрчилдэг.
Д.Сүхбаатар идэр залуудаа Хүрээ, Хиагтын их замын өртөөнд улаач хийж байгаад 1912-1919 онд Богд хаант Монгол Улсын цэргийн алба хааж эх орныхоо тусгаар тогтнол, ард түмнийхээ сайн сайхны төлөө амь өрссөн амаргүй тэмцэлд гарамгай гавъяа байгуулж явсны учир Богд хааны зарлигаар:
1\1912 оны /(олноо өргөгдсөний 2-р он)/ эцсээр Хужирбулангийн цэргийн сургуулийн төгсөлт болж, онц ялгаран суралцсан Д.Сүхбаатарт тавдугаар зэргийн цагаан шилэн жинс, тогосын отго шагнажээ. 1913 оны 7-р сараас Д.Сүхбаатар пулемёт суманд жагсаалын даргын албыг салаан даргатай хавсран хашиж байв.
2\1915.06.03-нд “олон цэргийг заан сургах нь сайн бөгөөд цэргийн албанд ер осолдсон, омтгойдсон зүйлгүй, ямагт үнэнч шударгаар чармайн зүтгэх нь олноос онц сайшаалтай учир” дөрөв дүгээр зэргээр хөхиүлэн шагнажээ.
3\1917.12.09-нд Монголын тусгаар тогтнолыг хамгаалж, Баргын нутагт Хятадын хар цэрэгтэй амжилттай байлдсан, гарамгай гавъяа байгуулсан Зүүн хязгаарт цөмөрсөн “зах хязгаарын харгис дайсан хулгайч нар лугаа удаа дараа баатарлаг байлдаж… газар орныг ариутган цэвэрлэхэд хүчин зүтгэсэн” тул гутгаар зэргээр шагнажээ.
4\1919.12.08-нд Хууль шаштир хэвлэх газарт сайн ажилласан зарим лам, ардыг хөхиүлэн шагнахад Д.Сүхбаатарыг дэд зэргээр дээшлүүлэн шагнажээ.
5\1921.09.23-нд бүх цэргийн жанжин Д.Сүхбаатарыг гурван нүдний тогосын Отго, Зоригт баатар цолоор шагнажээ. Ардын Засгийн газар 10 гаруй хүнд Монгол Улсын баатар цол шагнуулахаар Богд хаанаа өргөн мэдүүлснийг хаан таалан соёрхож, ёсоор болгосны дотор Д.Сүхбаатарт энэхүү эрхэм цол шагнажээ.
Д.Сүхбаатар өөрөө “Би ардын засгийн төлөө амь өрсөн зүтгэсэн гавъяа шагнал горилохгүй” хэмээн хэлдэг байсныг хамтран зүтгэгчид нь дурсамж, дурдатгалдаа үлдээсэн байдаг.
Олон түмний дунд хүндлэгдсэн, хүлээн зөвшөөрөгдсөн, хүрээлэгдсэн чанар, түүний өндөр нэр хүнд нь үндэсний хувьсгалыг эхлүүлэх, зохион байгуулах, ялалтад хүргэхэд сайнаар нөлөөлжээ.
Д.Сүхбаатар 1912 оноос насан эцэслэтлээ Монгол Улсын цэргийн албанд үнэнчээр хүчин зүтгэж жирийн жагсаалын цэргээс Бүх Цэргийг ерөнхийлөн захирах жанжин (1921.02.09-1923.02.20), Ардын Түр Засгийн газрын гишүүн, Цэргийн Яамны тэргүүн сайдын \(1921.03.24-1922.12.20)\ өндөр хариуцлагатай албыг хашсан 11 жилийн 8 нь Олноо өргөгдсөн хаант Монгол Улсын үед ногдож, Богд хааны итгэлийг хүлээж удаа дараа шагнагдан, хүндэтгэл хүртэж байжээ.
Иймд, Богд Жавзандамба хутагт, жанжин Д.Сүхбаатар хоёр бие биесээ мэдэх төдийгүй, эзэн хаан нь цэрэг эрийнхээ гавъяа зүтгэлийг үнэлдэг, цэргийн жанжин нь Улсын тэргүүний хувьд хаантнаа хүндэлдэг, өөрөөр хэлбэл тэдний хооронд төр ёсны эрхэм журмын харилцаа байсан гэж дүгнэж болно.
Хятадын цэргийн эрхтэний сүр хүчинд автономит эрхээ цуцалж, Оросын цагаантанд эзлэгдсэн Монгол орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлж, тусгаар тогтнолоо байлдан олох үндэсний эрх чөлөөний тэмцлийн явцад үүссэн Монгол Ардын Намын үйл ажиллагаа, энэ хэрэгт Зөвлөлт Орос Улсаас тусламж гуйх зорилготой Д.Сүхбаатар нарыг Жавзандамба хутагт анхнаас нь зөвөөр ойлгон, бүх талаар дэмжиж байсан юм. Тэд ойр дотно харилцаатай байсныг нотлох түүхийн баримтууд хадгалагдан үлджээ. Социализмын үед тогтсон үзэл суртлаар журамлагдан, “Сүхбаатар” киноны үзэл санаагаар хүмүүжсэн ахмад үе Д.Сүхбаатарыг Богдын эмч хор өгөөд цааш харуулсан мэт ойлголт, төсөөлөлтэй үлдсэн нь нууц биш юм. Түүхийн баримт, тэдний дотнын харилцаанаас гаргалгаа хийвэл Богд эзэнтэн арай ч өөрийн эмч, оточоо илгээн жанжинд хор уулгаагүй болов уу гэсэн бодол төрдөг…
МАН-ын анхдугаар их хурлаас 1921.03.01-нд Ардын журамт цэргийн штабыг байгуулж, Штабын дарга-цэргийн жанжнаар Д.Сүхбаатарыг томилсон түүхтэй. Улмаар 1921.03.18-нд Хиагт хотыг гамин цэргээс чөлөөлсөн нь Ардын хувьсгалын эхлэл, ард түмний зэвсэгт тэмцлийн анхны том ялалт байв.
Ардын түр Засгийн газар анхандаа Хиагтад байрлаж байсан билээ. Ардын түр Засгийн газар, журамт цэргийн хамт Хиагтаас нийслэл хүрээг чөлөөлөхөөр хөдөлснийг Богд \(нууц түлхүүр нь Бутков)\ сайн мэдэж, найрсгаар хүлээн авахаар сайтар бэлтгэсэн байжээ. Тухайлбал, Богд гэгээний шадар сайд Ө.Дэндэв гүн \Николай хэмээх нууц нэрээр үйл ажиллагаа явуулдаг байсан\ Ардын журамт цэргийг Хараа голын тус газар буудаллаад байхад нь Богдын элчийг илгээн, Толгойтын давааны өвөрт өөрийн биеэр тосон уулзаж байжээ.
Ардын түр Засгийн газрын удирдагчид болох Д.Бодоо, Д.Сүхбаатар, С.Данзан нар 7-р дугаар сарын 8-ны өглөө Хүрээний өмнөх гол талбайд ирж, тэндээсээ мордон шууд хөдөлж Голын ногоон сүмд очиж Богд Жавзандамбад бараалхсан байдаг. Энэ нь Зөвлөлт Орос Улсаас тусламж гуйсан бичигт өөрийн тамгаа дарж, зарлигаа буулган бодит дэмжлэг үзүүлсэн Богд эзэн хаанд Ардын түр Засгийн шинэ удирдлага талархал илэрхийлж, хүндэтгэл үзүүлэхээр очсон хэрэг байв. Энэ нь Богд эзний таалан зөвшөөрснөөр Зөвлөлт Орос Улсаас тусламж, өмгөөллийг олж, дайснаа дарж, зорилгодоо хүрэн Жавзандамбын хүсэлт, даалгаврыг ёсоор болгон, нэр төртэй биелүүлснээ айлтгасан ёслол гэж хэлж болно.
Нийтийн дайсныг хүч хамтран дарахад оруулсан гарамгай гавъяа зүтгэлийг өндрөөр үнэлэн Зөвлөлт засгийн газраас Д.Сүхбаатар нарыг 1922 оны 1-р сард шагнасан байдаг. Д.Сүхбаатар, Хатанбаатар Магсаржав, Х.Чойбалсан нарыг Зөвлөлт Орос Улсын Улаан тугийн одонгоор шагнасныг мэдэгдэж Монгол Улсын Засгийн газрын Гадаад Хэргийн яамны тэргүүн сайд Б.Цэрэндоржийн нэр дээр бүрэн эрхт төлөөлөгч Б.Шумяцкийгээс ирүүлсэн бичигт:”…дэлхий дээрх олон эзэрхэг түрэмгийчүүдийн хөлсний цагаан намын хулгай, Унгерний цэргийг хүчин хавсарч байлдан хөнөөж”, “…монгол олон түмнээ харгис этгээдийн гараас ангижруулан чөлөөлж, Зөвлөлийн засагт Сибирийн ард олныг энх түвшний замд оруулахад тусламжийг үзүүлэн, ..хорт дайснаа байлдан сөнөөх, …дарлагдаж буй этгээдэд /эрх/ чөлөө олгох хэрэгт үнэн зүрхнээсээ чармайн зүтгэсэн… монголын хувьсгалт цэргийн баатар зоригийг хүндэтгэсний бэлэг тэмдэг болгон илгээв” гэжээ.
Жанжин Д.Сүхбаатарт Зөвлөлт Засгийн газраас олгогдсон Улаан тугийн одонгийн хувийн дугаар нь 12319 ажээ.
Д.Сүхбаатарын нэрийг мөнхжүүлж, дурсгалыг хүндэтгэн түүний нэрээр зарим аймаг сумыг түүний нэрээр нэрлэсэн, нэрэмжит шагнал бий болгон олгосоор ирсэн түүхтэй. Сүүлийн жилүүдэд энэ сайхан уламжлал мартагдахад хүрсэн нь харамсалтай.
1943 оны 2-р сарын 20-ны өдрийн БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 8-р тогтоолоор Д.Сүхбаатарын нэртэй аймаг сум, албан байгууллага, газрыг, мөн шинжлэх ухаан, уран сайхан утга зохиол, оньсон техникийг сэдэвлэн урлах аргын талаар гарамгай ололтыг үзүүлсэн хүмүүст Сүхбаатарын нэрэмжит шагналыг жил бүр олгож байх, нэр бүхий 4 сургуульд түүний нэрэмжит шагнал-цалинг бий болгон урамшуулж байхыг хуульчилсан байдаг.
Бидэнд байгаа мэдээллээр Сүхбаатарын нэрэмжит болон түүний нэрээр алдаршсан байгууллага, газар, гудамж талбай, сум нэгдэл, сургууль соёлын ордон, цэргийн анги хороо Монгол Улсад 30 орчим, гадаад улс оронд 10 гаруй байдаг ажээ. Д.Сүхбаатарын нэрэмжит болгохоор тухайн үед төр, засгаас гаргасан тогтоол, шийдвэр нь хүчингүй болоогүй байхад цагийн аяс, түүхийн давалгаанд мартагдан бүдгэрсэн түүний нэрэмжит байгууллага, газруудыг сэргээж, үйл ажиллагааг нь идэвхижүүлж, залуу хойч үед зөв ойлгуулах, жанжны амьдрал, үйл ажиллагаагаар бахархах нь зүйд нийцэх болно. Суут жанжны нэрээр алдаршсан эдгээр байгууллага, газар улс орны хөгжил дэвшил, амжилт ололтод дэвшилтэт нөлөө үзүүлж, хүчирхэг хөшүүрэг болж ирснийг хэн ч үгүйсгэж чадахгүй юм. Алдар цуутай хүний дурсгалыг мөнхжүүлдэг нь хүн төрөлхтний нийтлэг жам, ерөнхий жишиг билээ.
Монгол ардын хувьсгалын 15 жилийн ойг тохиолдуулан “Ардын хувьсгалт цэргийн дээд алдар цолыг буй болгох тухай” Улсын Бага Хурлын Тэргүүлэгчид, Ардын Сайд Нарын Зөвлөлийн 1936 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн хамтарсан хурлын 14 дүгээр тогтоол гарчээ. Уг тогтоолын 2 дугаар зүйлд “Улсын баатар цолыг улсын ба ард түмний төлөө дайсан этгээдүүдийг онц баатарлагаар байлдан дарж, цусан гавьяа байгуулсан хүмүүст шагнан олгох үүнд:
Улсын баатар цолыг шагнахдаа корпусыг командлан захирагчаас дээш тушаалын хүмүүст Улсын Бага Хурлаас, доош тушаалын хүмүүст бүх цэргийн жанжнаас олгоно” гэж заажээ. Үүнээс үзвэл Улсын баатар цолыг бий болгохдоо цэргийн дээд алдар цолтой хамт анх баталсан байна. Улсын баатар цол хүртсэн хүмүүсийг 1946 он хүртэл Улсын баатрын тэмдэг, Цэргийн Гавьяаны одонгоор шагнаж үнэмлэх олгодог байжээ.
БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1945 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 80 дугаар тогтоолоор Сүхбаатарын одонг бий болгож иргэдийг шагнах болжээ. Өнгөрсөн хугацаанд жанжны одонгоор давхардсан тоогоор 11000 гаруй хүн шагнагджээ. Олон хүн авахыг мөрөөдөөд ч бүтэхгүй энэ эрхэм дээд шагналыг 4-5 удаа хүртсэн хүн ч цөөнгүй байдаг. Д.Сүхбаатарын одонгоор шагнагдсан гадаадын цорын ганц хот бол Кяхта юм. БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1973 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 144 тоот зарлигаар Буриад Улсын 50 жилийн ойг тохиолдуулан ийнхүү шагнажээ. Одонгийн хувийн дугаар 784 ажээ.
1992 оны 12 дугаар сарын 25-нд Б.Даш-Ёндон, Ч.Дашдаваа, С.Лувсанноров нарын санаачилга, Сүхбаатарын нэрэмжит байгууллага, газруудын дэмжлэгтэйгээр “Сүхбаатар” сан байгуулагдаж “Монгол орноо тэгш журамт, баян хүчирхэг улс болгох” жанжны үзэл санаа, үйл хэргийг мөнхжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулсан хүмүүст нэрэмжит шагналаа ологодог уламжлал тогтсон юм. Өнгөрсөн 18 жилийн хугацаанд 29 хүн, 4 байгууллагад олгоод байна.
Улсын баатар цол 1936 оноос өмнө ч байжээ. Богд хаант төрийн үед Жавзандамба 1912 онд зарлиг гаргаж баруун хязгаарыг чөлөөлөх байлдаан, түвшитгэн тохинуулах үйл хэрэгт гарамгай гавъяа байгуулсныг нь тэмдэглэж цэргийн сайд Ж.Дамдинсүрэнд Манлайбаатар цол, С.Магсаржавт Хатанбаатар /(1924 оны 4 дүгээр сарын 24-нд “Ардын хатанбаатар”, ингэхлээр хошой баатар)/ цол, олон түмний дунд “дэрмээн баатар” гэж алдаршсан М.Дорждэрэм болон Сэргэлэн, Пунцаг, Минбуу, Гэнэнгүнж нарын 10 гаруй хүнд Монгол Улсын баатар цол хүртээж байжээ.
Ардын Засгийн газраас эх орон ард түмний өмнө байгуулсан их гавьяаг нь үнэлэн Д.Сүхбаатарт Зоригтбаатар цолыг хүртээсэн тухай өмнө өгүүлсэн.
“Миний бие Монголын ард түмэнд эрх чөлөө олгох хэрэгт оролцохдоо амь бие үрэгдэхийг юманд бодохгүй зүтгэнэ” хэмээн тангараглаж, “Аливаа хүнд эр зориг байвал юуг ч бүтээж болно”, “Улс орноо хамгаалахад урсахгүй цус, үхэхгүй амь гэж байдаггүй” хэмээн зоригтой мэдэгдэж, эрэлхэгээр тэмцэж байсан эрүүл саруул, идэр чийрэг, залуу жанжин Д.Сүхбаатар цэл залуу 30 насандаа хатгаа туссан гэсэн учир битүүлэг шалтгаанаар, ялихгүй өвчнөөр нас барж, манай ард түмэнд нөхөж баршгүй хохирол учруулсан билээ. Эр зориг, эрч хүч, хичээл зүтгэл, үр бүтээл, алдар гавъяагаараа бусдаас онцгойрон шалгарч тухайн үедээ Богд хааны зарлигаар шат шатны шагналуудыг авч байсан Монголын ард түмний аугаа их хүү Д.Сүхбаатар маань өөрөө шагнал болон хувирсан, одон болон хувилсан юм.
С.Одхүү
Комментариев нет:
Отправить комментарий