воскресенье, 13 февраля 2011 г.

Муухай хятад хүн

“Шар сонин” 2001 он.№30

Энэхүү өгүүллийг зохиогч Бай Ян нь Тайваны орчин үеийн нэртэй эрдэмтэн юм. Шүүмжлэлт тэмдэглэл бичсэний учир “Тагнуул” нэр зүүж 9 жил шоронд суужээ. Бай Ян 30 жил зохиол бичихдээ гоёж чимэлгүйгээр, шүүмжлэлт тэмдэглэл голлон бичиж дотоод гадаадад олон уншигчтай болжээ. 1985 онд Тайваний “ном нь хамгийн их гүйлгээтэй 10 том зохиолчийн” нэгээр шалгарсан байна. Энэ өгүүлэл бол 1984 оны 9-р сарын 24-нд АНУ-ын Айдахогийн Их Сургуульд хэлсэн үгийн бичлэг ажээ. Гол зорилго нь хятадын уламжлалт соёлын сул талыг нээн илрүүлж, түүнээс ангижрах, уламжлалаас орчин үе рүү дэвшихэд нь хятад үндэстнийг зоригжуулан урамшуулах явдал юм. Яг ийм шаардлага манай монголчуудын өмнө байгаа гэдэгт итгэнэ.


Хятад хүний хүнд хэцүү он жилүүд

Би олон жилийн турш “Муухай хятад хүн” гэсэн ном бичье гэж бодсон билээ. АНУ-д “Муухай америк хүн” гэдэг ном байдаг бөгөөд түүнийг АНУ-ын төрийн департамент авч, өөрийн үйл ажиллагаандаа лавлах болгосныг би санаж байна. Япон хүн бас “Муухай Япон хүн” гэдэг ном бичсэн. Үүнийг Аргентинд суугаа элчин сайд бичсэн бөгөөд харин албанаасаа огцорсон юм. Энэ ч дорно өрнийн ялгаа бизээ. Хятад нь Японтой харьцуулахад бас нэг алхмаар доогуур учраас хэрэв би ийм ном бичээд гаргавал хоол олж идэхэд төвөгтэй болж мэдэх байлаа. Иймээс одоо хүртэл бичээгүй юм.
Энэ жил намайг 65 нас хүрэхэд Тайбэй /Тайван / дахь найз нөхөд 3-р сарын 7-нд миний төрсөн өдрийг тэмдэглэлээ. Би тэдэнд “миний 65 жилийн амьдрал бүхэлдээ хүнд хэцүү он жилүүд байлаа” гэж хэлсэн юм. Би үүнийг зөвхөн хувь хүн миний хувьд төдийгүй, бүх хятад хүний хувьд хүнд хэцүү он жилүүд байлаа гэсэн утгаар хэлсэн юм. Миний хөндөж хэлсэн хүнд хэцүү зовлон нь хувь хүний асуудал биш, улс төрийн асуудал ч биш, харин хувь хүний хүрээ, улс төрийн давхаргаас хальж гарсан, нийт хятад хүнд хамаатай асуудал юм.
Зөвхөн хувь хүн зовлон гачлан туулсан хэрэг биш, миний нэг үеийнхэн зовлон туулсан хэрэг ч бас бишээ. Хэрвээ бид энэхүү зовлон гачланг ойлгож ухаарахгүй бол, энэхүү хортой эс бүхий соёлыг танин мэдэхгүй бол, бидэнд гай зовлон дахин дахин учирч эцэс төгсгөлгүй үргэлжлэх болно. 19-р зууны үеийн өмнөд тэнгисийн арлууд буюу одоогийн зүүн өмнөд Ази нь тэр үед Англи, Голландын харъяа газар байв. Малайзад сууж байсан Английн нэгэн ажилтан “19-р зууны үеийн хятад хүн болно гэдэг гай түйтгэр мөн” гэж хэлсэн байдаг.

Яагаад гэвэл тэрбээр өмнөд тэнгисийн арлууд дээр хятад хүн яг л гахайн торойтой адил, юу ч мэддэггүй мулгуу, аяндаа төрж, аяндаа мөхөж байдаг, тэр ч байтугай хүссэн цагтаа тэднийг үй олноор нь хүйс тэмтэрч болдгийг харсан ажээ.

Миний бодлоор 20-р зуунд хятад хүн 19-р зууныхаас илүү их гай түйтгэр амсаж байна.
Хятад хүн 100 жилийн турш үүнээс хойш хятад хүн сайжирна гэж хүсэн мөрөөдөж ирсэн боловч тэр болгон итгэл найдвар нь талаар өнгөрч, харин ч улам дордож байгаа нь биднийг хамгийн ихээр шаналгаж байна. Хятад хүн сайн болох ёстой гэж бас л хүсэн мөрөөдөх боловч тэр нь аанай л замхран арилж, итгэл алдран улам дордож байна. Ийм байдал ахин дахин давтагдаж байна. Алив нэг үндэстэн мөнх гэдэг нь маргаангүй, харин хувь хүний амьдрал хязгаартай. Хүн энэ амьдралдаа хир их зүйлийг хүсэн мөрөөдөж чадах вэ? Хир олон мөрөөдөл нь талаар өнгөрөхийг тэсвэрлэн дааж чадах вэ?

Хятадын өргөн уудам эх газар дээр “баруунтныг эсэргүүцэх” хөдөлгөөнийг залгаад “соёлын их хувьсгал” дэгдэж газар тэнгэрийг урвууллаа. Хүн төрөлхтөн бий болсноосоо хойш ийм их гамшигтай учирч байгаагүй билээ. Энэ гай гамшиг хүний амь насыг хөнөөгөөд зогсоогүй, хүн чанар, хүний эрхэм дээд зан суртахууныг баллан сүйтгэсэн нь хамгийн том хөнөөл байв. Хүн хэрэв хүн чанар, эрхэм зан суртахуунаа алдвал арааатан амьтнаас өөрцгүй болдог. Хятад хүн /тухайн орны харъяат хятад хүн.орч / Малайзийн хүн амын 30-аад хувийг эзэлдэг. Би тэнд нэг удаа музей үзэхэд Малайз бичиг, Англи бичиг бүгд байгаа мөртөө, хятад бичиг алга. Энэ нь хятадаар бичсэн бол сайн байхгүй нь муу гэсэн хэрэг огт бишээ. Энэ бол огт өөр асуудал юм. Харин ийм байдал нь хятад хүн хүчгүй, байр суурьгүй, хүндлэл үздэггүйг харуулж байгаа юм.
”Бид Тайландын тутаргын амин судсыг барьдаг” гэж Тайланд дахь хятад хүн ярьдаг. Энэ бол сүржин том үг юм. Чи зөвхөн тутаргын наймаа хийх л төдий шүү дээ. Улсын амин судсыг яахин барьж чадах билээ. Өөрөө өөрийгөө тайтгаруулах хэрэггүй. Ганц хууль гарахад л чи юу ч үгүй болно. Америк дахь хятад хүний тухайд зүүн, баруун,төв, тусгаар төвийн хажуу зүүн, зүүний хажуу төв, төвийн хажуу баруун, барууны хажуу төв гэх мэтээр нэрлэдэг нь ямар учиртайг нь чи лав ухаж ойлгохгүй.Тэдэнд нэгдмэл хэл байхгүй, бие биенээ эцгийг нь алсан өшөөтөн мэт үзнэ. Үүнийг яаж нэг үндэстэн, нэг улс гэж үзэх билээ?

Хятад шиг өнө эртний түүхтэй, бид нар удам уламжлал нэгтэй соёл бүхий энэ соёл нь тухайн үедээ дээд зэргийн соёл иргэншилд хүрсэн нэг ч орон дэлхий дээр байхгүй. Өнөөгийн Грек хүн эртний Грек хүнтэй холбоогүй, харин өнөөгийн хятад хүн бол эртний хятад хүний удам угсаа мөн. Ийм агуу их улс ийм агуу их үндэстэн өнөөдөр яагаад ийм муу муухай байдалд хүрэв. Манай Тайбэгийн хүүхдүүд сургуульд сууж ном сурахдаа хичээлийн дарамтанд орж ойрын харааны шил зүүж явдаг. Тэд ойрын хамаатан саднаа ч үл танина. Эх нь муужран газар унаж, хүү нь туслахаар очиход “Би үхвэл таарна,чи яах гэв? чи өөрийгөө л хичээ” гэж халаглан хэлнэ.

Миний эхнэр хичээл зааж байгаад санамсаргүй сэдвээсээ гажиж хүн болох тухай ярьж эхлэхэд сурагчид шууд л эсэргүүцэн “Бидэнд хүн болохыг сурах хэрэг байхгүй. Зөвхөн шалгалтыг яаж давж гарахыг л сурна” гэжээ. Эх газрын /Хятад улс.орч/ зарим хүүхдийг аваад үзье. Тэд хар багаасаа зодолдох, хууран мэхлэх, найз нөхдөө худалдахыг сурч байгаа нь хичнээн аймшигтай хүмүүжил вэ? Бид хойч үеэ түшиж тулах ёстой атал хойч үе маань ийм л байна.

Уламжлалт соёлоос тунаж үлдсэн хортой эс
Хэргийн учир Хятад хүний шинж чанарт байна гэж үү? Тэнгэр бурхан хятад хүмүүсийг бий болгохдоо бидэнд ийм муухай дүр төрх заяасан юм гэж үү? Хүний шинж чанарын асуудал биш гэж би бодож байна. Энэ бол өөрийгөө тайтгаруулж байгаа хэрэг бишээ. Хятад хүн харин ч дэлхий дээр хамгийн ухаантай үндэстний нэг мөн. Америкийн их сургуулиудын шалгалтын эхний хэдэн байранд ямагт хятад хүмүүс ордог. Хятадын цөмийн шинжлэх ухааны эцэг ноён Сун Гуанхан, Нобелийн шагналт ноён Ян Жэннин, Ли Жэндэ нар цөмөөрөө дээд зэргийн тархитай хүмүүс. Хятад хүний шинж чанар огт муу бишээ. Хятадыг сайн сайхан болно гэж найдах бэл нөөц бидэнд бий. Гэтэл хэдэн зуун жилийн турш хятад яагаад хүнд гамшгаас ангижирч чадахгүй байна вэ? Шалтгаан нь юунд байна вэ? Би энэ асуултыг болхидуу байдлаар бүхэлд нь ингэж хариулах байна.

Энэ нь юу гэвэл хятадын уламжлалт соёлоос нэгэн зүйлийн өвчний нян тунаж үлдэн, бидний үр удмыг хордуулсаар ирсэн, өнөөдрийг хүртэл түүнийг анагааж чадаагүй байгаа явдал юм. Энэ нь манай хятад хүний маш олон муу муухай шинж төрхийг бий болгож байгаа юм. Муу муухайн нэг шинж бол бохир заваан, эмх замбараагүй байдал, хэрүүл шуугиан мөн. Тэйбэйд /Тайванд/ нэг үе бохир заваан, замбараагүй байдлыг эсэргүүцсэн юм. Хэд хоногийн дараа энэ ажил зогсоход бидний гал зуух, орон байр, дахиад л бохир замбараагүй болсон байлаа.
 Маш олон газар хятад хүн очмогц бусад хүн нүүж зайлдаг байна. Улс төрийн их сургууль төгссөн, миний нэг залуу анд Франц хүнтэй гэрлэж Парист суудаг юм. Түүний суудаг байшингийн франц хүмүүс цөм нүүн зайлж оронд нь дорно зүгийн хүмүүс /дорно зүгийн хүмүүс гэдэг нь заримдаа нийт дорно зүгийн хүмүүсийг,заримдаа зөвхөн хятад хүмүүсийг нэрлэдэг/ нүүж ирсэн. Надад тун хүнд байсан. Гэвч хаашаа л харна, мөхөөлдөсний сав, гутал шаахай хөглөрч, хүүхдүүд үүгээр түүгээр гүйлдэн, зураг цаас тарааж, агаар хортой хийгээр дүүрсэн байдаг гэж тэр надад ярьсан юм. Гадаадынхан биднийг бохир замбараагүй гэж боддог, бид ингэж хэлүүлснийхээ дараа л өөрсдийнхөө заваан замбараагүйг ойлгодог юм.

Яагаад дуу ихтэй байдаг вэ, Учир нь хятад хүн дуу өндөр байвал ёс зүйд нийцнэ, зөвхөн өндөр дуугарч л байвал ёс зүй миний дэргэд байна, тиймгүйсэн бол би яахин ингэж уурлаж чадах билээ гэж боддог. Энэ хэдэн зүйл бидний дүр төрхийг эвдлэн бусниулж, бидний дотоод сэтгэлийг уймруулж хямруулж байна гэж би боддог. Учир нь бохир, замбараагүй байдал хэрүүл шуугиан дотоод сэтгэлд аяндаа нөлөөлж байна. Цэвэр цэмцгэр, бохир заваан хоёр нь огт өөр хоёр ертөнц билээ.

Үүрэндээ тэмцэлддэг төрөлхийн муу чанар
Хятад хүн үүрэн дотор тэмцэлддэгээрээ хорвоод цуутай. Ганц Япон хүнийг харахад нэг гахай мэт байдаг, харин 3 япон хүн нэгдэхээрээ нэг луу мэт болно. Тайбэйд 3 япон хүн наймаа хийвэл энэ удаа чинийх, дараачийнх нь минийх гэж тохиролцдог. Харин хятад хүн наймаа хийх үед түүний муухай дүр тодордог юм. Чи 50-ыг худалдвал, би 40-ийг нь худалдана, чи 30-ыг худалдвал би 20-ыг худалдана. Иймээс ганц хятад хүн нэг луу мэт, өөрөөр хэлбэл лаборатори, туршилтын газар мэт бусад хүмүүсэй харилцах шаардлагагүй нөхцөлд тэр ер бусын амжилт олно. Харин 3 хятад хүн нэгдэхээрээ 3 луу нэгдэж нэг гахай, нэг өт хорхой мэт, тэр ч бүү хэл өт хорхойноос дор болдог. Үүнийг бид Америкт хамгийн сайн мэдэрч, хамгийн ил тод дүр төрхийг энд тодорхой харж болно.
 Хятад хүмүүсийн ямар ч нийгэмлэг ,дор хаяад 365 бүлэгт хуваагдаж нэг нь нөгөөгөө мөхлийн байдалд оруулдаг.” Нэг хуушаан ус барьж ундтай суудаг, хоёр хуушаан ус дамнаж ундтай болдог, гурван хуушаан болохоороо уух усгүй суудаг” гэсэн үг Хятадад байдаг. Хүний олон юунд хэрэгтэй вэ? Хятад хүн хамтран ажиллахын чухлыг огт ойлгодоггүй. Гэтэл чи түүнд ингэж ойлгохгүй байгааг нь хэлбэл, тэр хамтран ажиллахын чухлыг номлосон бүтэн ном бичээд чамд үзүүлж чадна. Би үүний өмнө Америкт ирэхдээ их сургуульд багшилдаг нөхрийндөө буусан юм. Бид ёс зүй, одон орон газар зүй, улс орноо хэрхэн аврах зэрэг олон зүйл ярилцсан юм. Маргааш нь би нэг хүний нэрийг дурдан “тэднийд очмоор байна” гэхэд тэр түүний нэрийг сонсмогц хөмсөг буулган нүдэнд нь оч гялалзаж билээ. ”Чи намайг хүргэж өгөөч” гэхэд “Би хүргэж чадахгүй, чи өөрөө л очвол оч” гэсэн юм. Тэр хоёр хоёулаа л Америкийн сургуульд багшилдаг ба нэг нутгаас ирсэн хүмүүс. Бие биенээ үзэж чаддаггүй нь ямар учиртай юм бэ?

Та Америкт нэг зүйлийг тун хялбархан мэдэж чадна, юу гэвэл энд хамгийн хор хөнөөлтэй хүн бол гадаадын хүн биш, харин хятад хүн байдаг, хятадаа худалддаг нь бас л гадаадынх биш, зөвхөн хятад хүн байдаг, хятад хүнийг хорлон хөнөөж байгаа нь өөр хэн ч биш, бас л хятад хүн байдаг. Малайзад ийм нэг хэрэг гарсан юм. Нэг найз нь тэнд уурхай нээгээд удаагүй байтал зарга үүсчээ. Ширүүн заргын эцэст учрыг тайлахад их хэрэг бүтээхээр хятадаас цуг ирсэн хуучин найз нь түүнтэй заргалдсан байжээ. Түүнээс яагаад ийм муухай хэрэг үүсгэснийг нь найз нь асуухад “их хэрэг бүтээхээр хамт ирсэн бол хамт их хэрэг бүтээх ёстой. Чи одоо өндөр байшин, том харштай боллоо. Надад ямар ч арга алга. Би чамтай заргалдахгүй бол өөр хэнтэй заргалдах билээ?” гэжээ.

Хэрэв чиний удирдлага чинь хятад хүн байвал туйлын сэрэмж болгоомжтой байх хэрэгтэй” гэж миний олон найз нөхөд хэлдэг юм. Тэр чамайг огтхон ч дээш нь гаргахгүйгээр үл барам орон тоо цомхотгоход хамгийн түрүүнд чамайг л зайлуулна. Яагаад гэвэл олны төлөө өөрөө хохирдог мэтээр харуулж байгаа нь тэр. Израйлийн парламентэд гурван хүн 3 өөр санал гаргаснаас айхтар сүрхий маргаан дэгдэж, харин хэрэг явдлыг нэг тийш нь болгож, эцсийн шийдвэр гаргаснаар нэг чиглэлтэй болсон тухай сонинд бичсэн шиг манай Хятадад 3 хүн гурван өөр санал гаргаж, эцэст нь шийдвэрлэлээ ч гэсэн 3 чиглэлтэйгээ үлдэх болно...

Алдаагаа хүлээх чадваргүй нь
Үүрэндээ тэмцэлддэг энэ харилцаа нь манай хятад хүний үхсэн ч алдаагаа үл хүлээдэг маш өвөрмөц нэгэн төрхийг бий болгож байгаа юм. Хятад хүн алдаагаа хүлээж байсан гэж та дуулсан уу?

“Энэ бол миний алдаа” гэж хятад хүний хэлэхийг хэрэв та сонсвол манай улс үндэстэнд алга ташин баяр хүргэж болно. Хятад хүн алдаагаа хүлээж дадаагүй юм. Хэзээ ямагт түм буман шалтгаан тоочиж алдаагаа хаацайлдаг. “Үүдээ түгжиж эндэгдлийг бясалгах” гэсэн зүйр үг ч байдаг. Хэний алдаа эндэгдлийг боддог вэ? гэвэл эсрэг талынхаа алдааг л бодно. Намайг багшилж байхад сурагчид 7 хоногийн тэмдэглэл хөтөлж, нэг гаригийн хэрэг явдлыг шүүн үздэг байлаа. Үр дүн нь гэвэл “өнөөдөр би түүнд тэгэж хууртагдлаа, би түүнд тийм ч сайн, ийм ч сайн байсан, би түүнд хэтэрхий үнэнч байснаас л ийм боллоо” гэх мэтээр бичсэн байдаг.
Нөгөө сурагчийнхийг үзэхэд бас л хэт үнэнч байснаа бичсэн байдаг. Хүн бүр л үнэнч байснаа бичдэг. Тэгвэл хэн нь үнэнч биш байсан хэрэг вэ? Хятад хүн алдаагаа гоёж хаацайлахын тулд дэндүү их хүч зарж, тэгснээрээ дахин улам олон алдаа хийж, эхнийхээ алдааг хаацайлдаг. Ийм учраас хятад хүн том, хоосон, худал, хуурамч үг хэлэх дуртай, хортой үг хэлэх бүр ч дуртай. Тэд хятад үндэстнийг агуу их гэж хятадын соёлыг хосгүй ертөнц гэж хөөргөн дэвэргэдэг. Харин үүнийгээ хэрэгжүүлж чаддаггүй учраас бүгд том, хоосон үг болдог юм.

“Хятад хүнтэй ярилцахад тун хэцүү, удтал ярилцаад ч түүнийг дотроо юу бодож байгааг мэдэх аргагүй байдаг” гэж гадаадын олон нөхөд надад ярьдаг. Үүнд гайхах зүйлгүй “гадаадын та нар байтугай, хятад хүн хятад хүнтэйгээ ярилцаад дотоод сэтгэлийг нь мэдэж чаддаггүй” гэж би хариулдаг юм. Янзыг нь үзэж, сэтгэлийг нь танихын тулд тойруу замаар “хоол идсэн үү” гэж асуухад “идсээн” гэж хариулна. Хэрэг дээрээ хоол идээгүй, “ходоод нь хонхолзож” яваа. Сонгууль боллоо гэж бодоход гадаадынхан “би өөрийгөө тохирно гэж бодож байна.Намайг сонгогтун” гэж хэлнэ.
Хятад хүн бол Жу Гэлянь /хятадын уран зохиолын баатар/ маягаар хандана.Тодруулбал хэн нэг нь түүнийг сонгох гэвэл “үгүй би чадахгүй, надад хаанаас тийм эрх чадал байх вэ?” гэж шалтаг заана. Үнэн хэрэгтээ чи түүнийг сонгохгүй бол чамайг нэг насандаа үзэн ядах болно. Энэ удаа ч гэсэн намайг “энд ирж лекц уншина уу” гэхэд би “чадахгүй байхаа, би үг хэлж чаддаггүй” гэж хэлнэ. Гэтэл намайг үнэхээр урьж үг хэлүүлэхгүй бол магадгүй хожим Тайбэйд уулзахдаа би чиний толгой дээр тоосго буулгаж , намайг урьж залаагүйн өшөөг авах болно.

Худал том үгэн дунд эргэлддэг нь
Ийм байдал нь хятад хүнд бий болсноос нь нааш маш хүнд дарамт болж байна. Цаг ямагт бусдын бодол санааг тааж мэдэхийг оролдоно. Хэрэв үе тэнгийн жирийн нөхөр бол өөр хэрэг, харин нэр нөлөө бүхий, өндөр тушаалтан бол чи түүний юу бодож байгааг мэдэх гэж цаг үргэлж хичээнэ. Энэ бүхэн бол оюун санааг бүрэлгэж байгаа хэрэг мөн. Иймээс ч хятадад “ажил хийх амархан хүн болох хэцүү” гэсэн зүйр үг байдаг. Та бүхэн гадаадад удаан суусны дараа эх орондоо буцаж очмогц үүнийг биеэрээ мэдрэх болно.

Ажил хийх амархан, хоёр дээр хоёрыг нэмбэл дөрөв гэсэнтэй адил. Бид мөнхийн том, худал хоосон, хуурамч, хортой үгэн дунд эргэлдэж байна. Энэ бол ноцтой асуудал мөн. Би ямар ч хурал дээр унтаж байдаг, хурал дуусахад сэрдэг онцгой чадвартай хүн. Яагаад гэвэл хурал дээр хүмүүс өөрөө ч итгэхээргүй үг хэлцгээдэг юм. Гэхдээ зөвхөн Тайваньд ийм байдаг юм билээ, эх газар үүнээс ч дор байдаг. Алдаагаа цаг үргэлж гоёж, чимэн, үргэлж том, худал, хоосон хуурамч, хортой үг хэлдгээс болж, хятад хүний оюун ухаан аажмаар хумигдан, явцуурч байна. Уужим тэнүүн сэтгэлгүй, явцуу оюун бодол нь хятад хүний зан чанарыг тэнцвэргүй болгож байна. Энэ бол нэг талаар өөрийгөө туйлд нь хүртэл голон гутардаг, нөгөө талаар өөрийгөө туйлд нь хүртэл магтан бардамнадаг явдал юм. Өөрийгөө хэзээ ч хүндэлж байсангүй, өөрийгөө голон гутрахдаа хаана ч байлаа гэсэн хүн биш болж, эрх тушаалтанд үргэлж ойртон наалдаж, нүүрэн дэх инээмсэглэл нь улам тодорно.Өөрийгөө магтан бардамнахдаа бусдыг хэрэггүй эд эс мэт үзнэ.

Бие даан сэтгэх чадваргүй хүн төрж байгаа нь
Намайг анх Америкт ирэх үеэр нэг дээрмийн хэрэг гарсныг санаж байна. Нэг хятад хүн дээрэмдүүлсэн байлаа. Дээрэмчнийг баривчилсны дараа тэр очиж гэрчлэхийг зүрхлэхгүй байсан юм. Хүн бүхэн л ихэд айн сүрдэж, өөрийнх нь эрх гэж юу болох, тэр эрхээ хэрхэн хамгаалахаа ч мэдэхгүй ердөө л “больё, больё” гэсэн ганцхан үг л хэлж байсан билээ. “Больё, больё” гэсэн энэ үг хичнээн хятад хүнийг хөнөөж, манай үндэстний цог сүлдийг үхүүлснийг бүү мэд.Хэрэв би догшин ширүүн ухаантан байгаад ийм нэгэн үндэстэнд хал үзүүлж хашраахгүй юм бол тэнгэрийн таалалд тэрсэлсэн хэрэг болох билээ. Сэтгэл санааны ийм айдас нь догшин хаан, ширүүн түшмэдийн өсөж бойжих таатай хөрс суурь болж байгаа юм.
Чунь чу хийгээд байлдаант улсын үе /МЭӨ 770-221он/ бол хятадын соёлын хамгийн гялалзсан үе байсан. Гэвч тэр үеэс хойш хятадын соёл Кунзийн сургаальтны хяналтанд орж, зүүн Хан улсын үед /МЭ25-220он/ засгийн газраас ямар ч сэхээтний хэлсэн үг, цэц маргаан, бичсэн зүйл нь багш нь түүнд зааж сургасан хүрээнээс хэтэрч үл болох тухай журам тогтоож, түүнийгээ “багшийн уламжлал” гэж нэрлэсэн байна. Хэрэв багшийн уламжлалаас хальж гарвал түүнийг сургаал гэж үзэхгүйгээр үл барам, хууль зөрчсөн гэмт хэрэгт тооцдог байжээ.

Өөр нэг жишээ авъя! Зангууд түншдээ “чи хаалгаар гараад баруун тийш яв! Эхний гүүрний тэнд тарвас зарж байгаа, 2 жин тарвас аваад ир!” гэжээ.Түнш нь хаалгаар гараад явсан боловч гүүр ч алга, тарвас зарж буй газар ч алга тул арга буюу гар хоосон буцаж иржээ. Зангууд түүнийг усан тэнэг, мангуу амьтан гэж хараахад “Зүүн талд тарвас зарж байгаа” гэжээ. “Тэгвэл зүүн тийш нь явахгүй яасан юм бэ? гэж асуухад “Та намайг тийш нь яв гээгүй шүү дээ гэж хариулжээ. Зангууд түүнийг тэнэг мулгуугаар нь дуудаж хараан зүхжээ. Хэрэг дээрээ зангууд түүнийг номхон, хүлцэнгүй, сэтгэх чадваргүй болохыг ойлгон, жинхэнэ баруун гарын туслахаа болгоно.
Хэрэв тэр гараад баруун талд хов хоосон, харин зүүн талд тарвас зарж байгааг хараад худалдан авч гэж бодьё. Тарвас нь хямдхан бас амттай байг! Буцаж ирэхэд зангууд түүнийг “чи үнэхээр сэргэлэн юм, хэлэх юм алга. Хүн ийм л байх ёстой. Чи надад маш хэрэгтэй” гэж хөөргөн магтана. Харин хэрэг дээрээ энэ золигийг түшиж болохгүй, илүү дутуу юм боддог амьтан юм гэж ойлгож авна. Сэтгэх чадвартай боол хамгийн аюултай. Эзэн нь ийм боолыг хөнөөхгүй л бол хөөж явуулна. Ийм соёлын дор бүрэлдэн бий болсон хүн яаж бие даан сэтгэх билээ.

Эцэст нь надад төрсөн сэтгэгдэл гэвэл манай хятадын хүн ам үнэхээр олон, зөвхөн миллиард ангайсан ам. Гималайн нурууг ч залгиж чадна. Хятад хүний зовлон бэрхшээл олон талтай, гагцхүү хүн бүр сэрж мэдрэх хэрэгтэй. Хэрэв манай хүн бүр сайтар шүүн тунгаадаг болж чадвал, бид өөрсдийгөө, нөхдөө, улс орны удирдагчдаа дүгнэн цэгнэж чадна. Энэ бол өнөөдөр Хятад хүний явах ёстой, цорын ганц зам мөн гэж би бодном.

Комментариев нет:

Отправить комментарий