(“L’Unita, ИТАЛИ)
Ельциний отог омгийн анд нөхдөд ойр байдаг гэмт хэрэгтний бүлэг нь маш их харгис хэрцгий бөгөөд улс төрийн хэрэгт эрээ цээргүй оролцдог Коза Ностратай ихэр мэт адил. Омгийн ахлагч нь Борис Березовский байсан бөгөөд тэр өглөө хүн алах захиалга өгчихөөд орой нь юу ч болоогүй мэт хэнэггүй царайлан Жорж Соростой зоог барьж байх чадвартай…
Пино Арлакки (Pino Arlacci) /Европын парламентын депутат, НҮБ-ын дэд ерөнхийлөгч/
Би ямар ч байсан Ходорковскийд тохиолдсон явдлаас болж үс толгойгоо үгтээн зулгаахгүй. Харин түүнийг эрх чөлөөний төлөө явж байгаад золиос боллоо гэж үзэж байгаа хүн бол энэ талаар шуугиан тарьсан худал хуурмаг суртал ухуулгад автаж толгойн эргэж самуурсан нэгэн юм. Сэтгүүл зүй-улс төрийн энэ Вавилоны цамхаг бүхнийг төөрөгдөлд оруулж байна. Сакине, Баттисти, Ходорковский нарын хооронд ямар ялгаа байгаа юм бэ? Үүнээс болж ингэж сүржигнэж,шуугиан дэгдээх шаардлага байсан гэж үү.
Вавилоны цамхаг гэдэг хэлц үгээр:-бүтэшгүй мөрөөдлийг илэрхийлдэг. Сакине нь нөхрийнхөө араар тавьж, Лалын шүүхээр чулуугаар шидүүлэн алах ял авсан эмэгтэй юм. Мафийнхныг бусдаас ялгаж салгаж танихтайгаа хүн гэж би өөрийгөө үнэлдэг учраас Ходорковскийг аюултай хүн гэж боддог.
Тэрээр гэм буруугаа хүлээж,өөрөөс нь болж хохирол амссан хүмүүсээс уучлалт хүсч, худал хуурмагийн үүр уурхай, ертөнц диваажин гэж үздэг газарт луйвардаж дээрэмдсэн хөрөнгө мөнгөө нуун дарагдуулж, эргүүлж өгөхийн оронд сюрреалист далайц хэмжээнд хүртэл олон нийтийн үзэл бодлыг төөрүүлэхэд түүнийгээ зарцуулан чиглүүлж байна. Одоо Ходорковскийг Андрей Сахаров, Махатма Гандийн хэмжээнд тавьж байгаа бөгөөд удахгүй Иисус Христтэй зүйрлэх биз. Засгийн эрхийн төлөө тэмцэлд ялагдал хүлээж, эргэлзээ төрүүлсэн шүүх ажиллагааны явцад өргөст торны цаана суусан гэгч Олигархийн тухай ийнхүү үлгэр домог шиг зүйл зохион шуугиж байгаа билээ.
Яагаад би дээл хувцсаа урж тасдан,орилж хашгирахгүй байгаагийн өөр нэг учир шалтгаан бол миний бие 1990 оны үеийн Орос оронтой танилцсанд оршино. Энэ бол Мафийн орон байсан бөгөөд уг бүтцийг гол цогцлон бүтээгч, олсон орлогыг өөртөө шингээн авч байсан хүмүүс нь Ходорковский болон түүнтэй хамтран зүтгэгч-Олигархиуд байсан юм. Түүнийг Өрнөдийн санхүүчдийн хөрөнгө мөнгөний тусламжтайгаар байгуулсан бөгөөд Коммунист лагерийг сүйрэн унасны дараа уул овоотой жишэхүйц мөнгөний ашиг орлого олно гэж тэд төлөвлөж байлаа.
Чухамдаа Европын болон Америкийн банкууд Оросын мафийн хууль бусаар дээрэмдэж олсон мөнгийг өөртөө авч шингээн, аугаа энэ их улсыг сарнин бутрах ирмэгт хүргэсэн юм. Гэвч энэ найр цэнгэл Путин төр засгийн толгойд гарснаар төгсгөл болж, түүний амжилтын оньсого нь одоо Оросын сонгогчдын 70 хувь нь дэмжиж байгаагаар тайлагдаж байна. Путинийг үзэн яддаг учраас Англи-Америкийн бизнесийн том бүлгийнхэн болон тэдний мэдэлд байдаг сэтгүүлүүд Ходорковскийг гэнэт өрөвдөж хайрлан шуугиан дэгдээсэн юм.
Ельциний эрин үеийн ноёрхогч бүлгийнхэн хулгай луйвраа үргэлжлүүлэн хийж, авилга-хээл хахуулийн хүчинд цаашид оршин тогтнох ёстой байлаа. Гэмт хэрэгтнүүдийн бүлэглэлийг-Коза-Ностратай зүйрлэж болох бөгөөд үүнд Ельцинд ойрхон байдаг анд нөхдүүд нь болон Олигархиудын дотны хүмүүс орно. Оросын олигархиуд улс төрд эрээ цээргүй хутгалдан орж, харгис хэрцгийгээрээ нэрд гарсан бөгөөд түүнийгээ асар их хөрөнгө баялаг, мэдлэг боловсрол болон нийгэмд эзэлж буй байр сууриараа халхавчилж байдаг. Энэ бүхэн нь хөөрхий муу ямаа хариулагч Дон Корлеоны зүүдэнд ч орохгүй явдал байсан билээ.
Оросын Коза-Нострагийн толгойлогч нь Борис Березовский байсан юм. Одоо тэр Италийн сэтгүүлчдэд ярилцлага өгөх үеэрээ Их Британиас улс төрийн орогнол хүссэн хөөрхийлөлтэй хүний дүрд тоглон жүжиглэдэг болсон. Березовский бол өглөө хүн алах захиалга өгчихөөд, дараа нь түүнийг бүх талаар дэмжих гэж байгаа Жорж Соростой оройн хоол хамт зооглох гээд хэнэг ч үгүй явж байх хүн.
Березовский математикч мэргэжилтэй бөгөөд ОХУ-ын ШУА-ийн сурвалжлагч гишүүн бол Ходорковский Коммунист Залуучуудын Эвлэлийн дээд удирдлагын чухал албан тушаалыг эзлэн сууж байсан. Бусад боссууд ч ялгаагүй бүгд л олон нийтэд танигдсан хүмүүс юм. Учир нь тэд парламентад сууж, үйлдвэрлэлийн салбарын удирдах албан тушаал, хотын даргын суудлыг эзлэн, сонин сэтгүүл, үндэсний телевизийн сүлжээнүүдийн эзэд байдаг. Хэрэв Оросын гэмт хэрэгтэн олигархиуд оюун ухааны ийм их мэдлэгийн түвшинтэй байгаагүй бол бид Түүхэн томоохон заль мэхийн гэрч хэзээ ч болохгүй байсан юм. Энэ нь Дэлхийн эдийн засгийн хоёрдугаар чуулга уулзалт Давос хотод болох үеэр “Их долоо”-гийн байгуулсан эвслийн үр дүнд боломжтой болжээ. Үүний гол зорилго нь Ельциний сонгуулийг дэмжих асуудлыг бүх талаар хангах явдал байсан юм. Энэ арга мэхийн хүчинд Олигархиуд Оросын бүх баялгийн бараг тал хувийг булаан авчээ. Цар хэмжээгээрээ том энэ ов мэх нь “Хувьцааны оронд зээл олгох” нэртэй байсан бөгөөд дараах байдлаар үйл ажиллагаа явуулж байлаа.
1995 оны сүүлчээр ОХУ-ын Засгийн газар Төв Банкнаасаа зээл авахын оронд Олигархиудын мэдэлд байдаг банкуудад ханджээ. Зээл олгосны баталгаа болгож эдгээр банкууд Оросын хамгийн том үйлдвэрүүдийн багц хувьцааг түр хадгалах нэрээр өөрийн мэдэлдээ авсан байна. Жилийн дараа дээрх банкуудад авсан багц хувьцааг хэвээр хадгалуулахын тулд Засгийн газар авсан өр төлбөрөө эргүүлж төлүүлэхгүй байх талаар шийдвэр гаргасан юм. Үүний дүнд Березовский болон түүний тойрон хүрээлэгчид 110 сая доллар зээлүүлсний үр дүнд 5 тэрбум долларын үнэ өртөгтэй “Сибнефть”-ын хувьцааны 51 хувийн эзэд болсон юм. Ходорковский тэргүүтэй “Менатеп” групп зургаан тэрбум долларын үнэ өртөгтэй “Лукойл” гэдэг газрын тосны компанийг хяналтдаа оруулахын тулд ердөө 160 сая доллар төлсөн байна.
Потанины өөр нэг найзын банк 2 орчим тэрбум долларын үнэ өртөгтэй металл үйлдвэрлэлтээрээ дэлхийд тэргүүн Оросын уулын металлын “Норильский никель” группийг өөрийн мэдэлдээ оруулахын тулд 250 сая доллар зарцуулжээ.
“Хувьцааны оронд зээл олгох” ов мэх бол Оросын капитализмын худал хуурмаг үндсэн гол илэрхийлэл эмгэг бөгөөд энэ нь Мафийн шинжтэй улс төрийн Олигархиудыг төрүүлж, бэхжүүлэн Орос орныг асар их ядуурал, хор хохиролд учруулсан юм. Үүнээс өмнө ийм хор хохирлыг Орос орон 1941 онд фашистууд дайран довтлох үеэр л амссан билээ. Ердөө хэдхэн жилийн дотор үндэсний нийт бүтээгдэхүүний хэмжээ тал хувьдаа хүртэл хорогдож, хүн амын хадгаламжид байсан мөнгөний ханшийг зориуд унагаж, үнэгүйдүүлснээс болж рубль үнсэн товрог болж хувирсан юм. Өмнөх жилүүдтэй харьцуулахад ядуурлын доод түвшинд хүн амын 2 хувь нь байсан бол 1990-ээд онд 40 хувьд хүрсэн байна. Урьд нь ул мөргүй болтол устгаад байсан өвчин эмгэгүүд сэдэрч гарсны уршгаар хүн амын наслалтын дундаж хэмжээ таван жилээр хорогдсон байна. Удаан хугацааны туршид Төр,засаг тэтгэвэр тэтгэмж, цалин хөлс олгохгүй байсан энэ үед бүх төрлийн гэмт хэргийн бүлгийн дээрэмчид дураараа зугаацаж цэнгэж байлаа.
Ельциний үед цэцэглэж байсан баячуудын ноёрхол нь цэвэр капитализмд шилжин орох урьтал болох бүдүүлэг хоцрогдонгуй маягийн капитализмын шинж тэмдгийн ямар ч илрэлгүй байсан юм. Энэ нь огт ирээдүйгүй эрх баригч систем байсан бөгөөд оршин тогтнохын тулд цаашид ч хулгай луйвар хийж, авилга-хээл хахуулийг үргэлжлүүлэх ёстой байлаа. Түүний хамгийн гол эмзэг зүйл нь хууль ёсны жинхэнэ дархлал хамгаалалтгүй сул дорой байсан явдал юм.
Оросууд Ходорковскийг огт хүндэтгэдэггүй
Нөхөрсөг бус ханддаг засгийн газрын зүгээс өмч хувьчлалыг хууль бус явагдсан гэж зарлах магадлалын өмнөх айдас болон өнөөгийн олигархиудын хөрөнгө баялгийг шинээр төрөн гарсан хулгайч луйварчид дээрэмдэн булаан авах айдас хүйдэс дараах хоёр үр дагаварт хүргэсэн байна. Энэ нь олигархиуд Оросын нутаг дэвсгэрээс хөрөнгө капиталаа гарган зөөвөрлөхөд хүргэсэн явдал бөгөөд түүнийг нь Швейцарь, Англи, Америкийн банкууд хоёр гараа дэлгэн, хормойгоо тосон хүлээн авч тэр их баялгийг эргэлдүүлэхэд бэлэн байдлаар байршуулсан билээ. ”Тэр үед Bank of America болон түүнтэй ижил төстэй газруудад ямар их шуугиан дэгдсэнийг сэргээн харж болох” билээ. Гэвч энэ бүх асуудал нь Оросын мафийн бүлэглэлүүд өөрсдийгөө хуулиас гадуур дархлаатай болгож, улс төрийн шинжтэй яриа хэлэлцээ өөрийн эрхгүй хийхээр завдаж байх яг тэр үед босч ирсэн байна.
1999 онд засгийн эрхэнд ерөнхийлөгч Ельцинд төдийгүй Олигархи нарын сэтгэл санаанд нийцсэн нууц тусгай албаны хүн гарсан юм. Түүнийг шаардлага гарвал бараг хоёр сар тутамд ямар нэг хүндрэлгүйгээр халж сольж болдог олон ерөнхий сайдуудын нэг гэж тэд үзэж байлаа. Гэвч Владимир Путинд ялгагдах нэг онцлог зүйл байсан юм. Коммунизмын дараах Орос орны гэмт хэргийн том тогоонд ороогүй Улсыг Аюулаас Хамгаалах Хорооны “КГБ” удирдлага түүний ард байсан юм. Тэд бутран сарнисан улс орны хашааны захад хүртэл шидэгдэн хаягдсан боловч Оросын ард иргэдийн сэтгэл зүрхэнд байдаг онцлог зүйл болох үндэсний бахархлаа хадгалсан хэвээр байсан байна. Тэдний тулгуур дэмжлэгт түшиглэхийн зэрэгцээ Ельцин болон Мафийн удирдлага-боссуудын үйл ажиллагаанд олон нийт дургүйцлээ илэрхийлж байгааг харгалзан үзэж, Путин өөрийг нь дэвшүүлж өндөр суудалд суулгасан тэднээс зайгаа маш түргэн хугацаанд барьж холдсон юм.
Засгийн эрхэнд гарснаасаа хойш хэдхэн сарын дараа Олигархиудын өмнө дараах хоёр зам сонгох саналыг Путин дэвшүүлжээ. Эрээ цээргүй ховдоглон залгих шинжтэй явагдсан өмч хувьчлалыг үр дүнг эргэн хянахгүй байх болон санхүүгийн үйл ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэн явуулахын зөвшөөрч байгаагийн хариуд Олигархиудыг улс төрийн үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар хөндлөнгөөс оролцохоос татгалзах болзол тулгасан юм.
Эсрэг саналтай байх юм бол Путин тэдэнд бүх нийтийг хамарсан дайн зарлана гэж амлажээ. Тухайлбал, Булаан дээрэмдэж авсан баялгийг буцааж улсын өмч болгох,олон тооны гэмт хэрэг үйлдсэн (террорист үйл ажиллагаа, аллага хядлага, хулгай дээрэм, зальдан мэхлэлт, хүн барьцаалах, дарамтлан хээл хахууль авах, татвараас зайлсхийх гээд тоо томшгүй гэмт хэрэг) хэр нь хуулийн гадуур байх явдлыг төгсгөлд хүргэх дайн байлаа. Үүний мөрөөр НҮБ-ын дэргэд миний удирдаж байсан зохих ёсны албадуудтай хэлхээ холбоо тогтоож эхэлсэн юм. Хууль бус аргаар баялаг эзэмшин, дэлхийн санхүүгийн төвүүдэд бохир мөнгө угааж байгаа явдлыг илрүүлэн хураан авч, хохирол амссан засгийн газруудад буцаан олгох тухай санал санаачилгыг бид тэр үед гаргаад байлаа.
Путиний санал Мафийн фронтод хагарал гаргасан юм. Зарим олигархиуд саналыг нь хүлээн зөвшөөрчээ. Бусад нь түүнийг элэглэн дооглож, засч залруулж болшгүй алдаа гаргасан юм. Тэр үед ерөнхийлөгч болоод байсан Улсын аюулаас хамгаалах Хорооны ”КГБ” тусгай албаны ажилтан асан хүний бахь мэт зууралтыг тэд урьдчилан харж дүгнэлт хийлгүй алдсан билээ. Баривчлагдах төрөл бүрийн шалтаг шалтгаанаас зайлж Березовский Их Британид нуугдан хорогдож, тэндээс Английн нууц тусгай албадын зөвшөөрлөөр Оросын эсрэг хорлон сүйтгэх үйл ажиллагааг санхүүжүүлж байна. Харин Ходорковский Путинийг улс төрийн тэмцэлд өдөн дуудаж, Путинийг албан тушаалаас нь ховхлох найдлага өвөртлөн, дайсагнан ханддаг улс төрийн намуудыг санхүүжүүлж эхэлсэн юм. Гэвч энэ санаархал нь нуран унасан билээ.
Ходорковский бол дээр дурьдсан шалтгааны уршгаар Орост ямар ч нэр хүндгүй хүн билээ. Түүний давшилт дайралтууд Путинийг сулруулсангүй, харин ч эсрэгээр түүний нөлөөг улам бэхжүүлсэн юм. Гэвч Ходорковский одоо ч гэсэн маш их хөрөнгө мөнгөтэй баян хүн бөгөөд түүний эд баялаг нь гадаадад хадгалагдаж байдаг. Тэрбээр түүгээрээ нэр алдартай лобби бүлгүүдийг болон олон нийтийн үзэл бодлыг бүрэлдүүлдэг алдартай агентлагуудын хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөх чадвартай. Европын парламент дахь хөрөнгө мөнгө багатай ажил мэргэжил нэгтний явуулж буй үйл ажиллагаагаар нь үүнийг би мэддэг юм. Тэд уг нь Үйл хэргээ шударга сайн үйлсийн төлөө зарцуулж зориулахын оронд Ходорковскийг өмөөрөн хамгаалах кампанит арга хэмжээнүүдэд идэвх чармайлттай оролцож байдаг билээ.
Комментариев нет:
Отправить комментарий