Манай хойд хөршийн иргэд ирэх 6 жил өөрсдийг нь залах эрхэм хүндэт Ерөнхийлөгчөө сонгохоор түүхэн сонголтоо хийж байна. Тэрчлэн хойд хөршийнхний шинэ сонголт олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлын төвд байна. Мэдээж манай улсын стратегийн түншийн хувьд ч бид энэхүү сонгуульд зайлшгүй анхаарах нь дамжиггүй юм. Ингээд илүүг нуршилгүй, дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа Орос орны тухай нэгэн сонирхолтой нийтлэлийг хүргэе. Максим Калашников, Сергей Кугушев нарын “Мөхсөн эзэнт гүрнийг тонон дээрэмдсэн нь” нийтлэл Оросын хэвлэлүүдэд нийтлэгдсэн даруйдаа ихээхэн шуугиан дэгдээж байж.
Мөхсөн эзэнт гүрнийг тонон дээрэмдсэн нь
(Максим Калашников, Сергей Кугушев)
Чарльз Уикийн зөгнөл
1980, 90-ээд оны зааг дээр бидний нэг нь тун их нөлөө бүхий, өвөрмөц, нэвтэрхий хэрсүү нэг хүнтэй танилцсан юм. Тэр хүнийг Чарльз Уик гэнэ. Энэ хүн Рональд Рейганы дотны нөхөр, хамтран зүтгэгчдийн нэг байсан. Олон жил Уик “Америкийн дуу хоолой” радио станцыг толгойлж байсан бөгөөд дараа нь Зөвлөлт Холбоот Улсын эсрэг сэтгэл зүйн дайныг бүхэлд нь удирдаж байжээ. С. Кугушев дурсан ярихдаа, Чарльз Уик олон улсын нэг уулзалтын үеэр надад:
“ Миний нөхөд, дипломатууд, цэргийнхэн юу ч гэж ярьж байлаа гэсэн чухамдаа бол бид та нарыг ялаагүй. Харин та нар л ялагдсан юм. Та нар өөрсдөө өөрсдийнхөө ертөнцийг нураасан юм. Улс орноо доройтуулж өнөөдрийн энэ байгаа байдалд оруулсан. Бид та нарыг зөвхөн эдийн засаг пуужингийн тоогоороо даваагүй. Бид зүгээр л илүү тууштай, илүү эрэлхэг, өөрийн эрхэм зорилгод илүү үнэнч байж. Энэ бол хий хоосон үгс биш гэдэгт итгээрэй. Энэ бол Америк улс өнөөдөр ч, хожид ч олон жилийн турш цорын ганц хэт их гүрэн хэвээр байхын гол учир шалтгаан юм. Тиймээс ч америкийн ард түмэн бид ялагч ард түмэн. Харин та нар түүхийн золгүй хүмүүс. Та нар зугаалж цэнгэж, эх орноо ууж, идсэн хүмүүс. Та нар өөрсдийгөө манай жинсэн өмд, “Битлз”, “Элтон Жон”, “Эммануэль”-ээр арилжсан хүмүүс. Хоёр өдрийн турш надад “хөрөнгө оруулаадах л даа” гэцгээлээ. Танай оронд хөрөнгө оруулалт хийлгэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ? Юу ч хийх хэрэггүй. Ойрын 15 жилд юу ч хэрэггүй ! Энэ бол орос орныг асар эхээр саах үе байх болно. Бид та нарыг юу ч үгүй болтол цөлмөнө. Гуйлгачин болгоод ертөнцөөр явуулна. Та нарыг бүр мөсөн нуга дарж, өнгөрсөн агуу үеийг чинь мартуулсаны дараа л харин жинхэнэ бодит бизнес эхлүүлэх болно. Ойлгож байна уу? Та нарт тохиолдсон явдалд та нар л өөрсдөө буруутай. Бид бол та нарын зовлон зүдгүүрийг урт удаан хугацаагаар сунжруулахгүйн тулд зөвхөн л тусалсан. Тэгэхдээ, мэдээж хэрэг, та нарын шунаг хомхой, холын хараагүй байдлыг болон эрх ашгийнхаа төлөө сул дорой байдгийг чинь ашигласан. Та нар л өөрсдөө бидний харилцааг “ Хүйтэн дайн” гэж нэрлэсэн. Тэгвэл дайн бол дайн л байдаг. Дайны үед илүү зан хэрэг байдаггүй. Тэгэхлээр ийм л байна даа. Үнэнээр нь хэлчихлээ, өршөөгөөрөй” гэж хэлсэн юм гэсэн байдаг.
Тэгэхэд Чарльз Уик ная хүрч байсан. Тэрбээр ухаалаг, мэдээлэл сайтай, алсын хараатай нэгэн байв. Тэгээд яагаад ч юм тэгэхэд тэрбээр арваннэгдүгээр сарын сүүлийн нэг орой “ Президент отель” зочид буудлын долоон давхарт үнэнийг, манай оронд юу тохиолдсон, бас юу тохиолдох талаар эцсийн үнэнийг хэлэхээр шийджээ. Бас үүнд хэн буруутай вэ гэдгийг ч...
Ингээд ,1985 он... Юу ч гэж ярьж байлаа гэсэн энэ заагт ирэх үед Зөвлөлт Холбоот Улс гай зовлон, эвдрэл сүйрлээс салж тэнхрэн, асар их баялгийг хуримтлуулсан байлаа. Энэ бол нэг талаар, Их хэлцлийн орон, өнгөрсөн үеэсээ урваж, ирээдүйгээ идэж байгаа, хөдөлмөрөөс хэрэглээ рүү нүүрээ буруулсан орон байв. Гэвч нөгөө талаараа, академийн шинжлэх ухаан, тусгай албад, армид тулгуурласан, урьд үзэгдээгүй гайхамшиг, гайхалтай хүмүүсийн орон болсон “ Улаан Атлантид” цааш амьдарсаар, оршин тогтносон хэвээр байсан юм. Энэхүү “улс доторх улс” хүч чадлын далд боломж хуримтлуулж, технологи цуглуулж, ололт нээлтийг Дэлхийн мэдэхгүй ноу-хау болгож байв. Энэ орон барууныхнаас ялгаатай, өөрийн орны боломжинд баримжаалсан, өөрийн гэсэн технологийн пирамидыг босгосоор байсан юм.
1985 онд ямар оронд амьдарч байсныгаа бид ер нэг бодож үзэж байсан билүү? Өнөөдөр АНУ Хятадыг өөрийнхөө хамгийн хүчтэй өрсөлдөгч гэж үзэж, тус улсыг дэлхийн эдийн засагт нэг гол үүрэг гүйцэтгэж эхлэнэ гэцгээж байна. Тэгвэл тэр үеийн ЗСБНХУ бүхий л дутагдал, доголдлыг нь дурьдлаа гэхэд ХХ зууны сүүл үеийн Хятад улсаас 1.5 дахин хүчирхэг байсан юм. Үүнийг шалгая гэвэл “ ЗСБНХУ 1986 онд” статистикийн лавлах баримт бичгийг авч 1999 оны Хятад улсын тоо баримтуудтай харьцуулж үзэхэд л хангалттай. Бид харьцуулж үзсэн.
ЗСБНХУ хэмээх эзэнт гүрэн улс 1985 онд дэлхийн жагсаалтад 1913 оны Орос орныхоос хамаагүй дээгүүр байранд байлаа. 1913 онд Орос эдийн засгийн хүчин чадлаар Дэлхийд зургаад ордог байсан бол 1985 онд хоёр дугаарт ордог байсан юм. ЗСБНХУ, АНУ хоёрыг л байнга харьцуулж үздэг байсан. Энэ нь үндсэндээ буруу юм. Америкийг “хар ажлын хүчээ” болгосон Ази, Латин Америктай нь хамт авч үзэх ёстой байсан билээ. Эдгээр тивүүдэд капитализм XIX зуунаас эхлэн хөгжсөн хэр нь хүмүүсийн аж амьдралын түвшин зөвлөлтийн дундаж түвшинд ч ойртож чадаагүй байсан. Хэрэв тэр үед ард иргэд нь сард 2-3 доллар авдаг байсан АНУ дээр түүний үйлдвэрлэл, түүхий эдийн дагуур болж хөгжсөн, хүмүүс нь сард 50 доллар олохын төлөө нуруугаа бөхөлзүүлж ирсэн, одоо ч бас тэр чигээрээ байгаа Мексик, Чили, Перу, Бразиль, Венесуэлийг нэмж авч үзэх юм бол капиталист ертөнцийн дундаж иргэн зөвлөлтийн хүнээс дор муу амьдарч байсан нь харагдана.
Үүний сацуу Зөвлөлтөд наслалт англи, америк хүнийхээс тун чиг яльгүй доогуур байсан бөгөөд айл гэрийн 80 хувь нь тусдаа орон сууцанд амьдарч байсан юм. Хэдийгээр Зөвлөлтөд нь дэгжин загвартай гутал хувцас үйлдвэрлэж чадахгүй байсан боловч Зөвлөлт улсад ирээдүйн эдийн засгийн чөлөөт бүсэд нэн шинэ үйлдвэрүүдэд очиж ажиллахад бэлэн, боловсрол сайтай, мэргэшсэн ажиллах хүчний олон сая хүнээс бүрдсэн арми байсан билээ. Үүний зэрэгцээ ЗХУ агаар сансрын аж үйлдвэрлэл, эрчим хүчний тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, цөмийн аж үйлдвэрлэл, холимог материалуудын нарийн үйлдвэрлэл, лазерын техник болон өөр олон зүйлээс Баруунаас дутаагүй юм.
Тиймээ, ЗХУ-д бас маш их дутагдал гологдол байсан нь үнэн. Гэхдээ л 1985 оны Орос орон бол XX зууны эхэн үеийн Орос орны адил оньсого шиг хэрнээ, асар их далд нөөц, хүч чадлын арвин их сантай Аугаа Их Боломжийн орон байсан билээ. Тэрхүү эзэнт гүрний алтны нөөц гэхэд л Сталины үеийнхээс багассан хэдий ч, хаант засгийн үеийнхээс хоёр дахин илүү, 2500 тонн байсан юм. Ийм хэмжээний нөөцтэй байсан оросууд эдийн засгийн чөлөөт бүс байгуулан, дэлхийн хөрөнгө оруулагчдыг тийш нь урин залж, хэдэн зуун тонн алтаараа тэдний оруулсан хөрөнгийг баталгаажуулаад, тайван гэгч сууж байж болох л байсан. Аливаа хөрөнгө оруулагчийн хувьд хамгийн чухал нь хүчин зүйл болох улс орны тогтвортой байдал, дэг журмыг гүрэнт улсын төр засаг хатуу чанд хангаж чадах л байсан. Карабах, Чеченьд болох шиг юм тохиолдож болох байсан гэж тэр үед хэн ч зүүдэлж ч байгаагүй.
Гэвч гай газар дороос гэхчээр, асар эмгэнэлтэй явдал болж, 1985 он гэхэд улс орны хуримтлуулаад байсан хэмжээлшгүй их хүч чадал, орос орны их нөөц бололцоо, мөн төдий хэмжээний баялаг үргүй хоосон зүйлд үрэгдэж олон түмний ухамсарт Зөвлөлтөд үйлдвэрлэсэн бүхэн чанаргүй, муу гэсэн ойлголт төлөвшүүлэх тал дээр идэвхтэй ажиллаж байлаа. Энэхүү стратегийг хэрхэн боловсруулж, хэрэгжүүлсэн тухай америкийн түүхч Швейцарийн “Ялалт” нэрэлсэн гэж номд маш тодорхой бичсэн байгаа.
Талхилтын товчоон
ЗСБНХУ-ын нуралт нь Орос орныг талхилах, Баруунд “цусаа өгөгч” түүний “саалийн үнээ” болгох үйл явцтай зэрэгцэн явагдаж байлаа. Чухамхүү 1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхэн үеэс Орос орноос жил бүр доод тал нь 25 тэрбум, бүр түүнээс ч илүү байж мэдэх доллар гадаад руу гарах болсон.
Дэлхийн эдийн засагт доллар хэдэн триллионоороо эргэлдэж байдаг учраас энэ юу ч биш юм шиг санагдаж болох юм. Гэвч ингэж бодвол том алдаа болно. Дэлхийн зах зээлд эргэлдэж байгаа өчнөөн зуун тэрбум доллар нь ямагт ямар нэг зүйлтэй холбоотой байдаг. Тэр нь цэвэр бэлэн мөнгө, “кэш” биш, харин дам гэрээ, хувьцаа, хөрөнгө оруулалт, бараа, үйлчилгээний хэлцэл байдаг. Гэтэл ЗХУ-аас цэвэр мөнгө, тооцоогүй бэлэн мөнгө урсаж байлаа. Бэлэн мөнгө гэдэг бол үйл явдлыг өрнүүлэгч чухал үүргийг гүйцэтгэдэг. Хэрэв хувьцаа, бараа таваар хэлбэрээр буй барууны “санхүүгийн мөнгийг” хүйтэн ундаатай зүйрлэх юм оросын бэлэн мөнгө үүний хажууд өтгөрүүлсэн цэвэр шүүс байсан юм. Оросын гаргаж, барууны эдийн засагт оруулсан бэлэн нэг доллар болгон асар их хуримтлуулах нөлөөтэй байсан бөгөөд араасаа барууны “санхүүгийн” арван долларыг татаж байв...
Яагаад гэдгийг тайлбарлая. Үүний хариулт нь дэндүү энгийн. Учир нь эдгээр доллар нь оросын бизнесменүүдэд улс орныхоо нөөц баялаг, өмч хөрөнгө, бараа таваар, ноу-хауг өчүүхэн, юунд ч хүрэхгүй үнээр худалдсаны дүнд орж ирсэн юм. Эдгээр нөөц баялаг л чухамдаа барууны эдийн засгийг тун чиг хэрэгтэй өсөлтийн хүчин зүйлүүдээр хангаж өгсөн билээ.
“Эльдорадо-2” ажиллагаагаар Барууны олж авсан өөр нэг том олз бол ЗХУ-ын алтны асар их нөөц байлаа. 1990 онд энэ нөөц нь 2300 тонн байсан бөгөөд хаант засгийнхаас хоёр дахин их байв. 1991 оны 12 дугаар сард Ельцин Гүрэнт улсаас үлдсэн бүхнийг дэвсэж орхиод, Орос орны үлдэгдэл дээр, Оросын Хобооны Улсын эзэн сууж, тус орныг ЗХУ-ын хууль ёсны залгамжлагчаар зарлах үед улсын нөөцөд ердөө 240 тонн алт үлдсэн байсан юм. Бусад бүх алтыг гадаадад гарган, баруунд хог болон хэвтэж байсан барааг худалдаж авахад зарцуулагдсан ажээ.
Чухамхүү Горбачёв хамгийн түрүүнд улс орныг өрийн занганд оруулсан юм. Өөрийн орны дотоод нөөц бололцоог дайчлахын оронд тэрбээр гадаад зээлийг баруун зүүнгүй авч эхэлсэн. Их ч үгүй, бага ч үгүй 80 тэрбум долларын зээл авчээ. Нисэх онгоц тээвэрлэгч хамгийн орчин үеийн байлдааны хөлөг онгоц гэхэд хоёр тэрбум яльгүй гаруй доллар байдаг. Энэ мөнгөөр дээд зэргийн хэд хэдэн “Цахиурын хөндий” байгуулж болох байв. Горбачёвынхан ядахдаа ямар нэг юмыг эцэст нь хүртэл хийх чадвартай байсансан бол тэр мөнгөөр Оросууд, жишээлбэл, аль эрт дэлхий нийтийн холбоо харилцааны хиймэл дагуулын хэд хэдэн системтэй болчихсон, “Моторола”, “Теледесик”-ийг цохичихсон байх байв. Эсвэл, нисэж байгаа хүнд даацын АН-225-аас хөөргөх “Молния” агаар, сансрын хөнгөн онгоцнуудын оролттой болж, хиймэл дагуулын сансарт хөөргөх зардлыг хэд дахин бууруулж, улмаар Орос орон хиймэл дагуул хөөргөлтийн зах зээлийг эзэлж чадах байлаа. ЗСБНХУ-ын нөхцөлд бүрэн биелэх боломжтой байсан ийм төслүүдийг жагсаавал нэг биш хуудас эзлэх болно. Аргаа барахад, тийм хэмжээний мөнгөөр бүр бүх Ази тивийг тууш туулсан өргөн төмөр зам татаж, түүн дээгүүр хэт өндөр хүчин чадлын зүтгүүртэй, ачааны хоёр километрын галт тэрэг давхиулсан ч болох байсан юм, чөтгөр ав гэж. Тэдгээр галт тэргийг бүр цөмийн хөдөлгүүртэй бүтээсэн ч болох байсан. Эсвэл Балтийн тэнгис-Ижил мөрөн-Каспий-Персийн булан гэсэн тээврийн суваг байгуулсан ч болох л байлаа. Ямартай ч Орос орны хувьд Горбачёвын үед өөрчлөн байгуулснаас хамаагүй ашигтай тусаж болох олон хувилбар байсан юм.
Бий болсон нөхцөл байдлын хамгийн эмгэнэлтэй нь тэдгээр 80 тэрбум доллар ямарч утга учиргүй, хаашаа нь мэдэгдэхгүй арилж, өнөөгийн оросуудын нуруун дээр хүү нь өссөн хүнд өр болж үлдээд буйд байгаа юм. Горбачёвынхан энэ мөнгөөр юу ч бүтээн байгуулаагүй. Тэгээд ч энэ мөнгөний нэгээхэн хэсэг нь мөнгө биш, тоног төхөөрөмж хэлбэрээр орж ирсэн. Мэдээж хэрэг барууныхан гүйлгээгүй хэвтэж байсан, хуучирсан техникээ өгч далд оруулсан. Тэгээд ч тэдгээрийн ихэнх нь Горбачёвын үеийн эмх замбараагүй байдлын дунд агуулхад зэвд баригдаж гүйцсэн юм.
Харин мөнгийг нь нэг бол олхиогүй өргөн хэрэглээнд зориулж, нөгөөтэйгүүр ердөө л хулгайлцгаан хилийн чанадад дансанд хийж байв. Аль тохиодолд мөнгө маш түргэн эргээд л Баруунд очиж байсан. Харин орос улс зээлийг албан ёсоор төлөөгүй хэвээр л үлдсэн дээ. Одоо хүүхдүүд нь хумс хуруугаа хугалан байж, өөрөөсөө илүү юм харамлан байж энэ өрийг төлөх ёстой болж байгаа юм.
Зарчмын хувьд яг ийм явдал Ельциний үед “Тусгаар Орос оронд” (1991-1999он) болсон билээ. Эдгээр он жилүүдэд тоногдож ядарсан улс орон бас дахин 70 тэрбум долларын өрийг шүүрэн авсан юм. Мөн л түрүүчийн адил “тэг” үр дүнтэйгээр.
Өрийн гогцооны эрч
...Хэдийгээр үүнийг бичигч бид коммунистууд биш, энэ хүний үзэл бодлыг бүрэн хуваалцахгүй байгаа ч гэсэн нэгэн коммунист шинжээчийн бодлыг хуваалцаад үзье.
“... Зөвлөлт засаг, коммунистуудын эсрэг суртал ухуулгын дунд Орос орны асар их гадаад өр ЗХУ болоод коммунистуудаас ардчилалд дамжиж ирсэн гэсэн ичгүүр сонжуургүй худал яриа их байдаг. Ийм учраас энэ асуудлыг нэг мөсөн тодруулж, цэгцлэх шаардлагатай. Мэдээж хэрэг, ЗХУ өртэй байсан. Гэвч, нэгдүгээрт, улс орон болгонд өр байдаг. (дашрамд хэлэхэд, АНУ хамгийн их өртэй орон!). Хоёрдугаарт, Орос орон шиг агуу том орны хувьд манай өр бол тун бага өр. Гуравдугаарт, энэ өр нь Оросуудад төлөх ёстой өрөөр хэд дахин дарагдана. Орос орны түүхэнд хар жил болсон 1985 оныг хүртэл ЗСБНХУ-ын гадаад өр 20-25 тэрбум долларын хооронд хэлбэлзэж байв. Эдийн засгийн мөн чанараараа энэ бол манай орны хувьд ашигтай нөхцөлөөр урт хугацаатай авсан техникийн зээл байсан юм. Тэдгээр зээлийг идчихэж байгаагүй, сникерс, тампаксаар сольж арилжиж байгаагүй, харин суурь машин, автомашин (жишээлбэл,ВАЗ, КамАЗ, шинэ шинэ үйлдвэр, завод, нефть, шатдаг хий дамжуулах хоолойнууд, өөр олон шинэ шинэ бүтээн байгуулалт) болон зөвлөлтийн үйлдвэрт бүтээсэн өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн болгож байсан юм. Зөвлөлтийн үеийн бараа таваарын зээл нь 1960-аад, ялангуяа 1970-аад он болон 1980-аад оны эхэнд (ялангуяа Их хэлцэл цэцэглэх хүртлэх үед-ред. тайлбар ) юуны түрүүнд үйлдвэрлэл-техникийн зориулалттай чухал бараа таваарын импортыг нэмэгдүүлэхэд зарцуулагдаж байсан. Жишээ нь: өргөжиж, шинээр байгуулагдаж байгаа суурь машины үйлдвэрлэлд зайлшгүй шаардлагатай бараа материал, дамжуулах хоолойнууд хийгээд орчин үеийн иж бүрэн тоног төхөөрөмж худалдан авахад хэрэглэдэг байсан. Эдгээр зээлийн өрийг ЗСБНХУ-аас шатдаг хий, бордоо болон бусад бүтээгдэхүүнийг гадаад руу хэр тэнцүү нийлүүлэх замаар төлдөг байсан юм.
Дараах тоонуудаас юу болсон нь тод харагдана: 1985 онд улсын гадаад өр 25 тэрбум доллар байсан бол 1987 онд 30, 1991 онд 72 тэрбум доллар болсон байв.
Тэгвэл 1992 оны хавар, Ельциний үед 83 тэрбум, 1992 оны төгсгөлөөр 95 тэрбум болсон байлаа. Цаашдаа бүр ч явж өгсөн. 1993 онд 99.9 тэрбум, 1994 онд 110.2 тэрбум, 166.2 тэрбум доллар болж, 2000 онд 177.6 тэрбумд хүрсэн...
Үгүй дээ, өнөөдөр Орос орны нуруун дээр тохоотой байгаа энэ их айхтар өрийн хариуцлагыг хүлээх хүмүүс нь Брежнев, Андропов, Черненко нар огтхон ч биш шүү. Энэ бол М.Горбачёв, А.Яковлев, Э.Шевардназде, В.Медведев болон эд мэтийн “ардчилагч нарын” хийсэн ажил юм.
Оросын гадаад өр бүрдсэн явцыг он оноор авч үзье.
Олхиогүй бодлогынх нь үр дүнд Горбачёв-Яковлевын тавьсан өр 1991 оны эцэс гэхэд 72 тэрбум доллар болж өссөн байв. 1991-1992 оныг дуустал юу болсоныг цааш нь авч үзвэл, 72 тэрбумын өр явц дундаа ердөө хэдхэн сарын дотор “гэнэт” пал хийтэл 11 тэрбумаар нэмэгдэж, 83 тэрбум доллар болсон байв! Хэрхэн? Яаж?
Ройтерс агентлагийн тоймч
биш Внешэкономбанкны тоо баримтыг иш татан, ЗСБНХУ урвалтын улмаас нуран унасны дараа, Орос улсын өөртөө хүлээж авсан нийт өрийн өмнөх дүн дээр 11 тэрбум доллар “нэмэгдсэн” нь Оросын Сангийн Яамнаас зээлдүүлэгч нарт нөхөн олговор болгох зорилгоор ... нэмэлт облигац гаргасны үр дүн гэж мэдээлсэн байдаг.
Эрхэм уншигчид та бүхэн бүгдийг ойлгов уу? Оросын эрх баригчид ЗСБНХУ-ыг устгахад туслаж, дэмжсэний хариу болгож ийнхүү “буян” үйлдсэн байна шүү дээ.
Харин үүнээс цааш бол бүр хялбар. Ельциний болон түүний дээрмийн бүлгийн захиргаадалтын жилүүдэд 83 тэрбум долларын өр ер төлөгдөөгүйн дээр хүү нь өсөж, 1999 оны 11 сарын эцэс гэхэд 95.1 тэрбум доллар болсон байв. Бүр дээр нь Олон улсын валютын сангаас зээлсэн 17.1 тэрбум доллар, Дэлхийн банкнаас зээлсэн 11.6 тэрбум доллар (хагас нь хаашаа нь мэдэгдэхгүй арилсан), Европын өөрчлөн байгуулалт, хөгжлийн банкнаас авсан 3 гаруй тэрбум долларын зээлийн өр нэмэгдсэн.
Гэтэл ингээд бас зогсохгүй! 1996 оны намраас эхлэн Ельциний Оросын Холбооны Улс Европын Холбооны орнуудад, мэдээжээр, ердөө Барууны зээлдүүлэгчдэд маш ашигтай еврооблигацыг тараасны хүчинд ерөнхийдөө оршин тогтнож байв. 1999 оны эхээр эдгээр облигацын дагуу Оросын төлөх өр нэмээд 16.2 тэрбум доллар болсон байлаа. Ийнхүү 1999 оны эхэн үеийн албан ёсны тоо баримтаар нийт өрийн дүн 156.6 тэрбум доллар болж байв. Гэхдээ энэ бол зөвхөн 1999 оны үеийнх, 1999 оны төгсгөл үеийн өрийг тодорхойльё гэвэл дахиад 9.5 тэрбум доллар нэмэх хэрэгтэй бөгөөд энэ нь засгийн газар хуучин өрийнхөө үлдсэн хэсгийг болон хуримтлагдсан хүүг төлөхийн тулд 1999 оны Холбооны төсөвт шинээр тавьсан өр юм.
Өнөөдөр ийнхүү Оросын иргэн бүр нэгэнт 1000 гаруй долларын өртэй болчихоод байна! Гэвч энэ бол бүрэн гай бас юм. Тэгвэл нийт гадаад өр Оросын гуйланч төсвийн орлогоос 7.7 дахин давж байгаа нь (энэхүү харьцааны хэмжээгээр Орос улс дэлхийд нэгдүгээрт орсон) ёстой жинхэнэ гай бөгөөд ноёд ардчилагчдын хичээж зүтгэснээр энэ гай манай гэрт, улс оронд нүүрлэсэн юм.
Энэ их мөнгө хаачсаныг шалгахад илүүдэхгүй л болов уу? Сүүлийн жилүүдэд бид гадны зээлээр нэг ч үйлдвэр завод, хөдөө аж ахуйн нэг ч цогцолбор, нэг ч цахилгаан станц байгуулаагүй байгаа шүү дээ. Түүнээс гадна улсын орлого бас хаашаа яваад байгаа нь тодорхойгүй. Өнөө гэхэд л албан ёсоор 70 тэрбум долларын эрдэс нөөц “хилийн чанадад” гарч байгаа. Албан бусаар бол зуун тэрбум илүү гарна. Гэтэл энэ нь ямарч өр ширгүйгээр манай төсвийг олон дахин бүрдүүлж чадах хөрөнгө шүү дээ...”
А.Лебедев, ОКАН (Оросын коммунист Ардчилсан Нам) төв хорооны шинжээчийн бүлэг
Хараал идсэн ГКО
“Улаан Эльдорадо-2”-ын түүхийг судлах нь Орос орныг 1917 оны дараа эдийн засгийн хувьд сүйрүүлсэн түүхийг судлахаас хамаагүй илүү нарийн юм. Сүүлийн удаад Орос орныг тоносон хэлбэр нь дэндүү нарийн, дэндүү олон талт юм. Гэхдээ мөн чанараар нь авч үзвэл энэ хоёр түүх хоорондоо их төстэй. Аль алинд нь Орос орон соёлтой дайсан, өрсөлдөгч нарынхаа хувьд цагийг нь олж, маш хялбархан олж авсан олз болсон юм. 1990-ээд онд Оросыг сүйрүүлсэн үйл явцыг бага зэрэг нэмж тодруулъя.
Оросын үндэсний баялгийг барууныхан “тав дахь колони” буюу ардчилагчдыг ашиглаж саасан бас нэг гайхамшигтай ажиллагаа нь ГКО-ийн механизм байсан гэж үзэж болно. Тиймээ. 1998 оны 8 сард нурж, Орос орныг яг дөрөв дахин ядууруулсан тэрхүү механизм.
Эхнээсээ ГКО нь улс орны эдийн засагт жинхэнэ цөмийн цохилт өгсөнтэй ижил үйлчилгээ үзүүлсэн. Хэрэв та санаж байгаа бол цөмийн зэвсэг нь хэд хэдэн хүчин зүйлээр алж устгадаг шүү дээ. Улс орон өөрийн болон гадны банкуудаас 1 рубль аваад, түүнийгээ дараа нь 1.5 рубль болгон буцааж өгдөг системийг ертөнц дээрх нэг ч эдийн засаг тэсэж гарч чадахгүй гэдэг нь ухаантай хүмүүст бүр анхнаасаа тодорхой байсан юм. Товчоор ГКО-үнэт цааснуудыг банкуудад санаанд багтахгүй өндөр хүүтэй худалдахыг хэлж байна.
Тэдгээр нь “Үнэ 100 рубль. Жилийн дараа 110 рубль болж очино” гэсэн бичээстэй облигац байсан бол бас яая гэх вэ. Тэгтэл тэгээгүй. ГКО-г хөвөх ханштай байхаар хийсэн бөгөөд жишээлж хэлбэл, зуун рублийн үнэт цаасыг санхүүчдийн сүрэг нээлттэй наймаан дээрээс жаран цөлхөөвөөр ч худалдан авч болж байсан билээ. Гэтэл улс биднийг татвараар шахан, тэдэнд бүхэл бүтэн зуун рубль, дээр нь бас хуримтлагдсан хүүгийн хамт буцааж өгөх ёстой байв.
ГКО-гийн оросуудад учруулсан гай тоо томшгүй. Тэдгээр өрийн бичгийн тухай хэдэн цаг ч ярьсан болно. Үйлдвэр, заводод хэн ч мөнгө оруулж байсангүй, бүгд л гагцхүү ГКО худалдан авч байлаа. Урьд өмнө үзэгдээгүй их ноогдол ашиг авсан ГКО дамлагчид тогтворгүй рублиүдээ тэр дор нь доллараар солин Оросоос гадагш нь гаргаж байлаа. Учир нь ГКО-гийн 2/3-ыг гадныхан барьж байсан юм. Орос орон барагдаж байгаа нефтийн баялгаа гол мөрөн аятай хилийн чанадад гаргаж байсан. Түүгээр олсон доллар аж үйлдвэрт бус, шууд ГКО дамлагчдын халаасанд очиж байлаа.
ГКО-г гол худалдан авагчид гадаадынхан болон улсын мөнгийг хадгалдаг “бүрэн эрхт” гэгдэгч банкууд байсан нь уг нөхцөл байдлыг гаж болохыг харуулж байна. 1996-1998 онд барууны санхүүгийн бүтцүүд ГКО-гоор дамжуулан 72 шахам тэрбум долларыг Орос орноос олж авсан билээ. Эдгээр тоог сонсоход ухаан балартмаар. Нэг үгээр хэлбэл, 1996-1998 онд барууныхан зөвхөн л ГКО-г ашиглан 1992-1999 онд зээл хэлбэрээр “шинэчлэгчдэд” өгсөн мөнгөө бараг бүтнээр нь буцаан авчээ. Барууныхан 1989-1991 оны Дөрөвдүгээр хувьсгалд оруулсан хөрөнгийнхөө зардлыг ийнхүү нөхөн олж авсан байна.
1980-аад оны эхээр АНУ Афганистаны душмануудыг дэмжсэнээр оросуудын тэргүүний технологи, орчин үеийн аж үйлдвэрийн байгуулалтад зарцуулж болох байсан 3-4 тэрбум долларыг жил бүр Афганы дайнд үрүүлж байгаадаа маш их бахархаж байсан юм. Гэтэл 1996-1998 онд тэртэй тэргүй зүдэрч зовсон, хагас сүйрлийн байдалтай байсан Орос орон Афганы дайны үеийн 20 жилтэй тэнцэх хэмжээний хохирол үзжээ! Ийм байхад бид яагаад ийм гуйлгачин байдалд амьдарч, барууныхан болохоор тийм баян байна вэ гэж бас толгойгоо гашилгаад байж болох уу?
Зарчмын хувьд авч үзвэл “about гласность энд пэрэстройка” гэж хөөрөн ярьж Горбачёвт өгсөн зээлүүд бол (Ельцинчүүдэд өгсөн тэдгээр зээлтэй нэгэн адил) ердөө л завхралд орсон Зөвлөлтийн дээдсүүдэд болон өвчтэй, дорой ард түмэнд өгсөн асар том хахууль л байсан юм. Энэ бүхний ард сууж байсан санхүүгийн стратегичид Орос орон энэ авсан өч төчнөөн тэрбум долларыг хэзээ ч бүрэн бүтнээр буцааж өгөхгүй гэдгийг сайн мэдэж байсан.
Хэт их гүрнийг устгаж өгсөний төлөө 80 тэрбум доллар өгнө гэдэг бол тийм ч их мөнгө биш. Нарийн хэлэх юм бол 80 тэрбумаас яльгүй их л дээ. Горбачёвт өгсөн 80 тэрбум дээр Ельцинд өгсөн 70 тэрбумыг бас нэмэх хэрэгтэй. Дээр нь элдэв хүү нэмэгдэнэ. За бас Польш, Афганистанд явуулсан ажиллагаануудад болон 1983 онд нефьтийн дэлхий нийтийн үнийг унагахын тулд арабуудад үзүүлсэн шахалт, суртал нэвтрүүлэг болон шинжээчдийн штабуудад зориулж зарцуулсан мөнгө нийтдээ 50 орчим тэрбум байна.
Гэхдээ энэ их мөнгө гэж үү? Рейганы үед АНУ-ын батлан хамгаалахын жилийн зардал 300 тэрбум доллар байв. Барууныхан ихдээ л АНУ-ын батлан хамгаалахад гаргадаг жилийн зардлын 2/3 зарцуулаад Зөвлөлт холбоот улсыг нурааж, триллион доллараар ч үнэлэх аргагүй ашиг олжээ. Барууны эрх баригчид манай эрх баригчдаас юугаараа ялгаатайг мэдэж байна уу? Манай “ элитүүдийн” хувьд яг одоо, өөрт нь мөнгө авчраагүй л бол тэр бүхэн ердөө юу ч биш байдаг. Харин барууны нийгмийн багана, тулгуур болсон давхаргынхан нь ирээдүйг хэдэн арван жилээр урагш харж олж авсан стратегийн давуу талаа үнэлж чаддаг юм байна. Ингээд АНУ тэргүүтэй Барууныхан америкийн батлан хамгаалахын жилийн төсвийн ердөө дөрөвний гурвыг зарцуулан юу хожив доо?
Барууны хожоо ба Оросын алдагдал
Нэгдүгээрт, Орос орноос халгин гарсан түүхий эдийн их урсгал 1990-ээд онд зэс, цайр, титан, ховор газрын металлууд, ялангуяа Барууны өндөр технологийн хөгжилд онцгой хэрэгтэй металлуудын үнийг эрс буурахад хүргэсэн. Ингэснээр үйлдвэрлэлийн зардал болон хөрөнгө зарцуулалт үлэмж багассан.
Хоёдугаарт, улс орны алтны нөөцийн үлэмж хэсгийн шилжилт Барууныханд борлогдохгүй байгаа болон илүүдэл бүтээгдэхүүнүүдээ түүгээр арилжих боломж олгосон. 1990-1991 онд Орос орноос хоёр мянган тонн алт хаашаа ч юм бэ, гарч алга болсон билээ. Түүний нэг хэсэг нь бараа таваарын зээлд баталгаа болж, нөгөө хэсэг нь бүр ЗСБНХУ-ын улсын төсөвт ч ул мөр үлдээлгүйгээр зүгээр л алга болсон байна.
Гуравдугаарт, Барууны улс төрийн дарамт шахалтанд нийцүүлэн хариу барьдаг, Барууныг нефть, байгалийн шатдаг хийгээр хангадаг шинэ тогтвортой суваг бий болсон. Ямар нэг юм болоход, эрчим хүч нийлүүлэгч улсуудын нэгдмэл фронтыг хагалан бутаргах чадвар бүхий суваг юм.
Дөрөвдүгээрт, Зүүн Европ, Африк, Ази, Латин Америк дахь Зөвлөлтийн нөлөөний хүрээ Баруунынхны гарт орсон. Оросууд ухаан зарж, өөрийн холбоотнуудаасаа өрөө өмчөөр авна гэж шаардах вий гэж барууныхан маш их айж байв. Тэгээд мөнх цэвдгээ утга учиргүй нүхэлж ухахад тэрбум тэрбумыг үрдгээ зогсоож, Орос дахь орд газруудаа дэлхий дахины дулаарал болтол хадгалж үлдээгээд, халуун орнууд руу яаравчлан зүглэх вий гэхээс айж байв. Тэд бас Оросуудыг хилийн чанадад үйлдвэрээ байгуулан, Вьетнам, Ангольд нефть олборлож эхлэх вий (Сибирьд олборлосноос хэд дахин ашигтай) хэмээн айж байв. Бас Оросын алмазны уурхайнууд Африкийн өмнөд хэсэгт ажиллаж эхлэх вий, оросууд алмазны ордтой Африкийн улсуудын эрх баригч дээд хэсгийнхнийг худалдаж аваад, дэлхийн зах зээлд гоёлын засмал алмазтай төдийгүй, өндөр технологийн үйлдвэрт асар их шаардлагатай аж үйлдвэрийн алмазтай гарчих вий хэмээн дагжиж байв. Хөнгөн цагааны хүдэр ердөө газрын гадаргууд байж байдаг Гвинейд оросууд очоод олборлолт хийж эхлэх вий гэж айж байлаа. Оросын загас агнуурын хөлөг онгоцнууд Мадагаскар, Мозанбикийн эргээр холхиж, тэнд ЗСБНХУ-ын мэдлийн бүрэн капиталист боловсруулах үйлдвэрүүд ажиллуулах вий гэхээс Барууныхан унтаж чадахгүй айж байлаа.
Оросууд тийнхүү асар их ашиг олж, түүгээрээ хамгийн тэргүүний технологидоо хөрөнгө оруулалт хийн, гайхамшигтай сөнөөгч нисэх онгоц, пуужин, хиймэл дагуулууд, хэт цэвэр материалууд үйлдвэрлэдэг болоод дэлхийн зах зээлд гарч ирэх вий гэж Барууныхан айж байсан юм. Оросууд Африк, Азиас явсан нь Барууныханд мөн л ашигтай байсан. Юу гэвэл зөөлөн уур амьсгалтай, дэндүү хямд ажиллах хүчинтэй тэдгээр бүс нутаг өнөөдөр харсаар байтал дэлхийн хэмжээний урлан, бүтээлийн газар, манай гарагийн аж үйлдвэрийн бүс болон хувирч байна. Чухамхүү тийшээ бөөний үйлдвэрлэл шилжиж очиж байна. Гэтэл оросууд дэлхийн тэдгээр бүс нутгуудад өөрсдийн үйлдвэрүүдээ байрлуулж, өөрсдийн өндөр технологио тийш нь аваачиж болох байв. Оросууд Азийн орны шинэ элитүүдтэй холбоо тогтоон, тэдний хөрөнгийг өөрсдийн технологийн боломжтой холбож, наад зах нь гэхэд л “Эльбрус” маягийн тэдгээр суперкомпьютеруудыг зэх зээлд гарган шидэж болох байлаа.
Тавдугаарт, эх орондоо ажилгүй болсон ЗСБНХУ-ын шинжлэх ухаан-техникийн шилдэг ажилтнууд мэргэжил мэдлэгээ, зарим тохиолдолд бол бүр улсын нууцыг хулгайлан АНУ-д цутган очиж байв. Зөвхөн тэднийг бэлтгэх ажлаас л (ЗСБНХУ-ын төсвөөр хэрэгжүүлсэн) янкууд зуун зуун сая доллар хэмнэсэн юм. Үүний зэрэгцээ олон олон жилийн шинжилгээ судалгааны үр дүн болсон технологи, зохион бүтээлт, бүтээлүүд, шинэ санаа, ноу-хау үнэгүй шахам худалдагдан баруунд очиж байлаа. Гэтэл тэдгээрийн жинхэнэ үнэ нь хэдэн арван тэрбум долларт хүрэхээр байсан юм. Тэр бүү хэл Барууныхан тэдгээрийг ихэнх тохиолдолд худалдаж ч аваагүй. Баруунд гарсан эрдэмтний их биш цалингаар л авсан юм.
Зургадугаарт, дэлхийн зах зээл дээр америкийнхантай өрсөлдөж болох байсан оросын аж үйлдвэрийн өндөр технологийн салбарууд сүйтгэгдсэн буюу зогсоход хүрсэн. Оросууд харсаар байгаад сансраа, нисэх онгоцны аж үйлдвэрээ, цөмийн аж үйлдвэрээ, тэргүүний зохион бүтээлтийн материалуудыг үйлдэрлэсэн, роботжуулсан уян шугамын болон биотехнологийн үйлдвэрлэлээ алдсаар байна.
Долдугаарт, туйлдаж зүдэрсэн орос орон Баруунд хөрөнгөө экспортлож гаргадаг улс болж хувирсан. Зээл олгосных нь төлөө Ельцин улс орны эдийн засгийг нээлттэй болгосон. Энэ нь үндсэндээ гадаадын хөрөнгө оруулагчдыг өөртөө татаж, үйлдвэр заводууддаа хөрөнгө оруулж, өндөр технологийн шинэ үйлдвэрүүд барьж байгуулна гэж бодож хийсэн алхам байв.
Гэтэл тийм юм болсонгүй. Цаашдаа ч тийм юм хэзээ ч болохгүй. (Яагаад гэдэг нь тусдаа сэдэв) Харин ч бүр огт өөр юм боллоо. Орос орноос мөнгө ердөө чөлөөтэй гадагш урсаж эхэлсэн. ЗСБНХУ-ын бүх хэлтэрхийнүүд Америкийн зээлдүүлэгчид болов. Шинэ “улсуудын” төв банкууд хүртэл өөрийн нөөцийн алтаар гэхээсээ АНУ-ын доллараар, Америкийн үнэт цаасаар хадгалах болж, америкийн системийг зээлжүүлж эхлэв.
Тэр бүү хэл Оросын ард иргэд хүртэл үндэсний валютаа доллараар сольж, хуримтлалаа доллараар байлгах болов. Эдгээр хэдэн арван тэрбум доллар гүйлгээнээс гарч, Оросын эдийн засагт хувь нэмэргүй болов. Иргэд, хүн ам нь хуримтлалаа үндэснийхээ валютаар болон дотоодын үйлдвэрүүдийн хувьцаа, өөрийн улсын үнэт цаасаар байлгадаг улс орон л хөгждөг гэдэг нь мэдээжийн зүйл. Хүмүүсийн хуримтлал банкны хадгаламж, үйлдвэрийн газрын хувьцаагаар, янз бүрийн санхүүгийн компаниудаар дамжиж гүйлгээнд орж байх ёстой гэдэг нь зах зээлийн эдийн засгийн цагаан толгой юм.
Гэтэл Оросын шинэчлэгчид иргэдээ ийм юм хийх ямар ч хүсэлгүй болгож орхисон юм. Шинэчлэгчид хоёр удаа (1992 болон 1998 онд) хүмүүсийн банкинд хадгалуулсан мөнгийг устгасан бөгөөд 1993-1994 онд “Тибет”, “Хопер-Инвест” мэтийн хуурамч хувьцаат компаниудыг дур зоргоор авирлуулснаар хүн амын хуримтлалын бүр ихэнхийг нь алга алга болгосон юм. Өөрөөр хэлбэл, Оросын шинэчлэгчид большевикуудаас ч илүүтэйгээр Орос орны эдийн засгийн өсөлтийн эх булгийг өөрсдөө усгасан билээ. Оросын ард иргэдийн банк, хувьцаа, хөрөнгө оруулалтын санд итгэх итгэлийг юу ч үгүй болтол устгаад, ард түмний хадгаламжийг доллар худалдаж авахад чухамдаа чиглүүлсэн юм. Тодруулж хэлбэл, АНУ-ын эдийн засагт тус болоход чиглүүлсэн. Оросууд тэдний долларыг бөөн бөөнөөр нь худалдан авч байгаагаараа өнөөдөр АНУ-д зээл олгож, долларыг чангаруулж, хүчтэй болгож байгаа юм.
Наймдугаарт, зээл олгогчдод тал засаж, батлан хамгаалах ажлаа зогсоож, далайн флот, хүчирхэг армиа устгаснаараа Орос нь АНУ-ыг зэвсэглэлээр ялагдах байсныг нь аварч, түүгээр ч барахгүй Америкт бага зардлаар бүхнээс хол тасархай зэр зэвсэгтэй болох боломжийг олгов. АНУ одоо уламжлалт танк, сөнөөгч нисэх онгоц, тэнгисийн цэргийн нисэх онгоц үйлдвэрлэхэд тийм их мөнгө зацуулахын хэрэггүй болсон. Үүнийхээ оронд тэд нар ирээдүйн хүчтэй зэвсэгтэй болоход илүү хөрөнгө зарж байгаа. Тэр нь сансрын, лазерын, эрчим хүч-мэдээллийн, цаг уур-ионы давхаргын болон биологийн зэвсгүүд юм.
Эцэст нь, есдүгээрт гэвэл, Орос орон хүч тэнхээгүй тусгаар “улсууд” болон бутарч, Баруунынхны олон зууны мөрөөдөл биелсэн. ТУХН гэдэг нь үндсэндээ Парвус өөрийн дурсамждаа, Гитлер өөрийн төлөвлөгөөндөө, АНУ дайны дараа гаргасан захирамжууддаа тооцоолж байсан тэр л зүйл юм. Тэдний хүсэл л хэрэгжсэн гэсэн үг.
Дээрх бүхнийг тооцоод үзвэл хэдэн триллион доллар болно. Гэтэл ердөө инээд хүрмээр гурван зуун тэрбум хүрэхгүй доллар зараад энэ бүхнийг авсан. Энэ нь АНУ-ын батлан хамгаалах салбарын 1985 оны жилийн төсвийн ердөө дөрөвний гуравтай л тэнцэнэ. Шударгаар хэлэхэд, хэн нь хэндээ өртэй болоод байгаа нь ер тодорхой бус байна. Оросууд Барууныханд уу? эсвэл тэд өөрсдөө юү? Гэхдээ барууны санхүүчдийн ур чадварыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Оросууд нүдний өмнө хамгийн бага мөнгө зарцуулж хамгийн их, хамгийн урт хугацаагаар нөлөө үзүүлэх синергетик өндөр технологийн үлгэр загвар байж байна. Шууд бус үйл ажиллагааны стратегийг хэрэглэж, санхүүгийн дайн хийснээр ямар гайхамшигтай үр дүнд хүрч болдогийн үлгэр жишээ энд харагдаж байна. 1990-ээд онд Орос орныг тонон дээрэмдсэн явдал большевик-ленинчүүдийн үеийн дээрмээс ч илүү хүчтэй, хүнд туссан. Сүүлийн удаагийнх уул овоо шиг хүний хүүр, хижиг, тахал өвчний дайрлага, олон нийтийн өлсгөлөн болж хүмүүсийг сөхрүүлэхгүй . Гэхдээ л ...
Хулгайлагдсан Орос орон
Зөвлөлт Холбоот Улс мөхсөний дараа болсон явдлуудыг эрүүл ухаанаар тайлбарлахын аргагүй. Өнөөгийн Оросын Холбооны улс инерциэрээ л улс гэж нэрлэгдэж байгаа. Өөрийн гэсэн Ерөнхийлөгчтэй, ямар нэг хэмжээгээр тусгаар тогтносон, сүлд дуулал, төрийн далбаатай. Гэвч энэ бол зөвхөн өнгөн хэсэг нь. Үнэн хэрэг дээрээ ОХУ гэдэг нь хоосон хальс л болчихоод байна. Энэ бол хулгайч нарт юу ч үгүй тоногдож, хоосортлоо цөлмүүлсэн орон. Өнөөгийн “ардчилагчид”, “шинэчлэгчид” гээчид нь элитийн дунд бус, багаар бодоход шоронд сууж байх ёстой шившгийн муу хулгайч нар. Чухам тэд л хүн төрөлхтний түүхэнд хамгийн муухай луйвар, дээрэм хийж, хулгайлсан зүйлээ Баруунд гаргасан.
1990-ээд онд ЗХУ задран нурж, цэргийн хөтөлбөрүүд хумигдаж, Ази, Африк дахь холбоотнууддаа Оросын үзүүлж байсан тусламж зогсож, зээл авч эхэлсэн зэрэг нийлээд Орос улсад асар их хэмжээний мөнгийг-600 тэрбумыг сул гаргаж өгсөн юм. Тэр мөнгө хаачсан бэ? Бараг ул мөргүй алга болсон. Арай тодорхой хэлбэл, хулгайлагдаж Баруун Европ руу урсаж, эдийн засгийн систем рүү цутган орсон. Мөхөж буй ард түмэнтэй тус орон Америкийн эдийн засгийн 1990-ээд оны өсөлтийн нэг их булаг болж өгсөн юм. Тэгэхэд америкийн эдийн засгийн эрчтэй өсөлтөд юу тэжээл нь болсон талаар ярихын хэрэг байна уу? Тэр эрчимтэй өсөлтийг оросууд бид ч санхүүжүүлсэн. Түүний төлөө өөрсдийн хөлс, цус, ирээдүйгээ өгөн байж шүү.
Гэтэл энэ 600 тэрбум ч бүх зүйл биш шүү, уншигч минь. Энэ бол ердөө л өнгөн тал нь. Харин цаана нь... Энд л бид оросын “ардчилсан шинэчлэлийн” хамгийн том бөгөөд өөдгүй нууцыг дэлгэнэ дээ. Тэр нь юу вэ гэвэл, Орос орны үндэсний баялгийг хэрхэн хулгайлсан түүхийг.
Төгсөв.
Комментариев нет:
Отправить комментарий