вторник, 13 марта 2012 г.

Хятадууд юуг сөрж байна вэ?





АНУ гадаад бодлогынхоо стратегийн чиг баримжааг өөрчилснөө зарлалаа.
Үүнээс хойш Вашингтоны тэргүүлэх чиглэл нь Ойрхи Дорнод бус, харин Ази-Номхон далайн бүс нутаг байх болно. Шинэ бодлогын гол зорилгыг ил зарлаагүй боловч энэ нь Хятадыг тогтоон барих бодлого болох нь бүгдэд ойлгомжтой юм.

Оросын Үндэсний эрчим хүчний институтын захирал Сергей Правосудов


Өнгөрсөн онд ДНБ-ий хэмжээгээрээ Хятад улс Японыг гүйцэж түрүүлэн дэлхийд хоёрдугаарт ордог болсон. Харин аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн хэмжээгээр тус улс АНУ-ыг ардаа орхиж тэргүүлэх болсон билээ. Өөрөөр хэлбэл, Америк виртуал эдийн засагт буюу үйлчилгээ, санхүү, интернэтийн салбарт тэргүүлж байна. Одоо шинжээчид БНХАУ-д дэлхийн эдийн засгийн тэргүүлэгч болоход хэдий хэрийн хугацаа шаардагдах талаар маргаж буй. Нэг хэсэг нь 10 жил гэж байхад, нөгөө хэсэг нь 15 жил гэж байна. Энэ байдал АНУ-д огт таалагдахгүй байгаа бөгөөд тэд тэргүүлэгч байр сууриа хадгалахын тулд нэлээд хэдэн алхам хийж магадгүй байгаа юм.


Хятад улс дэлхийн эдийн засгийг тэргүүлэх нь баттай гэж бодох хэрэггүй. 1970-1980 онд Японыг ДНБ-ий хэмжээгээр АНУ-ыг гүйцэж түрүүлнэ гэдэгт бүгд итгэлтэй байсан боловч санаснаар болоогүй. Японы эдийн засаг гүнзгий хямралд орсон учраас тийм найдлага байхгүй болсон. Гэхдээ Японы эдийн засгийн эрчимтэй өсөлт, бас урьд нь ХБНГУ АНУ-ыг тийм ч их айлгадаггүй байсныг ойлгох хэрэгтэй. Улс төрийн үүднээс аваад үзвэл энэ хоёр улс америкчуудын хяналтад байсан. Японы ч, Германы ч нутаг дэвсгэрт дэлхийн хоёрдугаар дайны үеэс Америкийн цэргийн баазууд байрлаж байгаа билээ. Хятад улс бол өөр хэрэг. Энэ улс бие даасан гадаад бодлого явуулахыг эрмэлзэж, гадаад зах зээл дээр Америкийн корпорациудтай тулж байгаа өөрийн компаниуддаа үзүүлэх дэмжлэгээ эрчимжүүлж байна.


Урьд нь Америкийн стратегичид БНХАУ-ын улс төрийн дэглэм аажмаар хувирч өөрчлөгдөнө гэж найдаж байжээ. Үйлдвэрлэл эрхлэгчдийн болон чинээлэг иргэдийн тоо өссөн нь улс төрийн тогтолцоог ардчилахад хүргэнэ, өөрөөр хэлбэл, Хятадын Коммунист нам дангаар ноёрхохоос татгалзана гэж тэд найдаж байв. Ингэсэн нөхцөлд америкчуудад хятадын стратегид нөлөөлөхөд хялбар байх байлаа. Гэвч тэгсэнгүй. Хятадууд үйлдвэрлэл эрхлэгчдийг намд элсэхийг зөвшөөрч, харин сонгуулийг зөвхөн орон нутагт явуулж байна. Тариачид болон хотын иргэдийн бослого үймээн, уйгуруудын хийгээд Түвдийн оршин суугчдын салан тусгаарлах хөдөлгөөн, тэрс үзэлтнүүдийн үйл ажиллагаа гээд Хятадад болж буй эсэргүүцлийн хөдөлгөөний тухай маш олон ном, нийтлэл гардаг болжээ.


Мэдээжийн хэрэг, эсэргүүцлийн олон хөдөлгөөнийг хилийн чанадаас дэмжиж байна. Америкчууд бусад улсад хийсэн шигээ “өнгөт” хувьсгалыг Хятадад хийхийг оролдож байж болох юм. Гэвч үйл явдал иймэрхүү маягаар өрнөх магадлал бага, учир нь БНХАУ доторх Америкийн тусгай албадын байр суурь нь тийм хөдөлгөөн амжилт олно гэж дүгнэхээр хүчтэй болж чадаагүй байна. Үүний сацуу аль ч засаглал нь АНУ-тай шууд сөргөлдөхөөр эдийн засгийн хөгжлийн тийм түвшинд Хятад улс хүрсэн учраас “өнгөт” хувьсгал амжилт олсон ч Хятадын толгойд Америкийн тал баримтлагч удирдлага удаан тэсэхгүй. Ийм нөхцөлд америкчууд тус улсын дорнод нутгийн эдийн засгийн хувьд хөгжингүй эргийн бүс нутгууд болон тариачдын төв хоорондын хагарлыг улам өдөөх замаар байдлыг тогтворгүй болгоно гэж найдаж байх шиг байна.


Хятадын амжилт тус улсын зүүн нутгийн аж үйлдвэрийн үйлдвэрлэл эрчимтэй өсч байгаатай холбоотой. Хятадын Ардын банкны мэдээлснээр, тус улсын 1,3 тэрбум хүн амын таван хувь нь буюу 60 сая хятадууд жилийн 20 мянган доллар давсан орлоготой дунд ангид хамаарч байна. Тэгэхдээ дунд ангийнхны дийлэнх хэсэг нь эрэг орчмын нутгуудад эсвэл Бээжинд оршин сууж байна. Харин нийгмийн эмзэг давхарга буюу жилийн өрхийн 1000 доллар хүрэхгүй орлогоор амь зуудаг 600 сая хүн, жилийн 1-2 мянган долларын орлоготой 440 сая хүн байгаа аж. Боомтуудтай хил залгаа орших нутаг дэвсгэрт АНУ, Япон, Европын Холбоо гэсэн хөгжингүй орнуудтай худалдаа наймаа хийснээр хөгжиж байгаа бол бусад хүн ам өл залгах төдий амь зууж байна.


Үүнийг БНХАУ-ын эрх баригчид сайн ойлгож байгаа. Тиймээс сүүлийн үед тэд эдийн засгаа экспортоос хараат байдлыг сулруулахын тулд дотоодын хэрэглээний түвшнээ дээшлүүлэх зорилго тавих болжээ. Бээжингийн эрх баригчид эрэг орчмын нарийн зурвасын ашиг сонирхлыг бусад бүс нутгийнхтай ойртуулахыг оролдож байна. Төвийн бүс нутгийн хүн амд бараа худалдаж авах мөнгө хаанаас олж өгөх вэ гэдэгт гол асуудал оршиж байгаа юм. Тусламж дэмжлэг үзүүлэх, хөнгөлттэй зээл олгох, татварын хөнгөлөлт үзүүлэх замаар тус улсын дотоодод аж үйлдвэрийн үйлдвэрлэл бий болох үйл явцад түлхэц өгөх хэрэгтэй боловч энэ нь эрэг орчмын бүс нутгийн оршин суугчдын дургүйцлийг хүргэж болзошгүй юм. Учир нь тэр мөнгийг татвар хэлбэрээр тэднээс авдаг.


Өнөөдөр төвийн бүс нутгийн оршин суугчид тус улсын зүүн нутагт аж төрж байгаа баян эх орон нэгтнүүдээс их хараат байдалтай байна. Ийм байдал Мао Зэдун төвийн бүс нутагт тариачдын хүчтэй армийг бий болгож, ЗХУ-аас зэвсэг авч, эрэг орчмын бүс нутгийг өрнөдийн тал баримталсан хүчнүүдээс цэвэрлэж байсан 1940-өөд онд ажиглагдаж байжээ. Ялалт байгуулсан тэрбээр ЗХУ-тай түншийн харилцаа тогтоож, өрнөдийнхний хөрөнгийг улс орондоо оруулахгүй болгосон.


АНУ Япон, Өмнөд Солонгос, Тайвань, Европын Холбоон дахь холбоотнуудынхаа тусламжтайгаар эрэг орчмын нутгууд дахь салан тусгаарлах хөдөлгөөнийг дэмжин туслахыг оролдож байна. Өнөөдөр Хятадын эрэг орчмын бүс нутгийн эрх ашиг тус улсын бусад бүс нутгаас илүүтэй гадаадын худалдааны түншүүдийн эрх ашигт хамаагүй ойр байгаа юм. Хэрвээ Бээжингийн эрх баригчид салан тусгаарлах хөдөлгөөнийг хүчээр дарж эхэлбэл энэ нь БНХАУ-ын хамгийн хөгжингүй бүс нутгуудын байдал тогтворгүй болж, эдийн засгийн ноцтой алдагдалд ороход хүргэнэ.


Түүхэнд ч эрэг орчмын худалдааны бүс нутаг болон хөдөө аж ахуйн төвийн бүс нутагтай сөргөлдөж байсан жишээнүүд байна. МЭӨ 431-404 онд Спарта болон Афинчууд хооронд болсон Пелопонесийн дайныг аваад үзье. Энэ дайнд афинчууд тэргүүтэй улсуудын холбоо спартанчуудад ялагджээ. Гэхдээ спартанчууд ялсныхаа дараа түргэн хөлжсөн нь цэрэгжсэн нийгэм нь тарж бутрахад хүргэсэн байна. Үүний улмаас удалгүй Грекийн хот улс Македоны хаадад эхлээд Филиппт, дараа нь алдарт Александрад захирагдахаас өөр аргагүй болжээ.


Улс орныг нэгтгэх хамгийн зохимжтой арга нь ялгуусан дайн хийх явдал. Хятадын эрх баригчид энэ аргаар хожихыг оролдож байж болох юм. Гадны дайсны үүргийг хөрш Вьетнам гүйцэтгэж болох аж. Геополитикийг сонирхдог хэн бүхэн 1996 онд гарсан, Америкийн эрдэмтэн Самюэль Хантингтоны “Соёл иргэншлийн мөргөлдөөн” гэдэг алдартай номыг уншсан байх. Түүнд Вьетнамаас болж АНУ, Хятадын хооронд гарч болох дайны тухай өгүүлсэн байдаг.


Зохиогчийн бичсэнээр, “Америкийн эрх ашгийг харгалзан үзвэл АНУ, Хятадын хоорондын дайн хэрхэн өрнөх бол? Одоо 2010 он байна гэж үзье. Нэгдсэн Солонгосоос Америкийн цэрэг гарч, Япон дахь АНУ-ын цэргийн оролцоо үлэмж багасчээ. Тайвань болон эх газрын Хятад эвлэрсэн боловч Тайвань илүү бие даасан байх тэмцлээ үргэлжлүүлнэ, тэгэхдээ Бээжинд захирагдахыг хүлээн зөвшөөрч, Хятадын дэмжлэгтэйгээр Украин, Беларусь хоёр 1946 онд элссэн шиг загвараар НҮБ-д элсэнэ. Өмнөд Хятадын тэнгис дэх нефтийн орд газруудыг Америкийн компаниуд түргэн хурдацтай ашиглана. Энэ үйл ажиллагаа үндсэндээ Хятадын ивээл дор явагдах ч зарим бүс нутаг Вьетнамын хяналтад байдаг.


Цэргийн оролцооны шинэ боломжуудын ачаар Хятадын өөртөө итгэх итгэл бэхжиж, тус улс Өмнөд Хятадын тэнгисийг бүрэн хяналтдаа авах бодолтой буйгаа зарлана. Хятад улс ийм хяналт тогтоохыг хэзээд хүсч байсан. Вьетнамчууд эсэргүүцсэнээр Хятад, Вьетнамын цэргийн хөлөг онгоцуудын хооронд зэвсэгт мөргөлдөөн гарна. 1979 оны доромжлолын өшөөг авах хүсэлдээ автсан хятадууд Вьетнам руу халдан довтолно. Вьетнамчууд америкчуудаас тусламж хүсэхэд хөндлөнгөөс оролцохгүй байхыг хятадууд АНУ-д сэрэмжлүүлнэ. Япон болон Азийн бусад улс маш түгшүүртэй байдалд орно.


Хятадууд Вьетнамыг булаан эзлэхийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ АНУ мэдэгдэж, Хятадад эдийн засгийн хориг арга хэмжээ авахыг уриалж, Өмнөд Хятадын тэнгис рүү нисэх онгоц тээгч хөлөг онгоцуудаасаа нэгийг илгээнэ. Хятадууд энэ алхмыг зэмлэн буруушааж, түүнийг Хятадын нутаг дэвсгэрийн усанд тооцож, хөлөг онгоцуудад агаарын цохилт өгөв. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон Японы Ерөнхий сайдын гал зогсоох тохиролцоонд хүрэх гэсэн оролдлого бүтэлгүйтэж, байлдааны ажиллагаа Зүүн Азийг бүхэлд нь хамарна.


Япон улс нутаг дэвсгэрт нь байгаа америкийн баазуудыг хятадын эсрэг цэргийн ажиллагаанд ашиглахыг хориглосон боловч АНУ энэ хоригийг үл тооход Япон улс төвийг сахисан улс болохоо зарлаж, баазуудыг бүслэн хаана. Хятадын шумбагч хөлөг онгоцууд болон хуурай газарт байрлалтай нисэх онгоцууд Америкийн хөлөг онгоцуудад болон Зүүн Азийн объектуудад ноцтой хохирол учруулна. Энэ завсар Хятадын хуурай замын цэргүүд Ханой руу орж, Вьетнамын газар нутгийн дийлэнх хэсгийг эзэлнэ...” Цааш нь дэлхий даяар цэргийн энэ мөргөлдөөнд татагдан оролцохоос аргагүй болж буй дүр зургийг дүрслэн харуулдаг байна.


Америкийн компаниуд тухайлбал, “Exxon” Вьетнамд нүүрс-устөрөгчийн хайгуул хийж байгаа бөгөөд ажил нь хангалттай амжилттай яваа аж. Оросын “Газпром” компани ч бас хайгуул хийж Баованг, Баоден гэсэн хоёр орд газрыг аль хэдийн илрүүлжээ. Би Вьетнамын усанд геологи хайгуулын ажил хийж байгаа “Газпром”-ын хөлөг онгоцон дээр очиж чадсан юм. Хөлөг онгоц хүртэл бид Вьетнамын армийн хөлгөөр аялав. Геологи хайгуулын ажилд саад болох гэсэн Хятадын цэргийн хөлөг онгоцуудтай байнга тааралдаж маргадаг тухай Оросын геологичид ярьж байлаа. Учир нь хайгуул хийж байгаа газар БНХАУ-ын хилд ойрхон оршдог аж. Вьетнамын өмнөд нутгийн орд газруудад Оросын “Зарубежнефть” болон Өрнөдийн компаниуд аль эртнээс ажиллаж байна. Дашрамд хэлэхэд, өнгөрсөн онд Мексикийн буланд нефть асгасныхаа торгуульд Британийн компани Вьетнамын хувьцаагаа худалджээ.


Хятадын тэнгисийн цэргийн флот загас агнуурын хөлөг онгоцуудыг нь байнга хавчиж шахдаг тухай Вьетнамын удирдлага нэг бус удаа албан ёсоор мэдэгдсэн бөгөөд Бээжинг нефтийн цооног барих ажлыг эсэргүүцдэг хэмээн буруушаасан байна. Өнгөрсөн оны хавар Хятад, Вьетнамын хооронд зорчигч тээврийн болон цэргийн хөлөг онгоцууд оролцсон нэлээд хэдэн хэрэг явдал гарч, Ханой, Хошиминд эсэргүүцлийн жагсаалууд болсон билээ. 1998 онд нэг арлын төлөөх хоёр орны хоорондын богино хугацааны тулаан Вьетнамын 50 далайчин амиа алдсанаар дууссан.


Хятад улс Өмнөд Хятадын тэнгисийг бүхэлд нь авахыг эрмэлздэг. Тэнд байдаг Стратли болон Параселийн арлууд нь Зүүн-Өмнөд Ази болон Европ, тэрчлэн Ойрхи Дорнодын хооронд ачаа тээвэрлэхэд ашигладаг далайн гол замд байрладаг юм. Вьетнам, Малайз, Бруней, Филиппин тус бүс нутгийн нэг хэсгийг бас булаацалддаг байна. АНУ энэ бүс нутагт хөлөг онгоц чөлөөтэй зорчих боломж хязгаарлагдаж болзошгүй хэмээн болгоомжилж байгаа юм. Өнгөрсөн оны сүүлээр Вашингтон Австралийн Дарвин хотод цэргийн баазаа байрлуулахаар зарласныг Бээжин эсэргүүцсэн билээ.


Сүүлийн хэдэн жил Вьетнам Оросоос зэвсэг эрчимтэй худалдан авах болсон. Тухайлбал, Су-30МК2 сөнөөгч нисэх онгоц, пуужинт хөнгөн хөлөг онгоц, “Гепард” хөлөг онгоц, шумбагч хөлөг онгоц, хөлөг онгоц эсэргүүцэгч далавчит “Яхонт” пуужинтай эргийн хөдөлгөөнт “Бастион” цогцолбор зэргийг нийлүүлж байна. Үүний дүнд Вьетнам Оросоос зэвсэг худалдан авагчдын жагсаалтад Энэтхэгийн дараа хоёрдугаарт ордог болжээ. Урьд нь энэ байрыг Хятад улс эзэлдэг байсан аж.


Хэрвээ Вьетнамын арлууд нефтийн нөөц үлэмж ихтэй нь тодорхой болбол Хятад улс тэдгээрийг авах оролдлого хийж болзошгүй юм. Энэ нь БНХАУ-д гол нефть нийлүүлэгчдийн нэг Иранд үзүүлэх дарамт шахалтаа АНУ хүчтэй болгож буй нөхцөлд онцгой их анхаарал татаж байна. Гэхдээ ийм үйл явдал болох магадлал тун бага юм.


Харин энд сануулахад сүүлийн удаа Хятад улс Вьетнам руу харьцангуй тун саяхан буюу 1979 онд халдаж байсан билээ. Тэр дайнд асар том Хятад улс бяцхан Вьетнамд ялагджээ. БНХАУ энэ ялагдлыг эдүгээ ч үндэсний гутамшиг гэж үздэг. Гэхдээ хэрвээ хятадууд даагаа нэхэхээр шийдвэл тэд компаниуд нь Вьетнамд үйл ажиллагаа явуулдаг АНУ, Оросын эсэргүүцэлтэй тулгарах болно гэж “Коммерсант” сонинд бичжээ.


З.Амгалан

Комментариев нет:

Отправить комментарий