среда, 7 марта 2012 г.

Х.Болорболд: Бидний замнаж буй энэ 20 жил бол жинхэнэ колоничлол мөн


 
Дэлхий нийтийг хамарсан улс төр, эдийн засгийн хямрал манайд ч сүүдэр нөлөөгөө тусгаж байгаа. Энэ хямралын язгуур үндэс, үр нөлөө, урхаг дагаварын талаар бичсэн зарим судлаачдын номууд дэлхий нийтийн анхаарлыг ихэд татаж, шуугиан тарьж, өргөн маргаан мэтгээнийг өрнүүлээд буй. Тэдгээр номуудаас, тухайлбал, “Хүн сүргийн үйлдвэрлэл”, “Сүйрлийн үрүүд”, “Эдийн засгийн алуурчны наминчлал”, “Урхи-Бидний эрх чөлөөний мөрөөдөл юу болчихов оо”, “Эдийн засгийн алуурчны золиосууд-Эзэрхэг гүрний эртний арга бач”, “Эрин цагийн дуудлага”, “Мухардал-Улс төрийн үзэл санааны алуурчид” зэрэг номуудыг орчуулан монголын уншигч түмэндээ хүргэсэн эдийн засагч Х.Болорболдтой уулзаж ярилцлаа. 
 
-Таны орчуулж, нийтийн хүртээл болгож буй номууд нь өнөөгийн манай нийгмийн хөгжлийн зам, түүний ирээдүйд эргэлзэх эргэлзээг уншигчидад төрүүлж байгаа. Та чухам яагаад ийм номуудыг сонгон орчуулах болсон бэ? 
 
Анх 1998 онд Удирдлагын хөгжлийн институтэд суралцаж байхад л бидний замнаж буй замд эргэлзэх эргэлзээ надад төрж эхэлсэн. Сургуулиа 2000 онд төгсөөд 10-аад жил улс төр, эдийн засгийн асуудлууд судалж байна. Сүүлийн үед манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч байгаа мэдээллүүдийг, ялангуяа гадаадын блогуудыг нэлээд судалж, 7 хоногтоо нэгээс хоёр удаа заавал орж тэнд болж байгаа үйл явдлыг мэдээллийг монголдоо болж байгаа зүйлтэй харьцуулан харахаар маш сонин байдаг. Энэ олсон мэдээллээ хүмүүст хүргэе гэсэн үүднээс долоон ном орчуулж гаргаад байна. Олон ном үзэж харсны эцэст "Энэ л номыг Монголын ард түмэнд хүргэх нэн шаардлагатай юм байна" гэснээ л сонгон орчуулж ирлээ. 
 
-Дээрх номнуудад гарсан санаануудын бодит дүр зураг Монголын нийгэмд тодорхой харагдаж байна гэх ямар ямар баримтууд байна вэ? 
 
-Бид 1991 оны цагаан морин жилийн хувьсгалыг "Ардчилсан хувьсгал" гэдэг. Хувьсгал нь ямар нэгэн нийгэм-улс төрийн тогтолцоог өөрчлөн халж, чанарын өөр шатанд гаргаж байх ёстой. Тиймээс аливаа хувьсгалаас шинэчлэл дэвшилд хүрэх учиртай биз дээ? Тэгвэл сүүлийн 20-иод жилд Монголд өрнөсөн процессийг нарийн судлаад үзвэл энэ нь дэвшил биш харин асар том ухралт гарсан байна. Гагцхүү тэр гарсан өөрчлөлтүүдийг дандаа өөр үгээр илэрхийлсээр ирсэн байгаа. Жишээ нь, "Бүтцийн өөрчлөлт", "Шилжилтийн эдийн засаг" гэх зэргээр. 
 
Гэтэл тэр шилжилт нь хаашаа шилжиж байна гэсэн асуулт гаргаж ирээд үзвэл их өөр хариулт гарч байна. Монголын ард түмний язгуур эрх ашигт нийцэх, монгол үндэстний хөгжил цэцэглэлтийн төлөө шилжиж байна уу гэдгийг нарийн судлаад үзэхээр түүхийн өмнөх 70 жилд олсон ололт амжилтаас асар их ухралт хийсэн нь харагдаж байна. Энэ нь мөнгө, банк-санхүү, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд гээд бүх салбарт асар том ухралт хийсэн. Энэ талаар тодорхой жишээнүүдийг авч ярьвал улам ойлгомжтой болно. 
 
Сүүлийн жилүүдэд манай нийгэмд задрал, ялзрал маш их явагдсан нь тохиолдлын зүйл огт биш. Нийгмийн ёс суртахуун, хүмүүсийн маргаашдаа итгэх итгэл, хүнийрхэх үзэл, мөнгөний төлөө яахаас ч буцахаа байсан уур амьсгал нь мэдээж том макро түвшинд төдийгүй жижиг аж ахуйн нэгж, айл өрх, жирийн хүмүүс, бүх нийтийн амьдралд хэрхэн илэрч байна гэдгийг ажиглавал маш хүчтэй ухралт болсон байна. Бид энэ 20 жилд хуурагдаад явжээ. Мэдээж би энэ дүгнэлтийг хийхээсээ өмнө юм юманд эргэлздэг байсан. 
 
-Хувь хүн бүү хэл нийгмийг ийм илбэ жилбэнд оруулахын тулд манипуляцийн асар их арга хэмжээг үзэл суртлын янз бүрийн хэлбэрээр, тэр бүү хэл шоу хэлбэрээр үзүүлдэг тухай дээрх номуудад өгүүлсэн байна. Энэ үзэгдэл манай нийгэмд хэрхэн илэрч байна вэ?
 
-1991 онд ардчилсан хувьсгал болоход монгол хүн бүрийн зүрхэнд юу байсан бэ? Ер нь 1911 оны хувьсгалын дараа 1991 онд Монголд үндэсний эрх чөлөөний тэмцлийн хоёрдугаар давалгаа болсон хэдий ч түүний агуулгыг нь гадна талаас сольчихсон бөгөөд зөвхөн нэрийг нь л үлдээсэн. Бодлого, үйл ажиллагааг нь "гадна талаас нь заана" гэсэн нэрийн доор өөр зүгт чиглүүлсэн байдаг. Мэдээж социалист нийгэмд олон бэрхшээлтэй асуудал байсан нь ойлгомжтой. Ер нь бол асуудалгүй нийгэм гэж байхгүй шүү дээ. Гэтэл биднийг чирээд явж байгаа энэ капиталист нийгэмд түүнээс илүү их асуудал байна шүү дээ. Хэдэн зуу, мянга дахин их асуудал байна. Гэтэл бид өмнөх үеийнхээ олсон амжилтыг сайжруулж явах ёстой атал яасан? Харин ч тэдний даалгавраар бүх ололт амжилтаа устгах ажлыг хийсэн байгаа. 
Ер нь монголчууд эдийн засгийн талаар огт ярихгүй, харин эдийн засгийг тойрсон элдэв догмуудыг л тойруулж яриад байна шүү дээ. УИХ-ын түвшинд ч, Засгийн газрын түвшинд ч гэсэн эдийн  засгаа ярихгүй байгаа. Гэтэл эдийн засгаа ярина гэдэг нь манай хүн ардын өнөө болоод ирээдүйн тухай асуудал шүү дээ. Гэтэл бид хэнд хичнээн ажлын байртай, ашиг орлоготой, дотоодын хэрэглээтэй болох юм бэ, хүн ам, хүний хөгжил нь ямар болох юм бэ гэдгийг ярихгүй байна. Ихэнх тохиолдолд энэ нь ухарчихаад байна. 
 
-90-ээд оны эхээр болсон хүчтэй өөрчлөлтийн үеэр таны дуур дурдсан зүйлсийг их ярьж байлаа. Та одоо эмзэглэж ярьж байна. Тухайн үед энэ шинэчлэлтийг хийх ёстой гэж ярьж байсаан. Жишээлбэл, социализмийг юу ч үгүй болтол нь нураах ёстой. Социализмийн материал-техникийн баазыг балгас болгож байж тэр балгасан дээр шинэ нийгмийг байгуулах ёстой. Ард түмнээ элгээр нь хэвтүүлж байж л шинэ капиталист нийгмийн харилцаанд орно гэж ярьдаг байв даа. Тэр хүмүүс одоо Д.Ганболд, Э.Бат-Үүлээс өгсүүлээд дарга сайд хийгээд л явж байна. Тэгэхээр эдгээр хүмүүс барууны үзэл суртлын урхи гогцоонд орчихоод ингэж ярьж байв уу, эсвэл гэнэн хонгороосоо ашиглагдчихав уу?
 
-Миний хувьд бол тэд зориудаар эх орноо, ард түмнээ элгээр нь хэвтүүлчихэе, эдийн засгийнх нь бааз суурийг унагаая гэсэн зорилго тавиагүй байх л даа. Гэхдээ та бүхэн санаж байгаа бол "Бид зах зээлийн эдийн засгийн гол зарчим, механизмуудыг мэдэхгүй байна" гэж ярьж байсан шүү дээ. Тэд үүнийгээ одоо ч хүртэл мэдэхгүй л байна. Одоо ч бид өөрсдөө мэдэхгүй байна. 
 
Гагцхүү бүх юмнуудаа нураачихсан. Одоо яахаа ч мэдэхгүй байгаа тул зарим улс төрийн хүчнүүд "Ард түмнээсээ асууя" гээд явж байна. Гэтэл ард түмэн нь мөн адил мэдэхгүй байна. Ерөөсөө бид эдийн засгийг л ярихгүй байгаа. Эдийн засаг гэдгийг би жинхэнэ утгаар нь ярьж байна шүү дээ, тийм үү? 
Улс орны эдийн засаг гэж чухам юуг ойлгох юм бэ? Улс орон бүр дотооддоо өөрийн үйлдвэрлэлтэй, дотоодын ажлын байртай, ийм учраас хүн амынх нь орлого дээшилж байдаг, тэр эдийн засгаасаа гарч ирсэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг бид өөрсдөө дотооддоо хэрэглэдэг байх ёстой. Өнөөгийн Монгол улсын эдийн засгийн ерөнхий загварыг аваад үзэх юм бол ихэнх бүтээгдэхүүнээ гадаадаас импортолж оруулж ирдэг, түнийг нь тодорхой хэмжээний зуучлагч нар үнэ нэмээд л зардаг. Ийм л байна. Монгол улс нь тэр чигээрээ тодорхой хэмжээгээр зүгээр л дэлгүүр, ченжийн зах болчихож байгаа юм. 
Гэтэл аль ч улс орон өөрийн гэсэн эдийн засаг, үйлдвэрлэлтэй л байж хөгжинө. Ялангуяа амин чухал үйлдвэрлэлүүдийн баазтай байж л хөгждөг. Гэтэл 10 юаниар авсан зүйлээ 15 юаниар зарж борлуулахыг эдийн засаг гэдэггүй. Энэ бол цэвэр хараат, колонийн эдийн засаг юм. 
 
-Монголд сонгодог утгаараа эдийн засаг хөгжихгүй байна гэсэн үг үү?
 
-Хөгжихгүй байна, түүнийхээ загварыг ч ярихгүй байна. Харин социализмийн үед байсаан, байлгүй яахав. Социалист нийгмийн та бид мэдэж байгаа. Энэ эдийн засаг нь дэлхийн II дайнаас л хойш үүсч буй болсон шүү дээ. Энэ үед л Улаанбаатар хот болоод бусад аймгийн төвүүд байгуулагдаж, САА, үйлдвэрүүд буй болон бүтээн байгуулалтууд, ШУ, боловсрол, эрүүл мэндийн салбар, муу ч гэсэн дэд бүтэц, үндэсний ажилчин анги, инженер-техникийн ажилтнууд гээд улс оронд хэрэгтэй бүхий л салбар богинохоон хугацаанд бий болсон байдаг.Хүн ам бараг 4-5 дахин өссөн. Хүн ам нь эрүүлжиж, боловсролтой болж, бүхэл бүтэн сэхээтний давхарга үүссэн шүү дээ. Ердөө л 40-хөн жилд. Гэтэл үүнийг одоо зарим нь "колоничлол байсан" гэж хэлээд сууж байна. 
 
Энэ нь тэр нөхөд өөрсдөө колоничлол гэж юу байдгийг мэдэхгүй байгааг л харуулж байгаа хэрэг. Колоничлол гэж юу байдаг вэ? Харин яг одоогийн бидний замнаж буй энэ 20 жил бол жинхэнэ колоничлол мөн. Энэ үед бүх ололт амжилтыг нь устгадаг. Тухайлбал, боловсрол л гэхэд бид энэ салбарт чанарын асар их ухралт хийж байна. 
Ер нь нэг ийм үг байдаг. "Там хүрэх зам дандаа сайхан амлалтаар дүүрэн байдааг" гэж. Одоо бол дандаа л "Бүтцийн өөрчлөлт" гэж ярьж байгаа. "Бүтцийн өөрчлөлт" гэдэг нь Монгол Улсын эдийн засгийн гол гол бааз сууриудыг бүгдийг нь нураах явдал юм. Нураана гэдэг нь улс үндэстэн өөрөө нэн эмзэг болон хувирч байгаа юм. Гадны импортоос бүрэн хараат болно. Өдгөө Монгол Улс бүс нутгийнхаа хөдөлмөрийн хуваарьт хэрхэн орж байна гэхээр газар доорхи баялагаа экспортолдог,үндсэн хэрэгцээгээ гадна талаас импортоор оруулж ирээд зардаг л болж. 
 
Иймээс өмнөх 70 жилд бүтээн байгуулсан баялгийн нөөц одоо л шавхагдаж дуусч байна, бидний үед. Иймээс энэ бүх алдаагаа эргэн харая. Ямар нэг изм, үзэл суртал гэсэн хоосон догмуудаасаа салая аа гэсэн үзэл санааг хүмүүст хүргэх гээд л явж байна.Монгол улсад алсын зорилго гэж байх ёстой. Тэгвэл нэн түрүүнд шийдэх ёстой зорилтууд нь юу байна? Тэр рүүгээ манайд өдгөө байгаа нөөц баялгаа чиглүүлэх ёстой, тийм үү?Монголчууд богино хугацаанд үсрэлт хийх хэрэгтэй байна. Тийм бололцоо бидэнд гарч ирээд байна, 
 
-Олон намын систем гэж анх 90 оноос ярьж эхлэхэд л надад Монголын түүхийн хамгийн эмгэнэлтэй хуудас болох "феодлын бутрал" гээч нүдэнд харагдаад байсан. Нэн эргэлзэж бас эмзэглэж байснаа санаж байна. Өдгөө 20 жилийн эргээд харахад энэ нь түрүүний хэлдэг манипуляцийн л нэг хэлбэр байж даа, тийм үү?
 
-Ер нь бол улс орныг дотоодоос нь задлахын тулд "Бүгдийг нь задалж хуваа, хооронд нь яс хая" гэсэн үг байдаг шүү дээ. Эртний ромчууд "Хуваагтун, захирагтун" гэсэн сургаалийг бүхий л эзлэн түрэмгийллийнхээ туршид хатуу баримталж ирсэн байдаг. Энэ нь гурав дахь ертөнцөд барууны өндөр хөгжилтэй гэж нэрлэгдээд байгаа улс орнуудын гол технологийнх нь үзэл санаа, ердөө л энэ шүү дээ. 
 
Үүнийгээ "олон намын систем" гэж гоёор нэрлэнэ ээ. "Хүн бүр өөрийн гэсэн үзэл бодолтой байх ёстой. Эцэг эх хоёр ч өөр өөр үзэлтэй байх ёстой. Тэгээд үзэл бодлынхоо төлөө хоороноо өрсөлдөж /мөргөлдөж/ байх ёстой гэнэ. Тэгэхээр үндэстний хэмжээнд ямар нэг нэгдэл нягтрал үүсч чаддаггүй байна. Хэрвээ нэгдэл нягтрал үүсэх аваас гадныхны үгээр, дохио зангаагаар явах боломжгүй болдог аж. Тийм учраас нөгөө монголчуудын "Эвтэй бол хүчтэй" гэсэн уриаг задалж байгаа л хэрэг. Энэ бол тэдний сонгодог арга нь.
 
Та бүхэн мэдэж байгаа, АНУ-д ердөө л хоёрхон нам байдаг гэж. Гэтэл үндсэндээ арван хэдэн нам байна. Миний судалж мэдсэнээр бол жараад нам байдаг аж. Гэтэл үүнийг нь бид огт сонсохгүй байна.Өдгөө Монголын улс төрийн секторыг ердөө л хоёрхон намд хувааж байна. Гэтэл тэр хоёр нь үндсэндээ санхүү-эдийн засгийн нэг том бүлэглэлийн хоёр фракц төдий л юм. Алийг нь ч сонгосон тэр бүлэглэл хожиж таарна. 
 
Ийм л замаар бид өөрсдөө 20 жил замначихжээ. Бидэнд гадна талаас "зөвлөгөө өгсөн" нь мэдээж. Гэвч бид өөрсдөө өөрийнхөө гараар үүнийг хийсэн. Тийм учраас энэ мухардал, урхинаас гарах арга нь бол бидний толгой дотор "сууж" байгаа энэ бодол ухаанаа цэгцлэх хэрэгтэй юм. Толгойныхоо эргээг гаргах ёстой. 
 
-Хүн гэдэг амьтан чинь өөрсдийнхөө итгэл үнэмшил, урьдач үзлээсээ салж, татгалзаж чаддаггүй бололтой юм аа даа?
 
-Итгэл үнэмшил гэдэг бол асар их хүч. Гэхдээ итгэл үнэмшил гэж хэрвээ байгаа бол түүнийг бий болгож байдаг гол гол суурь аксиомууд нь дандаа буруу хэлтгий тавигдчихсан байгаа юм. Жишээ нь, капитализм бол хүн бүхэн хувийн өмчтэй л болж чадах аваас "тэнгэрийн умдаг"-ийг атганаа гэх ч юм уу, тийм үү? Гэтэл энэ нь сууриараа буруу. 
 
Манай нийгэмд юм болгоныг хэтэрхий хялбарчилж ойлгодог сэтгэлгээ давамгайлаад байна шүү дээ. Түүнээс бус сууриар нь судалж үздэггүй. Мэдээж гадаад ертөнцөөс өгч буй зөвлөгөөг сонсох ёстой ч түүнийгээ шүүн тунгааж судалсныхаа дараа л хийх ёстой. Гэтэл манай нэг том улстөрч эрхэм /Э.Бат-Үүл/ "Социализм бол шорон байсаан" гээд тууж суух юм даа. Тэгэж хэлж арай болохгүй шүү дээ. Миний өмнөөс, бидний найз нөхдийн өмнөөс ийм хариуцлагагүй үг унагаж болохгүй. Хэрвээ сайн мэдэхгүй бол та дуугүй л сууж бай л даа. 
 
-Нэг хэсэг нь юм бүрийг улс төржүүлж намчирхаад л, гэтэл нөгөө талаас нь либертаризм гээд л нийгмийн хувьд ямар ч идэвхгүй бай, сонин ч бүү унш гэсэн юм яриад байх юм аа?
 
-Ер нь либертаризм гэдэг нь хүн бүхний эрх чөлөөний үзэл санаа гэж байгаа. Эрх чөлөөний үзэл санаа гэдэг нь хүн төрөлхтний түүхийг судлаад үзэх юм бол бүх тэмцэл, өөрчлөлт хувьсгалууд нь дандаа л хувь хүний буюу нийгмийн эрх чөлөөний үзэл санаан дээр тулгуурласан байдаг. Тийм учраас хэрвээ тэрхүү үзэл санааг ямар нэг талаас нь манипуляци хийхийн тулд заавал эхний тэр шууд дуулдаж байгаа постулатуудад нь эхлээд манипуляциа суулгаж өгдөг байна. Тэгэхээр хэн ч эхлээд сонсоход хүн бүхний л төлөө, миний ч төлөө, чиний ч төлөө, бид бүгдийн төлөө яриад тэмцээд байгаа юм шиг байгаа. Гэтэл энэ нь зөвхөн тунхаглал төдийхөн л зүйл байдаг санж. Гэтэл эдгээр мундаг уриа лоозонгуудыг хэрэгжүүлэх механизм нь болох эдийн засгийн эрх чөлөө нь үгүй бол та ямар ч эрх чөлөөгүй нэгэн төдийхөн шүү дээ. Ердөө л хоосон үг, тунхаглал. 
 
Энэ бүх эрх чөлөөнүүдээс хамгийн чухал нь эдийн засгийн эрх чөлөө. Эдийн засгийн эрх чөлөө гэдэг бол бид нар өөрсдийнхөө амьдралыг өөрсдөө мэдэж, өөрсдийнхөө бүтээсэн тэр загвараар тавьсан зорилгоороо улс орноо удирдахыг хэлнэ. Гэтэл өдгөө биднийг улс гэрээ авч явах тийм бололцоогүй, нөхцөлгүй болгоод хаячихжээ. Зориудаар. 
 
 
-Саяхан болсон МоАХ-ны IV их хурал дээр Улсын баатар Э.Бат-Үүл "Миний энэ баатарын одон бол ардчиллын төлөө тэмцэж явсан та нарын одон шүү" гэж байсан. Гэтэл таны дүгнэж буйгаар бол 20 жил өрнөсөн энэ ардчилал маань харин ч балаг тарьсан нь их бололтой. Ямар ямар ноцтой үр дагавар авчрав аа. Энэ нь эцэстээ юунд хүргэж болох вэ?
 
-Би тэр хүнийг төөрөлдөж байна гэж хараад байгаа. Харин зориудаар ингэж загнах аваас энэ бол шал өөр асуудал л даа. Ер нь ямарваа нэг зүйлс, үзэл суртлын асуудлуудыг анх авахдаа заавал судалж байж өөрийн итгэл үнэмшил болгож авах ёстой. Түүнийг бодит практик амьдрал дээр туршиж үзэж байж, энэ нь бусад улс оронд энэ бодлого, үйл ажиллагаа нь ямар үр дагаварт хүргээд байна гэдгийг харж байж авах ёстой байдаг. 
 
Гэтэл гадаадад томилолтоор очиж үзчихээд, баян тансаг лангууг нь харчихаад л "Зах зээлд шилжвэл ийм болох юм байна" гээд л шуударч болохгүй. Наад зах нь л гэхэд баруун Герман хэдэн триллион еврогийн өртэй, АНУ л гэхэд 5 триллион долларын өртэй сууж байна шүү дээ... 
 
Бидний яриад байгаа дээрх бэрхшээл асуудлууд нь зөвхөн Монголд тулгараад байгаа хэрэг биш. Ер нь бид хуучин II ертөнцийн улс байсан, тийм үү? Барууны капиталист улсууд өөрсдийгөө нэгдүгээр ертөнц гэж нэрлэдэг юм бол бидний хамаарагдаж байсан социалист блокийн орнууд хоёрдугаар ертөнцийг бүрдүүлж байж. Гэтэл бид II ертөнцийн орноос III ертөнц рүү 20 жилийн турш гулгах үйл явцыг харлаа. 
 
Тэр ертөнцөд хүн амын дийлэнх олонх нь үгээгүй ядуу, тэдэнд амьдрал ахуйгаа сайжруулах ямар нэг механизм байхгүй. "Юуны ч тухай ярьсан энэ нь эцсийн эцэст заавал мөнгө, баялгийн тухай асуудал л байдаг" гэсэн америк үг байдаг. Хэрвээ нийгэмд болж байгаа түүхэн үйл явцуудын цаад талын тэр углуургыг нь олж харахын тулд үүгээр дамжаад нийгмийн баялаг хэрхэн хуваарилагдаж байна гэдэг механизмийг байнга толгойдоо бодож байх ёстой. Тэгэж чадаж гэмээнэ нь бид энэ бүхнийг зөв ойлгох, зөв үнэлэлт дүгнэлт өгөх тийм боломж бүрдэнэ. 
 
1991 онд ЗХУ задран унаж, постсоциалист улсуудад коммунист системийн задрал болсон. Тэр бол "Хүйтэн дайн"-ы төгсгөл үе байсан. Хүйтэн дайны нөхцөлд нэг том өрсөлдөгч нь дотроосоо задарлаа гэдэг ойлголт гарч ирж байгаа биз? Хэзээ ч дайны нөрцөлд нэг  нь дотроосоо задардаггүй юм санж. Энэ задралыг заавал гадна талаас нь нөгөө өрсөлдөгчийнх нь явуулсан үйл ажиллагаа тийм төгсгөл рүү түлхсэн байдаг. 
 
Ийм үйл явц нь тэр ертөнцийн хүмүүст хий хоосон хүлээлт, горьдлогыг буй болгодог аж. Өөрийнхөө харьяалагдаж байгаа ертөнцийг заавал эвдэлж нураах нийгмийн, олон нийтийн уур амьсгалыг хавтгай буй болгодог байна. Би судлаач хүний хувьд харахад одоогийн байдал энэ хэвээрээ үргэлжлэх аваас бидний яриад буй тэрхүү сайхан ирээдүй мөдгүй болно. Энэ бол манипуляция шүү дээ. Муу ёрлож буй юм биш. Бид бодит байдалд үнэн зөв үнэлэлт, дүн шинжилгээ хийж байж, мухардлаас гарах гарц, хөгжлийнхөө шийдлийг зөв олно. 
 
-Социалист лагерийг хэрхэн задлан нураасан тухай баримтат кино үзсэнээ санаж байна. Тэр үеийн АНУ-ын ТЕГ юуны түрүүнд Польш улсыг соц нийгмийн хамгийн эмзэг, сул цэг хэмээн сонгон авсан байдаг. Юуны өмнө Польш нь католик шашинд гүн хүндэтгэлтэй ханддаг улс байж, бас Ромын II Иоанн Павел нь ч польш үндэстэн байж таарсан байдаг. Хамгийн гол нь Польш дахь "Солидарность" /"Эв санааны нэгдэл"/ үйлдвэрчний байгууллагыг ТЕГ-аас ил далдаар ивээн тэтгэж санхүүжүүлснээр маш хүчирхэг болгон хувиргаж, түүний лидер Лех Валенсаг барууны хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр "үнэн зөвийн төлөө тууштай тэмцэгч" гэх зэргээр алдаршуулах ажлыг системтэйгээр явуулсан гэдэг. Удалгүй ЗХУ-д ч М.С.Горбачёв "перестройка" өрнүүлснээр ЗХУ төдийгүй социалист систем бүхлээрээ "ясаа тавьсан" шүү дээ?
 
-Тийм шүү. Ямарваа нийгэмд тухайн нийгмийн тодорхой хэсэг нь тогтсон байгуулалдаа сэтгэл дундуур явдаг байна. Энэ бол хүний нийгмийн нэг шинж чанар юм. 
Гэтэл яг үүн дээр нь дөрөөлж тухайн үндэстний улс төр, эдийн засгийн тогтсон системийг нураах ажиллагааг шинжлэх ухааны түвшинд боловсруулсан технологи л доо. ЭНЭХҮҮ ТЕХНОЛОГИОР БИД 20 ЖИЛ ТАВАРГАЖ ИРЛЭЭ. Миний ажиглаж байгаагаар энэхүү үйл явцыг даруйхан зогсоох хэрэгтэй. Энэ процессийг зогсоох төдийгүй өөр голдиролд оруулах нь бидний үүрэг хариуцлага, зорилго болж байна. 
 
-Сүүлийн жилд дэлхий нийтэар гарсан хамгийн том дуулиан, тэмцэл цөөхөн хэсэг бүлэг хүмүүс асар их баялгийг эзэмшиж байна гэсэн шүүмжлэл. Үүх түүх сөхвөл дундад зууны Европоос үүсэлтэй масончуудын хөдөлгөөн гэж байдаг. Дэлхийд ноёлохыг санаархагч өнөөгийн бүлэглэл нь эртний масончуудын сургааль баримтлалтай ихээхэн холбоотой юм шиг санагдаад байдаг юм?
 
-Өнөө цагийн манай улстөрчид, эдийн засагчид, нийгмийн зүтгэлтнүүдийг хүн төрөлхтний ядаж сүүлийн 600 жилийн түүхийг судлаач ээ хэмээн уриалмаар байна. Бидэнд ном хэвлэл, сурах бичгээр дамжуулан өгч буй, зөвхөн бодлогоор зориуд өгөх гээд байгаа тэр үзэл санаа, хоосон домгийг бидний толгойд суулгах гээд байна шүү дээ. Ер нь хүн төрөлхтний түүхийг сайнтай, саартай нь бүгдийг нь судлах ёстой. Ингэж чадаж байж хэмээнэ ер нь ирээдүйд болох үйл явдлыг урьдчилан харах тийм боломж бүрдэж байгаа юм. 
 
Би ч гэсэн өөрөө социалист нийгмийн л бүтээгдэхүүн. Мөн л сүүлийн 20 жилийн ихэнх хугацааг эх орондоо өнгөрөөж байна. Гэтэл бидний мэддэг тэр түүх, судлаач эрдэмтдийн яриад байгаагаас шал өөр дэлхийн түүх, бидэнд хэлж ярьж өгдөггүй түүх гэж байс байна аа. Тиймээс тэр түүхийг гарцаагүй олж үзэх, мэдэх хэрэгтэй. Тэгэж харж гэмээнэ  бид болж өнгөрсөн түүхэн үйл явдлуудад үнэн зөв дүгнэлт өгөх болно. 
 
Түүнээс бус хэн нэгэн хүний, бүлэглэлийн бидэнд зориулан бэлтгэсэн бэлээхэн дүгнэлтийг сонсох, хүлээн авах гэж бид төрөөгүй, амьдраагүй биз дээ? Тийм үү? Миний хувьд гэвэл өөрийнхөө итгэл үнэмшлээрээ л ярьж байна. Өөрөөр хэлбэл монголчууд аа, ТА БИД СҮҮЛИЙН 20 ЖИЛД "БУРУУ ЗАМААР БУДАА ТЭЭЧИХЖЭЭ". Иймээс одоо "БУЦАХДАА ЮУ ТЭЭХ ГЭЭД БАЙНА" л гэж эмзэглэсэндээ энд сууж байна. 
 
-Та энэ талаар нэлээд судалгаа хийсэн нь харагдаж байна. Ирээдүй судлал /футурологи/ нь өөдрөг болон гутранги /оптимизм ба пессимизм/ гэсэн хоёрхон л янз байдаг. Монгол Улс, монголчуудын ойрын ирээдүй энэ үүднээс харвал ямаршуухан тунгалаг байна даа?
 
-МОНГОЛЫН НИЙГМИЙН ЗАДРАЛ ЯЛЗРАЛ НЬ МАГАДГҮЙ БИД БУЦААЖ ЧАДАХГҮЙ ТЭР ЦЭГ РҮҮГЭЭ Л ОЙРТСООР БАЙНА. Үүнийг маш олон шинж тэмдгээр нотолж чадна. Монголчуудын эрүүл мэнд, боловсролын систем, дотоодын эдийн засаг, хүн амын хэрэгцээний бүтэц, үндэстний өөрийнх нь дархлаа гэсэн гол гол үзүүлэлтүүдээр нь аваад үзэх юм бол БИД МАШ ТОМ УХРАЛТ ХИЙЛЭЭ. Өнөөдрийн Улаанбаатарын гудамжуудаар чихцэлдэн давхилдаж буй энэ үй олон машин унаа бол цэвэр зээлийн хэрэглээ л болохоос бус бид өөрсдөө бүтээж үйлдвэрлэх үйл явцаас бүхэл 20 жил татгалзаж явсны л балаг шүү дээ. 
Яг үүнтэй адил манай боловсрол мэдлэг, өмнө нь цуглуулсан байсан бүх хөрөнгө потенциалаа үрэн таран хийгээд дуусч байна, яг одоо. Дуусах шатандаа орж байна шүү. Бид ийм л түгшүүртэй үед амьдарч байна. 
 
Гэвч энэ бүх үйл явцыг БИ ӨӨДРӨГӨӨР ХАРАХЫГ ОРОЛДОЖ БАЙНА Л ДАА. Энэ БҮХ УХРАЛТ, ГАМШГИЙН ШАЛТГААН НЬ БИДЭНД ӨӨРСДӨД МААНЬ Л БАЙНА. Сонголт хийх эрх нь. Сонголт хийхийн тулд  бид өөрсдөддөө хүчээр өөриймшүүлсэн тэр хоосон догмуудаасаа зоригтой салах хэрэгтэй байна. Гадны хүмүүс бидэнд чухам юу өгчихөв, өөриймшүүлчихэв? Бид үүнийг  нь сохроор дагаж мөрдөөд юунд хүрчихэв? гэдгийгээ л зөв дүгнэж чадах аваас ТҮҮХИЙН ХУВЬД АСАР БОГИНОХОН ХУГАЦААНД ЧАНАРЫН ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ БОЛОЛЦОО ГАРЧ ИРЖ БАЙНА. Бидний ярьж байгаа энэ асуудал маш өргөн, тодорхой сэдэв л дээ. Тодорхой асуултан дээр тодорхой юмыг гаргаж ирэх хэрэгтэй байна. Ер нь маш их асуудал байгаа. Бүх талаар нь детальчлаад ярьж болохоор асуудлууд хуралдаад байна. 
 
-"Ардчилал" нэрийн дор сүүлийн 20 жилд ихээхэн бужигнууллаа даа. "Ардчилал бүрэн төгс эд биш. Гэхдээ хүн төрөлхтөн ардчиллаас илүүг бүтээж чадсангүй" гэж У.Черчель хэлсэн байдаг. Гэтэл либертари үзэл хүний  бүрэн  төгс  эрх чөлөөг  хангана, бололцоог нь олгож өгдөг гэж тайлбарлаж байнаа. Энэ талаар та юу хэлээ вэ?
-Английн улс төрч Черчиллийн түүхэнд хийж гүйцэтгэсэн сайн ч зүйл байгаа, саармаг зүйл ч байгаа байх. Засаглалын бүх хэлбэрүүдийг авч үзвэл "ардчилал" хамгийн муу засаглал нь үнэн. Гэхдээ хүн төрөлхтөн одоогоор  үүнээс илүү сайныг бодож олоогүй байна" гэсэн Черчиллийн хэлсэн үгэн дотроос нэг өгүүлбэрийн нь л сугалаад авчихсан юм. Ингэж контекстоос нь сугалаад авчихаар энэ нь өөр том механизм болчихож байгаа юм. Тэгэхлээр хүн гэдэг "ардчилал"-аас өөр илүү сайн засаглал байхгүй юм байна гээд ойлгочихож байна. Гэтэл "ардчилал" буюу "демократия" гэсэн үг нь "демос" буюу эртний грек хэлээр бол "иргэд" гэсэн үг. "Красия" гэдэг нь "засаглал" гэсэн утгатай үг. Тэрхүү "демос" нь зөвхөн сонгуульд оролцох эрхтэй, насанд хүрсэн эрчүүдийг л хамарна. Гэтэл бусад хүмүүс, тухайлбал боолчууд мөн иргэн болоогүй ардууд энд ордоггүй байжээ. Эмэгтэйчүүдийн тухай дурсаад ч илүүц. Тэд ямар ч сонгох эрхийг эдэлдэггүй, хичнээн язгууртан бүсгүй ч бай, тийм үү?
Тэгэхлээр "демосчуудын засаглал" гэдэг маань нийгмийн олонхийн засаглал биш, харин дундаж, түүнээс дээш давхаргын баян чинээлэг хүмүүсийн, өөрөөр хэлбэл цөөнхийн засаглал шүү дээ. Гэтэл одоо хүртэл бид бүгдээрээ л ардчиллыг- "олонхийн засаглал" гэж тодорхойлсоор л явна шүү дээ. Эртний Грект хүртэл үүнээс харахад сонгуулийн цензур байсан байна шүү дээ. Ингэхлээр "демократия" гэдэг маань демосчуудын буюу "цөөнхийн засаглал". Гэтэл энэ үгийг зориудаар "Ардчилал" болгож хувиргаад л.... Гэтэл энэ чинь "элитийн засаглал" шүү дээ. Хамгийн гол нь нийгэм-эдийн засгийн  формацийг аваад үзэхдээ нэг л зүйлийг зайлшгүй анхаарч байх ёстой байдаг. НИЙГМИЙН БАЯЛАГ ЯМАР МЕХАНИЗМААР ХААШАА ХУВААРИЛАГДАЖ БАЙНА ВЭ ГЭДГИЙГ?
 
Энэхүү "демократия" буюу "элитийн засаглал"-ын замаар 10 илүү жил замначихаад байхад энэ хугацаанд "ардчилал"-ын нэрээр эрх мэдэлд хүрч төр засгийн бүхий л боломжуудыг хэдий нь эдлэн ашиглаж, бүх цалин хангамжийг хүссэн гэр бүлүүд, эрхэмүүд одоо хүртэл толгойныхоо эргүүг гаргаагүй явсаар байгаа нь дэндүү эмгэнэлтэй хэрэг.
 
Монголчууд өөрөө өөрийгөө сонсохоо больжээ. Харин биднээс огт өөр хувь заяатай харийн хүмүүсийн амаар замнаад байна гэдэг нь аавынхаа үгийг сонсохгүй атлаа тэс өөр зорилго, санаа өвөртлөсөн хүний үгийн дуугуй дагаж явж буйтай яг адилхан. Гэтэл бидний зааж зааварчилдаг баруун  маань өдгөө асар их мухардалд орчихсон явж байна шүү дээ. Европ, Америкт юу болж байна? "Уолл стрийтийг эзэл" гэдэг хөдөлгөөн яагаад гарав? АНУ-ын иргэдийн 98 хувь нь нийт баялагынхаа хоёрхон хувийг эзэмшдэг байна. Асар хүнд хэдэн давааг хэрхэн туулах нь тодорхойгүй, асар их бэрхшээлүүд бий болжээ. 
 
Та нар анзаардаг байх. Хүн төрөлхтний түүхэн дэх бүх хувьсгалыг дандаа идэр залуус өрнүүлсэн  байдаг шүү дээ. Залуус гэдэг бол бодол санаа нь төлөвшөөгүй, амьдралын зорилго байхгүй, бусдын үг ятгалгыг оюун ухаандаа үнэлж нэгтгэхээсээ түрүүнд сэтгэл хөдлөлөөрөө хүлээж авдаг, дагаж мөрддөг, хуйларч хошуурдаг, гэнэн ойворгон тийм л хүмүүс. Тэгэхлээр хувьсгалын технологийг чухам ийм хүмүүст тохируулан боловсруулж хийсэн байдаг. Өдгөө хойд Африкийн орнуудад өрнөж буй явдал ч мөн адилхан. Дэлхийн санхүү эдийн засгийн  хямралаас Африкт болж буй  явдлыг салгаж ойлгох боломжгүй юм. Энэ бол нэг юмны хоёр тал  нь. Гэтэл манай хэвлэл  мэдээллээр маш аймшигтай нэг диктатор л байсан юм шиг бичээд яриад байгаа биз дээ. Харин тэнд сүүлийн 30-40 жилд "тогтвортой байдал" гэдэг жинхэнэ утгаараа тогтсон байна. Гэтэл манайд "сонгууль" гэгч нь 4 жил тутамд давтагдаж, эрх баригчид нь 4 жил тутамд солигдож байдаг тул "тогтвортой байдал"-ын  тухай зүүдлээд ч хэрэггүй байгаа. Хэрвээ Монгол Улс хөгжие  л гэж байгаа юм бол дээрх "ардчилал", "сонгууль" гэх хэрэггүй олон догма ойлголтуудаасаа салах шаардлагатай болоод байна. Тухайлбал, эдийн засаг гэдэг зүйлийн оронд харин шал өөр зүйлсийн талаар манай эрх баригчид ярьдаг, маргалддаг.
 
-Таны орчуулсан эдгээр номыг дундаж монгол хүн хэрхэн хүлээж авч байна вэ?
 
-Би тэр бүх хүний өмнөөс юу хэлэх вэ? Ер нь олон хүн надад хандаж, утсаар холбогдон уулзаж ярилцахдаа маш зөв зүйтэй хүлээн авч байгаа нь харагддаг. Гэхдээ би тэдэнд ганцхан зүйл л хэлдэг. "Би та бүхнийг ямар нэг зүйлээр ухуулж ятгаж байгаа хэрэг биш шүү. Зүгээр л бидний өнөөгийн бодит байдлыг олоод харчих, хуучин догмуудаа хойш нь тавьж байгаад зүгээр л хараадах. Дараа нь ямар дүгнэлт хийх нь таны сонголт" гэж хэлдэг.
 
Ярилцсан С.Энх-Амар

Комментариев нет:

Отправить комментарий