среда, 29 февраля 2012 г.

Хятадын тагнуулын алба


Үргэлжлэл.

Хятадын өөр нэг өндөр албан тушаалтан Британийн тагнуулын албаны талд орж тагнуул хийсэн хэрэгт буруутгагдан 15 жил шоронд хоригдох ял авсан юм. Их Британийн колони байсан Хонконгийн хэвлэлд мэдээлснээр Бээжингийн Хонконг дахь төлөөлөгч байсан Цай Сяохун Британийн тагнуулын албанаас 380 мянган фунтыг бэлнээр авсан ажээ. Түүнийг цаазалсангүй ч 15 жил хорих ял оноожээ. Тэрбээр Британийн MI-6 тагнуулын хэсгийн Хятад дахь үйл ажиллагааны талаар үнэтэй мэдээллийг Бээжинд өгсөн байж магадгүй гэж үзэж ялыг нь хөнгөрүүлсэн байна. Төв засгийн газрын холбоо хариуцсан товчооны ерөнхий захирлын хувьд тэрбээр Хонконгийн байр суурийг хэлэлцэж байсан бүхий л нууц Засгийн газрын зөвлөлгөөн дээр оролцдог байжээ.
   


Цай Хятадын “улаан тайж” нарын нэг буюу хятадын улс төрийн элит гэр бүлээс гаралтай нэгэн юм. Түүний эцэг Цай Чэн 1980-аад оны сүүлээр Хууль зүйн сайд байсан юм. Өвөг эцэг, эмэг хоёр нь Хятадын Коммунист намын анхны гишүүд байсан бөгөөд 1940 оны үеэр Бээжингийн албан ёсны төлөөлөгчийн шугамаар Хонконг руу томилогдож байжээ.
   
Хятадын тагнуулын алба өдгөө Лондонд амьдарч байгаа эхнэрийнх нь бүхий л ажил хэргийн болон худалдааны холбоо сүлбээг мөрдөж мөшгисний дараа Цайг баривчилсан юм. Барууны зарим нэг эх сурвалжаас үзвэл түүний эхнэр нь Синьхуагийн ажилтан байсан нэгний Хонконг дахь компанид ажилладаг байв.
   
Тэрхүү ажилтан хэдэн жилийн өмнө Засгийн газрын аппаратад өндөр албан тушаал хаших саналаас татгалзсан явдал түүний компани дахь үйл ажиллагааг анхааралтай ажиглах шалтгаан болсон юм.
   
Хонконгийг гадаадын тагнуулын албад Хятад руу нэвтрэх зам болгон ашиглаж байдагт Бээжин ямагт зовниж байдаг. Гэвч хамгийн өндөр албан тушаалтай нэгэн гадаадын тагнуул байсныг олж мэдсэн Хятадын эрх баригчид үнэндээ балмагдсан байна.

* * *

2000-2004 оны үед болсон “Өнгөт хувьсгал” Зөвлөлтийн дараах орон зайд болон Европт хүчээ аван давалгаалсан явдал Бээжинг үнэхээр их түгшээсэн юм. Гэхдээ гарцгүй байдалд орсонгүй. Хятадын удирдлагаас нийгэм дэх намын хяналтыг чангаруулах, БНХАУ-д Барууны нөлөөллийг үгүй хийх талаарх иж бүрэн арга хэмжээг боловсруулав. Нэн түрүүн сэтгүүлчид, цэргийнхэн болон залуучууд онцгой хяналтад оров. Үүний зэрэгцээ БНХАУ-ын төрийн тэргүүн Ху Жинтаогийн заавраар ТУХН-ийн орнууд дахь “өнгөт” хувьсгалыг судлах тусгай комиссийг хүртэл байгуулжээ. 2005 оны эхээр Гүрж, Украинд “хамба хилэн” хувьсгал гарсны дараахан Хятадын Коммунист намын Төв Хороо эдгээр үйл явдалд хариу болгож “Рейганы Засгийн газар ЗСБНХУ-г хэрхэн нураасан нь” ном гаргах шийдвэр гаргажээ. Энэ номыг Хятадын Коммунист намын бүх ажилтнууд худалдан авах үүрэг даалгавар авав. Киргизид болсон гурван сарын хувьсгалын дараа Хятадын удирдлага улам ихээр түгшиж эхэлжээ.
   
2005 оны тавдугаар сарын сүүлээр БНХАУ-ын удирдагч Ху Жинтао намын хаалттай хуралдаан дээр “Хятад дахь хувьсгалын нөхцөл байдалд” зориулсан тусгай илтгэл тавив. Тус илтгэлийг: “АНУ болон Европ Хятад улсад “өнгөт” хувьсгал зохион байгуулах оролдлогоос хэрхэн зайлсхийх болон ард түмний эсэргүүцлийг ялан гарах” гэсэн нэртэй байлаа. Энэ бичиг баримтыг Ху Жинтаогийн тусгай зааварчилгаагаар байгуулсан ТУХН-ийн улс орнууд дахь “өнгөт” хувьсгалыг судлах комисс бэлдсэн байв. Тус илтгэлд Зөвлөлт засгийн дараах гурван “хамба хилэн” хувьсгал хэрхэн өрнөсөн үйл явцыг нэгбүрчлэн дүгнэж, энэхүү үзэгдэл Хятадад давтагдахгүй байх явдлаас хэрхэн зайлсхийх зөвлөмж өгч байлаа. Энэхүү зөвлөмжийг Төв Хорооны тогтоол болгон нууц маягаар алс бөглүү газрыг ч хамран Засгийн газрын бүхий л нэгжүүдэд илгээсэн байв.
   
Илтгэлдээ Ху Жинтао “Барууны тогтолцоог эвдэгч нөлөөллөөс” хятадуудыг хол байлгахыг шаардаж байв. Юуны өмнө цэрэг, оюутнуудыг улсын ивээл дор барих ёстой. Үүний тулд БНХАУ-ын удирдагч олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг төрөөс хянах явдлыг чангатгах, Барууны телевизийн компаниудын сувгуудыг хязгаарлахыг зааварчлав. Ингэхдээ тэр хэвлэл мэдээллийн хэрэгслийг олноор хаах кампанит ажил явуулсангүй, харин нөхцөл байдлыг хурцатгаж, анхаарал татахгүйн тулд тэрсүү бодолтой ажилтнуудыг нууцаар хөөхийг зөвлөж байлаа. Эрх баригчдад аливаа ардчилсан үзэлтэн, эрх ашгаа хамгаалагчид, шашны хөдөлгөөний тэргүүн болон Засгийн газрын бус байгууллагуудын ажилтнуудыг мөрдөн ажиглах явдлыг чангаруулах үүргийг өгчээ.  Ингэхдээ янз бүрийн шашны бүлгэм, хорлон сүйтгэх бүлэг болон тагнуулчдын эсрэг ажил явуулахдаа сөрөг тагнуулынхан гол төлөв орон нутгийн оршин суугчдаас гадна гадны иргэдийг ч мөнгөөр элслүүлэх явдал гол арга нь болж байв. Олон нийтийн аюулгүй байдлын удирдах газраас гаргасан нууц зааварчилгаанд: “Нууц алба бол дайсныг ялахын тулд шидэт аргыг шийдвэрлэж байдаг нууцлаг тэмцлийн гол зүрх нь юм. Төрийн аюулгүй байдлын бүхий л байгууллагууд тулгамдаад байгаа зорилтод анхаарлаа төвлөрүүлж, урт хугацаат зорилтын төлөө шаргуу тэмцэж нууц ажиллагааг хөгжүүлэх” санааг хатуу мөрдөж өөрийн болгох хэрэгтэй. Дараах хүмүүс болон байгууллагуудтай нууц агентуудын ажиллагааг сайжруулах хэрэгтэй: үүнд “Фалуньгунь” гол болон мэргэжлийн гишүүд, нууц католикууд, Цигуны хорлон сүйтгэх бүлгэмийн гол хүмүүс, шашны бүлгэмүүд, улс төрийн хувьд ярвигтай замналыг туулсан хамтын үйлдвэрүүд, түүнчлэн хувийн үйлдвэр, нэр хүндтэй, нөлөө бүхий коллеж, их сургуулиуд гэх мэт” гэсэн байлаа.
   
БНХАУ-ын тэргүүн Ху Жинтао Хятадын сөрөг хүчийг Барууны аливаа сан санхүүжүүлж байж болох бүхий л нууц сувгуудыг илрүүлэхийг шаардаж байлаа. Түүнээс гадна томоохон хэвлэлийн газрууд, хувийн байгууллагуудад номын дэлгүүрийг худалдахыг хориглох шаардлагатай байгааг мэдэгджээ.
   
Хятадын албан тушаалтнууд Ху Жинтаогийн үгийг шийтгэл мэт хүлээн авсан юм. Тэмцэлд хамгийн түрүүн Соёлын яам өртөж, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн тал дээр арга хэмжээ авч эхлэв. 2005 оны зургаадугаар сард гэхэд Соёлын яамны ухуулан сурталчлах хэлтсийнхэн Бээжинд арван хоногийн бага хурлыг явуулж, үүн дээр төрийн тэргүүний илтгэлийн агуулгыг Хятадын 200 гаруй хэвлэлийн дарга нарт ухуулав. Зургаан сарын дундуур гэхэд 54 хэвлэлийн газрыг хаасан байв. Дараа нь телевизийн компаниудыг цомхотгов. Эфирээр англи үг хэрэглэх, Барууны үзэл суртлыг ухуулан сурталчилсан гадаад нэвтрүүлэг цацахыг хэдийнэ хориглосон байсны дээр Барууны телекомпаниудад телевизийн болон радиогийн үелзлийг түрээсээр ашиглуулахыг хориглов.
   
Хятадын Синьхуа агентлагийн мэдээлснээр ХКН-ын Төв Хорооны чуулга уулзалт дээр “Дайснуудын стратеги бол Хятадад барууны үнэт зүйлийг нэвтрүүлж, улмаар хагалан бутаргах явдал. Хэрэв нам үзэл суртлын ажлыг сулруулах аваас Хятадад ЗСБНХУ-тай тохиолдсон хувь заяа мөн л тохиолдох болно” гэсэн зүйл яригдсан гэжээ.

Ийм зүйл гаргахгүйн тулд БНХАУ-ын радио, кино, телевизийн Төрийн хэлтэс тусгай тогтоол гаргаж, үүний дагуу бүхий л үндэсний радио болон телевизийн станцуудыг гадаадын компаниудад эфирийн цаг гаргаж өгч болохгүйгээс гадна хамтын нэвтрүүлэг ч явуулж болохгүй гэжээ. Түүнээс гадна шууд цацагддаг нэвтрүүлэгт гадаад хүмүүсийг оролцохыг хориглов. Гадны компаниудтай бусад төрлөөр хамтран ажиллах тохиолдолд тус хэлтсээс зөвшөөрөл авах хэрэгтэй байлаа.
   
Түүнээс гадна Хятадын төрийн аюулгүй байдлын албанаас АНУ-ын бодлогыг магтаж, орон нутгийн засгийн эрхийнхнийг шүүмжилсэн тэрсүү үзэлтнүүдийг олноор баривчилж эхлэв. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хятадын социалист тогтолцоог олон жил шүүмжилж байсан Хуан Жиньцюд 12 жил хорих ял оноов.
   
Хятадын Цэргийн төв комисс буюу тус улсын цэргийн гол байгууллага нь зэвсэгт хүчнийг намаас хянах явдлыг огцом чангатгах тушаалыг өгөв. “Армид явуулж байгаа намын бодлогын эсрэг зогссон хүнийг намаас хөөнө” хэмээн тушаалд дурдсан байлаа. Цэргийн төв комиссоос гаргасан тогтоолд цэргийн албан хаагчид “ямарваа нэгэн уулзалт цуглаанд оролцох, шашны үйл хэрэгт итгэх, мөн улс төрийн холбогдолтой мэдээллийг хадгалах, тараан түгээхийг хориглосон” байлаа.
   
Үүний сацуугаар Бээжин залуучуудын тал дээр ч далайцтай арга хэмжээ авч эхлэв. Ху Жинтаогийн илтгэлийн дараа их сургуулиудаас ардчилсан үзэлт профессоруудыг хөөж эхлэв.
   
Олон хүн цугларсан жагсаал цуглаан улс оронд огцом өсч байгаа явдал Хятадын эрх баригчид гүнээ санаа зовниж байна. Бүхий л томоохон хотуудад хэв журамгүй байдалтай тэмцэх цагдаагийн тусгай хэсгүүдийг байгуулсан байна. Бээжин, Шанхай зэрэг том хотуудад 300-гаас доошгүй хүнтэй тусгай хэсгийг байгуулж, мужуудын төвд ийм отрядууд нь 200-гаас доошгүй цэрэгтэй байх ёстой журам гарчээ. Тогтоолд зөвхөн цэргүүдийн тооны доод хязгаарыг заасан байх агаад чухам хичнээн тооны цэргийг хаана байрлуулах тал дээр мужийн эрх баригчид өөрсдөө шийдэх ёстой гэнэ. Цагдаагийн тусгай хэлтэст зөвхөн цэргийн хүмүүсээс маш хатуу шалгуураар сонгон авдаг. Нэн ялангуяа сэтгэл зүйн бэлтгэлд онцгой анхаарал хандуулдаг.
   
Коммунист намын хамгийн сүүлийн хаалттай хуралдаан дээр “дайсны хүчнүүд улс төрийн өөрчлөн байгуулалт, Барууны парламентын ардчилал, хүний эрх, хэвлэлийн эрх чөлөө нэрэн дор Хятадын нийгмийн тогтвортой байдлыг эвдэхийг хүсч байна” гэсэн үгс сонсогдож байлаа. Ийм нөхцөлд Хятадын төрийн аюулгүй байдлын байгууллагууд онцгой үүргийг гүйцэтгэж байна.

Комментариев нет:

Отправить комментарий