воскресенье, 19 февраля 2012 г.

БАТ, СҮБЭЭДЭЙ НАР ДОРНОД ЕВРОПТ


БАТ, СҮБЭЭДЭЙ НАР ДОРНОД ЕВРОПТ

Европ дахин айдас түгшүүрт нэлэнхүйдээ автлаа. Энэ үеийг хүртэл хүчирхэг, чадалтайдаа эрдэж явсан Герман хийгээд Франц, Бургунд, Испаничууд байгалийн аргалашгүй гамшиг, хөнөөлт сүйрэл мэт нөмрөн ирж буй айдас хүйдсийн өмнө яах ч аргагүйдэн барьц алдлаа. Англи эх газраас харилцаагаа таслан, түгшүүрт өдрүүдийг чимээгүйхэн хүлээж байв. Нормандын засагчид тэрхүү айдаст автан, загас барихаар далайдаа гарч чадахгүйгээс Скандинавын эрэг орчмоор өлсгөлөн нүүрлэж эхэлжээ.
Сүм хийдийн газруудад аврал мөргөлийн уншлага өдөр шөнөгүй түгшүүртэйеэ дүнгэнэж, язгууртан ихэс дээдсүүд үр ашиггүйгээр дэмий л зөвлөлдөн, хуягт баатар эрс нь дүнсийн дуугаа хураасан тийм өдрүүд үргэлжилж байлаа. Худалдаачид наймаачдын хөл татарч, малчид, гахайчид хэн нэг морьтны бараа үзэгдмэгц хамаг байдгаа хаяад ой руу чавхдацгааж, хээрийн замд хэрмэл санваартнуудын бараа тасарч, хэрэм цайзууд хаалга үүдээ дангинуулж, харуул манаагаа сэрийлгэж…

Энэ цагийг хүртэл өөрсдийгөө ертөнцийн төв, соёлт ертөнц, бусдыг иргэншээгүй зэрлэг бүдүүлэг омог аймгууд мэтээр төсөөлөн ойлгож байсан, Дорно зүгийн газар зүйн хийгээд бусад мэдлэг нь Их Александрын хүрсэн Инд мөрнөөс цааш халиагүй Европчуудад энэ үйл явдал нь дэндүү ойлгомжгүй, ой ухаанд нь үл багтах оньсого таавар мэт байсан агаад тэднийг урьд өмнө ч, хожим хойно ч хэн ч тийм ихээр түгшээн, цочоож байсан нь үгүй.

Загалмайтны тооллын эхэн үед Ү зуунд Төв Азиас үсэрсэн Хүннүгийн цус Аттила энэ улс түмнүүдийн дунд “Тэнгэрийн ташуур” хэмээн дуурсаж явахдаа ч, хожуухан Ойрхи дорнодоос галт уулын дэлбэрэлт мэт халин гарч, Гибралтарийг гэтлэн Принейн хойгийг эрхшээн явсан Лал шүтлэгт Аббасидууд ч ийн түгшээж байсангүй. Бүр эрт Гэрэгүүд скифүүдтэй наймаа хийж, Ромчууд сармат болон дундад азийн Парфенуудтай хүчлэн тулалдаж байхдаа айдас байтугай ялагдлын тухай ч бодож байсангүй. Түрэг болон Куман, Печенегүүд Европод халдаж байсан ч үсрээд л Днестр мөрний хөвөөнд хүрч байлаа.

Эд хэн байв?
Өст дайсан Зөрчидийн Алтан улс хийгээд умард Хятадыг мөхөөснийхөө дараа Монголын их гүрний хаан Өгөөдэйн 1235 онд Хархорин хотноо зарласан монголын ихэс дээдэс, баатар ноёдын Их хуралдайгаас урьд өмнө өөрсдийнх нь өмнөөс илэрхий дайсагнасан зарим улс орныг дайлан номтгохоор тогтжээ.
Үүнд бүр 1222-1223 онд нүүдэлчин монголчуудын ясны дайсан мөн нүүдэлчин хийгээд зоригт дайчид болох Кумануудыг өмгөөлөн, монгол элчийг алсан Киевийн вангууд болон итгэлийг эвдэн Монгол цэрэг рүү довтолсон Булгарууд орж, эдгээр ард түмнийг номтгон дагуулахыг Зүчи ханы хүү Бат болон дорноос Өрнийг хүртэл шувтлан дайтсан, эх нутагтаа “урианхайн төмөр тэрэгт” хэмээн алдаршсан Чингисийн дөрвөн хошуучийн нэг алдарт Сүвээдэй баатар нарт даалгасан байна. Ийнхүү Бат, Сүвээдэй нарын удирдсан Монгол залуусын нэгэн бага шиг арми юуны өмнө Булгар, Куманыг цохисны дараа 1223 онд Калк голын эрэгт Монголын армийг эсрэг цэрэглэсэн Галиц, Чернигов, Киевийн улсуудыг довтлох учиртай байв.
Тэд эхлээд 1236 оны намар Булгар, 1237 оны хавар Кумануудыг бут цохив. Мөн энэ үед Бат хаан Мөнхөд нэгэн баг цэрэг өгч, хойт Кавказыг ороон Гүржийг буулган авах даалгавар өгсөнийг тэрээр чадварлаг гүйцэтгэн Гүржийн хаан Рустанаг дагаар оруулж иржээ. Бат, Сүвээдэй нар цаашлан 1937 оны намар черкес, буртасын нутгийг эзлээд элчийг нь алсан Рязаны ван Юрий Игоревич болон Владимир, Черниговын вангуудын хамтарсан хүчийг бут цохиж Рязань хотыг эзлэв.

1239 оны намар Москва, Суздал, Владимирийн вант улсуудыг дараа дараалан буулган авч, дараа жилийн зун нь /1240 он/ Дон мөрний тэртээд ухран дутаасан Кумануудыг мөшгөн Дон мөрний цаана гарч, Переяславль, Чернигов, Киевийг дараа дараалан эзлэв. /Энэ үйл явдлуудын талаар “Бат, Сүбээдэй нар Орост” гэсэн өөр бүлэгт өгүүлэх учир энд дурдах төдий өнгөрөв/ Киевийг эзэлсэн нь Дорнод Европыг дайлах гол түшиц газар нь болсон байна. Эндээс Мажарын IҮ Бела хаанаас ивээлдээ авч орогнуулсан дайсан Кумануудыг гаргаж өгөхийг шаардсанд хариу өгсөнгүйд Белатай цэргийн холбоо тогтоосон Галицийг унагаад 1241 оны хавар Оросын үүд хэмээх Карпатын ганц гарц болох хавцалаар огтхон ч торохгүй гарч Польш, Силез, Морав, Трансильвани болон Мажар руу цэргээ дөрвөн замаар зэрэг давшуулжээ. Чухам энэ үед л зэрлэг бүдүүлэг хэмээн үл тоож байсан талын нүүдэлчдийн морин цэргийн аянга мэт цохилтын хүч, санаанд оромгүй дайтах урлагын өмнө өөрсдийгөө юу ч, хэн ч биш болохыгоо Европ дахин ухаарч эхэлсэн байна.
Тухайн үеийн үйл явдлыг бичиж үлдээсэн европ хүмүүс монголчуудын довтолгооныг “Аянга цахилгаан”-тай зүйрлэсэн нь чухам оносон зүйрлэл байжээ. Монголчуудын довтолгоон Европчуудад аянгын гялбаан мэт сүрлэг хийгээд хурдан, аянгын ниргэлт мэт хөнөөлтэй хийгээд хүчтэй, аянгын нүргээн мэт аймшигтай хийгээд эрхшээнгүй байсан биз. Энэ зүйрлэл явсаар дэлхийн цэрэг дайны урлагт хамгийн хурц, хурдан, гэнэтийн дайныг нэрийдэх нэр томьёо “Цахилгаан дайн” болон үлдсэн билээ.

Силезийг чиглэсэн Хайдугийн баг цэрэг Шиловын дэргэд бага польшийн Ичимхий алдарт Белослав вангийн армийг бут цохиж Краковыг 3 сарын 28-нд эзлээд Опел орчимд Байдарийн цэрэгтэй нийлжээ. 1241 оны 4 дүгээр сард Байдар, Хайду нарын удирдсан бага шиг /15-25 орчим мянга/ баг цэрэг Одер мөрнийг сал урсган гатлаад Австрийн Лигниц хотын дэргэд польш, герман, францын хамтарсан 30 мянган хүнтэй армийг бут цохисон байна. Мөн сарын 11-нд Шайо голын хөвөөнд Мажарын ван Белагийн удирдсан мажар, хорватын шигшмэл 65 мянган цэрэгтэй армийг Бат, Сүвээдэй нарын удирдсан гол хүч юу ч үгүй болтол хиаруулав.

Ердөө гуравхан хоногийн дотор болсон энэ хоёр тулалдааны тухай өрнийн олон түүхчид бичиж, монгол цэргийн дайтах хосгүй уран чадварыг гайхан шагширсан нь бий.

4 дүгээр сарын 9-ний нэгэн манантай бүүдгэр өдөр. Лигницийн дэргэд Их Польш, Силезийн эзэн Ариун явдалт хочит Ван Хенри болон жанжин Мешок нарын удирдлагад польш, германы 20 орчим мянган шилдэг хуягт баатар эрс цуглараад байв. Мөн ойр хавийн уурхайнуудаас яаран сандран татсан 10 гаруй мянган уурхайчид нэмэлт хүч болж, дээр нь хоёр өдөрчийн газар Ван Хенрийн үеэл 50 мянган цэрэгтэйгээ ирж явлаа. Гэвч Ван Хенри энэхүү сүүлчийн нэмэлт хүчийг хүлээсэнгүй, дарагдашгүй зэрлэгүүдийг дарж, алдар суугаа мандуулах хүсэлдээ хэт хөтлөгдсөн үү, эсвэл өөр учир шалтгаан байв уу, цэргээ аван задгай газар монгол цэргийг шууд л тосон очжээ. Эхлээд жанжин Мешокийн удирдсан цохих анги, дараа нь Белослав гүнтэний Тайж баатрууд, тэгээд Хенри вангийн магнайлсан гол хүч дайралтанд орж, араас нь морьт цэргийнхээ дайралтанд цохиулсан дайсныг хүйс тэмтрэхээр уурхайчдын явган анги тулалдаанд орсон байна.

Өвч битүү хуягласан, өөрсдийнхтэй нь харьцуулахын аргагүй том морьдтой хүнд морин цэргийн анхны дайралтыг монголын тэргүүн анги тогтоож дийлсэнгүй төдөлгүй орилолдсоор ум хумгүй буцан зугатжээ. Амжилтандаа эрдсэн хуягт баатрууд тэдний араас гэзэг даран хөөв. Гэвч Монголчуудын энэхүү дутаасан нь айн сандарсан, хүчин дутсаных бус ердөө цэрэг дайны ов мэх байжээ. Төдөлгүй хүнд морьт цэргүүд явган цэргээсээ тасран холдоход тэдний дундуур монголчууд гэнэт гарч ирээд утаан хөшиг тавьжээ. Тэгээд л морьт болон явган цэргийг нь тус тусад нь бүсэлж аваад холхивч нумаар бүгдийг нь хиартал харваж унагажээ. Энэ тулалдаанаас Европчуудаас ердөө долоохон хуягт баатар л амьд үлдэж, Ван Хенри, жанжин Мешок нар ч хөлөг баатрын ёсоор тулалдааны талбарт ясаа тавьжээ. Маргааш нь Лигницийнхэн тулалдааны талбарт ирцгээж, хядуулсан ахан дүүс, эх орон нэгтнүүдийнхээ шарилийг эргэн, оршуулжээ. Гэтэл Хенри вангийн бие олдсонгүй. Вангийн хатан болон ордныхон бүгдээр ирцгээжээ. Бүх үхэгсэдийг нэг бүрчлэн үзэж, эцэст нь вангийн хатан үхэгсэд бүрийн зүүн хөлийг үзэхийг тушаажээ. Учир нь Ван Хенри зүүн хөлдөө зургаан хуруутай юмсанж. Тэгсээр зүүн хөлдөө 6 хуруу бүхий нэгэн толгойгүй цогцосыг Ван Хенри хэмээн таньж, айдас, цөхрөл, гашуудалд умбасан Лигниц хотод авчирч оршуулсан гэдэг. Мөн энэ тулалдаанд Хенрид туслахаар ирсэн Францын 500 морьтон баатар эр оролцсон хийгээд тэдний нэгд нь ч Сена мөрнийхөө уснаас дахин амсах хувь байсангүй ажээ. Тэдэн дотор Францын 6 томоохон язгууртан, барон байсан байна. Харин монголчуудаас бараг хохирол гарсангүй.Image

Эндээс байлдан тулалдах арга тактикийн хол зөрүү харагдаж байгаа юм. Монгол цэргийн жанжид биеэр шууд цэрэг толгойлон тулалдаанд оролцолгүйгээр тулалдааны ерөнхий явцыг ажиглан харж, хэрэгтэй цагт ашигтай шийдвэр гарган тулалдааны санаачилгыг гартаа авч, жолоодож, амжилтанд хүрэхийг зорьж байхад европын жанжид шууд л өөрсдөө цэрэг оройлон тулалдаанд зууралдан оржээ. Тэд ирүүл тулалдаан мэт шууд халз зөрөн тулалдахыг эрхэмд үзсэн бол монгол цэрэг ухрах, бүслэх, ороох, утах, цүүцдэх зэрэг олон арга тактикийн хэрэглэн аль болох хохирол багатайгаар дайснаа ялахыг эрхэм болгож байна. Ар талаасаа хэдэн зуун км-ээр алслагдан нэмэгдэл хүч хийгээд хоол хүнсний хангамж байхгүй, дайсагнагч ард түмнүүдийн дотор байгаа нөхцөлд хүн хүчээ гамнахгүйгээр удаан хугацааны урт аянд амжилт олох бололцоогүй юм.
Нөгөө талаар монгол цэрэг нутгийнханаас ч илүүгээр тухайн газар орны онцлогыг сайтар судалж мэдсэн, түүнээ чадварлагаар ашиглаж чадсан нь эдгээр тулалдаануудаас харагддаг.

Энэ ялагдлын мэдээ салхинд тээгдсэн мэт хоромхон зуур Европын хотуудаар тархаж, цочрол, сандралыг төрүүлэв. Гэтэл гуравхан хоногийн дараа бүр ч аймшигтай мэдээг Европчууд Шайо голын дэргэдээс авав.

Мажарийн ван IҮ Бела Лигницийн дэргэд болсон эмгэнэлт явдлын мэдээг сонссон уу, юутай ч монголчуудтай шууд зууралдан тулалдахаас зайлсхийж Тиссо болон Шайо голын хооронд хоёр голоор халхавч хийн бүхээгт тэргээр бат бэх хүрээ барьж хориглон суусан байна. Мөн Шайо голын гүүрийг шилдэг цэргээр хамгаалуулжээ. Монголчууд шөнөжин гүүрийг харваж, үе үе дайран бужигнуулжээ. Харин өглөөний манан сийрэхэд Бела ван айхтар чадуулсанаа мэдэв. Монголчууд шөнө голын гүүрийг бага хүчээр довтолж анхаарлыг нь сарниулж байгаад шөнийн харанхуй мананг ашиглан голыг өөр гармаар самран гаталж Мажар, Хорватын армийн бэхлэлтийн гадна тулаад ирчихсэн байв. Тэд өдөржин бэхлэлт рүү галт сумаар залхтал нь харваж, салхин талаас нь байж ядтал нь өмхий утаагаар утаж, мажар цэргүүдийг эргүүтүүлэн мансууруулжээ. Үүнийг Дэлхийн цэрэг дайны түүхэнд Монголчууд анх удаа биологийн зэвсэг хэрэглэсэн гэж үздэг нь ч байна. Өмнөх Лигницийн дэргэд болсон тулалдаанд хэрэглэсэн утаа ч мөн юуны өмнө өөрсдийнхөө цэргүүдийн байрлал, хүчийг дайснаас халхлах, нууцлах, дайсны цэргүүдийг сүрдүүлэх зэргээс гадна тэр утаанд ухаан санаа мансууруулах, уймруулах нөлөөлөл байсан гэж үздэг судлаачид ч бас байдаг юм билээ.
Усгүй дэнж дээр хүрээлэн буудалласан Бела вангийнхан түймрийг тогтоож чадсангүй. Удалгүй угаартаж, түлэгдэж, тэсч ядан хүрээ хориглолтоос дэмийрэн гарсан нэгийг нь монголчуудын ончтой, эрчтэй сум отож байв. Хоёр голоор халхавч хийсэн ашигтай байрлал нь эцэст нь өөрсдөд нь харин ч занга болж мажар хорватуудыг гарах газаргүй болгожээ. Мажар, Хорватын шигшмэл 65 мянган хүнтэй арми ийнхүү ямар ч эсэргүүцэлгүйгээр хиарав. Сэтгэл зөөлөн, нас залуу Бат хаан мажар, хорватын 60 гаруй мянган цэргүүд нэг дор хядуулсан тэрхүү тулалдааны багахан талбарыг хараад нүд хальтарч, сэтгэл шимшрэн, Сүбээдэй баатраас хатуухан үг сонсож байсан гэдэг. Нээрээ ч тэр газар хүн нядалгааны газар мэт харагдсан байх.
Тэгэхэд Бат, Сүбээдэй хоёрын удирдсан энэ баг цэрэгт 20-35 мянга орчим л цэрэг байсан гэсэн тооцоо бий. Гагцхүү IҮ Бела ван цөөн шадар нөхдийн хамт, тугаа аван Тисса голыг гарамгүй газраар өтгөн манан ашиглан самран гарчээ.

Энэ тулалдаанд Монголчууд алагдсан дайсныхаа баруун чихийг огтлон авсаар 9 шуудай дүүргэсэн гэдэг.
Өөрсдийг нь мөшгөн яваа Монгол цэргийн сүр хүчнээс айсан Куманчууд хаан Котянаа Пештад мажарын язгууртнуудад хорлуулсаны дараа Балканы хойг руу дутаан гарчээ.

Мажарт орсон монголын баг цэрэг 1241 оны өвөл Дунай мөрний мөсөн дээгүүр гарч, Гротиа, Загреб хотуудыг авахад тэнд орогнож байсан Бела ван Даламц руу зугтаахад Хадаан жанжин араас нь мөр даран хөөсөөр бүр Атриатын тэнгисийн арлууд дамжин дутаахад хүргэжээ.Image

Дараа жил нь Монголын гол хүч Төв Европын гүн рүү цөмөрч Острогон, Белград, Весирим болон Жур хотуудыг буулган авчээ. Нөгөө нэг баг цэрэг нь одоогийн Салита хотын ойролцоох Клиссо бэхлэлтийг авав. Белаг мөшгөсөн Хадаан жанжин Босни, Албани, Сербийн нутгуудаар хөндлөн гулд гарав. Мөн бас нэгэн баг цэрэг нь Австрийн Вена хотын босгонд тулж очоод байлаа. Түүхчдийн тодорхойлсоноор “мөсөн дээгүүр гулсах чулуу мэт чимээгүй, эрс шулуун, гайхалтай шалмаг довтолгоон”… Ийнхүү Монголын 4 бага шиг баг цэрэг Дорнод Европоор хөндлөн гулд юунд ч торолгүй хэрэн, давшилж явахад тэднийг эсэргүүцэн сөрөх тоймтой хүчин Дорнод бүү хэл Өрнөд Европод ч байсангүй. Шар хүмүүсийн огтхон ч мэдэхгүй алс холын Наран мандах тэнгэрийн хязгаараас, газрын мухраас гэнэтхэн гарч ирээд түймэр мэт хуйхлан довтолгох Монголчуудын удаа дараагийн толгой эргэм ялалтуудын мэдээ ухаанаа гартлаа айж сандарсан зугтагсад, дүрвэгсэдийн амаар дамжин Европ дахинаар халуун хуйд тээгдсэн тахал мэт тархаж, улам бүр давс хужир нэмэгдсээр бараг хүний хүчнээс хэтийдсэн, үлгэр домгийн зүйл болон хувирч байжээ.
Монгол цэрэг цаашаа нэг л алхахад Европ дахин өвдөг сөхрөн өршөөл энэрэл хүсэхэд бэлэн болоод байв. Гэвч тохиолдлын чанартай зүйл Европ дахиныг энэхүү гутамшгаас аварсан бөгөөд Бат хааныг Жур хотын ойролцоо байхад нь Их хаан Өгөөдэйг нас барсан мэдээ иржээ. Бат хан европыг дөрвөн зовхист ялж яваа хан хөвгүүд, баатар жанждаа дуудуулж, Дунай мөрний бэлчирт зөвлөгөөн хийжээ. Энэхүү зөвлөгөөнөөр Хархорумд болох их хааныг сонгох хуралдайд Батыг явуулах эсэх, Дорнод Европын эзлэгдсэн улс орнуудын статусыг хэрхэх тухай зөвлөлдөөд өст дайсан Куманууд нэгэнт дахин сэхэл авахгүй болсон тул өрнө зүгт хийсэн аян дайны зорилгыг биелсэнд тооцож, аян дайнаа зогсоон, Монголын их гүрний баруун өмнөд хилийг Молдав, Булгараар тогтоож, энэ хязгаарын захирагчаар түмтийн ноён Ногайг томилжээ.

Бат хааныг ийнхүү толгой эргэм ялалтуудынхаа дараа түүнээ гүйцээлгүй гэнэт буцах болсоныг бас зарим тохиолдолд ерөөсөө үгүйгээгүй ядуу Европоос сонирхох юм байгаагүйтэй ч холбон тайлбарлах нь бий. Энэ тун магадгүй юм. Өгөөдэй Их хаан нас барсан нь үйл явдал, бодит шалтгаан мөн боловч түүний цаана бас дагалдах хэд хэдэн учир холбогдол, шалтгаан байж болох юм. Өмнөд Хятадын Гоунжау, Дундад Азийн шүр сувд болсон Самар, Бухар зэрэг хот суурингууд нь тэр үед баян тансагаараа Европын аль ч хотоос хэд дахин давуу байж, тэдгээрийн хажууд Европ нь нүсэр чулуун хана хэрэм бүхий рыцарийн шилтгээнүүд, шургааган хашаагаар босгосон хотонцоруудаас хэтэрсэнгүй байж. Дэлхийн энгээр түйвээж явсан эрст Европын тэдгээр шургааган хотууд үнэндээ хүн тоож нохой шиншихээргүй санагдсан биз.
Нөгөө талаар Дорнод, Өрнөд Европт өөрсдөд нь аюул занал авчрах ямар нэгэн хүч үгүй байгаа нь Монгол эрсийн буцах болсон хамгийн бодитой байж болох шалтгаан нь юм. Хамгийн заналт дайсан Куманууд нэгэнт сэхэл авахгүйгээр дарагдлаа/Үнэхээр ч тэд тэр цагаас хойш сэхээгүй билээ/, мөн тэднийг өмгөөлсөн, цэргийн холбоо байгуулж, эсрэглэн тэмцэхийг санаархсан Мажар, Орос өвдөг сөхрөв. Тэд бол Монголчуудын өмнө хэн ч биш болов, дайсан нь ч биш, дайсагнах ч чадваргүй болов. 1223 онд Зэв, Сүбээдэй хоёрын аяны ар худрага руу довтолж байсан Булгарууд мөн сэхэшгүй болж, тухайн үедээ Дорнод Европт цэргийн хүчээр тэргүүлж байсан Польш, Германууд ч хичнээн хичээгээд мань монголчуудад дайсагнан, аюул занал авчрах чадваргүй болох нь ч мөн тодорхой болов. Үнэхээр ч тэрхүү гашуун гутамшигт ялагдлынхаа дараа, үгүй ядахдаа хариугаа авах, өш хонзонгоо тайлахаар Европчууд Дорно зүгт цэрэглэн довтлох нь бүү хэл алхаж ч зүрхлээгүй билээ. Тевтонын бүлэглэлийнхэн, Гельф намынхан умард Орос руу үе үе уулгалан дээрэм хийдэг байсан ч, Оросуудад туслахаар Монгол морьдын ам эргэсэн сураг сонсох төдий өнөөх Рыцар баатрынх нь эр зориг салхинд өртсөн чандар мэт хийсэн арилаад, ичгүүргүйгээр ум хумгүй зугтацгаадаг байсан гэдэг. Ийнхүү шинэ тутам байгуулсан Монголын Их гүрний өрнөд хил хязгаарыг амар амгалан болгох зорилго нь нэгэнт биелж, Өрнө дахинд ямар нэгэн аюул занал авчрах хүч нэгэнт үгүй болох нь тодорхой болж, тэд Монголийн эрхшээлийг хүлээн зөвшөөрсөн нь Бат, Сүбээдэй нарын аян дайны зорилгын бодит биелэл, мөн буцах гол шалтгаан байсан байх аа.
Монголчууд гэнэт гарч ирсэн шигээ ийнхүү гэнэт буцсан ч тэдний үлдээсэн айдас Европыг удтал чичрүүлсээр байжээ.
Ромын пап XI Григорий монголчуудын эсрэг загалмайтны шинэ дайнд уриалан, энэхүү дайнд оролцсон хэн бүхний нүглийг цагаатгана хэмээн зарлаж байв. Гэвч тойвтой юу ч болсонгүй.Image

Германы хаан II Фридрих “Бат хааны шонхорчин болж ч болох юм” хэмээн хэлүүлж байсан нь Европ дахинд эрхшээлээ тогтоохын төлөө Ромын паптай хэдэн үеийн туршид мөчөөрхөлцөж явсан ихэмсэг бардам Гогенштауфенүүдийн удмынханы хувьд байж болшгүй гутамшигт явдал, гарцаагүй ялагдлыг хүлээн зөвшөөрсөн хэрэг байлаа. Францын Людовик вангийн ордоныхон угтан ирж буй хувь заяаныхаа сүйрэлтэй нэгэнт эвлэрэн тэнгэр бурханд залбиран мөргөхөөс өөр юу ч хийхгүй байжээ. Тэр ч бүү хэл Людовикийн хатан нь Монголчуудаас айсандаа шөнө бүр хар дарж зүүдлээд унтаж чадахгүй болчихсон байсан гэдэг. Дээрх Людовик айн мэгдэж, асгартал уйлах хатан эхийгээ тайтгаруулан “…Тэнгэр бурхан биднийг ивээх байх аа, Татарууд бидний нутагт ирсэн ч, эсвэл бид тэднийг даган тэдний нутагт очсон ч бид адилхан л тэнгэрт гарах болно” хэмээн тайтгаруулж байжээ. /Шууд утгаар нь ойлговол “татарууд ирээд биднийг алсан ч, эсвэл бид боол болоод тэдний нутагт очсон ч бид адилхан л үхэх болно шүү дээ“/ Эндээс Монголчуудыг ялах нь бүү хэл эсэргүүцэн тулах, довтолгооныг нь зогсоох тухай ямар нэгэн санаа, санаархал нь огтхон ч байхгүй мэт.
Тухайн үед Европын ихэс ноёдын хоорондоо харилцаж байсан захианаас тэдний айдас, түгшүүр даанчиг илэрхий… Тэд “Бурхан хилэгнэжээ” гэж бичилцэж байв.
Польшийн Краков хотод өнөөг хүртэл нэгэн сүмийн гонхот хонхыг нэгэн тогтсон цагт тогтмол цохин дуугаргадаг нь даруй 8 зууны өмнө монголчуудын үлдээсэн айдас, түгшүүр, болгоомжлолын ул мөр, үлдэгдэл… Тэр үеийн түүхэн тэмдэглэлд бичсэнээр Сүмийн хонхоч өглөө эрт хотынх нь ойролцоо Монголчуудын зэр зэвсэг гялалзахыг хараад, Монгол цэргийн оньч суманд сүлбүүлэн унахынхаа өмнө хотдоо аюулын дохио өгөн хонхоо дэлдэж амжжээ. Гэсэн ч тэгэхэд Краков аврагдаагүй билээ. Европын ард түмнүүдийн дунд зүггүй жаалыг айлгадаг, эсвэл уйланхай хүүхдээ сатааруулдаг “Татарууд ирж байна” гэсэн хэллэг байдаг гэсэн.
Европын Дундад эриний үеийг түүхчид “Харанхуй зуунууд” гэдэг. Грег, Ромын их соёл иргэншилийн дараа үнэхээр Европ дахин тийнхүү хэдэн зуунаар харанхуйн дунд зүүрмэглэж байсаан. Монголчуудын гагцхүү үлгэр домогт л байж болох ер бусын хүчирхэг довтолгоонууд, түүний үлдээсэн айдас Европ дахиныг энэхүү удаан харанхуй нойрноос нь нэгмөсөн сэрээж, тэд өөрсдийг нь ингэтлээ их айлган чочоосон дорно дахиныг учиргүй ихээр сонирхох болцгоож, хөл хөдөлгөөнд орцгоож, улмаар газар зүйн их нээлтүүд, агуу их сэргэн мандалтыг урин дуудсан билээ. Оросуудын хувьд Европын халдлагаас аврагдаж, үндэстэн даяараа нэгдэж, хүчирхэгжихийн эхлэл энд цаг үеэс эхлэлтэй.
1243 онд Ромын Пап IҮ Иннокентий Лион руу зугтаав.
Цочирдон балмагдсан Ромын Пап 1245 онд яаран сандран “Ертөнц дахины хуралдаан” зарлаж лам Плано Карпинийг тэнгэр газрыг нийлүүлсэн их хуй салхи мэт гэнэт гарч ирээд гэнэт буцчихсан энэ улс юун улс болохыг тандах болон дипломат даалгавар өгч Монголд элчээр зарж байжээ. Харин Плано Карпини “хэрвээ зарлиг тушаалыг нь биелүүлэхгүй бол Гүюг хаан … Ромын их гүрэн, католик шашинтны эсрэг аян дайнд мордохоор бэлдэж байна” гэсэн түгшүүрт мэдээтэй буцаж очжээ. Мөн түүний авч очсон Гүюг хаанаас Ромын папад илгээсэн захидал ч энэ айдаст нэрмээс болсон нь ойлгомжтой. Өдгөө Ватиканы номын санд хадаглагдаж буй уг захидал “Мөнх тэнгэрийн хүчин дор наран ургахуй зүгээс наран шингэх зүг хүртэл бүх газар орон бидний ивээлд орсон…. Одоо та нар иргэн чинь болж эд торго бүхнээ өгье гэвээс зохино…. Энэ үеэс эхлээд та нарыг эвгээл дороо орсон хэмээн үзсүгэй. Хэрвээ та нар тэнгэрийн бошгийг үл даган ману зарлигийг зөрчивөөс дайсан минь болъюу… юу болохыг гагцхүү тэнгэр мэдтүгэй…” гэсэн омог бардам, сүрлэг үгстэй, “ …аюутугай, биширтүгэй” хэмээх алдарт үгстэй тамга дарсан байжээ.
Мөн түүний дараа их хаан ор суусан Мөнхөөс Францын Людовик хаанд Г.Рубрукээр илгээсэн захидал ч мөн үүнээс дутуугүй сүрлэг бардам үгстэй байсан юм.

Энэ үед Монголчууд Европоос гадна Иран, өмнөд Кавказ болон Өмнөд Хятадад ертөнцийн гурван зовхист гурван фронт дээр зэрэг дайтаж, гэхдээ алхам бүрдээ ялж байлаа.
Орос болон Дорнод Европт орсон Бат, Сүвээдэй нарын цөмрөлтийг үе үеийн цэрэг дайны түүхийг судлаачид гайхан шагширсаар ирсэн. Зарим түүхчид энэхүү довтолгооныг хүний олонд дулдуйдан хийсэн, зэрлэг балмадаар айлган далайлгасан явдал гэсэн нь яавч бодит байдалд нийцэхгүй юм.
Тэр үед зөвхөн Ижил мөрөн Карпатын завсар хийгээд Гүржид нийт 5 сая орчим хүн оршин амьдарч байжээ.

Бат, Сүбээдэй нарын удирдсан цэрэг /30 мянгаас багагүй, 60 мянгаас ихгүй/ Хорват, Мажар, Польш, Герман, Куман, Чех, Словак, Словен, Морави, Молдав, Крым, Гүрж болон Оросын олон вант улсууд зэрэг нийтдээ 35 сая хүн амтай 30 гаруй улс орны нутаг дэвсгэр дээгүүр ердөө юунд ч торолгүйгээр аялан байлдсаар шувтлан гарсан байна. Тэд Орост хийсэн тулалдааныг оролцуулахгүйгээр зөвхөн Дорнод Европт хийсэн их бага тулалдаануудад нийтдээ эсрэг талынхаа 150 000 хүчийг устгасан гэдэг.
Энэ цаг үед Европын улсууд эсэргүүцэн байлдах чадваргүй болтлоо тэгтлээ ядарч туйлдчихсан байсангүй. Харин ч энэ улсууд ихээхэн цэрэгжсэн, Загалмайтны дөрвөн ч удаагийн аян дайнд туршлагажсан, хуягт баатруудын ид мандал бадралын оргил үе нь байсан юм.
Гэсэн ч Европын армийн жанжид, баатрууд нь Шиврийн балар тайгаас Индийн хумхаа ширэнг хүртэл, Хятадын Шар тэнгэсээс Цэнхэр Дунай хүртэл цавчилдаж явсан Монгол эрст ёстой л жижиг тугалын бэлчээрээс гарч үзээгүй, жирэмсэн эмийн шээх газраас холдож үзээгүй балчирууд шиг санагдах нь аргагүй юм.

Энд аялан байлдсан Монголын армид хожим Ази, Европыг дамнасан хүчирхэг гүрний хаан болсон Гүюг, Мөнх болон, Умард, өмнөд хятадыг чичрүүлж асан цуут жанжин Их Хадаан, Загалмайтнуудын нэгдсэн арми удаа дараа хичээсэн ч баттай эзэмшил болгож чадаагүй Сири, Дамаскийг эзэгнэн захирч, Мисрийн султан Кутуз, Бейбарс нартай илд зөрүүлж, Хөлөг хааны хангинах илдний ир, хатгах жадны үзүүр, хашгирах дууны цуурай болж явсан найманы сайн эр Хитбуха зэрэг хожим нь алдар суугаа мандуулж явсан олон хан хөвгүүд, залуу баатар эрс явжээ. Их хуралдайн шийдвэрээр монголын түмтийн ноёноос дээших бүх ноёд ихсийн хүүхэд залуус нөхөд сэлтийн хамт оролцсон энэ аян дайныг түүхэнд “Хан хөвгүүдийн аян” гэдэг. Тэдгээр залуус тив дамнасан энэ аян дайнд явж, ямар ч нөхцөлд цэрэг армийг хөдөлгөн залах цэрэг дайны урлагт төгс боловсорсон нь тэдний дараа дараагийн дуулиант аянуудаас тодорхой харагддаг билээ.

Комментариев нет:

Отправить комментарий