четверг, 16 февраля 2012 г.

Хятадын тагнуулын алба



Шинжааны байгалийн нөхцөл болох уул ус, тал, хэдэн мянган километрээр үргэлжлэх элсэн цөл зэрэг нь партизаны дайн явуулахад тун ихээр нөлөөлсөн юм. Уйгарын хүн амын 85 хувь нь хөдөөд амьдардаг. Үнэндээ хятадууд хотоос гадагш бараг амьдардаггүй билээ. 1992 онд уйгарууд партизан маягийн тэмцэл болон алан хядах хэлбэрт шилжин орсон юм. Ингээд 1992 оны есдүгээр сарын сүүлээр зэвсэглэсэн залуучуудын бүлэг Кумул хотын бүсэд  Хятад, Шиньжаан-Уйгарын өөртөө засах орныг холбосон төмөр замыг эвдэн сүйтгэсэн билээ.

1993 оны дөрөвдүгээр сард Турфана хотын ойролцоох байлдааны баазад дэлбэрэлт болсон нь уйгарын алан хядагчид зохион байгуулсан байлаа.  Мөн оны тавдугаар сарын 15-20-ны хооронд мөн л бүлэг хүмүүс цөмийн бааз болох Лоб нуурт халдлага хийсэн байна. 1993 оны зургаадугаар сарын дундуур Кашгар дахь нэгэн зочид буудлын эсрэг талд бөмбөг дэлбэрснээс гурван хүн амь үрэгдэв.

Тэр үед нөхцөл байдал БНХАУ-ын хувьд тун аюултайгаар эргээд байлаа. Тусгай албадын мэдээлснээр тэр үед Шиньжаанд 30 орчим хууль бус бүлгэм, байгууллагууд /”Эх орны туяа”, “Лоб нуурын барууд” гэх мэт/ үйл ажиллагаагаа явуулж байжээ.  Тэднээс Зүүн Туркестаны Үндэсний хувьсгалт фронт гэгч нэлээд алдарт гарсан юм. Түүнийг 1984 онд Юсупбек Мухлиси байгуулсан бөгөөд Уйгарын тусгаар тогтносон улсыг байгуулах гэсэн цорын ганц зорилтыг гишүүдийнхээ өмнө тавьсан юм. 

Шиньжааны салан тусгаарлагчдын гол тактик нь Хятадын цэргийн албатнууд болон цагдаа нар руу дайралт хийхэд оршиж байлаа. Мөн орон нутгийн төрийн байгууллагуудын эсрэг айлган сүрдүүлэх ажиллагааг явуулж байв. Тэд эрчим хүч дамжуулах шугам болон холбооны шугамуудыг таслаж, авто зам дээр хорлон сүйтгэх ажиллагаа зохион байгуулж байлаа. “Лалын шашинтнууд” банк дээрэмдэх ажлыг ч мөн умартсангүй.

БНХАУ-ын тусгай албад энэ бүхэнд цагийг нь олж арга хэмжээ авч байлаа.  Алан хядах нууц бүлгэмүүдийг бут цохихын тулд тэд байж болох бүх арга хэмжээгээ авч байв.  Москва, Алма-Ата дахь “Уйгарын соёлын төв”-үүдийг маш богино хугацаанд татан буулгав. Харин Германы Мюнхенд ийм төв нь өдгөөг хүртэл амар тайван үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ. 

Лалын шашинтнууд нөхцөл байдлыг өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэн эргүүлэхийг оролдож байлаа. Алан хядах ажиллагааны хамгийн оргил үе 1997 он байсан юм.  Бүх зүйл Илир хотод үй олон үймээн самуун дэгдээснээр эхэлсэн юм. Тэр үед есөн хүн амь үрэгдэж, зуугаад хүн шархадсан билээ.

1997 оны хоёрдугаар сард Уйгарын босогчид Шиньжааны засаг захиргааны төв болох Урумчид хэд хэдэн автобус дэлбэлэв. Тэнд 24 хятад цэрэг, 27 мэргэжилтэн амь үрэгдсэн билээ. Гуравдугаар сарын гурванд уйгарчууд Урумчид жинхэнэ тэслэн дэлбэлэх кампанит ажил явуулсан агаад энд олон арван хүн амь үрэгдэж, мөн хэдэн зуугаараа шархадсан юм. Жилийн эцсээр арван нэгдүгээр сарын 27-нд мөн гурван удаа дэлбэрэлт болсон бөгөөд үүний үр дүнд 70 гаруй хятад иргэн амь үрэгдэн, зарим нь шархадсан юм. Гэвч энэ нь тун богино хугацааны амжилт байлаа.

Өнөөдрийн байдлаар БНХАУ-ын тусгай албад Шиньжаан дахь нөхцөл байдлыг нэлээд чанга хянаж байгаа бөгөөд гадаадынхны шууд оролцоогүй нөхцөл байдал хурцдах явдал ойрын хэдэн жил ямар ч бололцоогүй болоод байгаа билээ. Алан хядах ажиллагааны хариуд БНХАУ-ын Олон нийтийн аюулгүй байдлын яам хатуухан арга хэмжээ авч алан хядагчдын зохион байгуулалттай сүлжээг бут ниргэсэн юм. 2000 онд Бээжингийн шахалтан дор Казахстаны эрх баригчид алан хядах үйл ажиллагаа явуулсан хэргээр Хятадын шүүхээр яллагдсан Уйгарын гурван тэргүүлэгчийг цөлсөн юм. “Уйгарын алан хядах олон байгууллагуудыг үнэндээ Бээжин хянаж байдаг. Хятадын тусгай албад ажлаа тун чадварлаг хийдэг. Тухайлбал, тэд олон уйгарчуудыг элсүүлээд, дараа нь Шиньжаанд уйгарчуудын бүлгэмийг байгуулж Шиньжааны тусгаар тогтнолын төлөө тэмцэхэд хүргэдэг” хэмээн Зүүн Туркестаны Алма-Аты дахь Үндэсний хорооны дарга Юсупбек Мухлиси баталж байгаа юм. Шинжээчдэд байгаа баримтаас харахад Хятадын эрх баригчид алан хядах байгууллагад элссэн уйгарчуудыг нарийн тогтоож аваад дараа нь тэднийг баривчилдаг.  Зүүн Туркестаны тусгаар тогтнолын төлөө идэвхтэй тэмцэгч хэдэн уйгар хүн Алма-Атыд тун нууцлаг байдлаар амь үрэгдсэн байна. Тэмцэгчдийн нэг хэсэг нь Афганистан руу зугтсан бол үлдсэн нь үйл явдал нааштай эргэхийг хүлээн Шиньжаанд үлдсэн байна. 

Хятадын тусгай албад ТУХН-ийн чиглэлд явуулын худалдаа хийдэг наймаачдын үйл ажиллагааг тун анхааралтай ажиглаж байгаа юм. Тэднээс тун их болгоомжилдог Хятад Уйгарын нууц байгууллагуудтай тогтмол холбоотой байдаг ажээ. Афганистантай хиллэх хилийг нууцлан халхалсан, хил дагуу нэмэлт цэрэг байршуулсан. Аюулгүй байдлыг хангах зорилгоор Шиньжаанд гадны сэтгүүлчдийг нэвтрэх боломжийг хязгаарласан. Орон нутгийн нисэх онгоцны буудалд тусгай албадын ажилчдын тоо хэмжээг нэмэгдүүлсэн. 

БНХАУ-д тогтворгүй байдал үүсгэх уйгарчуудын үйл ажиллагааны чигийг Баруунд хэдийнэ тогтоосон бөгөөд харин үүнийг хэрэгжүүлэх хамгийн боломжтой мөчийг хүлээж байгаа юм. Уйгарчууд өөрсдийн асуудлыг өөрийн хүчээр шийдвэрлэж яагаад ч чадахгүй гэдгээ ойлгож байгаа бололтой. 

Шанхайд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш “алан хядлагын эсрэг тэмцэл хэзээ ч цөөнхийг дарлан дээрэлхэх шалтгаан байх ёсгүй” хэмээн Бээжинд анхааруулсан юм. Ийм санааг мөн Баруун олон улсын алан хядагчдын бааз болсон үймээн самуунтай байгаа Чеченийн хувьд Москвагаас авч хэрэгжүүлсэн ажиллагаанд нь илэрхийлсэн билээ. Зүүн Туркестан эгээ л “дарьтай торхыг”санагдуулна. Хятадын эрх баригчид тэрхүү торхонд гал авалцуулчихгүйн тулд боломжтой бүх зүйлийг хийж байгаа ч шашны болон угсаатны томоохон түймрийг тавьчих сонирхолтой хүмүүс ч олон байгаа билээ.


* * *

Сүүлийн үед гадаадын болон дотоодын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд “Мэдээллийн дайн” гэсэн нэр томъёо байнга гарах болжээ. Энэ нь мөн чанартаа дэлхийн улс төрийн болон цэрэг дайны зөрчилдөөний салбарт жинхэнэ хувьсгал гарч байгааг илэрхийлж байгаа юм.  Дайснуудынхаа эсрэг мэдээллийн дайныг АНУ болон Оросын тусгай албад тун ч идэвхтэй явуулж байгаа юм. Энэ тухай Югослав, Ирак, Афганистанд болсон үйл явдал гэрчилнэ. Энэ асуудлаар Пентагоны анхны албан ёсны бичиг баримтын тоонд 1992 оны арванхоёрдугаар сарын 21-нд АНУ-ын Батлан хамгаалах яамнаас гаргасан “Мэдээллийн дайн” нэртэй удирдамж багтаж байгаа юм. 1993 онд Штабын дарга нарын хорооноос гаргасан ¹30 тоот удирдамжинд мэдээллийн дайныг явуулах үндсэн зарчмуудыг нийтэлсэн байв. Сүүлд 1997 онд “мэдээллийн дайн”-ыг тодорхойлохдоо “Дотоодын мэдээ, мэдээллийн системийг хамгаалж, өрсөлдөгчийнхөө мэдээлэл, мэдээллийн тогтолцоонд нөлөөлөх замаар хэрэгжүүлдэг, мөн  үндэсний стратегийн  ашиг сонирхлын төлөө мэдээллийн тогтолцоог дээд шатанд хүргэхийн төлөө авч хэрэгжүүлж буй  арга хэмжээ” гэсэн байдаг.

Хятад улс 1980 оны сүүлээр мэдээллийн дайны өөрийн гэсэн үзэл баримтлалыг боловсруулж эхэлсэн. Мэдээллийн дайн гэсэн ойлголтон дор Хятад улсын баримталж байгаа стратеги бол мэдээллийн орон зайг эзэлж авах бүхий л арга хэмжээ /улс төрийн, эдийн засгийн, соёлын, технологийн, гэх мэт/ гэж ойлгож болно. Тэгээд ч сүүлийн жилүүдэд Хятад АНУ-тай мэдээллийн талаар өрсөлдөх чадвараараа гайхамшигтай үр дүнд хүрсэн билээ.

Гадаадын олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд гарсан баримтаас үзвэл “Хятадад мэдээллийн дайныг явуулах төрийн маш хүчтэй тогтолцоо бий болсон бөгөөд үүний тусламжтайгаар хэрэгтэй үед нь хүч, хөрөнгийг их хэмжээгээр дайчлах боломжтой болж байгаа юм. Тус системийн гол цөм бол БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэргэдэх судалгаанч товчоо болон Төрийн аюулгүй байдлын яамны Систем-шинжилгээний төв юм. Мэдээллийн дайныг явуулах Хятадын систем нь санхүүгийн салбарт ихээхэн үр ашигтай явагдаж байгаа юм. Энэ нь Номхон далайн бүсийн улс орнууд дахь хятад гаралтай иргэдээс мэдээлэл авдаг. Мөн Номхон далайн бүс нутаг дахь олон нийтийн мэдээллийн хэрэгслийг нийтэд нь хянах үйл ажиллагаа явагдаж байгаа. Маш олон тооны сонин, зурагт, радио сувгийг Хятадын тагнуулын офицерууд худалдаж аваад байна. Хяналтандаа авсан хэвлэл мэдээллийн хэрэгслээрээ дамжуулж мэдээлэл, сэтгэл зүйн иж бүрэн ажиллагааг идэвхтэй авч хэрэгжүүлж байгаа. Тэр дундаа хятадууд 1997-1998 онуудад санхүүгийн салбарт мэдээллийн дайныг явуулснаар америкчуудыг гүйцэд түрүүлсэн юм.

Комментариев нет:

Отправить комментарий