четверг, 16 февраля 2012 г.

Түвд гал дөлөн дунд шатаж байна


Түвд бүсгүй 18 настай байлаа, гэвч тэр өөрийгөө шатаахдаа эргэлзсэнгүй. Энэ явдал хэдхэн хоногийн өмнө түвдүүд оршин суудаг Хятадын таван мужийн нэг Сычуаний баруун хэсгийн Аба тосгонд болжээ.

Өөрийгөө шатаасан түвд бүсгүйг эмнэлэгт хүргэх замд нас барсан байна. Тэрээр сурлага, хичээл сайтай гэлэнмаа нарын нэг байв. Залуу бүсгүй Түвдийг донсолгож байгаа "Амьдаараа зул болох" давлагааны ээлжит золиос болсон юм. Сүүлийн арван сард 22 удаагийн ийм тохиолдол гарсан нь Хятадын Засгийн газрыг түгшээж, барьц алдуулаад байна.

Түвдийг эзэрхийлж, түвд соёл, ахуйг нухчин дарж байгаа Бээжингийн бодлогыг эсэргүүцсэн буддын лам хуврагууд эсэргүүцлээ илэрхийлэхдээ ийм арга хэлбэрийг сонгож аваад байгаа билээ. 2008 оны гуравдугаар сард Лхас хотод түвдүүд бослого гаргаж, хятад цагдаа нар хүч хэрэглэн дарах үеэр 80 орчим түвд амиа алдаж, олон зуун хүн баривчлагдсан юм. Түүнээс хойш бүс нутагт дэгдэж буй ноцтой хямрал нь энэхүү бие цогцсоо галдан шатаах явдал болж байна.

Хятадын Засгийн газар үүнтэй хэрхэн тэмцэхээ мэдэхгүй байна. 2008 оны бослогоос хойш Бээжингийн зүгээс, ирэх улс төрийн хавчлага, цэргийн сүр хуч, Түвдийн шашин, соёлын нухчин дарах үйлдэл хэрээс хэтэрсэн хэмээн түвдүүд мэдэгдсээр байгаа юм. Гадаадад Түвдийг өмгөөлөн үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд энэ тухай чанга дуугарч байна. Эсэргүүцлийн шинэ нөхцөл байдалд балмагдсан Бээжингийн эрх баригчид саяхан Сычуань мужийн дөрвөн том албан тушаалтныг огцруулжээ.

Тэднийг Хятадын Сарны шинэ жилийн үеэр түвдүүдийг хянаж байхын оронд Чамдо бүс дахь ажлын байраа орхин явсан хэмээн ийнхүү шийтгэсэн аж. Муж, бүсийн хариуцлагатай түшмэлүүд нийгмийн тогтвортой байдлыг хангаж чадахгүй бол ажлаас нь халж, бүр эрүүгийн хариуцлага ч хүлээлгэнэ хэмээн Засгийн газраас сануулжээ. Түвдүүд олноор оршин суудаг Сычуань, Юнань, Чинхай, Гансу мужид гадаадынхныг оруулахгүй байгаа тул тэнд чухам юу болж байгааг мэдэхэд бэрхтэй байна. 20 км тутамд цэргийн эргүүл, хяналт байгаа бөгөөд сэтгүүлч, сурвалжлагчдыг шууд буцаан хөөж байна.

Түвдийн бүс нутгийн коммунист намын дарга Чэн Гуангуо "Өнөөгийн хямрал нь Далай ламын тэргүүлсэн салан тусгаарлах бодлогын нэг хэсэг юм. Хятадын улстөрчдийн шинэ үед эрх мэдлийг хүлээлгэж өгөх коммунист намын XVIII их хурлын өмнө бүс нутгийг тогтворгүй болгохыг Далай лам санаархаж байна" хэмээн ярилаа. Коммунист намын Төв хорооны гишүүн Сю Житао "Global Times" сонинд ярихдаа, Далай ламаар удирдуулсан салан тусгаарлагчид энэ онд өргөн хэмжээний хуйвалдаан зохион байгуулахаар шийдсэн юм шиг байна гэжээ.

Энэ сарын 22-нд тохиох Түвдийн шинэ жилээр Далай ламын төлөвлөгөөнөөс болгоомжлохыг тэрээр бас сануулав. Энэ үер Хятадын эрх баригчид Түвд дахь цэргийн хүчээ зузаатгахаар зэхэж байна. Өнгөрсөн оны сүүлчээр хүчээ авсан өөрийгөө шатаах үйлдэл бүхний анхаарлын төвд байгаа ч өнгөрсөн сарын 23, 24-нд Сычуань мужийн Седа, Лухуо хотод жинхэнэ үймээн дэгджээ. Хэдэн зуун түвд амьдаараа зул болсон лам нарын дурсгалыг хүндэтгэхээр цуглаад байсан аж.

"Human Rights Watch''-ийн мэдэгдэж буйгаар, хятад цагдаа нар жагсагчдын замыг хааж гал нээсэн байна. 20 орчим хүн шархдаж, 50 орчим идэвхтнийг баривчилжээ. Нэг хүн нас барсныг "Синьхуа" агентлаг мэдээлсэн юм. "Цагдаагийн газар руу хутга, чулуу барьж довтолсон хүмүүсээс хамгаалахын тулд цагдаа нар гал нээсэн" хэмээн эрх баригчдын мэдэгдэлд дурдсан байв.

"Хятадын Засгийн газар түвдүүдийг сонсохоос зайлсхийж, нөхцөл байдлыг улам муутгаж байгаад цөхөрсөн түвд иргэд өөрийгөө шатаах замыг сонгож байна. Тэд Хятадын нухчин даралтыг эсэргүүцэж байна. Далай лам болон олон улсын хамтын нийгэмлэг энэ асуудлаар Хятадад хандаж" байгаа ч ойшоохгүй байна" хэмээн Хүний эрх, ардчиллын төлөөх Түвдийн төвийн захирал Цэрэн Цомо ярилаа.

Түвдүүд өөрийгөө шатаах болгонд Бээжингийн эрх баригчид ард нь Далай лам турхирч байна хэмээн мэдэгдэж байна. "Лам нар өөрийгөө шатаахыг хэн ч хүсээгүй. Гэвч бид үүнийг хориглох ёс суртахууны эрхгүй. Буддын шашинд амиа хорлохыг зөвшөөрдөг. Амиа хорлолт гүн итгэл үнэмшлээс гарч байгаа бол агуу Будда түүнийг өмгөөлөлдөө авдаг" хэмээн буддист лидер Кябжэ Ринбүүчи хэллээ.

Н.Мөнхжин

Комментариев нет:

Отправить комментарий