вторник, 28 февраля 2012 г.

Түвд төрх. Ер бусын өнцгөөс хийсэн арт-төсөл

Америкийн гэрэл зурагчин Фил Борхес (Phil Borges) шүдний эмчийн боловсролтой. Гэхдээ амьдралынхаа 25 жилийг гэрэл зурагт зориулжээ. Борхесын хөргүүд нь жинхэнэ мэргэжлийн хүний чанар, авьяасаар ялгардаг төдийгүй хувь хүний бодгаль төрхийг нээж чаддагаараа гайхамшигтай байдаг. Үүний нэгэн яруу илрэл нь Tibetan Portrait: The Power of Compassion арт төсөл юм. Алга болж буй ховор хэл, соёлыг харуулах зорилготой энэ төслөөр Борхес түвд хүмүүсийн цуврал хөрөг бүтээжээ.


20 настай Шело, 17 настай Бямбаа. Нэялам, Төвд


Чухамхүү хүний нүдэнд нь гол анхаарлаа хандуулж, нүүрний төрх, зураас, үрчлээ болгоныг онцолж чадсанаараа Борхес хүний сэтгэл хөдлөл, бодгаль чанарыг гайхамшигтай нээж чадсан юм. Тэрээр дээд зэргийн хурц, товч тодорхой хөргүүдээ маш ойрхон зайнаас авснаараа үзэгчдэд амьд зургийн баатрын яг хажууд нь зогсож байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлж чадсан.


64 настай Пусун, 32 настай Дондов. Пуга хөндий, Ладак.


Бусад зурагчдаас ялгаатай нь, Борхес баатруудаа бүхэнд таниулахыг оролддог бөгөөд зураг болгондоо баатрынхаа нэр ус, нас болон товч түүхийг дагалдуулдаг. Жишээ нь, төвдийн цувралын хамгийн алдартай зургийн нэг эгч дүү 8 настай Жигмээ, ой хагастай Соном нарын хөрөг. Нүүдэлчин амьдралтай тэд толь огт үзээгүй бөгөөд Жигмээ гэрэл зургаа харчихаад айн цочиж гэр лүүгээ гүйн одсон байна. Анх удаа өөрийгөө харсан нь томоохон цочрол болсон гэнэ.


8 настай Жигмээ, ой хагастай Соном. Ладак, Төвд


Харин Ладахийн Дагтог тосгонд ээж эгчийн хамт ирсэн 4 настай Бямбаа бүжгийн наадмыг нүд цавчилгүй ажиглаж байснаараа зурагчны анхаарлыг татсан байна. Маш хүйтэн жавартай шуурга нүдэж байсан ч охин үзэж байсан зүйлээсээ огт хөндийрөөгүй ажээ.


4 настай Бямбаа. Дагтог, Ладах


Фил Борхесын гайхалтай зургууд түүнийг ихэд алдаршуулсан бөгөөд бүтээл нь тусдаа түүвэр болж хэвлэгдэхийн зэрэгцээ Esquire зэрэг алдартай сэтгүүлд нийтлэлдэг юм. Түүний уран бүтээлтэй хувийнх нь сайтан дээр танилцаж болно.



67 настай Лувсан, 13 настай Дэнзэн. Бодхнат, Балба



81 настай Цэдэн. Чогламсар, Ладак

Комментариев нет:

Отправить комментарий