-Энэ жил яагаад өмнөх он жилүүдээс өөр вэ-
Алдарт зөнч Ванга “Миний зөгнөлүүд биелэх тутамд хүмүүс нэрийг минь дурсана” гэж хэлсэн байдаг. Түүний хэлсэнчлэн дэлхийн III дайн Ойрхи Дорнодоос эхлэх юм биш биз. “Вашингтон пост” сонины тоймч Дэвид Игнатиус энэ он бусад бүх он жилээс өөр гэжээ. Түүний үзэж буйгаар энэ онд томоохон байлдааны ажиллагаа эхлэх бөгөөд эл ажиллагааг Израиль Иранд халдсанаар эхлүүлэх аж. Өнгөрөгч долоо хоногт АНУ-ын Батлан хамгаалахын сайд Леон Панетта “Израиль ирэх дөрөв, тав, зургадугаар сарын аль нэгэнд Иранд халдана” гэж мэдэгдсэн.
Ингэхдээ Израиль Ираны цөмийн цогцолборуудад цохилт өгөх юм байна. Хэрвээ Иран эсэргүүцэл үзүүлж Израильд довтолбол АНУ болон түүний холбоотнууд Израилийг өмөөрч Иранд дайн зарлана. Олон улс Ираны цөмийн зэвсэг эзэмших санаархалд саад хийхээр тус улсад чангаруулсан хориг арга хэмжээ оногдуулсан ч энэ нь хэтэрхий оройтсоныг хүлээн зөвшөөрчээ.
Нөгөөтэйгүүр Исламын бүгд найрамдах улс цөмийн зэвсэгтэй болбол бүс нутаг төдийгүй дэлхийд аюул занал учруулах аж.
Иймээс Израиль, АНУ болон түүний холбоотнууд Иранд цохилт өгөх нь гарцаагүй гэнэ. Харин эдгээр орон яагаад заавал энэ онд Иранд халдах гээд байгаа нь дараахь шалтгаантай аж.
Цаг хугацааны дарамт
Израиль яагаад заавал энэ хавар Иранд халдах гээд байна вэ. Ираны цөмийн хөтөлбөрт хяналт тавьсан Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг (МАГАТЭ)- ийн шинжээчдийн мэдүүлснээр тус улс цөмийн бөмбөг бүтээхэд шаардагддаг агууламж өндөртэй уран гарган авчээ. НҮБ-ын дэргэдэх тус агентлагийн мэргэжилтнүүдийн тооцоолсноор Иран зургаан сар гаруйхны дараа аюулт зэвсэгтэй болно. Тэд энэхүү мэдээллийг өнгөрөгч оны арваннэгдүгээр сард олон улсад танилцуулсан бөгөөд тэдний тооцоогоор Иран энэ зун гэхэд цөмийн зэвсэгтэй болсон байх гэнэ.
Олон улсын тагнуулын ажилтнууд Ираны цөмийн хэд хэдэн эрдэмтнийг хороож, тус улсын компьютерийн сүлжээнд хорлон сүйтгэх чадвар өндөртэй “Stuxnet” хэмээх хамгийн сүүлийн үеийн вирусыг нэвтрүүлсэн ч энэ нь Тегераны цөмийн хөтөлбөрт саад болохгүй байгаа аж.
Нөгөөтэйгүүр холбоотнуудын Ираны цөмийн хөтөлбөрт саад хийх зорилготой газрын тосны экспортын хориг арга хэмжээ ирэх долдугаар сарын 1-нээс л бүрэн хэрэгжиж эхлэх юм.
Тегераны эрх баригчид дээрх өдөөн Вэхатгалгыг үл харгалзан цөмийн хөтөлбөрийг яаравчлуулж байна. Тегераны эрх баригчид МАГАТЭгийн шинжээчдийн тооцоолсон хамгийн бага хугацаа (зургаан сарын хугацаа)-наас богино хугацаанд цөмийн зэвсэг бүтээхийг зорьжээ.
Гэхдээ Иран хамгийн хурдандаа ирэх зургадугаар сард л цөмийн зэвсэгтэй болох аж. Олон улс Ираны цөмийн хөтөлбөрийг удаашруулах бүхий л аргаа хэрэглэн хугацаа хожиж байгааг Тегераны эрх баригчид мэдэж байгаа. Тэд ч мөн “хэвлэлийн маргаан”, “зургаан талт хэлэлцээ”-гээр хугацаа хожихыг эрмэлзэж байна.
Олон улсад Персийн буланд хүчээ хуримтлуулахад, Иранд цөмийн хөтөлбөрөө амжилттай дуусгахад хугацаа хэрэгтэй байгаа юм. Иран томоохон газар нутгийг хамарч дэлбэрэх чадвартай цөмийн зэвсэг бүтээхэд шаарддагддаг дээд зэргийн баяжмал уранаас бусад бүх зүйлийг бэлэн болгожээ.
Тус улс хэдийнэ хангалттай газар нутагт нөлөөлж чадахгүй хэд хэдэн цөмийн бөмбөг бүтээсэн гэнэ. Иймээс олон улс цаг хугацааны дарамтад оржээ.
Үлдсэн ганц арга
Олон улс Тегераны албаныхныг цөмийн хөтөлбөрөөс нь ангижруулахад боломжтой бүх аргаа хэрэглэн хүчин мөхөстсөний дараа “уур” нь хүрсэн бололтой. Улстөр, эдийн засгийн хориг арга хэмжээ оногдуулахын сацуу заналхийлж ч үзсэн барууныхан ганц үлдсэн аргаа сонгожээ. Тэр нь цэргийн ажиллагаа. Ираны бардамнал, бүс нутагтаа ноёрхох гэсэн санаархалд ундууцаж бухимдсан орнууд сүүлчийн ганц аргаас бусад бүх аргыг хэрэглэж үзсэн юм.
Ираны газрын тос, төв банкны гадаад дахь үйл ажиллагааг хааж хүнд байдалд оруулах барууны төлөвлөгөөг Орос, Хятад, Энэтхэг дэмжээгүй болохоор дээрх аргыг сонгохоос өөр аргагүй болжээ. Нөгөөтэйгүүр барууны болон Ойрхи Дорнодын орнууд Ираныг цөмийн зэвсэг эзэмшихийг яавч хүлээн зөвшөөрөхгүй аж. Гэсэн ч тэд эрсдлээс эмээж байв. Харин Израиль АНУ-ын дэмжлэгтэйгээр тэднийг нэгтгэв. Өөрөөр хэлбэл Израиль эрсдлийг хүлээхээр болсон юм. Газар нутаг, хүн ам багаас гадна сийрэг оршдог Израиль нэг удаагийн аюулыг өөр дээрээ хүлээсний хариуд ихээхэн хэмжээний санхүүгийн туслалцаа авах гэрээг АНУ-тай байгуулсан нь тодорхой болжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “АНУ Ираны асуудлаар Израильтай зөвшилцөлд хүрсэн” гэж мэдэгдсэн нь үүнийг батлах гэнэ. Өөрөөр хэлбэл АНУ болон түүний холбоотон орнууд Израилийн арыг хангалттай даахаа амлажээ. Харин хариуд нь тэд Израилийг Ираны өөдөөс турхирч байгаа юм.
Тэгээд ч Израиль маргаашийн өөхнөөс өнөөдрийн булчирхай буюу ойрын ирээдүйд ирэх их сүйрлээс өнөөдрийн бага гамшиг дээр гэж үзжээ. Израилийн энэ сонголтод Ираны “Хамгийн түрүүнд Израилийг газрын хөрстэй тэгшилнэ” гэж мэдэгдсэн нь нөлөөлсөн байж болох юм. Израиль Иранд түрүүлж цохилт өгөхөө амласаар байна.
Хурцадмал байдлын үр ашиг
АНУ бүс нутагт дангаар ноёрхох гэсэн Ираны санаархлыг ухуулж, ганцаардуулсаар нөгөө талд нэгэн холбоо үүсгэв. Энэ холбооноос ирэх зүйл бүрийн дарамт Ираны үнэн нүүр царайг илчлэв. Үүний хажуугаар АНУ болон Израилийн тагнуулын алба Ираны цэргийн чадамжийг судалж хэр хэмжээний эсэргүүцэл үзүүлж чадахыг тогтоож байна.
Нөгөөтэйгүүр Иран бага аюул тарих учраас Израиль Иранд довтлохоор болсон байж болох юм. Тегераны эрх баригчдын бухимдлыг төрүүлэх тусам тэдний сул тал илэрч, дайснуудаа нэгтгэжээ. Иран эртнээс нааш тийм ч таатай харилцаатай байгаагүй Израилийг заналхийлснээрээ өөрийн орондоо дайн дэгдээх холбоотныг нэгтгэхэд тусалсан юм.
Түүнчлэн тус улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсон газрын тосны экспортод хориг тавибал Ормузын хоолойг хаана гэж мэдэгдсэнээрээ сул тал, цэргийн чадамжаа дэлгэсэн явдал байв.
Ираныг бусад орнуудтай муудалцуулж, хурцадмал байдалд оруулах Израилийн төлөвлөгөөг Тегераны эрх баригчид өөрийн мэдэлгүй амжилттай хэрэгжүүлжээ.
Түүнчлэн Тегераны эрх баригчид Израилийн дайсан “ХАМАС”, “Хезболла” бүлэглэлийн толгойлогчдыг хүлээн авч уулзан үйл ажиллагааг нь дэмжсэн явдал Израилийг бүр ч шахамдуулж байна.
Найдлага
Ираны цөмийн цогцолборуудад цохилт өгөх Израилийн агаарын довтолгоон магадгүй Тегераны эрх баригчдын эл хөтөлбөрийг бүрмөсөн нурааж мэдэх юм. Холбоотнууд Махмуд Ахмадинежад болон түүний тойрон хүрээлэгчдийн олон жилийн уйгагүй хөдөлмөр, олон сая ам.долларыг салхинд хийсгэвэл тэд дахин ийм хөтөлбөрөөр оролдохгүй, оролдох ч цаг хугацаа, нөөц боломж бүрдэхгүй гэдэгт найдаж байна.
Израиль улс АНУ-ын дэмжлэгтэйгээр бүс нутагт заналхийлж эхэлсэн Иракийг аюулгүй болгожээ. Тус улсын тагнуулын албаныхан Иракийн Ерөнхийлөгч Саддам Хуссейныг цөмийн үйлдвэр барьж байгааг тогтоож байж. Тэд 1981 онд Саддамын олон сая ам.доллар зарлагадсан, ашиглалтад бүрэн ороогүй “Осирак” хэмээх цөмийн үйлдвэрийг устгаж байсан аж. Ингэснээрээ Израиль улс Саддамын цөмийн зэвсэгтэй болох санаархалд олон жилийн саад тавьж чаджээ.
Саддам газар доор цөмийн үйлдвэр байгуулахаар болсон ч үүнд их хэмжээний хөрөнгө, цаг хугацаа шаардагдсан юм. АНУ-ын устгах чадвар өндөртэй онгоцоор хүчирхэгжсэн Израилийн довтолгоон Ираныг Ирак шиг болгож болох юм.
Ямартаа ч Израилийн халдлагын дараа Иран буулт хийж дайнаас татгалзана гэдэгт холбоотны хүчнийхэн итгэж байгаа аж.
Э.ТӨГСЖАРГАЛ
Комментариев нет:
Отправить комментарий