вторник, 20 марта 2012 г.

Задралд хүргэсэн агаарын ажиллагаа


Франц, Их Британи, АНУ-ын Цэргийн нисэх хүчин яг жилийн өмнө Ливид цэргийн ажиллагаа явуулж эхлэв. Түүний зорилгыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс өнгөрсөн оны гуравдугаар сарын 17-нд гаргасан тогтоолд заажээ. Энэ нь Муаммар Каддафийн дэглэмд зэвсэг нийлүүлэхийг хориглох, агаарын орон зайг Ливийн армийн нисэх хүчинд хаах зорилго байсан юм.

Хятад, Орос, Герман улс санал хураалтын үеэр түдгэлзсэн. Барууныхан тогтоолыг дүр мэдэн тайлбарлаж, цэргийн довтолгоо хийх дохио хэмээн үзнэ хэмээн тогтоолыг дэмжсэнгүй. Харин тогтоолыг нарийн чанд даган мөрдсөнөөр төр засаг, босогчдын хоорондын зэвсэгт сөргөлдөөн зогсооно хэмээн үзэж хориг тавиагүй аж.



Ийнхүү “Арабын хавар” хэмээх хувьсгалын Ливийн хувилбар өрнөдийн цэрэг цөмрөн орж, Муаммар Каддафийг огцруулж хөнөөх уршигтай болов. “Үүр цайх” гэж нэрлэсэн барууны ба түүний холбоотнуудын цэргийн ажиллагаа Ливи улсыг эмх замбараагүй байдалд оруулсан гэж үзэх хүн цөөнгүй байна. Гэхдээ онц дүн авахаар ажиллагаа нь дарангуйлагчийг буулгаж авсанд л байгаа юм. Түүнээс биш барууныхан Ливийн задралыг арай хүсээгүй гэж ойлгоё.

Ливид “Арабын хавар” хувьсгалыг эхлүүлсэн Бенгази дэх салан тусгаарлагчдын үймээн зохих уршигтай болсон. Киренаик муж автономит эрхээ зарласан. Энэ нь чухам Саудын Араб, Катар улс М.Каддафийг огцруулах ажиллагаа ямар зорилгоор явуулсныг тусган харууллаа. Эдүгээ Ливийн омгийн өөр хоорондын дайсагнал аймаглан устгах ажиллагаа болж хувирсан гэдгийг тэнд байгаа сурвалжлагчид мэдээлж байна. Мөн тус улсын зэвсэгтэй омгийнхон Африкийн омгуудыг устгаж байгаа аж. “Арабын хавар”-ын дор Ливид орчин цагийн маягийн ардчилал одоогоор хараахан тогтоогоогүй аж.

Барууныхан Муаммар Каддафийн эсрэг босогчдын тэмцлийг дэмжихдээ  Ливид ардчилсан шинэтгэл явуулахыг огт бодолгүй  тус орны нөөц баялгийг л сонирхсон нь одоо нэгэнт тодорхой болсон. Гэвч барууны орнууд эдгээр нөөцийг хяналтдаа авч чадахгүй байгаагийн улмаас Ливийн муж, томоохон овог аймгуудыг автономит эрхтэй болоход турхирч, үүгээрээ дамжуулан эмх замбараагүй байдал бий болгож, цэрэг оруулж магадгүй.

Ливийн нефтийг хяналтдаа авахыг Их Британи, Франц улс оролдсон. Гэвч эдгээр улс зорилгодоо хүрсэнгүй. Учир нь нефтийн орд газруудыг улс төрийн тогтворгүй нөхцөлд л эзэмшиж ашиглах болсон. Гэвч одоо Ливийн удирдлагууд хагарал бутралтай байгаа нөхцөлд тайван байдал ойрын хугацаанд тогтохгүй гэж дийлэнх шинжээч тодорхойлох болсон.

Захирагчид орон нутгийн засгийн эрхэнд гарсан. Ливийн 100 мянга гаруй оршин суугч зэвсэгтэй байгаа. Үндэсний шилжилтийн зөвлөлийн үйл ажиллагаа бүрхэг байна. Түүний бүрэлдэхүүнд чухам хэн орсныг өнөө болтол бүрэн мэдээлээгүй. “Арабын хавар” Ливийн хувилбар одоогоор хэнд ч ашиг авчраагүй ба барууныханд ч өгөөжөө өгөөгүй байна.

Ливийн гадаад дахь хөрөнгө банкуудад нь байсан улс орнуудад л хожил авчирч байна. Одоогоор Ливийн дансыг өнөө болтол хэсэгчилэн битүүмжилсээр байна. Мэдээж, Катарт ашигтай болсон. Тус улс М.Каддафийн дэглэмийг огцруулснаар бүс нутагт улс төрийн нөлөөгөө өргөжүүлсэн аж.

Өнгөрсөн онд Ливийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ эрс багасч, ажилгүйдэл гаарч, хүн амын аж байдал доройтсоныг  шинжээчид тэмдэглэв. Мөн М.Каддафийн талыг баримталж байсан 10 мянга гаруй хүнийг шоронд хорьж, хэрцгий залхаан цээрлүүлэлт явуулж байгааг ВВС агентлаг мэдээлж байсан. Шоронгуудад юу болж байгаа талаар мэдээлэл авах гэсэн Олон улсын шүүхийн бүх оролдлого бүтэлгүйтсэн нь хачирхалтай юм.

Т.Арьяа

Комментариев нет:

Отправить комментарий