суббота, 3 марта 2012 г.

Туркестаны алан хядагчид Уйгарын хөдөлгөөнд саад болж байна

Туркестаны лалын нам өмнөө нэгэн зорилго тавьжээ.
Тэдний зорилго нь Шинжааны нутаг дэвсгэрээс Хятадын "эзлэн түрэмгийлэгчдийг" зайлуулж тусгаар тогтносон "Зүүн Туркестан" гэх улс байгуулах. Үүний үр дүнд Зүүн Туркестан Төв Азийн лалын шашинт улс болно гэж тэд үзэж байна.
Хятадын Шинжаан мужийг "Уйгарын автономит дүүрэг" хэмээн нэрийддэг. Яг л Түвд шиг. Үнэн хэрэгтээ эдгээр нутгийг Бээжин хатуу хяналтдаа байлгадаг. Тэгэх тусмаа Шинжаан бол Хятадын томоохон нутаг дэвсгэрийн нэгж юм. Энэ нутаг дэвсгэр л БНХАУ-ыг Төв Азийн орон болгон хувиргадаг. Энэ муж ОХУ, Казахстан, Тажикстан, Афганистан болон Пакистан улстай хиллэдэг. Тун удахгүй Шинжаан дахь газрын тос Хятадын нийт хэрэгцээний 30 хувийг бүрдүүлэх болно.

Газрын байршлаас үүдэн Шинжаан хэдэн мянган жилийн турш монгол, манж, араб, персүүдийн нөлөөнд оршсоор ирсэн. Ихэнх тохиолдолд энэ нөлөөг зэр зэвсгийн аргаар тогтоон барьж байлаа. Гэхдээ Шинжаан бат бөх Хятадын нэгэн хэсэг болж байгаагүй юм. Зуун жилийн тэртээ хан үндэстний тоо хэдхэн хувьд хүрэхтэй үгүйтэй байсан бол одоо тал хувь нь болчихоод байна. Эртний хот болох Кашгарт амьдарч байгаа уйгарчуудын дунд тархсан нэгэн яриагаар бол сард 25000 хан үндэстэнг "импортолдог" бөгөөд ийм маягаар хүн амыг хятаджуулах бодлого баримталж, газрын үнийг өсгөж, уйгарчуудыг хотын зах руу шахан зайлуулахыг эрмэлзэж байгаа гэнэ. Хүн ам зүйн бодлого, хуучин хотуудын сэргээн засварлаж байгаа байдал зэргээс харахад жинхэнэ уйгар дүр төрхийг Шинжаан эргүүлэн авахад хүнд байх болно. Туркестаны фронт энэ байдлыг засах гэж оролдож байгаа юм. Энэхүү хөдөлгөөний цөм нь ийм эзэрхэг бодлогыг эсэргүүцэх явдал бөгөөд бүхэлдээ уйгар хүн амын дэмжлэгийг авч чаддаг ч "Аль-Каида"-гийн нэгэн адил хүчирхийлэх аргыг огтхон ч дэмждэггүй юм. 
Лалын шашинт Туркестаны нам алан хядахыг уриалсан уриа лоозон хэлж байдаг ч Хятадын нутаг дэвсгэр дээр байсхийгээд гардаг дэлбэрэлт аллага зэргийн цаана энэ нам байгаа гэхэд нэлээд эргэлзээтэй байдаг. Гэсэн хэдий ч энэ нам гадаадад үйл ажиллагаа явуулж байгаа энх тайванч замаар асуудлыг шийдвэрлэх гэсэн өөр төрлийн хөдөлгөөний нэр хүндийг ноцтой унагаж байдаг юм. Лалын шашинт Туркестаны нам алан хядах үйл ажиллагааны урт жагсаалыг өөрийн гүйцэтгэсэн хэрэг хэмээн хэлдэг ч хожмоо шалгаад үзэхэд тус намтай огтхон ч холбоогүй, эргэлзээ төрүүлэхүйц байжээ. 
2011 оны наймдугаар сард Кашгар хотноо алан хядах үйл ажиллагааны хариуцлагыг тус нам өөртөө авсан хэдий ч тийм үнэмшилтэй харагдахгүй байгаа юм. Магадгүй энэ нам энэ хэрэгт огтхон ч холбоогүй байх магадлал тун өндөр.
2011 оны долдугаар сарын 30-ны орой хань үндэстний ихээр зорчдог гудамжинд дэлбэрэлт гарчээ. Тун удалгүй хоёр уйгар эр жолоочийг нь алаад ачааны машиныг булаан авч олон хүн байгаа газар руу чиглүүлэн очиж хүмүүсийг хутгалж гарсан гэдэг. 
Дараагийн өдөр нь алан хядах үйл ажиллагааг хан үндэстний очих дуртай өөр нэгэн гудамжинд явуулсан бөгөөд нэгэн ресторанд дэлбэрэлт гарсны дараа 10 уйгар мөн л хүмүүсийг хутгалж эхэлсэн гэж мэдээлсэн байгаа юм. Тэдний гарт гал сөнөөгчид ч өртжээ. Тухайн үед 10 гаруй энгийн номхон иргэд амь үрэгдсэн бөгөөд найман алан хядагчийг устгасан байна.
Хятадын засаг захиргааныхан эхлээд алан хядах үйл ажиллагаа явуулдаг тус байгууллагыг буруутгасан боловч хожмоо орон нутгийн уйгарууд гүйцэтгэсэн болохыг олж тогтоожээ. Халдлага үйлдсэн хүмүүс намын ямар нэгэн уриа лоозон хашгираагүй бөгөөд хожмоо Лалын шашинт намынхан интернетэд дүрс бичлэгийг байршуулжээ. Дэлхийн олон нийт Шинжааны уйгаруудад дургүйцэх шалтгаан олон бий гэж үздэг. Гэтэл Лалын шашинт Туркестаны намын үйл ажиллагаа уйгаруудын энх тайвны замаар явуулж буй тэмцэлд жихадын дүр төрхийг ойлгуулдаг байгаа юм.  Ийм байгууллага байгаа явдал нь хятадуудад Уйгарын хөдөлгөөний эсрэг  хатуу харгис арга хэмжээ авахад нөлөөлж байна.
Д.ЦЭРЭНДОЛГОР

Комментариев нет:

Отправить комментарий