вторник, 20 марта 2012 г.

Хятадын “дуплет” ба булангийн орнууд


АНУ-ын хувьд санхүүгийн уналт амсч, Европын холбооны орнууд төсвийн хямралд өртөөд байгаа нь Персийн булангийн орнууд гэх мэт Арабын ертөнцийн баялаг ихтэй нөлөө бүхий улсуудад хамтын ажиллагааны чиглэлүүдээ эргэн харах хэрэгтэйг ойлгуулсан бололтой. Дээрх хүлээгдээгүй нөхцөл байдал нь эдийн засгийнх нь гол тэтгэгч газрын тос зэрэг бүтээгдэхүүний экспортыг нь дэмжих хүчирхэг шинэ зах зээлийг хайхад Арабын орнуудыг хүргэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, тэдний баялгийг олон жил өөр лүүгээ овоолсоор байсан Өрнөдийн орнуудын хямрал арабчуудад өөр томоохон түнш хайх шинэ зорилтыг тулгаж байгаа ажээ. Гэвч тэд тийм хүчирхэг түншийг нэг их хайж барьсан ч үгүй, учир нь тэр түнш нь бараг л өөрөө хүрээд иржээ. Нэг үгээр хэлбэл ойрмогхон Арабын орнуудад зургаан хоногийн айлчлал хийсэн Хятадын Засгийн газрын тэргүүн Вэнь Зябаогийн айлчлалыг гадаадын шинжээчид ийнхүү тодорхойлж байгаа юм.  
Нөгөө талаар Хятадын хувьд ч эдгээр орнуудтай өргөн харилцах ашиг сонирхол бас нийлсэн хэрэг. Өрнөдийн орнууд санхүүгийн шалтгаантай хямралд нэрвэгдэж эхэлсэн нь дэлхийн тавцанд Хятад улс өөрийн байр суурийг тэлэх сайхан боломжмийг олгож байгаа юм.

Өнөөгийн байдлаар зөвхөн Хятад л НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн бүрэн эрхт байнгын гишүүн таван орноос Арабын болон Азийн нефть нийлүүлэгч томоохон экспортлогч орнуудын аль алинтай нь эв найртай байж чадаад байгаа нь Дундад улсад бусдаас давуу тал олгож байгаа гэнэ. Үүний зэрэгцээ ийм давуу талтай болохын тулд Хятадын тал зарим нэг “чанга дуутай” мэдэгдэл хийхээсээ ч буцахгүй болсныг Вэнь Зябаогийн Персийн Булангийн орнуудад хийсэн айлчлалын үеэр мэдрэгдсэн гэнэ.Тухайлбал энэ айлчлалын үеэр Хятадын төв хэвлэлийн нэгэн болох “Жэньминь Жибао” сонинд, “...Израйль болон Палестинийн сөргөлдөөний хувьд АНУ ихэвчлэн Израйлийн талд зогсч байдаг бөгөөд энэ нь Арабын ертөнцийн олонхийн дургүйцлийг хүргэдэг бол харин Хятад улс палестинчуудын шударга шаардлагыг дэмждэг” гэсэн мэдэгдэл хийсэн нь олон улсын шинжээчдийн анхаарлыг татаж байгаа юм.

Хятад одоогоор өрнөдийнхний “дайсан” нь болчихоод байгаа Иран болон Сири улсуудтай хүчирхэг түншлэлийн харилцаагаа барьсан хэвээр байгаагийн дээр Саудын Араб болон Катар зэрэг өрнөдийнхний найз нартайгаа ч бас“зузаан” нөхөрлөлийг бий болгож чадаж байгаа хэрэг. Энэ нь Хятадын хувьд исламын шашинт хүчирхэг экспортлогчдын аль алинтай нь эв сахисан харилцаагаа ашиглаж Ази болоод Ойрхи Дорнодод их гүрний нөлөөгөө улам бүр бэхжүүлэх тулгуур бодлого нь хэрэгжиж байгаагийн жишээ болжээ. Харин Дундад улсын тэргүүн нар гадаад бодлогын энэ амжилттай алхмуудаа тэр бүр олонд мэдрэгдэхээр чанга дуугаар зарлаад байлгүй, чимээгүйхэн хийж байгаа ч үр нөлөөг нь анзаарахгүй байхын аргагүй байна гэж олон улсын шинжээчид дүгнэсэн байна.

Хятадын алсыг харсан энэ бодлогын хамгийн чухал ач холбогдол нь юуны өмнө эдийн засгийн үр шим болж байгаа аж. Хятадын Засгийн газрын тэргүүний Катар,Саудын Араб болон Арабын Нэгдсэн Эмират улсад хийсэн айлчлалууд ч тэдгээр орнуудтай улам бүр өргөжүүлж байгаа Дундад улсын эдийн засгийн харилцаа ямар байгааг харуулж байна хэрэг гэж Хятадын хэвлэл мэдээлэл дүгнэжээ. Хятадын мэдээллийн хэрэгслийн мэдээлснээс үзэхэд Вэнь Зябаогийн айлчлалын үеэр дээрх Арабын орнууд болон Хятад улсын зүгээс өрнөдийг нэрвээд байгаа санхүүгийн хямралын нөлөөллөөс хамгаалах хамтын хүчин чармайлтын талаар авч хэлэлцсэн ажээ.

Ямар ч байсан одоогоор Хятад болон Булангийн гэгдэх арабын орнуудын эдийн засгийн харилцааны дүн мэдээ оноос онд улам л сайжирсаар байгаа юм.Тэр дундаа Вэнь Зябаогийн айлчилсан исламын суннитийн урсгал ноёлдог дээрх гурван орон Хятадын зах зээлд улам ихийг цутгаж, хятадууд ч хөрөнгө оруулалтаа нэмсээр байх бололтой. Одоо тооны хэлээр энэ байдал ямар байгааг илэрхийлье. Дээрх гурван орноос Хятад улс өдөр бүр нэг сая 150 мянган баррель нефтийг худалдаж авсаар байна. ( Монгол Улс Хятадад өнгөрсөн жил нийтдээ нэг сая 200 гаран мянган баррель нефть экслотолжээ) Тэр дундаа Саудын Араб өнгөрсөн оны эхний 11 сарын дүнгээр 45.5 сая тонн түүхий нефтийг Хятадад нийлүүлсэн байдаг. Энэ нь өмнөх 2010 оны үзүүлэлтээс 13 хувиар өссөн үзүүлэлт болсон байна. 

Тэгвэл Катар улс Хятадад байгалийн хий нийлүүлэгч гол орнуудын нэг болж байгаа юм. Мөн л өнгөрсөн оны эхний 11 сарын дүнгээр нь авч үзвэл Катараас Хятадад 1.8 сая тонн байгалийн хий нийлүүлсэн байна. Энэ нь өмнөх 2010 оны мөн үед нийлүүлж байсан хэмжээгээ 76 хувиар нэмсэн гэсэн үг болж байна. Энэ байдлаар бол Персийн Булангийн дээрхи орнуудын эрчим хүчний түүхий эдийн нийлүүлэлт үндсэндээ Хятадыг чиглэн нэмэгдсээр байх төлөвтэй аж. Мөн Булангийн орнууд дотроо эдийн засгийн харилцаа өргөнтэй Арабын Нэгдсэн Эмират улс нь аажимдаа Хятадын экспортыг Африк болон Европ руу дамжуулан гаргах бааз болон хувирч байгаа юм байна. Одоогоор энэ улс Хятадтай нийтдээ 36 тэрбум ам.долларын худалдаа хийгээд байгаа аж.

Мөн Булангийн орнуудын хөрөнгө оруулалт нь Хятадад орж ирж байгаа бусад хөрөнгө оруулалтыг өсөлтөөрөө манлайлах болсон аж. Тэгвэл Хятад улсын зүгээс ч мөн адил Булангийн орнуудад оруулж байгаа хөрөнгө оруулалтаа нэмсээр байгаа юм байна. Хятад улс одоогийн байдлаар Арабын орнуудад 15 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг оруулж амжсан байна. Цаашдын харилцан хөрөнгө оруулалтын төлөв ч аварга том өсөлттэй харагдаж байгаа ажээ. Одоогоор дүн нь эцэслэсэн байдлаар гарч хараахан амжаагүй байгаа Арабын орнуудтай хийсэн Хятадын худалдааны нийт дүн 190 тэрбум ам.доллар болно гэж тооцоолж байгаа юм байна. Тэгвэл гурван жилийн дараа буюу 2015 он гэхэд Хятадаас Арабын орнуудтай хийх худалдааны эргэлтийн нийт хэмжээ 200 тэрбум ам.долларт хүрнэ гэж шинжээчид таамаглаж байгаа гэнэ.

Нэгэнт эрчим хүчний хэрэглээ нь асар их хангалтыг шаардах болсноос хойш Хятадын компаниуд газрын тос болон бусад эрчим хүчний түүхий эдийн нөөц ихтэй Арабын орнууд дахь олборлолтод хамтран ажиллаж хөрөнгө оруулах идэвхээ сэргээхийг чармайсаар байгаа аж. Хятадын Засгийн газрын тэргүүний Саудын Арабт хийсэн айлчлалын үеэр тус улсын газар нутаг болох Улаан тэнгисийн орчмын нутагт газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулах тухай гэрээнд Хятадын “Sinopec” болон Саудын Арабын “Aramko” компаниуд хамтран ажиллахаар гэрээ байгуулсан байна.

Төслийн төлөвлөлтөөр бол энэ боловсруулах үйлдвэрээс өдөртөө 400 мянган баррель нефьт гарах бөгөөд энэ нь 8.5 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн гарагж авч байгаа гэсэн үг аж.Энэ үйлдвэрийн эзэмшлийн 35.5 хувь нь Хятадын талд очих бөгөөд үлдсэн 60 гаруй хувь нь Саудын Арабад хамаарах гэнэ. Мөн Хятадын тал өөрийн улсын Тяньжинийн районд нефть-химийн үйлдвэр байгуулах гэрээг бас давхар үзэглэхээр зэхэж харилцан ойлголцлын тунхагт гарын үсэг зуржээ.

Мөн үүний зэрэгцээ Вэнь Зябаогийн айлчлалын үеэр Саудын Араб болон Хятад улсын хооронд цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээг байгуулсан ажээ.Саудын Араб улс 2030 он гэхэд цөмийн эрчим хүчний зориулалтаар 16 атомын реакторыг барьж байгуулна гэж төлөвлөсөн байгаа юм байна. Энэ бүтээн байгуулалтад Хятадын тал идэвхитэй хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн ажээ.


М.Наст

Комментариев нет:

Отправить комментарий