вторник, 13 марта 2012 г.

Чөлөөлөх армийн “чөлөөлөгдөшгүй сүүдэр”


Энэ оны бас нэгэн томоохон удирдлагын шилжилт удахгүй Хятад улсад болно. Энэ шилжилт хөдөлгөөнийг ирэх аравдугаар сард болох Хятадын коммунист нам (ХКН)-ын 18 дугаар их  хурлын үеэр албан ёсоор зарлаж баталгаажуулах юм. Яг одоо бол Хятад улс энэхүү түүхэн шийдвэр гаргах их хурлынхаа бэлтгэл ажилд орсон гэж хэлж болохоор байна. Харин энд онцлон дурдахад Умард Солонгос, Тайланд гэх зэрэг Азийн орнуудын л нэгэн адил Хятадын шинэ удирдагчийн хувьд ч цэрэг армийнхны дэмжлэгийг авахгүйгээр  энэ том гүрнийг захирч дийлэхгүй нь ойлгомжтой болсон байна. Харин Хятадын цэрэг арми шинэ удирдагчаасаа юу хүсч байгаа бол? Мэдээж илүү их хангалт, санхүүжилтийг хүсэх нь ойлгомжтой.

Тиймээс Хятадын цэрэг армийн санхүүжилтийн хэмжээ хэрхэн өсч байгааг ялангуяа Ази, Номхон далайн бүс нутаг маш анхааралтай ажигласаар байна. Энэ сарын эхээр буюу гуравдугаар сарын 4-нд Хятад улс батлан хамгаалахын төсвөө 11.2 хувиар нэмэгдүүлэх болсноо зарлав. Ийнхүү цэрэг армийн зардлаа өсгөх болсон шалтгаанаа тайлбарлахдаа АНУ-ын Ерөнхийлөгчийн саяхан хийсэн мэдэгдэлтэй холбож байгаа аж. Барак Обама Азийн бүс нутагт АНУ-ын энхийн оролцоог идэвхжүүлэхээр болж байгаагаа зарласан нь Хятадын талаас батлан хамгаалах төсвөө нэмэх шалтаг болж байгаа гэж ойлгуулсан байна. Өөрөөр хэлбэл, Азийн бүс нутаг дахь АНУ-ын идэвхтэй оролцоог “чангатгах” нь ямар ч эерэг тодорхойлолттой байсан (дайсагнагч бус энхийн бодлого гэж АНУ-ын удирдлага энэ алхмаа тодорхойлж байгаа.ред) Хятадын болгоомжлолд саад болохгүй гэнэ.

Одоогоор Хятад улсын цэрэг армийн зардал 110 тэрбум ам.долларт хүрч байгаа ажээ. Энэ нь өнгөрсөн оны хэмжээнээс 12.7 хувиар нэмэгдсэн гэсэн дүн юм. Тэгвэл энэ хэмжээ дахин өсөх болсон нь бүс нутгийн бусад орнуудын болгоомжлолыг ч бас нэмж байгаа нь гарцаагүй. Ер нь ч Хятад улсын цэрг армийн зардал сүүлийн 20 жилийн турш жил бүр давхар оронтой тоогоор илэрхийлэгдэх хувиар тогтмол нэмэгдсээр ирсэн байдаг. Зөвхөн 2007 онд л гэхэд 7.5 хувийн “нэмэгдэлтэй” цэргийн зардал төсөвлөгдсөн байна. Албан бус мэдээллээр бол Хятадын армийн зардал “сонсогдож” байгаагаасаа ч өндөр гарч байгаа бөгөөд харин албан ёсоор гарч байгаа мэдээлэл нь эсрэгээрээ буюу армийн зардал нь буурсан гэх дүн мэдээ өгч байгаа  юм. Хятадын төсвийн тухай дахин гаргасан шинэ мэдээлэлд дурдахдаа батлан хамгаалах төсөв нь ердөө 1.5 хувиар л өссөн гэж мэдээлж байгаа аж. Мөн үүний зэрэгцээ ойрын жилүүдэд Хятадын чөлөөлөх армийн зардал эрс буурна гэсэн мэдээллийг өргөнөөр цацаж байгаа гэнэ. Гэвч Хятадын төрийн тэргүүний суудал Ху Жиньтаогоос Си Циньпиньд шилжих үеэр цэрэг армийн салбарын “хувь хишиг” багагүй хэмжээгээр өсч таарна гэж барууны хэвлэлүүд баталж байгаа юм.

Түүхийг аваад үзвэл Хятадын үе үеийн удирдагчдын төр барьж байх хугацаанд тус орны Чөлөөлөх арми нь Хятадын коммунист намын улстөрийн гол нөөц хүч болсоор ирсэн байдаг. Үүнийгээ дагаад Хятадын армийг мэдэлдээ байлгаж байх нь тус улсын гол жолоодогчийн хянаж байх үндсэн бодлого байсаар ирсэн аж. Тухайлбал, Дэн Сяопинь гэхэд Хятадын засгийн газар болоод ХКН-ын дээд албан тушаалыг хашиж байгаагүй ч харин Хятадын Цэргийн зөвлөлийн дарга байснаараа улс орноо удирдах эрх мэдлийг барьж чадаж байсан байна. Харин түүний дараа гарч ирсэн Зянь Зэминь улс орныхоо бүхий л өндөр дээл албан тушаалыг хамт хаших болж нэг үгээр хэлбэл эрх мэдлийг бүгдийг нь төвлөрүүлж эхэлсэн ажээ. Тэрээр ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, төрийн тэргүүн болон Хятадын цэргийн зөвлөлийн даргын албан тушаалыг хамтад нь хашиж ирсэн юм. Тэгвэл түүний энэ арга барилыг одоогийн Хятадын ерөнхийлөгч Ху Жиньтао ч мөн баримталсаар ирсэн байдаг.

Тэгэхдээ нэг сонин зүйл байсан нь 2002 онд Зян Зэминь Хятадын төрийн эрхийг  шилжүүлэхдээ Хятадын төрийн тэргүүний болон ХКН-ын ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалаа өгсөн боловч хоёр жил хэртэй Цэргийн зөвлөлийн дарга хэвээрээ үлдсэн юм. Энэ нь тэрээр Хятадын дээд удирдагч хэвээрээ байгаа гэдгээ харуулсан хэрэг болж байсан аж. Ирэх аравдугаар сарын ХКН-ын ээлжит их хурлаар Хятадын төрийн дээд эрх мэдэл Ху Жиньтаогоос Си Зинпиньд шилжих үед өөрийн зардалдаа багагүй мөнгө санхүүг хүсч байгаа цэрэг армийнхны сонирхлыг анхаарч үзэх нь лавтай гэж өрнөдийн хэвлэлд бичиж байгаа юм. Хэрэв энэ сонирхлыг хүлээж авахгүй бол Хятадын улстөрд дэмжлэг байхгүй гэдэг нь одоо нэгэнт ойлгомжтой болсон ажээ.

Түүх ч бас үүнийг баталдаг. Нөгөө талаар Хятадын цэрэг арми болоод улстөрийнхөн үргэлж нэг цул мэт явж ирээгүйг ч бас гэрчилнэ. Орчин үеийн эдийн засгийн хүчирхэг гүрний эхийг тавьсан гэгддэг Дэн Сяопинь Хятадын удирдлагыг гартаа барьж байх үедээ  цэрэг армийн төсвийг огцом бууруулж 1980-аад оны эхээр армийнхаа бие бүрэлдэхүүнийг гуравны нэгээр хорогдуулсан байдаг. Дэн Сяопинь цэргийн зардлыг ингэж багасгаснаараа эдийн засгийн хөгжилдөө илүү их нөөц бололцоог гаргаж өгнө гэж тооцоолсон. Мөн тэрээр армиас халагдсан албан хаагчдад бизнес эрхлэх, хөрөнгөжих бололцоог олгоно гэж амлаж байсан аж. Харин түүний дараа гарч ирсэн Зянь Зэминь Хятадын армийг нэг ч тулалдуулж үзээгүй, цэрэг дайны туршлага байхгүй анхны төрийн удирдагч болов.Тэгээд ч түүнд цэргийнхний дунд чухал холбоо сүлбээ ч байхгүй байсан тул засаглал нь хэврэг мэт санагдаж байсан гэдэг.   

Үнэндээ бол Зянь Зэминьд буруу байгаагүй, харин түүнд халаагаа өгсөн Дэнь Сяопинь эдийн засгийн бодлогодоо илүү автаж, цэрэг армийг бараг л мартаж орхисонтой холбоотой байжээ. Ийнхүү цэргийнхэн болон улстөрийнхний хооронд хүйтэн хөндий харилцаа тогтож байсан тэр үед Тянь Ань Мэнийн талбай дээр Хятадын оюутнууд дуулиант бослогоо гаргаж эхэлсэн байна. Улс орны байдал хурцадмал болсон тэр үед Хятадын армийнхан алдсан байр сууриа эргэн олж авах боломжтой болсон гэдэг. Тухайн үед жагсаал цуглаан зохион байгуулсан оюутнууд руу дайрахыг армийнхнаас шаардаж байсан ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Жао Жэянийг цэргийнхэн тэр дор нь унагаж дөнгөв. Тэгээд ч 1992 онд болсон ХКН-ын 14-р хуралдаан дээр Дэн Сяопинь эрх мэдлээ Зянь Зэминьд шилжүүлэн улмаар цэрэг армийнхны хүчирхэг фракц эрх мэдлийн дээд хүрээнд хүчтэй нөлөөлөх болж ирсэн байна.

Гэхдээ цэрэг армийг улстөрөөс ангид байлгах үүднээс ХКН-ын дараагийн 15-р их хурлаас эхлэн ХКН-ын Улстөрийн товчоонд нэг ч цэргийн эрх мэдэлтнийг үлдээсэнгүй. Яг энэ их хурлын дараа цэргийнхэн болон улстөрийнхний дунд дахин нэг маргаан үүссэн нь армийн эрх мэдэлтнүүдийн авлига, далд бизнестэй холбоотой асуудал байсан байна. Хятадын армийн дээд тушаалын албан хаагчдын энэ мэт хэрэг зөрчил цөөнгүй гарснаас үүдэн арми өөрөө өөрийгөө санхүүжүүлэх биш, харин улсаас бүрэн санхүүжигдэж байх бодлого түлхүү тавигдах болж ирсэн нь өнөөгийн Хятадын удирдлагад хэд хэдэн том бэрхшээлийг авчирч байгаа юм байна.

Хамгийн гол бэрхшээл бол Хятадын армийг хэдийчинээ хүчирхэг болгож санхүүжүүлнэ, тэр хэрээр  Хятадын гадаад харилцаанд бэрхшээл учрах болж ирсэн ажээ. Арваад жилийн дараа дэлхийн хоёрдахь том арми болно гэж таамаглаж байгаа Хятадын Чөлөөлөх армиас болж тус орны эдийн засгийн харилцаанаас өгсүүлээд бүх төрлийн хамтын ажиллагаанд сүүдэр тусах болсон гэнэ.

Аль нэг улс оронд Хятад их хэмжээний хөрөнгө оруулалт оруулах, эсвэл уул уурхайн ордыг эзэмших болоход “Хятадын эзлэн түрэмгийлэх санаархлын ээлжит алхам” хэмээн хардаж сэрдэх нь улам бүр нэмэгдэж байгааг өрнөдийн шинжээчид дурдах болсон байна. Ийм хандлага нь улмаар бусад улс орнуудад Хятадаас хамааралтай харшил үүсгэх вий гэдэг болгоомжлол Хятадын шинэ удирдлагыг цаашид ч зовоох биз ээ. Эцсийн дүндээ Чөлөөлөх армийг цаашид нэмж санхүүжүүлсээр байх уу, эсвэл өөр бодлого гаргаж ирэх үү гэдэг асуулт тун удахгүй хурцаар тавигдах бололтой.

М.Наст

Комментариев нет:

Отправить комментарий