понедельник, 13 февраля 2012 г.

АНУ улсуудын эв нэгдлийг хэрхэн бутаргадаг вэ



Дэлхийд хамгийн том эдийн засаг, цэрэг батлан хамгаалахын сүүлийн үеийн армитай, ардчиллын үлгэр жишээ АНУ бидний нүдэнд сайн сайхан, энх тайвныг эрхэмлэгч мэт санагдаж болох юм. Гэвч үгүй. Учир нь 2010 оны сүүлчээс өнөөг хүртэл өрнөж буй “Арабын хавар” хэмээх өнгөт хувьсгалын давалгааг америкчууд эхлүүлжээ.

Жишээ авъя, “Сорос” сангийн тэргүүн, дэлхийн нөлөө бүхий тэрбумтан, хөрөнгө оруулалтын магнат Жорж Сорос яагаад өнөөг хүртэл Билл Гейтсээс илүү хөрөнгөтэй болж чадаагүй вэ. Түүнд боломж байсан ч тэр АНУ-ын төлөө хөрөнгөө зарцуулдаг нь нэгэнт тодорхой болоод буй. Тэрбээр Сербийн “Бульдозер”, Гүржийн “Сарнай”, “Тахрир”-ын хувьсгалыг санхүүжүүлжээ.

Жорж Сорос “Тайм” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Би хэзээ ч үр ашиггүй зүйлд хөрөнгө оруулдаггүй. Дэлхийн бүх улсад миний хөрөнгө эргэлдэж байдаг. “Сорос” сан бол хямралтай, ядуу буурай улсуудад туслах зорилгоор байгуулагдсан. Мөн тэд ардчиллыг хөхиүлэн дэмждэг” гэжээ.

Тэгвэл өнгөрсөн онд Каир хотын Тахрир талбайд өнгөт хувьсгал хийсэн Египетэд яагаад өнөөг хүртэл энх тайван байж чадахгүй байна гэдэг асуултын хариулт олдсон юм. Учир нь тус улсад хувьсгалын дараах АНУ-ын тусламжийн байгууллагуудын зургаан ажилтан хорлон сүйтгэх, үндэстний эв нэгдлийн эсрэг нууц ажиллагаа явуулж байна гэж Египетийн эрх баригчид буруутгаж, улсаас нь гарч явах эрхийг хязгаарласан. АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Виктория Нуланд тусламжийн ажилтнуудаа эргүүлэн татах хүсэлт гаргасан ч Каирын тал зөвшөөрөөгүй. Үүний хариуд Вашингтоны тал Египетийн цэргийн дарга нарт жил бүр олгодог 1.2 тэрбум ам.долларын тусламжаа зогсооно гэж дарамталжээ.

Тусламжийн ажилтнууд “Сорос” болон Хүүхдийн эрхийг хамгаалах нийгэмлэг зэргээр дамжин Египетийн стратегийн чухал байгууламж, нефть, эрдэс баялгийн нууц мэдээллийг авч байсан тухай Каирын үндэсний телевиз хүртэл мэдээлсэн юм. Гэтэл шар мэдээнд дуртай АНУ болоод барууны хэвлэлүүд энэ тухай мэдээллийг үнэн бодит эсэхийг шалгаж тогтоосны дараа албан ёсоор мэдээлнэ гэжээ.

Египетийн парламентад дийлэнх суудал авсан Арабын ахан дүүс хөдөлгөөнийхөн Хосни Мубаракийн үед дарлагдаж байсан. Тус хөдөлгөөнийг 2006 оноос эхлэн идэвхтэй үйл ажиллагаа явуулахад нь тэрбумтан Жорж Сорос хөрөнгө оруулах болжээ. “Телеграф” сонинд бичсэнээр санхүүжүүлэлтийн хэмжээ одоогийн байдлаар 460.4 сая ам.долларт хүрсэн байна. Тэрбумтан 2010 оны арванхоёрдугаар сарын 16-нд тус сонинд өгсөн ярилцлагадаа “Тунисийн хувьсгал намжихгүй. Магадгүй энэ нь Арабын улсуудад хүчтэй нөлөөлнө. Удирдагчдын төгсгөл ирсэн ч байж болно” хэмээжээ.

Тухайн үед түүний ярьсныг тоох хүн төдийлөн байсангүй. Учир нь Тунисийн хувьсгал дөнгөж соёолж байсан юм. Мөн сарын 18-нд хувьсгал албан ёсоор эхэлж, олон мянган тунисчууд Ерөнхийлөгч Зен Абдел Бен Алиг огцрохыг шаардаж 28 өдрийн дараа түүний 23 жилийн дарангуйлал төгсгөл болсон юм. Хувьсгалыг толгойлж байсан хүмүүсийн зарим нь АНУ-д боловсрол эзэмшиж, улсдаа байдаг олон улсын тусламжийн байгууллагад ажиллаж байжээ. Гэвч жагсагчдын тэргүүн эгнээнд байсан хүмүүс бүгд Тунист амьдардаггүй нь хачирхалтай. Сарын дээд тал нь 780 ам.долларын цалинтай тусламжийн байгууллагын ажилтан 32 настай Сейф Аль Харам Швейцарьт 84.7 мянган ам.долларын үнэтэй байшин худалдан авч амьдарч байна гэж САНА агентлаг мэдээлж байсан юм. Тэрбээр хувьсгалын үеэр жагсагчдад шууд интернэтэд холбогддог “Iphone”, HTC гар утаснуудыг тараажээ.

АНУ-ын эрх баригчид Иракийн дайн дуусгавар болоход дараагийн нефтийн сувгийг нээх хэрэгтэй гэдгийг 2004 оноос боловсруулж байсан тухай “Викиликс” сайтыг үндэслэгч Жулиан Ассанж ам алдсан. Тус сайтын олж авсан дипломат албаны нууц баримтад өгүүлснээр Арабын хувьсгалын давалгаа Вашингтоны тооцоолсноор явагдаж байгаа аж. Учир нь АНУ-ын тал нэг шашинтай, санаа бодол нэгтэй улсуудаас хамгийн сул дорой, ядуу, нөлөөлөл багатайгаас нь хувьсгалыг эхлүүлэх санаатай байсан. Өөрөөр хэлбэл, Тунис бол Арабын хамгийн ядуу бөгөөд цэрэг батлан хамгаалахын хувьд бусдаасаа харьцангуй дутуу. Шинжээчдийн тодорхойлсноор экс Ерөнхийлөгч Бен Али шийдэмгий байж, хувьсгалыг хүчээр тарааж, хэвлэл мэдээллийг хаасан бол Хосни Мубарак, Муаммар Каддафи эх орноо харийнхны дайны хөл болгохгүй байжээ.

Харин одоо АНУ-ын тал Египетийн сөргөлдөгч хоёр талыг санхүүжүүлж байгаа. Дэлхийн банк Египетэд 500 гаруй сая ам.долларын тусламж үзүүлэхээр болсноо өнгөрсөн онд зарласан. Энэ нь тус улсын нийгэм эдийн засгийг тогтворжуулахад ашиглагдах ёстой аж. Гэвч улс төрийн амьдралаа тогтворжуулж чадаагүй тэдний хувьд энэ мөнгө ямар замаар орох нь нэгэнт тодорхой юм. Одоогоор цэргийнхэн улс орныхоо жолоог атгаж байгаа. Санхүүжилт нь Их Британи, Франц болон АНУ юм. Харин нөгөө талаас цэргийнхнийг эсэргүүцэгчдийг АНУ-ын тусламжийн байгууллагууд санхүүжүүлж жагсаал цуглаан зохион байгуулах, эрх чөлөө ардчиллын төлөө тэмцэхийг уриалж байгаа юм. Иймэрхүү сөргөлдөгч талууд байснаараа Египетийн цэргийнхэн удахгүй эрхээ шилжүүлнэ гэсэн үг. Үүний дараа Лалын ахан дүүс хөдөлгөөнийхөн гарч ирж мөн л хэсэг хугацаанд улс орныг тогтворгүй байдлаар удирдах болно. Ингэснээр гадаадын цэргийн хүчийг арга буюу оруулах шаардлагатай болдог ба үүнд нь баян орнууд тоглолтоо явуулдаг байна. Одоогийн байдлаар Египетийн арми хүчирхэг учраас армийн хүчийг сулруулахад АНУ-ын эрх баригчид анхаарлаа хандуулж байгаа юм.

Үүний дараа өнөөгийн Ирак шиг байдал Египетэд бий болж магадгүй. Учир нь 2003 оноос хойш өрнөсөн Иракийн эрх чөлөө, амар амгалан Ирак хэмээх ажиллагаа дуусгавар болж АНУ-ын цэргүүд өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эх орон руугаа буцсан. Гэвч одоо Иракт 30 мянга гаруй гадаадын хамгаалалтын алба байгаа юм. Тэд тус улсад үйл ажиллагаа явуулж буй АНУ-ын болон бусад улсын нефтийн компаниуд аюулгүй байдлыг хамгаалдаг. Ирак хөгжлийн замаа олохын тулд олборлож буй нефтийн хэмжээгээ нэмэгдүүлэх шаардлагатай ба гадаадын компаниуд тэдэнд хувийн хамгаалалтын албаар хамгаалуулна гэх шаардлага тавьдаг. Энэхүү хамгаалалтын албыг Иракийн цэрэг цагдаа нийлээд ч барахгүй юм. Иймэрхүү жишгийг Египет болон Ливид байгуулахыг зорьж байгаа нь илт болжээ.

АНУ-ын тал Оросыг хүртэл шиншилж эхэлсэн. Өнгөрсөн онд тус улсад Төрийн Думын сонгууль өрнөсөн. Үүний өмнө Москвад суух Элчин сайд солигдсон юм. Шинэ сайд бэлнээр 120 сая ам.доллартай ирсэн. Үүний тодорхой хувь нь ОХУ-ын сөрөг хүчний жагсаалын санхүүжилтэд зориулагдсан. Мөн ирэх сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа өрнөж болзошгүй жагсаал хөдөлгөөний санхүүжилт байхыг Ерөнхий сайд В.Путин үгүйсгээгүй. Төрийн Думын сонгуулийн дараа өрнөсөн “Шударга сонгууль” жагсаалын үеэр олон арван хүн жагсагчид болон цагдаа нарын хооронд болсон мөргөлдөөн, баривчилгааг “Ipad-2” таблет компьютерээр зургийг нь дарж, олон улсын агентлагуудад илгээж байсан аж.

Магадгүй АНУ ардчиллын жишээ улс байж болох ч аливаа улсын эв нэгдлийг хагалган бутаргах эрхгүй. Ерөнхийлөгч Михаил Саакашвили 2008 онд Гүрж, ОХУ-ын Өмнөд Осетэд болсон мөргөлдөөний дараа НАТО, АНУ-ын талаас зайгаа барьж эхэлсэн юм. Учир нь Уоррен Буффет, Жорж Сорос нар ОХУ-тай сөргөлдөх нь бидэнд ямар ч ашиггүй гэж үзсэнтэй холбоотой аж. АНУ ямагт өөрсдөдөө ашигтай цэрэг дайны ажиллагааг л явуулж байсан. Мөн тусламж, шашны байгууллагууд нь аливаа улсыг хагалган бутаргах зорилготой байдгийг үгүйсгэх аргагүй.

Орчуулагч редактор Д.Түвшинтөр

2 комментария:

  1. Тавигдсан мэдээллүүд их таалагддаг шүү. Танай хуудасруу их орох боллоо. ямар мэдээлэ нэмэгдэж гээд л,,,ОХУ-н улс төр судлаач Николай Яковлев байхаа түүий АНУ-н Тагнуулын төв газрын нууц дайн гэж нэг ном байдаг юмаа. Жижигхэн, нимгэн хар хавтастай.Тэр номыг бүрэн эхээр нь орууж болох боловуу? Одоо хайгаад олдохгүй юм. Тэр номонд АНУ-гийн ТТГ-н үүсэл хөгжил, гадаад орнуудад явуулдаг үйл ажиллагаа, бодлого, Вьетнамын дайн гээд л их олон зүйл байдаг санагдаж байна. Боломжтой бол орууж өгөөрэй.. Хүлээж байх болно шүүү!!

    ОтветитьУдалить
  2. tanii blog ih taalagdlaa.tsaashid ANU.iin Azid yavuulah bodlogo, sanaarhaliin talaar iluu olon delgerengui zuil bichij tavij bgaarai, ih sonirhol tataj bna. tand bayarlalaa

    ОтветитьУдалить