понедельник, 13 февраля 2012 г.

МОССАДЫН ТАГНУУЛЧ АСАН: “БИД БҮГД ХЭТ ТУЙЛШРАГЧДЫН АЛАН ХЯДАХ АЖИЛЛАГАА ИДЭВХЖИХЭД БЭЛЭН БАЙХ ХЭРЭГТЭЙ”...


Гэнэтийн эрх чөлөө



Ойрхи Дорнод болон Хойд Африкийн орнуудад болж буй үйл явдлууд, уламжлал ёсоор удирдагчдадаа хүлцэнгүй байсан ард түмний гэнэтийн хувьсгалын идэвхжил зэрэг нь дэлхийн улс төрийн байдлыг огцом өөрчилсэн билээ. Эдгээр үйл явдлуудыг онцгой анхаарал болон айдастайгаар Израилаас ажиглаж байна. Бидний ярилцагч нь домогт Израилийн нууц тагнуулч Элиэзер Цафрир юм. Тэрбээр Курдистан (Хойд Ирак), Иран, Ливанд Моссадын нууц тагнуулчаар ажиллаж байжээ. 1974-1975 онуудад Саддам Хуссейны үед Иракт нууцаар ажиллаж байхдаа курдуудын удирдагч Барзанитай нийлэн “пешмерг”-ийн (“үхэл рүү явагсад” гэж орчуулагдна) партизаны отрядууд байгуулж байв. Тухайн үед Израилийн тагнуулын байгууллагын удирдлага Долоо хоногийн дайны үеэр египтчүүдээс олзолсон зэвсгээр партизануудыг хангаж байсан юм. 1979 оны Ираны хувьсгалын үед Цафрир Иранд ажиллаж байсан мянга таван зуун жүүдийг яаралтай нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж байв. 1983-1984 онуудад Ливанд нууц тагнуулчаар ажиллаж байлаа. Тэрбээр 12 жилийн өмнө тэтгэвэртээ гарчээ. Энэ хугацаанд тэрбээр тагнуулын нууц ажиллагааны тухай гурван ном хэвлүүлжээ. Тэтгэвэрт гарахаасаа өмнө Моссадад бригадын генерал цолтой дүйцэх албан тушаал хашиж байв (Хачирхалтай нь Моссадад цол байдаггүй, иргэний байгууллага гэж явдаг байна).       

   


Генерал Цафрир алан хядагчидтай хэлэлцээр хийж барьцааны хүмүүсийг мөнгө төлж суллахыг тууштай эсэргүүцэгч юм. Тэрбээр тусгай албад бол ямар ч буулт хийхгүйгээр алан хядагчдад нөлөө үзүүлж чадаж байхаар хүчтэй байх ёстой гэж үздэг нэгэн. Алан хядагчдад хийсэн ямар ч буулт тэднийг шинэ довтолгоонд өдөөдөг. Тусгай албадын үр дүнтэй жишээ болгож генерал Цафрир 1985 онд Ливанд барьцаалагдсан Зөвлөлтийн дипломатуудыг сулласан Зөвлөлтийн КГБ-ийн үйл ажиллагааг дурдах дуртай аж. КГБ-ийн ажилтнууд алан хядагчдын нэгнийх нь толгойг огтлоод барьцаалагчдад нөлөө үзүүлдэг хүмүүс рүү явуулсан гэж Моссадад ярьдаг байсан байна.  
 

АРДЧИЛЛЫН БОЛХИ ЭКСПОРТ БҮТЭШГҮЙ БӨГӨӨД АЮУЛТАЙ
- Ноён Цафрир, Египтийн ерөнхийлөгч Хосни Мубарак Израилийн хувьд Египт-Израилийн харилцааны тогтвортой байдлын баталгаа байсан гэдгийг бүгд мэднэ. Моссад Египтийн хямралыг урьдчилан таамаглаж байсан уу, эсвэл Израилийн Засгийн газар нөхцөл байдлыг хяналтаасаа алдчихсан уу?
  
- Би бараг 12 жил Засгийн газарт ажилласангүй. Гэхдээ болж буй үйл явдлуудыг ажиглаж байдаг. Египтэд үйл явдал ингэж өрнөнө гэж хэн ч таамаглаж байгаагүй байх гэж бодож байна. Манай тагнуулын газар ч тэр, Засгийн газар ч тэр. Египтийн тагнуулын газрын хувьд ч тэр эдгээр үйл явдлууд гэнэтийн зүйл болсон. Харин Ираны хувьсгалын хувьд бид хагас жилийн өмнө хувьсгал болно гэж мэдэж байлаа. Гэхдээ бидний таамаглал бас зуун хувь биш байсан. Бидний хувьд ч, шахын хувьд ч, САВАК-ын (Ираны аюулгүй байдлын алба) хувьд ч хувьсгал гэнэтийн зүйл байсан, гэхдээ бид үүнд хагас жилийн өмнө бэлдэж байсан юм.
  
Харин Египтэд нөхцөл байдал Ираныхаас илүү ээдрээтэй байв. Хэнд ч бодит мэдээлэл байсангүй. Үүнээс өнөөдрийн Израилийн Засгийн газрын зарим нэг түшмэдийн сандрал үүдэлтэй. Болж өнгөрсөн явдлуудын механизмыг судлах хэрэгтэй. Гэхдээ үүнд харилцааны шинэ хэрэгслүүд болох Twitter, Facebook зэрэг нь ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэдэг нь ойлгомжтой. Интернэтийн олгосон эдгээр цоо шинэ болон хүчирхэг нийгмийн харилцааны хэрэгслүүдийн хурдацтай хөгжлийн эринд Засгийн газрууд иргэдийн иргэний эрхийг дураар нь тавих нь зөв үү гэдгийг бодолцох хэрэгтэй. Болж буй үйл явдлуудад гол үүрийг “Аль-Жазира” суваг гүйцэтгэсэн бөгөөд одоо ч гүйцэтгэж байна. Энэ телевизийн суваг үйл явдлуудыг мэдээлэх биш, харин бий болгож байна.   


ОБАМА МУБАРАКААС УРВАСАН
- Египтэд болж буй үйл явдлуудад АНУ ямар үүрэг гүйцэтгэсэн гэж та бодож байна?
- Энэ тухай ярих надад их харамсалтай байна. Гэхдээ АНУ-ын ерөнхийлөгч Обама өөрийн түүхийн холбоотноосоо урвасан, чөлөөт ертөнцийн агуу холбоотон болох Хосни Мубаракаас урвасан гэж би хэлнэ. Энэ нь надад өөр нэгэн улс төрийн урвалтыг санагдууллаа. 1979 онд Америкийн ерөнхийлөгч Картер Ираны шахаас урвасан юм. Мэдээж, чөлөөт ертөнцийн иргэн бүр, тэр тусмаа АНУ-ын ерөнхийлөгч дэлхийн аль ч өнцөгт ардчилал болон ардчиллын шинэтгэлийг дэмжиж байх хэрэгтэй. Гэхдээ амьдрал бол илүү ээдрээтэй юм.
  
Иранд юу болсныг харцгаая. Мэдээж, шах Мохаммед Реза Пехлевигийн дэглэм ардчиллаас хол байсан. Авлигад идэгдсэн байсан. Тэгэхэд Иран нь цагдаагийн улс байв. Хүмүүсийг шөнө дөлөөр гэрээс нь авч яваад тэдгээр нь сураггүй алга болдог байсан. Тэгэхэд Америкийн ерөнхийлөгч Жимми Картер юу хийсэн бэ? Тэрээр шахыг шахаж эхэлсэн. Ард түмэндээ илүү их улс төрийн болон иргэний эрх чөлөөг өгөхийг шаардаж тулгасан. Америкийн шахалтын үр дүнд шах өөртөө итгэлтэй байдлаа алдаж нөхцөл байдлыг хянаж чадахаа байсан. Үүний үр дүнд хувьсгал болж Иранд чөтгөрийн дэглэм ноёлох болсон. Энэ нь Ираны иргэдийн хувьд ч, үлдсэн чөлөөт ертөнцийн хувьд ч урьдныхаасаа зуу дахин аюултай дэглэм юм. Ардчиллыг болхи байдлаар экспортлох нь бүтэшгүй бөгөөд аюултай гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Нэг оронд байгаа дэглэмийг нөгөө оронд механикаар тогтоож болохгүй. Ялангуяа америк загварын. Дэлхий Вашингтоны зааснаар амьдарч чадахгүй гэдгийг бид ойлгох ёстой.
  
Лалын орнуудыг гэнэт хамарсан ардчилал болон чөлөөт сонгууль нь засгийн эрхэнд лалын шашны тулгуур үзэлтнүүдийг авчирч байна. Эдгээр орнуудад өөр ялагчид байдаггүй. Ардчилал сонгууль болсон өдрөө л дуусдаг. Ардчилал болон лалын шашин хэзээ ч зохицохгүй гэдгийг түүх харуулж байна.
  
Орчин үеийн Барууны соёл иргэншлийн улс төрийн соёлын энэ түвшинд очтол лалын нийгэмлэгт хэд хэдэн үе солигдох хэрэгтэй болно. Тэд аж үйлдвэрлэлийн хувьсгал, иргэний нийгмийн эмхлэлт, либерал үнэт зүйлсийг мэдрэх зэргийг даван туулах хэрэгтэй. Энэ бүгдэд Баруун хэдэн зуун жилийг зарцуулсан.
  
Дэлхий дээр ямар ч хүчний тэнцвэрийг огцом алдагдуулахад, ямар ч эрх мэдэл, хил хязгаар, нөөцийг гэнэт дахин хувиарлахад зэвсэгт тэмцэл, хүчирхийлэл, алан хядах ажиллагаа зэрэгт хүргэдэг. Байнга хамгаалалтгүй байдаг, байнга эмзэг байдаг жижиг хүмүүст хүчирхийлэл ирдэг. Миний үгс Зөвлөлтийн дэглэмийг туулж ирсэн орос хүмүүст ойлгомжтой байх ёстой. Та бүгд дэлхий дээрх хоёрдахь том гүрний задралыг туулж ирсэн. Улс төрийн тухай чөлөөтэй ярих, улс төр хийх гэдэг нь мэдээж сайхан. Гэхдээ энэ гэнэтийн эрх чөлөө эрхэм дээд, бүтээлч төрөлхийн зан чанараас гадна хүмүүсийн хамгийн новшийн, муу муухай, шившгийн төрөлхийн зан чанаруудыг сэрээдэг байна. Харин хяналтын механизм аль хэдийнэ үгүй болчихсон байдаг. Америкийн чөлөөт хэвлэлийн төлөөлөгч болох CBS-ийн сэтгүүлч Лара Логаны хувьд Каирын Тахрир талбай дахь “чөлөөлөгдсөн” египтчүүдийн баяр бахдал юу болж хувирсан бэ? Түүнийг олноороо хүчиндэж зодсон.
  
Дэлхий дээр лалын шашинтай 1,3 тэрбум жирийн иргэд бий. Тэдгээр нь сайхан амьдарч, үр хүүхдүүддээ сайн боловсрол эзэмшүүлж, иргэний эрхээ эдлэх эрхтэй. Гэхдээ улс төрийн тавцан дээр дандаа радикалууд гарч ирдэг. Тэдгээр нь хэдхэн зуун хүмүүс л байдаг. Энэ бүх аль-кайдчүүд, лалын жихадууд, Хезболла, Хамас, Оросын хойд кавказын хэт туйлшрагчид гээд. Тэд бүгд лалын шашинтай хүн амыг ашиглан тэднийг залахыг хичээдэг.  


ДОРНОДОД АРДЧИЛАЛ СОНГУУЛИЙН ӨДРӨӨ Л ДУУСДАГ
- Египтийн улс төрийн ирээдүйг та яаж төсөөлж байна?
- Мубаракийг огцруулахад оролцсон хамгийн зохион байгуулалттай хүчин бол “Лалын ахан дүүс” юм. Египтчүүдийн хэдэн хувь нь тэдэнтэй санаа нэгдэж байгааг хэн ч нарийн мэдэхгүй. Бидний дүгнэж байгаагаар хүн амын 15-20 хувь нь тэднийг дэмжиж байгаа. Тэд хэдүүлээ байгаа нь чухал биш, харин болж өнгөрсөн явдлуудад тэднээс өөр хүчирхэг, хөдөлгөгч хүчин байгаагүй гэдэг нь чухал. “Лалын ахан дүүс”-ийн удирдлага одоохондоо улс төрийн тавцанд гарахгүй байхаар хангалттай ухаантай. Тэд одоохондоо арми болон ард түмнийг өөрсдийн радикал үзэл суртлаараа айлгахыг хүсэхгүй байна. Гэхдээ засгийн эрхэнд гарах боломжийг хүлээж байгаа нь ямар ч эргэлзээгүй. Бид ч гэсэн үйл явдал яаж өрнөхийг харж хүлээхээс өөр аргагүй. Шилжилтийн үе хэзээ нэгэн цагт дуусна. Тэгэхэд “жинхэнэ чөлөөт, ардчилсан сонгууль” болно. Улс оронд цорын ганц бодит улс төрийн хүчин болох “Лалын ахан дүүс”-ээс өөр хүчин байхгүй тохиолдолд сонгуулийн үр дүнд хэн засгийн эрхэнд гарах нь ойлгомжтой юм. Засгийн эрхэнд гарахаараа “ахан дүүс” Шариатын хуулийг тогтооно. Ингээд Египтийн нийгэм бидний жүүд-христийн соёл иргэншил гэж нэрлэдэг Америк болон чөлөөт ертөнцийн бусад орнуудыг үзэн ядаж амьдрах болно. Тэр үед ерөнхийлөгч Обама юу гэж хэлэх бол?
www.wikimon.mn

Комментариев нет:

Отправить комментарий