четверг, 16 февраля 2012 г.

ЦАГААН ЗАХТНУУДЫН ДУНДААС БИЗНЕСТ ОРСОН ПОТАНИН ГЭГЧИД ГОМДСОН “ОРОСЫН ДЭЭРЭМЧИН” ФРИДМАН БА “ДЭНДҮҮ ХҮЧИРХЭГ” ХОДОРКОВСКИЙ...


1995-2007 онуудад газрын тосны ВР корпорацийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан лорд Жон Браун өөрийн компанийн төлөө нэгэн томоохон ажиллагаа явуулсан байдаг. Өнгөрсөн онд Мексикийн буланд болсон томоохон ослын дараа тус корпораци бие даан орших эсэх нь яригдаж магадгүй болоод байсан юм. Жон Браун ВР корпорацийг Оросын байгалийн баялагт гараа дүрэх ажлыг зохион байгуулснаар түүний удирдаж байсан компани сүүлийн зургаан жилийн дотор ойролцоогоор 14 тэрбум долларын ашиг олох боломжтой болсон билээ. Гэхдээ түүнд амжилт тийм ч амархан ирээгүй гэдэг. Форбс сэтгүүл Брауны бичсэн “Бизнесээс ч илүү” номын нэгэн бүлгийг саяхан хэвлэжээ. ОХУ-ын “Альпина Бизнес Букс” хэвлэлийн газар энэ номыг бүтнээр нь хэвлэх ажлыг зохион байгуулж байгаа юм. ОХУ дахь үйл ажиллагаагаа Жон Браун “Сиданко” компанийн хувьцааг худалдаж авснаар эхлүүлжээ. Анхандаа тэр хэдэн зуун сая долларын алдагдал хүлээсэн байдаг.

ПОТАНИН ЦАГААН ЗАХТНУУДЫН ДУНДААС ТӨРӨН ГАРСАН
... Владимир Потанин ихэнх олигархиудаас ялгардаг билээ. Роман Абрамович, Борис Березовский, Михаил Фридман болон Михаил Ходорковский нар бизнесээ тэгээс эхэлсэн бөгөөд тэд өнөөгийн өндөрлөгт хүрэх замаа бие даан гаргаж байсан билээ. Харин Потанины хувьд тэрбээр намын элит хэсэгт багтаж байсан бөгөөд цагаан захтнуудын дундаас бизнес рүү шилжин орсон хүмүүсийн нэг том жишээ юм. Тэрбээр өндөр боловсрол олж авсан бөгөөд анхнаасаа л Кремльд ажиллахаар бэлтгэгдсэн байв. Хамгийн сүүлд тэрбээр Ерөнхий сайдын Нэгдүгээр орлогчийн албан тушаалыг хашиж байлаа. Түүний эцэг нь Зөвлөлтийн томоохон албан тушаалтан байсныг хүмүүс мэднэ.
   
Чухамхүү Потанин л зээлийн дуудлага худалдаануудын гол архитектор байсныг бүгд мэднэ. Энэ бүдүүвчийг ашиглан тэрбээр дэлхийн хөнгөн цагаан олборлон үйлдвэрлэгч хамгийн том компани болох “Норильский никель” компанийн дийлэнх хувийг өөртөө авч чаджээ. Тухайн үед тус компанийн ажил доголдож, үйл ажиллагаа нь сайнгүй байдалд байсан аж. Өөр Потанин газрын тос болон байгалийн хий олборлодог “Сиданко” компанийг худалдаж авчээ. Энэ компани миний сонирхлыг ихээр татаж байсан. Потанин тус компанийн цорын ганц хувьцаа эзэмшигч биш байсан учраас би түүнээс гадна энэ консорциумын бусад оролцогч нартай уулзалдаж байв. Заримдаа би зохиолч Жон Ле Каррегийн зохиолын баатруудтай орооцолдсон юм шиг болдог байсныг нуух юун. Миний оролцон тоглож байсан зохиолын гол санаа өөр ямар ч зохиолоос илүү адармаатай, ойлгогдоход бэрх тийм болж байлаа. Олон хүмүүс нэг л сонин тогооноос хооллож, хүмүүсийн ашиг сонирхлууд огтлолцон, заримдаа нэгдэж байсан билээ. Тус консорциумын зарим нэг гишүүд Баруунаас гаралтай байсан юм. Жишээ нь, Майкл Дингман байна. Энэ нөхөр үүнээс өмнө хэдэн жилийн тэртээ Америкийн татварынхнаас зугатаан Бахамын арлууд дээр нуугдахын тулд АНУ-ын иргэншлээс татгалзсан аж. Мөн арлууд дээр тус консорциумын нэгэн гишүүн Жо Льюис амьдарч байв. Энэ нөхөр валютын дамын наймаагаар үлэмж баяжсан нэгэн билээ. Энэ бүх хүмүүс маш их баян, дэндүү нөлөөтэй, дээр нь надад хэлсэнчлэн дэндүү найдвартай хүмүүс байсан юм.
   
“Сиданко” компани дэндүү гоё сайхан харагдаж байсан хэдий ч би эргэлзэнгүй хандсан хэвээр байв. Би дэндүү эрсдэлтэй бизнест явж орсноо мэдэж байлаа. Ерөнхийлөгч Ельцины явуулж байсан бодлого таашгүй байснаас гадна Орос улсын ирээдүй бүрхэг байв. Ээлжит Захирлуудын зөвлөлийн хурал дээр намайг хагас тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхийг санал болгосныг өгүүлтэл хувьцаа эзэмшигчид гайхаж цочирдсон царай гаргасан. Гэсэн хэдий ч би “Бид үүнд казинод бооцоо тавьж байгаатай адил хандах хэрэгтэй. Бид бүх юмаа алдаж магадгүй” хэмээн өгүүлсэн. Тэгэхэд би Захирлуудын зөвлөлийн гишүүдэд ийнхүү анхааруулсан нь сайн хэрэг болсон. Нэг жилийн дотор бид өөрсдийн оруулсан хөрөнгө оруулалтын бараг талыг нь алдаж орхисон билээ.
   
1997 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр. Газрын тосны ВР корпораци “Сиданко” компанийн хувьцааны арван хувийг 571 сая доллараар худалдан авч буйг бид зарлав. Энэ тухай гэрээнд бид Лондон хотын Даунинг-стрийт, 10 байранд Их Британийн Ерөнхий сайд Тони Блэрыг, мөн ОХУ-ын Түлш, эрчим хүчний сайдын нэгдүгээр орлогч Виктор Отт нарыг байлцуулан Потанинтай хамт гарын үсэг зурсан билээ. Ерөнхий сайд Блэр энэхүү гэрээг “Бүх цаг үеийн түүхэнд ОХУ-д хийж буй Нэгдсэн Вант Улсын хамгийн том хөрөнгө оруулалт” хэмээн нэрлэсэн юм.
   
Потанин болон “Сиданко” компани бидэнд найдвартай улс төрийн халхавч өгөн, ОХУ-д бизнесийн ажил хэрэг явуулахад учирч болох элдэв хүндрэлүүдийг даван гарахад тус болно хэмээн би найдаж байв. Гэвч миний найдлага талаар болсон. Биднийг шууд л зөнд нь хаяж орхисон билээ. Төдөлгүй бид Орос оронд бизнес яаж явагддаг, хүнд суртал хэрхэн газар авсан тухай болон улс төрийн бохир тоглоомын талаар их зүйлийг мэдэж авсан. Тиймээс бид нөхцөл байдалд нөлөөлж чадахын тулд хувьцааны 10 хувийг эзэмших нь хангалтгүй гэдгийг ойлгосон юм. Бид өөрсдийн активаа алдаж эхэлсэн.
   
1998 оны гуравдугаар сард батлагдсан Дампуурлын тухай шинэ хууль ОХУ-д өмчийг дахин хуваарилагдахад хүргэсэн билээ. Ийм үйл явц хэрхэн өрнөж байсныг дор өгүүлье. Компанийн нэгэн салбарын удирдагч дотоодын зах зээл дээр богино хугацааны зээллэг авах хүсэлтийг гаргана. Үүнийг тэрбээр нэмэлт санхүүжилт авах үүднээс хийж байна гэж тайлбарлана. Энэхүү үүргийг нь нэгэн найрсаг харилцаатай компани худалдаж аваад эцэст нь тогтоогдсон хугацаанд зээллэгээ эргэн төлөхийг шаардах болно. Салбарын удирдагч энэхүү шаардлагыг биелүүлэхээс татгалзах болно. Тэгэнгүүт зээлдүүлэгч шүүхэд хандсанаар тус байгууллагын эзэн болж орхино. Харин экс удирдагч энэ ажиллагаанаас өөрийн хувийг аваад алга болдог. Ийм механизмын тусламжтайгаар бизнесмэнүүд тухайн орон нутгийн засаг захиргааны удирдлагуудын багагүй оролцоотойгоор өндөр үнэтэй активуудыг бараг үнэгүй шахам гартаа оруулж дөнгөдөг байлаа. “Сиданко” компанийн хувьд түүний активууд нь олон тооны охин компаниудад нь байршиж байв. Гэтэл 1998 оны тавдугаар сард тэдгээр нь гэнэт “ууршиж” эхэлсэн. Юу болоод байгааг бид шууд ойлгож дөнгөөгүй. Дампуурлын тухай хэрэг өдөөгдөн тэдгээрийг шүүхээр оруулах явдлууд нь алслагдсан бүс нутгуудад явагдаж байсан учраас бид тэдгээрийн талаар хэрэг шийдвэрлэгдсэний дараа л мэдэх боломжтой байсан юм. Тийм учраас бид нөхцөл байдлыг хянаж чадахгүй байгаа гэсэн сэтгэгдэл төрж байсан билээ. Тэгээд ч тус улсад замбараагүй байдал жинхэнэ утгаараа ноёлж байлаа. 1998 оны наймдугаар сард мөнгөний ханш уналт болж рубль үнэ цэнээ алдсан. Хэд хэдэн банк дампуурч, санхүүгийн хямрал эхэлсэн юм. Орос орон ёроолгүй гүн хар ангал руу унах болж, гиперинфляци эхлэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдол бий болов.
   
1999 оны эхээр “Сиданко” компанийн ажил ганхах болов. Хэрэг явдал биднийг активуудаа алдаж эхэлсэнтэй холбоотой биш юм. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, санхүүгийн тайлан тооцоо, оффисын ажлын өдөр тутмын үйл ажиллагаа зэрэг олон зүйл нэг л биш болоод ирсэн юм. “Сиданко”-д ажиллаж байсан ВР корпорацийн ажилтнууд тэсвэрээ алдаж эхлэв.
   
1999 оны 11 дүгээр сарын 30. “Сиданко” компанийн Тюмений хязгаарт байрладаг хамгийн том актив болох “Черногорнефть”-тэй холбоотойгоор хямрал дээд цэгтээ хүрсэн. Энэ компани толгой компанийнхаа олборлож буй газрын тосны дөрөвний гуравтай тэнцэх хэмжээний олборлолтыг явуулж байсан билээ. Энэ компани үнэндээ бол “Сиданко”-гийн зүүсэн титэм дээрх хамгийн том сувд нь байсан юм. Алс холын Нижневартовск хотод болсон шүүх хуралдаан “Черногорнефть” компанийг дампуурсан гэж үзэв. Үүний дараагаар тоглоомын дуудлага худалдаа болсон билээ. Худалдан авагч нь “Тюменийн газрын тосны компани” буюу ТНК компани болж тодров. Энэ компанийн гол хувь нийлүүлэгч нь “Альфа-групп”-ын тэргүүн олигарх Михаил Фридман байсан юм.
   
Бүх зүйл сюрреалист кинонд гардаг шиг л болж өнгөрсөн. Бид “Черногорнефть”-ийг зүгээр нэг алдаад зогсолгүй тус компани өөрийн бодит үнийнхээ ердөө аравны нэгд хүрэхгүй шахам үнээр худалдагдсан билээ. Тус компанийн өр зээл хэмээгдэж байсан мөнгийг ВР юм уу, өөр хөрөнгө оруулагч асуудалгүй төлж барагдуулах чадвартай байв. Нууц хуйвалдаан явагдсан гэдэгт эргэлзэх зүйл үлдээгүй юм. Өөрийн бүх активуудыг алдсан “Сиданко” компани тухайн үед араг ясыг санагдуулж байлаа. Харин бид тухайн үеийн системийн бидэнд зориуд тавьсан хавханд гүйгээд орсон гэнэн гадаадын хүмүүс болж хоцорсон. Би Блэрын дэргэд тус компанийн арван хувийг худалдаж авах тухай гэрээнд гарын үсэг зурсан байтал биднийг хөөрхөн молигодож тэнэг байдалд оруулсан билээ.
   
Бачуурсандаа би байж суух газраа олж ядаж байсан. Бид “Сиданко”-д оруулсан хөрөнгөнөөсөө 200 гаруй сая долларыг алдсан байв. Тэр үед надад олон хүн “Алдагдлаа бага байгаа дээр Жон тэндээс явах нь зүйтэй” хэмээн зөвлөж байсан юм. Харин би өөрийгөө ОХУ-аас шахан гаргахыг зөвшөөрвөл дахиж ийшээгээ ирнэ гэдэг боломжгүй зүйл гэдгийг ойлгож байлаа. Хэрэв бид байр сууриа алдан ухрах юм бол Азербайжаныг оролцуулан экс ЗХУ-ын бүхий л газар нутгийг орхиж явах учиртай болоод байв. Тиймээс бид боломжтой бүх хуулийн арга хэрэгслүүдийг ашиглан тэмцэх хэрэгтэй болсон билээ. Би Фридмантай уулзах талаар огт бодоогүй. Бид тоглоомын дүрмээ өмнө нь сайтар ойлгоогүй байсан хэдий ч одоо бол ТНК компанитай тэдний дүрэм журмаар толгож эхлэх хэрэгтэй болов.
ФРИДМАН ӨӨРИЙГӨӨ ОРОСЫН ДЭЭРЭМЧИН ХЭМЭЭН НЭРЛЭЖ БАЙВ
Тэр үед бид ВР Amoco гэдэг нэртэй болсон бөгөөд одоо бидэнд ТНК-аас өөрсдийн активыг буцааж авахад хангалттай хүч бий болсон гэдгийг мэдэрч, олон улсын томоохон кампанит ажлыг явуулах нь зүйтэй гэдгийг би ойлгосон. Юуны түрүүнд ТНК компани “Сиданко”-гийн тавьсан гэгдэх зээлийг барагдуулж худалдан авахад шаардагдсан хөрөнгө мөнгийг хаанаас олж авсныг тогтоох хэрэгтэй байв. Бидний таамаглаж байснаар тэрхүү мөнгөний дийлэнх хэсгийг Америкийн Ex-Im-ыг оролцуулан Барууны банкуудаас зээлсэн байлаа. Тийм учраас ТНК-д зээл олгож буй эх сурвалжуудыг хаах юм бол энэ нь бидэнд активуудаа буцааж авах боломжийг олгоно хэмээн бид бодсон. Ингээд ажилдаа оров. “Черногорнефть”-тэй холбоотой асуудлыг бид хээл хахуульд идэгдсэн улсын бэлээхэн жишээ гэж үзэн хэрэв Ex-Im банк цаашид ТНК компанид зээл олгохоо үргэлжлүүлэх юм бол тус банкийг ч мөн авилгалын хэрэгт буруутгаж магадгүй юм гэдгийг нь бид олон нийтэд ойлгуулж чадсан юм. Бид АНУ-ын дэд Ерөнхийлөгч Альберт Гор болон Тони Блэр нараас Оросын удирдлагатай уулзах үеэрээ ТНК компанийн тухай асуудлыг хэлэлцэхдээ өөрсдийн нөлөөллөө үзүүлэхийг хүссэн.
   
ОХУ, Их Британи болон АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ТНК компанийг авлигалд идэгдсэн гэрээ хэлцлүүдэд оролцдог тухай баримт материалууд гарч эхлэв. Бизнесийг цэвэрхэн бус харин буруу аргаар хийдэг хэмээн буруутгагдсан Фридман галзууртлаа уурлан янз бүрийн сувгаар надтай уулзах олон тооны оролдлогуудыг хийж эхэлсэн билээ. Би эдгээр уулзалтуудаас зайлсхийж байлаа. ВР корпорацийн активуудыг “хулгайлж” буй хүнтэй юугаа ч ярих билээ дээ. Гэвч эцсийн эцэст би түүнтэй уулзсан юм. Миний эртний анд лорд Гревил Жаннер над руу утасдсан.
   
Тэрбээр Холокостын хохирогчдод нөхвөр олгохын төлөө кампанит ажил явуулж байх үеэр бид танилцсан билээ. Москвад айлчлал хийснийхээ дараа тэрбээр надад “Альфа-групп”-ын тэргүүнтэй ярилцахыг надаас хичээнгүйлэн хүссэн. Тэрбээр “Би Москва хотод тус улсын жүүдүүдийн тэргүүнтэй ярилцсан. Тэр надад Фридманыг таньдаг тухайгаа хэлсэн. Фридман чамтай ажил хэрэг явуулж буй хамгийн сайн хүн” гэж надад хэлэв. Эхлээд би түүнтэй утсаар ярихыг зөвшөөрөв. Дараа нь бид уулзалдсан.
   
“Профиль” сэтгүүл 2011 оны 04-р сарын 25, “Эрэлхэгүүдийн консорциум”. Михаил Фридман, Герман Хан нар ВР компанийг хананд шахсан гэсэн домог байдаг. Тэр үед Британийн компанийн тэргүүнээр ажиллаж байсан лорд Браун ТНК компанийн эзэдтэй уулзахыг хүсэхгүй байжээ. Тийм учраас цаадуул нь тойруу замаар явахаас өөр аргагүйд хүрэв. ОХУ болон Английн жүүдийн нийгэмлэгүүдээр дамжуулан тэд лорд эрийн ээжтэй нь холбоо тогтоожээ. Эх нь тэднийг хүүтэйгээ уулзалдуулах асуудлыг дааж авсан байна. Браун нэгэн үдэш ээж дээрээ оройн зоог барихаар ирэхдээ тэнд Оросын ноёд байхыг хараад ихэд гайхсан гэдэг.
   
Үнэн хэрэг дээрээ бол бүх зүйл миний төсөөлж байснаас ч илүү хүнд болсон байв. Хамгийн сонирхолтой нь, “Сиданко” компанийн активуудыг худалдаж авахдаа Фридман өөрийн хууль ёсны эрхийг эдэлж байгаа гэдэгтээ бүрэн итгэлтэй байжээ. 1995 онд Потанин тэр хоёр зээлийн дуудлага худалдааны хүрээнд хоорондоо гэрээ байгуулсан аж. Эдгээр дуудлага худалдаагаар Москвад ямар их зүйл тодорхойлогдож байдгийг би мэдэхгүй байсан юм. “Сиданко”-г худалдан авахад зориулж Фридман 40 сая долларын зээл олгоод хариуд нь тус компанийн гуравны нэгийг өөртөө авчээ. Дараа нь Потанин хуулинд буй цоорхойг ашиглан Фридманы хувийг 100 сая доллараар худалдан авсан байдаг. Фридман ашиг олсон ч гэлээ Потанин гадаадын газрын тосны компани буюу ВР-тэй стратегийн гэрээ байгуулснаар илүү их ашиг унагаасан болохыг төдөлгүй ойлгосон аж. Учир нь ВР корпораци “Сиданко”-гийн хувьцааны 10 хувийг 571 сая доллараар худалдаж авсан билээ.
   
Үүнийг мэдээд Фридман галзууртлаа уурласан нь тодорхой. 1998 оны санхүүгийн хямралын дараа банкны салбар ихээхэн алдагдал хүлээн уналтад орсон тул Потанины байр суурь ганхаж эхэлсэн юм. Тиймээс Фридман алдсанаа буцаан авах сайхан цаг мөч ирсэн хэмээн шийдэв. Эхэндээ би үйл явдал ингэж өрнөнө чинээ бодоогүй. Гэтэл Фридман бидэнд “Черногорнефть”-ийн зарим нэг эрх түүнд үлдсэн болохыг батлах бичиг баримтуудыг үзүүлсэн юм. Хоёр олигархийн харьцаа нэлээн хүндрэх болов. Өмнө нь тэд хамтдаа коммунистуудын эсрэг тэмцэж байсан бол өдгөө нэг нэгнийхээ эсрэг тэмцэх болсон юм. Ингэж би Оросын томоохон хоёр бизнесмэн учир начраа олох гэж гардан тулаан хийх болсныг өөрийн эрхгүй үзсэн билээ. Фридман ВР корпорацитай бус харин Потанинтай тэмцэж байлаа. Түүний хувьд манай компани хуучин тооцоогоо дуусгах үеэр нь замд нь таарсан санамсаргүй хохирогч байсан юм. Ингэж ТНК болон “Сиданко” компанийн түншүүдтэйгээ хийх урт удаан хугацааны яриа хэлэлцээрүүд хөврөх болов. Үнэндээ энэ нь шатрын өрөг тоглохтой адил байсан юм. Энэ тоглолтод их мастерууд нь оросууд байсан билээ. Би тактикаа сайтар боловсруулав. Эцсийн дүндээ бид “Сиданко” компанийн нийт хувьцааны 25 хувийг худалдаж авахдаа эргээд өөрсдийн активуудыг буцааж авах нөхцөлтэйгээр зөвшөөрлөө өгөв. Үүний хариуд ТНК компанийн төлөөлөгчид ВР корпорациас тус компанийн хувьцааны 25 хувийг худалдаж авах талаар яриа хэлэлцээрээ үргэлжлүүлэхийг шаардсан билээ. Хэрэв бид энэ нөхцлийг хүлээж аваагүй бол “Сиданко” компани дахь бидний оролцоо анх байсан 10 хувь хүртлээ буурч бид ОХУ-ыг орхиж явахад хүрэх байв. Ингэснээр бид өөрсдийн нөөц болон олборлолтын хэмжээгээ мэдэгдэхүйцээр бууруулахаар болоод байв. Тэр үед эдгээр нь бидний хувьд маш чухал үзүүлэлт байсан юм. Учир нь компаниас хөгжил дэвшлийг шаардаж байсан юм.
   
Мөн компанийн зарим нэг эзэд биднийг сая л нэг юм хөрөнгөө амжилттайгаар байршуулж эхэлснийг мэдэх нь чухал байв. Фридман яриа хэлэлцээрийг өндөр түвшинд явуулдаг хүн шиг санагдсан. Тэр ямар нэг чухал асуудалд буулт хийхгүйн тулд өөрт байгаа бүхнээрээ дэнчин тавихад бэлэн хүн гэсэн бодол төрж байлаа. Тэр үнэндээ бол бизнест бүх анхаарлаа төвлөрүүлсэн хүн шиг санагдсан. Хэдийгээр би түүнтэй олон удаа уулзалдсан ч гэлээ би түүний талаар бараг юу ч олж мэдээгүй юм. Гагцхүү түүнийг дэндүү эрсдэлтэй амралтыг эдлэх дуртайг нь мэдэж авав. Үнэндээ бол үүнийг амралт гэж нэрлэхэд хэцүү байсан юм. Түүний оронд адал явдал юм уу, хүчээ сорьсон хэрэг хэмээн нэрлэж болох байлаа. Фридман олон салбараас бүрдэх эзэнт гүрнийг байгуулахыг хүсч байсан бөгөөд ТНК компани түүний хөгжүүлэхийг зорьж байсан газрын тосны салбарыг төлөөлж байсан юм. Нэгэнтээ өөрийгөө “Оросын дээрэмчин” хэмээн нэрийдсэн тийм хүнтэй ВР корпораци чухам яагаад ажил хэргээ явуулахаар шийдсэн бэ? Үүний хариулт маш энгийн. Тэр бол прагматик үзэл. Бид ямар ч аргаар хамаагүй ОХУ-д байр сууриа бэхжүүлэхийг хүсч байсан. Үүнийг гүйцэлдүүлэхэд цөөн тооны арга зам байсан билээ. ОХУ дэлхийн газрын тос болон байгалийн хий олборлон үйлдвэрлэгч хамгийн том гүрэн билээ. Тэгээд ч тус улс шавхдашгүй их байгалийн баялагтай юм. Харин ВР консорциум газрын тос, байгалийн хий олборлодог компани гэдгийг та бүхэн мэднэ. Тиймээс миний хувьд энэ улсад нэвтэрнэ гэдэг нэр төрийн хэрэг байсан юм. Гэхдээ ганцхан асуулт намайг амар тайван байлгахаа больсон. Цаашид ийм их хүчин чармайлт гаргаад хэтийн төлөв байх уу? Ашгүй Москвад төр засаг солигдсоноор миний эргэлзээ үгүй болсон билээ.
   
1999 оны 12 дугаар сарын 31. Шинэ мянганы босгон дээр Борис Ельцин улс төрийн тавцан дээрээс буун байр сууриа “шинэ улс төрчид, шинэ хүмүүс, ухаантай, хүчтэй, эрч хүчтэй шинэ хүмүүст” тавьж өгсөн юм. Ерөнхий сайд Владимир Путин Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэх болж, улмаар Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Ер нь бол аливаа өөрчлөлтүүд илбийн юм шиг болоод өнгөрдөггүй. Бид ОХУ дахь хээл хахууль, авлигал шууд устаж үгүй болохгүй гэдгийг ойлгож байлаа. Тэгээд ч бид ахиад мэхлэгдэнэ гэдгээс болгоомжилж байсан юм. “Сиданко” компанийн асуудлаас болж бид томоохон туршлага хуримтлуулсан. Гэхдээ л бид сүйрлийн хэмжээнд хүрээгүй байсан билээ. Бид алдаа гаргасан ч гэлээ цаашид үүнийгээ давтахгүй байхыг бодох болно. Одоо бид хангалттай мэдээлэлтэй болсон тул хамтарсан компани байгуулах талаар Михаил Фридмантай яриа хэлэлцээр эхлүүлэх цаг нь болсон гэж шийдэв. Үүний сацуу би өөр бусад хувилбаруудыг судалж эхлээд байлаа.
ХОДОРКОВСКИЙ ДЭНДҮҮ ХҮЧИРХЭГ БАЙСАН ЮМ
Бид ОХУ-ын газрын тосны бүх компаниудад дүн шинжилгээ хийхээр шийдэв. ТНК компани хамгийн сайн нь байгаагүй юм. Бид үнэлж дүгнээд түүнийг гуравдугаар байрт бичсэн. Хоёрт “Сибнефть” компани бичигдсэн бол ЮКОС компани энэ жагсаалтыг тэргүүлсэн юм. ЮКОС-ыг өөр нэг олигарх болох Михаил Ходорковский тэргүүлж байсан билээ. Тэрбээр бизнесээ Москва хотод нэгэн жижигхэн хувийн цайны газар байгуулснаар эхлүүлсэн бөгөөд дараа нь гадаад худалдаа эрхэлж байгаад “Менатеп” банкийг үүсгэн байгуулжээ. Потанин, Фридман нарын адилаар Ходорковский зээлийн дуудлага худалдаануудын хүрээнд өөрийн гол активуудыг улсаас авсан бөгөөд нэг үе ОХУ-ын хамгийн баян хүнээр тодорч байв. Биднийг Жейкоб Ротшильд танилцуулсан бөгөөд миний албан өрөөнд хэд хэдэн удаа богино хугацаагаар уулзсаны дараа би түүнийг Кембрижэд байх өөрийн гэртээ урьсан юм.
   
2002 оны хоёрдугаар сарын 17. Манай гэрийн үүдэнд хар өнгийн хуяглагдсан хэд хэдэн автомашин ирж зогсов. Тэдгээрээс бадриун биетэй олон тооны бие хамгаалагчид гарч ирсэн. Бусад олон олигархын адилаар Ходорковский Москва хотын захад өндөр хашаатай сайтар хамгаалагдсан байранд амьдардаг байв. Үнэндээ тэрбээр өөрийнхөө аюулгүй байдалд дэндүү санаа зовсон нэгэн байлаа. Харин миний гэр түүнийхээс хамаагүй даруухан бөгөөд тийм ч сайн хамгаалагдаагүй атлаа аюулгүй байдал нь боломжийн хэмжээнд хангагдсан гэж би боддог байв. Бид үдийн зоог барингаа ЮКОС компанийн нийт хөрөнгөний 25 хувь дээр тус компанийн хувьцааны нэг хувийг нэмж авах боломжийг ярилцсан. Энэ нь миний хувьд хангалтгүй тоо шиг санагдсан. Би үүнээс жаахан ихийг хүсч байгаа талаар ам нээтэл тэрбээр “25 хувь. Илүү ч үгүй, дутуу ч үгүй. Ямар ч хяналтын эрх байхгүй. Хэрэв та надтай хамтрах юм бол таныг хүмүүс асрамжиндаа авах болно” л гэж хэлсэн. Нүдний шил зүүж, намуухан дуугаар ярих Ходорковский төлөв даруу хүний дүрийг сайтар эсгэж байв. Бидний яриа үргэлжлэх тусам би таагүй байдалд орох болов. Тэрбээр Төрийн думд хэрхэн хүмүүсийг оруулах талаар ярьж эхлэн, газрын тосны компаниудаас хураах татварын хэмжээг ямар аргаар багасгах тухайгаа дурдаад, өөрийн хяналтад байлгадаг нөлөө бүхий олон хүний талаар ам нээсэн. Миний бодлоор Ходорковский тэр үед дэндүү хүчийг авчихсан байв.
   
Миний үнэлэлт ч зөв байсныг цаг хугацаа харуулсан. 2003 оны аравдугаар сард Ходорковский дэлхийн бүх телевизийн сувгийн мэдээнүүдээр гарч жинхэнэ баатар болсон билээ. Тэрбээр залилан хийж, өмч хөрөнгө шамшигдуулсан, татвараас зайлсхийсэн хэргүүдэд буруутгагдан баривчлагдсан юм. Одоо тэрбээр Сибирийн нэгэн хорих газар ял эдэлж байгаа билээ. Түүний компанийн өмч хөрөнгийг худалдсан бөгөөд 2006 онд ЮКОС компани дампуурсан. Ходорковскийг баривчлахаас өмнөхөн Ерөнхийлөгч Путин надтай ганцаарчилж уулзахдаа тун ширүүнээр “Би энэ хүнийг дэндүү удаан тэсвэрлэсэн” гэж хэлсэн юм. Ходорковский Путины уучилж чадашгүй тийм зүйлийг хийж орхисон. Тэрбээр жирийн нэг бизнесмэн байсан мөртлөө улс төрийн тоглоом хийж эхэлсэн. Тэрбээр Путины гол номлол буюу “Улс төрд хутгалдахгүйгээр бизнесээ хийх юм бол бүх зүйл тайван байх болно” гэдгийг зөрчсөн билээ. Ходорковский үүнийг дэндүү зөрчсөн. Тиймээс тэр ял эдэлж байгаа юм.

4 комментария:

  1. saijan ih medeeleltei niitlel baina Bayarlalaa

    ОтветитьУдалить
  2. Баярлалаа Батхуягаа. Оросын төмөр замын В,Якунин-ы намтар, замнал гээд л мэдээлэл орууж өгөөч.

    ОтветитьУдалить
  3. сайхан мэдээлэл оруулдаг шүү. Таны юмыг харах өнцөг их өөр юмаа.Үргэжлүүлээд сайн бичээрэй.

    ОтветитьУдалить
  4. манайд улсад төмөр зам барьж байсан 505ыхны талаар ямар мэдээлэл байдаг юм. Ер нь Генерал Валасов гэж хэн байсан ямар учраас арми бууж өгөх болсон тухай мэдээлэл оруулбал их сонирхолтой байна

    ОтветитьУдалить