пятница, 3 февраля 2012 г.

Хөршүүд маань Монголыг сул хөгжилтэй, түүхий эдийн нийлүүлэгч байлгах эрмэлзлээсээ одоо ч салаагүй


Хөршүүд маань Монголыг сул хөгжилтэй, түүхий эдийн нийлүүлэгч байлгах эрмэлзлээсээ одоо ч салаагүй

Оршил буюу  XX зууны Монголын тусгаар тогтнолын түүхийн тухай эргэцүүлэл
“Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нэгдмэл байддыг хамгаалан бататгах нь үндэсний аюулгүй байдлыг хангах анхдагч нөхдөл мөн” гэж 2010 онд шинэчлэн баталсан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заажээ.

Монголын их гүрэн задран бутарсны дараах хэдэн зууны турш харийн мөлжлөгийн доор байсан Монгол Улс XX зууны эхээр олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөөгүй ч туурга тусгаар улсын статустай болж бие даан хөгжих хязгаарлагдмал боломжтой болсон. Үндэсний эрх чөлөөний төлөө бүхнээ зориулсан монголын эх орончдын тэмцлийн дүнд олж авсан улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал туйлын хэврэг байсныг тэр үеийн түүхэн үйл явддууд тодхоноо харуулсан билээ.

Түүхэн хөгжлийн явцад хоёр их соёл иргэншил, хоёр агуу үндэстнүүдийн хил хязгаарыг зааглан оршин амьдрах болсон монголчууд сэргэн мандаж, хүчирхэг байх үедээ хөрш улсуудаа байлдан дагуулж, эрхшээлдээ байлгаж, засан тохинуулж байсан хэдий ч хувь заяаны эрхээр эргээд тэднээс хамааралтай болж аж төрсөөр мөн хэдэн зууныг элээж байна.
Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал хөрш орнуудтай тогтоосон харилцаа хийгээд тэдгээрийн өөр хоорондын харилцаа түүний дотор Орос, Хятад улсуудаас Монголын талаар явуулж ирсэн бодоогоос үлэмж хамаарч ирсэн түүхтэй. Монголын газар орны байдал, цаг уурын нөхдөл нь суурин соёл иргэншилтэй хөрш орны иргэдийн хувьд хүч түрэн ирж амьдрах сонирхлыг нь татах таатай орчин биш байсан газар зүйн онцлог нь манай орны тусгаар тогтнолыг хангах бурхнаас заяасан байгалийн хүчин зүйлийн нэг байсан байж болох талтай.
Гэвч газар зүйн байрлалын хувьд геостратегийн чухал ач холбогдолтой, байгалийн нөөц баялагтай, хэрэглээний түүхий эдийн арвин эх үүсвэртэй, ядуу буурай орныг эрхшээлдээ байлгах стратегийн ашиг сонирхол Бээжин, Москва хоёрын аль алинд нь байж, хэн хэндээ буулт хийхгүй, Монголоос болж өөр хоорондын харилцааг муутгах сонирхол байгаагүй гадаад улс төрийн хүчин зүйл манай орны тусгаар тогтнолыг хадгалахад гол нөлөөтэй байсан нь түүхэн үнэн билээ.
Үүнээс гадна Орос, Хятадын хүчний харьцаа харьцангуй тэнцвэртэй байсан нь аль нэг тал хүчээр дулдуйдан монголын асуудлыг өөрийн талд ашигтай шийдэх боломжийг тэр болгон олгоогүй. Тэр болгон гэж хэлсний учир хүчний харьцаа алдагдах хэд хэдэн тохиолдол гарч, тухай бүрд Монголын тусгаар тогтнол жингийн тавцанд дэнжигнэж, зарим үед алдагдаж байсан түүхтэй. Тухайлбал Октябрийн хувьсгалын дараа Орос орон иргэний дайны галд дарагдаж, хүчин мөхөсдөх үед Хятадын цэрэг Монголд орж, автономит эрхийг устган ноёрхлоо тогтоосон байдаг.
Хэдийгээр тэр үеийн Богд хаант засгийн газрын зарим эрхтнүүд улаантны аюулаас хамгаалах зорилгоор хятадын цэргийг Монголд оруулах “хүсэлт” тавьсан баримт байдаг ч Оросын хүчин мөхөсдсөн таатай боломжийг ашиглан Монголыг эрхшээлдээ авах Бээжингийн санаархал анх удаа биеллээ олсон нь энэ байлаа.
Богдхаант Монгол улс өөрийн цэргийн хүчинтэй байсан. Өвөр Монголыг чөлөөлөхөөр аян дайнд мордож, хятадын хар цэрэгтэй байлдаж, ялж байсан. Тэгвэл яагаад монголын цэрэг 1919 онд гамин цэрэг орж ирэхэд тулгар улсаа хамгаалахаар угтан байлдаагүй, гамин цэргийн бүлэглэл ямар зорилгоор Хиагтад хуаранлаж байсан зэрэг асуулт дээрхийн нотолгоо бус уу. Монголын асуудлыг хондсон Орос, Хятадын гэрээ хэлэлцээрт Монголд цэрэг оруулахыг хориглосон заалт заавал ордог байсан юм. Нөгөө талаас манай хоёр хөршийн хэн нь түрүүлж Монголд цэргээ байрлуулж, эрхшээлээ тогтоосон нь цэрэг, улс төрийн давуу байдал эдлэх геостратегийн хожоотой учир тийм боломж, шалтаг олдох бүрийг алддаггүй байсан гэж хэлж болно.
1921 онд улаан армийн ангиуд Монголд орж ирэхдээ зөвхөн цагаантны цэргийн хүчийг дарах зорилготой бөгөөд уг үүргээ гүйцэтгэсний дараа Монголоос цэргээ гаргана гэсэн амлалтыг ДЦБНУ-аас Бээжинд гаргаж өгсөн байдаг. Эл үүргээ тэд амжилттай биелүүлсэн хэдий ч дотоод гадаадын тогтвортой байдлыг хангах хүртэл улаан армийн цэргийн ангиудыг үлдээх хүсэлтийг Монголын хувьсгалт засгийн газраас “гаргуулан” 1925 оныг хүртэл цэргээ байрлуулж байлаа. Монголоос цэргээ гаргахыг Бээжингээс тууштай шаардаж байсан нь энэ алхам хийхээс өөр аргагүйд хүргэсэн юм билээ.
1935 онд БНМАУ, Манж-го улсын хооронд байгуулсан хилийн гэрээгээр шийдэлгүй үлдээсэн Халх голын зүүн эрэг орчмын газар нутгийн маргаанаас үүдэлтэй хилийн мөргөлдөөний улмаас Монголын зүүн хязгаарт тогтворгүй байдал үүдсэн үед БНМАУ, ЗСБНХУ-ын хооронд “Найрамдал, хамтын ажиллагаа, харилцан туслалцах тухай” гэрээ 1936 онд байгуулагдаж, Монголын тусгаар тогтнолыг гаднын түрэмгийллээс хамгаалах зорилгоор Зөвлөлтийн цэрэг хоёр дахь удаагаа монголын нутагт орж ирсэн.
Энэ үед Хятад орон Японы түрэмгийлэл, иргэний дайнд нэрвэгдэж, Монголыг анхаарах сэхээгүй болсон байлаа. Дэлхийн II дайны төгсгөлд Японы цэргийн хүчийг Алс Дорнодод бут цохих чөлөөлөх дайнд оролцохоор Германыг бутнир гэсэн Зөвлөлтийн хүчирхэг улаан цэрэг Монголд гурав дахь удаа орж ирэхдээ Хятадаас эмээх шаардлага мэдээж байгаагүй.
1960-аад оны эхээр Москва, Бээжингийн хооронд үзэл суртлын зөрөлдөөн гарч, тэр нь улмаар улс төр, цэргийн сөргөлдөөн болсон үед Зөвлөлтийн бодлогыг дагаагүй Хятадын удирдлагад цэрэг, улстөрийн шахалт үзүүлэхээр Зөвлөлтийн зэвсэгт хүчний томоохон бүлэглэл орж ирснийг бид мэднэ. Газар зүйн байрлалын хувьд Бээжинд ойрхон, давшилтын ажиллагаанд учрах байгалийн саад, бэрхшээлгүй Монголын газар нутгийн стратегийн давуу талыг Москва цэрэг, улс төрийн зорилгоо сүүлийн удаа ашигласан нь энэ байлаа.
ЗХУ цэрэг, эдийн засгийн хүчээр илт давамгайлах болж Хятадаас эмээлгүй монголын нутагт цэргээ оруулсан нь Бээжингийг хоолойд тулгасан жадны үзүүр байсан. Орос, Хятадын үе үеийн удирдлага Монголын газар нутгийг хоёр их гүрний хоорондох жийргэвч бүс болгож өөрсдийн стратегийн зорилгоо хэрэгжүүлэхэд ашиглах бодлого олон жилийн турш баримталж ирсэн.
Монгол улс XX зууны эхээр тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны дараа учирч болох заналхийллийг өмнө зүгээс ирэхээр төсөөлж байсан учир ЗХУ-тай цэрэг, улс төрийн холбоотны харилцаа тогтоон аюулгүй байдлаа хамгаалуулж ирсэн. Өөр сонголт үнэндээ байгаагүй. Гэхдээ Зөвлөлтийн цэрэг байрласнаар манай орны аюулгүй байдал үнэхээр баталгаажсан байсан уу гэсэн асуултанд өнөөдрийн байр сууринаас хариулахад эргэлзээ төрүүлэх зарим хүчин зүйл байдаг.
Монголын нутагт байрлаж байсан Зөвлөлтийн цэргийн зэвсэглэлд тактикийн цөмийн зэвсэг байсан гэсэн яриа үндэслэлтэй болох нь нотлогдсон. Аливаа томоохон цэргийн бүлэглэл түүний дотор цөмийн зэвсгийн арсенал сөрөг талын хариу эсвэл өрссөн цохилтын бай болдог нь дайны тактикийн баталгаажсан хууль. Зөвлөлт, Хятадын сөргөлдөөний оргил үе болох 1979 оны өвөл Камбожид Вьетнамын цэрэг орсонтой холбоотой ХАЧА-ийн танкийн ангиуд Вьетнамд халдмагц Сибирьт өргөн хэмжээний дайчилгаа явагдаж, Өвөр Байгаль, Сибирийн цэргийн тойргийн анги нэгтгэлүүд БНМАУ-д ирж, Монголын цэргийн ангиудтай хамтран Монгол, Хятадын хилийн дагуу томоохон хээрийн сургууль хийсэн. Монгол дахь Зөвлөлтийн цэрэг Хятадад цохилт өгөх байлдааны даалгавартай байсан. Монголын ардын арми Бээжингийн чиглэлийн ажиллагаанд оролцох үүрэг хүлээсэн байв. Зөвлөлт, Монголын цэргийн ангиуд 1979 оны хээрийн сургуульд байлдааны бүрэн зэвсэглэл, галт хэрэглэлтэй оролдсон бөгөөд ХАЧА-ийн цэргийг Вьетнамаас гаргаагүй бол үйл явдпын өрнөл хэрхэн үргэлжлэх байсныг таахад бэрхшээлтэй.
Ийнхүү бид тухайн үед гарч болох үйл явдлын учир холбогдол, сөрөг үр дагаврыг төдийлөн анзаараагүй өнгөрсөн боловч Монголын газар нутаг Зөвлөлт, Хятадын цэргийн сөргөлдөөний талбар болох, болзошгүй халуун цөмийн дайны хөлд нэрвэгдэх эрсдэл тун ойрхон байсан юм. Үүнээс гадна хүйтэн дайны үеийн ЗСБНХУ, АНУ-ын сөргөлдөөний жилүүдэд бие биеийн эсрэг онилсон стратегийн цөмийн пуужингуудын байнуудын жагсаалтад Монгол дахь Зөвлөлтийн цэргийн бүлэглэл орж байсан гэдэг мэдээ ч байдаг.
Иймээс хүйтэн дайн үеэ өнгөрөөж, Зөвлөлтийн цэрэг Монголоос гарч, олон улсын харилцаанд эрүүл уур амьсгал давамгайлах болсноор манай орны гадаад аюулгүй байдал илүү баталгаажсан гэж хэлэх бүрэн үндэс бий. Мөн Монгол дахь Хятадын ашиг сонирхол БНМАУ-ыг “Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Монгол Улс” (ЗСБНМУ) нэртэй Зөвлөлтийн 16 дахь бүгд найрамдах улс болохоос сэргийлсэн үнэнийг дурдалгүй өнгөрч бас боломгүй.
Шинэ нөхцөлд аюулгүй байдлаа хэрхэн хангах арга замыг сонгосон нь
Хоёр их гүрний ашиг сонирхлын уулзварт орших Монгол Улс гадаад аюулгүй байдлын өвөрмөц нөхцөлтэй, зөвхөн социалист хамтын нөхөрлөлийн хүрээнд гадаад харилцаа хөгжүүлэх эрхтэй, Москвагийн бодлогыг туйлбартай дагагч, Зөвлөлтийн дагуул орны статустай байсаар өнгөрсөн зууны дийлэнх он жилүүдийг элээж, 90-ээд оны ардчилалтай золгосон билээ.
Улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнолд заналхийлэх аюулыг цэрэг, улс төрийн бодлогын хүрээнд ойлгож, зөвхөн холбоотны цэргийн хүчээр аюулгүй байдлаа хамгаалах үзэл баримталж ирсэн Монгол Улс ардчилсан нийгмийн тогтолцоонд шилжин, анх удаагаа бие даасан олон тулгуурт гадаад бодлого явуулах боломжтой болсны дараа улс орны тусгаар тогтнол, аюулгүй байддаа өөрийн хүчээр хангах амаргүй сорилттой тулгарав. Аюулгүй байдлаа хэрхэн хангах асууддаар өргөн маргаан, хэлэлцүүлэг өрнөж байлаа.
Хэд хэдэн хувилбар яригдав. Нэгдүгээрт, Швейцарь лугаа бие даасан хатуу бодоого баримтлан хэрэгжүүлэх, хоёрдугаарт, холбоотны харилцаагаа үргэлжлүүлэн хөрш их гүрний ивээлд аюулгүй байдпаа хангах, гуравдугаарт, бие даасан, нээлттэй гадаад бодлого баримтлан, олон улсын хамтын нийгэмлэгтэй эрх тэгш харилцаа хөгжүүлэн тусгаар тогтнолоо баталгаажуулах.
Нэгдүгээр хувилбарыг хэрэгжүүлэхэд тухайн орноос хангалттай улс төрийн жин, эдийн засгийн чадамж шаардах бөгөөд тэдгээрийн аль нь ч манайд байгаагүй. Хоёрдугаар хувилбарын хувьд дээр өгүүлсэн холбоотны харилцаанаас үүдэлтэй зарим сөрөг үр дагаврыг давтахгүй үүднээс татгадлзахаас өөр аргагүйд хүрсэн. Сүүлийн хувилбар хамгийн оновчтой, орчин үеийн нөхцөл байдалд илүү тохиромжтой сонголт байсан учир энэ чиглэлийг баримтлахаар шийдсэн нь ухаалаг алхам болсон билээ.
Аюулгүй байдлаа өөрийн хүчээр хангах шаардлагатай тулгарснаар улс орны тусгаар тогтнолын баталгаатай байдлыг зөвхөн цэрэг, улс төрийн гадаад хүчин зүйлээр үнэлж ирсэн үзлээс татгалзан дотоодын аюулгүй байдал тусгаар тогтнолын тулгын гурван чулууны нэг гэсэн шинэ үзэлд тулгуурлан аюулгүй байдлаа хангах оновчтой арга замыг хайх шаарддага ардчилсан Монголын удирдагчдын өмнө тавигдсан юм.
Нийгмийн ардчилсан тогтолцоо, чөлөөт зах зээлийн эдийн засгийн харилцаа хөгжүүлэн, бие даасан гадаад, дотоод бодлого хэрэгжүүлэх зорилт дэвшүүлсэн шинэ ардчилсан орны хувьд аюулгүй байдлаа өөрийн хүч бололцоогоор хангах оновчтой арга замыг тодорхойлох нь амин чухал асуудлын нэг байлаа. Юуны өмнө тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа хүчээр хамгаалах ,эдийн засгийн, чадамж, дайчилгааны нөөц хомс нөхцөлд улс төр, дипломатын аргаар гадаад аюулгүй байддаа баталгаажуулах чиглэл баримтлахыг төрийн бодлогын үндэс болох баримт бичгүүдэд тусган тунхаглах, хэрэгжүүлэх шаарддагатай байв.
Улс төр, нийгмийн тогтвортой байдал, эдийн засгийн бие даасан хөгжил, байгаль экологийн тэнцвэртэй байдлыг хангах, монгол соёл иргэншил, өв уламжлалаа сэргээн хөгжүүлэх, эх оронч үндэсний үзлийг хэвшүүлэх, ардчилсан нийгмийн тогтолцоо, зах зээлийн эдийн засгийн харилцааг туйлбартай бэхжүүлэх нь улс орны үндэсний аюулгүй байдлыг хангах тулгуур үндэс болох байлаа.
Эдгээр зорилтуудыг төрийн бодлогын хэмжээнд дэвшүүлэн, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлсон баримт бичиг бол 1994 онд батлагдсан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад боддогын үзэл баримтлал байсан юм.
Аюулгүй байдлаа улс төр-дипломатын аргаар бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй нааштай хийгээд сайшаахуйц алхамууд
Улс төр, дипломатын аргаар тусгаар тогтнол, аюулгүй байдлаа баталгаажуулахад чиглэсэн бодлого, үйл ажиллагаа амжилттай хэрэгжиж, гурав дахь хөршийн орнуудын сонирхол, дэмжлэг жилээс жилд өсч байгаа нь хөрш орнуудын ашиг сонирхлыг тэнцвэржүүлэх, сөрөг баланс болох жинтэй хөшүүрэг билээ.
Ардчилсан нийгмийн хөгжлийн замд шилжсэн анхны жилүүдэд газар нутгаа цөмийн зэвсэггүй бүс болгох санаачилга дэвшүүлэн цөмийн зэвсэгтэй хоёр их гүрний дунд орших жижигхэн Монгол цөмийн зэвсэггүй орны өвөрмөц статустай болсон нь даян дэлхийг цөмийн зэвсгээс ангижруулах бүх нийтийн үйлс хийгээд ЗХА-д итгэлцлийг бэхжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан төдийгүй улс орныхоо аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангах бодлогын амьд жишээ болсон юм.
Монголын санаачилга цөмийн зэвсэгтэй их гүрнүүдийн болон НҮБ, олон улсын нэр хүндтэй бусад байгууллагууд, дэлхийн хамтын нийгэмлэгийн дэмжлэг хүлээсэн хэдий ч цөмийн зэвсэггүй бусад бүсүүдээс ялгаатай нь олон улсын гэрээ, хэлэлцээрээр баталгаажаагүй, “дэмжлэг хүлээсэн статус” хэлбэртэй байсаар байна. Монголын статусыг олон улсын хэмжээнд эрх зүйн үндэстэй баталгаажуулахын тулд ОХУ, БНХАУ-ыг оролцуулан гурван талын хэлэлцээр байгуулж, цөмийн зэвсэгтэй бусад орнууд түүнд нэмэгдэл протоколоор нэгдэж болох тухай Саппорогийн уулзалтаас дэвшүүлсэн саналыг хэрэгжүүлэх алхам удааширсаар байгааг зөвтгөх аргагүй.
Монголын Зэвсэгт хүчний командлалаас санаачилж, зоригтой хэрэгжүүлсэн энхийг сахиулах болон терроризмтай тэмцэх олон улсын ажиллагаанд үндэсний цэргийн бүлгүүдийг амжилттай оролцуулж байгаа нь тайван цагт зэвсэгт хүчнийг ашиглах төрийн цэргийн бодлогын үндсийг хэрэгжүүлж буй амжилттай жишээ төдийгүй Монгол Улсын нэр хүндийг олон улсын тавцанд өргөсөн чухал алхам боллоо.
Олон улсын цэргийн ажиллагаан дахь Монголын цэргийн оролцоо Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний бэлэн байдлыг хангах, үүрэг гүйцэтгэх чадварыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтойгоос гадна ажиллагааны явцад хамтран ажилладаг дэлхийн бодлогод нөлөө бүхий орнуудтай батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа хөгжүүлэн өргөжүүлэхэд түлхэц өгч байгаагаараа улс төрийн томоохон ач холбогдолтой.
Төгсгөл буюу түүх давтагддаг тухай
Монгол улсыг сул дорой хөгжилтэй, түүхий эдийн нийлүүлэгч орон байлгах эрмэлзэл хаант Орос, Зөвлөлт засгийн үед ч, Мин, Циний болон хөрөнгөтөн, коммунист Хятадын аль алинд нь байсан. Одоо ч ийм бодлогоосоо татгалзаагүй. Ялгаатай нь Монголыг алдагдсан газар нутаг, монголчуудыг үндэсний цөөнхийн хэсэг гэж нэг нь үзсээр ирсэн.
Орчин үеийн олон улсын харилцааны эерэг уур амьсгалын нөхцөлд нэг үндэстний хувь заяаг хүчээр шийдвэрлэх магадлал онолын хувьд бага ч хүч  чадалдаа эрдсэн улс, бүлэглэлүүд хүч хэрэглэх практикаас татгалзаагүй байгааг өнөөгийн амьдрал харуулсаар. Эдийн засгийн эрчимтэй хөгжилдөө дулдуйдан дэлхийн хүчирхэг гүрэн болох зорилготой хөрш орон хэзээ нэгэн дагт тийм статустай болохын цацуу “зарим” асуудлыг өөрийн эрх ашигт нийцүүлэн шийдвэрлэх санаагаа хэрэгжүүлэх алхам хийхийг үгүйсгэж болохгүй.
Зарим асуудлын жагсаалтад маргаантай болон аддагдсан газар нутаг эн тэргүүнд бичигдэх нь ойлгомжтой. Өнөө цагийн сайн хөршийн найрамдалт харилцаа, бүх талын хамтын ажиллагаа тууштай хэрэгжиж байгаа хэдий ч Монголд өөрийн ашиг сонирхлоо бэхжүүлэх, эдийн; засаг, мөнгө санхүүгийн хөшүүрэг ашиглан нөлөөгөө тэлэх өрсөлдөөн үргэлжилсээр.
Манай орны байгалийн баялгийг олборлох салбарт давуу эрх авах сонирхол, санаархал илт нэмэгдэж, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн дотоодын зах зээлийг хууль бус эх үүсвэр оролцуулсан санхүүжилтийн хүчээр эзэмдэн ноёрхож, үндэсний үйлдвэрлэгчдийг сөхрүүлэх бодлогоо амжилттай хэрэгжүүлж байна. Умард хөршөөс манай үндэсний үйлдвэрийн уламжлалт экспортын бүтээгдэхүүний худалдаанд тавьж буй хориг, бодлогоор хэрэгжүүлж буй хил, гаалийн үйлчилгээний хүнд суртал зэрэг наад захын жишээ нь харилцан ашигтай хамтын ажиллагааны үзүүлэлт яавч биш билээ.
Үүнээс гадна олон нийтийн санаа бодолд нөлөөлөх мэдээллийн хүчтэй машин тасралтгүй ажилласаар байна. Хувийн явцуу ашиг сонирхолдоо хөтлөгдсөн дотоодын улс төр, бизнесийн төлөөллийн зарим хэсэг үндэсний эрх ашигт сөрөг нөлөөтэй гадны явуулгыг хөхиүлэн дэмжиж байгаа нь туйлын харамсалтай. Орос, Хятадын харилцааны өнгөрсөн зууны түүх сайтаж, муудах давтамжийг туулж ирсэн. Хүчний харьцаа хэн нэгний талд давуутай болмогц ашиг сонирхлын зөрчил ил гардгийг ч мөн үеийн түүх гэрчилнэ.
Энэ тохиолдолд Монголын газар нутгийн геостратегийн байрлал дахин үнэд орох юмуу нөгөө хөршийн эрх ашиг дахин хэрэг болох магадлалтай. Олон улсын тавцанд идэвхтэй үйл ажиллагаа явуулж, бүс нутгийн интеграцид оновчтой оролцон, Монголын эргэн тойрны хүчний харьцаа, нөлөө бүхий улс орны ашиг сонирхлыг тэнцвэржүүлсэн бодлого хэрэгжүүлэн, хамтын ажиллагаа хөгжүүлэхэд чиглэсэн манай засгийн газрын гадаад бодлого, үйл ажиллагаа улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлыг ирээдүйд найдвартай хамгаалан бататгах гол хүчин зүйлийн нэг бөгөөд түүхийн давтамжийг зөв гольдролоор хөтлөх арга ухаан Монголын ардчилсан төр, мэргэн ард түмэнд байгаа гэдэгт би баттай итгэдэг.
Л.Галсанжав /судлаач/

Комментариев нет:

Отправить комментарий