суббота, 25 февраля 2012 г.

С. М. Грант хэмээх англи эр 1862 онд...

  С. М. Грант хэмээх англи эр 1862 онд Бээжингээс Петрбург хүртэл аялсан нь
Монголоор аялсан харийнхны тэмдэглэл сэлтээс бид өдгөө өвөг дээдсийнхээ үүх түүх, ахуй байдлыг нэхэн тодруулж сууна. Марко Поло, Рубрук, Пржевальский гээд алдартнуудын тэмдэглэл, бүтээлүүд нэн гүнзгий судлагдаад хэдүйн монгол судлаачдын ширээний ном болжээ. Харин судлаач бус, жирийн нэгний аяллын тэмдэглэлүүд орхигдох, мартагдах хандлагатай байна. Тиймээс тэдгээрийг хэчнээн товч ч бай, танилцуулж байх нь зүйтэй юм.
Чухам ийм л шалтгаанаар та бүхэнд 1862 онд Бээжингээс Петрбург хүртэл аялсан С. М. Грант хэмээх эрийн бичил тэмдэглэлээс товч хүргэе. Грант өгүүллээ Journal of the Royal Geographical Society сэтгүүлийн 1863 оны дугаарт хэвлүүлсэн байна.

Тэрбээр 1861 онд Хятад дахь цэргийн ажлаа дуусгаад Цагаан хэрмийг даган Манжуурын зүг аялжээ. Гэтэл Монгол руу орох цэг дээр түүнийг зогсоон цааш нэвтрүүлээгүй аж. Ингээд эргэж ирээд Монгол руу орох пасспорт албан ёсоор хөөцөлдсөнд эхэндээ “Mongols were not all thoroughly subdued” буюу “монголчууд бүгд дагаар ороогүй байгаа учраас” олгохгүй гэсэн хариу авсан боловч аяллын явцад учрах бүхий л эрдслийг өөрөө үүрнэ гэсэн ам өгч байж зөвшөөрлөө авсан байна. Ингэхдээ бичиг баримтаа Манжийн монгол эхтэй томоохон тайж нарын нэгээр дамжуулсан аж.

Ингээд 1862 оны 3 сарын 26-ны өглөө 10 цагаас аяндаа гарчээ. 4 сарын нэгэнд Suen-ho-Fu гэж хотод ирж өглөөний цай уусан тухайгаа цухас дурдаж. “Хонины мах идэж, кофе уусан, Монголд гэхэд харин ч сайхан цай болсон, гэхдээ би тэр ламд хэтэрхий их брэнди өгчих шиг боллоо. Өөрөө бүр шунан дурлаад байсан юм. Ямартай ч судраараа намайг адислаж, миний төлөө залбирсаар үлдсэн...” хэмээжээ.

Тэр өдрөө Хаалганд ирсэн байна. Хоёр зарц нь Монголын хүйтнээс айж, явахгүй гэсэн учир хоёр монгол хүнийг таван тэмээтэй тэргийнх нь хамт Хиагт хүргүүлэхээр хөлсөлжээ. Мөн замд хоолыг нь даахаар болсон байна. Монголчууд эхлээд 170 лан мөнгө нэхсэн боловч зарц нар нь буулгасаар байж 110 лан дээр тохирсон гэнэ.

4 сарын 3-ны өдөр Цагаан хэрмийг давангуутаа хятад, монгол өрх бүхий бяцхан гацаанд иржээ. Тэндээс нэг толгой дээр гараад алсыг ажиж, “Хятад, Монгол хоёрыг зааглаж буй тэр нуруу хэчнээн сайхан харагдаж байна вэ” хэмээн гайхан бичсэн байдаг. Ямар нэртэй уул болохыг нь бичсэнгүй, ямар ч байсан Монгол, Хятадын хил тэр болох нь тодорхой байна.
Хаалганаас 26 майл орчим яваад зуу гаруй тэмээ бүхий жин буудаллаж байгаатай таарав. “Майханд ортол арав гаруй монгол бүгд өөр өөрийн аягаа барьчихсан, оройн хоолоо хүлээж суулаа” хэмээн бичжээ. “Шөлийг нь амсаад идсэнгүй, гэртээ эргэн ирж, хувцастайгаа унтлаа. Юмыг яаж яаж мэдэх вэ хэмээн гар буугаа өврөөсөө салгасангүй”  гэснээс харахад бас чиг хянамгай эр байсан аж. Монголчууд ч бас анх мэдэхгүй хүнд бол хүрлийж ханхайгаад эвгүй харагдсан байж мэдэх юм.

4 сарын 4-ны өдөр Taban (Таван эсвэл Даваан байж мэднэ) хэмээх газар ирснээ дурдаж, Монголын говийн байгалийн сайхныг нэлээд дэлгэрэнгүй дүрслэн өгүүлжээ.
Орой 4 цагт Tahungko гэдэг газар ирсэн, шөнө маш хүйтэн болсон учир хангалттай ARGOL түүж, гал түлсэн хэмээсэн нь мэдээж хэрэг “аргал” юм.
Грант: “Задгай зуух тавьж цай чанана. Ингэхдээ ойрхон худаг байвал ус авна, бас цас хэрэглэж болохуйц шинээрээ байвал цайнд ашиглана. Шахмал цайгаа усандаа хийж буцалгаад чихэр хийлгүй уух юм. Дараа нь цай уусан бор модон аягаа долоож цэвэрлээд өвөр лүүгээ хийчихэж байна. Тэгээд үхэр, эсвэл хонины мах чанаж, маш ихээр иднэ. Мөн шөлөнд нь шар будаа хаян хоол болгох түүнийгээ идэхээр өнөөх бор аягаа ахин гаргаж ирнэ. Эцэст нь гаансаа солилцон татна. Гансыг буцааж өгөхдөө заавал дүүргэх ёстой” гэж оройн хоолыг дүрсэлжээ.   
Танихгүй хүн гэрт орж ирвэл “MINDOOENA!” хэмээн мэндэлнэ гэсэн нь “Мэнд байна уу?” гэсэн үг болох нь тодорхой. Грант өөрөө May all be well гэж орчуулсан байна.
Эндээс хойш очсон монгол газруудын нэр яг оньсого шиг, Грант өөрийнхөөрөө сонсон бичиж авсан тул тийм үг байж магадгүй хэмээн таамаглахаас цаашгүй. Жишээ нь 4 сарын 6-нд Hamka, 8-нд Ungol Tzar-a-nore гэдэг газар ирлээ гэх мэт. Сүүлийнх нь ямар нэг Цагаан нуур бололтой.
“4 сарын 6-ны шөнө даараад унтаж чадсангүй, шилтэй улаан дарс маань хага хөлдөөд хоножээ” гэснээс харахад бас л хүйтэн байсан байна шүү. Одоо бол 4 сарын 6-нд дарс тэгж хага хөлдөх үү?

За тэгээд цааш нь Tsankal, Oonekut, Borro’ Hotuter, B’yashunt, Shirray гэсэн газруудаар өнгөрч байна. Байшинт, Ширээ юм бол уу?
Нэг сүмд очсон, шавар байшинд шүтээнээ залсан, харин лам нар нь өөрсдөө GHARRY-д амьдардаг юм байна хэмээсэн нь монгол “ГЭР”, тэгээд тэр gharry хэмээх гэрийнхээ доторхийг дэлгэрэнгүй дүрсэлсэн аж. Тэнд нэг монгол эмэгтэйгээс бяслаг худалдан авч идсэн, маш өвөрмөц амттай байсан гэнэ.
Orthoghal Tseume буюу Урт гол сүмээр дайрч Taban Talloghai буюу Таван толгойд ирсэн нь одоогийн алдарт Таван толгой хавьцаа ирж буй бололтой. Tall гэсэн англи үгийг Тоол гэж дууддаг учир тэгж бичих нь аргагүй юм.
Замдаа зээр гөрөөс сүрэг сүргээр нь харж явсаар Atturawah, Tuptuntoologhai, Gashon (Гашуун), Hungor (Хонгор), By-Yung-Gobi (Баянговь) гэсэн газруудаар өнгөрч байна. Шуурганаар нэг тэмээгээ алдаж, маргааш нь нэг монгол нь хайгаад ололгүй, нөгөөдөр нь арайхийн олсон гэх мэтээр адал явдал бас тохиох аж. Монголчууд гар барихгүй, харин гараа зөрүүлэн мэндэлдэг юм байна гэж 4 сарын 22-ны тэмдэглэлдээ дурджээ.

За тэгээд Towah (Даваа), Kattullusah (Ямар нэг УС бололтой), Hourri-shunt (Рашаант), Dewan-Shirray, Oote (Үүд), Tooroo орчмоор явж өнгөрч байна.
1862 оны 4 сарын 30-ны өдөр, 3 цагийн орчимд Грант Бадмаагийнх гэдэг айлд иржээ. Тэр тухайгаа бичсэн нь: “Тэднийд байж байтал тэмээн жингийн даа, нэг том лам бидэн дээр ирлээ. Хавийн монголчууд бүгд морь, тэмээнээсээ буун бараг газарт толгойгоо хүргэн мөргөж байна. Лам толгойд нь хүрэн адислах аж. Ламыг Бадмаагийнд ирэхэд гэрийнхэн дотноор золгоод оруулав. Эмэгтэйчүүд хамаг чимэг зүүлтээ зүүн, үсээ янзалжээ. Бид тэднийд 4 хоносон. Гэрийн эзэгтэй Бадмаа биднийг өглөө бүр чанасан хонины хүзүүгээр дайлж байсан нь маш амттай байлаа... Надад зориулж тусгай нэг гэр гаргаж өгсөн юм... Өдөр бүр монголчууд ирж надаас чүдэнз, тамхи, брэнди, дарь, притка, зүү, утас гуйна.::”
Ингээд 5 сарын 9-ний өдөр Өргөө хотод хүрэлцэн ирж байна. Грант Өргөөд ирэнгүүтээ Оросын Консулын газар очсонд нөгөөдүүл нь маш найрсгаар хүлээн авсан байдаг. Франц хэлээр ярьдаг консул нь эзгүй байсан боловч монголоор сайн ярьдаг Консулын үүрэг гүйцэтгэгчтэй нь төвөггүй ойлголцож байжээ. Орос хотхон нь 12 орчим айлтай гэнэ. Грант Өргөөд тун таатай хоёр хоногийг өнгөрөөснөө дурссан байдаг.

“25 мянга орчим монгол хүний 10 мянга гаруй нь лам юм. Айл бүр нэг хүүхдээ лам болгохоор сургах бөгөөд тэр хүүхэд нь хүнд хүчир ажил огт хийдэггүй” хэмээн ажиглажээ.
Өргөөгөөс Грант дахин 4 тэмээ хөлсөлж аваад дөрөв хоног явж, Хиагт хүрсэн байна. Тэндээсээ Байгал нуур хүрч, уурын онгоцоор 8 цаг явсаар Эрхүү орж. Тэгээд Красноярск, Тобольск, Екатеринбургаар дамжин Казань, Петрбург хүрсэн аж.
Аяллынхаа төгсгөлд Грант Англи, Хятад хоёрын хоорондох хамгийн хурдан харилцаа бол Монгол, Сибирээр өнгөрөх зам мөн гэж дүгнээд Бээжингээс Хиагт хүртэл нийт яг 46 хоног боллоо хэмээн илтгэжээ.
М,Саруул-Эрдэнэ,
 АНУ*гийн Тºðèéí Äåïàðòàìåíòèéí Ãàäààä  õàðèëöààíû äýýä ñóðãóóëèéí áàãø.

Комментариев нет:

Отправить комментарий